Nov 24, 2010

Киттигийн аллага, Ерөнхийлөгчийн хориг, 76 “мангуу”

Америк, Монголд тохиосон хоёр өөр хэрэг.

Энэ хэрэг 1964 оны 3 сарын 13-ны өдөр, Нью-Йорк хотын Куинс дүүрэгт гарчээ. Китти Женовэзэ гэж баарны мэнэжэр бүсгүй ажлаасаа шөнийн 3:15-д ирсэн байна. Гэрийнхээ яг гадаа машинаа тавиад орох гэтэл нэг эр гэнэт гарч ирээд шууд хоёр хутгалсан байна. Ингээд үүнээс хойш бүтэн 30 минутын турш хөөрхий бүсгүйг хашгируулан хөөсөөр, хутгалсаар байж хөнөөж орхиод, 49 долларыг нь аваад арилж одсон аж. Америкийн эвгүй хорооллуудад бол иймэрхүү аллага бараг өдөр тутам гарч байдаг байх, гагцхүү энэ тохиолдол л “Китти Женовэзэгийн хэрэг” хэмээн түүхэнд зартай болсны учир нь арай өөр шалтгаантай. Бүтэн гучин минутын туршид бүсгүйг хутгалуулж зугтаангаа “Амь авраарай” хэмээн хашгирч байхад Киттигийн хөршүүд болох 38 хүн цонхоороо харж байжээ. Ганц нь ч гарч ирж туслах байтугай цагдаа ч дуудсангүй…

Харин одоо миний өгүүлэх явдал 2010 оны 10 сарын 21-нд , Монгол улсын нийслэлд болж өнгөрчээ. Тэр өдөр Монголын парламент хуралдаж, төрийн дээд албатны, өөрөөр хэлбэл өөрсдийнхөө болон бусад цөөн “хамаатныхаа” цалингийн хэмжээг шинэчлэн тогтооно гэсэн нэрийн дор, мэдээж хэрэг юу гэж л багасган шинэчлээ аж, их хэмжээгээр нэмж орхижээ. 2009 онд тэд бүр ичгүүртэй үйлдэл хийсэн нь төсвийн мөнгөнөөс бүгд өөр өөртөө нэг тэрбум төгрөг захиран зарцуулах эрхтэйгээр хуваарилсан байлаа. 2008 онд энэ тоо 500 сая, түүний өмнөх жилүүдэд 250 сая, 100 сая, 10 сая байсан аж. Санхүүгийн багаахан мэдлэгтэй, хууль эрхийн анхан шатны боловсролтой, ядаж хүний мөс, ичих нүүр гээч зүйл үл мэдэг ханхлуулсан хүн ч ингэж мөнгийг гишүүд тойрогтоо хуваах нь маш буруу шийд гэдгийг ойлгоно. Тийм ч учраас Элбэгдорж ерөнхийлөгч тохиолдол бүрт нь хориг тавьсан, Энхбаяр Ерөнхийлөгч ч тухайн үед нь хориг тавьдаг байсан, парламентийн далан зургаа хоригийг нь хүлээж авдаггүй байсан билээ.

Илт буруу шийдвэрийг удаа дараа ичгүүргүйгээр гаргаад байгаа манай далан зургаа, Киттиг хутгалуулж үхэж байхад цонхоороо хараад зогсож байсан гучин найм хоёрт үйлдэл, орон зай, цаг хугацаа гээд олон зүйлийн ялгаа байгаа боловч сэтгэлзүйн мөн чанарын хувьд төстэй байж болохыг судалгааны материалд тулгуурлан батлах нь энэхүү нийтлэлийн маань зорилго юм.

Bystander effect – Гэрчийн нөлөөтөл

Китти Женовэзэгийн хэрэг анхандаа хотын амиа хоохойлсон амьдралын муу муухайг батлах сонгодог жишээ болон олонтоо хэлцэгджээ. “Нью-Йорк Таймс” сонинд Абэ Розентал хэмээх сурвалжлагчийн бичсэн нь: “Тэр гучин наймын нэг нь ч цагдаа руу утасдаагүй. Яагаад? Тэд өөрсдөө ч үүнийхээ хариултыг олохгүй байхад бид яаж мэдэх сэн билээ? Зүгээр томхон хотын амьдралын нэг хэв маяг гэдэг нь л тодорхой юм. Сая сая хүний дунд, бүгд л чам руу довтлох мэт ертөнцөд сэтгэлзүйн хувьд амьд үлдэх ганц гарц бол бусдыг аль болох үл анхаарах явдал юм. Тийм ч учраас том хотуудад хөрш тань ямар хэцүү асуудалтай байгаа нь танд огт хамаагүй”

Энэ дүгнэлтийг ихэнх хүн зөвшөөрөх байх. Уншигч та ч эхний догол мөрийг уншиж байхдаа Америкчуудын хүн чанарын хэмжээг буруутган суусан байх, тийм үү?

Гэвч, сэтгэлзүйн нарийн судалгааны дүн энэ хэргийн учрыг хотын амьдралын бараан талаас арай өөр, маш сонирхолтой зүйлд оршиж байсныг баталсан байна. Коламбын Их Сургуулийн эрдэмтэн Бибб Латанэ, Нью-Йоркийн Их Сургуулийн судлаач Жон Дарли нар Киттиг 38 хүн харж байснаас хэн нь ч туслаагүйн учрыг машид гайхаж, бүр лабораторид туршилт хийн судалжээ. Тусгай нөхцөлд янз бүрийн аюултай, шийдвэр хурдан гаргах, хүнд туслах ёстой байдлууд бий болгож, хэн хэрхэн хандахыг ажиглаж л дээ. Гэтэл сонирхолтой нь хүмүүсийн туслах эсэхийг шийдэх хамгийн гол шалгуур, нөлөөтөл нь мөнөөх хэцүү байдлыг хэдэн хүн харж, гэрчилж байгаа тоо байсан байна.

Тодруулъя. Нэг туршилтанд нэг өрөөнд татаж унаж байгаа хүн байршуулжээ. Хажуу өрөөнөөс нь татаж унаж байгааг нь сонссон хүмүүс ямар хариу үйлдэл үзүүлэхийг туршсан хэрэг. Сонсогч, өөрөөр хэлбэл гэрч этгээд ганцаараа байсан тохиололд 85 хувьд нь тусламж дуудахаар яаран гүйж байсан бол өөрөөс нь гадна 4 өөр хүн сонсож байгаа гэж бодохоор бэлдсэн нөхцөлд ердөө 31 хувьд нь л тусламж дуудаж байсан байна. Өөр нэг туршилтаар хаалганы завсраар утаа орж ирж ирэхэд ганцаараа өрөөнд байгаа хүн тусламж дуудах нь 75 хувь байсан бол олуулаа байгаа тохиолдолд ердөө 38 хувьд нь л гадагш мэдээлж байжээ. Сэтгэлзүйн хувьд хүн эхлээд өөр хэн нэгнийг тусламж дуудчих биз гэж найддаг бол хэн ч туслахгүй байгаад байвал болж байгаа явдлыг тийм ч аюултай биш юм байна гэж дүгнэх сэтгэгдэл төрдөг байна.

Өөрөөр хэлбэл, Латанэ, Дарли хоёрын баталж байгааг хэлшинжлэлийн холбоос үг ашиглан тайлбарлавал, Киттигийн аллагыг гучин наймын гучин найман хүн харж байсан АТЛАА хэн нь ч тусламж дуудаагүй гэх биш, харин гучин найман хүн харж байсны УЛМААС нэг нь ч цагдаад хандаагүй болж таарч байна. Үүнийг сэтгэлзүйн ухаанд bystander effect буюу “гэрчийн нөлөөтөл” хэмээн томьёолдог. Хөөрхий Китти, тэр олон хүний нүдэн дээр, хөршүүдийнхээ дэргэд гучин минут хөөгдөх биш хүнгүй зэлүүд гудманд гав ганцхан хүн харж байхад хутгалуулсан бол харин ч цагдаа хурдан ирж, аврагдах магадлал нь илүүтэй байсан аж.

Бүгдээрээ хэлэлцвэл буруутай буюу хариуцлагын сарниан

Бузар муухай хүн амины хэрэгтэй хөөрхий хууль тогтоогч нараа зүйрлэх гээд байгаагийнхаа учрыг хурдан хэл гэж эрхэм гишүүн таны уур хүрч байгаа байж болзошгүй, жаахан тэсээрэй, одоо л гол зүйл рүүгээ орох гэж байна.

Өмнө өгүүлсэн олон хүн осол, гэмт хэрэг зэргийг хамтдаа харж, гэрчилж байх тусмаа тусламж дуудах магадлал нь багасдгийн шалтгааныг нийгмийн сэтгэлзүйчид судалсны үндсэнд diffusion of responsibility буюу “хариуцлагын сарниан”хэмээх үзэгдлээр тайлбарлажээ. Чухал цаг мөчид шийд гаргах хүний тоо олшрох тусмаа хариуцлагын хэмжээ сарнидаг аж. Хүний тоо цөөрөх тусам нэгж хүнд ногдох хариуцлага, идэвхийн хэмжээ эрс ихэсдэг байна.

Тийм ээ, “хариуцлагын сарниан”. Өөрөө өөртөө тэрбум төгрөг төсвөөс батлан, зарцуулах улайм цайм ийм утгагүй шийдвэр гаргах нөхцөл нь үнэндээ хариуцлагын сарниан юм. Ерөнхийлөгч ганцаараа учраас хариуцлага нь “сарнихгүй”, тийм ч учраас ихэнх буруу хууль, тогтоолд хориг тавьдаг.

Зуун сая, 250 саяыг өөрсдөдөө хуваарилж байсан өмнөх парламентын шийдвэрт өмнөх ерөнхийлөгч Энхбаяр бас л хориг тавьдаг байсан, хүлээж авдаггүй байсан, Элбэгдорж ерөнхийлөгч ч одоогийн парламентад чадахаараа хориг тавьж байна, хүлээж авахгүй л байна. Өөр өөр намын, өөр үзэл бодолтой хүмүүс сонгогдсон өөр өөр парламент атлаа өөрсдөдөө мөнгө батлахдаа адилхан ичдэггүй шиг, мөн л өөр өөр намаас сонгогдсон эсрэг тэсрэг гэмээр хоёр ерөнхийлөгч түүнийх нь бурууг олж хараад байна гэдэг бол асуудал намдаа, үзэл бодолдоо биш, олон цөөндөө байгааг, өөрөөр хэлбэл Америкийн хоёр эрдэмтний судалгааг монгол хөрсөн дээр баталж байна гэсэн үг. Яг л Китти хүүхний хөөгдөж байхыг ганцхан хүн харсан бол амьд гарах байсантай адилхан.

Олон хүн тэнэг шийд гаргах тусмаа нэгж хүнд оногдох хариуцлага, ичгүүртэй байдал сулраад ирдэг аж. Би ямар ганцаараа тэгж шийдээ юү?????

Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг монгол зүйр үг орчин цагт эсрэгээрээ олуулаа хэлэлцэх тусмаа буруутай гэсэн утгатай болж эхэлж байна уу даа?

Хариуцлагын сарнианы бусад тод жишээнээс

Одоо улс төрөөс түр хөндийрөөд эргээд нийгмийн болон хувь хүний сэтгэлзүйн асуудал руу оръё. Дээр дурдсан бүхэн сэтгэлзүйн тодорхой үзэгдлийн жишээ болохыг тайлбарлалаа. Хариуцлагын сарнианы бусад нийтлэг тохиолддог жишээнээс сонирхуулбал:

Цаазаар авах ялтныг зарим оронд, ялангуяа дайны үед бол буудан хороодог. Ингэхдээ ганц хүн биш, бүтэн баг тушаалыг гүйцэтгэдэг байна. Багийн гишүүдийн нэгнийх нь буу сумгүй, хоосон хонгиотой байх бөгөөд ингэснээр багийн бүх гишүүд өөрсдийгөө хүн алаагүй гэж бодож эрхтэй үлддэг. Хариуцлага ингэж л сарнидаг аж. “Борооны дусал болгон өөрийгөө үер үүсгээгүй гэж боддог” гэсэн англи зүйр үг яг энэ санааг хэлж байна.

Судлаачдын үзсэнээр хариуцлагын сарниан олон зэрэг зиндаатай, тушаал олон дамждаг байгууллагууд, ялангуяа цэрэг, цагдаагийн газруудад их тохиолддог гэнэ. Хүн төрөлхтний эсрэг томоохон гэмт хэрэг өдүүлсэн Наци-гийн хэрэгтнүүдээс авхуулаад Ми Лай-д яргалал үйлдсэн Америкийн цэргийн салааныхныг хүртэл бүгд гүйцэтгэгчид нь “Бид зөвхөн тушаал биелүүлсэн” хэмээдэг бол дарга нар нь “Бид яг тэгж ал, зод гээгүй, өөрөөр хэлбэл үйл ажиллагааг нь зааж өгөөгүй, чиглэлийг нь л өгсөн” хэмээдэг нь хариуцлага сарниж буй тод жишээ юм. Америкийн тэр салаа цэрэг Вьетнамын Ми Лай-д аллага, хүчин гээд хамгийн муу муухай зүйлийг үйлдсэн боловч ганцхан ахлагч нь гуравхан сар хоригдсоноос өөр шийтгэл амсаагүй байдаг юм.

Хариуцлагыг нь сарниахгүйн тулд яах ёстой вэ?

Хаа хол Нью-Йоркт гарсан аллага, АНУ-д хийсэн туршилт, Ерөнхийлөгчийн хориг зэргээс харахад бүлгээрээ шийд гаргах үед “хариуцлагын сарниан” бий болж, үүний дүнд маш муу үр дагавар гарч болдог нь тодорхой байна. Энэ нь тухайн бодгал хүн бүрийн сайн муугаас үл шалтгаална. Киттиг үхэж байхыг харж байсан 38 дотор маш сайхан сэтгэлтэй хүн байсан л байх, манай 76 дотор ч ухаантай хүн олон бий. Ер нь бол тус тусад нь нийгэм, эдийн засгийн чухал асуудлаар санал солилцвол бүгд л өндөр боловсролтой, Монголын төлөө сэтгэлтэй улс байгаа. Гагцхүү 76-уулаа хамт байгаа тохиолдолд буруу гэдгийг зүрх нь хэчнээн хэлээд байвч хариуцлагын сарнианд өртөн нөлөөтөж, нөгөө кнопоо дарчихдаг бололтой. Тэгээд л сонин хэвлэлээр 76 мангуу гэж дуудуулдаг биз. Уг нь асуудал тус бүр дээр хэн ямар саналтай байсныг нарийн хөөж, анализ хийдэг хэвлэлийн хэрэгсэл, олон нийтийн байгууллагууд их хэрэгтэй байгаа юм. Гэтэл нийтэд нь хавтгайруулж, 76 мангуу, бүгд ялгаагүй гэж хэлэх тусам хариуцлага улам сарниж, улам л буруу шийдвэрийг улам зоригтой гаргах болно.

Тиймээс хамгийн сайн арга бол (Ерөнхийлөгчийн засаглалд ор гэх гэж байна гэж бодоогүй биз дээ?) парламентийн гишүүдийн тоог бууруулах л болох байх даа. 35, 36 орчим гишүүнтэй парламент олонхийн саналаар УИХ-ын гишүүд арван тэрбум төгрөгийн цалинтай байх хууль баталлаа гэж бодъё. Олонх гэдэг нь хориод л хүн гарч ирнэ шүү дээ. Тов тодорхой. Хариуцлага далан зургаан мангуу гэдэг шиг сарнихгүй, сарнихгүйг нь мэдээд, дараачийнхаа сонгуулийг ч бодоод, тийм шийдвэр ч гаргахгүй дээ, харж л байгаарай.

МонЦаМэ агентлагийн Вашингтон хот дахь албан ёсны сурвалжлагч Мягмарын Саруул-Эрдэнэ.

Жич: Эрдэм шинжилгээний өгүүлэл биш учраас зүүлт хийх хэрэггүй биз. Гэвч өгүүлэл дотроо хэлэх гэхээр хадуурч явчих гээд байсан зарим анхааруулах зүйл, бас нэр дурдагдсан улстай холбоотой хүн сонирхож мэдэх баримт, мэдээ байгаагаа одоо энд бичье.

1. Китти Женовэзэ нь ижил хүйстэн байсан, тэрбээр гэртээ Мари хэмээх хайрт бүсгүйтэйгээ хамт амьдардаг байжээ.

2. Алуурчин Уинстон Мозли анхан шатны шүүх хурлаар цаазын ял авсан боловч сэтгэцийн өвчтэй байсан тул бүх насаар хоригдох ял болгосон, 1935 онд төрсөн тэрбээр өнөөг хүртэл шоронд, амьд байгаа. 1970 онд шоронгоос Нийгэм судлалаар бакалаврын зэрэг хамгаалжээ. 1984 оноос хойш нийт 13 удаа хугацаанаас өмнө суллагдах хүсэлтээ өгсөн боловч тэр бүр хэрэгсэхгүй болгож байсан, дараагийн хүсэлтийг нь чухам энэ 11 сард сард хэлэлцсэн байх учиртай.

3. Өөртөө захиран зарцуулахаар мөнгө баталдаг тухайд Парламент хэмээн нийтэд нь хавтгайруулан хэлсэн маань бас учир дутагдалтай. Парламент – Ерөнхийлөгч буюу “Олны эсрэг Нэг” гэсэн эсрэгцлийг уншигчдад тодорхой гаргах гэсэн үүднээс 76 vs 1 гэсэн тоог байнга аваад байсныг болгооно биз ээ. Ер нь бол нэгд, хууль батлах тохиолдол бүрд 76 гишүүн бүрэн суухгүй нь тодорхой, хоёрт, лав л миний санаж байгаагаар 250 сая дээр өөрсдөдөө мөнгө авахгүй гэж зориг гарган, энэ саналыг эсэргүүцэж байсан гишүүд С. Оюун, Гантөмөр, Э.Бат-Үүл гээд бий.

4. Цэрэг, цагдаагийн гэмт хэрэг хариуцлагын сарнианаас болж замхардаг тухай бичсэн хэсгээ эргээд унштал 7 сарын 1-ний хэрэг, Энхбатыг хулгайлсан хэрэг зэрэгтэй холбоотой санаагаа хэлж байгаа мэт ойлгогдож болохоор болчихож. Уншсан хүн өөрөө юутайгаа холбон бодох нь хувь хүний асуудал, миний хувьд бол тэр талаар огт санаа хэлэх гээгүй, өгүүллийн маань гол зорилго нь нийгмийн сэтгэлзүйн хоёр өвөрмөц үзэгдлийг (bystander effect, diffusion of responsibility) л Ерөнхийлөгч –Парламентийн жишээн дээр нотлох гэсэн билээ. Ер нь энд холбогдуулж хэлэхэд манайд үүссэн тэр хоёр хэргийн тухайд бол олон хүн оролцсон цэргийн тушаал биелүүлсэн, тушаал өгсөн гэх хэргийг олон улсын хэмжээнд хэрхэн шийддэг, Нюрнбергийн шүүх хурлын жишээ, 1998 оны Ромын тогтоолын 33-р зүйл (Superior Orders and prescription of law) зэргийг мэргэжлийн хуульчид энгийн үгээр тайлбарлан бичвэл их л хэрэгтэй сэн.

