Mar 13, 2011

Японд...

Монголчууд маань овоо сандруу улс бололтой шүү. Сүүлийн хоёр хоногт сонсоод байхад юм юм л дуулдлаа. Японд байдал харьцангуй тайвширж байна. Цүнамийн аюул багасаж, газрын чичирхийллийн давтамж буурсаар байна. Японд одоо хамгийн тулгамдаж буй асуудал бол аврах ажиллагаа. Нурсан байшин, далайн ус аралруу орж ирэн түрснээр, машин, завь, байшин холилдоод эмх замбараагүй байдал бий болоод байна. Цахилгаан тэргийн зам их хэмжээгээр эвдэрснээс зам харилцаа зогсонги байдалд орсон. Голомтын бүст гэр орноо, дотны хүмүүсээ алдсан хүмүүс их байна. Мөн мэдээлэл авч чадахгүй, тоггүй байгаа газрууд ч байсаар байна. Маргаашнаас бүсчлэн тогны хязгаарлалт хийх болно гэж мэдээллээ.

Японы ард түмэн хатуужил сайтай, бэлэн байдалд байж чаддаг ард түмэн гэдгээ нүүр бардам харуулж байна. Гэвч байгалийн хүч гэдэг үнэхээр хүчтэй юмаа гэдгийг энд хүн бүр мэдэрч байх шиг байна. Миний хувьд гол голомтоос 1300 км гаруй зайд байгаа учир ямар нэгэн чичиргээ мэдрээгүй, хоол хүнс, тогны хомсдолд ороогүй гадаа гарахад япончуудын амьдрал хэвэндээ салхилцгаасан, нохойгоо дагуулсан хүмүүс байна.

Монголчууд маань эмх цэгц гэдэг зүйл огт байдаггүй юм байнаа гэдгийг их сайн харагдаж байна. Болсон үйл явдлын дараа Монголд эндэхтэй дутахгүй эмх замбараагүйдэл иргэдийн дунд бий болсон сурагтай. Ийм байдалд хүргэсэн нь Монголын хэвлэл мэдээллийнхэн. Юу юугүй Монголоос энд байдаг гэр бүлийнхээ хүмүүс рүү утасдаж харьж ир гэж шуугиж байлаа. Мэдээж дээр нь гар утас ажиллахгүй болсон зэрэг нь нөлөөлсөн байх гэхдээ гол голомт газруудаас бусад газруудад бол байдал гайгүй байгаа гэдгийг огт ойлгоогүй байсан нь илэрхий байсан. Тэгэхээр Монголчууд маань юу юугүй уулгамч байх нь муу үр дагавараа гаргаж л байна.Хэвлэл мэдээллийнхэнд бол хэлэх үг алга, хурдан шуурхай дамжуулах гэсэн нь сайшаалтай ч зурагтаар гарсан, вэб сайтууд дахь мэдээний гарчиг зэрэг бол цус харвамаар зүйлс байлаа. Агуулга нь шал өөр. Ийм онц ноцтой үед ингэж үзүүлэх тоглолт маягын зүйл хийж уул нь боломгүй мэт.

Эндэх Монголчууд маань ч багагүй үймж олон хүмүүс Монгол явж байна. Токио болон түүнээс хойш бүс нутгийхан сандрахаас өөр аргагүй. Гэвч хэт туйлширж нийтээрээ айдас автах аюул бас байна. Нэг л айж сандарвал тэнэг л зүйл хийнэ гэдгийг ойлгох хэрэгтэй. МИАТ, Япон дахь Монголын элчин сайдын яам үнэхээр хариуцлагагүй байна. Нарита онгоцны буудал дээр үнэгүй харина гэсэн хүмүүс их очсон байна. Буцаж орох эрхээ аваагүй яаран сандран очоод нисэж чадалгүй үлдэж байна. Үлдсэн улсуудад элчин сайд өөрөө, МИАТын төлөөлөгч нь онгоц өөр ирэхгүй байхгүй гэж буцаагаад маргааш өглөө нь онгоц ниснэ гэж мэдэгдэх жишээтэй. Нарита онгоцны буудалаас Токио хүртэл хурдандаа л 1цаг хагас зарцуулдаг. Нисэх цаг нь 9цагаас гэж хэлэхээр 2цагын өмнө орох ёстой учир эндээс үүрээр гарах, эсвэл мэдээлэл хүлээж аваагүй зэрэг асуудлууд байна. Гэвч нөгөө онгоц нь өдөр нисэж байх жишээний. Элчин сайдын яамны вэб сайтад мэдээлэл тавьж буй гэж байгаа боловч 11ны өдрийн мэдээнээс хойш юм ороогүй л байгаа. Утасаа автомат хариулагч дээрээ тавьсан байна гэх хүмүүс ч байна. Зурагтаар гарж байгаа Японд газар түрээслэх энэ тэр гэж
ярьж байгаа бол зүгээр л онигоо шүү л гэе даа. Юм мэдэхгүй ярих ямар муухай харагддаг юм бэ л гэж бодсон сургамж авсан.

