Showing posts with label Хуулж тавьсан. Show all posts
Showing posts with label Хуулж тавьсан. Show all posts

Jul 3, 2012

Сэнгийн Эрдэнээс Намбарын Энхбаярт бичсэн захидал (1997 он)

www.news.mn
Насны даваа уруу ихэд уруудсан хойноо миний хүүхдээс ялгаагүй залуу хүнд ийм хатуу хайрган үгтэй захидал бичихэд хүрэх юм гэж санаагүй явжээ. Би баяр гомдлоо илэрхийлэх хэвлэлийн талбар гээч юмыг олон жилийн өмнө олж авсан учраас иймэрхүү эпистоляр жанрын юмаар маруухан хүний л нэг. Гэвч мэргэн дүүд энэ хэдэн үгийг бичихээс өөр аргагүйд хүрсэн шалтгааныг минь ойлгоно биз ээ. Би энэ Монгол газар далаад жил хүн болж, хүзүүн дээрээ толгой тээж явахдаа цөөн дайсантай, олон нөхөртэй явлаа.
Чи бид хоёрын хооронд энэ Монгол Улсын иргэн болохоос өөр ямар ч холбоо, ямар ч өр төлөөс, ямар ч нэхэл дагал байхгүй. Буриад эхийн хэвлийгээс төрсөн хүү гэж зүгээр нэг жалганы маягийн талтай нүдээр би чамайг харж явдаг байлаа. Би бол амьдралын урт зам туулж олон янзын хүнтэй уулзаж учирч, холдож ойртож явсан бас ч муугүй гярхай нүдтэй зохиолч, хүний сэтгэхүйн талын бага зэрэг мэдлэгтэй учраас зохиолчдын хороонд чамтай ганц хоёр жил ажиллахдаа жаахан зайнаас ажин харж, холын бодолтой нь, холын шуналдаа дийлэгдэж мэдэх хүн юм даа гэж боддог байсан юм. Хожим соёлын яамны сайд байхад чинь энэ бодол минь улам лавширсан. Одоо бол чамайг хутагтын дүр эсгэсэн их шуналтан байжээ гэж шулуухан хэлье. Чиний мэтийн ийм жигтэй шуналтангууд "өдрийн завсрын ноён" болох цаг төрийн байдал Монголд нүүрэлснээр чи маш богино хугацаанд "умопомарачительный карьер" хийж хувьсгалт намын толгойд гарсан. Хувьсгалт намын толгойд залуу шинэ хүчин гарч ирэх цаг болсон нь үнэн. Гэхдээ чамтай адил дүүрсэн карьерист биш ухаантай буурьтай багачуул гарсан бол сайн байсан юм.
Чи намаа, магадгүй улсаа аваад явчих ухаантай буурьтай хүнсэн бол хувьсгалт намаа аврах гээд булшилж яваа Роозонтон мэтийн "реваншистуудын дуу хоолой болох ёсгүй байсан. Гэтэл чи гэв гэнэт Монголын Зюганов болчихлоо. Зүй нь чизасаг төрийн эрх барьж буй үе тэнгийнхэнтэйгээ реваншистуудын гар хөл болж үзэлцэх биш ухаан мэдлэгээрээ, улс төрийн зүтгэлтний буурь сууриараа "үзэлцэх" ёстой байсан. Гэтэл Ерөнхийлөгчийн суудлыг одооноос зүүдлэн, гагцхүү мөнөөх холын шуналдаа автан уулгардаж, цаг төрийн харьцангуй тогтвортой байдлыг ягэнэхэн үед устгахыг санаархан давшилж эхэллээ. Чиний улс төрийн хараа харин энэхэн эгзэгтэй цагийг олоход л хүрэлцлээ. Далан хэдэн жил ардынхаа хүзүүн дээрмордож амьдрах чадваргүй болгосон хувьсгалт нам тэр л амьдрах чадваргүйн эрхээр тоталитар ёсыг эргэн санагалзаж эхэлсэн хөөрхий олныхоо сэтгэлээр тоглон чамайг гаргаж ирснээс биш чи намдаа ч улсдаа ч гавьяатайдаа гарч ирээгүй. Чиний үзэл бодлын талаар би мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй. Гэхдээ чи намын толгойд гарахдаа хар африкийн нэгэн үеийн дарангуйлагчид өмсч бас багагүй цус нөж болгосон "Ардчилсан социализм" гэдэг хуучин багийг өмсчхувьсгалт намын үеэ өнгөрөөгсөд болоод гэнэн багачуулыг илбэдээд гарч ирсэн...
Чи хэдэн жил Соёлын яамны сайд байхдаа сайдын дүр эсгэхээс цааш ер гараагүй. Цагтаа Эрдэнэзуугийн мөхлийн тухай дуулиантай шиг өгүүлэл бичсэн шинэхэн сэтгүүлч сайдын суудал эзлээд тэр Зуугаа өөд татах талаар юу ч хийгээгүй мэтийг чинь тоочоод яах вэ!
Хэрвээ чи үнэхээр шашин соёлоо хүндэтгэдэг хүнсэн бол (төвд хэл сураад бурхны шашны сургаалын гайхамшгийг мэдэж эхэллээ хэмээн ярьж байсныг чинь би мартаагүй) хувьсгалт намын кассанд хэдэн зоос оруулах л зорилгоор "бардак" болгосон Лениний музейн барилгыг дүрслэх урлагийнхаа музейд егчих эр зориг гаргах л байсан. Гэтэл чиний эр зориг огт өөр юманд буюу ширээ, өмч хоёрт л зориулагдах нь тов тодорхой. Сайд байхдаа чи Соёлын сангийн санаачилж хийсэн ажлыг өөртөө хаяглачихаас ичдэггүй байсан. Чи бас муухай хоёр нүүр гаргаж чадаж байна. Үнэхээр шинэ цагийн эринд намаа авч явах хүсэл зорилготойсон бол гуч дөчөөд оны аюулт яргалал харгислалын төлөө олон түмнээс уучлал гуйдаггүй юмаа гэхэд ядахдаа тухайн үеийн харгис бурангуйчуудыг буруушаан зэмлэх ухаан хүрэх л байсан. Гэтэл байчихаад бараг л өөрөө хэлмэгдэлд өртсөн гэх нь холгүй "тангарагийн гэрээ" байгуулна хэмээн цаанаа бол өнөөх л реваншист холын санаатай санал хэлээд сууж байна. Би чамд үүнийг л шулуухан хэлье гэсэн юм. Эрвээхэйн насгүйгээ би мэдэж байна. Гэвч "всем смертям назло" хэдэн жил явахдаа л явна. Чиний мэтийн хутагтын дүр эсгэсэн бэрднүүдтэй үзэлцэж яваад л дуусна.