5. “Хариуцлагын сарниан”, “Гэрчийн нөлөөтөл” хэмээн өөрөө дураараа орчуулчихлаа. Манай сэтгэлзүйн ном сурах бичгүүдэд албан ёсны өөр орчуулга, нэр томьёо байдаг бол дур мэдэн үг зохиосондоо сэтгэлзүйчдээс хүлцэл өчиж байна.

Nov 17, 2010

ЭЗЭМШЛИЙН ФЕРМ

Жорж Орвеллын "Амьтны ферм" зохиолыг өчигдөр дахин уншлаа. Урьд нь уран зохиол гэдэг утгаар нь муу гахайнууд гэж уншиж байжээ. Хонинуудын ухаангүй байдал, Боксёр мориний үнэнч шударга ч алсын хараагүй шийдвэрүүд зэргээр нь шоолж, унтууцаж адал явдалд нь амтшиж уншиж байсан хэрэг. Өчигдөр тэгж уншъя гээд ч болсонгүй. Хурал цуглааныг үйлүүмж эсэргүүцэл, үл эвлэрлийн хоолойг дарагч хонинууд гудамжинд жагсдаг жагсагчид болж буугаад, мэдэж байгаа хэрнээ чимээгүйхэн хаширлах Бенжамин илжиг манай өнөө үеийн одоохондоо хоолтой хонож буй сэхээтнүүдийн төрхөөр харагдаад, Боксёр морь, азгүй тахианууд татвараа төлөгч энгийн иргэд шиг санагдаад, адилтгасан, жишсэн байдлаар дуусав. 1990 онд бид АМЬТНЫ ФЕРМ байгуулж байж, цагийн буруу эргэлтээр, бага багаар сөөм сөөмөөр шилжин буй энэ нийгэм маань нэг л буруу араандаа хийцэн тэрэг шиг гацан, доголон байх шиг. Энэ эрчээрээ ЭРХЭМ БОДНЫ тушаалаар ЭЗЭМШЛИЙН ФЕРМ болох гэж байгаа бололтой. Бизнес бүлгийхэн улс төрлүү хэдийн шургажээ. Шургаад ч байх зүйлгүй тэд зад татан орж ирсэн. Орж ирэгсдийг хэдэн хуульчид л эсэргүүцэх үг хэлснээс бус нийтээрээ алга нижигнүүлэн хүлээн авсан. Бид бөх, малын эмч, дуучин гэлтгүй эрх барих засаглалруу оруулах үүдийн нээх кнопыг дөрвөн жил тутамдаа харамгүй дарсаар, бизнесийнхэн мөнгөөр бордож, сая саяар нь амлаж гарч ирсээр, тэд бидэнд саяыг өгсөн ч өөрсөддөө тэрбүмаар нь хуваахаа мэдэлгүй дээ. Гахайнууд бусад фермийн эзэдтэй наймаа хийж, фермийн амьтадаа шулж, мөлжиж олсон орлогоор нь хангалуун амьдардаг. Өлөн зэлмүүн тэдэнд жагсаал, баяр, ёслолын буудлага зэргэхнээр хэдэн цагтаа гэдэсний өлсгөлөнгөө дараад зовлогоо зовоосоор маргааштайгаа золгодог. Өнөө бидэнд ч хэдэн баяр тэмдэглэж, болсон болоогүй баахан шоу зохиогдох, орой харьмагцаа хэнд ч хэрэггүй савангийн дуурь үзэж эргэцүүлэх, тунгаах цагаас нь үгүй хийж сонгуулиас сонгуульруу дөхнө. Нэг л мэдэхэд өнөөгийн идээчид, зөөгөөчид, хулгайчидын үр сад тэднийх орлох болсон байхвий. Өөрийн чинь хүүхэд хичнээн чадалтай чансаатай байгаад тэдний өмнө бөхөлзөн ажил гуйж байхвий. Эзэмшлийн ферм гэж зарлаж гадны тонуулчидтай нэгдэн нэгмөсөн цөлмөхвий дээ.

Nov 12, 2010

Улс төрийн нүүдэл

МАХН нэрээ солилоо. Монголын түүхэнд бичигдэх үйл явц мөнөөсөө мөн. МАХН 1911 оны ардын хувьсгалаас хойш өнөөг хүртэл оршин тогтносон гэдэг утгаараа бус харин одоо төр барьж байгаа, УИХ-д олонх байгаа гэдэг утгаараа, 1990 оноос өнөөг хүртэл парламентийн засаглалд нөлөө үзүүлж ирсэн том нам гэх утгаараа. МАХН нэрээ сольж МАН болсон, мөн их хурлын бүрэлдэхүүн нь урьд өмнөхөөсөө холоо хаясан их хэмжээний бизнесийн бүлэглэлийнхний хурал болсон зэргээр одоогоор Монголын нийгэмд гол яриа болж байгаа болвуу. МАН мэндэлсэнээрээ ОЛИГАРХИ нам албан ёсоор боллоо ч гээд зарлачих шиг санагдуулж байна. Хуучин МАХН-ы их хурал өндөрлөхтэй зэрэгцээ, ардчилсан нам нойрноосоо сэрж хөдөлгөөн орж байгаа бололтой. Мэдээж МАН болох процесс, их хурлаас гарах шийдвэрүүдийг харзнаж хүлээж байсан нь тодорхой. НАМ, намуудын хурал гэх зүйлээс гадна, Ерөнхийлөгчийн хэлсэн үгний хүч үл сулран улам хүчээ авсаар буй нь харагдаж байна. УИХ-ын гишүүд энэ үгийг харьцангүй хүлээж авч байх шиг. Засгийн газарт орж болохгүй, цөөнхөөрөө байх ёстой гэсэн АН-ын бүлгүүд нь дэмжиж байхад, МАН-тай өвөр түрийдээ ороод буй АН-ы хэсэг нөхөд, МАН-дахь УИХ гишүүд тун ч таагүй хүлээж аваад буй. Захаасаа шүүмжлэл, үгүйсгэл, няцаалтууд яваад буй ч мөрөөрөө ажлаа хийгээд татвараа төлж буй улс төрөөс хол хүмүүс ерөнхийлөгчийн үгээ итгэл найдвар болгон харж байна. Гэвч сая өгсөн Сайханбилэгийн ярилцлаганаас хөнгөн хийсвэр, хэтэрхий хийтэй үгс гарсан нь энэхүү үг хэрхэн дээр дооргүй хөдөлгөөнд оруулаад буй нь гэрч гэлтэй. Сайханбилэг гуайн ярианаас үзвэл ерөнхийлөгчийн хэлсэн үг популист үг болхоор ард түмэнд таалагдаж, ард түмнээс хэтэрхий хол, алсын одонд гялалзах олигархи, төрөөс төрсөн тэрбүматнууд, өнөө төрийн бодлого тодорхойлцож хамтран засаг барьж буй хүмүүст таалагдаагүй бололтой. Ерөнхийлөгчийн үгийг тогтон уншсан юм болвуу үгүй юу гэх эргэлзээ төрөхийн хамт хэлсэн үгийг нь зэрвэсхэн дахин нэг харахад шийдвэр гаргаж чаддагүй, хариуцлага тооцох зүрхгүй нялцгай төрийг шүүмжилсэн, өвөр түрийндээ орж тохиролцсон өнөөгийн эрх баригчидыг шүүмжилсэн, шүүх засаглалын бохир зүйлсийг нийтэд дахин ил гаргаж хэлсэн үг шиг санагдсаар байна. Мэдээж Нямдорж гуайн хэлсэн ерөнхий прокурор, дээд шүүгчээ ерөнхийлөгчийн шахалтаар солих нь дараа дараагийн үйл ажиллагаанд муу үр дагавар гаргах бололцоо бий гэдэг үг ч үнэнтэй билээ.

Улс төрийн нүүдэл намын үзэл баримтлал, зүүнээс баруун гэх маргаанаар эхэлж, намын даргаа солих гэсэн, намын даргын суудлаа баталгаажуулсан хэлбэрээр ирэх сонгуульд бэлтгэсэн маягаар өрнөн хөдөлж байх шиг. Энэ бүх байдлын үр дүн нь өнөөгийн Монгол орны улс төр эдийн засагтай нягт холбогдож, тэр дундаа бизнес бүлэглэл, олигархиуд дээш цойлон гарч ирэх нь гэж харагдаж байна. Мэдээж сайн тал бий хэдий ч Монголын өнөөгийн дүр төрх, мөн чанар, хуулийн хэрэгжилт талаас нь харвал баян ядуугийн ялгаа эрс нэмэгдэх, дээгүүрээ хуваан зооглох эрх мяндагтангуудын унагаасан үртэсээр хооллох ард түмний амьдрал руу орж байгаа ч юм билүү гэх хардлага төрсөөр.

Oct 21, 2010

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ардчилсан парламент үүсэж хөгжсөний 20 жилийн ойд зориулсан УИХ-ын хүндэтгэлийн чуулганд хэлсэн үг

Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Эрхэм төрийн түшээд, хүндэт зочид оо,


Монгол Улсад байнгын ажиллагаатай, анхны ардчилсан парламент үүсэж байгуулагдаад эдүгээ 20 дахь намартайгаа золгож байна. Улсын Бага Хурал анхны хуралдаанаа хийж байсан түүхт өдрүүд саяхан. Гэвч энэ хороонд 4 удаагийн Их Хурлын бүрэн эрх өндөрлөж, 5 дахь Их Хурлын 5 дахь чуулган нь хуралдаж байна. Улсын Бага Хурал бол Монголын нэн шинэ түүхийн хүндтэй зохиогч байж, иргэд сонгогчдынхоо эрх чөлөөт, түүхэн сонголтыг хэрэгжүүлэх бахархалт үүргээ нэр төртэй биелүүлснийг манай ард түмэн мэднэ. Нийгэмдээ ардчилсан, нээлттэй, эрх зүйт харилцааг цогцлоон бүрдүүлэх, улс орныхоо бие даасан болон иргэдийнхээ эрх, эрх чөлөөт байдлыг бэхжүүлэн бататгахад үе үеийн парламент түүхэн чухал үүрэг гүйцэтгэсэн. Монгол Улсын ардчилсан Үндсэн хуулийг баталж, хэрэгжүүлж ирсэн уламжлал, улс орноо улс төр, эдийн засаг, нийгмийн нээлттэй, чөлөөт тогтолцоонд шилжүүлэх нөр их ажил, Монгол Улсын олон улсын нэр хүндийг бэхжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа, тулгамдсан олон асуудлыг шийдэж ирсэн шийдэл, түүхэн санал санаачлага бүхэн Монголын үе үеийн парламентын гишүүдийн хичээл зүтгэл, нэр алдар, ажил үйлстэй салшгүй холбоотой юм. Иймээс Монголчуудын эрх чөлөөт, шинэ сонголтыг хэрэгжүүлэхэд гар бие, оюун санаа, хичээл зүтгэлээ дайчлан оролцсон шинэ Монголыг бүтээгч эцгүүд болох Ардын Их Хурал, Улсын Бага Хурал, Улсын Их Хурлын үе үеийн депутат, гишүүдэд Монголын ард түмэн, төрийн нэрийн өмнөөс гүн хүндэтгэл илэрхийлж байгааг минь хүлээн авна уу.

Чөлөөт сонголтоо хэрэгжүүлэх монголчуудын зам амар хялбар байгаагүй. Гэвч шинэ сонголтдоо эзэн болж, төрийн эрх барих байгууллагаа сонгон бүрэлдүүлж амжилтыг нь урамшуулж, алдааг нь зэмлэн амин холбоотой байж ирсэн нийт сонгогч түмэндээ Монгол Улсын үе үеийн парламентын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж, энэ их ойн чин сэтгэлийн мэндчилгээг уламжилж улс орондоо хөгжил дэвшил, ард иргэддээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Парламентат ёс төлөвшин хөгжихөд олон хүчин зүйл нөлөөлдөг. Манай орны парламентын төлөвшлийг ч түүний шууд удирдлага, оролцоо, үйл ажиллагаанд хамаарч харилцаж ирсэн олон байгууллагууд эдгээрээс Тамгын газар, судалгаа шинжилгээ, хэвлэл мэдээллийн гээд олон мянган хүний хичээл зүтгэлээс салгах аргагүй юм. Үүнд үе үеийн Засгийн газар, Ерөнхийлөгч, Төрийн захиргааны төв орон нутгийн байгууллагууд ч хамаарна. Мөн дотоод, гадаадын дэмжин туслагч, хамтран ажиллагч олон байгууллага, иргэдийн үнэтэй хувь нэмрийг дурьдах нь зүйтэй. Монгол оронд төлөвшин тогтсон парламентат ёсны 20 жилийн түүх бол зөвхөн Монголын төдийгүй бүс нутгийн ач холбогдолтой үйл явц юм. Энэ бол хүн төрөлхтөний соёл иргэншлийн үнэт зүйлс болох хүний эрхэм нандин чанар, хүний эрх, эрх чөлөөт байдал Монгол хүн бүрт хамаатайг тэдний эрх ашигт нийцтэйг харуулж байгаа юм. Монголчуудын дээрхи ололт бол хүн бүр нийгмийн ямар ч гаралтай бай, бүр ядуу зүдүү ч бай, өөрийн чөлөөт сонголтоороо амьдрах эрхтэй, тийм боломжтойг харуулсан бодит нотолгоо юм.

Эрх чөлөөт Монгол хүний эрхийн хэрэгжилт, түүнээс үүдсэн үүрэг хариуцлагын ухамсарт уялдаа холбоо, төлөвшин буй соёл сүүлийн 20 жилд олж авсан Монголын ард түмний хамгийн эрхэм нандин хүч юм. Энэхүү амжилт ололтоос хэлбэршин төгөлдөржиж байгаа манай парламентат ёсны түүхийг салгах аргагүй юм. Иймээс энэ баярт өдөр Монгол оронд байнгын ажиллагаатай ардчилсан парламент бий болох нэр төртэй ариун үйлсэд гар бие оролцсон, оролцож ирсэн, оролцсоор байгаа нийт иргэд, бүх сайн санаат хүмүүс, тэдний ар гэрийнхэнд тус бүрийнх нь үнэтэй хувь нэмрийн төлөө Монгол Улсын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж, цаашид улам их амжилтыг хүсэн ерөөе. Манай оронд байнгын ажиллагаатай парламент ажиллаад удаагүй мэт санагдавч, хуримтлуулсан туршлагын хувьд чамлах аргагүй юм. Энэ нь өнгөрсөн богино хугацаанд нийгмийн бүх салбарт гарсан хувьсгал, чанарын шинжтэй өөрчлөлттэй холбоотой нь мэдээж. Гэхдээ парламентат ёсыг хэрэгжүүлсэн ихэнх оронд урт удаан, магадгүй зуунаар тоологдох түүхийн хуудсууд Монгол Улсын хувьд 20 жилийн дотор эргэж, олон үйл явдлаар баяжиж чаджээ.

Засгийн эрх нэг улс төрийн хүчнээс нөгөө улс төрийн хүчинд ард түмний сонголтоор тайван замаар шилжих шилжилт нэг бус удаа хийгдлээ. Ингэж Монгол Улсын хувьд төрийн эрх мэдэл шилжих нь жирийн дэглэм, хуульчлагдсан соёл, нийгэмд хэвшсэн үйл явц болж төлөвшлөө. Харин энэ бол манай бүс нутгийн олон газар төсөөлөхөд ч бэрхтэй цоо шинэ ололт. Парламентын засаглалтай орны хувьд бүх нийтийн сонгуулийн үр дүнгээр аль нэг улс төрийн хүчин нь хууль тогтоох байгууллагадаа олонхи болж чадаагүй тийм түүхийг ч бид туулсан. Ард түмний сонголт, хуулийн буулган дор хамгийн олон суудалтай хоёр нам нь хүнд нөхцөлд Засгийн газраа байгуулж, тэргүүн нь цөөнхийн төлөөллөөс томилогдож байсан түүх бол дахиад л та биднийх. Сонгуулийн албан ёсны дүнгээр үнэмлэхүй олонхи болж чадсан улс төрийн хүчин нь парламентад цөөнхи болсон намтайгаа хамтарч Засгийн газар байгуулж гаргасан стандарт бус шийдэл бас л манай парламентад бий. Засгийн газраа сольж өөрчилж, албаны хэллэгээр хариуцлага тооцож байсан нь ч нэг бус удаа. Хүсэлтээрээ Ерөнхий сайд нь ажлаасаа чөлөөлөгдөж шинээр томилогдсон нь хуучин танхимтайгаа ажлаа эхлүүлэхийг ч бид үзсэн.
Нэг үгээр хэлбэл парламент төлөвших хоёр арван жилийн өнгөн дээр бидний үзсэн зүйл их байна. Хамгийн гол нь та бидний авсан сургамж чухал. Их юм үзсэн бол их сургамж үлдсэн байх ёстой. Тэр сургамжийг төрт ёсны утгаар нь яривал төр, нийгэм, иргэний харилцаанд урьдахаасаа илүү олон дэвшилтэт шийдэл гарч уламжлагдсан байх учиртай. Өнгөрсөн түүх ийм байгаа ч бодит байдал ямар байна вэ?