Mar 7, 2011

Нийгмийн сүлжээ

Надад Facebook-д бүртгэл байхгүй. Бүртгүүлчиж байсангүй. Hi5-д байсан, гэхдээ одоо тэнд нэг ч шинэ зураг оруулж, идэвхтэй байхаа больсон. Fb одоо интернэт дэхь хамгийн хүчтэй нийгмийн сүлжээ сайт билээ. Үүгээрээ ч өдөрт мянга мянгаараа хүмүүс гишүүнчлэл үүсгэж зураг оруулж, хоорондоо харилцаж, шинээр танилтай болж, бизнесээ эрхэлж, мэдээлэл солилцож байна. Олон ашигтай талтай энэ газар би яагаад бүртгэлчгүй бусдаас хойно хоцроо вэ? Миний хувийн бодлоор нийгмийн сэлжээ сайтуудад өөрийн хүссэн байдлаар бус (дүрэм бус) тухайн сайтын зохиогчидын хүссэнээр орлцдог. Бий болгосон боломжуудыг нь ашиглаад тэдний тавьсан шаардлагад нийцүүлж оршин буй. Тэгээд тэдний бизнесийн өгөөш гэх юмуу, үйлчлүүлэгч нь болж буй. Өөрөөр хэлбэл өөртөө тодорхой хэмжийний эрх чөлөө буй ч тухайн компанид асар их ашигтайгаар тэнд гишүүн болон буй. Гаргаж буй үйлчилгээнд сэтгэл хангалуун байдаг ч тухайн нөхцөлдөө өөрийн ертөнцөө хязгаарлуулж байгаагаа мэдэрдэггүй. Тийм учираас би нийгмийн сүлжээ сайтад сүжиг байдаггүй. Мөн соёлын ялгаа, үндэстэн хоорондын тохирохгүй зүйлсийг ч гэсэн хэрхэн шийдвэрлэх вэ гэх мэт сул талууд их. Хэдийгээр би антиамерик биш ч нэг орны бодлого, соёл хүчтэйгээр цутган орж бусад оронд дарамт болоход таагүй ханддаг. Үүгээрээ ч америкийн задгай амьдрал, тэдний соёл төлөвшөөгүй (ардчилалын хувьд) манайх шиг оронд нилээд хор уршиг тарьж буй. Бааранд олноороо буй насанд хүрээгүй охид хөвгүүд, мансууруулах бодис хэрэглээд нас барж буй Монгол залуус, жишимгүй нэгнээ буудаж буй ижил цустан, хүн наймаалж буй хэсэг хүмүүс бүгд кино, дуу, мэдээ, интернэтээс ийм зүйл байж болох юм байна гэдгийг мэдээд хийж буй. Дархлаа үгүй учир гарах хор уршиг нь ихээ.

Мэдээж зар сурталчилгаа гэдэг том ертөнц буй. Сүлжээ сайтуудаар таны өөрийн хуудасру ороход өөрийн чинь сонирхдог зүйлсийн сурталчилгаа нүдэнд тусаж нэг л мэдэхэд e-shop руу нь ороод худалдан авч буй зураглал танил ч байж болох. Монгол дахь нөхцөл байдал юу билээ? Зурагтын нэвтрүүлэг дундуур явах сурталчилгааны цаг нь уртассаар 10минут илүү гардаг болжээ. Энэ эрүүл зүйл үү? Хүмүүс ч үүнд нь дасал болсон учир тэр 10 минутад бие засаж, хоолоо идэж, гэрээ цэвэрлээд ажлаа амжуулаад сурчихаж. Үүнийг мэдсэн рекламны албаныхан суугаад ганц бүтэн үзэж чаддаг мэдээний дундуур ч оруулдаг болов. Мэдээ үзээд сууж байсан нэг л мэдхэд нөгөө мэдээ нь нэг дэлгүүрийн сурталчилгаа болоод орхично. Нэг онигоонд сонгуулийн үеэр үзэх зүйлгүй сувгаа солин байхад 25-аар З.Алтай гуай гарч байсан энэ л сонирхолтой юм байх шиг гээд үзтэл нөгөөх нь намайг сонгоорой гэсэн гэдэг шиг зурагтаар гарж буй зар сурталчилгаа хэрээс хэтэрсэн нь хэн бүхний мэдэх асуудал билээ.