May 23, 2012

Аалзны тор-6

2012.05.18.
Б.Ганбат /Дэд доктор/


Н.Энхбаяр баривчлагдлаа. Авлигын загалмайлсан эцэг торны цаана очлоо. Хэрвээ тэр намтайгаа муудалцаагүй бол ингэхгүй байсан.
Хэрвээ тэр Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдаагүй бол «энх тунх» байх байсан. Хэрвээ тэр аалзны торонд орооцолдогсдоо хэтэрхий зовоогоогүй бол зүгээр өнгөрөх байсан.
Түүнийг чөлөөлөх өөр олон жилийн хамтрагсад болох Ч.Улаан, Д.Тэрбишдагва, О.Чулуунбат, Ц.Даваасүрэн нарын ээлжээ хүлээгсэд гүйлдэв. С.Батболд, Б.Бат-Эрдэнэ, М.Энхболд, Ц.Мөнх-Оргил, Ц.Цэнгэл, Р.Раш гээд дараагийн ээлжийн олон хүн айдастай үлдэв. С.Баяр, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан гээд түүнтэй хамтраагүй нөхөд нь баяртай үлдэв. Аалзны торны сүлжээнд хэдийнэ хамрагдсан боловч цаад эзнээ таниагүй, хэзээ ч уулзаж байгаагүй мянга мянган дагалдагсад нь гайхан үлдэв.
Аалзны тор цувралын сүүлчийнхийг 2005 онд бичсэнээс хойш долоон жил өнгөрчээ. Энэ хооронд энэ сүлжээ өргөсөн тэлж, Монгол орныг нөмрөн авсан байна. Энэ хооронд улсын төсөв арав дахин нэмэгдэж, сүлжээний залгидаг мөнгө зуу дахин нэмэгдлээ. Улсын Дотоодын нийт бүтээгдэхүүн нэг тэрбум хүрдэггүй байсан бол одоо бараг 10 тэрбум доллар болжээ. Улсын төсөв 300 сая доллар байснаа дөрвөн тэрбум доллар боллоо. Улаанбаатарын төсөв 10 сая доллар байснаа одоо зуу гараад явчхав. Харин хүмүүсийн амьдрал бахь байдгаараа.
Сүлжээнд хамарч буй 20 мянга орчим төсөв захиран зарцуулагчийн халаасалж байгаа мөнгө энэхүү сүүлийн долоон жилд даруй зуу дахин нэмэгджээ. 2000 оны сонгуульд нийт зарцуулсан мөнгө долоон тэрбум төгрөг байсан бол одоо сонгуульд орж байгаа нэр дэвшигч бүр ийм мөнгө гаргахад бэлэн сууж байна.
Энэ хооронд «Аалзны тор» нийтлэлийг бичсэн хүн ч олон гарч ирлээ. Н.Багабандийн, дараа нь Н.Энхбаярын зөвлөх байсан Дугар гэгч үүнийг бичсэнээ сониноор дамжуулан зарлалаа. «Өдрийн сонин»-д шуудангаар өгсөн Аалзны тор-5-ыг хамгийн түрүүн Баабар олзолж аваад Н.Энхбаярт өөрийгөө бичсэн хэмээн аваачиж өгсөн байна. Хариуд нь Н.Энхбаяр Баабарт Ч.Улааны хулгай хийсэн нийтдээ 11 сая доллар материалыг өгчээ. Улаан 2005 оны сонгуульд өөрийгөө Ерөнхийлөгчид нэр дэвшүүлээд өрсөлдөх гээд байсан тул ийм алхам хийсэн. Харин Баабар үүнээс хойш удаа дараа Ч.Улааныг зоригтойгоор хулгайчаар нь дуудан, шүүхэдвэл шүүхэд гээд байгаа нь гартаа материал оруулсанд байгаа юм. Энэ материалыг олж авсныхаа шанд Аалзны тор-5-ыг хаана ч нийтлэхгүй гэж ам өгчээ.
Монголын шинэ цагийн түүхэнд Н.Энхбаярын нэр тод харлаж харагдана. Хаалттай нийгэм нээгдэж, түүхийн хуудас солигдоход өөрөө нуран унаж байсан МАХН гэдэг архаг сүлжээг Н.Энхбаяр өвлөн авч, буцаан амьдруулсан билээ. Үзэл санаа, итгэл үнэмшилгүй болж хоосорсон энэ сүлжээг зөвхөн их мөнгө, их шунал буцаан амьдруулж чадна гэдгийг тэр мэдэрсэн. Үүнийгээ ч гүйцэтгэсэн. Улс орныг хучсан аварга тор нэхсэн. Одоо тэрбээр дараа үеийнхэндээ бариулж байна. Түүнийг идэхээр өөрийнх нь буй болгосон түмэн төмөр шоргоолж айсуй.
Нийт 27 бие даасан хэрэгт түүнийг сэжиглэж байгаагаас зургааг нь Авлигатай тэмцэх газраас баталгаажуулжээ. Түүний идэж уусан асар их хөрөнгийн хэмжээг 80-100 сая доллараар барагцаалдаг. Энэ тухай бүгд ярьдаг. Хүн бүр сэжиглэдэг. Одоо түүний шадар хамсаатан болоод байгаа ш.Энхсайхан түүңд «авлигын загалмайлсан эцэг» нэр хайрласныг нийгэм тэр дор нь нэгэн дуугаар хүлээн авсан. Авлигатай тэмцэх газар Монголд их л хожим байгуулагдсан ба дарга нь Н.Энхбаярын биечилж сонгон шалгаруулсан, өөрийнх нь бие төлөөлөгч байсан юм. Тэр хүн нь өөрөө авлига шамшигдууллын хэрэгт орж ял авсан. Хуулиар халдашгүй эрхийн хүрээнд хамаардаг учир парламентаас түүнийг ялтан болгоход зөвшөөрөл авах ёстой. Гэвч урьд нь Н.Энхбаяртай хамтарч буюу ивээл дор нь идэж уусан хуучин хамсаатнууд нь Н.Энхбаяраас айсандаа Авлигатай тэмцэх газрын даргын халдашгүй эрхийг цуцлахаас цааргалан зугтаж бүтэн жил зувчуулжээ. Н.Энхбаярын тавиул шоронд орж, энэ байгууллагаас холдсоны дараа л Н.Энхбаярын хэргийг мөрдөх бололцоо анх удаа үүссэн байна. Гэтэл энэ хооронд Авлигатай тэмцэх газар 10 орчим хэрэг илрүүлсэн нь улс орны зах хязгаарын хамгийн доод шатны хамгийн бага албан тушаалтны хамгийн жижиг хэргүүд байсан юм.
Аль ч нийгэм, аль ч үндэстэнд байдгийн нэгэн адил коммунист Монголд авлига байсан. Гэвч хувийн хэвшил тас хориотой, нийгмээрээ нян ядуу, гагцхүү төрийн хараат нарийн нягт хяналттай нийгэмд өгье гээд юмгүй байсан учир авлига шил архиар хэмжигддэг байлаа, Ийм байдал өнөөгийн Хойд Солонгост ч өргөн дэлгэр ажиглагддаг. 1990 онд нийгэм чөлөөт ардчилсан дэг, зах зээлийн горимд шилжингүүт хуучин нөхцөл нурж, шинэ дэг тогтож амжаагүй байхад авлига маш хурдтайгаар газар авч эхэлсэн юм. Энэ нь нэг талаас төрийн бүхий л аппаратад халдаж, нөгөө талаас өгч авч буй хэмжээ геометрийн прогрессоор өсөв.
1994 онд Буян хэмээх Б.Жаргалсайхан Японоос зээл авахдаа Засгийн газрын баталгаа гаргуулж авсан. Энэ тухай хэрэг хожим илрэн шуугиан болоход Ерөнхий сайд асан нь өгөөгүй гэж булзаж байлаа. Харин өрөө төлөхгүй луу унжсан Б.Жаргалсайхан «Та надаас хэдэн костюм авлаа!?» хэмээн хэвлэлээр асуун Ерөнхий сайдыг мадалж байв. Энэ нь тэр үеийн авлигын хэмжээг харуулж байгаа хэрэг. 18 сая долларын оронд хэдхэн хос костюм өгсөн бололтой. Өнөөдөр ийм зүйлийг дор хаяхад хоёр сая доллараар хийнэ. Хэд дахин өссөн байна даа?
1990, 1996 онд өмч хувьчлал, гадаадын зээл тусламжаас шинэ Монголын авлига гараагаа авсан. Гадаадын тусламж, ялангуяа хүнсний тусламжийн дэндүү дийлэнх нь хулгайн замаар ордог, үүнийг төрийн албан тушаалтнууд авлига шамшигдууллын замаар цааш хийдэг байлаа. Тухайн үед Соросын сангийн хийсэн судалгаагаар гадаадын хүнсний болон ядуурлыг бууруулах тусламжийн 80 хувь нь шамшигдууллаар ордог ба ядуусын 70 хувь нь энэ хөтөлбөрт огт хамрагддаггүй байв. Мөн гадаадын ялангуяа хүнсний тусламж сонгуулийн санал авах гол хэрэгслэл болж байсныг нийтээр мэддэг. Тайвань нь 2000 он хүртэл Монголыг өөрийн нэг хэсэг гэж үздэг байсан тул тэндхийн Монгол Төвөдийн хороогоор дамжуулж олон сая долларын хүнсний тусламжийг илгээжээ. Гэвч Монголын Засгийн газар үүнийг үл зөвшөөрдөг ч албан бус байдлаар авч төрийн ажилтнуудын гарт орж байсан. Үүнийг өдгөө Тайванийн Засгийн газраас асуувал бодит тоог нь хэлж бол ох байх.
2000 онд Н.Энхбаяр Ерөнхий сайд болоход авлигад нэлээд идэгдсэн, ёс суртахууны хувьд доройтсон нийгэм түүнийг хүлээж байсан юм. Түүний нам парламентын суудлын 98 хувийг дангаараа эзэлж байсан тул түүнд хязгааргүй эрх мэдэл иржээ. Нийгмээ засах бололцоо түүнд гарсан. Харин тэр нийгэмд тархсан байсан авлигыг улам гааруулж, бүр системжүүлж тогтоц болгон журамлаж гарсан. Өнөөгийн Монголын өөрийн тогтсон жишигтэй, бүхнийг хамарсан авлигын сүлжээ бол Н.Энхбаярын өөрийнх нь бүтээсэн тогтолцоо юм. Тэр юун түрүүн албан тушаалыг улайм цайм үнэ хүргэн худалдах аргыг хэрэглэж эхэлсэн. Үүнд нь саад болохоос болгоомжлон 15 мянган төрийн ажилтныг үзэл суртлын хувьд таарахгүй хэмээн богино хугацаанд халж байлаа. Монголбанкны ерөнхийлөгч болсон О.Чулуунбатаас 250 сая, Эрдэнэтийн дарга байсан Ш.Отгонбилэгээс 280 сая төгрөг, одоо Ерөнхий сайд болсон С.Батболдоос 200 сая төгрөг авч зохих албан тушаалд тавьж байсан нь хэтэрхий ил болчихсон зөвхөн нэг хэсэг нь.
Харин яг Засгийн газраа «ядуу» хүмүүсээс бүрдүүлсэн нь тэдний идэж уух хүсэл дээр тоглох гэсэн алсын бодол байв. Намын сургуулийн оюутны байранд тарчигхан амьдарч байсан А.Цанжид Боловсролын сайд болсноор олон байшин сав хорооллын эзэн болсон нь ердөө сайд байсан дөрөвхөн жилийн явдал нь. Нийгэм хамгааллын яамны сайд Ши.Батбаяр нэн ядуу шахам өрхийн тэргүүн байсан боловч энэ дөрвөн жилд төв талбайд бүтэн байшинтай, тэндээ ресторан ажиллуулж байгааг бүгд мэднэ. Энэ нь өнөөгийн ханшаар хэдэн сая доллар болно. Тэрбээр гадаадад ажиллуулах квотын хувийн компани байгуулаад энэ төсөл дээр ажиллаж байсан бусдын компанийг гүтгэн эздийг нь шоронд оруулсан ба нэг айлын голомт унтарч эхнэр, нөхөр хоёр хоёул шоронд нас барж гурван хүүхэд нь бүтэн өнчирчээ. Үүний төлөө хэн ч хариуцлага хүлээгээгүй.
Гадаад яамны сайд нэн ядуу иргэн Л.Эрдэнэчулуун гэж байна. Солонгосын Элчин сайдын яаманд элчингийн байр бариулах газрыг Хотын захиргаанаас тус яам авсан байна. Харин сайд Л.Эрдэнэчулуун үүнийг нь хоёр сая доллараар Хятадын компанид худалдаад мөнгийг нь халаасалжээ. Одоо тэр Монголын нийгэмд шударга ёс алга гэж зарлан өрнөдийн төсөл дээр ажиллаж байгаа. Эрчим хүчний сайд Жигжид нь томоохон мафийн толгойлогч болж дууссан даа.
Энэ бол зөвхөн Н.Энхбаярын толгойлж байсан Засгийн газрын хүрээнд болсон явдлын дөнгөж зах сэжүүр нь. Гэхдээ эх загвар. Улс даяар иймэрхүү загвараар доод шат руугаа хальсан юм. 2003 онд гадны хийсэн судалгаагаар Монгол нь авлигын хэмжээгээр дэлхийд эхний 120-д багтахгүй болжээ. Нийгмийн баялгийн 30 хувь нь далд эдийн засагт хамрах боллоо. Дөнгөж тэрбум долларын ДНБ-тэй дэлхийн хамгийн ядуу орны нэг шүү дээ. Тонож болох юм нь экспортын талыг эзэлдэг
Эрдэнэтийн зэсийн баяжуулах уурхай байлаа. Дэлхий нийтийн зэс үйлдвэрлэлд тодорхой хувь эзэлдэг энэ уурхай олон улсын бүртгэлээс гадуур байлаа. Олон улсын бүртгэлд оруулж ил тод болгох гэсэн гадны байгууллага, олон улсын байгууллага тэр дундаа Дэлхийн банк, АХБ, ОУВС-ийн оролдлого Н.Энхбаярын шууд шахалтаар бүтэлгүйтсэн. Дэлхийн зэс үйлдвэрлэлд хувь эзэлдэг хамгийн сүүлчийн бүртгэлээс гадуурх үйлдвэр одоо болтол Эрдэнэт хэвээрээ байна.
Учир нь энд Н.Энхбаяр 2000 оноос эзэн суусан. Эрдэнэтийн захиралд шууд заавар өгөн худалдааг нь зохицуулах эрхтэй гуравхан хүн байсны хоёр нь Н.Энхбаярын гэр бүлийнхэн. Өнөөдөр Ж.Наранхүү, Ч.Ганзориг нар шалгагдаж байгаа, гэхдээ тэд шорондоо тулбал ганцхан Н.Энхбаярыг л заахаас өөр хүн олдохгүй. Эрдэнэтийн зэсийн квотыг Н.Энхбаяр хэрхэн зардаг байсан тухай өмнөх Аалзны тор өгүүллүүдэд бий. Олон улсын луйврын томоохон төлөөлөгч болох Марк Ричи янз бүрийн компаний нэрээр энэхүү бүртгэлгүй, олон улсын хараа хяналтаас гадуур уурхайд ихээхэн баялаг хуримтлуулсан юм.
Дараагийн бизнес нь өр байлаа. Коммунист Монголын бусад коммунист оронд тавьсан өрийг цайруулах ажиллагаа нь ядуу орныхоо нэрийг барин тонуул хийх нэг том арга байв. Чех ба Словакийн 35 сая шилжих рублийн өрийг хэрхэн «төлсөн» тухай мөн өмнөх Аалзны тор өгүүлэлд бий. Нийтдээ гурван сая орчим доллар завшихад тухайн үед Сангийн яаманд байсан, өдгөө Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн голлох үүрэг гүйцэтгэж, ихээхэн харамж авсан. Тэрбээр энэ хэрэгт хотын захиргааны харьяа компанийн захирал ойр төрлийн хүний дансыг ашигласан байдаг. Германы Кредит банкнаас хувийн хэвшлийнхний авсан улс төлөх учиргүй таван сая долларын өрийг Монголбанкаар төлүүлж, шагналд нь сая доллар авсан нь Монголбанкны ерөнхийлөгч О.Чулуунбат, Ерөнхий сайд Н.Энхбаяр нарын хамтарсан бизнесийн эхний амжилттай ажиллагаа байлаа.
Дараагийн тонуул нь газрын наймаа байсан юм. Ихэнх хүн хотын газрыг хотын мээр байсан М.Энхболдын луйвар гэж боддог. М.Энхболдод өөрөө хулгайлсан юм нь тун бага. Бага ч гэсэн хулгай болохоор Н.Энхбаярыг тэр хэзээ ч илчилж чадахгүй. Харин жинхэнэ хянагч, борлуулагч нь өөрөө Н.Энхбаяр байсан. Хамгийн ойр жишээ хэлэхэд Блю Скай барилга барихад газрын зөвшөөрлийг нь өгч 15 хувийг нь эзэмшихээр болсон. Үүний тал мөнгийг бэлнээр авсан, гэхдээ барилгын ашиглалтад ороход саад хийх маягаар сүрдүүлж байж мөнгөө салгаж авчээ. «Моннис» компанийн өндөр барилгын газрыг ч тэрбээр олон сая доллараар үнэлсэн юм. Одоо орооцолдоод байгаа хоёр хэрэг нь хотын төвийн хоёр газар байгаа нь нэлээд хожим Ерөнхийлөгч байхдаа хийсэн ажиллагаа. Хүнд авч өгсөөр байгаад өөрөө хоосон хоцрох нь гэсэн үндсэн дээр нэлээд яаруу, болхи болсон ажиллагаа юм. Энэ нь хуучин хэвлэх үйлдвэр, нэг зочид буудлын асуудал биш, хотын яг төвд олон сая доллар хүрэх газрын хэрэг билээ.
Гэхдээ газар худалдаалах ажиллагааны хамгийн орлоготой хэсэг нь хотын төв биш хотын зах байлаа. Үүнийг Байгаль орчны сайд У.Барсболдтой хамтарч хийсэн. 2000 онд Тэрэлж хүртэлх замд газар эзэмших долоон зөвшөөрөл байсан бол 2005 он гэхэд энэ тоо 700 гаруй болжээ. Хэл амгүйгээр нь энэ газрын дийлэнхийг гадаадынханд зарсан ба лиценз бүрээс 40 мянга орчим долларын авилга хүртдэг байв. Дархан цаазат Богд уулын бүс нь хотын захиргаанд биш Байгаль орчны яаманд харьяалагддаг. Үүнийг мөн тэр хоёр хамтран зарж асар их ашиг унагасан. Яармагийн чиглэлд байдаг Арцатын амыг ээжийнхээ нэрээр авсан нь Н.Энхбаярт өөрт нь шуудаар оногдох газар. Мөн тэр хоёр Богд уулын өмнөд хэсэгт хамрах газрыг ч хамтран зарсан. «Оргил» сувиллын орчмын асар том талбайг сурын талбай оролцуулан авах ажиллагааг туслах Д.Чойжилсүрэнгийн хамт гүйцэтгэж мөн их олз олсон.
Гэхдээ энэ бүхнийг түүний орд газраас олсон асар их баялагтай харьцуулахад юу ч биш. Оюу толгойн ордыг 2001 онд «Айвенхоу майнз» компани олоход Н.Энхбаяр Ерөнхий сайд буюу Монголын эзэн хаан байлаа. «Айвенхоу»-гийн захирал Фрийдланд нь ядуу орнуудад луйвар хийдгээрээ нэрд гарсан уул уурхайн жуниор компанийн эзэн. Энэ хүний өсвөр нас луйврын эхлэлийн тухай «Эппл» компанийн талийгаач ерөнхийлөгч Стив Жобс дурссан нь саяхан ном болж гарсан ба яг тэр хэсэг нь монголоор орчуулагдаж хэвлэлд гарсан. Монголыг хуучин Зөвлөлтийн дундад Азийн дарангуйллын орны хэмжээнд ойлгосон Фрийдланд хамаг асуудлыг ганцхан Н.Энхбаяртай ярилцаад бүгдийг худалдаж юм уу авлигадаад шийднэ гэж үзжээ. Ингэж энэ хоёрын арван жил үргэлжлээд байгаа хамтын ажиллагаа бизнес эхэлсэн түүхтэй. Энэ хоёр голлох зуучлагчаараа «Моннис» компанийн захирал Б.Чулуунбаатарыг сонгож авчээ. Үүний хариуд «Моннис »-ийн голлох портнёр Германы «Либрер» хэмээх уул уурхайн машин тоног төхөөрөмжийн компанийг дэмжих болсон юм. Үр дүнд нь Эрдэнэтэд машин тоног нийлүүлдэг Японы «Камацу» шахагдаж, илүү өндөр үнэтэй, илүү дорой «Либрер»-ийн машин ноёлох болов. Эндээс ч Н.Энхбаяр асар их ашиг хүртсэн. Эрдэнэт бол олон улсын бүртгэлгүй компани учир тэнд болж буй худалдаа бүхний нүднээс далд болно. Гагцхүү Н.Энхбаяр л мэднэ.
2003 оны 12 дугаар сарын 25-нд Фрийдланд руу Монголоос утас цохижээ. Энэ бол зул сарын баяр учир дэлхийн тэн хагас нь амардаг өдөр. Ерөнхий сайд Н.Энхбаяр утастаж, оноос өмнө амжиж хуучин ЗХУ-ын өрийг төлөх шаардлагатай болсон тул маргаашийн дотор 50 сая доллар олж өгөхийг гуйлаа. Амралт болж байгаа учир бүх банк гүйлгээ хаалттай гэж Фрийдланд хэлж. Гэхдээ наймаалцахад бэлэн байна, мөнгийг аргалаад маргааш олж өгье, хариуд нь Оюу толгойн ашиглалтын лицензийг шаарджээ. Лиценз 2003 оны 12 дугаар сарын 26-нд бэлэн боллоо. Монгол Орост өргүй болов. Үүний төлөө тэрбээр Ерөнхийлөгчөөс Чингисийн одон өгөхийг шаардаж, бүх ард түмний ёслол үйлдэн, аялдан дагалдагч нараа зурагтаар уйлуулж жүжиг тоглов.
Өр тэглэсэн нь сайн хэрэг ч эндээс 50 сая доллар алга болсон хэрэг хожим мандлаа. Оросууд 200 сая доллар авснаа хэлдэг, Олон улсын валютын сангаас 50 сая доллар алга болсон тухай асуусан. Энэ хэмжээний мөнгө терроризм дэмжихээр алга болсон байх вий гэсэндээ олон улсын санхүүгийн байгууллагаас санаа зовлон сурагласан гэдэг. Мэдээж алан хядагчдын гарт очоогүй. Орос Монголын авлигачдын халаас руу л явсан. Тухайн үедээ «10 хувийн Миша» хочтой байсан Оросын Ерөнхий сайд Касъянов одоо ч энэ хэргээ тайлбарлаж чадахгүй байгаа ба чухам энэ асуудлаар нь шинэ Ерөнхийлөгч Путин мөрдлөг эхэлсэн бололтой байдаг. Оюу толгойн лицензийг Н.Энхбаяр өгсөн болохоос өнөөдөр яриад байгаа шиг дараа дараагийн Засгийн газар зарчихсан юм биш.
Оюу толгойг Н.Энхбаяраас 50 саяар авсан Фрийдланд энэхүү дэлхийн хамгийн баялаг зэсийн ордыг бирж дээр гарган их мөнгө хуримтлуулахын тулд элдэвлэж өгчээ. Тэрбээр Бразилын бирж дээр өөрийгөө Монголд асар их ашиг олж байгаа, таван доллараар футболк хийгээд 100 доллараар зарж байгаа бизнестэй зүйрлэв. Гэвч мэдээ дорхноо Монголд хүрч, хэвлэлд тавигдсанаас болж монголчууд Оюу толгойг сэжиглэнгүй харах боллоо. 2006 онд Ерөнхий сайд М.Энхболд Оюу толгойг эргэлтэд оруулах анхны шийдвэрийг гаргасан боловч Фрийдландаас болоод янз бүрийн сэжиг үүссэн учир энэ нь ард нийтээс ч, парламентаас ч дэмжлэг авсангүй.
Дараагийн Ерөнхий сайд С.Баяр энэ ордыг ашиглахад Фрийдландтай хамтрах нь аюултай юм байна гэж үзэн «Айвенхоу майнз »-ын ихээхэн зээл тусламж авсан дэлхийн уул уурхайн хамгийн том компани «Рио Тинто»- д ханджээ. С.Баяр Фрийдландтай нэг л удаа уулзсан. «Рио Тинто»-д харин яван явсаар «Айвенхуо»-г Оюу толгойгоос шахан гаргах нууц тохиролцоо хийсэн байна.
«Рио Тинто», «Айвенхоу», Монголын Засгийн газрын Оюу толгойг хамтран ашиглах гэрээ 2009 онд зурагдлаа. Яг эндээс «Рио Тинто», Фрийдландын гурван жил үргэлжилсэн зодоон эхэлсэн юм.
Хувьцааны ихэнхийг «Айвенхоу» эзэмшиж буй учир шийдвэр гаргах эрх мэдэл тэдэнд байсан юм. Гэвч Монголын Засгийн газар, «Рио» хоёр нийлэн шийдвэрийг нь зүйл бүрээр эсэргүүцэж байлаа. «Айвенхоу» бол уул уурхай ашиглаж явуулдаг компани гэхээсээ аз туршин хайгуул хийж олсноо сүр болгон зарлаж, бирж дээр гаргаад хувьцаагаа үнэ хүргэн зарж хамаг ашгаа олдог газар. Иймээс бирж дээрх үнийн савалгаа Фрийдландад чухал болохоос Оюу толгойн зэс алт түүнд тийм ч хамаатай биш. Ашиглалтын гэрээнд гарын үсэг зурахаас өмнө хувьцааны үнэ дээшээ 17 доллар хүрч байснаа доошоо 1.5 болтол унаж байв. Энэ нь Монголд Оюу толгойг тойрсон хийрхлээс хамаарна. Ийм хийрхэл байн байн гарч, тэгснээ гэнэт засраад явах нь биржид хувьцаа эзэмшигчид л хэрэгтэй. Олон хүний нотолж байгаагаар хийрхлийг Фрийдланд өөрөө удирддаг, эсвэл далдаас санхүүжүүлдэг гэж ярьдаг. Үүнд Н.Энхбаярын санаандгүй мэт үл ажиглагдах оролцоо их бий. Тэрбээр М.Энхболдын ба С.Баярын Засгийн газартай санал нийлэхгүй байгаагаа хэлэх хүмүүсийг ил далдаар хатгах маягаар ямар нэг байдлаар оролцоно.
Энэ байдал Оюу толгойн гэрээ хийгдсэнээс хойш бүр ч илэрхий болсон юм. Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсаны хүчинд л Оюу толгойн гэрээ зурагдсан. Шинэ Ерөнхийлөгч Засгийн газрын ажилд тээг саад тавиагүй учраас л зурагдсан. Тэгэнгүүт Н.Энхбаяр Оюу толгойг хамгийн томоор шүүмжлэгч боллоо. Фрийдланд «Рио»-д шахагдахыг хүссэнгүй. «Рио» нь дэлхийн өнцөг булан бүрт уурхайтай нүсэр компани, байгуулсан компанийхаа 10 хувиас илүүг хүнд өгдөггүй. Гэтэл Монголын Засгийн газарт 34 хувийг нь зээлээр эзэмшүүлсэн нь гол нь хавсарч Фрийдландыг шахах гэсэн хэрэг юм. Үүнийг Н.Энхбаяр тайлбарлахдаа Монголын ордын ердөө 34 хувийг нь бид аваад бусдыг нь алдчихлаа. Уг нь би гадныхантай 51 хувийг нь авахаар тохирчихсон байсан юм гэж байнга ярих болов. Энэ бол үгэн тоглоом. Оюу толгой Монголын өмч мөн, цаашид ч мөн. Оюу толгойг ашиглах хамтарсан компанийн 34 хувийг Монголын Засгийн газар ирээдүйд гарах баялгаар төлнө гэж эзэмшихээр болсон. Уул уурхайн ямар ч туршлагагүй Монгол шиг оронд энэ нь ахадсан тоо юм.
Харин Фрийдландын хувьд ашиглалт явуулах компанийн 50 хувийг энэ туршлагагүй Засгийн газарт эзэмшүүлж өрөнд улам лав оруулах, эцэст нь зарах сонирхол байлаа. Үүний тод илрэл нь Монголын талд оногдох зардлын зээлийг Фрийдланд хямд олоод хэд дахин өгсөн Оюу толгой компанид тулгасан нь илэрч, Удирдах зөвлөлд байдаг П.Цагаан, Н.Багабанди нар болон Риогийн төлөөлөгчийн хүчтэй эсэргүүцлээр цуцлагдсан юм. Учир нь «Оюу толгой» компанид «Айвенхоу майнз» голлох шийдвэр гаргагч тул зээл авах гэрээг бие даан шийдсэн байна. Оюу толгойн одоо илрээд байгаа нөөц асар их, ойрын тавин жилд хүрэлцэх тул яаран нэмэлт хайгуул хийх хэрэггүй, явцын дунд хайгуулаа өргөжүүлэх ёстой байлаа. Гэтэл Фрийдланд Оюу толгой ашиглалтад орох гэхээсээ хувьцаагаа өсгөх нь чухал учир шийдвэрлэх голостойгоор далимдуулан шинэ хайгуулд асар их мөнгө зарцуулж эхлэв. Энэ нь мөн «Рио»-той муудалцсан дайсагналцлыг нь улам нэмжээ. Ингэхээр Оюу толгойн гэрээ буруу болсон гэдэг нь үнэндээ Н.Энхбаярын гэхээсээ Фрийдландын үг юм. Түүнийг Н.Энхбаяр өндөр хөлстэйгээр дамжуулагч.
Фрийдланд, Н.Энхбаяр хоёр хэтэрхий биенээсээ хамааралтай болсон учир хагацах арга байхгүй. Аль аль нь биенийхээ барьцаанд байгаа. «Саусгоби» хэмээх Фрийдландын компани эзэмшиж байгаа нүүрсний ордыг тэрбээр Н.Энхбаярын далд оролцоотойгоор авч, 400 сая тоннын нөөцтэй энэ ордыг бирж дээр гарган хоёр тэрбум доллар босгосон байна. Энэ мөнгөөр авах тоног төхөөрөмжийн тендерт Б.Чулуунбаатарын хүсэлтээр мөнөөх «Либрер» компанийг ялуулж, шанд нь дөрвөн сая доллар авсан. Чулуунбаатарын хүсэлтийг Энхбаяр утсаар тулгаж шанд нь сонирхож буй нэлээд лицензийг өгөхөөр болжээ.
Фрийдланд одоо ч Монголд 40 орчим лиценз эзэмшиж буйн бараг ихэнх нь зөвхөн Н.Энхбаярын оролцоо юм. «Саусгоби» нь бирж дээр гарсан олон нийтийн компани учир тендер зэрэг нь нарийн хяналттай ил тод байх ёстой. Н.Энхбаяр унавал Фрийдланд унана, Фрийдланд унавал Н.Эңхбаяр унана.