Ард иргэд ээ, УИХ-ын гишүүд ээ,

Төр бий болсон эхний шалтгаан, бас байгаагийн эцсийн шалтгаан явж явж нэг л зүйлд төвлөрдөг, нэг л үгээр илэрхийлэгддэг. Энэ бол-Үйлчлэх. Би аливаа төрийн, ялангуяа ардчилсан төрийн үүрэг бол иргэндээ үйлчлэх л гэж ойлгодог. Монгол Улсад Их Хурал нь ч бай, Засгийн газар, шүүх ч бай, Ерөнхийлөгч нь ч ялгаагүй нэг л ариун үүрэгтэй. Энэ бол Монголын ард түмэнд үйлчлэх. Ард түмнийхээ нийтлэг, хууль ёсны эрх ашигт үйлчлэх. Бидний ажил үйлчилгээ заавал амжилттай, заавал мундаг сайхан байх албагүй. Бид ажлаа л хийх, иргэддээ үйлчлэх л үүрэгтэй. Түүнээс биш заавал оны тэргүүн болж, магтуулж сайшаалгаж байх албагүй. Өнөөдөр төрийн олон үйлчилгээ манайд шат шатандаа нэр төдий, үзүүлэн төдий л байна. Гайхаад яахав. Иргэд нь оролцдоггүй, иргэддээ эрх ажлыг нь өгдөггүй төрийн ажил ийм л байдаг. Төрөөс ард иргэддээ биш өөртөө үйлчлэх нь гаарлаа. Төрийн үйлчилгээний үр дүн ихэнх нь төрдөө л эргээд тусаж байна. Дээрээс нь өөрсдийгөө муу хэлүүлэхгүй, харин магтуулж сайшаалгахын тулд мөнгө хөлсийг хайрлахгүй цацаж байна. Энэ Засгийн газрын хамгийн сайн чадаж байгаа ажил бол энэ. Ардчилсан нийгэм бол сүүдрээ нуудаггүй давуу талтай гэж би хэлэх дуртай. Гэтэл албан тушаалтнууд нээлттэй нийгэмд сүүдрээ ч харахаас айдаг болжээ. Бид өөрсдөө ч “бидний сүүдрийг хүн харахгүй байна. Бидэнд сүүдэр ч байхгүй” гэж бодоод байгаа болохоос биш монголын хэрсүү ард түмэн та бидний сүүдрийг байтугай, хөшигний ар дахь драмыг ч нэвт шувт уншиж харж, эгдүүцэх нь эгдүүцэж, бухимдах нь бухимдаж, шоолох нь шоолж байна.

Төрийн нийгэмд гүйцэтгэдэг эрхэм нандин нэг үлгэрлэл байдаг. Итгэлт төр байх, ард түмнийхээ сэтгэлд шингэсэн төр байхаар тэр нь илэрхийлэгддэг. Төрд очих ардын зам итгэлээр хучаастай байдаг гэж ярьдаг. Учир нь бүх шатны төрийн байгууллага, түүний удирдлага тухайн шатандаа нийгмийн өнгө, элит, манлайлагчийн тоонд зүй ёсоор ордог. Хамгийн сайхан санаа, сэтгэл, хүмүүнлэг алхам, сайн ажил үйлс, үйлчилгээ нийгмийн манлайлагч хэсгээс гарч байх ёстой. Нэг үгээр хэлбэл шат шатандаа манай шийдвэр гаргагчдаас, түүчээ улс төрчдөөс тэр сайхан чанар ханхалж, үйл ажиллагаа нь бусдад үлгэр дууриал болж байх ёстой. Хэрэв ийм байж чадахгүй бол төрдөө, төрийн түшээддээ, шийдвэр гаргагчдадаа иргэд дургүйцдэг. Тэдний үйлдэл, шийдвэр иргэдэд ёс бус, бохир харагддаг.

Манай дарга нар ард түмнээ сонсоод, бүс бүсээр зөвлөлдөөд байна. Ард түмнийхээ хэлж байгааг өнгө будаггүй, тэдний зөвлөлгөөг элдэв шүүлтүүргүй сонсож байгаа бол сайн хэрэг. Зарим хүний захидал бичгээс харахад “Эд зөвхөн сонсох гэснээ сонсож, зөвлөх гэснээ зөвлөж, өөрсдийн бодлоо эцсийн үнэнд тооцож байна” гэсэн нь байх юм. Саяхан ард түмнээ сонсох хуралд сууж, ард түмнээ сонссон УИХ-ын нэг эрхэм гишүүн надтай уулзсан. Тэр гишүүн хэлж байна. “Ард түмнээ сонсох хуралд оролцлоо. Энэ хүмүүс чинь цуглахаараа нэг их л төр засгаа муу хэлэх юм, хараах юм. Бүр үзэн ядаж байна” гэж. Тэр эрхэм гишүүн бодлоо хуваалцахдаа монгол хэлэнд байдаг хэтрүүлгийн хэлбэр ашигласан байх. Иргэдийн үйлчилгээнд очих мөнгө эрхэм гишүүний нэр төрийн үйлчилгээнд зарцуулагдаж байгааг хараад иргэд бухимддаг. Төрийн нэрээр хийж буй хулгай хаа сайгүй гаарлаа. Ямар ч хяналт алга, хариуцлага тооцохгүй байна гэж ирээд л хүмүүс ярих юм. Хэвлэл мэдээллийнхэн ч ярьж бичиж харуулах юм. Олонхийн дэмжлэгтэй бол ямар ч хэрэг хийгээд, тэр нь тогтоогдсон ч бай, албан тушаалдаа үлдэж байна гэж ярьж бичих юм.

Уг нь 20 жилийн өмнө УБХ-ын нэг гишүүн Засгийн газраас 20 дугаар тогтоол гаргах тухай мэдээлэл сонсчихоод, гэртээ харих зуураа дэлгүүрээс хувийн мөнгөөрөө чихэвчний магнитфон авсан хэргээр бүрэн эрх нь түдгэлзэж байсан юм. Монголын хууль тогтоох байгууллагын олонхи нь өнөө үеийнх шиг дандаа ийм увайгүй, улаан цайм байгаагүй. Монголын шинэ, ардчилсан төрийн нэр хүндийг цэвэр тунгалаг байлгаж, төрийн нэрийг өөрийнхөө нэр нөхөрлөлд сууж болох цагийн толбоос илүү эрхэмлэдэг сайхан уламжлал манай парламентат ёсонд байсан. Тэр ариун ёс журмынх нь төлөө, тийм өндөр босго тогтоосных нь төлөө, тийм цэвэр эрхэм ёс суртахуунтай байсных нь төлөө Монгол Улсын анхны байнгын ажиллагаатай ардчилсан парламент болох, үүсэж байгуулагдсаных нь 20 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байгаа Улсын Бага Хуралд, түүний удирдлага гишүүдэд Монголын үе үеийн төр байнга талархаж явах ёстой. Тийм байдалд тэнцэж ажиллаж амьдрахын төлөө өнө хойчийн улс төрчид, төрийн албатууд нэн хичээж гарч буй, гарч болох зарим завхрал, ёс суртахууны уруудалт доройтлоосоо ичиж амьдрах ёстой.

Эрхэм гишүүд ээ!

Энэ удаагийн УИХ-ыг болон Засгийн газрыг ажил хийхгүй байна гэж хэлэх аргагүй. Ажил хийгээгүй, хийдэггүй УИХ, Засгийн газар ч гэж байдаггүй юм. Том уурхай, том төсөл, том мөнгө тойрсон ажлууд яригдаж, зарим шийдвэр гарч байна. Харин манай Их Хурлын олонхи, Засгийн удирдлагад нэг гэм байна. Суудал, бялуу хуваах ажилд уургын морь шиг атлаа, шударга ёс ярихаар л суугаа хүн шиг, чих нь дүлий юм шиг болчих юм. Төр лүү хандсан ард иргэдийн дургүйцлийн нилээн өндөр хувь дээрхи байдалтай холбоотой. Хүмүүс биднээс мөнгөнийхөө амлалтыг биелүүл гэж шаардаж байгаа нь үнэн. Гэхдээ түүнээс дутуугүйгээр нэгд: нийгэмд шударга ёсыг тогтоохыг, хоёрт: ажил хийх боломж олгохыг хүсэж байна.

Ч.Сангарагчаа даргын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх шийдвэрийг гаргаж төвдөхгүй 3 сар гаруй болж байгаа нь, Оюу толгой ордыг ашиглах тухай 5 жил хэлэлцсэн байдлаас дутуугүй бухимдлыг ард түмнээс УИХ, эрх баригчид руу татаж, өнөөгийн төрийн нэр хүндэд хохирол учирч буйг эрхэм гишүүд та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Өнөө маргаашдаа УИХ-аас сонгогч олон “Алтан бороо” оруулаад өг гэж шаардах төлөв алга. Тэгэж ч чадахгүй, түүнийг монгол хүн өөрөө бүтээвэл бүтээнэ гэдгийг ч тэд мэдэж байгаа. Харин хариуцлага алдсан байж болох албан тушаалтанг хаацайлаад байгаад хүмүүсийн уур бухимдал үнэнээсээ хүрч байгаа нь мэдрэгдэж байна. Манай зарим нам, гишүүд сонгуульдаа эрт орж байх шиг. Хамгийн гол нь сонгогчдынхоо юу хүсэж байгааг зөрүүлж уншвал өнөөдрөөсөө ч дордож мэднэ. Ард түмэн алт зэс, нүүрсний уурхайг тэдний оролцоо хяналттай, улс нийгэм, ирээдүй, амьдрал ахуйд нь наалдацтай ашиглахад тэгтлээ дургүйцэхгүй. Харин авлига, хүнд суртлын үүр уурхайг хөндөх, цэвэрлэх ажилдаа Их Хурал, эрх баригчид хойрго хандаад байгаад л тэд бухимдаж байна.

Төрд ард түмэндээ үйлчлэх үндсэн үүргээс гадна маш чухал хоёрдох үүрэг байдаг. Энэ бол нийтээр тогтсон хэв журам, хуулийг, нийгмийн гэрээг зөрчсөн, нийтийн баялгаас хулгай хийсэн, хумсалсан, төр ард түмний хүлээлгэсэн итгэлийг алдсан олиггүй этгээдийг албан тушаалаас нь өөрчлөх, хариуцлага тооцох, алба үүргээс нь цаг тухай бүрт нь хөөж зайлуулах үүрэг юм. Энэ бол төрийн тодорхой байгууллагын бүрэн эрхээс гадна бүр улс нийгмийнхээ сайн сайхны төлөө төрөөс хийж байх ёстой чухал ажил нь. Энэ утгаараа төр, тодруулбал манай Их Хурал бол ард түмэн албан тушаалтан хоёрын хооронд хариуцлага тооцох гүүр болдог. Түүнээс биш тэр хоёрын хооронд татсан хөшиг, чулуун хана байж болохгүй. Хуулийн хэрэгжилтийг Монгол Улсад хангах, хянах үүргийг Их Хурал хэрэгжүүлдэгийг жирийн иргэн бараг цээжээрээ хэлдэг. Эрхэм гишүүд та нар ч хэлдэг. Хууль хэрэгжүүлэх ёстой, үүрэгтэй албан хаагчаа толгой дээрээ гаргасан төр, тийм хууль тогтоогчид, хуулийн хэрэгжилтийг хянагчид байж болох уу! Бүр саналаа ил хэлэх, өгөхөөсөө айдаг гишүүдтэй ардчилсан, шударга парламент гэж байж болох уу! Зарим нь “өшөө авалтанд өртчих гээд байна” гэж өчдөг сурагтай. Гэмтэй л хүний хэлдэг гэмтэй үг. Манай Үндсэн хууль хүртэл УИХ-ын гишүүн хүн саналаа илээр илэрхийлэх баталгаа нь болдог. Хуулиар тусгайлан тогтоогоогүй бол саналаа Их Хурлын гишүүд нээлттэй өгөх ёстой. Ардчиллын зарчим ч ийм. Гэтэл саналаа нууцаар илэрхийлмээр байна гээд зөрөөд байдаг. УИХ-ын гишүүд “баригдашгүй өшөө авагчид” биш. Тэр байтугай далд нууц үйл ажиллагаа нь хүртэл ил байх ёстой хүмүүс.

Жирийн иргэн хүн гэмт хэрэгтнийг мэдсээр байж нуун дарагдуулбал хэрэг хүлээдэг. Мэргэжлийн, хуулийн байгууллагуудынхаа гэмт хэрэг байж болзошгүй, нарийвчлан шалгах шаардлагатай байна гэсэн тодорхойлолт, дүгнэлтийг авч уншаад, мэдээд байгаа атлаа асуудлыг дараад байж болох уу! Ингэж Их Хурлын гишүүд хариуцлага алдсан байж болох этгээдийн хүсэл зоригоор ажиллаж байгаа юм шиг ааш, аяг харуулаад байж болох уу!

Би жилийн өмнө анхааруулж байсан. Үндсэн үүргээ биелүүлэх чадваргүй, ёс суртахуунаа алдсан удирдлагууд нь Авлигатай тэмцэх газрыг Авлигатай тэнцэх газар болгож байгааг хэлсэн. Өнөөдөр энэ газрын удирдлага “авлигачид ард түмнээс минь хулгайлчих бий гэж санаа нь зовдог бус, авлигачдын минь тоо цөөрчих бий” гэж санаа тавьж ажилладаг мэт харагдаж байна. Ийм байдлаар бид удаж болохгүй. Авлигачдынхаа барьцаанд орсон юм шиг арчаагүй байдалтайгаа Монголын төр, Монгол Улс эвлэрч болохгүй.

УИХ-ын гишүүд ээ, та нарын энэ арчаагүй байдал Засаг төрийн бүх түвшний үйл ажиллагаанд муу хаялгатай байна. Наад зах нь засгаа хар, юу хийж байна. Зэвсэгтэй түрэмгийлэгчид довтлоод хөрсөнд нь гүн шингэж чадаагүй Монгол орны зүүн тал шүлхийнд эзлэгдээд хоёрдох сарынхаа нүүрийг үзэж байна. Нэг хурга, нэг тугал, нэг унагыг хүртэл амиа тавих шахам явж өсгөдөг малчид иргэдийнхээ эрдэнэт сүргийг хэдэн арван мянгаар нь устгаж хог шиг булж байна. Энэ тухай эрхэм гишүүд та бүхэн Засгийн газраас, ажил хариуцсан хүмүүсээс асуусан уу! Байдал иймдээ тулсны хариуцлагыг хэн нэгэнтэй ярьсан уу! Манай иргэд төрөөс, та биднээс хариуцлага, ажил хоёрыг шаардаж байна. Хүмүүс ажилтай болохыг, орлоготой болохыг хүсэж байна. Гэтэл Засгийн газар Монгол хүний ажилтай болох боломжийг бүрдүүлэх нэмэх биш, хаах багасгах саналыг УИХ-аар шийдвэрлүүлэхээр оруулж ирж байна. Саналаа үндэслэлтэй бол Засгийн газар хамгаалах ёстой. Гэтэл ганц нэг гишүүний шүүмжилснээр буцаагаад авч байна. Засгийн газрын шийдвэр ийм байж болох уу! Үүнийг манай Засгийн газар ажил үүрэгтээ хариуцлагатай хандаж байна гэж хэлж болох уу!Надад ийм асуултууд байна. Хариуг нь та нар эндээ хэлэлц.

УИХ, Засгийн газрын гишүүд ээ!


Би энэ индрээс өнөөдөр төрийн түшээгээр сонгогдон ажиллаж байсан олон хүнийг төлөөлөн ярих ёстойгоо ойлгож байна. Зарим нь ч надад санал бодлоо хэлсэн. Энэ хүмүүст бахархал ч байна, бухимдал ч байна. Ард түмэн хариуцлагатай, бүтээлч, шударга ажиллахыг төр засгаасаа хүсэж байна. Би энд ард түмэн гэж ярих эрхтэй. Би ард түмнээ төлөөлөх үүрэгтэй. Би энэ индрээс зөвхөн баяр хүргэж алга ташуулах биш, бас ард түмнийхээ зовлон зүдгүүр, хүсэл зоригийг илэрхийлэх, шаардлага тавих, хариуцлага асуух, энэ ажлыг хэцүү ч байсан хийх үүрэгтэй. Улс төрийн хариуцлагатай, жинтэй хоёр нам олонхи цөөнхөөр нь хариуцлагыг нь хуваасан ард түмний сонголтын дээгүүр алхаж Засгийн газарт хамтран орсон. Ийм хамтрал муу уршигтай, бас сайн үр дагавартай болохыг нийтээрээ чамгүй ярилцсан. Хамтарсан Засгийн ч, Их Хурлын ч ажил эрчтэй, найдлага төрүүлж байсан үе бий. Тодорхой санал, санаачлагууд ажил хэрэг болсон.
Стандарт бусаар хоёр нам засагт хамтарснаа сул тал гэж үзвэл түүнийгээ нөхөж, давуу тал гэж үзвэл түүнийгээ баталж ажиллах ажиллагаа улам бүр үгүйлэгдэж байна. Засгийн газарт зовлон болдог хөрөнгө мөнгө их шаардахгүй, тэгсэн атлаа төр засагтаа итгэх ард иргэдийн итгэлийг нэмэх ажлууд бидний өмнө багагүй хуримтлагджээ. Стандарт бус засагтай нөхцөлд шийдэмгий бус, нялцгай байдал давамгайлбал ёс бус тогтолцоо руу хальтрах эрсдэл байнга байгааг бид анхаарах л ёстой.

Би энэ үгийг хэлэхийн тулд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш нийтэд хандаж хэлсэн үгнүүдээ эргэж харлаа. УИХ, Засгийн газрын энэ бүрэлдэхүүнд итгэж хамтарч ажиллахыг хүссэн санал санаачлага цөөнгүй байна. Би төрийн тэргүүн гэдгээр түрий барьж төр, засгийн бүх ажилд хутгалдахыг хүсээгүй. Тийм шаардлага ч надад байхгүй. Мундаг ажил хийсэн болох гэж хэвлэл мэдээллийн хэрэгслийн нүүрийг өдөр бүр хаасан зарлалын самбар шиг байхыг бас бодоогүй. Харин би ард түмнийхээ захиж сонгосны дагуу тодорхой асуудалд анхаарлаа хандуулж ажиллахыг хичээж байгаа.

Улс үндэсний маань аюулгүй байдал, ард иргэдийн маань нийтлэг эрх ашиг хангагдах явдал бол миний анхаарлын төвд байгаа. Өнгөрсөн хаврын чуулганд би улс орны аюулгүй байдалтай холбоотой асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн. Уг мэдээлэлд УИХ-ын гишүүдийн дийлэнх олонхи нь өндөр ач холбогдол өгч санал бодлоо хуваалцаж идэвхтэй оролцсонд би маш их баярлаж байгаа. Дараа нь УИХ-ын хуралдаанаар эрхэм гишүүд Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг богино хугацаанд туйлын ажил хэрэгчээр хэлэлцэж баталсан. Энэ нь улс үндэснийхээ аюулгүй байдал, ард иргэдийнхээ нийтлэг эрх ашгийг сахин хамгаалахад манай парламентын оруулж байгаа түүхэн хувь нэмэр юм. Цаашид уг үзэл баримтлалын хэрэгжилтийг хангаж, үндсэн зарчмуудыг нь ажил хэрэг болгоход төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтны бүтээлч, санаачлагатай үйл ажиллагаа их хэрэгтэй. Аливаа улс үндэсний аюулгүй байдал, хар хайрцагны бодлого бол тухайн ард түмний хэлбэрэлтгүй хэрэгждэг амин чухал эрх ашиг, хэн ч зөрөх ёсгүй зарчим.

