Oct 31, 2009

Амь

Энэ байгаль дэлхий гэж их сонин юм байх юм. Байгалийн хууль гэх илэрхийлэл байна. Байгалийн хуулийг зөрчих боломжгүй, бүх зүйл, үзэгдэл байгалийн хуулиар явагдана гэх мэт...

Энергийн нэг түвшинээс нөгөө түвшин рүү шилжиж шинэ амь бий болжээ. Өөртөө энерги шингээж энерги ялгаруулангаа өснө, хөгжинө томроно. Тэгээд эргээд уналт явагдана. Алдана, эцэст нь үхэх буюу амь үгүй болно. Гэвч энерги нэг түвшинээс нөгөөрүү л шилжсэн хэрэг. Энэ амь, амьдрал гэдэг зүйлс дотор гайхалтай зүйлсийн нэг нь яах аргагүй хүн. Бодож сэтгэнэ, баярлаж гунина, бодлогшироно, уйлна инээнэ. Гэхдээ амьтанд ч энэ зүйлс бий юу гэвэл бий. Гэвч хүн гэдгээс энэ зүйлээс ялгаатай. Хүн нь өөрөө их хөгжингүй дэвжингүй, амьтадтай харьцуулвал бараг төгс шахуу эд байх.

Хүний амьдрал өөрөө их сонирхолтой байна л даа. Хаана ч төрсөн яаж ч амьдарч байсан. Гаднаас нь харсан ч дотроос нь мэдрэх гэж оролдсон ч. Хүн яах гэж төрсөнөө үхэхээ мэдээд үхэлтэй нүүр тулахдаа ухаардаг байж болох юм. Урт удаан наслаад байгалийн хууль ёсоор амь үгүй болох тэр агшинд хүнд юу бодогддог бол. Эсвэл бие нь өдөр өдөрт доройтоод юу юугүй миний төгсгөл дөхөж дээ гэж мэдрэх тэр агшинуудад хүний дотор юу эргэлддэг бол?

Хоёр сарын өмнө уулзаж байсан хөгшин хэдийгээр тэргэнцэр дээр суусан ч хөгжүүн гэгч нь анх танилцаж байлаа. Ачаа өвөр дээрээ суулгаад тоглох тэр буурай надад ануухан байна даа гэж санагдаж байж билээ. Хоёр долоо хоногийн өмнө уулзахад хэвтэрт орцон, ярьж чадах ч босч чадахгүй болсон байлаа. Ухаан нь саруул хэвээр, оройдоо нэг стакан пиво уучих хэмжээтэй. Дуртай хоолоо идэж чадахгүй ч өөрөө хооллочиж дөнгөхөөр байв. Харин өнөөдөр уулзахад хурхираад хэвтэж байх. Эхэндээ би унтаж байна даа гэж бодож байлаа. Гэвч тийм биш байжээ ухаан нь саруул, харин ярьж чадахгүй нүдээ нээж чадахгүй, хөдлөх гэвэл гараа л бага зэрэг хөдөлгөнө. Ер гарсан тэр буурай ганцхан зүйлийг хэвтэнэ хүлээж байна уу даа гэлтэй. Үр хүүхэд нь таныг хүрээлэн буй энэ олон хүмүүсийг бодоод чадлаарай тэмцээрэй тэсээрэй гэх.

Хүн гэлтгүй энэ байгаль дэлхий дээр буй бүх зүйлс, амь юуны тулд оршин байдаг хэрэг вэ. Эцэст нь ингээл дуусах гэж тэр үү. Амьдралын энэ эгэл мэт атлаа асар гүн хэлхээ хэдийнээс эхлээд хэдий хүртэл үргэлжилэхыг таах аргагүй. Шинжлэх ухаан хөгжихийн хирээр байгалийн нууцыг тайлж бидний өмнө дэлгэсээр байна. Хүний тархи 150 жил амьд байх боломжтой ч, бие нь тиймгүй байдаг байна. Хүний идэж ууснаас уу, амьдралд тохиолдсон элдэв стресс, үйл явдлуудаас уу гэх мэт асуудал дэвшүүлээд түүндээ хариулж байна. Нэг нь явж байхад, нэг нь ирж байдаг. Нэг хөгшин үхлээ хүлээн орон дээр хэвтэж байхад, орныхон доор ой хүрээгүй гуч нь тоголж байх. Нэг талаараа үхэл гэж огт байхгүй эцэс төгсгөлгүй үргэлжилдэг мэт. Хамгийн хэцүү юм шиг нэг зүйл ярьж чадахгүй нүдээ нээж чадахгүй болсон хүний тархи эрүүл саруулаараа байхад юу бодон хэвтдэг болоо. Үхэлтэй хором бүр тэмцэн буй тэр амь эцсийн зорилго нь юу болоод тэгэн тэгэн тэр үхэл гээчтэй тэмцэн байна вэ.