Фрийдландад мөнгө маш чухал, Н.Энхбаярт эрх мэдэл маш чухал. Энэ хамтын ажиллагаа нь Монголын гадаад бодлого, үзэл баримтлал, геополитикийн бодлогод харшлах боллоо. 2009 онд Москвад болсон Хятад, Оросын Засгийн газрын хамтарсан хуралдаанаар Монголын талаар авч хэлэлцжээ. Монголд асар их байгалийн баялаг илэрснээр өрнөдийн орнуудын сонирхлыг хэтэрхий татаж байгаа нь хоёр орны геополитик бодлогод харш байна гэсэн дээр хоёр тал санал нийлсэн юм. Иймээс өрнөдийн орнуудын томоохон хөрөнгө оруулалт, ялангуяа уул уурхайд оруулж буй хөрөнгө оруулалтад саад хаалт тавих талаар үзэл бодлоо нэгтгэсэн. энэ нь Монголын сүүлийн 20 жил баримталж байгаа гурав дахь хөршийн бодлогод шууд хаалт тавих санаа. Монголд өрнийн хөрөнгө оруулалтын эсрэг хийрхлийг сүүлийн хэдэн жил маш хүчтэй явуулж эхлэхэд Фрийдланд, Н.Энхбаяр нарын шууд оролцоо маш тод харагддаг. Эдийн засгийн алуурчин хэмээх ном зэрэг зэрэг орчуулагдан үнэгүй тараагдаж гарав. Хаанаас гарч байгаа санхүүжилт вэ? Эдийн засгийн алуурчин нь юун түрүүн «Рио Тинто».
Дэлхийг еврейчүүд сэм удирддаг, америкчууд саран дээр буугаагүй, есдүгээр сарын 11-нд америкчууд өөрснөө хоёр өндрийг дэлбэлсэн гэх мэтийн таамаглал ч юм шиг, өдөөн хатгалга ч юм шиг мэдээлэл ном товхимол дэлхийгээр нэг байдгийн нэг нь л мөнөөх эдийн засгийн алуурчин гэх бүтээл. Саяхан гадны компанийн хийсэн судалгаагаар Монголд байгаа ашигт малтмалын нийт лицензийн 75 хувь нь үнэн хэрэгтээ хятадуудын гарт байна гэж тодорхойлжээ. Монгол эзэнтэй юм шиг боловч наймаа арилжаа ‘ярихаар цаанаа аль нэг хятад компанийг заан эрх мэдэл тэнд байгааг хэлж байсан байна. Ингэхээр үнэн хэрэгтээ гурав дахь хөршийн бодлого цаасан дээр байгаа болохоос өөрцгүй. Үүнд тэнцвэр хадгалах өрнийн компанийн эсрэг цаанаасаа төлбөртэй асар хүчтэй кампанит ажил нэгэнт дэгдсэн.
Н.Энхбаяртай нягт хамт ажиллах болсон М.Энхсайхан нь 2005 он буюу Оюу толгойн тухай ид яригдаж эхлэхээс эхлэн ил тодоор өрнийн дайсан болж хувирлаа. Тэрбээр тухайн үедээ Хятадын Ерөнхий сайдын орлогч асан By И авгайн бараг өргөмөл хүү болсон юм. Хятадад М.Энхсайханыг очиход дөрвөн бие хамгаалагч гаргаж хамт яваа багаас нь тусгаарладаг байсан нь Монголын түүхэнд хэнд ч таарч байгаагүй том хүндлэл юм. М.Энхсайхан уугуул намаасаа салж парламентын бус жижиг намтай болсон ч Хятадад албан ёсоор уригдсаар. Төрийн эргэлт хийнэ, Үндсэн хуулийн бус замаар эрх авна, хувьсгал хийнэ гэж улаан цайм зарлан заналхийлж байгааг нь хятадууд мэдэхгүй байна гэж үгүй л дээ.
Хятадын улсын мэдлийн онцгой том 50 компани байдаг. Энд Таван толгойд орох сонирхолтой «Шинхуа», «Эрдэс Таван толгой»-д зээл олгосон «Чайналко» багтана. Бүх захирал нь Төв Хорооны гишүүд байдаг. Иймээс бодлого нь төрийнх болохоос компанийх биш. «Чайналко» Монголд сонгууль болохын өмнөхөн Фрийдландаас «Саусгоби» компанийг худалдаж авахаар боллоо. Дорхноо шуугиан үүсэн ашигт малтмалын хуулинд засвар оруулахаар болов. Гадаадын хөрөнгө оруулалтыг хаах боох хязгаарлах, дарамт үзүүлэх, хуучин гэрээнүүдийг эргэж харах хуулийн заалтууд цуварч эхлэв. Мэдээж, «Чайналко» хусагдана. Гэхдээ өрнийн компаниуд шахагдана. Аягүй бол «Рио Тинто» хөөгдөнө. Оюу толгойг зогсооно. Төрийн нэгдсэн бодлоготой, сахилга баттай, таван мянган жилийн иргэншлийн түүхтэй энэ орон геополитик болон өөрийн эрх ашгийг зөв л тооцоолсон байж таарна. Ер нь Хятадын гадаад худалдааны ердөө 0.1 хувийг Монгол эзэлдэг. Монголын байгалийн баялаг Хятадын хувьд тийм ч чухал биш. Далайд газрын тос өрөмдөж эхэлсэн тэд эрчим хүчний илүүдэлтэй буюу гадагш нь тос гаргадаг орон болж байгаагаа зарлаж байна.
Монголын хувьд түүхий эдээ гаргах ганцхан зах зээл нь Хятад. Хятад авахгүй бол Монгол сөхөрнө. Үүнийг вакумжуулах гэдэг. Энэ аргыг өнөөдөр Орос, Хятад хоёр Хойд Солонгос дээр хэрэглэж байна. Элдэв олон улсын хоригт дандаа саадv тавина. Өөрсдөө сайн харилцаатай. Гэхдээ туслахгүй. Хэрэг болохоор Америк, Япон зэрэг орны эсрэг галзуу нохой маягаар хуцуулж ашиглана. Үүний шанд арай ч сөнөчихөөргүй бага зэргийн хишиг хүртээнэ. Хойд Солонгос вакумд байгаа. энэ орон Орос, Хятад гэсэн хоёрхон хөрштэй.
Таван толгойн тухай таван зуун мянган толгой таван жил хэрэлдээд ямар ч үр дүнд хүрсэнгүй. Энд хийрхэл болоод янз бүрийн хувийн эрх ашиг хутгалдсан учир урагшаа ч үгүй хойшоо ч үгүй болсон. С.Батболд өнгөрсөн намар Бээжинд айлчлахдаа «Шинхуа» компанид ихэнх хувийг нь ашиглуулахаар амлажээ. Шанд нь өөрийн нэр дээр хадгалагдаж байгаа есөн лицензийг өндөр үнээр худалдан авахыг санал болгоод зөвшөөрүүлсэн байна.
Харин энэ шийдвэр нь гал дээр тос нэмж, Таван толгойг бүр зогсоов. Хятадын хувьд заавал Таван толгойг авч байх хэрэггүй. Өрнийн хөрөнгө оруулалт ороод ирэх магадлалтай энэ ордыг вакумжуулбал хамаагүй дээр. Тэртэй тэргүй Монголын нийт лицензийн 75 хувийг ил болон далдаар эзэмшиж байгаа. Монголоос гаргаж болох нүүрсний хэмжээ яаж ч нэмэгдүүлээд жилд 50 сая тонноос хэтрэхгүй. Ганц «Саусгоби» гэхэд олон жилийн нөөц, дээр нь Г.Нямтайширын асар их нөөцийг худалдан авахаар ярьж байгаа. Ингэхээр Таван толгой руу орсноос вакум болгоод өөрсдөөр нь өрнийн хөрөнгө оруулагчдын хоншоорыг тас цохиулсан нь геополитик талдаа хавьгүй дээр.
Н.Энхбаяр ч өөрөө уул уурхайн талаар хятадуудтай хамгийн их наймаа хийдэг хүн. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Бээжинд эмнэлэгт хэвтэж байгаа ээжийгээ эргэнэ гэж сонгуулийн компанийн ид үеэр урагшаа явсан нь Монголын чөлөөт хэвлэлийн хараанаас мултраагүй. Үнэндээ ээж нь биш хадам нь, хоёрдугаарт жинхэнэ төрсөн охин нь энэ үед Солонгос явж байсан, гуравдугаарт эмнэлэгт нь очоогүй. Тэрбээр буудалд Хятадын олон компанийнхантай уулзсан. Охин дүү нь Бээжингийн хамгийн тансаг үнэтэй одууд суудаг хотхонд хаус авсныг юугаар тайлбарлах вэ?
Сингапурт төрийн ажил хийж байсан, ганц бие хүн хаанаас ийм их мөнгө олов?, хил дээр байдаг алтны ордод сонгуулийн дараа зөвшөөрөл өгнө, одоохондоо цаанаас нь ухаад бэлтгэлээ базааж байж болно гэсэн аман зөвшөөрөл өгсөн байдаг. Австрали, АНУ-ын нэр бүхий улстөрийн болон бизнесийн хүмүүст явуулсан Ерөнхийлөгчийн захидалдаа таван хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчөө хэлэл дээр хийлгэхээр явуулж байгаагаа дурдаад үүнд туслахыг хүсч, нэрсийг илгээсэнд Тамгын газрын дарга П.Билэгт ба дөрвөн Хятад хүний нэр байдгийг юу гэж тайлбарлах вэ? Төмөртэйн ордын 50 хувийг хятадууд, 25 хувийг монгол хүн, 25 хувь нь Н.Энхбаярын эхнэрийн дүүгийн нэр дээр байсан боловч энэ чимээ гарч эхлэнгүүт хувиа зарсан.
Москвад Кутузовын өргөн чөлөөнд дүүгийнх нь нэрээр байр байсан боловч чимээ гарангуут бушуухан зарсан нь бараг сая долларын өртөгтэй. Эхнэрийнх нь дүү, түүний нөхөр хоёр Сан Францискод дөрвөн сая долларын байртай байгаа нь хэний мөнгө вэ? Нэмж хэлэхэд тэд ажилгүй цагаачилж суугаа улс шүү дээ. Байгал нуурын эрэгт ээжийнх нь нэр дээр цогцолбор байгаа, байгууламжийн бүтээн байгуулалтыг тухайн үеийн Сэлэнгийн гаалийн дарга биечлэн удирдаж байсан. Хэний мөнгө вэ?
Н.Энхбаяр хэрэгт орлоо, баривчлагдлаа. Хэрэг угаасаа МАХН дотор буюу Н.Энхбаярын бүлгээс эхэлсэн. Түүний эрхшээлд хэзээ мөдгүй шоронд орж магадгүй хүнд байдлаар цааш олон жил явах аргагүй болсон хэрэг. Үүний том жишээ нь гаалийн Х.Баатарын хэрэг. Үүнийг Н.Энхбаяр анхлан зохион байгуулсан. Х.Баатар нь мэдээж хулгайч. Дараа нь У.Хүрэлсүхийн хэрэг байна. Тэгээд Т.Бадамжунай, Г.Занданшатар нарын хэрэг байна. Сөүлд казино тоглосон баримтыг Н.Энхбаяр тэнд айлчилж явахдаа Солонгосын Ерөнхийлөгчөөс өөрөө гуйжээ. Дипломат байдлаар тусалъя гэсэн боловч өөрийн хууль журамтай орон юу боллоо гэж бичлэг зэрэг нарийн юмыг гаргаж өгөх билээ.
Казинод орсон паспортын хуулгыг л өгсөн байдаг. Энэ нь олон удаа «Зууны мэдээ» сонинд хэвлэгдэж байсан. Хамгийн сонирхолтой нь баримт өгье гэсэн чинь үүнийг биечилж авахаар эхнэр нь Сөүл орсон байдаг. Иймээс Н.Энхбаярын эсрэг боолчуудын сэм хуйвалдаан эхэлсэн юм. Гэвч зоригтой дуугарах хүн У.Хүрэлсүх, Ц.Нямдорж, С.Баяр гурваас өөр олдоогүй. Бүгд аалзны торонд орооцолдсон хэрэг. Баривчлагдангуут нь Н.Энхбаярыг барьсан Ерөнхийлөгч Элбэгээдээ баярлалаа гэх мэтийн захидал бичиж, хэргийг өөрсдөөсөө холдуулан «Бид тэгээгүй шүү» гэж байгаа муухан заль. Өлсгөлөн зарлангуут нь намын бүлэг шөнө хуралдаж өрөвдөөч, өршөөгөөч гэдэг тогтоол гаргаж байгаа нь өөрсөд дээрээ ирэх аянгын цохилтоос айж байгаа юм.
Улаандаа гарснаараа түүнийг өмөөрч Ч.Улаан гүйв. Тэрбээр улсаас асар их мөнгө идсэн хүн. Баримт нь Н.Энхбаярт бий. Нэг хувийг Баабарт худалдсан боловч өнөөх нь үүнийг сүрдүүлэг болгон ашигладаг. Н.Энхбаяртай хамтарсан луйвар ч бий, ганцаарчилсан луйвар ч бий. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн өр гэгдэх гурван сая долларын асуудал байна. Энэ үйлдвэрийг япончууд 1989 онд хүлээлгэж өгчээ. Гэвч ажиллуулж чадахгүй байсан тул тухайн үеийн «Монимпекс» компанитай гэрээ хийн нэмэлт хөрөнгө оруулсан байна. Удалгүй «Монимпекс» дампуурч алга болсон ба 10 жилийн доторх хөрөнгө оруулалт гурван сая доллар болжээ. Энэ мөнгийг япончууд Монголын Засгийн газраас нэхэмжилсэн боловч Засгийн газар төлөх хуулийн үндэс байхгүй гэдгийг Сангийн сайд Улаан хариу бичигт дурдаад өөрийн гарын үсгийг зуржээ. Япончууд Дарханы шүүхэд заргалдсан боловч шүүх Ч.Улааны талд оржээ. Ингээд тэд төмөрлөгийн үйлдвэртэй гэрээ байгуулан гурван сая доллартаа 25 жилийн хугацаанд үйлдвэрийн бүтээгдэхүүнээр авлагаа цайруулах гэрээ хийсэн байна. Бараг олдох найдваргүй энэ өрийн бичгийг нь Улаан 200 мянган доллараар худалдан авчээ. Ингээд Сангийн сайд маань Японд төлөх гурван сая долларыг 2005 оны улсын төсөвт тусгаад 2.8 сая долларын олз олсон. Ингэхээр Н.Энхбаяр дээр очих эсвэл шоронд орох хоёрхон зам үлдсэн хэрэг.
О.Чулуунбат гүйгээд очлоо. Энэ хоёр урьд нь хамтарсан бизнес зөндөө хийсэн. Монголбанкны захирал байхдаа хэнд ч хэлэлгүйгээр улсын нөөцийн 200 сая долларын аккрадетив гаргажээ. Малайзаас Саудын Араб руу ургамлын тос гаргаад хожсон мөнгөөрөө цалингаараа амьдарна гэдэг хөтөлбөр хэрэгжүүлж, нийтээр орон сууцтай болгоно ч гэх шиг тэнэг тайлбар тавьдаг. Цалингаар амьдардаг орон сууцны шав тавих нээлт дээр нь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Ерөнхий сайд М.Энхболд хоёр зэрэг очих гэж булаацалдаад хөөрхөн жүжиг болж байсан. Монголбанкны баталгаатай аккрадетив нь дороо хаврын цас шиг хайлав. Голландын банкнаас тэр өрийг нь Германы нэг ланд худалдаад авчихжээ.
Мөнгөө авах гэсэн чинь Монголбанкныхан мэдэхгүй гэж. Ингээд шүүхийн зарга үүсэв. Муу нэртэй Ц.Нямдорж энэ том луйврыг зогсоогоогүй бол 200 сая долларын өр буй болох байв.
Аккрадетивыг тэр дор нь хаасны хүчинд Монгол Улс дөнгөж 22 сая долларын өртэй хоцорлоо. Хариуд нь О.Чулуунбат ихээхэн мөнгө гаргаж зохион байгуулж байгаад Ц.Нямдоржийг Их Хурлын даргаас нь мулталжээ. Цэцэд заргалдах зэрэг бага сага гүйцэтгэлийн ажлыг Бурмаа, Лхагважав мэтийн учраа олохгүй багачуудаар хийлгэсэн. О.Чулуунбатын өөр олон луйврыг нь Н.Энхбаяр мэднэ. О.Чулуунбат хаашаа гарах вэ дээ.
Р.Раш, Б.Бат-Эрдэнэ, Батбаяр, Ц.Мөнх-Оргил, М.Энхболд, Ш.Отгонбаяр, Сү.Батболд гээд аалзны торонд орооцолдсон олон хүн хоёр талаасаа хавчуулагдаад одоохондоо сугараад үлдлээ. Батбаяр л гэхэд өнөөх зочид буудлын хэрэгт нь гүн оролцож тэрбум төгрөг зээлээд өрөнд орчихсон хөөрхий л дөө. Мөнгө ч үгүй, нам ч үгүй, Н.Энхбаяр ч үгүй. Төмөр замын дарга Р.Раш гэртээ сейфэндээ бэлэн гурван сая доллар хадгалж байдаг гэж 2004 онд Н.Энхбаяр өөрөө олон хүнд ярьсан байдаг. «ТВ-9» гэхэд С.Батболд, Ц.Мөнх-Оргил нар олон сая төгрөг хийгээд тэр чигтээ алдсан. Гэхдээ оронд нь хангалттай авсан учир юу ч хэлж чадахгүй. Б.Бат- Эрдэнэ аваргыг баривчлагдахынхаа өмнө утсаар дуудаж байхыг хүмүүс зурагтаар харсан. Аварга хариуд нь «Таны залгасан дугаар ашиглалтад байхгүй» гэж аргил хоолойгоор хэлсэн гэдэг.
Б.Энхбаярт өөр нэг .'том өмгөөлөгч алс Америкаас гараад ирлээ. Сенатор Файнштайн гэгч 80 дөхөж яваа авгай. Өнөөгийн АНУ- ын бодлогыг тодорхойлогчдоос дээрээсээ дөрөвт ордог том баян, эрх мэдэлтэн. Төрийн нарийн Клинтоны сайн найз, Америкийн хэдэн том тэрбумтан баяны нэг болох Ричард Бламын эхнэр. Америкийн хууль тогтоох байгууллагад байгаа хамгийн баян эмэгтэй. Октябрийн хувьсгалаар дүрвэж гарсан Оросын еврейн охин. Коммунизмыг жигшдэг харцагын нэг. Сан Францискогийн уугуул, Калифорни мужийг төлөөлж Конгресст суудаг. 2002 онд Ноён Блам болон эхнэр Файнштайнтай нь Н.Энхбаяр Америкт танилцжээ. Энэ баян хүний нэр сүр хэрэгтэй байсан учир Сан Францискод суух Монголыг хариуцсан хүндэт консул болохыг гуйсан байна. Азийн зүрхэнд коммунизмыг сөнөөсөн «ардчилагч шинэчлэгч» залуу Ерөнхий сайд хоёр хөгшинд маш их таалагджээ. Хоёул 2003 онд Монголд зочилж, Н.Энхбаяр улсаа танилцуулж, Гадаад яамны дэд сайд С.Батболд нисдэг тэргээр авч Монгол орноо үзүүлэв. Блам ч хүндэт консул болохыг зөвшөөрсөн нь мэдээж, ямар нэг ашиг завшаан хараагүй, зүгээр л энэ «ардчилагч реформатор» залуу маш их таашаагдсан хэрэг юм. Улмаар Н.Энхбаярынхан, Бламынхан гэр бүлийн дотно андууд болов. Хоёр хөгшин Н.Энхбаярыг хүү шигээ хайрлана. Н.Энхбаяр Америк орохоороо гэрээр нь зочилдог төдийгүй охиноо тэднийд суулгаж байлаа. Энэ бол маш дотно хувийн харьцаатай гэсэн үг.
Н.Энхбаяр баривчлагдангуутаа олон хуудас тайлбар бичин өөрийгөө улстөрийн хэлмэгдэгчээр зарласан тайлбар англи хэлээр бичиж, олшруулаад гадаадын Элчин сайдын яамнаас авахуулаад олон улсын байгууллагууд, улстөрийн зүтгэлтнүүдэд илгээв. Мэдээж хэрэг Блам, Файнштайн нарт, Файнштайн тэр дор нь арга хэмжээ авч, өөрөө мэдэгдэл гаргасан төдийгүй Төрийн департаментаар мэдэгдэл гаргуулж, энэ зун Монголд айлчлах байсан Клинтоны айлчлалыг зогсоолгов. Н.Энхбаярыг өмгөөлөх ажилдаа Тони Блэйр, НҮБ-ын даргыг хүртэл татан оролцууллаа. Хэн нэг нь түүнд «Авлигын асуудал байгаа юм байна» гэхэд «Авлига надад хамаагүй, надад тэр залуугийн эрүүл мэнд л чухал байна» гэжээ.
Эрүүл мэнд гэнгүүт Н.Энхбаяр хуурай өлсгөлөн зарлаж, зориуд биеэ муутгаж эхлэв. Анх баригдахдаа өлсгөлөн зарлахгүй, ингэж дайснуудаа байрлуулахгүй гэж мэдэгдэж байсан хүн шүү дээ. Албадан эмчилгээ хийлгэхгүй гэж эмч нарыг айлган, эхнэрээрээ сүрдүүлж сүйд боллоо. Өлсгөлөн зарласан 10 хоногт турж эцэх нь мэдээж. Энэ туранхай зургаа илгээсэн ба Файнштайны захиалгаар өрнөдийн сонинууд энэ баримтаас болж Монголыг жигшин үзэх учиртай. Нэр нөлөөтэй сенаторын үгээр Америкийн том сонинууд Монголыг ардчиллаас ухарлаа гэж бичих болов. Энэ хэрэгт өмнө нь Монголд Элчин сайд байхдаа Ерөнхийлөгч Н.Энхбаяртай маш сайн түнш болсон Ментон идэвхийлэн оролцлоо.
Ардчиллын бэлэгдэл болж байсан Монгол хэдхэн өдрийн дотор дарангуйллын жишээ, хүний эрхийг хөсөрдүүлэгч болж хувирав. Хоёр хөгшин Н.Энхбаяраас өөр монгол хүн танихгүй. Монголд ирж үзсэн болохоос энэ жижиг буурай орны тухай Н.Энхбаярын ярианаас л юм сонссон. Н.Энхбаярыг коммунист намын дарга гэдгийг ч мэдэхгүй. Сүүлийн 90 жилийн 86-д нь дангаар төрийн эрх барьж Геннисийн номонд бүртгэгдсэн нам гэдгийг нь ч мэдэхгүй. Энэ нам өнөөгийн шаардлагаар социал демократ чиглэл рүү хандаж хувьсгалт гэсэн нэрнээсээ салж олон улсын жишигт очих гэхээр Н.Энхбаяр шууд эсэргүүцэж, хуучин коммунист намаа хувьсгалт нэрээр нь байгуулна гэж зүтгэж байгааг ч мэдэхгүй. Н.Энхбаяр сонгууль бүрээр Монголын фашистуудаас дэмжлэг авдгийг мэдэхгүй. Хачирхалтай нь, Монголд фашистууд байдаг, тэд нацист маягаар хувцаслан хас тэмдэг, савхин хувцсаар гоёж гадаадынхныг айлган сүрдүүлж явдгийг мэдэхгүй. Энэ тухай сайтууд дээр хачирхан тавьсныг үзээгүй.
Н.Энхбаяр удаа дараа ард түмнийг бослогод уриалж, төрийн эрхийг Үндсэн хуулийн бус замаар авахаас өөр аргагүй боллоо гэж зарлан олон хурал хийснийг мэдэхгүй. Монгол орон хувь процентоор тооцвол Камбожийн нэгэн адил коммунизмын хамгийн том золиос болсныг мэдэхгүй. 700 мянган хүн амтай байсан энэ орны 30 мянган хүн нь хувьсгалын эсэргүү гэж буудуулсныг мэдэхгүй. Хувьсгалын эсэргүү болсон учир жирэмсэн эмэгтэй буудуулж байсныг мэдэхгүй. Тэр эмэгтэй нь Н.Энхбаярын эхийн төрсөн сумын дарга байсныг бүр мэдэхгүй. Одоо Н.Энхбаярын намд элсэж байгаа хүн тэр үеийн Дотоод яамны алуурчны форм өмсчихөөд «1937 онд манай намын ийм хувцастай хүмүүс эх орноо дайснаас цэвэрлэсэн, би энэ намд ороод тэрнийхээ дутууг гүйцээж эх орноо дайснаас цэвэрлэнэ» гэж тангараг өргөж байгааг мэдэхгүй. Н.Энхбаяр бусдад өгсөн ТВ-ийн тоног төхөөрөмжийг шамшигдуулан авч өөрийгөө сурталчилдгийг мэдэхгүй.
Тэр Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг дамжуулах эрхийг олон зуун мянган доллараар саяхан авсныг бас дээр нь нэмж хоёр ч телевиз худалдаж авч байгааг тэр мэдэхгүй. Н.Энхбаярыг сөрөг хүчний дарга байхад Монголын ардчиллын толгойлогчдын нэг С.Зориг алагдсан. Сэжигтэн гэгдсэн нэг этгээдийг АНУ-аас хулгайлан авч ирж, жил шоронд хориод буруугүй гэж суллаж байсныг Файнштайн сонсоогүй байх. Мөн өөр нэг сэжиглэгдсэн этгээдийг Францаас хулгайлан Германаар дамжуулан Улаанбаатарт авч ирж, шоронд биетээр тамлан байцаалт авч байсан баримт бийг мэдэхгүй байх. Тэгэхэд Монгол Улсын Ерөнхий сайд нь Н.Энхбаяр байсан. Сэжигтний өмгөөлөгчийг улсын нууц задруулсан хэргээр мөн шоронд хийснийг ч дуулаагүй байх. Сэжигтэн тун удалгүй нас барсныг ч мэдэхгүй байх.
Монгол орон өнөөдөр авлига, хээл хахуульд эзлэгдээд тэр үеийнхээс дутахгүй зовж байна. Гадныхан, тэр дундаа америкчууд ардчилалд дөнгөж хөл тавьж байгаа энэ орон авлигадаа баригдаж байгаад ихэд санаа зовж байгаагаа байнга анхааруулдаг. Дэлхийн хамгийн их авлигатай орны нэг болтлоо ялзарч байгаад монголчууд өөрсдөө маш их санаа зовж байна. Авлига энэ орныг ардчилалтай нь, ёс суртахуунтай нь идэж байна. Н.Энхбаярыг Ерөнхий сайд байхад Америкийн Элчин сайд Жон Дингир өөрөө Н.Энхбаярын Засгийн газрыг арай дэндүү авлигалжиж байна хэмээн нэр заан хэлж байсан. Дипломат ёсонд таарахгүй ч үүнийг сайн нөхрийн сайн санасан үг гэж монголчууд ойлгон хүлээж авсан. Америкчууд Монголын ардчиллыг дэмждэгээ байнга хэлдэг, гэвч авлигад идэгдсэн ардчилал гэж байхгүй.
Энхбаярын үйлдсэн хэргээс одоо прокурор тогтоочихоод байгаа нь ердөө дөрөвхөн хэрэг. Энэ нь зургаан сая гаруй долларын асуудал байна. Цаана нь олон арав, магадгүй олон зуун сая долларын асуудал бий. Ийм хэмжээний шамшигдуулал хийсэн төрийн зүтгэлтнийг Америкт хүний эрхтэй нь орхидог уу? Түүнийг прокуророос бараг жил гаруйн хугацаанд 10 удаа дуудахад нэг ч очоогүй. Америкт ингэвэл яадаг вэ? Түүнийг баривчлах ажиллагаа маш бүдүүлэг болсон. Энэ бол Монголын цагдаагийн байж байгаа царай нь. Түүнд ял сонсгоход чихээ бөглөөд прокурорыг хараагаад байсан бичлэг сайтад бий. Ийм тохиолдолд Америкт яадаг вэ? Америк том орон учир тэр хэрээрээ олон хоригдолтой. Тэндээс бишгүй нэг нь өлсгөлөн зарладаг биз.
Америкт эсэргүүцлийн өлсгөлөнгөөр үхсэн нэг ч тохиолдол санахгүй байна. Үхүүлэхгүй гэж арга хэмжээ төрөөс авдаг л байж таарна. Монголд жилд шоронд 20 орчим ийм тохиолдол гардаг, тэр бүрт нь албадан эмчилгээ хийдэг. Манайд ийм хууль бий. Монголын хууль бүдүүлэг санагдаж магадгүй, гэхдээ энэ бол бид өөрсдөө баталсан манай хууль. Н.Энхбаяр өөрийгөө л улстөрийн хэлмэгдэгч гээд байгаа болохоос Монголын хуульд заасан эрүүгийн ноцтой хэрэг өдүүлсэн этгээд. Файнштайн авгайд Монголын хууль журам, авлига пад байхгүй, гагцхүү Н.Энхбаярын эрүүл мэнд л чухал байж болох юм. Гэхдээ Монголын төр Н.Энхбаярын эрүүл мэндэд заналхийлээгүй. Монголын төр анх удаа авлигын эсрэг дорвитой тэмцэл эхлүүллээ. Одоогоор авлигын хэрэгт орооцолдон шүүхийн өмнө ирчихээд байгаа 10 гаруй томоохон зүтгэлтэн байна. Н.Энхбаяр өөрийгөө улстөрийн хэрэгтэн гэж зарлан эрх баригч хүчин нь сөрөг хүчин болох түүнээс өшөөгөө авч байна гэж зарлаж байна.
Үгүй ээ, Монгол Улсад хууль хэрэгжиж эхэлж байна. Төр бол гэмтнийг цээрлүүлдэг, хохирогсдын өмнөөс ялыг нь эдлүүлдэг байгууллага. Хулгайг хаана ч аль ч нийгэмд хэзээ ч улстөрийн хэрэг гэж үздэггүй. Францын Ерөнхийлөгч асан Ширак, Германы Ерөнхий сайд асан Коль, Тайванийн Ерөнхийлөгч асан Чэнь Шубин, Филиппиний Ерөнхийлөгч аснууд улcтөрийн хэрэгтнүүд гэж үү?
Жич: Энэ нийтлэлийг Монголын хэд хэдэн сонинд зэрэг хүргүүлж байна. Энэ удаа «Өдрийн сонин»-д өгөхгүй, учир нь тэд юун түрүүн Баабарт үзүүлдэг, өнөөх нь дардаг, цааш нь зардаг, өөрийгөө бичсэн ч юм шиг үгүй ч юм шиг рекламддаг. Саяхан гарсан «100 жилийн 100 хүн» номдоо Фрийдландыг оруулсан төдийгүй түүний тухай Барон Роберт гэж ихэд магтсан өгүүлэл бичиж байсан. Түүнээс мөнгө авдаг гэж ярьдаг нь худлаа биш байх. Н.Энхбаярыг их шүүмжилдэг боловч хоорондоо холбоотой. Миний түрүүний өгүүллийг өөрөө бичсэн гэж гэрт нь аваачиж өгөөд үүнийг нам дарна гэж амлаж байсан.
2012.05.18.
Б.Ганбат /Дэд доктор