Улс үндэстэн, төрийн тогтолцоо гаднаасаа эзлэгдэж биш харин дотроосоо авлига, хүнд суртал, ёс бус үйл ажиллагаанд идэгдэж уруудан доройтсон сургамж түүхэнд олонтаа гарсан тухай би нэг бус удаа сануулж байсан. Авлига хүнд суртлын тухай заримдаа зохион байгуулалттайгаар, хүчээр ерөнхий яриа өрнөдөг ч бодит алхам хийгдэхгүй байна. Харин авлигач түшмэд, авлигалын сүлжээг хамгаалсан эсэргүүцэл системтэй, зохион байгуулалттай, бүр улайрсан, амь тэмцсэн мэт хэлбэрт шилжиж байгаа нь түгшүүр төрүүлэх боллоо. Үүнийг ч газар бүрийн авлигач, хариуцлагагүй этгээдүүд овжин ашиглаж байна. Авлига, албан тушаалын хэргийг шинээр авч үзэж шийдвэрлэх тухай эрүүгийн хуулинд өөрчлөлт оруулах миний санал УИХ-д ирээд бараг бүтэн жил болох гэж байна. Шүүх эрх мэдлийн хүрээнд шинэчлэлийг эхлүүлэх талаар оруулсан санал маань 2 дахь чуулганаа дамжин таг чиг дарагдсаар байна. Шүүх эрх мэдлийн байгууллагыг үлдэгдлээр санхүүжүүлдэг уламжлалд цэг тавих ёстой. Одоо УИХ-д өргөн барихад бэлэн болсон хэд хэдэн хуулийн төсөл байна. Түүний дотор Засгийн газар хагас жил шахам хойшлуулсан оюутны цалин тэтгэмжтэй холбоотой хууль ч бий.

Их Хурал, Засгийн газартайгаа хамтарч ажиллах гэсэн сэтгэл зүтгэлийнхээ хариуд эсэргүүцлийн илгээмж аваад байх нь надад таатай биш. Хамтарч ажиллах гэдэг хуйвалдаж ажиллахын нэр биш. Бидний хамтын ажиллагаа шударга ёс, хууль ёсны нийтлэг зарчимд суурилах ёстой. Би та нарын зарим нь ямар асуудал дээр хамтрах дуртайг, бас ямар асуудалд шилээ татамхайг сайн мэднэ. Миний ямар алхам, үйл ажиллагаанаас болгоомжилдог, эс болгоомжилдогийг ч мэднэ. Зарчим бол зарчмаараа, ажил бол ажлаараа явсан нь аль аль талдаа өлзийтэй байдаг.
Би аль болох хуулийн болон тогтолцооны өөрчлөлтөөр асуудлыг шийдэхийг эрмэлзэж байгаа. Нийгэмд урт удаан амьдрах шударга ёсны зарчим, хуулийн хэлбэрэлтгүй хэрэгжилтийг хангахыг зорьсон миний санал санаачлагыг энэ Их Хурал, Засгийн газар дэмжээсэй гэж би чин сэтгэлээсээ хүсэж байна. Энэ бол одоо миний хувийн биш, Монголын ард түмний хууль ёсны сонголтоороо бататган нотолсон нийтлэг хүсэл эрмэлзлэл юм шүү. Бид бүгдээрээ энэ л дээд эрх ашигт дуулгавартай үйлчлэх ёстой. – Хууль, шударга ёсыг сэргээн сахиулах нь бидний амьдралд ус агаар мэт хэрэгтэй байна гэсэн ард түмнийхээ захиасыг өглөө бүр Ерөнхийлөгчөөсөө эхлээд төрийн бүх албан хаагчид санаж босдог, түүнийг бас биелүүлэхийг хичээдэг байх ёстой. Би үүнийг л хүсэж байна.

Хурлын дарга, эрхэм гишүүд ээ!

Ерөнхийлөгчийн хувьд Их Хурлын, Засгийн газрын энэ бүрэлдэхүүнтэй ажиллаж болно гэсэн миний итгэл бүрэн унтраагүй. Иймээс би тодорхой санал санаачлага дэвшүүлж, хүндрэлтэй асуудлуудын шийдлийг хамтдаа олохыг хичээж байна. Ингэхийн тулд би та бүхний өмнө явж гал барихад ч бэлэн. Төрийн албыг шинэ цагийн шаардлагад нийцүүлж, төрийн албаны хуучин тогтолцоог өөрчлөх тухай би өнгөрсөн хаврын халуун өдрүүдэд эхэлсэн чуулганы нээлтэд хэлсэн. Энэ чиглэлд дэвшил гарсангүй. Энэ асуудлаар өргөтгөсөн ажлын хэсэг гаргаж ажиллуулах бодолтой байгаагаа хэлье. Улс төрийн намын, сонгуулийн хууль, сонгуулийн амлалтын тухай бид бас ярьцгаасан. Би тодорхой санал дэвшүүлсэн. Мөнгөний амлалтыг хэрэгжүүлэх зарим ажил явж байна. Гэхдээ зарчмын олон асуудлыг шийдэх хугацаа улам богиноссоор байна.

Иргэдэд, орон нутагт эрх мэдэл шилжүүлэхтэй холбогдсон ажил өргөн далайц авч чадахгүй байна. УИХ, Засгийн газар эрх мэдлийг төвлөрүүлж биш шилжүүлж асуудал шийдэх хэрэгтэй. Тэгвэл өнөөгийн маш олон асуудал гольдролдоо орж төв Засгийн газрын ачаа, түүнийг дагасан олон завхрал арилна. Монгол оронд улс төр, эдийн засгийн эрх хаана байгааг бид гаднаас биш Их Хурал, Засгийн газрын тогоон дотроос хайх хэрэгтэй.

Манжийн үед Бээжинд, коммунизмын үед Москвад байсан Монголын ард түмний эрх мэдэл үндэсний эрх чөлөө, ардчилсан хувьсгалын ачаар Улаанбаатарт ирсэн боловч манай Улсын Их Хурал, Засгийн газрын халаасанд гацчихаад байна. Ард түмний төр юм бол ард түмэндээ эдлэх эрхийг нь өгөөч гэж би та бүхнээс дахин гуйя. Хуулиар булаасан эрхийг чинь хуулиар буцааж өгнө гэсэн үгийг манай иргэд, орон нутгийнхан дахиад хэдэн чуулган дамжиж сонсох ёстой юм бэ! Дахиад хэдэн жил тэд эрхээ ирэхийг харж шилний цаанаас чихэр долоох юм бэ!
Хүмүүс гол юмаа төрөөсөө аваагүйгээ мэдээд байна. Тэгээд л бухимдаад байгаа юм. Тэр нь тэдний үндсэн эрх, эрх чөлөө. Эрх чөлөөгөө бүрэн эдэлж байж аливаа хүн үүрэг хариуцлагаа үүрэх соёлд суралцдаг. Үнэндээ тэд бол төрөөсөө илүү юм нэхээд байгаа юм биш. Зүгээр л эрхээ нэхээд байна. Эдийн засаг улс төрийн эрх нь иргэддээ очвол тэд эдийн засаг, улс төрийн асуудлаа өөрсдөө шийдээд л явна. Төрөөс юм горьдохгүй. Хүн эдэлдэггүй хүний эрх байж болохгүй. Иргэн оролцдоггүй иргэний нийгэм байж болохгүй. Ийм ойлгомжтой юмыг шийдэж чадахгүй төр л иргэдийнхээ үзэн ядалтын бай болдог. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй холбоотой хуулийн заалтыг түдгэлзүүлэх миний саналыг УИХ-аас дэмжсэн. Харин Засгийн газраас энэ талын харилцааг орчин цагийн шаардлагад нийцүүлж шийдвэрлүүлэх саналаа бас л гаргаагүй байна. Шаардлагатай бол би ажлын хэсэг гаргаж, санал боловсруулахад бэлэн байна.

Ашигт малтмалын хайгуул ашиглалттай холбоотой санаа зовоосон асуудлууд гарсаар байна. Энд дахиад орон нутаг, иргэний эрхийн асуудал хөндөгдөж байна. Өнөөдөр Монгол Улсын иргэн, иргэд байгаа суугаа газрынх нь гол, ус ширгэсэн байхад шүүхэд хандаж хохирлоо төлүүлэх эрхгүй байна. Мөнгөний хойноос улайрагчдын балмад үйл ажиллагаанаас болоод “Хүн малгүй бидний ундаалдаг гол ус ширгэлээ, бохирдлоо” гээд иргэд гомдол гаргаад явахаар хуулийнхан, эрх мэдэлтнүүд өөдөөс нь “Тэр ус гол чинь үнэгүй юм байна. Танайд хохирол учирсан гэх үндэсгүй байна” гэж хэлсэн тохиолдол ч бий. Үнэ цэнэтэй хүний эрх эзэндээ очоогүй учраас, үнэ цэнэтэй баялагтаа үнэ тогтоох эрхээ манай иргэд эдэлдэггүй учраас манай орны үнэ цэнэтэй бүхэн үнэ цэнэгүй байна. Үнэ цэнэтэй баялгаа үнэлэх эрхийг орон нутагт, иргэддээ өгье. Билчээрээ үнэлэг, гол усаа үнэлэг. Говьд худгуудаа үнэлэг, баян бүрд, заг, бударганаа үнэлэг. Хангай нутгийнхан халзан хүн шиг болсон монголын толгойд байгаа хэдэн модоо үнэлэг, ан амьтнаа ч үнэлэг. Баялаг гэж үзсэн бүхнээ үнэлэг.

Ийм эрхийг нь иргэддээ өг л дөө. Энэ эрхээ эдлээд орон нутагтаа эрх ашгаа хамгаалж, хууль шударга ёсыг сахиулж тэд хүн шиг, эзэн нь шиг амьдарцгааг. Эрх нь зэвсэг болоогүй иргэд тэмцлийн өөр хэлбэр хайж хэрэгт орчих гээд байна. Бид чинь иргэн бүрээ боломжит гэмт хэрэгтэн гэж хардаг биш, иргэн бүрээ улс үндэснийхээ гол баялаг гэж хардаг нийгэм байгуулж байгаа төр засаг шүү дээ. Дээрхи зарчмаар иргэд нь эрхээ эдэлж үүргээ хэрэгжүүлэх ёстой. Манай хууль шүүхийн байгууллага ч иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хатуу манах ёстой. Ингэж Монгол Улсад хууль шүүхийн байгууллага иргэншиж, иргэндээ үйлчилдэг нийгэм төлөвшиж, төр тойрсон хэл ам, авлига хүнд суртал арилна.

Би саяхан Төв аймгийн Баянчандмань суманд манай иргэд сайн дураараа хэлэлцэж ярилцаад, нэгдэж нийлээд өөрсдийнхөө өмнө тулгамдаж буй олон асуудлаа шийдвэрлэж байгааг харлаа. Тэтгэврийн ахмадууд, санаачлагатай иргэд хоорондоо 100, 200 төгрөг нийлүүлээд нэгэндээ туслаж ногоо тариад, хадлан тэжээл бэлдээд, хашаа гудамжаа тохижуулаад, мод тарьчихсан, сүүдрэвч барьчихсан, усан оргилуур хийчихсэн байж байна. Гудамжиндаа зүлэг ногоотой, хүүхдийн тоглоомын талбайтай болчихож. Ийм санаачлага олон аймаг, хот суурин, сумдад өрнөж байна.
Би бүр эдгээр иргэд, “Хуримтлалын бүлэг”-ийн үйл ажиллагааг дэмжиж орон даяар өрнүүлэх тухай зарлиг гаргасан. Тэдний хийж байгаа ажил, гаргаж байгаа санаачлага, бие биенээ дэмжиж байгаа дэмжлэг бол сонгуулийн үеэр нэр дэвшигчид уралдаж хийдэг кампанит тохижилтоос хүмүүст хамаагүй өгөөжтэй үлдэцтэй байна. Учир нь тэд өөрсдөө өөрсдийнхөө гараар санаачлагаар юм бүтээж байна. Ажил хийж байна. Тэнд хаягдалгүй бие засах газраас авахуулаад утаагүй түлш хүртэл хийж хэрэглэж байгаагаа харуулж байна. Энэ бол эрх чөлөөт нийгэмд эрх чөлөөт иргэд нэгдэж гайхамшиг бүтээж болдгийн нэг л жишээ.

Суурин иргэншилд байдаг хоршиж ажиллах соёлоос манай иргэд жаахан хөндий нь үнэн. Нэгэнт олон хүнтэй суурьшил бий болбол тухайн орчинд үүсэж буй харилцааг зохицуулах дүрэм, нийтийн гэрээ хэрэгтэй. Манай улсын засаг захиргааны анхан шатны нэгжээс энэ соёл эхэлбэл сайн. Хотод гудамж, хороо бүр, хөдөө баг сум бүр иргэд нь хэлэлцэж баталсан дүрэмтэй байвал сайн. Энэ нь тосгон суурин, дүүрэг, аймаг, хот, нийслэлийн хэмжээнд хэвштэл удах байх. Нийгмийн бүх харилцаанд хууль хүрч, зохицож үйлчлэх амаргүй. Харин хүний суурьшлын харилцааг хүмүүсийн тогтоосон дүрэм журам, гэрээгээр зохицуулж болно. Тэнд хаана хашаа, гэр байшин барих, зам харгуй яаж явах, ямар баялгаа яаж ашиглах хамгаалах, юу нь хувь хүний, юу нь нийтийн эрх ашиг болох бүх л харилцаа байдаг. Иргэд ингэж сурвал эрхээ ч хамгаалж, үүрэг хариуцлагаа ч үүрч чадна. Иргэдээ хамгаалсан ийм дүрэм хамгийн сайн хэрэгжинэ.
Зарим хуулийн хэрэгжилтээс замын дүрэм арай дээр байдаг гэдэг. Дүрэмгүй амьдрал утгагүй. Сум, суурин бүрийг дүрэмтэй байхыг төрөөс дэмжих хэрэгтэй. Та нар иргэншсэн аль нэг оронд очоод “манай хот аймаг, сум, тосгон дүрэмгүй” гээд хэлээд үз. Нэг л хариу сонсох байх. “Жинхэнэ зэрлэгүүд” гэсэн. Ардчилсан, иргэншсэн орон юм бол бид иргэдийнхээ гарт ингэж иргэнших, иргэд өөрсдөө өөрсдийнхөө амьдралыг зохион байгуулах эрхийг нь өгч аргыг нь зааж туслах ёстой. Болж өгвөл таарсан санхүүгийн дэмжлэг бүр нүдээ олно.

Иргэддээ иргэншсэн соёлтой байдлаар амьдрах боломжийг нь эдлүүлэхийн тулд эхлээд үндсэн хөрөнгийн татварын хувь хэмжээг уян хатан тогтоож тэр мөнгөө олж авах эрхийг нь тэдэнд өгчих. Орон нутгийн захиргаанд нь зарим зардлаа тэндээс санхүүжүүл гэж ч хэлж болно. Тэд хүн унтдаг байр байтугай, нохой хэвтдэг хайрцгийг хүртэл бүртгээд татвар авна. Том хөрөнгөтэй нь том байшинтай нь өндөр, бага хөрөнгөтэй нэг амбаартай нь бага л татвар төлнө. Байршлаар нь татвараа тогтоочих. Тухайлбал Улаанбаатарын төв, ашигтай байршилтай үнэтэй өндөр байшинтгууд өндөр татвар төлөг. Зах руу болоод, хэн ч сонирхдоггүй газар хөрөнгөтэй бол билэгдлийн шинжтэй татвар төлөг. Сургууль, эмнэлэг спортын барилгууд татвараас чөлөөлөгдөг. Зөвхөн ийм бүртгэл, ийм систем бүрэн ажиллаад эхэлбэл хотын төвлөрөл түгжрэл, авлига хүнд суртал тойрсон олон ужиг асуудал өөрөө шийдэгдэнэ. Орон нутаг, хүмүүс удирдлага нь татвартай мөнгөтэй харьцаад ирэхээр хариуцлагатай болно. Асуудлаа өөрсдөө шийднэ. Төв рүү, дарга руу харж бухимдахаа байна. Би асуудлын шийдлийг ингэж харж байгаа.
Төрийг тойрч, засаг захиргааны нэгжийг тойрч асуудал төлөвлөхөө боль. Бүхнээ хүн тойрч төлөвлө. Засаг даргын Тамгын газар бол Засаг даргад үйлчилдэг газар биш. Иргэдэд үйлчилдэг Засаг даргын үйлчилгээний газар. Цаашдаа бид засаг даргаас захирагчийн тогтолцоо руу, засаг захиргааны нэгж, төрийн төв байгууллага тойрсон тогтолцооноос хүн тойрсон, иргэнээ тойрсон, тэдэнд үйлчилдэг тогтолцоо руу шилжих хэрэгтэй. Төр, засгийн бүх байгууллага, хууль шүүхийн байгууллага ч энэ тогтолцоо, энэ тойрогт орох хэрэгтэй. Асуудлыг ингэж харвал бид биесээ асуудал гэж харахаа болино. Хэн нэгний барьцаанд байгаа юм шиг ядаргаатай, яршигтай байдлаар ажиллаж амьдрахаа болино.

Эрхэм гишүүд ээ!

Ам нээвэл уушиг нээ гэдэг. Та нараас би МАХН, АН-ын 2008 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-г олж авч үзэхийг хүсье. Анх ямаршуухан бодол байр суурьтай, юу бүтээж ямар асуудлууд шийдэх гэж хамтарснаа харцгаа. Одоо хүртэл хүчин төгөлдөр энэ баримт бичигт хүмүүсийн хүсэн хүлээгээд байгаа нилээд зүйлийн санаа ажил хэрэг болохоор туссан байгаа. Ойрын 10 жилд Монгол Улсын үндэсний нийт бүтээгдэхүүн жил бүр доод тал нь 10 хувиас доошгүй өсөж магадгүй байна. Монгол Улсад мөнгө хурц асуудал биш болох нь. Харин тэр мөнгө хэний сайн сайхны төлөө зарагдах нь асуудал. Гэхдээ энэ боломжоос манай ард иргэд л хожих ёстой. Бид хүндээ хөрөнгө оруулалт хийх ёстой. Юуны түрүүн иргэнийхээ эрүүл мэнд, боловсролд хөрөнгө оруулалт хийе. Шаардлагатай байгаа сургууль, цэцэрлэг, эмнэлэгээ барих, засвараа хийх мөнгийг нь өгье. Энэ ажлыг орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжээр нь хийлгэе. Хөвсгөлийн нэг суманд эмнэлэг барих тендерийг тэнд байгаа иргэд, аж ахуйн нэгж мэдээгүй байхад Улаанбаатарт нэг компани авсан байдгийг зогсоо.
Монголын алс хязгаар хөдөө нутаг эзгүйдээд хүмүүсийн ажил амьдрал дордоод байгаа нэг л шалтгаан бий. Тэнд ажлын байр бий болгодог, хүмүүс ажилтай, орлоготой болдог тэр бизнесийг нь төвөөс дэмжихгүй байна. Орон нутаг, алс хязгаарт бизнес амиллахгүй байна. Тэнд мөнгө очихгүй байна. Боломжийг нь бүрдүүлэхгүй байна. Монголд мөнгө дагасан амьдрал яваад байна. Мөнгөө дагаад эрх мэдэл нь төвлөрөөд байна. Мөнгөө иргэд рүүгээ, орон нутаг руу шилжүүл. Мөнгөө дагуулаад эрх мэдлийг шилжүүл. Монголд байгаа 5 төгрөг тутмын 5 төгрөг Улаанбаатарт яригддаг биш 5 төгрөг тутмын 4 төгрөгнийх нь хувь заяа орон нутагт шийдэгддэг байг. Мөнгө, эрх мэдэл дагасан төвлөрсөн завхрал, түүнийг дагасан бухимдал, муу хэл ам ч сарнина.