Энэ хорвоо дээр зарим нэг нь амь амьдралын төлөө ийнхүү хичээн зүтгэнэ байхад, өөр нэг хэсэг нь яагаад юман чинээ бодохгүй амиа үгүй хийнэ вэ. Эс бөгөөс хэн нэгний төлөө амиа үл хайрлах, үгүй бол хэн нэгэн хаан, шашны тэргүүн, улс эх орны төлөө хэмээн амиа золино вэ. Үнэхээр энэ бүхэнд утга учир бий юу? Бий бол тэр нь юу гэж? Байхгүй бол энэ бүхэн юунд хэрэгтэй юм?

Oct 27, 2009

Электрон шуудан

Хүмүүс янз бүрийн электрон шуудан хэрэглэдэг байх. Миний хувьд хамгийн анх Hotmail ашиглаж байлаа. Хэрэглэх ч юу байхав нээгээ л тэгээд аяндаа хаагдсан байхдаа. Дараа нь бол Yahoo mail хэрэглэх болсон. Ой тогтоолт муутайгын улмаас олон ч хаяг сольж байсан. Харин одоо хэрэглэж байгаа хаяг маань 6 дахь жилээ үзэх гэж байна гэхээр ой тогтоолт сайжирсан гэхээсээ байнга ашиглах болсонтой холбоотой биз. Харин 2 жилийн өмнө Gmail -д бүртгүүлж байлаа. Гол зорилго нь Google Reader ашиглах байсан юм. Харин Gmail-г блогтойгоо холбож өгснөөр бага багаар танилцаж байсан. Ер нь бол Gmail-д давуу тал их байх шиг санагддаг. Ядаж л хийц нь энгийн тохиргоо сайтай.Attach хийхэд ч тэр хурдан бас хаана юу болоод байгаа нь ойлгомжтой байдаг. Би ер нь өөрөө аливаа юм энгийн байхад дуртай хүн шиг байгаа юм. Simple is best! гэдэгдээ. Энгийн бөгөөд ойлгомжтой. Хичээлийг ч тийм байлгах гэж оролддог. Yahoo mail сайжраад шинэ дүр төрхтэй байсан ч би гэдэг хүн классикын ашигласаар л байлаа. Ерөнхийдөө бол mail-ээ Gmail рүү нүүлгэе гэж бодогдоо л байгаа. Бага багаар шилжиж буй ч нэг удаа гүүгл ах алдаа зааж зогссоноос болоод бас жаахан айгаад байх болсон. Яг хэрэгцээтэй үед тэгээд гацчихвал хэцүү л байх. Гэхдээ та бүхэнд Gmail-ыг санал болгоё.

Хэрэглэхэд тохиромжтой шүү.

Oct 25, 2009

Цөмийн эрчим хүч

1973 оны газрын тосны хямралын үед Япон орон анхны атомын цахилгаан станцны үйл ажиллагаагаа эхэлжээ. Өнөөдөр Япон орон нийтийн цахилгаан эрчим хүчнийхээ 35%-ийг атомын цахилгаан станцаас гарган авч байна. Засгийн газрын төлөвлөгөөгөөр 2009 онд 39%, 2014 онд 41%, 2050 онд 60% цахилгаан энергийг атомын цахилгаан станцаас гаргах зорилт тавиад буй. Тэдний тоног төхөөрөмж нь 50% хүртлээ гаргаж чадна гэж өнөөдрийн байдлаар тооцоолоод байгаа юм.

Мэдээж зөвхөн япон л цөмийн энергид найдаагүй ээ. Дэлхий дээр ойролцоогоор 400 гаруй АЦС буй. Түүний 50 нь Японых. Ерөнхийдөө дэлхийн нийт цахилгаан энерийн 16-17% нь АЦС-аас гаргаж буй гэж үздэг. Харин Франц өөрийн орны 75%-ийн цахилгаан энергийг АЦС-аас гарагн авч байна.