Nov 24, 2010

Киттигийн аллага, Ерөнхийлөгчийн хориг, 76 “мангуу”

Америк, Монголд тохиосон хоёр өөр хэрэг.

Энэ хэрэг 1964 оны 3 сарын 13-ны өдөр, Нью-Йорк хотын Куинс дүүрэгт гарчээ. Китти Женовэзэ гэж баарны мэнэжэр бүсгүй ажлаасаа шөнийн 3:15-д ирсэн байна. Гэрийнхээ яг гадаа машинаа тавиад орох гэтэл нэг эр гэнэт гарч ирээд шууд хоёр хутгалсан байна. Ингээд үүнээс хойш бүтэн 30 минутын турш хөөрхий бүсгүйг хашгируулан хөөсөөр, хутгалсаар байж хөнөөж орхиод, 49 долларыг нь аваад арилж одсон аж. Америкийн эвгүй хорооллуудад бол иймэрхүү аллага бараг өдөр тутам гарч байдаг байх, гагцхүү энэ тохиолдол л “Китти Женовэзэгийн хэрэг” хэмээн түүхэнд зартай болсны учир нь арай өөр шалтгаантай. Бүтэн гучин минутын туршид бүсгүйг хутгалуулж зугтаангаа “Амь авраарай” хэмээн хашгирч байхад Киттигийн хөршүүд болох 38 хүн цонхоороо харж байжээ. Ганц нь ч гарч ирж туслах байтугай цагдаа ч дуудсангүй…

Харин одоо миний өгүүлэх явдал 2010 оны 10 сарын 21-нд , Монгол улсын нийслэлд болж өнгөрчээ. Тэр өдөр Монголын парламент хуралдаж, төрийн дээд албатны, өөрөөр хэлбэл өөрсдийнхөө болон бусад цөөн “хамаатныхаа” цалингийн хэмжээг шинэчлэн тогтооно гэсэн нэрийн дор, мэдээж хэрэг юу гэж л багасган шинэчлээ аж, их хэмжээгээр нэмж орхижээ. 2009 онд тэд бүр ичгүүртэй үйлдэл хийсэн нь төсвийн мөнгөнөөс бүгд өөр өөртөө нэг тэрбум төгрөг захиран зарцуулах эрхтэйгээр хуваарилсан байлаа. 2008 онд энэ тоо 500 сая, түүний өмнөх жилүүдэд 250 сая, 100 сая, 10 сая байсан аж. Санхүүгийн багаахан мэдлэгтэй, хууль эрхийн анхан шатны боловсролтой, ядаж хүний мөс, ичих нүүр гээч зүйл үл мэдэг ханхлуулсан хүн ч ингэж мөнгийг гишүүд тойрогтоо хуваах нь маш буруу шийд гэдгийг ойлгоно. Тийм ч учраас Элбэгдорж ерөнхийлөгч тохиолдол бүрт нь хориг тавьсан, Энхбаяр Ерөнхийлөгч ч тухайн үед нь хориг тавьдаг байсан, парламентийн далан зургаа хоригийг нь хүлээж авдаггүй байсан билээ.

Илт буруу шийдвэрийг удаа дараа ичгүүргүйгээр гаргаад байгаа манай далан зургаа, Киттиг хутгалуулж үхэж байхад цонхоороо хараад зогсож байсан гучин найм хоёрт үйлдэл, орон зай, цаг хугацаа гээд олон зүйлийн ялгаа байгаа боловч сэтгэлзүйн мөн чанарын хувьд төстэй байж болохыг судалгааны материалд тулгуурлан батлах нь энэхүү нийтлэлийн маань зорилго юм.

Bystander effect – Гэрчийн нөлөөтөл

Китти Женовэзэгийн хэрэг анхандаа хотын амиа хоохойлсон амьдралын муу муухайг батлах сонгодог жишээ болон олонтоо хэлцэгджээ. “Нью-Йорк Таймс” сонинд Абэ Розентал хэмээх сурвалжлагчийн бичсэн нь: “Тэр гучин наймын нэг нь ч цагдаа руу утасдаагүй. Яагаад? Тэд өөрсдөө ч үүнийхээ хариултыг олохгүй байхад бид яаж мэдэх сэн билээ? Зүгээр томхон хотын амьдралын нэг хэв маяг гэдэг нь л тодорхой юм. Сая сая хүний дунд, бүгд л чам руу довтлох мэт ертөнцөд сэтгэлзүйн хувьд амьд үлдэх ганц гарц бол бусдыг аль болох үл анхаарах явдал юм. Тийм ч учраас том хотуудад хөрш тань ямар хэцүү асуудалтай байгаа нь танд огт хамаагүй”

Энэ дүгнэлтийг ихэнх хүн зөвшөөрөх байх. Уншигч та ч эхний догол мөрийг уншиж байхдаа Америкчуудын хүн чанарын хэмжээг буруутган суусан байх, тийм үү?

Гэвч, сэтгэлзүйн нарийн судалгааны дүн энэ хэргийн учрыг хотын амьдралын бараан талаас арай өөр, маш сонирхолтой зүйлд оршиж байсныг баталсан байна. Коламбын Их Сургуулийн эрдэмтэн Бибб Латанэ, Нью-Йоркийн Их Сургуулийн судлаач Жон Дарли нар Киттиг 38 хүн харж байснаас хэн нь ч туслаагүйн учрыг машид гайхаж, бүр лабораторид туршилт хийн судалжээ. Тусгай нөхцөлд янз бүрийн аюултай, шийдвэр хурдан гаргах, хүнд туслах ёстой байдлууд бий болгож, хэн хэрхэн хандахыг ажиглаж л дээ. Гэтэл сонирхолтой нь хүмүүсийн туслах эсэхийг шийдэх хамгийн гол шалгуур, нөлөөтөл нь мөнөөх хэцүү байдлыг хэдэн хүн харж, гэрчилж байгаа тоо байсан байна.

Тодруулъя. Нэг туршилтанд нэг өрөөнд татаж унаж байгаа хүн байршуулжээ. Хажуу өрөөнөөс нь татаж унаж байгааг нь сонссон хүмүүс ямар хариу үйлдэл үзүүлэхийг туршсан хэрэг. Сонсогч, өөрөөр хэлбэл гэрч этгээд ганцаараа байсан тохиололд 85 хувьд нь тусламж дуудахаар яаран гүйж байсан бол өөрөөс нь гадна 4 өөр хүн сонсож байгаа гэж бодохоор бэлдсэн нөхцөлд ердөө 31 хувьд нь л тусламж дуудаж байсан байна. Өөр нэг туршилтаар хаалганы завсраар утаа орж ирж ирэхэд ганцаараа өрөөнд байгаа хүн тусламж дуудах нь 75 хувь байсан бол олуулаа байгаа тохиолдолд ердөө 38 хувьд нь л гадагш мэдээлж байжээ. Сэтгэлзүйн хувьд хүн эхлээд өөр хэн нэгнийг тусламж дуудчих биз гэж найддаг бол хэн ч туслахгүй байгаад байвал болж байгаа явдлыг тийм ч аюултай биш юм байна гэж дүгнэх сэтгэгдэл төрдөг байна.

Өөрөөр хэлбэл, Латанэ, Дарли хоёрын баталж байгааг хэлшинжлэлийн холбоос үг ашиглан тайлбарлавал, Киттигийн аллагыг гучин наймын гучин найман хүн харж байсан АТЛАА хэн нь ч тусламж дуудаагүй гэх биш, харин гучин найман хүн харж байсны УЛМААС нэг нь ч цагдаад хандаагүй болж таарч байна. Үүнийг сэтгэлзүйн ухаанд bystander effect буюу “гэрчийн нөлөөтөл” хэмээн томьёолдог. Хөөрхий Китти, тэр олон хүний нүдэн дээр, хөршүүдийнхээ дэргэд гучин минут хөөгдөх биш хүнгүй зэлүүд гудманд гав ганцхан хүн харж байхад хутгалуулсан бол харин ч цагдаа хурдан ирж, аврагдах магадлал нь илүүтэй байсан аж.