Хэдэн оюутнаа цалинтай болго. Эмч, багш нараа бүгдийг нь байртай болго. Тэр байраа тухайн эмч, багшийн байгаа суугаа газрынх нь хүмүүс, аж ахуйнууд бариг. Мөнгө байгаа. Мөнгийг нь өг. Жил бүр Монголд монгол хүний хөгжил, Монгол улсын нэр хүндэд хамаатай нэг том бүтээн байгуулалт хийе. Нэг жил стадион баръя. Нөгөө жил номын сан, театр баръя. Бас спортын иж бүрэн ордонгууд баръя, эмнэлэг сургууль, цэцэрлэг, дотуур байр баръя. Түүх дурсгалаа дээдэлсэн цогцолбор баръя. Энэ жилээс эхлээд нэг нэгээр нь төсөвт суулгая. Наад зах нь энэ жил бүгдийнх нь зургийг чанартай хийх мөнгийг суулга. Ингэж мөнгийг цөөн хүнд сурталтнуудын халаасанд биш хүмүүсийнхээ сайн сайханд зарцуулж байж Монгол улс хөгжинө, дэвжинэ. Удахгүй Их Хурал төвлөрсөн төсвийн хэлэлцүүлэг хийнэ. Манай төр засгийг шоолдог баалдаг олон шог үзэгдлийн үндэс энд байдаг юм. Нэг л их буян амалсан, ард түмнээ бодсон яриа өрнөнө. Бас биесээ буруутгана. Үүрэг өгнө. Хууль тогтоол батална. Удахгүй сайхан болно гэж ярина. Гишүүд засгаас юу шаардахаа мэднэ. Засаг яаж аргалахаа мэднэ. Зальжин сайд нь хаана ямар мөнгө нууснаа, яаж ашиглахыг нь хэлж өгнө. Төсвийн хэлэлцүүлгээс сайн зүйл, том дэвшил хүлээхэд хэцүү. Хориг тавиад ч үг сонсох биш. Гэхдээ та нарт нэг юм хэлье. “Улсын мөнгө идчих бий” гэж эх эцэг чинь, сонгогч иргэд чинь санаа нь зовж ярьж байдгийг сонсоорой.

Увсын Түргэн сумын хүн эмнэлгийн тэрэгний хэдэн дугуй ирэх жил хагарах, түүнийг яаж нөхөх, сэлбэх тухай энэ танхимд ярихаа боль. Ийм ярианаас ард түмэн залхаж байна. Төсвийг төвлөрүүлж төлөвлөж байгаа, хувиарлаж байгаа нэрээр ил далд төсвөөс, ард түмнээсээ хулгай хийхээ Их Хурлын гишүүд өөрсдөөсөө эхэлж зогсоо. Тэр ярих, хувиарлах, зарцуулах, хянах эрхийг нь иргэддээ өг, орон нутагт өг.

Ард түмэндээ, эд баялагтаа ч эзэн, эрх үүрэгтээ ч эзэн байх боломжийг олго. Эрдэнийн хувиа эзэмших эрхийг нь иргэддээ нээж өгөөрэй. Энэ бол мал, газар, орон сууцны хувьчлалын дараахь иргэн хүн хамгийн чухал өмчдөө эзэн байх боломж юм шүү.

Монгол оронд мал аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулдаг нийлүүлдэг орчин цагийн тогтолцоо бүрдүүлэх рүү хөрөнгө хий. Малчид, иргэдийнхээ хоршиж ажиллах боломжийг нээ, урамшуул. Хөдөө хотгүй иргэдийг үнэ хөөрөгдсөн ченжүүдийн гараас салга. Ирэх оны өдийд гэхэд ажил хийе гэж хүссэн Монгол Улсын иргэн бүр ажилтай болсон байх ёстой. Цаашдаа иргэддээ төр нэг бодлогыг тодорхой зарлая. “Та ажил хий, ажил хийсний чинь төлөө мөнгө өгье” гэж хэлье. Иргэн хүн ганц нэгээрээ ч, нийлээд ч ажил хийж л байгаа бол мөнгө авдаг байг.

Монгол улс нийгэмдээ шударга ёсыг бэхжүүлэх, иргэдээ эрх мэдэлжүүлэх, ардчиллынхаа чанар чансааг сайжруулахад мөнгө зарах цаг болсон. Цаашдаа төрийн байгууллагын төсвийн санхүүжилт багасаж, төрийн бус байгууллагын төсвийн дэмжлэг өсөх ёстой. Нийтэд тустай үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааных нь зардлыг төр өгөх хэрэгтэй. Зүүн аймагт гараад байгаа шүлхий өвчний асуудлыг шийдэхийн тулд тэнд байгаа төрийн бус байгууллага, иргэдийн санаачлагыг төр дэмжиж тэр их мөнгөнөөсөө өгч, үр дүн шаардсан бол өөр дүр зураг харагдах ч байсан байж магадгүй. Манай төр улаан гараараа өвчин, зовлонтой тулж хүнд ажил хийж байгаа иргэддээ гар татдаг атлаа, чанаргүй бүтээгдэхүүн, вакцин шахагчдыг уралдуулж мөнгө цутгах юм.

Иймэрхүү увайгүй үйлдлийг хүмүүс хараад үзэн ядаж байна. Өнөөдрийн төрийн ачааны 80 хувийг манай иргэд, иргэдийн үүсгэл санаачлагын байгууллагууд үүрээд явж чадна. Төрийн хийж чадаад, оролцоод байгаа ажлыг иргэдээ хийж чадахгүй гэж хардаг төр бол харалган төр. Энэ байдлыг өөрчлөх хуулийг би санаачилна. Дэмжиж өгөөрэй.

Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих нь чухал гэж манай засаг ойлгожээ. Ингээд түүнийг дэмжих төв байгуулжээ. Төв байгуулах мөнгөө гаргасан атлаа, төвийн үйл ажиллагааных нь зардлыг хэмнэж гар татжээ. Түүний оронд жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв байгуулахыг иргэддээ уриалаад сайн чанартай үйлчилгээ үзүүлж байгаа төвд нь шалгуур тогтоогоод үйл ажиллагааных нь зардлыг төрөөс өгчих.

Би төрийн нэр хүнд нийгэмд унаж байгаад Та бүхэнтэй адил санаа зовж байна. Төр өөр аргаар ажиллаж болно. Төр нэр хүндтэй байж болно. Тийм боломж байна, тийм шийдэл байна гэдгийг л би хэлээд байгаа. Иргэддээ, үүсгэл санаачлагынх нь болон мэргэжлийнх нь байгууллагууддаа төр засаг ажил өгөхгүй бол тэд ажил хийж сурахгүй. Манай нийгэмд хариуцлагын тогтолцоо, иргэншсэн харилцаа тогтохгүй. “Бизнесийн орчинг сайжруулах жилд” бизнесийн орчин муудаж байгаа тухай Худалдаа аж үйлдвэрийн танхимаас мэдэгджээ. Бодит байдал ийм л байна.
Э.Бат-Үүл гишүүн 2 жилийн өмнө ярьж байсан. Манай авлигачид өнгөрсөн хугацаанд ард түмэндээ очих байсан 3 тэрбум долларын хөрөнгө завшжээ. Энэ бол 40 жил Монголын бүх хүүхдэд өгөх мөнгөтэй тэнцэнэ гэж. Хэрэв төрийн энэ хүнд суртал нүсэр бүтцийг өөрчлөхгүй бол ойрын жилүүдэд авлигач төр, түшмэдүүддээ төлж ирсэн монголын ард түмний төлбөр олон дахин өснө шүү.

Төр улсынхаа бүх ажлыг хийх албагүй. Иргэд нь ажлаа хийдэг, төр түүнд үйлчилдэг л байх ёстой. Ингэх юм бол төр өөрөө 5 тэрбум төгрөгний ээмэг барьчихсан мал руугаа гүйж явах хэрэггүй. Гэтэл сумынх нь эмнэлэгт боломж байхгүй учир малчин шингэнээ барьчихсан шинжлүүлэх гээд аймгийн төв рүү явж байна. Хаана хэнд хөрөнгө мөнгө хэрэгтэй байгаа нь эндээс харагдаад байгаа юм.
Төрийн олгодог бүх зөвшөөрлийг олгох, цуцлах эрхийг мэргэжлийн болон иргэдийн үүсгэл санаачлагын байгууллагад өгчих. Тэдэнд төрөөс тавих шаардлага, стандартын тухай сургалт явуул. Үйл ажиллагааных нь зардлыг төр тодорхой, ил тод шалгуурын үндсэн дээр өг. Маргаашаас эхлээд төрийн тэр эрх мэдэл тойрсон авлига, хүнд суртал алга болно. Монголын ажил хэрэгч хүмүүс, иргэд төрдөө баярлана. Төрийн нэр хүнд өснө. Төрийн стандарт, ил тод шалгуур нь хөгжлийн хөшүүрэг болж хувирна. Монгол улс эрх ашгаа тухайн ажил үүрэг гүйцэтгэж байгаа иргэдээрээ, тэр шударга шалгуур стандартаараа дамжуулаад хамгаалчихна, илэрхийлнэ. Төрийн үйлчилгээ, нэр хүнд бүх газар сайжирна. Иргэдийн эрх ашиг хангагдана. Аюулгүй байдал хангагдана.

Ноднин 2010 оны төсвийн тодотгол хэлэлцэх үеэр Д.Дэмбэрэл дарга парламентын сэтгүүлчдийн нэрлэснээр “бүсээ чангалах” захирамж гаргаж байсан. УИХ-ын гишүүн Ч.Улаан тэргүүтэй ажлын хэсэг гарч төсөвт байгууллагуудын орон тоо, зардлыг танах, дэд сайдууд, яам агентлагийн давхардсан орон тоо албан тушаалтнуудыг цомхотгох тухай санал ч гарч байсан. Нөгөө найр тавьсан, хяналтгүй засаг нь түүнийг хэрэгжүүлэхээс зүрхшээсэн. Одоо бүр “Монгол мал” хөтөлбөрийн дагуу мянга мянгаар нь төрийн албан хаагчдын тоог нэмэх эсрэг саналыг Засаг гаргаж байгаа сурагтай. Дэлхий даяар засгийн газрууд төрийн албыг цомхон болгох зоримог шийдвэр гаргаж байхад манайх яаж байна!

Ер нь манай Засгийн агентлагууд дотроос Тагнуул, цагдаа, хилийн цэрэг, зэвсэгт хүчнээс бусад төрийн агентлагуудын бүтэц санхүүжилтийг орвонгоор нь өөрчилж, тэдгээрийн олонхи нь мэргэжлийн холбоод, нийгэмд үйлчилдэг иргэдийн байгууллагуудтай өрсөлдөж үйл ажиллагааныхаа зардлаа төрөөс олж авдаг, эс чадвал татан буугдах зарчимд шилжих ёстой. Төрд өөрт нь байгаа төсвөөс санхүүждэг бүх үйлчилгээ гэрээнийх байж болно. Хэрэв энэ удаагийн Их Хурал, Засгийн газар төрийн байгууллагуудын бүтэц, санхүүжилтэд эрс өөрчлөлт хийж амжимгүй бол тэр тухай хуулийг нь гаргаад 2012 оны 7 дугаар сарын 1-нээс хэрэгжүүлж болно. Нийгэм, төр, хүмүүстээ уг өөрчлөлтөд бэлдэх ийм хугацаа өгье.

Төсөв, төрийн байгууллага гэснээс Хөрөнгийн бирж, МИАТ хоёрынхоо асуудлыг хурдан шийдээрэй. Монгол улсад нээгдэж болох олон боломжийн хаалгыг энэ хоёр байгууллага тагласаар байна. Мөн 5 дугаар цахилгаан станцаа хурдан барьж эхлэхгүй бол эрчим хүчний ноцтой дутагдалд бид орж магадгүй байна. Манай Их Хурал, Засгийн газар өнөөдрөөр парламентын 20 жилийн хүндэтгэлээ өндөрлөөд, маргаашаас ирэх 20 жилийн улс орныхоо хөгжлийн суурийг тавьж эхлэхийг хүсье. Үүнд зориулж би түрүүчийн зарим санааг хэллээ.

Хөгжиж байгаа орнуудад ойрын жилүүдэд нэг хүндрэл бий болох нь. Арай гэж хөл дээрээ зогсож ядаж байгаа дундаж анги, амьдралаа болгоод байгаа иргэдэд ирэх ачаалал нэмэгдэх нь. Хамгийн ашигтай бизнесийг төр засаг эсвэл үндэстэн дамнасан корпорациуд хийх нь. Харин хамгийн өндөр хүүтэй зээл, хамгийн үнэтэй мөнгө, хамгийн ашиггүй ажил жирийн иргэдэд, үйлдвэр үйлчилгээ, жижиг дунд бизнес эрхлэгчдэд ноогдох нь. Өрмийг нь төр, гадныхан хоёр хамтарч хамж, хусмыг нь ядуу жижгүүд булаацалдах нь. Ингэж нийгмийн хөгжил дэвшил, тогтвортой байдлыг бүрдүүлэгч дундаж анги төр том аж ахуйнуудад хоёр талаасаа шахагдаж агших нь. Энэ бол баялагтай бөгөөд нээлттэй ядуу буурай, хөгжиж байгаа орнуудад тохиолдож байгаа шинэ асуудал. Үүнийг бид онцгой анхаарч, үндэснийхээ хууль тогтоомж, бодлогодоо тусгах хэрэгтэй. Энэ үгийг би Европын төв Брюселльд сарын өмнө хэлсэн. Одоо энэ танхимд хэлчихье.

Эрхэм гишүү дээ!

Би үгээ сайн мэдээгээр өндөрлөе. Саяхан ОУВСангийн төлөөлөгчид надтай уулзсан. Манай оронд валютын сангийн хөтөлбөр иж бүрнээр амжилттай хэрэгжиж дууссан тухай мэдээлсэн. Монголын энэ амжилт манай бүс нутагт, өнгөрөгч хориод жилд шилжилт хийсэн улс орнуудын дотор ч ховорхонд тооцогддог юм байх. Юу ч болов Монголчууд улс орныхоо цаашдын хөгжлийн асуудлыг олон улсын санхүүгийн байгууллагын хөтөлбөр туслалцаагүйгээр бие даан шийдээд явах чадвартай болсон гэдэг үнэлгээ бол яах аргагүй сайн мэдээ.
Өөрөө өөрийгөө толгой даагаад аваад явах чадавхи манай нийгэм, эдийн засаг, хувийн хэвшил, мөнгө санхүүгийн орчинд бүрэлдэн бий болж байна. Ойрын өдрүүдэд тэрбум доллараар тооцогдох хөрөнгө эргэлдүүлэх боломжтой хувийн аж ахуйн нэгж манай улсад гарч ирж байна. Шалгуур өндөртэй олон улсын банк, санхүүгийн байгууллагаас манай үндэсний компаниуд дэмжлэг авч тийм стандарт түвшинд хүрсэн нь сайн хэрэг. Монголчуудын, ялангуяа манай залуу үеийнхний сэтгэхүйн цар дэлхийн дундажаас дутахгүй болжээ. Ирээдүйдээ итгэх, өөртөө итгэх, амжилт дэвшилд хүрэх хүмүүсийн урам зориг итгэл нэмэгдэж байна. Спортын, бизнесийн, урлагийн шинэ шинэ амжилтууд сонор мялаах боллоо. Хамгийн гол нь монголчууд шинэ сонголтынхоо 20 жилийн өндөрлөгт гарчихаад амжилт ололт, алдаа дутагдал, зовлон бэрхшээл, тэдгээрийн шийдэл гаргалгаа, шинэ шинэ боломжуудын тухай зовхи өөдрөг хэлэлцэж байна.

Би улс орныхоо, ард түмнийхээ ирээдүйд итгэлтэй байна. Манай орны бүх сайн сайхан, хөгжил дэвшлийн баталгаа бол эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэгч Монголын ард түмэн. Өөрийн хүч боломждоо итгэсэн, нийтлэг үнэлэмж эрх ашигтай, чөлөөт нийгмийн мөн чанарыг мэдэрсэн, тэнд байх байр сууриа таньсан хүмүүс бол манай нийгмийн хамгийн том хүч. Тийм ард түмний өмнө ямар ч хүнд суртал, ямар ч мугуйд албан тушаалтан, бурангуй систем хүчин мөхөсдөх болно.

Анхны ардчилсан байнгын ажиллагаатай парламент үүсэн байгуулагдсаны түүхт ой тохиож байгаа энэ өдрүүдэд би Монгол улсын төрийн тэргүүний хувьд нэг дүгнэлтийг нүүр бардам хэлж чадна. Энэ бол “Монгол улсад парламентат ёс төлөвшин тогтож чадлаа. Парламентат ёс бол монгол түмний нийтлэг эрх ашигт нийцтэй болох нь нотлогдлоо. Парламентын ардчилал нь иргэдийн төлөөллөөс иргэдийн оролцоогоор улам төгөлдөршинө” гэсэн дүгнэлт юм.

Монголчууд төрт ёсны ариун баялаг уламжлалтай. Тэр тусмаа “бүгдээрээ хэлэлцвэл буруугүй” гэдэг иргэнлэг, шалгагдсан зарчимтай. Монголын тулгар төрийн 2220 жилийн ойг бид ирэх 2011 онд тэмдэглэнэ. Бид тулгар төрийнхөө мянганаар тоологдох түүхийн сүүлийн 20 жилийн тухай энэ өдрүүдэд хэлэлцлээ. Ард түмэндээ амжилт хүсье.