Монголын нийгэмд ямар ч асуудал ярьсан уул уурхай, улс төр хоёр луу ордог жамтай болоод буй. Энэ бүр зан заншил, соёл болж хөгжиж буй. Үүний жишгээр энэ бичлэг маань ч энэ хоёр асуудалруу халихгүй бол болшгүй. Улс төрд мэдээж сурталчилгаа хэрэгтэй. Наанадаж өөрийн намын хөтөлбөрөө түмэндээ таниулах, цаанадаж өрсөлдөгчөө хятадын эрлийз гэдгийг мэдэгдэх. Монгол улсын иргэн бүрийн толгойд удахгүй хятад цус холилдсон бол их хурлын гишүүн болж, ерөнхийлөгчид нэр дэвшдэг юм байна гэсэн сэтгэгдэл, эс бөгөөс эрлийз, хурлийз л бол дарга болдог юм байна даа гэсэн ойлголт гүн тогтох шинжтэй. Эдгээр зүйлс бол манай улс төрийн ертөнцөд сурталчилгаа ямар хүчтэй байдаг вэ гэдэгт бэлхээн хариу өгч буй нь тэр. Мэдээж "ардчилсан төртэй" болоод 20 гаруй жил болж буй учир иргэд маань хэр баргын зүйлсэд хулхидуулаад байхааргүй хашир бурхи болжээ. Үүнийг ч дагаад бүх л салбарт сурталчилгаа нь өндөр түвшинд хөгжиж байна. Сонгууль дөхөхөөр л нэгэн улстөрчийн аллагын асуудал сэргэдэг нь одоо бараг уламжлал болоод буй. Дараагын сонгуулиас 7сарын 1нь гэдэг шинэ асуудал гарч ирдэг болох байх. Мөн цусны шинжилгээ, хятадын тагнуул гэх мэт.. Хятадаас өөр орны тагнуул бол нээх асуудал болдоггүй шинжтэй Хятадын тагнуул гэдэг нь төрсөн гэр бүлээ ч хядсанаас илүү аймшигтай зүйл гэж үздэг нь Монголчууд билээ. (Мэдээгээр гэр бүлээ хядлаа гэхэд цочирдоггүй атлаа, Хятадын тагнуул гэж гүтгэхээр муурж унадаг нь Монголын ёс) Харин аливаа нэг хууль батлах, гэрээ хийх үед мөн л бусдын санаа бодлыг өөр тийш нь хандуулах, үймүүлэх арга хэмжээ зайлшгүй хэрэгтэй. Хэрэв хуудуугүй хууль батлах гэж буй бол, хулгайтай гэрээ хийхгээгүй л бол хэрэггүй зүйлс. Гэвч яагаад ч юм яг л ийм зүйлс болдог. Хүрэлсүхбаатартай болж буй нь ихээхэн асуудал үүсгээдхэв. Нэг хэсэг хүмүүс нэгэнт шинэчилж хөшөөг хөдөлгөж байгаа бол энэ талбайгаа цэлгэр болгоод их хааны хөшөөний учир холбогдолын өргөе. Тиймдээ ч жанжины хөшөөг өөр тийш нь нүүлгэе гэсэн САНАЛ гарчээ. Энэ бол гарж л байдаг санал, хэн ч крантай очоод ховхлох гээгүй байлаа. Тэгтэл ч асуудал боллоо жанжин ямар муу юм хийсийн гэх уйлаан, жанжин үзэмчин хүн гээдэхсэн чинь хужаа биш гэж баахан орилцгоов. Энэ нэг л НО-той тиймүү. Энэ асуудал эд бужигнаж байх үед батлагдсан хууль, тавантолгойн асуудлаарх банкны сонгон шалгаруулалт, иргэн бүрт тараах хувьцааны мөн чанар гэх мэт зүйлсийг эргэн харахад илүүдэхгүй л боловуу! Мөн Н.Энхбаярын хэлсэн үг ч чухал шүү.

Гэх мэтээр бид өөрсдөө сэтгэж, өөрийнхөөрөө амьдарж байна л гэдэг. Ардчилалаа эдлээд утаан дундаа жаргаж байна л гэдэг. Нэг хөшөөний асуудал Монгол орны нэгдүгээр асуудал болоод байхад улсын нийслэлийн утааны асуудал хэзээ ч нэгт орж чаддаггүйн гайхамшиг гэх үү гутамшиг гэх үү энэ л зүйлсийн талаар бид эргэцүүлэн бодох нь чухал. Бодол, эргэцүүлэл хоёрт ч их том ялгаа байдагтай адил нээрээ ч тиймдээ гээд энэ удаа бодоод өнгөрөх биш нухацтай эргэцүүлэн үзээд аливаа асуудлын мөн чанар нь юу вэ гэдгийг тунгааж байгууштай юм боловуу даа.

Ярианы эхэнд гарсан хэн нэгний дүрмээр явж, бусдын зурсан замаар гүйх хулгана мэт нийгмийн сүлжээ сайтад би хувьдаа ордоггүй гэсэн. Гэвч яг адил хэдий ч Монголын өнөөгийн нийгэм, Монгол улсын иргэншилээ сольшгүйгээс хойш өөрчлөхөөс өөр замгүй.

Энэ л миний хэлэх гэсэн үг!