Бүгдээрээ хэлэлцвэл буруутай буюу хариуцлагын сарниан

Бузар муухай хүн амины хэрэгтэй хөөрхий хууль тогтоогч нараа зүйрлэх гээд байгаагийнхаа учрыг хурдан хэл гэж эрхэм гишүүн таны уур хүрч байгаа байж болзошгүй, жаахан тэсээрэй, одоо л гол зүйл рүүгээ орох гэж байна.

Өмнө өгүүлсэн олон хүн осол, гэмт хэрэг зэргийг хамтдаа харж, гэрчилж байх тусмаа тусламж дуудах магадлал нь багасдгийн шалтгааныг нийгмийн сэтгэлзүйчид судалсны үндсэнд diffusion of responsibility буюу “хариуцлагын сарниан”хэмээх үзэгдлээр тайлбарлажээ. Чухал цаг мөчид шийд гаргах хүний тоо олшрох тусмаа хариуцлагын хэмжээ сарнидаг аж. Хүний тоо цөөрөх тусам нэгж хүнд ногдох хариуцлага, идэвхийн хэмжээ эрс ихэсдэг байна.

Тийм ээ, “хариуцлагын сарниан”. Өөрөө өөртөө тэрбум төгрөг төсвөөс батлан, зарцуулах улайм цайм ийм утгагүй шийдвэр гаргах нөхцөл нь үнэндээ хариуцлагын сарниан юм. Ерөнхийлөгч ганцаараа учраас хариуцлага нь “сарнихгүй”, тийм ч учраас ихэнх буруу хууль, тогтоолд хориг тавьдаг.

Зуун сая, 250 саяыг өөрсдөдөө хуваарилж байсан өмнөх парламентын шийдвэрт өмнөх ерөнхийлөгч Энхбаяр бас л хориг тавьдаг байсан, хүлээж авдаггүй байсан, Элбэгдорж ерөнхийлөгч ч одоогийн парламентад чадахаараа хориг тавьж байна, хүлээж авахгүй л байна. Өөр өөр намын, өөр үзэл бодолтой хүмүүс сонгогдсон өөр өөр парламент атлаа өөрсдөдөө мөнгө батлахдаа адилхан ичдэггүй шиг, мөн л өөр өөр намаас сонгогдсон эсрэг тэсрэг гэмээр хоёр ерөнхийлөгч түүнийх нь бурууг олж хараад байна гэдэг бол асуудал намдаа, үзэл бодолдоо биш, олон цөөндөө байгааг, өөрөөр хэлбэл Америкийн хоёр эрдэмтний судалгааг монгол хөрсөн дээр баталж байна гэсэн үг. Яг л Китти хүүхний хөөгдөж байхыг ганцхан хүн харсан бол амьд гарах байсантай адилхан.

Олон хүн тэнэг шийд гаргах тусмаа нэгж хүнд оногдох хариуцлага, ичгүүртэй байдал сулраад ирдэг аж. Би ямар ганцаараа тэгж шийдээ юү?????

Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг монгол зүйр үг орчин цагт эсрэгээрээ олуулаа хэлэлцэх тусмаа буруутай гэсэн утгатай болж эхэлж байна уу даа?

Хариуцлагын сарнианы бусад тод жишээнээс

Одоо улс төрөөс түр хөндийрөөд эргээд нийгмийн болон хувь хүний сэтгэлзүйн асуудал руу оръё. Дээр дурдсан бүхэн сэтгэлзүйн тодорхой үзэгдлийн жишээ болохыг тайлбарлалаа. Хариуцлагын сарнианы бусад нийтлэг тохиолддог жишээнээс сонирхуулбал:

Цаазаар авах ялтныг зарим оронд, ялангуяа дайны үед бол буудан хороодог. Ингэхдээ ганц хүн биш, бүтэн баг тушаалыг гүйцэтгэдэг байна. Багийн гишүүдийн нэгнийх нь буу сумгүй, хоосон хонгиотой байх бөгөөд ингэснээр багийн бүх гишүүд өөрсдийгөө хүн алаагүй гэж бодож эрхтэй үлддэг. Хариуцлага ингэж л сарнидаг аж. “Борооны дусал болгон өөрийгөө үер үүсгээгүй гэж боддог” гэсэн англи зүйр үг яг энэ санааг хэлж байна.

Судлаачдын үзсэнээр хариуцлагын сарниан олон зэрэг зиндаатай, тушаал олон дамждаг байгууллагууд, ялангуяа цэрэг, цагдаагийн газруудад их тохиолддог гэнэ. Хүн төрөлхтний эсрэг томоохон гэмт хэрэг өдүүлсэн Наци-гийн хэрэгтнүүдээс авхуулаад Ми Лай-д яргалал үйлдсэн Америкийн цэргийн салааныхныг хүртэл бүгд гүйцэтгэгчид нь “Бид зөвхөн тушаал биелүүлсэн” хэмээдэг бол дарга нар нь “Бид яг тэгж ал, зод гээгүй, өөрөөр хэлбэл үйл ажиллагааг нь зааж өгөөгүй, чиглэлийг нь л өгсөн” хэмээдэг нь хариуцлага сарниж буй тод жишээ юм. Америкийн тэр салаа цэрэг Вьетнамын Ми Лай-д аллага, хүчин гээд хамгийн муу муухай зүйлийг үйлдсэн боловч ганцхан ахлагч нь гуравхан сар хоригдсоноос өөр шийтгэл амсаагүй байдаг юм.

Хариуцлагыг нь сарниахгүйн тулд яах ёстой вэ?

Хаа хол Нью-Йоркт гарсан аллага, АНУ-д хийсэн туршилт, Ерөнхийлөгчийн хориг зэргээс харахад бүлгээрээ шийд гаргах үед “хариуцлагын сарниан” бий болж, үүний дүнд маш муу үр дагавар гарч болдог нь тодорхой байна. Энэ нь тухайн бодгал хүн бүрийн сайн муугаас үл шалтгаална. Киттиг үхэж байхыг харж байсан 38 дотор маш сайхан сэтгэлтэй хүн байсан л байх, манай 76 дотор ч ухаантай хүн олон бий. Ер нь бол тус тусад нь нийгэм, эдийн засгийн чухал асуудлаар санал солилцвол бүгд л өндөр боловсролтой, Монголын төлөө сэтгэлтэй улс байгаа. Гагцхүү 76-уулаа хамт байгаа тохиолдолд буруу гэдгийг зүрх нь хэчнээн хэлээд байвч хариуцлагын сарнианд өртөн нөлөөтөж, нөгөө кнопоо дарчихдаг бололтой. Тэгээд л сонин хэвлэлээр 76 мангуу гэж дуудуулдаг биз. Уг нь асуудал тус бүр дээр хэн ямар саналтай байсныг нарийн хөөж, анализ хийдэг хэвлэлийн хэрэгсэл, олон нийтийн байгууллагууд их хэрэгтэй байгаа юм. Гэтэл нийтэд нь хавтгайруулж, 76 мангуу, бүгд ялгаагүй гэж хэлэх тусам хариуцлага улам сарниж, улам л буруу шийдвэрийг улам зоригтой гаргах болно.

Тиймээс хамгийн сайн арга бол (Ерөнхийлөгчийн засаглалд ор гэх гэж байна гэж бодоогүй биз дээ?) парламентийн гишүүдийн тоог бууруулах л болох байх даа. 35, 36 орчим гишүүнтэй парламент олонхийн саналаар УИХ-ын гишүүд арван тэрбум төгрөгийн цалинтай байх хууль баталлаа гэж бодъё. Олонх гэдэг нь хориод л хүн гарч ирнэ шүү дээ. Тов тодорхой. Хариуцлага далан зургаан мангуу гэдэг шиг сарнихгүй, сарнихгүйг нь мэдээд, дараачийнхаа сонгуулийг ч бодоод, тийм шийдвэр ч гаргахгүй дээ, харж л байгаарай.

МонЦаМэ агентлагийн Вашингтон хот дахь албан ёсны сурвалжлагч Мягмарын Саруул-Эрдэнэ.

Жич: Эрдэм шинжилгээний өгүүлэл биш учраас зүүлт хийх хэрэггүй биз. Гэвч өгүүлэл дотроо хэлэх гэхээр хадуурч явчих гээд байсан зарим анхааруулах зүйл, бас нэр дурдагдсан улстай холбоотой хүн сонирхож мэдэх баримт, мэдээ байгаагаа одоо энд бичье.

1. Китти Женовэзэ нь ижил хүйстэн байсан, тэрбээр гэртээ Мари хэмээх хайрт бүсгүйтэйгээ хамт амьдардаг байжээ.

2. Алуурчин Уинстон Мозли анхан шатны шүүх хурлаар цаазын ял авсан боловч сэтгэцийн өвчтэй байсан тул бүх насаар хоригдох ял болгосон, 1935 онд төрсөн тэрбээр өнөөг хүртэл шоронд, амьд байгаа. 1970 онд шоронгоос Нийгэм судлалаар бакалаврын зэрэг хамгаалжээ. 1984 оноос хойш нийт 13 удаа хугацаанаас өмнө суллагдах хүсэлтээ өгсөн боловч тэр бүр хэрэгсэхгүй болгож байсан, дараагийн хүсэлтийг нь чухам энэ 11 сард сард хэлэлцсэн байх учиртай.

3. Өөртөө захиран зарцуулахаар мөнгө баталдаг тухайд Парламент хэмээн нийтэд нь хавтгайруулан хэлсэн маань бас учир дутагдалтай. Парламент – Ерөнхийлөгч буюу “Олны эсрэг Нэг” гэсэн эсрэгцлийг уншигчдад тодорхой гаргах гэсэн үүднээс 76 vs 1 гэсэн тоог байнга аваад байсныг болгооно биз ээ. Ер нь бол нэгд, хууль батлах тохиолдол бүрд 76 гишүүн бүрэн суухгүй нь тодорхой, хоёрт, лав л миний санаж байгаагаар 250 сая дээр өөрсдөдөө мөнгө авахгүй гэж зориг гарган, энэ саналыг эсэргүүцэж байсан гишүүд С. Оюун, Гантөмөр, Э.Бат-Үүл гээд бий.

4. Цэрэг, цагдаагийн гэмт хэрэг хариуцлагын сарнианаас болж замхардаг тухай бичсэн хэсгээ эргээд унштал 7 сарын 1-ний хэрэг, Энхбатыг хулгайлсан хэрэг зэрэгтэй холбоотой санаагаа хэлж байгаа мэт ойлгогдож болохоор болчихож. Уншсан хүн өөрөө юутайгаа холбон бодох нь хувь хүний асуудал, миний хувьд бол тэр талаар огт санаа хэлэх гээгүй, өгүүллийн маань гол зорилго нь нийгмийн сэтгэлзүйн хоёр өвөрмөц үзэгдлийг (bystander effect, diffusion of responsibility) л Ерөнхийлөгч –Парламентийн жишээн дээр нотлох гэсэн билээ. Ер нь энд холбогдуулж хэлэхэд манайд үүссэн тэр хоёр хэргийн тухайд бол олон хүн оролцсон цэргийн тушаал биелүүлсэн, тушаал өгсөн гэх хэргийг олон улсын хэмжээнд хэрхэн шийддэг, Нюрнбергийн шүүх хурлын жишээ, 1998 оны Ромын тогтоолын 33-р зүйл (Superior Orders and prescription of law) зэргийг мэргэжлийн хуульчид энгийн үгээр тайлбарлан бичвэл их л хэрэгтэй сэн.

5. “Хариуцлагын сарниан”, “Гэрчийн нөлөөтөл” хэмээн өөрөө дураараа орчуулчихлаа. Манай сэтгэлзүйн ном сурах бичгүүдэд албан ёсны өөр орчуулга, нэр томьёо байдаг бол дур мэдэн үг зохиосондоо сэтгэлзүйчдээс хүлцэл өчиж байна.

Oct 21, 2010

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ардчилсан парламент үүсэж хөгжсөний 20 жилийн ойд зориулсан УИХ-ын хүндэтгэлийн чуулганд хэлсэн үг

Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Эрхэм төрийн түшээд, хүндэт зочид оо,


Монгол Улсад байнгын ажиллагаатай, анхны ардчилсан парламент үүсэж байгуулагдаад эдүгээ 20 дахь намартайгаа золгож байна. Улсын Бага Хурал анхны хуралдаанаа хийж байсан түүхт өдрүүд саяхан. Гэвч энэ хороонд 4 удаагийн Их Хурлын бүрэн эрх өндөрлөж, 5 дахь Их Хурлын 5 дахь чуулган нь хуралдаж байна. Улсын Бага Хурал бол Монголын нэн шинэ түүхийн хүндтэй зохиогч байж, иргэд сонгогчдынхоо эрх чөлөөт, түүхэн сонголтыг хэрэгжүүлэх бахархалт үүргээ нэр төртэй биелүүлснийг манай ард түмэн мэднэ. Нийгэмдээ ардчилсан, нээлттэй, эрх зүйт харилцааг цогцлоон бүрдүүлэх, улс орныхоо бие даасан болон иргэдийнхээ эрх, эрх чөлөөт байдлыг бэхжүүлэн бататгахад үе үеийн парламент түүхэн чухал үүрэг гүйцэтгэсэн. Монгол Улсын ардчилсан Үндсэн хуулийг баталж, хэрэгжүүлж ирсэн уламжлал, улс орноо улс төр, эдийн засаг, нийгмийн нээлттэй, чөлөөт тогтолцоонд шилжүүлэх нөр их ажил, Монгол Улсын олон улсын нэр хүндийг бэхжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа, тулгамдсан олон асуудлыг шийдэж ирсэн шийдэл, түүхэн санал санаачлага бүхэн Монголын үе үеийн парламентын гишүүдийн хичээл зүтгэл, нэр алдар, ажил үйлстэй салшгүй холбоотой юм. Иймээс Монголчуудын эрх чөлөөт, шинэ сонголтыг хэрэгжүүлэхэд гар бие, оюун санаа, хичээл зүтгэлээ дайчлан оролцсон шинэ Монголыг бүтээгч эцгүүд болох Ардын Их Хурал, Улсын Бага Хурал, Улсын Их Хурлын үе үеийн депутат, гишүүдэд Монголын ард түмэн, төрийн нэрийн өмнөөс гүн хүндэтгэл илэрхийлж байгааг минь хүлээн авна уу.

Чөлөөт сонголтоо хэрэгжүүлэх монголчуудын зам амар хялбар байгаагүй. Гэвч шинэ сонголтдоо эзэн болж, төрийн эрх барих байгууллагаа сонгон бүрэлдүүлж амжилтыг нь урамшуулж, алдааг нь зэмлэн амин холбоотой байж ирсэн нийт сонгогч түмэндээ Монгол Улсын үе үеийн парламентын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж, энэ их ойн чин сэтгэлийн мэндчилгээг уламжилж улс орондоо хөгжил дэвшил, ард иргэддээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Парламентат ёс төлөвшин хөгжихөд олон хүчин зүйл нөлөөлдөг. Манай орны парламентын төлөвшлийг ч түүний шууд удирдлага, оролцоо, үйл ажиллагаанд хамаарч харилцаж ирсэн олон байгууллагууд эдгээрээс Тамгын газар, судалгаа шинжилгээ, хэвлэл мэдээллийн гээд олон мянган хүний хичээл зүтгэлээс салгах аргагүй юм. Үүнд үе үеийн Засгийн газар, Ерөнхийлөгч, Төрийн захиргааны төв орон нутгийн байгууллагууд ч хамаарна. Мөн дотоод, гадаадын дэмжин туслагч, хамтран ажиллагч олон байгууллага, иргэдийн үнэтэй хувь нэмрийг дурьдах нь зүйтэй. Монгол оронд төлөвшин тогтсон парламентат ёсны 20 жилийн түүх бол зөвхөн Монголын төдийгүй бүс нутгийн ач холбогдолтой үйл явц юм. Энэ бол хүн төрөлхтөний соёл иргэншлийн үнэт зүйлс болох хүний эрхэм нандин чанар, хүний эрх, эрх чөлөөт байдал Монгол хүн бүрт хамаатайг тэдний эрх ашигт нийцтэйг харуулж байгаа юм. Монголчуудын дээрхи ололт бол хүн бүр нийгмийн ямар ч гаралтай бай, бүр ядуу зүдүү ч бай, өөрийн чөлөөт сонголтоороо амьдрах эрхтэй, тийм боломжтойг харуулсан бодит нотолгоо юм.

Эрх чөлөөт Монгол хүний эрхийн хэрэгжилт, түүнээс үүдсэн үүрэг хариуцлагын ухамсарт уялдаа холбоо, төлөвшин буй соёл сүүлийн 20 жилд олж авсан Монголын ард түмний хамгийн эрхэм нандин хүч юм. Энэхүү амжилт ололтоос хэлбэршин төгөлдөржиж байгаа манай парламентат ёсны түүхийг салгах аргагүй юм. Иймээс энэ баярт өдөр Монгол оронд байнгын ажиллагаатай ардчилсан парламент бий болох нэр төртэй ариун үйлсэд гар бие оролцсон, оролцож ирсэн, оролцсоор байгаа нийт иргэд, бүх сайн санаат хүмүүс, тэдний ар гэрийнхэнд тус бүрийнх нь үнэтэй хувь нэмрийн төлөө Монгол Улсын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж, цаашид улам их амжилтыг хүсэн ерөөе. Манай оронд байнгын ажиллагаатай парламент ажиллаад удаагүй мэт санагдавч, хуримтлуулсан туршлагын хувьд чамлах аргагүй юм. Энэ нь өнгөрсөн богино хугацаанд нийгмийн бүх салбарт гарсан хувьсгал, чанарын шинжтэй өөрчлөлттэй холбоотой нь мэдээж. Гэхдээ парламентат ёсыг хэрэгжүүлсэн ихэнх оронд урт удаан, магадгүй зуунаар тоологдох түүхийн хуудсууд Монгол Улсын хувьд 20 жилийн дотор эргэж, олон үйл явдлаар баяжиж чаджээ.

Засгийн эрх нэг улс төрийн хүчнээс нөгөө улс төрийн хүчинд ард түмний сонголтоор тайван замаар шилжих шилжилт нэг бус удаа хийгдлээ. Ингэж Монгол Улсын хувьд төрийн эрх мэдэл шилжих нь жирийн дэглэм, хуульчлагдсан соёл, нийгэмд хэвшсэн үйл явц болж төлөвшлөө. Харин энэ бол манай бүс нутгийн олон газар төсөөлөхөд ч бэрхтэй цоо шинэ ололт. Парламентын засаглалтай орны хувьд бүх нийтийн сонгуулийн үр дүнгээр аль нэг улс төрийн хүчин нь хууль тогтоох байгууллагадаа олонхи болж чадаагүй тийм түүхийг ч бид туулсан. Ард түмний сонголт, хуулийн буулган дор хамгийн олон суудалтай хоёр нам нь хүнд нөхцөлд Засгийн газраа байгуулж, тэргүүн нь цөөнхийн төлөөллөөс томилогдож байсан түүх бол дахиад л та биднийх. Сонгуулийн албан ёсны дүнгээр үнэмлэхүй олонхи болж чадсан улс төрийн хүчин нь парламентад цөөнхи болсон намтайгаа хамтарч Засгийн газар байгуулж гаргасан стандарт бус шийдэл бас л манай парламентад бий. Засгийн газраа сольж өөрчилж, албаны хэллэгээр хариуцлага тооцож байсан нь ч нэг бус удаа. Хүсэлтээрээ Ерөнхий сайд нь ажлаасаа чөлөөлөгдөж шинээр томилогдсон нь хуучин танхимтайгаа ажлаа эхлүүлэхийг ч бид үзсэн.
Нэг үгээр хэлбэл парламент төлөвших хоёр арван жилийн өнгөн дээр бидний үзсэн зүйл их байна. Хамгийн гол нь та бидний авсан сургамж чухал. Их юм үзсэн бол их сургамж үлдсэн байх ёстой. Тэр сургамжийг төрт ёсны утгаар нь яривал төр, нийгэм, иргэний харилцаанд урьдахаасаа илүү олон дэвшилтэт шийдэл гарч уламжлагдсан байх учиртай. Өнгөрсөн түүх ийм байгаа ч бодит байдал ямар байна вэ?