Монголын тулгар төр мөнх орших болтугай.

2010.10.20.

Oct 13, 2010

Хурц

Монгол орон мундаг тагнуулчтай, муу удирдагчтай юм байна. Ийм дүгнэлтийг сүүлийн саруудад хийж болж байна. Чи тагнуулдаад, бариад ир гэдэг харин дараа нь тагнуулчаа гадныханд барьж өгдөг дэлхийн хаана ч байхгүй сонирхолтой тогтоцтой ажээ. Монголын тагнуулчид сайн тооцож чаддаг, хулгайлж ч дөнгөдөг. Хулгай хийсэн газар нь Европ!!! Сийрэг ухаантай, аливаа зүйлийг МОНГОЛЧИЖ чаддаг авъяас Монголчуудад бий. Угаасаа Монголчилох үзэгдлийг Монголчуудаас өөр хэн хийгээ аж. Гэхдээ энэ бүхэнтэй хамаатайгаар, мөн хамааралгүйгээр нэгэн зүйл нуугдаж байна. Нуугдах юу байхав нуугаад байна л даа. Монголын тагнуулч байсан Хурц гэдэг хүн Англид баричлагджээ. Яахав тагнуулч байжээ гэж хэлсний учир төрийн бас чамлахааргүй албан тушаалтай, айлчлал хийж байгаад баригдсанд оршино. Үнэндээ тагнуулч хэвээрээ ч юм билүү хэн мэдлээ. Англичууд барьснаар мартагдсан асуудал сөхөгдөв. Хүний хулгайн хэрэг сөхөгдөхтэй зэрэг, хүн амьний хэрэг, хэлмэгдүүлэлтийн хэрэг ч дагаж сэргэв. Хүн амьний хэрэг нь улс төрийн аллага гэх С.Зориг агсны хэрэг. Хэлмэгдүүлэлтийн хэрэг гэгч нь дээрх аллага илрээгүй, жил бүр яригддаг болхоор, илрэх битгий хэл зөв гольдролдоо ороогүйгээс энэ хэрэгт холбогдож шалгагдан байгаад шал өөр хэргээр шүүн таслуулсан хэлмэгдсэн хэрэг билээ. С.Зоригийн хэргээр яллагдаагүй ч энэ л зүйлээс болж ороогдсоноос нас барсан хүн.

Монгол хүмүүс гэж тун ч хүн муутай улс юм. Нэг хэсэг Хурц гэж шуугиснаа шүүх хурал нь 11 сар хүртэл хойшлогдсон гэмэгц тэр хүртэл нь мартахаар шийдэв. 10 сарын 2 нь болж С.Зоригоо дурссан ч маргааш нь энэ хэргийг мартав. С.Зориг, Хурц зэргийн хэрэг, асуудал үүсэн байхад энэ хэргээс л болж амиа алдсан МОНГОЛ УЛСЫН ИРГЭН Энхбат хэмээх хүнийг дурссан нь тун цөөн. Бид ийм л хүмүүс...

Тун амиа бодсон талаас нь харъя л даа. Энхбат биш чи өнөөдөр харь оронд амьдарч байхад чинь, хулгайлж авчраад эрүүдэн шүүгээд хүчээр хэргийг чинь хүлээлгэсэн бол ямар байх вэ. Энхбат та хоёрын дунд ямар ялгаа байна? Тэр биш чи байсан бол, түүний дараа чиний ээлж болвол...

Үүнээс дээгүүр бодвол бидэнд хүн чанар байгаа болвуу? Арьсаа хамгаалсан бэртэгчингүүдээр толгойлуулсан, бид хаашаа явж байгаа вэ?

Sep 27, 2010

МАСЗХ=НАМЗХ

МАСЗХ гэх МАХН-ы доорх залуучуудын байгууллага байх. Энэ байгууллага яагаад өнөөг хүртэл амь бөхтэй оршоод гишүүнээр тасардаггүй юм болоо гэж боддог юм. Алга болох, татан буугдах хэд хэдэн ноцтой шалтгаанууд гарч ирсээр атал намын доор байдаг гэх халхавчаараа оршсоор байдаг. Энэ талаар нэг бичье гэж бодоод байтал энэ байгууллагын талаарх дахин таагүй мэдээ гарчээ. МАСЗХ маань НАМЗХ гэж нэрээ сольсон билээ. Удирдах зөвлөл, дарга нар нь өөрчлөгдөж намын удирдлагын улыг хэн сайн долоох вэ, тэр цаашаа дэвшинэ хэмээх уралдаан цааш үргэлжилсээр...

Залилан, хүн амины хэрэг гэх мэтээр гэмт хэргийн ертөнцөд байраа эзлэн буй, мөн нийгэм дэхь нэр хүндээ овилгогүй залуус, унхиагүй үйл ажиллагааны буянаар үгүй хийдэг энэ байгууллага оршин байх хэрэг байна уу гэх бодол эдэнтэй холбоотой таагүй мэдээ бүрт дагадаг. Гэхдээ яагаад оршин байдаг, яагаад шинэ гишүүнээр тасардаггүй нь ч тодорхой. Угаасаа цааш явах замын гараа нь энэ холбоо болохоор тэр биз. Үнэнч, намынхаа төлөө юу ч хийхээс үл буцах, жагс гэсэн газар нь жагсаж, өг гэсэн ярилцлагын өгч, өргө гэсэн хандивын өргөдөг хүн хаа ч хүрж чадна. Өргөх хандив нь өөрийн халааснаас гарахгүй ч байсан болно. Учир юу гэвэл байгаа мөнгөө, зээл аваад, хүнээс гуйгаад юу ч гэсэн өгчих дараа нь харин албан тушаал авна, иднэ ууна ашгаа хүртчинэ. Уучлаарай гэхдээ үнэн нь энэ. Би энэ холбоонд үнэхээр Монголын залуучуудын топ төлөөлөл бий гэж хэлж чадахгүй. Улсаа худалдаж чадах, ханасан үнэ өгвөл зарахгүй гэх зүйлгүй хүмүүс цугласан хүмүүсийн олонлог гэж хардаг. ЭБ гуай энэ байгууллагыг хөл дээр нь босгосон доо хөөрхий. Тэр хүний хийж өгсөн үйл ажиллагааны системээр өнөөг хүртэл явж буй. Өнөөг хүртэл тэр замаар нь явж буйдаа ч одоог хүртэл амьдраад буй. Аугаа хүн юм даа тэр хүн, аугаа байгууллага юмдаа энэ байгууллага.

Sep 22, 2010

Жийлцээн

Ардчилсан нам орон дотроо хөрвөөх болжээ. 12 оны сонгууль дөхсөнийг хэлэхүү. Хөрвөөж байснаа сүүлээс орон дотроо жийлцэж эхлэх шивдээ. Үүл гишүүн нийтлэл бичихээсээ хэрүүл хийх нь ихсэж Эрдэнэ тэр хоёр хэвлэлээр муу муухайгаа сайхан дуудалцав. Эндээс Эрдэнэ олон дайсантай, олонд нэргүй нэгэн бололтой. Бат-Үүлийн араас Баабар нэмээд гөвөөд өгөв. Удсанчгүй Нийслэлийн ардчилсан намын хорооны хурал гэгч болоод Нийслэлийн намын даргаа унагав. 58 хүн өгснөөс 60 саналын хуудас гарч ирсэн гэх чимээ чих дэлсэх. Түвдэндорж гэх нөхөр ганцаар гарч ирэн ялж ч байх шиг. Цөөхүүлээ цуглаад булагнаад дуусгав бололтой. Хамгийн ардчилалтай нам гэх АН иймэрхүү маяг үзүүлдэг болсон бол хөөрхийлөлтэй л байна. Энэ жийлцээн, энэ хурган даргын суудлын араас хошуурах нь цаашид юунд хүргэж болох вэ? АН-ын дарга, нарийн бичиг, нийслэлийн намын дарга гурав хамгийн нөлөө бүхий хүчтэй алба бололтой. Нэгнээ унагаадаг, шаварт хутгадаг нь улс төрийн ёс ч энэ хагарал дараагийн сонгуульд өөрсдийн саналаа баллаж буйтай агаар нэг юм шиг. Энэ хагарал бутрал, фракц хоорондын мөргөлдөөн олигтой ямар ч үр дүнд хүргэхгүй. 12 онд МАХН 76-аас 72 суудал авч хүчрэх нь өнгөрсөн ч АН-ын энэ тоглолт эрчээ авбал МАХН нилээд өндөр амжилт үзүүлэх дардан зам нээгдэж байх шиг. Нэг нам хэт олонх болохын гашуун зовлонг бид хүртээгүй биш хүртэсэн ч мартаж чаддаг нь Монгол хүний зан билээ.

Цааш сонирхолтой зүйлс өрнөсөөр байх боловуу. АН нь зүүний нам болж, МАХН нь барууных болох бололтой хэхэ. Ногоон нам, Иргэний зориг нам том тоглолт хийхээсээ нэгэнт өнгөрсөн болохоор энэхүү сиймхийг ашиглаад нийгмийг хөдөлгөж чадах шинэ хүчин гарч ирвэл одоо л гурав дахь хүчин гарч ирэх боломж бий ч юм шиг. Магнай, Батзандан нар баахан мандаж байгаад УИХ-д нэр дэвших гэж байхад нь Элбэгдорж санал тавьж байсан гэдэг. АН-аас дэвшээч гэж. Мандаж явсан болохоор бараг салаавч өгөө биз. Дараа нь харин мөлхөж очсондоо. Арай өөр боломж, арай ухаалаг алхам хийж чадвал одоо 30 гарж яваа залуу хүмүүст боломж үүсээд байх шиг. Гэхдээ удахгүй хорьтнууд гуч хүрэх үе ирнэ. Тэр үед юм юм л дуулдах вий.

Sep 16, 2010

Боржигин овгийн их нагац Буриад түмэн

http://boldsaikhan.niitlelch.mn/

Монгол угсаатны олон овог аймаг дотроо хэзээний л илүү сэхээлэг, ажилсаг зангаараа буриад түмэн “Алтаргана” наадмаа сайхан хийж өндөрлөлөө. Харин энэ жил монгол төр ухаалаг байж энэ наадмыг илүү хүндэтгэлтэй дээдэлж дэмжсэн нь сайн цаг айсуйн шинж ч юм болов уу даа. Гурван улс, олон газрын буриадууд манай Ерөнхий Сайд наадмыг нээж, боловсролын яам хамтарч хийсэнд тун ч талархалтай байх шиг. Цааш цаашдаа ч гурван улсад хуваагдан зовсон зуун жилийг амсан өндийж байгаа монгол түмний хувь заяаны нэгэн тусгал болсон буриад түмний наадам зөвхөн наадам төдий биш амьдрал, ажил хэрэг, соёл хэлний их нэгдлийнх нь зөв эхлэл болох буйзаа. Анх буриад дууны наадам гэж эхэлсэн энэ наадам монголын бусад овог аймгийнхны хувьд үлгэр дууриал ч болж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ дарга, хууль зүйн сайд, ерөнхий прокурор, Монгол Банкны ерөнхийлөгч нь ойрад хүмүүс. Дөрвөн Ойрад бол монгол угсаатан доторхи хамгийн хүчирхэг овог аймаг, улс явсан түүхтэй. Буриадаас дутахгүй хуваагдаж, таслагдаж, хядуулж цөлүүлөхийн зовлонг амссан. Мандан босохын цагтаа ч төв Азийг тэр чигээр нь тэргүүлж явсан төр улсын түүхтэй их түмэн. Тэгэхээр тун удахгүй “Алтаргана”-с дутахгүй, илүү сайхан эв нэгдлийн, эргэж уулзахын, хамтран босохын их үйлс эхлэх буйзаа гэж бат итгэнэ.

Магад 2000 жилийн турш хүннү, сүмбэ, нирун, монгол угсаатанг тэргүүлж асан хунян, хуян, хаан, хиан,хиад овгийнхон 9-р зууны эхэн орчимд солигдож шинэ “боржигин” буюу “хиад боржигин” овог үүссэн. “Монголын нууц товчоо” бол 282 зүйлд хувааж болохоор зохиол байдаг. “МНТ”-ы 15% буюу 41 зүйл нь боржигин овог хэрхэн үүссэн тухай бичлэг юм. Ази, Европийн том том улс гүрнүүдийг олон жилийн хүнд дайнаар буулган авсан, эсвэл дэлхийн түүхийн голдригийг өөрчлөх асар том тулаануудын тухай ганц нэгхэн өгүүлбэр төдийгөөр товчлон бичсэн “МНТ” хэмээх их түүхэнд нэгэн их харуусал бий. Тэр нь боржигин овог-алтан ургийн эх түүх. Боржигин овгийг үүсгэсэн 2 хүмүүний нэг нь Хорь түмэдийн ноён Хорилардай мэргэний Ариг Ус хэмээх газар төрсөн үзэсгэлэнт охин Алан Гоо. Өөр нэг их олон хүний төрсөн газрын тухай эх түүхэнд ингэж нямбайлан заагаагүй. Буриад түмний үндсэн салбар болсон Хорь түмэд. Буриад охин Алан Гоо. Алтан ураг- хиад боржигиний дээд эх Алан Гоо. Тэгвэл нэгэн их харуусал гэж хэлэхийн учир нь Добу мэргэн анх ойд таарч бугын өрөөл гуяаар арилжин авч гэртээ зарах болсон малиг баягуд хөвүүний нэр түүхэнд үлдээгүй бололтой. Хиад боржигин овогийн дээд эцэг малиг баягуд хөвүүн. Нэр нь байдаггүй. Тийм ч учраас боржигин овог ихэд харуусч тэр хөвүүнтэй хамаатай өчүүхэн ч болтугай үг өгүүлбэр, үүх түүх болгоныг түүн авч “МНТ”-д бүтэн 40 зүйл болгон бичжээ. Боржигиний их харуусал. Лалын ертөнцийн төв байсан Багдадыг авсан их тулааны тухай хагас өгүүлбэр хайрласан мөртлөө Добу мэргэн ойд таарсан хөвүүнийг арилжсан бугын махыг хэнээс, хаана, хэрхэн, юу хэлж гуйж авсаныг хүртэл, хэр зэрэг их мах байсныг хүртэл бичнэ гэдэг арга барсан их харууслын шинж буйзаа. Хөвүүний нэр тодорхой бус тул малиг баягуд залуу, хорь буриад бүсгүй хоёрын бага хүү Бодончарын нэрнээс, магадгүй авгайлгаас нь боржигин овогийн нэр үүссэн байна. Хэрэв хөвүүний нэр түүхэнд үлдсэн бол түүний нэрээр монголын алтан ураг нэрлэгдэх байсан биз.

Буриад түмний нэр, түүх, Монголын дараа дараа үеийн түүхэнд олонтаа холбогддог. Гэхдээ хамгийн хүчтэй нөлөө үзүүлсэн үе нь ХХ зуун. ХХ зуунд монгол угсаатан тусгаар улс болох 100 шахам жилийн түүхэнд буриадууд хамгийн их нөлөөлсөн хүмүүс байсан. Анх 1870-д онд Санкт Петрбург хотод буриад Банзаровын санаачлагаар буриад халимаг хөвгүүдийн гимнази байгуулагдсан нь европ ул суурьтай боловсрол олсон анхны монголчууд байв. Тийм ч учраас чухам энэ оюутнууд дунд анхны тусгаар тогтнолын үзэл санаанууд эмх цэгцтэй бий болж халх, буриад, халимаг, барга руу чухам л энэ оюутнууд томилолт авсан мэт таран одож тусгаар тогтнолын үзэл санааг дэлгэрүүлсэн байдаг. Энэ гимнази ч оюутнууд нь христийн шашинд орохоос татгалзсаны улмаас татан буугдсан юм.

Дараахан нь Петр Бадмаевийн санаачлага, хувь хүний хүчтэй нөлөөгөөр Орос улс нь Гадаад Монгол, Өвөр Монгол, Барга-манжийг сонирхож алсдаа өөрийн бүрэлдхүүнд Төвд, Шинжааны хамт оруулж болох эсэхийг судлахын тулд тагнуул-эрдэм шинжилгээний экспедици илгээх болсон нь бараг 1990 онд л зогсох шивдээ. Одоогийн төмөр замын анхны зураг, төслийг ч аль 1890-д онд Петр Бадмаев л Оросын Засгийн Газар өргөн барьсан. Гэвч эцсийн эцэст олон жилийн санаачлагыг нь Оросын Ерөнхий Сайд Столыпин Думын индэр дээрэс: “энэ бол маш аюултай төлөвлөгөө байна. Оросын хэвлийд нийлсэн бүх монгол угсаатан нэг л өдөр хүчирхэг нэгдсэн монгол улс болон салан тусгаарлах болно” гэж зогсоож байсан гэдэг. 1919 онд анхны Нармай Монгол Улсын Төр буриадын нутагт байгуулагдаж тусгаар тогтнолоо зарлаж нийт монгол угсаатан: халх, ойрад, буриад, өвөрлөгчидөө дуудан засгийн газар, арми хүртэл байгуулж байсан. 1911 онд Монгол Улс байгуулагдахад ч гэсэн олон олон монгол угсаатан ирж хүчин зүтгэж байсны дотор буриадууд ихэнх байсан байдаг.

Цэвээн Жамсрано байгаагүй бол өнөөдрийн Монгол Улс байх байсан болов уу ч гэж би хаяа мунхаглан боддог юм. Анхны бага сургуулиудыг байгуулж, сурах бичгийг нь зохиож, багш нарыг нь бэлтгэж, Судар бичгийн хүрээлэн буюу ШУ-ы академийг байгуулж, үндэсний номын санг эхэлж, анхны банкууд багуулагдахад оролцож, үндсэн хуулийн эх зохиож, МАН ба МАХН-ыг байгуулж, олон улсын гэрээ хэлэлцээрүүдэд оролцож зөвлөж, ном зохиол бичиж орчуулж ер нь л Цэвээн Жамсрано голлон удирдаж зохион байгуулж соён гэгээрүүлж байгаагүй эдийн засаг, соёл, улстөрийн үйл явдал ХХ зууны эхний 30 шахам жилд ховор юм.