Цөмийн эрчим хүчний давуу тал нь цэвэрхэн, хямд, ашигтай, аюулгүй гэх дөрвөн үгээр тодорхойлж болох юм. Цэвэрхэн гэдгийг өнөөдөр хэнч үгүйсгэж чадахгүй, учир нь нүүрс хүчлийн хий ялгаруулахгүй, хүхрийн оксид ч мөн адил. Тиймээс нефт, нүүрс шиг дэлхийн дулааралд нөлөөлөхгүй, хүчлийн бороо оруулахгүй гэсэн үг. Мөн нүүрснээс, нефтээс олон дахин хямд юм. 1.6 сая тонн нүүрснээс үйлдвэрлэх эрчим хүчийг хагас кг уранаас гарган авна. Тийм ч учираас дэлхийн эрчим хүчний ирээдүй АЦС-д буй гэж дэлхий даяар үзэж буй.

Харин цөмийн энергийн сөрөг тал гэвэл цөмийн зэвсэг ба түүнийг хадгалах арга технологи юм. 1979 оны Three Mile Island, 1986 оны Chernobyl АЦС-ын осол. 2004 оны Mihama дахь 5 хүн үрэгдсэн аваар зэрэг нь энэ талаар санаа зовних асуудлын нэг хэсэг болоод байна. Мөн ашиглагдаад дууссан цацраг идэвхит савуудыг хэрхэх вэ гэдэг асуудал буй. Японд 2000 онд NUMO буюу Цөмийн бохирдолыг шийдвэрлэх холбоо байгуулагдсан. 2020 он гэхэд Япон орон 40 мянган ширхэг хэрэглэгдсэн цөмийн торхийг устгах шаардлагатай болно. Одоогийн байдлаар 300 жилийн хугацаанд газар булах гэсэн аргыг хэлэлцэж буй.

Мэдээж цөмийн эрчим хүчинд олон олон ашигтай тал буй ч сөрөг зүйлс байсаар байна. Гэвч дэлхийн дулаарал, бохирдол зэргийг шийдвэрлэх гарц, нөгөөтэйгөөр ойрийн хэдэн арван жилийн эрчим хүчээ хаанаас олох вэ хэмээх дэлхийн энергийн хямралыг давах арга цөмийн энергийг ашиглах л болж таарч байна. Тиймээс аюулгүй байдлыг анхаарч өөдрөг үзлээр цөмийн энергиэ хэрэглэцгээе.

Oct 22, 2009

ADHD

ADHD (Attention Deficit Hyperactivity Disorder) нь америкийн хүүхдүүдийн дунд ихээр оношлогдоод байна. Хүүхдүүдийн дунд 3-аас 8 % болж, насанд хүрэгчид 4-өөс 5 % болж өсөөд байна. Харин ADHD нь Шинэ Зиландад 6.7%, Германд 8.7%, Хятадад 8.9% тай байгаа бөгөөд, судалгаагаар японд 2.5% буюу 40 хүүхэдтэй ангид 1 хүүхэд гэсэн судалгаа гаржээ. Сэтгэц эмгэг судлалын статистик оношлогооны газрын үзэж байгаагаар ADHD нь хүүхдүүдийн дунд тэр тусмаа 6-7 настай эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдийн дунд их байгааг тогтоожээ. ADHD-ыг гурав ангилах ба "анхааралгүй, хайнга байх", "хэт их хөдөлгөөнтэй", энэ хоёрын хосолмол гэж ангилдаг байна. Анхааралгүй байх гэдэг нь хичээл дээр унтах, хэт мөрөөдөх зэрэг байхад хэт хөдөлгөөнтэй байх нь анги дотор тогтвортой суухгүй байнга гүйх, суух үедээ хөлөө ганхуулж, гарт барьсан зүйлсээ эргүүлэх, анхаарлаа нэг чигт төлөврүүлж чадахгүй байх зэрэг юм.