Ард иргэд ээ, УИХ-ын гишүүд ээ,

Төр бий болсон эхний шалтгаан, бас байгаагийн эцсийн шалтгаан явж явж нэг л зүйлд төвлөрдөг, нэг л үгээр илэрхийлэгддэг. Энэ бол-Үйлчлэх. Би аливаа төрийн, ялангуяа ардчилсан төрийн үүрэг бол иргэндээ үйлчлэх л гэж ойлгодог. Монгол Улсад Их Хурал нь ч бай, Засгийн газар, шүүх ч бай, Ерөнхийлөгч нь ч ялгаагүй нэг л ариун үүрэгтэй. Энэ бол Монголын ард түмэнд үйлчлэх. Ард түмнийхээ нийтлэг, хууль ёсны эрх ашигт үйлчлэх. Бидний ажил үйлчилгээ заавал амжилттай, заавал мундаг сайхан байх албагүй. Бид ажлаа л хийх, иргэддээ үйлчлэх л үүрэгтэй. Түүнээс биш заавал оны тэргүүн болж, магтуулж сайшаалгаж байх албагүй. Өнөөдөр төрийн олон үйлчилгээ манайд шат шатандаа нэр төдий, үзүүлэн төдий л байна. Гайхаад яахав. Иргэд нь оролцдоггүй, иргэддээ эрх ажлыг нь өгдөггүй төрийн ажил ийм л байдаг. Төрөөс ард иргэддээ биш өөртөө үйлчлэх нь гаарлаа. Төрийн үйлчилгээний үр дүн ихэнх нь төрдөө л эргээд тусаж байна. Дээрээс нь өөрсдийгөө муу хэлүүлэхгүй, харин магтуулж сайшаалгахын тулд мөнгө хөлсийг хайрлахгүй цацаж байна. Энэ Засгийн газрын хамгийн сайн чадаж байгаа ажил бол энэ. Ардчилсан нийгэм бол сүүдрээ нуудаггүй давуу талтай гэж би хэлэх дуртай. Гэтэл албан тушаалтнууд нээлттэй нийгэмд сүүдрээ ч харахаас айдаг болжээ. Бид өөрсдөө ч “бидний сүүдрийг хүн харахгүй байна. Бидэнд сүүдэр ч байхгүй” гэж бодоод байгаа болохоос биш монголын хэрсүү ард түмэн та бидний сүүдрийг байтугай, хөшигний ар дахь драмыг ч нэвт шувт уншиж харж, эгдүүцэх нь эгдүүцэж, бухимдах нь бухимдаж, шоолох нь шоолж байна.

Төрийн нийгэмд гүйцэтгэдэг эрхэм нандин нэг үлгэрлэл байдаг. Итгэлт төр байх, ард түмнийхээ сэтгэлд шингэсэн төр байхаар тэр нь илэрхийлэгддэг. Төрд очих ардын зам итгэлээр хучаастай байдаг гэж ярьдаг. Учир нь бүх шатны төрийн байгууллага, түүний удирдлага тухайн шатандаа нийгмийн өнгө, элит, манлайлагчийн тоонд зүй ёсоор ордог. Хамгийн сайхан санаа, сэтгэл, хүмүүнлэг алхам, сайн ажил үйлс, үйлчилгээ нийгмийн манлайлагч хэсгээс гарч байх ёстой. Нэг үгээр хэлбэл шат шатандаа манай шийдвэр гаргагчдаас, түүчээ улс төрчдөөс тэр сайхан чанар ханхалж, үйл ажиллагаа нь бусдад үлгэр дууриал болж байх ёстой. Хэрэв ийм байж чадахгүй бол төрдөө, төрийн түшээддээ, шийдвэр гаргагчдадаа иргэд дургүйцдэг. Тэдний үйлдэл, шийдвэр иргэдэд ёс бус, бохир харагддаг.

Манай дарга нар ард түмнээ сонсоод, бүс бүсээр зөвлөлдөөд байна. Ард түмнийхээ хэлж байгааг өнгө будаггүй, тэдний зөвлөлгөөг элдэв шүүлтүүргүй сонсож байгаа бол сайн хэрэг. Зарим хүний захидал бичгээс харахад “Эд зөвхөн сонсох гэснээ сонсож, зөвлөх гэснээ зөвлөж, өөрсдийн бодлоо эцсийн үнэнд тооцож байна” гэсэн нь байх юм. Саяхан ард түмнээ сонсох хуралд сууж, ард түмнээ сонссон УИХ-ын нэг эрхэм гишүүн надтай уулзсан. Тэр гишүүн хэлж байна. “Ард түмнээ сонсох хуралд оролцлоо. Энэ хүмүүс чинь цуглахаараа нэг их л төр засгаа муу хэлэх юм, хараах юм. Бүр үзэн ядаж байна” гэж. Тэр эрхэм гишүүн бодлоо хуваалцахдаа монгол хэлэнд байдаг хэтрүүлгийн хэлбэр ашигласан байх. Иргэдийн үйлчилгээнд очих мөнгө эрхэм гишүүний нэр төрийн үйлчилгээнд зарцуулагдаж байгааг хараад иргэд бухимддаг. Төрийн нэрээр хийж буй хулгай хаа сайгүй гаарлаа. Ямар ч хяналт алга, хариуцлага тооцохгүй байна гэж ирээд л хүмүүс ярих юм. Хэвлэл мэдээллийнхэн ч ярьж бичиж харуулах юм. Олонхийн дэмжлэгтэй бол ямар ч хэрэг хийгээд, тэр нь тогтоогдсон ч бай, албан тушаалдаа үлдэж байна гэж ярьж бичих юм.

Уг нь 20 жилийн өмнө УБХ-ын нэг гишүүн Засгийн газраас 20 дугаар тогтоол гаргах тухай мэдээлэл сонсчихоод, гэртээ харих зуураа дэлгүүрээс хувийн мөнгөөрөө чихэвчний магнитфон авсан хэргээр бүрэн эрх нь түдгэлзэж байсан юм. Монголын хууль тогтоох байгууллагын олонхи нь өнөө үеийнх шиг дандаа ийм увайгүй, улаан цайм байгаагүй. Монголын шинэ, ардчилсан төрийн нэр хүндийг цэвэр тунгалаг байлгаж, төрийн нэрийг өөрийнхөө нэр нөхөрлөлд сууж болох цагийн толбоос илүү эрхэмлэдэг сайхан уламжлал манай парламентат ёсонд байсан. Тэр ариун ёс журмынх нь төлөө, тийм өндөр босго тогтоосных нь төлөө, тийм цэвэр эрхэм ёс суртахуунтай байсных нь төлөө Монгол Улсын анхны байнгын ажиллагаатай ардчилсан парламент болох, үүсэж байгуулагдсаных нь 20 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байгаа Улсын Бага Хуралд, түүний удирдлага гишүүдэд Монголын үе үеийн төр байнга талархаж явах ёстой. Тийм байдалд тэнцэж ажиллаж амьдрахын төлөө өнө хойчийн улс төрчид, төрийн албатууд нэн хичээж гарч буй, гарч болох зарим завхрал, ёс суртахууны уруудалт доройтлоосоо ичиж амьдрах ёстой.

Эрхэм гишүүд ээ!

Энэ удаагийн УИХ-ыг болон Засгийн газрыг ажил хийхгүй байна гэж хэлэх аргагүй. Ажил хийгээгүй, хийдэггүй УИХ, Засгийн газар ч гэж байдаггүй юм. Том уурхай, том төсөл, том мөнгө тойрсон ажлууд яригдаж, зарим шийдвэр гарч байна. Харин манай Их Хурлын олонхи, Засгийн удирдлагад нэг гэм байна. Суудал, бялуу хуваах ажилд уургын морь шиг атлаа, шударга ёс ярихаар л суугаа хүн шиг, чих нь дүлий юм шиг болчих юм. Төр лүү хандсан ард иргэдийн дургүйцлийн нилээн өндөр хувь дээрхи байдалтай холбоотой. Хүмүүс биднээс мөнгөнийхөө амлалтыг биелүүл гэж шаардаж байгаа нь үнэн. Гэхдээ түүнээс дутуугүйгээр нэгд: нийгэмд шударга ёсыг тогтоохыг, хоёрт: ажил хийх боломж олгохыг хүсэж байна.

Ч.Сангарагчаа даргын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх шийдвэрийг гаргаж төвдөхгүй 3 сар гаруй болж байгаа нь, Оюу толгой ордыг ашиглах тухай 5 жил хэлэлцсэн байдлаас дутуугүй бухимдлыг ард түмнээс УИХ, эрх баригчид руу татаж, өнөөгийн төрийн нэр хүндэд хохирол учирч буйг эрхэм гишүүд та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Өнөө маргаашдаа УИХ-аас сонгогч олон “Алтан бороо” оруулаад өг гэж шаардах төлөв алга. Тэгэж ч чадахгүй, түүнийг монгол хүн өөрөө бүтээвэл бүтээнэ гэдгийг ч тэд мэдэж байгаа. Харин хариуцлага алдсан байж болох албан тушаалтанг хаацайлаад байгаад хүмүүсийн уур бухимдал үнэнээсээ хүрч байгаа нь мэдрэгдэж байна. Манай зарим нам, гишүүд сонгуульдаа эрт орж байх шиг. Хамгийн гол нь сонгогчдынхоо юу хүсэж байгааг зөрүүлж уншвал өнөөдрөөсөө ч дордож мэднэ. Ард түмэн алт зэс, нүүрсний уурхайг тэдний оролцоо хяналттай, улс нийгэм, ирээдүй, амьдрал ахуйд нь наалдацтай ашиглахад тэгтлээ дургүйцэхгүй. Харин авлига, хүнд суртлын үүр уурхайг хөндөх, цэвэрлэх ажилдаа Их Хурал, эрх баригчид хойрго хандаад байгаад л тэд бухимдаж байна.

Төрд ард түмэндээ үйлчлэх үндсэн үүргээс гадна маш чухал хоёрдох үүрэг байдаг. Энэ бол нийтээр тогтсон хэв журам, хуулийг, нийгмийн гэрээг зөрчсөн, нийтийн баялгаас хулгай хийсэн, хумсалсан, төр ард түмний хүлээлгэсэн итгэлийг алдсан олиггүй этгээдийг албан тушаалаас нь өөрчлөх, хариуцлага тооцох, алба үүргээс нь цаг тухай бүрт нь хөөж зайлуулах үүрэг юм. Энэ бол төрийн тодорхой байгууллагын бүрэн эрхээс гадна бүр улс нийгмийнхээ сайн сайхны төлөө төрөөс хийж байх ёстой чухал ажил нь. Энэ утгаараа төр, тодруулбал манай Их Хурал бол ард түмэн албан тушаалтан хоёрын хооронд хариуцлага тооцох гүүр болдог. Түүнээс биш тэр хоёрын хооронд татсан хөшиг, чулуун хана байж болохгүй. Хуулийн хэрэгжилтийг Монгол Улсад хангах, хянах үүргийг Их Хурал хэрэгжүүлдэгийг жирийн иргэн бараг цээжээрээ хэлдэг. Эрхэм гишүүд та нар ч хэлдэг. Хууль хэрэгжүүлэх ёстой, үүрэгтэй албан хаагчаа толгой дээрээ гаргасан төр, тийм хууль тогтоогчид, хуулийн хэрэгжилтийг хянагчид байж болох уу! Бүр саналаа ил хэлэх, өгөхөөсөө айдаг гишүүдтэй ардчилсан, шударга парламент гэж байж болох уу! Зарим нь “өшөө авалтанд өртчих гээд байна” гэж өчдөг сурагтай. Гэмтэй л хүний хэлдэг гэмтэй үг. Манай Үндсэн хууль хүртэл УИХ-ын гишүүн хүн саналаа илээр илэрхийлэх баталгаа нь болдог. Хуулиар тусгайлан тогтоогоогүй бол саналаа Их Хурлын гишүүд нээлттэй өгөх ёстой. Ардчиллын зарчим ч ийм. Гэтэл саналаа нууцаар илэрхийлмээр байна гээд зөрөөд байдаг. УИХ-ын гишүүд “баригдашгүй өшөө авагчид” биш. Тэр байтугай далд нууц үйл ажиллагаа нь хүртэл ил байх ёстой хүмүүс.

Жирийн иргэн хүн гэмт хэрэгтнийг мэдсээр байж нуун дарагдуулбал хэрэг хүлээдэг. Мэргэжлийн, хуулийн байгууллагуудынхаа гэмт хэрэг байж болзошгүй, нарийвчлан шалгах шаардлагатай байна гэсэн тодорхойлолт, дүгнэлтийг авч уншаад, мэдээд байгаа атлаа асуудлыг дараад байж болох уу! Ингэж Их Хурлын гишүүд хариуцлага алдсан байж болох этгээдийн хүсэл зоригоор ажиллаж байгаа юм шиг ааш, аяг харуулаад байж болох уу!

Би жилийн өмнө анхааруулж байсан. Үндсэн үүргээ биелүүлэх чадваргүй, ёс суртахуунаа алдсан удирдлагууд нь Авлигатай тэмцэх газрыг Авлигатай тэнцэх газар болгож байгааг хэлсэн. Өнөөдөр энэ газрын удирдлага “авлигачид ард түмнээс минь хулгайлчих бий гэж санаа нь зовдог бус, авлигачдын минь тоо цөөрчих бий” гэж санаа тавьж ажилладаг мэт харагдаж байна. Ийм байдлаар бид удаж болохгүй. Авлигачдынхаа барьцаанд орсон юм шиг арчаагүй байдалтайгаа Монголын төр, Монгол Улс эвлэрч болохгүй.

УИХ-ын гишүүд ээ, та нарын энэ арчаагүй байдал Засаг төрийн бүх түвшний үйл ажиллагаанд муу хаялгатай байна. Наад зах нь засгаа хар, юу хийж байна. Зэвсэгтэй түрэмгийлэгчид довтлоод хөрсөнд нь гүн шингэж чадаагүй Монгол орны зүүн тал шүлхийнд эзлэгдээд хоёрдох сарынхаа нүүрийг үзэж байна. Нэг хурга, нэг тугал, нэг унагыг хүртэл амиа тавих шахам явж өсгөдөг малчид иргэдийнхээ эрдэнэт сүргийг хэдэн арван мянгаар нь устгаж хог шиг булж байна. Энэ тухай эрхэм гишүүд та бүхэн Засгийн газраас, ажил хариуцсан хүмүүсээс асуусан уу! Байдал иймдээ тулсны хариуцлагыг хэн нэгэнтэй ярьсан уу! Манай иргэд төрөөс, та биднээс хариуцлага, ажил хоёрыг шаардаж байна. Хүмүүс ажилтай болохыг, орлоготой болохыг хүсэж байна. Гэтэл Засгийн газар Монгол хүний ажилтай болох боломжийг бүрдүүлэх нэмэх биш, хаах багасгах саналыг УИХ-аар шийдвэрлүүлэхээр оруулж ирж байна. Саналаа үндэслэлтэй бол Засгийн газар хамгаалах ёстой. Гэтэл ганц нэг гишүүний шүүмжилснээр буцаагаад авч байна. Засгийн газрын шийдвэр ийм байж болох уу! Үүнийг манай Засгийн газар ажил үүрэгтээ хариуцлагатай хандаж байна гэж хэлж болох уу!Надад ийм асуултууд байна. Хариуг нь та нар эндээ хэлэлц.

УИХ, Засгийн газрын гишүүд ээ!


Би энэ индрээс өнөөдөр төрийн түшээгээр сонгогдон ажиллаж байсан олон хүнийг төлөөлөн ярих ёстойгоо ойлгож байна. Зарим нь ч надад санал бодлоо хэлсэн. Энэ хүмүүст бахархал ч байна, бухимдал ч байна. Ард түмэн хариуцлагатай, бүтээлч, шударга ажиллахыг төр засгаасаа хүсэж байна. Би энд ард түмэн гэж ярих эрхтэй. Би ард түмнээ төлөөлөх үүрэгтэй. Би энэ индрээс зөвхөн баяр хүргэж алга ташуулах биш, бас ард түмнийхээ зовлон зүдгүүр, хүсэл зоригийг илэрхийлэх, шаардлага тавих, хариуцлага асуух, энэ ажлыг хэцүү ч байсан хийх үүрэгтэй. Улс төрийн хариуцлагатай, жинтэй хоёр нам олонхи цөөнхөөр нь хариуцлагыг нь хуваасан ард түмний сонголтын дээгүүр алхаж Засгийн газарт хамтран орсон. Ийм хамтрал муу уршигтай, бас сайн үр дагавартай болохыг нийтээрээ чамгүй ярилцсан. Хамтарсан Засгийн ч, Их Хурлын ч ажил эрчтэй, найдлага төрүүлж байсан үе бий. Тодорхой санал, санаачлагууд ажил хэрэг болсон.
Стандарт бусаар хоёр нам засагт хамтарснаа сул тал гэж үзвэл түүнийгээ нөхөж, давуу тал гэж үзвэл түүнийгээ баталж ажиллах ажиллагаа улам бүр үгүйлэгдэж байна. Засгийн газарт зовлон болдог хөрөнгө мөнгө их шаардахгүй, тэгсэн атлаа төр засагтаа итгэх ард иргэдийн итгэлийг нэмэх ажлууд бидний өмнө багагүй хуримтлагджээ. Стандарт бус засагтай нөхцөлд шийдэмгий бус, нялцгай байдал давамгайлбал ёс бус тогтолцоо руу хальтрах эрсдэл байнга байгааг бид анхаарах л ёстой.

Би энэ үгийг хэлэхийн тулд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш нийтэд хандаж хэлсэн үгнүүдээ эргэж харлаа. УИХ, Засгийн газрын энэ бүрэлдэхүүнд итгэж хамтарч ажиллахыг хүссэн санал санаачлага цөөнгүй байна. Би төрийн тэргүүн гэдгээр түрий барьж төр, засгийн бүх ажилд хутгалдахыг хүсээгүй. Тийм шаардлага ч надад байхгүй. Мундаг ажил хийсэн болох гэж хэвлэл мэдээллийн хэрэгслийн нүүрийг өдөр бүр хаасан зарлалын самбар шиг байхыг бас бодоогүй. Харин би ард түмнийхээ захиж сонгосны дагуу тодорхой асуудалд анхаарлаа хандуулж ажиллахыг хичээж байгаа.