Яг адилхан нөхцөлд, бараг ижилхэн тооны хүн амтай ихэр юм шиг адилхан харагдах Монгол, Төвд хоёр зэрэг тусгаар тогтнолоо зарлаж харилцан элчин сайд солилцож, харилцан хүлээн зөвшөөрөлцөж байсан ХХ зууны эхэн үед энэ хоёр ард түмэн 100 хүрэхгүй жилийн дараа ийм тэнгэр газар шиг ялгаатай хувь тавилантай болох юм гэж хэн санах билээ. Олон олон хүчин зүйл байж болох авч би хувьдаа: 1. Монгол бол үеийн үед хэдэн мянган жил хүчирхэг тусгаар улс явж бусдыг манлайлж засаглаж явсан түүх, соёл, сэтгэлгээтэй үндэстэн 2. Төвдөд өөрийнх нь Цэвээн Жамсрано, Намнансүрэн, Цэрэнчимэд, Ханддорж, Дамбийжаа, Жалханз хутагт,Бодоо, Данзан, Чойбалсан, Амар, Гэндэн, Цэдэнбал, Зориг, Элбэгдорж, Баабар гээд олон баатад бүү хэл ядаж Ренчин, Чойном, Жанцанноров, Өлзийтөгс ч байсангүй гэсэн 2-хон учрыг л олж хардаг юм. Тийм ч учраас өнөөдрийн монгол ядарсан ч гэлээ тусгаар тогтнол, төр засаг, ардчилал, тэр бүү хэл дуурь, рок, сансрын нисэгч, сонгодог хөгжим, зүрхний мэс засал, цөмийн физикчид, генийн инженерүүдтэй улс шиг улс хүн шиг хүн яваа юм. Хүчирхэг, ухаалаг, сэтгэлийн хүчтэй хүний удам, ард түмний хойч үе хүчирхэг, ухаалаг, сэтгэлийн хүчтэй л байдаг.

Анхны тусгаар тогтнолын үзэл санааг түгээгчид, анхны хувьсгалчид, анхны орчуулагчид, анхны сэхээтнүүд, анхны эмч нар, анхны багш нар болох буриад түмний “Алтаргана” наадмын тухай тэмдэглэл маань их хадуурав бололтой. Гэхдээ аргагүй юмдаа. Буриадын зовлон-монголын зовлон, буриадын жаргал-монголын жаргал, буриадын амьдрал-монголын амьдрал. Гурван улсад хэрчигдэн төөрсөн буриад түмний хувь заяа монгол түмний жаргал зовлонгийн л нэг хэсэг, нэг тусгал. Харин ч тусгаар монгол улсдаа байгаа буриад түмэн маань сүүлийн нэгэн жаранд зовсон нь бага жаргасан нь их байх. Б.Бямбасүрэн, Н.Энхбаяр, С.Баяраас авхуулаад буриад хөвгүүд улс монголыг минь хүртэл удирдаж л явлаа. Сайхан байна. Сайн цаг айсуй. Дэлхийгээр нэг тарсан монгол угсаатан эх нутагтаа хуран чуулж, нийлэн наадаж, хамт амьдарч ажиллаж, ээлжлэн төр засгаа удирдаж улс монголоо сансарын хурдаар хөгжүүлэх болтугай. Тэр сайн цаг үтэр түргэн иртүгэй. Тэнгэр мэднэ.

Б.Болдсайхан эмч 2010-07-25

Жич: 1. “МНТ”-г одоогоор олон нийтэд хүртээмжтэй эх сурвалжуудаас хамгийн гол нь гэж үздэг. Мунхаг миний санахад монголчуудын үлдээсэн магад хэдэн мянган ном байдаг болов уу. Хүннү, Сяньбийн үед хэдэн зуун хүнтэй түүх, уран зохиолын том хүрээлэнгүүд ажиллаж байсан мэдээ сурвалж байдаг. Буддын сургаал анх Хор, Сог монгол угсаатан, Хүннүгээр дамжин Хятад Төвд рүү тархсан ч гэдэг. Хожмын Уйгар, Хятаны үеийн бичиг соёлын маш өндөр хөгжил магад хэдэн мянга байтугай бичиг ном туурвиж үлдээсэн байж таарна. Их монгол Улс, Юаний үед ч улс орон болгоны бичиг, шинжлэх ухааны эрдэмтэдийг ашиглаж хууль, түүх, шашин, орчуулгын том хүрээлэнгүүд ажиллаж зөвхөн түүх цадигаар гэхэд л хэдэн зуун боть ном зохиосон байдаг. Харамсалтай нь энэ олон мянган ном БНХАУ, Тайвань, лалын зарим орон: Ирак, Иран, Түрэг, Орос зэрэг улсуудын музей, сүм, номын сангуудад далдын далд байгаа болов уу. Ялангуяа Хятад, Тайвань, Орос эдгээр номуудыг гаргаж өгөх санаа ч байдаггүй биз. Хүний түүхэнд дайны хамгийн ухаалаг тушаал болох “номын санг нь эзэлж ав” гэсэн зарыг Юань улсын эсрэг боссон улаан алчууртаны бослогын удирдагч өгсөн байдаг. Дараа нь түүх соёл, гарал үүсэл, дүр төрхийг нь өөрсдөө зохион доромжилж, үгүйсгэж байхад амар гэж санаа биз. Одоо 21-р зуунд ч ийм аймшигтай хэдэн зуун, мянган жилийн алсыг харсан тушаал гарахгүй биз. Арга ч үгүй юмдаа. Монгол Хятад хоёр шиг тасралтгүй 4000 жил дайтсан түүх дэлхийд өөр байх биш.

Хар лам Кафаровын олсон “МНТ” бол Мин улсын түшмэд сайд нар нэг хэсэг монгол хэл, хууль, түүх шимтэн үздэг байсан тул монгол хэл сургах зорилгоор ханзаар галигласан аль нэг түүхийн номын л хуулбар галиг ноорог төдий байсан. Магад бүрэн ч биш байсан биз. Тийм галиг үсгийн ноорог төдий тулдаа Манжийн хааны номын сангийн ил хэсэгт хөглөрч байгаад хар лам Кафаровын нүдэнд өртөө биз. Тэрнээс биш харь орны, харь шашны ламыг юу гэж номын сангийнхаа үүх түүх эх сурвалж хадгалсан хэсэгт оруулж ном өгөх вэ дээ. Энэ ноорог галигийг гадагш алдсандаа том ч сургамж аваа биз. Дахиж монгол ном цухуйлгахаа больсондоо. Монгол Улс, монгол хүнд хэдэн мянганы агуу түүх соёлыг нь таниулж болохгүй, харанхуй бүдүүлэг нүүдэлчин байсан л гэж гүрдэх хэрэгтэй гэж санадаг биз. Лу “Алтан товч”, “Цагаан түүх”, “Гангийн урсгал”, “Богд баатар биеээр дайлсан тэмдэглэл”, “Судрын чуулган”, Жувэйнийн түүх, “Юань улсын судар”, “Абуль Газийн түүх”, “Бабурнами” гээд захаас нь тоочвол олон арваараа үлдсэн бусад эх сурвалжийг харахад хэдэн зуу, мянгаар тоогдох арвин их ном судраас сонгон хэрэглэж байсан шинж тэмдэг, уламжлал, бичгийн соёл хэнд ч илхэн мэдрэгдэж байдаг. Гээд яахав монголчуудын үлдээсэн их түүх, төр улсын тогтолцоо, дипломат ёс, бий болгосон үндэстэн улс гүрнүүд, барьж босгосон их хот балгад, нээлттэй худалдаа, шашин үзэл бодлын эрх чөлөө зэрэг бүтэн мянганы турш хүний түүхийг өөрчилсөн их ул мөр нь нүд дээр байгаа юм хойно. Цусаар нь монгол соёл, ген нь урссан монгол угсаатан ч гэсэн дахин сэргэн босох их замын эхэнд омог бардам зогсож л байна.

Sep 9, 2010

Долгорсүрэнгийн Дагвадорж: Асашёорюүгийн дайтай сумоч аугаа их Оросоос төрөөсэй билээ

Сумо бөхийн их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн “Спорт Экспресс” сонинд өгсөн ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна. 1991 онд анхны дугаараа гаргаж байсан тус сонин өдгөө ОХУ, Латви, Беларус, Украйн, Казакстан, АНУ зэрэг 31 улсад хэвлэгдэн гардаг. Өдөрт 700,000 гаруй хувь борлогддог Оросын спортын хамгийн том сонин юм.

- Та өнгөрсөн хоёрдугаар сард зодог тайлах тухайгаа зарласан. Одоо таныг хэрхэн өргөмжлөвөл зохилтой бол?
- Урьдын адил ёкозүна. Би энэ цол өргөмжлөлийг хүртсэн нь маргаангүй шүү дээ.

- Ёкозүна та Москвад дэлхийн чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээнд ирээ юу?
- Тиймээ, Монголын Бөхийн Холбооны хүндэт Ерөнхийлөгчийн хувьд ирээд байна. 2008 оны Бээжингийн олимпиос манай жудогийн тамирчин Монгол улсын түүхэнд олимпийн анхны алтан медалийг авсан билээ. Одоо чөлөөт бөхийнхэн маань олимпийн аварга болоосой хэмээн би мөрөөдөж байгаа. Гурван ах минь гурвуулаа л бөх. Сумьяабазар ах маань Азийн аварга. Атлант, Сиднейн олимпод оролцож явсан. Одоо тэрээр Монголын Бөхийн Холбооны Ерөнхийлөгч.

- Та нэгэн үе мэргэжлийн сумогийн зодгоо тайлаад Олимпийн наадамд жүдогоор оролцох бодолтой тухайгаа мэдэгдэж байсан санагдана. Хүүхэд байхдаа жүдод бас амжилт үзүүлж байсан шүү дээ.
- Жүдо миний хувьд одоо сонин биш болсоон. Энэ төрлөөр Монгол Улс Олимпийн алтан медальтай болчихлоо. Мөрөөдөл минь өөрчлөгдсөн. Чөлөөтийн залуучуудаа дэмжихээр шийдсэн.

- Сумогоо тэгээд...?
- Сумод би хайртай л даа...Гэсэн ч чин үнэнээ хэлэхэд сумо миний хувьд нэгэнт туулж өнгөрүүлсэн амьдрал.

- Удахгүй сумогийн Мекка болсон “Кокугикане”-ийн ордонд үс авах ёслол тань болно. Ёслолын дампацу-сикид хичнээн хүн ирэх бол?
- Ёслолын арга хэмжээ аравдугаар сарын 3-ны өдөр болно. Энэ дампацу-сикид би Орос, Сингапур, АНУ, Тайваниас найз нөхдөө урьсан. Нийтдээ 12,000 хүн цуглана. Кокугикане ордон 12,000 хүний багтаамжтай. Энэ бол их чухал, сэтгэл хөдөлгөсөн арга хэмжээ юм. Сумогийн хүчтэй амжилтын замналтай бөхийн хувьд зодог тайлах, дэвжээтэйгээ салах ёс гүйцэтгэх ёслол маш чухал билээ.

- Таны үсийг авахаар хэдэн хүн хайч барих бол?
- 300-400 хүн. Үүнд ах маань, миний бүх найзууд, бөхчүүд орж байгаа.

- Хамгийн сүүлд таны үсэнд хүрч магег чинь тайрах хүн хэн байх бол?
- Миний дасгалжуулагч, багш байсан ояката Такасаго.

- Аравдугаар сарын 3-ны өдөр таньд ямар мэдрэмж төрөх бол?
- Хариулахад хэцүү асуулт байна. Миний амьдралд урьд өмнө нь иймэрхүү зүйл болж байгаагүй шүү дээ.

- Ёкозүна, та мэргэжлийн сумод 10 гаруй жил боллоо. Таны бодлоор Японы сумогийн холбоо хэддүгээр зуунаар амьсгалж байна вэ?
- Мэргэжлийн сумо гэдэг бол онцгой үзэгдэл. Япон үндэстний эртний барилдаан. Агуу сайхан соёл. Би яг л Япончуудын адил хүн боловч, төрж өссөн нутаг минь өөр. Эхэн үедээ надад мэдэхгүй зүйл их байдаг байсан. Гэвч би суралцая, төгөлдөршөе гэж хичээдэг байсан. Надад зааж өгөөсэй, намайг сургаасай гэж хүсдэг байв. Японд би өөр соёл, өөр хэл, өөр ус унд, өөр хоол, өөр хувцастай дасан зохицох хэрэгтэй болсон. Сумод үзүүлсэн миний амжилтыг үнэн голоосоо дэмжиж байсан бүх япончуудад би баярладаг. Ер нь японы ард түмэн гайхалтай бөгөөд маш авъяаслаг гэж би үздэг. Миний хувьд асар ихийг өгсөн Япон оронд чин сэтгэлээсээ хайртай.

- Гэхдээ таныг гадаадын цагаач хэмээн таагүй харьцах явдал лавтайяа тааралдаж байсан биз дээ?
- Тийм зүйл байсаан. Японд Орос оронтой адил эх оронч үзэл их хөгжсөн. Танай үндэсний спортын аль нэгэн төрөлд Монгол улсын иргэн Асашёорюү ирж өндөрлөгийг нь эзэлсэн бол хүмүүст тэр бүр таалагдахгүй шүү дээ. Манайд ч гэсэн Монгол үндэсний бөхийн барилдаанд Орос хүн аварга болвол тэр хүн рүү бараг чулуу шидэх байх. Сумо үүнтэй яг адил. Гэхдээ Япон хүмүүс арай илүү хүлээцтэй, арай илүү “интернационалч” юм. Чухам намайг дэмжиж байсан учраас би олон зуу, олон арван мянган өрсөлдөгчөө ялах эрч хүчийг олж авч байлаа.

- Сумод улам илүү амжилт гаргана гэж өөрийгөө үздэг байсан уу. Мөрөөдлөө, хийхийг хүссэн бүх зүйлээ хийсэн гэж бодож байна уу. Та 25 башёгийн түрүүг авсан. 30 гаруй түрүү авчих бололцоо байгаагүй гэж үү?
- Би бүх мөрөөдлөө биелүүлсэн гэж хэлж чадахгүй ээ. Гэхдээ надад харамсах зүйл алга. Намайг дэмжиж байсан бүх Япончуудад, дасгалжуулагч багшдаа, түүний эхнэрт, өөрийн гэргийдээ, үсийг маань засдаг үсчиндээ, дэвжээнийхээ дүү нарт туйлын их талархаж явдаг. Би ганцаараа бусдын дэмжлэггүйгээр ийм өндөр амжилтанд хүрч чадахгүй байсан. Мэргэжлийн сумод бүх мөрөөдлөө биелүүлэх боломж олдоогүйг би хувьдаа сайн зүйл гэж үзэж байна. Шинэ амьдралаа би тодорхой зүйлээр эхлэх ёстой байсан.

- Таны шинэ амьдрал таньд яаж төсөөлөгдөж байна вэ?
- Сайн дурын үндсэн дээр бусдад сэтгэл санааны дэм, хандив өгөх үйл ажиллагаа намайг даллан дуудаад байна. Хүүхдэд туслах явдал нийгэмдээ үйлчилж байгаа хэрэг юм. Хүүхдийн байгууллагуудад эмнэлгийн тоног төхөөрөмж авч өгсөн. Хүний эрүүл мэнд хамгийн гол зүйл. Энэхүү сайн санааны арга хэмжээгээ бусад орнуудад хүргэе ч гэж бодож байна. Мөн түүнчлэн ашгийн бус байгууллага үүсгэн байгуулсан. Москвад ирэхээсээ өмнө хичээлийн шинэ жилийн өдөр монголынхоо өнчин хүүхдийн төвүүдэд бэлэг хүргэлээ. Энэхүү өнчин хүүхдийн төвүүдийг Японы компаниуд дэмжиж ажилладаг. Би тэдгээр газрын ажиллагсадтай уулзаж ярилцсан. Би ёкозуна цол авсан даруйдаа Асашёорюү санг байгуулсан. Энэ шугамаараа эмнэлгийн барилгын санхүүжилт хийж хорт хавдартай хүүхдүүдэд туслалцаа үзүүлж, эмнэлгийн тоног төхөөрөмж бэлэглэж, ядуу айл өрхийн хүүхдэд тэтгэлэг олгож байсан. Одоо үйл ажиллагаагаа өргөжүүлж Орос, Хятад зэрэг байгалийн гамшигт нэрвэгдсэн орны хүүхдүүдэд туслая гэж бодож байна.

- Та Орост яг юу хийе гэж бодож байна?
- Юуны өмнө би Орос, Монгол, Японы хүүхдүүдийг чөлөөт бөх, жүдо, бокс, бейсболоор дамжуулан холбох гүүр нь болъё гэж бодож байна.

- Харин сумо?
- Оросын өргөн уудам нутагт би ганцхан “эрдэнийг” олъё гэж бодож байна. Тэр нь бүдүүн хүн гэсэн үг биш. Харин онцгой авъяастан байх болно. Түүнийг мэргэжлийн сумод хөл тавиулъя гэж бодож байна. Энэ бол миний мөрөөдөл. Орос орон хүчтэн баатруудаараа алдартайг мэднэ. Александр Карелин, Александр Медведь, Иван Ярыгин нар бол Оросын л хөвгүүд.

- Агуу монгол хүн та Оросуудаас өөр хэнээр бахархдаг вэ?
- Нэн түрүүнд би Владимир Путин гэж хэлмээр байна. Бид нүүр туулж уулзаж байсангүй. Гэхдээ танай ерөнхий сайд бол жинхэнэ эр хүн. Зүгээр хөндлөнгөөс харахад л тэгж харагддаг. Орос оронд их гүрний нэр хүндийг энэ хүн л буцаан авчирсан. Путин жүдо, самбо бөхөөр хичээллэдэг. Спортод элэгтэй хүн гэдгийг би мэднэ. Түүнчлэн хөлбөмбөгчин Андрея Аршавин, хөнгөн атлетикч Елена Исымбаева, усанд сэлэгч Аленсандр Попов, бөх Бувайсара Сайтиев нар бол агуу орос хүмүүс. Улс төрчийн хувьд бишээ, хүнийхээ хувьд, эр хүний хувьд В.Путин эднийг тэргүүлж байна.

- Тэгвэл хөлбөмбөгчдийн гарын үсэгтэй цамцны цуглуулганд тань хэн хэний гарын үсэг байдаг бол?
- Кристиано Роналдо, Руни, Раул, Морейнтес, Кака, Зидан, Давид Бейкем, Наката нар бий. Цуглуулга маань баяжина гэдэгт итгэлтэй байгаа. Тухайлбал, би танай ЦСКА-д тоглодог Кэйскэ Хонда, Аршавины ч гарын үсгийг авна гэж бодож байна. Бие багатай ч гэсэн тун амжилтанд хүрсэн хүн. Ингэхэд, хөлбөмбөгөөс болж шийтгэл хүлээж байсныг маань та мэдэх үү?