Улс үндэсний маань аюулгүй байдал, ард иргэдийн маань нийтлэг эрх ашиг хангагдах явдал бол миний анхаарлын төвд байгаа. Өнгөрсөн хаврын чуулганд би улс орны аюулгүй байдалтай холбоотой асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн. Уг мэдээлэлд УИХ-ын гишүүдийн дийлэнх олонхи нь өндөр ач холбогдол өгч санал бодлоо хуваалцаж идэвхтэй оролцсонд би маш их баярлаж байгаа. Дараа нь УИХ-ын хуралдаанаар эрхэм гишүүд Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг богино хугацаанд туйлын ажил хэрэгчээр хэлэлцэж баталсан. Энэ нь улс үндэснийхээ аюулгүй байдал, ард иргэдийнхээ нийтлэг эрх ашгийг сахин хамгаалахад манай парламентын оруулж байгаа түүхэн хувь нэмэр юм. Цаашид уг үзэл баримтлалын хэрэгжилтийг хангаж, үндсэн зарчмуудыг нь ажил хэрэг болгоход төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтны бүтээлч, санаачлагатай үйл ажиллагаа их хэрэгтэй. Аливаа улс үндэсний аюулгүй байдал, хар хайрцагны бодлого бол тухайн ард түмний хэлбэрэлтгүй хэрэгждэг амин чухал эрх ашиг, хэн ч зөрөх ёсгүй зарчим.

Улс үндэстэн, төрийн тогтолцоо гаднаасаа эзлэгдэж биш харин дотроосоо авлига, хүнд суртал, ёс бус үйл ажиллагаанд идэгдэж уруудан доройтсон сургамж түүхэнд олонтаа гарсан тухай би нэг бус удаа сануулж байсан. Авлига хүнд суртлын тухай заримдаа зохион байгуулалттайгаар, хүчээр ерөнхий яриа өрнөдөг ч бодит алхам хийгдэхгүй байна. Харин авлигач түшмэд, авлигалын сүлжээг хамгаалсан эсэргүүцэл системтэй, зохион байгуулалттай, бүр улайрсан, амь тэмцсэн мэт хэлбэрт шилжиж байгаа нь түгшүүр төрүүлэх боллоо. Үүнийг ч газар бүрийн авлигач, хариуцлагагүй этгээдүүд овжин ашиглаж байна. Авлига, албан тушаалын хэргийг шинээр авч үзэж шийдвэрлэх тухай эрүүгийн хуулинд өөрчлөлт оруулах миний санал УИХ-д ирээд бараг бүтэн жил болох гэж байна. Шүүх эрх мэдлийн хүрээнд шинэчлэлийг эхлүүлэх талаар оруулсан санал маань 2 дахь чуулганаа дамжин таг чиг дарагдсаар байна. Шүүх эрх мэдлийн байгууллагыг үлдэгдлээр санхүүжүүлдэг уламжлалд цэг тавих ёстой. Одоо УИХ-д өргөн барихад бэлэн болсон хэд хэдэн хуулийн төсөл байна. Түүний дотор Засгийн газар хагас жил шахам хойшлуулсан оюутны цалин тэтгэмжтэй холбоотой хууль ч бий.

Их Хурал, Засгийн газартайгаа хамтарч ажиллах гэсэн сэтгэл зүтгэлийнхээ хариуд эсэргүүцлийн илгээмж аваад байх нь надад таатай биш. Хамтарч ажиллах гэдэг хуйвалдаж ажиллахын нэр биш. Бидний хамтын ажиллагаа шударга ёс, хууль ёсны нийтлэг зарчимд суурилах ёстой. Би та нарын зарим нь ямар асуудал дээр хамтрах дуртайг, бас ямар асуудалд шилээ татамхайг сайн мэднэ. Миний ямар алхам, үйл ажиллагаанаас болгоомжилдог, эс болгоомжилдогийг ч мэднэ. Зарчим бол зарчмаараа, ажил бол ажлаараа явсан нь аль аль талдаа өлзийтэй байдаг.
Би аль болох хуулийн болон тогтолцооны өөрчлөлтөөр асуудлыг шийдэхийг эрмэлзэж байгаа. Нийгэмд урт удаан амьдрах шударга ёсны зарчим, хуулийн хэлбэрэлтгүй хэрэгжилтийг хангахыг зорьсон миний санал санаачлагыг энэ Их Хурал, Засгийн газар дэмжээсэй гэж би чин сэтгэлээсээ хүсэж байна. Энэ бол одоо миний хувийн биш, Монголын ард түмний хууль ёсны сонголтоороо бататган нотолсон нийтлэг хүсэл эрмэлзлэл юм шүү. Бид бүгдээрээ энэ л дээд эрх ашигт дуулгавартай үйлчлэх ёстой. – Хууль, шударга ёсыг сэргээн сахиулах нь бидний амьдралд ус агаар мэт хэрэгтэй байна гэсэн ард түмнийхээ захиасыг өглөө бүр Ерөнхийлөгчөөсөө эхлээд төрийн бүх албан хаагчид санаж босдог, түүнийг бас биелүүлэхийг хичээдэг байх ёстой. Би үүнийг л хүсэж байна.

Хурлын дарга, эрхэм гишүүд ээ!

Ерөнхийлөгчийн хувьд Их Хурлын, Засгийн газрын энэ бүрэлдэхүүнтэй ажиллаж болно гэсэн миний итгэл бүрэн унтраагүй. Иймээс би тодорхой санал санаачлага дэвшүүлж, хүндрэлтэй асуудлуудын шийдлийг хамтдаа олохыг хичээж байна. Ингэхийн тулд би та бүхний өмнө явж гал барихад ч бэлэн. Төрийн албыг шинэ цагийн шаардлагад нийцүүлж, төрийн албаны хуучин тогтолцоог өөрчлөх тухай би өнгөрсөн хаврын халуун өдрүүдэд эхэлсэн чуулганы нээлтэд хэлсэн. Энэ чиглэлд дэвшил гарсангүй. Энэ асуудлаар өргөтгөсөн ажлын хэсэг гаргаж ажиллуулах бодолтой байгаагаа хэлье. Улс төрийн намын, сонгуулийн хууль, сонгуулийн амлалтын тухай бид бас ярьцгаасан. Би тодорхой санал дэвшүүлсэн. Мөнгөний амлалтыг хэрэгжүүлэх зарим ажил явж байна. Гэхдээ зарчмын олон асуудлыг шийдэх хугацаа улам богиноссоор байна.

Иргэдэд, орон нутагт эрх мэдэл шилжүүлэхтэй холбогдсон ажил өргөн далайц авч чадахгүй байна. УИХ, Засгийн газар эрх мэдлийг төвлөрүүлж биш шилжүүлж асуудал шийдэх хэрэгтэй. Тэгвэл өнөөгийн маш олон асуудал гольдролдоо орж төв Засгийн газрын ачаа, түүнийг дагасан олон завхрал арилна. Монгол оронд улс төр, эдийн засгийн эрх хаана байгааг бид гаднаас биш Их Хурал, Засгийн газрын тогоон дотроос хайх хэрэгтэй.

Манжийн үед Бээжинд, коммунизмын үед Москвад байсан Монголын ард түмний эрх мэдэл үндэсний эрх чөлөө, ардчилсан хувьсгалын ачаар Улаанбаатарт ирсэн боловч манай Улсын Их Хурал, Засгийн газрын халаасанд гацчихаад байна. Ард түмний төр юм бол ард түмэндээ эдлэх эрхийг нь өгөөч гэж би та бүхнээс дахин гуйя. Хуулиар булаасан эрхийг чинь хуулиар буцааж өгнө гэсэн үгийг манай иргэд, орон нутгийнхан дахиад хэдэн чуулган дамжиж сонсох ёстой юм бэ! Дахиад хэдэн жил тэд эрхээ ирэхийг харж шилний цаанаас чихэр долоох юм бэ!
Хүмүүс гол юмаа төрөөсөө аваагүйгээ мэдээд байна. Тэгээд л бухимдаад байгаа юм. Тэр нь тэдний үндсэн эрх, эрх чөлөө. Эрх чөлөөгөө бүрэн эдэлж байж аливаа хүн үүрэг хариуцлагаа үүрэх соёлд суралцдаг. Үнэндээ тэд бол төрөөсөө илүү юм нэхээд байгаа юм биш. Зүгээр л эрхээ нэхээд байна. Эдийн засаг улс төрийн эрх нь иргэддээ очвол тэд эдийн засаг, улс төрийн асуудлаа өөрсдөө шийдээд л явна. Төрөөс юм горьдохгүй. Хүн эдэлдэггүй хүний эрх байж болохгүй. Иргэн оролцдоггүй иргэний нийгэм байж болохгүй. Ийм ойлгомжтой юмыг шийдэж чадахгүй төр л иргэдийнхээ үзэн ядалтын бай болдог. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй холбоотой хуулийн заалтыг түдгэлзүүлэх миний саналыг УИХ-аас дэмжсэн. Харин Засгийн газраас энэ талын харилцааг орчин цагийн шаардлагад нийцүүлж шийдвэрлүүлэх саналаа бас л гаргаагүй байна. Шаардлагатай бол би ажлын хэсэг гаргаж, санал боловсруулахад бэлэн байна.

Ашигт малтмалын хайгуул ашиглалттай холбоотой санаа зовоосон асуудлууд гарсаар байна. Энд дахиад орон нутаг, иргэний эрхийн асуудал хөндөгдөж байна. Өнөөдөр Монгол Улсын иргэн, иргэд байгаа суугаа газрынх нь гол, ус ширгэсэн байхад шүүхэд хандаж хохирлоо төлүүлэх эрхгүй байна. Мөнгөний хойноос улайрагчдын балмад үйл ажиллагаанаас болоод “Хүн малгүй бидний ундаалдаг гол ус ширгэлээ, бохирдлоо” гээд иргэд гомдол гаргаад явахаар хуулийнхан, эрх мэдэлтнүүд өөдөөс нь “Тэр ус гол чинь үнэгүй юм байна. Танайд хохирол учирсан гэх үндэсгүй байна” гэж хэлсэн тохиолдол ч бий. Үнэ цэнэтэй хүний эрх эзэндээ очоогүй учраас, үнэ цэнэтэй баялагтаа үнэ тогтоох эрхээ манай иргэд эдэлдэггүй учраас манай орны үнэ цэнэтэй бүхэн үнэ цэнэгүй байна. Үнэ цэнэтэй баялгаа үнэлэх эрхийг орон нутагт, иргэддээ өгье. Билчээрээ үнэлэг, гол усаа үнэлэг. Говьд худгуудаа үнэлэг, баян бүрд, заг, бударганаа үнэлэг. Хангай нутгийнхан халзан хүн шиг болсон монголын толгойд байгаа хэдэн модоо үнэлэг, ан амьтнаа ч үнэлэг. Баялаг гэж үзсэн бүхнээ үнэлэг.

Ийм эрхийг нь иргэддээ өг л дөө. Энэ эрхээ эдлээд орон нутагтаа эрх ашгаа хамгаалж, хууль шударга ёсыг сахиулж тэд хүн шиг, эзэн нь шиг амьдарцгааг. Эрх нь зэвсэг болоогүй иргэд тэмцлийн өөр хэлбэр хайж хэрэгт орчих гээд байна. Бид чинь иргэн бүрээ боломжит гэмт хэрэгтэн гэж хардаг биш, иргэн бүрээ улс үндэснийхээ гол баялаг гэж хардаг нийгэм байгуулж байгаа төр засаг шүү дээ. Дээрхи зарчмаар иргэд нь эрхээ эдэлж үүргээ хэрэгжүүлэх ёстой. Манай хууль шүүхийн байгууллага ч иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хатуу манах ёстой. Ингэж Монгол Улсад хууль шүүхийн байгууллага иргэншиж, иргэндээ үйлчилдэг нийгэм төлөвшиж, төр тойрсон хэл ам, авлига хүнд суртал арилна.

Би саяхан Төв аймгийн Баянчандмань суманд манай иргэд сайн дураараа хэлэлцэж ярилцаад, нэгдэж нийлээд өөрсдийнхөө өмнө тулгамдаж буй олон асуудлаа шийдвэрлэж байгааг харлаа. Тэтгэврийн ахмадууд, санаачлагатай иргэд хоорондоо 100, 200 төгрөг нийлүүлээд нэгэндээ туслаж ногоо тариад, хадлан тэжээл бэлдээд, хашаа гудамжаа тохижуулаад, мод тарьчихсан, сүүдрэвч барьчихсан, усан оргилуур хийчихсэн байж байна. Гудамжиндаа зүлэг ногоотой, хүүхдийн тоглоомын талбайтай болчихож. Ийм санаачлага олон аймаг, хот суурин, сумдад өрнөж байна.
Би бүр эдгээр иргэд, “Хуримтлалын бүлэг”-ийн үйл ажиллагааг дэмжиж орон даяар өрнүүлэх тухай зарлиг гаргасан. Тэдний хийж байгаа ажил, гаргаж байгаа санаачлага, бие биенээ дэмжиж байгаа дэмжлэг бол сонгуулийн үеэр нэр дэвшигчид уралдаж хийдэг кампанит тохижилтоос хүмүүст хамаагүй өгөөжтэй үлдэцтэй байна. Учир нь тэд өөрсдөө өөрсдийнхөө гараар санаачлагаар юм бүтээж байна. Ажил хийж байна. Тэнд хаягдалгүй бие засах газраас авахуулаад утаагүй түлш хүртэл хийж хэрэглэж байгаагаа харуулж байна. Энэ бол эрх чөлөөт нийгэмд эрх чөлөөт иргэд нэгдэж гайхамшиг бүтээж болдгийн нэг л жишээ.

Суурин иргэншилд байдаг хоршиж ажиллах соёлоос манай иргэд жаахан хөндий нь үнэн. Нэгэнт олон хүнтэй суурьшил бий болбол тухайн орчинд үүсэж буй харилцааг зохицуулах дүрэм, нийтийн гэрээ хэрэгтэй. Манай улсын засаг захиргааны анхан шатны нэгжээс энэ соёл эхэлбэл сайн. Хотод гудамж, хороо бүр, хөдөө баг сум бүр иргэд нь хэлэлцэж баталсан дүрэмтэй байвал сайн. Энэ нь тосгон суурин, дүүрэг, аймаг, хот, нийслэлийн хэмжээнд хэвштэл удах байх. Нийгмийн бүх харилцаанд хууль хүрч, зохицож үйлчлэх амаргүй. Харин хүний суурьшлын харилцааг хүмүүсийн тогтоосон дүрэм журам, гэрээгээр зохицуулж болно. Тэнд хаана хашаа, гэр байшин барих, зам харгуй яаж явах, ямар баялгаа яаж ашиглах хамгаалах, юу нь хувь хүний, юу нь нийтийн эрх ашиг болох бүх л харилцаа байдаг. Иргэд ингэж сурвал эрхээ ч хамгаалж, үүрэг хариуцлагаа ч үүрч чадна. Иргэдээ хамгаалсан ийм дүрэм хамгийн сайн хэрэгжинэ.
Зарим хуулийн хэрэгжилтээс замын дүрэм арай дээр байдаг гэдэг. Дүрэмгүй амьдрал утгагүй. Сум, суурин бүрийг дүрэмтэй байхыг төрөөс дэмжих хэрэгтэй. Та нар иргэншсэн аль нэг оронд очоод “манай хот аймаг, сум, тосгон дүрэмгүй” гээд хэлээд үз. Нэг л хариу сонсох байх. “Жинхэнэ зэрлэгүүд” гэсэн. Ардчилсан, иргэншсэн орон юм бол бид иргэдийнхээ гарт ингэж иргэнших, иргэд өөрсдөө өөрсдийнхөө амьдралыг зохион байгуулах эрхийг нь өгч аргыг нь зааж туслах ёстой. Болж өгвөл таарсан санхүүгийн дэмжлэг бүр нүдээ олно.

Иргэддээ иргэншсэн соёлтой байдлаар амьдрах боломжийг нь эдлүүлэхийн тулд эхлээд үндсэн хөрөнгийн татварын хувь хэмжээг уян хатан тогтоож тэр мөнгөө олж авах эрхийг нь тэдэнд өгчих. Орон нутгийн захиргаанд нь зарим зардлаа тэндээс санхүүжүүл гэж ч хэлж болно. Тэд хүн унтдаг байр байтугай, нохой хэвтдэг хайрцгийг хүртэл бүртгээд татвар авна. Том хөрөнгөтэй нь том байшинтай нь өндөр, бага хөрөнгөтэй нэг амбаартай нь бага л татвар төлнө. Байршлаар нь татвараа тогтоочих. Тухайлбал Улаанбаатарын төв, ашигтай байршилтай үнэтэй өндөр байшинтгууд өндөр татвар төлөг. Зах руу болоод, хэн ч сонирхдоггүй газар хөрөнгөтэй бол билэгдлийн шинжтэй татвар төлөг. Сургууль, эмнэлэг спортын барилгууд татвараас чөлөөлөгдөг. Зөвхөн ийм бүртгэл, ийм систем бүрэн ажиллаад эхэлбэл хотын төвлөрөл түгжрэл, авлига хүнд суртал тойрсон олон ужиг асуудал өөрөө шийдэгдэнэ. Орон нутаг, хүмүүс удирдлага нь татвартай мөнгөтэй харьцаад ирэхээр хариуцлагатай болно. Асуудлаа өөрсдөө шийднэ. Төв рүү, дарга руу харж бухимдахаа байна. Би асуудлын шийдлийг ингэж харж байгаа.
Төрийг тойрч, засаг захиргааны нэгжийг тойрч асуудал төлөвлөхөө боль. Бүхнээ хүн тойрч төлөвлө. Засаг даргын Тамгын газар бол Засаг даргад үйлчилдэг газар биш. Иргэдэд үйлчилдэг Засаг даргын үйлчилгээний газар. Цаашдаа бид засаг даргаас захирагчийн тогтолцоо руу, засаг захиргааны нэгж, төрийн төв байгууллага тойрсон тогтолцооноос хүн тойрсон, иргэнээ тойрсон, тэдэнд үйлчилдэг тогтолцоо руу шилжих хэрэгтэй. Төр, засгийн бүх байгууллага, хууль шүүхийн байгууллага ч энэ тогтолцоо, энэ тойрогт орох хэрэгтэй. Асуудлыг ингэж харвал бид биесээ асуудал гэж харахаа болино. Хэн нэгний барьцаанд байгаа юм шиг ядаргаатай, яршигтай байдлаар ажиллаж амьдрахаа болино.

Эрхэм гишүүд ээ!

Ам нээвэл уушиг нээ гэдэг. Та нараас би МАХН, АН-ын 2008 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-г олж авч үзэхийг хүсье. Анх ямаршуухан бодол байр суурьтай, юу бүтээж ямар асуудлууд шийдэх гэж хамтарснаа харцгаа. Одоо хүртэл хүчин төгөлдөр энэ баримт бичигт хүмүүсийн хүсэн хүлээгээд байгаа нилээд зүйлийн санаа ажил хэрэг болохоор туссан байгаа. Ойрын 10 жилд Монгол Улсын үндэсний нийт бүтээгдэхүүн жил бүр доод тал нь 10 хувиас доошгүй өсөж магадгүй байна. Монгол Улсад мөнгө хурц асуудал биш болох нь. Харин тэр мөнгө хэний сайн сайхны төлөө зарагдах нь асуудал. Гэхдээ энэ боломжоос манай ард иргэд л хожих ёстой. Бид хүндээ хөрөнгө оруулалт хийх ёстой. Юуны түрүүн иргэнийхээ эрүүл мэнд, боловсролд хөрөнгө оруулалт хийе. Шаардлагатай байгаа сургууль, цэцэрлэг, эмнэлэгээ барих, засвараа хийх мөнгийг нь өгье. Энэ ажлыг орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжээр нь хийлгэе. Хөвсгөлийн нэг суманд эмнэлэг барих тендерийг тэнд байгаа иргэд, аж ахуйн нэгж мэдээгүй байхад Улаанбаатарт нэг компани авсан байдгийг зогсоо.
Монголын алс хязгаар хөдөө нутаг эзгүйдээд хүмүүсийн ажил амьдрал дордоод байгаа нэг л шалтгаан бий. Тэнд ажлын байр бий болгодог, хүмүүс ажилтай, орлоготой болдог тэр бизнесийг нь төвөөс дэмжихгүй байна. Орон нутаг, алс хязгаарт бизнес амиллахгүй байна. Тэнд мөнгө очихгүй байна. Боломжийг нь бүрдүүлэхгүй байна. Монголд мөнгө дагасан амьдрал яваад байна. Мөнгөө дагаад эрх мэдэл нь төвлөрөөд байна. Мөнгөө иргэд рүүгээ, орон нутаг руу шилжүүл. Мөнгөө дагуулаад эрх мэдлийг шилжүүл. Монголд байгаа 5 төгрөг тутмын 5 төгрөг Улаанбаатарт яригддаг биш 5 төгрөг тутмын 4 төгрөгнийх нь хувь заяа орон нутагт шийдэгддэг байг. Мөнгө, эрх мэдэл дагасан төвлөрсөн завхрал, түүнийг дагасан бухимдал, муу хэл ам ч сарнина.

Хэдэн оюутнаа цалинтай болго. Эмч, багш нараа бүгдийг нь байртай болго. Тэр байраа тухайн эмч, багшийн байгаа суугаа газрынх нь хүмүүс, аж ахуйнууд бариг. Мөнгө байгаа. Мөнгийг нь өг. Жил бүр Монголд монгол хүний хөгжил, Монгол улсын нэр хүндэд хамаатай нэг том бүтээн байгуулалт хийе. Нэг жил стадион баръя. Нөгөө жил номын сан, театр баръя. Бас спортын иж бүрэн ордонгууд баръя, эмнэлэг сургууль, цэцэрлэг, дотуур байр баръя. Түүх дурсгалаа дээдэлсэн цогцолбор баръя. Энэ жилээс эхлээд нэг нэгээр нь төсөвт суулгая. Наад зах нь энэ жил бүгдийнх нь зургийг чанартай хийх мөнгийг суулга. Ингэж мөнгийг цөөн хүнд сурталтнуудын халаасанд биш хүмүүсийнхээ сайн сайханд зарцуулж байж Монгол улс хөгжинө, дэвжинэ. Удахгүй Их Хурал төвлөрсөн төсвийн хэлэлцүүлэг хийнэ. Манай төр засгийг шоолдог баалдаг олон шог үзэгдлийн үндэс энд байдаг юм. Нэг л их буян амалсан, ард түмнээ бодсон яриа өрнөнө. Бас биесээ буруутгана. Үүрэг өгнө. Хууль тогтоол батална. Удахгүй сайхан болно гэж ярина. Гишүүд засгаас юу шаардахаа мэднэ. Засаг яаж аргалахаа мэднэ. Зальжин сайд нь хаана ямар мөнгө нууснаа, яаж ашиглахыг нь хэлж өгнө. Төсвийн хэлэлцүүлгээс сайн зүйл, том дэвшил хүлээхэд хэцүү. Хориг тавиад ч үг сонсох биш. Гэхдээ та нарт нэг юм хэлье. “Улсын мөнгө идчих бий” гэж эх эцэг чинь, сонгогч иргэд чинь санаа нь зовж ярьж байдгийг сонсоорой.

Увсын Түргэн сумын хүн эмнэлгийн тэрэгний хэдэн дугуй ирэх жил хагарах, түүнийг яаж нөхөх, сэлбэх тухай энэ танхимд ярихаа боль. Ийм ярианаас ард түмэн залхаж байна. Төсвийг төвлөрүүлж төлөвлөж байгаа, хувиарлаж байгаа нэрээр ил далд төсвөөс, ард түмнээсээ хулгай хийхээ Их Хурлын гишүүд өөрсдөөсөө эхэлж зогсоо. Тэр ярих, хувиарлах, зарцуулах, хянах эрхийг нь иргэддээ өг, орон нутагт өг.

Ард түмэндээ, эд баялагтаа ч эзэн, эрх үүрэгтээ ч эзэн байх боломжийг олго. Эрдэнийн хувиа эзэмших эрхийг нь иргэддээ нээж өгөөрэй. Энэ бол мал, газар, орон сууцны хувьчлалын дараахь иргэн хүн хамгийн чухал өмчдөө эзэн байх боломж юм шүү.

Монгол оронд мал аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулдаг нийлүүлдэг орчин цагийн тогтолцоо бүрдүүлэх рүү хөрөнгө хий. Малчид, иргэдийнхээ хоршиж ажиллах боломжийг нээ, урамшуул. Хөдөө хотгүй иргэдийг үнэ хөөрөгдсөн ченжүүдийн гараас салга. Ирэх оны өдийд гэхэд ажил хийе гэж хүссэн Монгол Улсын иргэн бүр ажилтай болсон байх ёстой. Цаашдаа иргэддээ төр нэг бодлогыг тодорхой зарлая. “Та ажил хий, ажил хийсний чинь төлөө мөнгө өгье” гэж хэлье. Иргэн хүн ганц нэгээрээ ч, нийлээд ч ажил хийж л байгаа бол мөнгө авдаг байг.

Монгол улс нийгэмдээ шударга ёсыг бэхжүүлэх, иргэдээ эрх мэдэлжүүлэх, ардчиллынхаа чанар чансааг сайжруулахад мөнгө зарах цаг болсон. Цаашдаа төрийн байгууллагын төсвийн санхүүжилт багасаж, төрийн бус байгууллагын төсвийн дэмжлэг өсөх ёстой. Нийтэд тустай үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааных нь зардлыг төр өгөх хэрэгтэй. Зүүн аймагт гараад байгаа шүлхий өвчний асуудлыг шийдэхийн тулд тэнд байгаа төрийн бус байгууллага, иргэдийн санаачлагыг төр дэмжиж тэр их мөнгөнөөсөө өгч, үр дүн шаардсан бол өөр дүр зураг харагдах ч байсан байж магадгүй. Манай төр улаан гараараа өвчин, зовлонтой тулж хүнд ажил хийж байгаа иргэддээ гар татдаг атлаа, чанаргүй бүтээгдэхүүн, вакцин шахагчдыг уралдуулж мөнгө цутгах юм.

Иймэрхүү увайгүй үйлдлийг хүмүүс хараад үзэн ядаж байна. Өнөөдрийн төрийн ачааны 80 хувийг манай иргэд, иргэдийн үүсгэл санаачлагын байгууллагууд үүрээд явж чадна. Төрийн хийж чадаад, оролцоод байгаа ажлыг иргэдээ хийж чадахгүй гэж хардаг төр бол харалган төр. Энэ байдлыг өөрчлөх хуулийг би санаачилна. Дэмжиж өгөөрэй.

Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих нь чухал гэж манай засаг ойлгожээ. Ингээд түүнийг дэмжих төв байгуулжээ. Төв байгуулах мөнгөө гаргасан атлаа, төвийн үйл ажиллагааных нь зардлыг хэмнэж гар татжээ. Түүний оронд жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв байгуулахыг иргэддээ уриалаад сайн чанартай үйлчилгээ үзүүлж байгаа төвд нь шалгуур тогтоогоод үйл ажиллагааных нь зардлыг төрөөс өгчих.

Би төрийн нэр хүнд нийгэмд унаж байгаад Та бүхэнтэй адил санаа зовж байна. Төр өөр аргаар ажиллаж болно. Төр нэр хүндтэй байж болно. Тийм боломж байна, тийм шийдэл байна гэдгийг л би хэлээд байгаа. Иргэддээ, үүсгэл санаачлагынх нь болон мэргэжлийнх нь байгууллагууддаа төр засаг ажил өгөхгүй бол тэд ажил хийж сурахгүй. Манай нийгэмд хариуцлагын тогтолцоо, иргэншсэн харилцаа тогтохгүй. “Бизнесийн орчинг сайжруулах жилд” бизнесийн орчин муудаж байгаа тухай Худалдаа аж үйлдвэрийн танхимаас мэдэгджээ. Бодит байдал ийм л байна.
Э.Бат-Үүл гишүүн 2 жилийн өмнө ярьж байсан. Манай авлигачид өнгөрсөн хугацаанд ард түмэндээ очих байсан 3 тэрбум долларын хөрөнгө завшжээ. Энэ бол 40 жил Монголын бүх хүүхдэд өгөх мөнгөтэй тэнцэнэ гэж. Хэрэв төрийн энэ хүнд суртал нүсэр бүтцийг өөрчлөхгүй бол ойрын жилүүдэд авлигач төр, түшмэдүүддээ төлж ирсэн монголын ард түмний төлбөр олон дахин өснө шүү.

Төр улсынхаа бүх ажлыг хийх албагүй. Иргэд нь ажлаа хийдэг, төр түүнд үйлчилдэг л байх ёстой. Ингэх юм бол төр өөрөө 5 тэрбум төгрөгний ээмэг барьчихсан мал руугаа гүйж явах хэрэггүй. Гэтэл сумынх нь эмнэлэгт боломж байхгүй учир малчин шингэнээ барьчихсан шинжлүүлэх гээд аймгийн төв рүү явж байна. Хаана хэнд хөрөнгө мөнгө хэрэгтэй байгаа нь эндээс харагдаад байгаа юм.
Төрийн олгодог бүх зөвшөөрлийг олгох, цуцлах эрхийг мэргэжлийн болон иргэдийн үүсгэл санаачлагын байгууллагад өгчих. Тэдэнд төрөөс тавих шаардлага, стандартын тухай сургалт явуул. Үйл ажиллагааных нь зардлыг төр тодорхой, ил тод шалгуурын үндсэн дээр өг. Маргаашаас эхлээд төрийн тэр эрх мэдэл тойрсон авлига, хүнд суртал алга болно. Монголын ажил хэрэгч хүмүүс, иргэд төрдөө баярлана. Төрийн нэр хүнд өснө. Төрийн стандарт, ил тод шалгуур нь хөгжлийн хөшүүрэг болж хувирна. Монгол улс эрх ашгаа тухайн ажил үүрэг гүйцэтгэж байгаа иргэдээрээ, тэр шударга шалгуур стандартаараа дамжуулаад хамгаалчихна, илэрхийлнэ. Төрийн үйлчилгээ, нэр хүнд бүх газар сайжирна. Иргэдийн эрх ашиг хангагдана. Аюулгүй байдал хангагдана.

Ноднин 2010 оны төсвийн тодотгол хэлэлцэх үеэр Д.Дэмбэрэл дарга парламентын сэтгүүлчдийн нэрлэснээр “бүсээ чангалах” захирамж гаргаж байсан. УИХ-ын гишүүн Ч.Улаан тэргүүтэй ажлын хэсэг гарч төсөвт байгууллагуудын орон тоо, зардлыг танах, дэд сайдууд, яам агентлагийн давхардсан орон тоо албан тушаалтнуудыг цомхотгох тухай санал ч гарч байсан. Нөгөө найр тавьсан, хяналтгүй засаг нь түүнийг хэрэгжүүлэхээс зүрхшээсэн. Одоо бүр “Монгол мал” хөтөлбөрийн дагуу мянга мянгаар нь төрийн албан хаагчдын тоог нэмэх эсрэг саналыг Засаг гаргаж байгаа сурагтай. Дэлхий даяар засгийн газрууд төрийн албыг цомхон болгох зоримог шийдвэр гаргаж байхад манайх яаж байна!

Ер нь манай Засгийн агентлагууд дотроос Тагнуул, цагдаа, хилийн цэрэг, зэвсэгт хүчнээс бусад төрийн агентлагуудын бүтэц санхүүжилтийг орвонгоор нь өөрчилж, тэдгээрийн олонхи нь мэргэжлийн холбоод, нийгэмд үйлчилдэг иргэдийн байгууллагуудтай өрсөлдөж үйл ажиллагааныхаа зардлаа төрөөс олж авдаг, эс чадвал татан буугдах зарчимд шилжих ёстой. Төрд өөрт нь байгаа төсвөөс санхүүждэг бүх үйлчилгээ гэрээнийх байж болно. Хэрэв энэ удаагийн Их Хурал, Засгийн газар төрийн байгууллагуудын бүтэц, санхүүжилтэд эрс өөрчлөлт хийж амжимгүй бол тэр тухай хуулийг нь гаргаад 2012 оны 7 дугаар сарын 1-нээс хэрэгжүүлж болно. Нийгэм, төр, хүмүүстээ уг өөрчлөлтөд бэлдэх ийм хугацаа өгье.

Төсөв, төрийн байгууллага гэснээс Хөрөнгийн бирж, МИАТ хоёрынхоо асуудлыг хурдан шийдээрэй. Монгол улсад нээгдэж болох олон боломжийн хаалгыг энэ хоёр байгууллага тагласаар байна. Мөн 5 дугаар цахилгаан станцаа хурдан барьж эхлэхгүй бол эрчим хүчний ноцтой дутагдалд бид орж магадгүй байна. Манай Их Хурал, Засгийн газар өнөөдрөөр парламентын 20 жилийн хүндэтгэлээ өндөрлөөд, маргаашаас ирэх 20 жилийн улс орныхоо хөгжлийн суурийг тавьж эхлэхийг хүсье. Үүнд зориулж би түрүүчийн зарим санааг хэллээ.

Хөгжиж байгаа орнуудад ойрын жилүүдэд нэг хүндрэл бий болох нь. Арай гэж хөл дээрээ зогсож ядаж байгаа дундаж анги, амьдралаа болгоод байгаа иргэдэд ирэх ачаалал нэмэгдэх нь. Хамгийн ашигтай бизнесийг төр засаг эсвэл үндэстэн дамнасан корпорациуд хийх нь. Харин хамгийн өндөр хүүтэй зээл, хамгийн үнэтэй мөнгө, хамгийн ашиггүй ажил жирийн иргэдэд, үйлдвэр үйлчилгээ, жижиг дунд бизнес эрхлэгчдэд ноогдох нь. Өрмийг нь төр, гадныхан хоёр хамтарч хамж, хусмыг нь ядуу жижгүүд булаацалдах нь. Ингэж нийгмийн хөгжил дэвшил, тогтвортой байдлыг бүрдүүлэгч дундаж анги төр том аж ахуйнуудад хоёр талаасаа шахагдаж агших нь. Энэ бол баялагтай бөгөөд нээлттэй ядуу буурай, хөгжиж байгаа орнуудад тохиолдож байгаа шинэ асуудал. Үүнийг бид онцгой анхаарч, үндэснийхээ хууль тогтоомж, бодлогодоо тусгах хэрэгтэй. Энэ үгийг би Европын төв Брюселльд сарын өмнө хэлсэн. Одоо энэ танхимд хэлчихье.

Эрхэм гишүү дээ!

Би үгээ сайн мэдээгээр өндөрлөе. Саяхан ОУВСангийн төлөөлөгчид надтай уулзсан. Манай оронд валютын сангийн хөтөлбөр иж бүрнээр амжилттай хэрэгжиж дууссан тухай мэдээлсэн. Монголын энэ амжилт манай бүс нутагт, өнгөрөгч хориод жилд шилжилт хийсэн улс орнуудын дотор ч ховорхонд тооцогддог юм байх. Юу ч болов Монголчууд улс орныхоо цаашдын хөгжлийн асуудлыг олон улсын санхүүгийн байгууллагын хөтөлбөр туслалцаагүйгээр бие даан шийдээд явах чадвартай болсон гэдэг үнэлгээ бол яах аргагүй сайн мэдээ.
Өөрөө өөрийгөө толгой даагаад аваад явах чадавхи манай нийгэм, эдийн засаг, хувийн хэвшил, мөнгө санхүүгийн орчинд бүрэлдэн бий болж байна. Ойрын өдрүүдэд тэрбум доллараар тооцогдох хөрөнгө эргэлдүүлэх боломжтой хувийн аж ахуйн нэгж манай улсад гарч ирж байна. Шалгуур өндөртэй олон улсын банк, санхүүгийн байгууллагаас манай үндэсний компаниуд дэмжлэг авч тийм стандарт түвшинд хүрсэн нь сайн хэрэг. Монголчуудын, ялангуяа манай залуу үеийнхний сэтгэхүйн цар дэлхийн дундажаас дутахгүй болжээ. Ирээдүйдээ итгэх, өөртөө итгэх, амжилт дэвшилд хүрэх хүмүүсийн урам зориг итгэл нэмэгдэж байна. Спортын, бизнесийн, урлагийн шинэ шинэ амжилтууд сонор мялаах боллоо. Хамгийн гол нь монголчууд шинэ сонголтынхоо 20 жилийн өндөрлөгт гарчихаад амжилт ололт, алдаа дутагдал, зовлон бэрхшээл, тэдгээрийн шийдэл гаргалгаа, шинэ шинэ боломжуудын тухай зовхи өөдрөг хэлэлцэж байна.

Би улс орныхоо, ард түмнийхээ ирээдүйд итгэлтэй байна. Манай орны бүх сайн сайхан, хөгжил дэвшлийн баталгаа бол эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэгч Монголын ард түмэн. Өөрийн хүч боломждоо итгэсэн, нийтлэг үнэлэмж эрх ашигтай, чөлөөт нийгмийн мөн чанарыг мэдэрсэн, тэнд байх байр сууриа таньсан хүмүүс бол манай нийгмийн хамгийн том хүч. Тийм ард түмний өмнө ямар ч хүнд суртал, ямар ч мугуйд албан тушаалтан, бурангуй систем хүчин мөхөсдөх болно.

Анхны ардчилсан байнгын ажиллагаатай парламент үүсэн байгуулагдсаны түүхт ой тохиож байгаа энэ өдрүүдэд би Монгол улсын төрийн тэргүүний хувьд нэг дүгнэлтийг нүүр бардам хэлж чадна. Энэ бол “Монгол улсад парламентат ёс төлөвшин тогтож чадлаа. Парламентат ёс бол монгол түмний нийтлэг эрх ашигт нийцтэй болох нь нотлогдлоо. Парламентын ардчилал нь иргэдийн төлөөллөөс иргэдийн оролцоогоор улам төгөлдөршинө” гэсэн дүгнэлт юм.

Монголчууд төрт ёсны ариун баялаг уламжлалтай. Тэр тусмаа “бүгдээрээ хэлэлцвэл буруугүй” гэдэг иргэнлэг, шалгагдсан зарчимтай. Монголын тулгар төрийн 2220 жилийн ойг бид ирэх 2011 онд тэмдэглэнэ. Бид тулгар төрийнхөө мянганаар тоологдох түүхийн сүүлийн 20 жилийн тухай энэ өдрүүдэд хэлэлцлээ. Ард түмэндээ амжилт хүсье.

Монголын тулгар төр мөнх орших болтугай.

2010.10.20.