- Монголд хөлбөмбөг тоглосныхоо төлөө 2 башё өнжих шийтгэл хүлээсэн. Тэгэхэд Японы Сумогийн Холбоо улс даяараа албан ёсны арга хэмжээ зохион байгуулж байсан билээ. Би яг энэ сөргөлдөөний тухай таниас асуух гэж байсан юм.
- Тэр бол сөргөлдөөн биш хандивын тоглолт л байсан юм. Хүүхэд бөмбөг тоглоё гэхэд нь татгалзах том хүн байх болов уу?!

- Таныг эх орондоо гэмтлээ эмчлүүл гэж явуулсан юм биш үү. Та өөрийгөө буруу зүйл хийсэн гэж үзэхгүй байгаа юмаа даа
- Би буруу зүйл хийгээгүй ээ. Надад оноосон шийтгэлийг давж гараад улам хүчирхэг болсон.

- Японы Сумогийн Холбооны өнөөгийн удирдлагын талаар та ямар бодолтой байдаг вэ?
- Бүх юм сайжраасай л гэж хүсэхээс өөр хэлэх үг надад алга.

- Сумогийн холбоонд өөрчлөлт хийх бололцоо таньд олгосон бол та юу хийх байсан бэ?
- Сумогийн холбооны удирдлагыг бөхчүүдээ сонсдог болгох байсан. Сумочидгүй сумо гэж байхгүй шүү дээ.

- 2 жилийн өмнө Оросын сэкитори Рохо, Хакурозан нарыг эргэлзээтэй шинжилгээний үндсэн дээр хар тамхи хэрэглэсэн хэргээр сумогийн холбооноос хөөсөн. Шинжилгээ авахад та ч байлцсан. Зохион байгуулалттай мэт таньд санагдаагүй гэж үү?
- Сумогийн холбоог үндэслэлгүйгээр би буруутгамааргүй байна. Сумогийн сэкиторигийн хувьд хар тамхи татах нь байж боломгүй, зохисгүй үйлдэл. Хэрвээ шинжилгээг дэлхийн допингийн эсрэг агентлагийн журмаар гүйцэтгэсэн бол ямар ч асуудал гарахгүй байсан. Гэвч энэ журмыг мөрдөөгүй юм. Жишээлбэл, шээсний дээжний савыг бөхчүүд дасгалжуулагчид өөрийн гараар өгч байсан. Энэ бол ДДЭА-ийн шаардлагыг бүдүүлгээр зөрчсөн явдал байв.

- Хакурозаны багш ояката Китаноумиг сумогийн холбооны ерөнхийлөгчийн албан тушаалаас огцруулахыг оролдсоор, улмаар санасандаа хүрч чадсан тэр хүмүүс шинжилгээний хариуг хуурамчаар гаргасан гэдэгтэй та санал нийлэх үү?
- Надад энэ тухай нарийн мэдээлэл алга. Гэвч Рохо, Хакурозан нар сайн хүмүүс гэдгийг би мэднэ. Ах дүү хоёр нийлж суугаад хар тамхи татаж байсан гэдэгт итгэхгүй л байна.

- Сэкитори нар Рохо, Хакурозан хоёрыг хамгаалсан захидал бичсэнийг сумогийн холбооны шинэ удирдлага урж хаясан гэж ярьдаг нь үнэн үү?
- Рикиси-кай нэртэй сумочдыг нэгтгэсэн 70 гаруй хүний бүрэлдэхүүнтэй үйлдвэрчний эвлэл байдаг юм. Гэхдээ энэ эвлэлд санал өгөх эрх байхгүй ээ. Холбооны удирдлага бөхчүүдийн саналыг хүлээж авдаггүй юм. Энэ нэлээн ярвигтай асуудал. Би Рикиси-кай холбооны даргаар ажилладаг байсан. Бидний бүх хүсэл, саналын 90 хувийг хүлээж авдаггүй байсан. Рохо, Хакурозан нарын хувьд би ихэд санаа зовинодог гэдгээ нэмж хэлье. Монгол хүн миний нэгэн адил тэр хоёрт өөрийн гэсэн “Япон хүсэл мөрөөдөл” байсан. Тухайлбал, Рохо цолны эрэмбийн дөрөв дэх буюу комосуби цолонд хүрээд байв. Шургуй хөдөлмөрлөсөн бол Оросын галт шувуу секиваки, комосуби, озеки, бүр их аварга цолонд ч хүрэх байсан болов уу. Оросын иргэн анх удаагаа сумогийн тэмцээнийг аваргалах байсан. Хамгийн харамсалтай нь энэ мөрөөдлийг үгүй болгосон.

- Одоо сумогийн холбоонд гарч байгаа өөрчлөлтийн талаар нэлээд яригдаж байна. Энэ холбооны удирдлагад шинэ үе гарч ирэх болсон тухай ч яригдаж байна. Ард түмний дунд асар их нэр хүндтэй. 22 башёд түрүүлсэн ояката Таканохана сумогийн холбооны ерөнхийлөгч болвол та дэмжинэ биз дээ?
- Энэ албан тушаалд хуучин гавъяа хамаагүй. Ояката шавь нараа хэрхэн хүмүүжүүлж, тэднийг хэрхэн хамгаалж байна гэдэг л чухал.

- Комусуби болон озеки цолтой байхдаа та Ёкозүна Таканоханатай учраа таарч хоёр ч удаа унаж байсан. Дараа нь Таканохана зодог тайлж, та хариугаа авах боломж олдоогүй. Та үүнд харамсдаг үү?
- Яалаа гэж дээ. Бидний хэн хэн нь бэлтгэлийнхээ оргил үед байгаад учраа таарсан бол би заавал ялах байсан. Би өмнөх үеийнхээ их аваргуудын хэнтэй нь барилдах хүсэл төрдөгийг та мэдэх үү?

- Хэнтэй?
- Тиёнофужитэй. Бид хоёрын бие галбир, барилдаан төстэй.

- Өмнөх үеийнхээ их аваргууд дундаас та Тиёнофужиг хамгийн хүндэлдэг юм биз дээ?
- Түүнтэй би хэнийг ч эн зэрэгцүүлж чадахгүй.

- Тэгвэл Тайхо, Футабаяма?
- Тэд нар огт өөр үед барилдаж байсан. Футабаяма гэхэд өнгөрсөн зууны 30, 40-өөд онуудад харин Тайхо 60-аад онд барилдаж байсан. Тэр үед хооллолт, түүнээс авах эрч хүч ч өөр байв. Хуучны бөхчүүд хүчтэй байсан гэдэг нь дэмий яриа.

- Хэрвээ та Тиёнофужитэй 10 удаа таарч барилдсан бол хэдэд нь давах байсан бол?
- /Бодлогоширов/ За даа... Тав тав байх байсан болов уу! Гэхдээ би дараалж хоёр унахгүй байсан. Би яагаад ийм илэн далангүй ярьж байгаа гэвэл би одоо өөрөө өмнөх үеийн их аварга шүү дээ. Хэрвээ би дэвжээн дээрээ барилдаж байсан бол онгироо мэт санагдах байсан. Гэхдээ Тиёнофужи 26 настайдаа их аварга болж байсан бол би 22-тойдоо болсон шүү. Магадгүй надад арай давуу боломж байх байсан гэж бодож байна.

- Ёкозүна, та яаж ийм хүчтэй болсон юм бэ. Яаж ийм олон түрүү авч чадав аа?
- Би аав ээж, гэр бүл, эх орон нэгтнүүдийнхээ төлөө барилдаж ийм амжилтанд хүрсэн. Би Монголоо алдаршуулъя гэж боддог байв. Эх орондоо би туйлын хайртай. Би өөрөө өөртөө “Японоос Ёкозүна төржээ, Америкаас Ёкозүна төржээ. Тэгвэл би яагаад ийм амжилтанд хүрч чадахгүй гэж” хэмээн хэлдэг байсан. Миний ялалт бол зөвхөн минийх биш ээ. Миний төлөө гэсэн сэтгэлтэй өчнөөн хүн байхад би яагаад тэднийг аз жаргалтай болгож болохгүй гэж. Харин эсрэгээрээ би замын хагаст зогссон бол хичнээн хүмүүсийн сэтгэлийг гонсойлгох байсан бол? Агуу их Монгол намайг дэмжиж байгааг би нуруугаараа мэдэрдэг байсан. Оросыг би агуу эх орон гэж үздэг. /Асашёорюүгийн нүд нь гялалзаж дуу нь чангарав/ Би үнэхээр Оросын уудам нутгаас эх орноо алдаршуулж чадах агуу хүчтэн, залуу баатрыг олж мэргэжлийн сумод явуулах чин хүсэл мөрөөдөлтэй. Тэр хүн бол сэтгэлийн хаттай, шулуун шударга, далд муу бодолгүй хүн байх ёстой. Чухам танай орноос “хоёр дах Асашёорюү” төрөөсэй гэж би маш их хүсч байна. Монголоос биш агуу Оросоос шүү. Би бишрэхгүйгээр Сибирийн тухай ярьж чадахгүй. Цэвэр агаар, халуун зун, хахир өвөлтэй. Чухам ийм л нөхцөлд жинхэнэ баатрууд хүмүүждэг юм.

- Ийм “эрдэнийг” та хэзээ олж илрүүлнэ гэж бодож байна?
- Мэдэхгүй дээ... Аз л мэднэ. Хурдан тусмаа сайн шүү. Энгийн нэг том биетэй, булчинлаг хүн биш. Сумод нэгэн зарчим бий – “син-ги-тай” (сэтгэлийн хүч, ур чадвар, биеийн хүч). Би энэ зарчмаар эрлээ явуулах болно. Бас дээр нь миний дэмжлэгийг авах хүн эх оронч байх ёстой.

- Ёкозүна та мэргэжлийн сумогийн дээд цолыг авна гэдгээ хэзээ мэдэрч сэтгэл шулуудсан бэ?
- Би алсын мөрөөдлөө дээдэлдэг хүн биш. Би алхам алхамаар урагшилдаг хүн. Цол ахиад ирэхэд намайг ёкозүна, озеки нартай учраа тааруулдаг болсон. Энэ үед би тэднийг ямар ч байсан ялах зорилгыг өөртөө тавьсан. Ингэж байж л би их аварга болсон. Харин цааш нь өөрийнхөө нэр хүндийг үргэлж баталгаажуулж байх ёстой байлаа.

- Гэвч та мөнхөд оргил өөд тэмүүлж байсан. Их аварга болоод тэр байр сууриа хамгаалахад таньд төвөгтэй байсан байхаа.
- Яая гэхэв дээ. Ёкозүнагаас цааш цол байхгүй шүү дээ. Шинэ тэмүүлэлтэй болоход надад цаг хэрэгтэй байсан. Сумогийн дээд цолыг авсан хүмүүсийг Японд бурхантай адилтгаж үздэг. Бурхадтай адилтгана гэдэг бол туйлын өндөр хариуцлага.

- Та тэмүүллээ яаж олсон бэ?
- Би өөрөө өөрөөсөө “Доржоо, чи яагаад өглөө бүр кэйко (тайлбар: “кэйко – асар хүнд тусгай дасгалууд”) хийж гэмтэл аван хар хөлсөө урсгаж, цусаа гойжуулна вэ? гэж асуугаад “барилдааны хэдхэн хоромд дэвжээн дээр уран чадвар, хүчээ харуулахын тулд” гэж хариулдаг байсан. Би төгс хүн биш. Байгаль надад бусдаас онцгой зүйл заяагаагүй. Миний жин 148 кг, өндөр 184 см. Энэ бол дээд зиндааны бөхчүүдийн дундаж л үзүүлэлт шүү дээ. Би өөрийгөө биеийн агуу их хүч тамиртай гэж үздэггүй байсан. Өглөө бүр сэрээд өөрийгөө толинд хараад “Ингээд ч хол явахгүй шүү. Энд, энд, энд булчингийн массаа нэмнэ шүү” гэж хэлдэг байв. Сумогийн дэвжээг орхих хүртлээ би өөрийгөө их аварга гэж хардаггүй байлаа. Хэрвээ би хүрсэн амжилтандаа сэтгэл ханасан бол хэзээ ч агуу их Монгол хүн болохгүй байсан. Би цаг үргэлж өөрийгөө ирлэж явах ёстой байв. Өчүүхэн төдий тайвшрахад л хүч буурдаг юм. Иймд би дэвжээн дээр гарах болгондоо аймшигтай царай харуулдаг байсан. Тэр бол жүжиглэлт биш байсан юм шүү. Дэвжээн дээр би “шатдаг” байлаа. Та “радиатор”-ыг төсөөлдөө, бүрэн чадлаараа ажиллаад агаарыг халаадаг биздээ. Хаагаад хаячихвал юу болох билээ, төсөөлөөд үздээ.

- Та олон өрсөлдөгчидтэй учирч байсан. Хэн нь таны хүндэтгэлийг хамгийн их хүлээсэн бэ?
- /Удаан хугацаагаар чимээгүй суулаа./ Ер нь энэ талаар өмнө нь бодож байгаагүй юм байна шүү. Хамгийн хэцүү нь том биетэй сумочидтай биш, жижиг биетэй сумочидтой барилдах хэцүү байж билээ. Жишээ нь Аминишики.

- Тэгвэл та Аминишикиг хүндэлдэг гэсэн үг үү?
- Үгүй дээ. Тэгж хэлж чадахгүй. Аминишики бол маш сайн бөх. Би хэнийг хүндэлдэг билээ? Сумогийн ертөнцөөс гадна миний хүндэтгэлийг хүлээсэн олон хүн бий. Гэвч сумодоо бол Тиёнофужи л юм даа.

- Одоо барилдаж байгаа бөхчүүдээс?
- Тийм хүн байхгүй ээ.

- 3 башёд нэг ч өвдөг шороодолгүй дараалан түрүүлсэн их аварга Хакухог?
- Түүнд би өөрийн шавь мэт л ханддаг. Монголын үндэсний бөхийн барилдааны аварга хүний хүү шүү дээ. Тэр маш азтай. “Галт цагаан шувуу”-нд өнөөдөр өрсөлдөгч байхгүй. Монгол хүний хувьд би түүнийг хүслээ биелүүлээсэй хэмээн амжилт хүсч байдаг. Бид хоёрын хооронд хэзээ ч зөрчил гарч байгаагүй. Хакухог ч тэр, Харумафужиг ч тэр би хүмүүжилсэн гэж хэлж болно. Нутаг нэгтнүүд маань доод зиндаанд барилдаж байхад нь эх орноо, гэр бүлээ, сумогийн холбоогоо бодож барилдвал асар өндөр амжилтанд хүрнэ шүү гэж хэлдэг байлаа. Хакухо том амжилтанд хүрсэн боловч миний түвшинд хүрэхэд хол байна.

- Та одоо сумод хэнийг дэмжиж байна вэ?
- Озеки Балтыг дэмждэг. Энэ Эстони залуу их сайн хүн. Европын анхны озеки Котошүгээс их хүчтэй. Асашёорюүгийн дайчин зан чадварын гурав хуваасны нэгийг түүнд өгвөл тэрээр агуу ёкозүна болно. Балт маш сайхан сэтгэлтэй, гагцхүү түүнд сэтгэл зүйн тогтвортой байдал дутагдаж байгаа. Тэрээр заримдаа ялагдлаа хэтэрхий тайван хүлээж авдаг. Хүрсэн амжилтандаа тайвшрахгүй, үргэлж урагшаа зүтгэхийг би түүнд зөвлөдөг. Ёкозүна цолонд хүрэх туйлын сайхан боломж түүнд байна. Бүх зүйл өөрөөс нь хамаарна.

- Харумафужигийн хэтийн төлөв ямар бол?
- Харамсалтай нь тэрээр гэмтэл ихтэй. Тэгээд ч жингээ нэмэх хэрэгтэй байна. Энэ тохиолдолд Хакуход маш эвгүй өрсөлдөгч гарч ирнэ.

- Таны тогтоосон дээд амжилтыг Хакухо эвдээсэй гэж та хүсч байна уу?
- Тийм мөрөөдөл, тийм тэмүүлэл түүнд байгаа бол үгүй гэх газаргүй. Би ч мөн адил өмнөх үеийнхнийхээ амжилтыг эвдэж байсан шүү дээ.

- 32 тэмцээнд дараалан түрүүлсэн их аварга Тайхогийн амжилтыг Хакухо эвдэж чадах болов уу? Та юу гэж бодож байна?
- Бүрэн боломжтой.

- Оросын баатруудын талаар та ямар бодолтой байна?
- Рохо “зөөлөн” хүчний барилдаантай байсан. Харин Хакурозан бол түлхэж цуппаридахдаа сайн ч жин нь хөнгөн байж билээ. Аланы хувьд барилдаан нь “хэт хатуу” байна. Хэрэв Алан “зөөлөн” барилдаанд шилжвэл хүчээ зөв ашиглаж чадна. Алан сэкиваки цол авсныг дуулсан. Түүнд амжилт хүсье.

- Аланд озеки цолонд хүрэх боломж байгаа болов уу?
- Бий. Түүний цаг ирсэн. Гагцхүү миний саналыг сонсохдоо биш, өөрөө бодож ажиллах хэрэгтэй байна. Амжилт гаргаад эхлэвэл би түүнийг магтана. Харин одоохондоо магтах зүйл алга даа.

- Цагаан будааны сүрлээр биеэ ороочихоод өөрийгөө бурхан мэт мэдэрч байсан уу?
- Би юу? Үгүй ээ.

- Таныг Орос дуунд дуртай гэх юм...
- Би багаасаа л Алла Пугачевагийн дуунуудыг сонсч өссөн. Мөн Виктор Цойгийн дуунд дуртай. (амандаа дууг нь аялав)

- Та Орос хэлээр бага зэрэг ярих уу?
- Багадаа Улаанбаатар хотод Сережатай нөхөрлөдөг байв. Би мэндчилж чадна шүү. (Орос хэлээр аялгагүй: “Здравствуйте! До свидания! Меня зовут Асашорюү.. Очень немножко по-русски”)

- Та Монголынхоо уудам талаар мориор давхиж, хүний хөл хүрээгүй газраар яван уулын уснаас ундаалах дуртай биз. Онгон байгаль таныг их татдаг уу?
- Давчуу том хотод би дургүй. Өргөн тал, хөдөө хээр, гол нуур намайг их татдаг. Владимир Путины Тувад аялсан сурвалжлагыг үзээд түүнтэй хамт тэнд байх юмсан гэсэн хүсэл төрсөн. Би АНУ-ын Гранд Каньонд очиж үзсэн. Дэлхий дээр гайхамшигтай газар олон байна. Хэзээ ч юм би туйлын туяа үзэх юмсан гэж мөрөөддөг. Хүний хөл хүрээгүй, онгон байгаль намайг татдаг. Эх болсон газар нутгаасаа би эрч хүчээ авдаг гэж хэлж болно.