Өөрөөр хэлбэл ADHD нь сэтгэцийн өвчин эмгэг гэж үздэг ажээ. Хэдийгээр үүний шалтгааныг бүрэн олж тогтоогоогүй ч цөөн тооны онолууд гарч ирсээр байна. Хамгийн эхэнд ADHD нь удамшдаг гэх, үүний эсрэг хэзээ ч хэн нэгнээс удамших бололцоогүй ч үздэг. Мөн жирэмсэн байх үетэй хамаатай гэх нь ч бий. Жишээлбэл согтууруулах ундаа, тамхи ихээр хэрэглэдэг эхийн хүүхэд ADHD-тэй төрдөг, мөн эртэдсэн хүүхэд тийм байдаг гэх мэт... Мөн хүүхэд байхдаа тархины гэмтэл авхаас ч гэж үзэх тохиолдол байдаг, эс бөгөөс хортой бүтээгдэхүүн хүнсний будаг оруулагчаас гэх нь бий, мөн аллерги, сахар, бактер, тэжээлийн дутагдал ч гэдэг байна. Саяханаас америкт Ritalin хэмээх эм гарчээ. Энэхүү эм нь ADHD-г намжаах зориулалттай ба харин цувралаар ашиглахгүй байхыг зөвлөдөг.

Гэвч энэ бүхнийг үл харгалзан зарин хүмүүс энэ бүхэн зүгээр л зохиомол зүйл, эмч нар санаачлаад эмийн үйлдвэрууд гаргасан нэгэн бизнес гэж үзэх нь байдаг. Харин эмч нар үүнийг байдаг гэж нотолж үүнийгээ энэ эмийг хэрэглэх хүмүүсийн тоо өсөж байгааг хэлдэг.

Oct 21, 2009

Болгохуу, болихуу?

С.Баярын засгийн газар энэ намраар дуусаж байгаа гэнэ үү?
Үнэн худал нь мэдэгдэхгүй боршувуу нисээд олонхийг дасгаад дараа нь биеллээ олдог зүйл сүүлийн үед их болдог болжээ. Урьд нь ч байсан л байх. Саяхнаас С.Баяр сайдын биейин байдлаас болоод удахгүй ажлаа өгнө, засгийн газарт халаа сэлгээ орно гэх яриа, нийтлэл тарж байна. Гэхдээ саяхнаас гэж бас хэлэмгүй ерөнхийлөгчийн сонгуулийн дараагаас л даа. Захиалагч нь тэр ч гэх таамаг цугтаа явна. С.Эрдэнэ гуайг улсын их хуралд оруулж ирсэн, Зоригтийн эсрэг Бурмаа гуайг тавьсан гээд таамаглалууд явагдсаар ирлээ. Гүндалайгаар шантаажилсан санал улс төрийн шийдэл, засгийн газраа авч үлдэх арга зам гээд учир нь үл олдох мэт онц сонирхолтой жүжигүүд ар араасаа явсан намар байх шив. С.Баярын засгийн газрын төгсгөлийг харах сонирхолд хэнд байж болох вэ?
За даа хэнд гэдэг нь сонин биш биздээ. Харин засгийн газар тогтвортой үйл ажилаа явуулж байх нь хэнд ашигтай вэ гэдгийг бодвол хэрэгтэй боловуу. Саяхан хийгдсэн гэрээний бэх нь хатаагүй байна. Ажил нь ядаж гольдролдоо ороосой. Нэг үймээд эхлэвэл гэрээ цуцлана гээд гудамжинд жагсах хүмүүс багагүй бий байх шүү. Хийсэн ажил нь үр дүнгээ өгч эхлээд буй энэ засгийн газрыг заавал сольж холих гээд байдаг нь гайхалтай. Гайхалтай ч юу байхав дээ угаас албан тушаалын төлөө явдаг нь хүний араншин хойно, хөнөөгөөд ч болох авхийнсан гээд орондоо нойр нь хүрэхгүй хөрвөөдөг нь нэг бус биздээ. Анх хамтарсан засгийн газар байгуулах гэх үед би хувьдаа эсэргүүцэж байсан. Балиар юмнууд Алтангадасынхантай нийлээд баллаж өгөх нь дээ гээд. Би ч гэлтгүй олон хүмүүс хэлж байсан байх. Бат-Үүл, Элбэгдорж гуай, Баабар гээд л олон хүмүүс хэвлэлээр ч тэр санал бодлоо хэлж байсан. Гэхдээ тун удалгүй Монгол даяар энэ засгийн газрийг хүлээн зөвшөөрчлөө. 7 сарын 1 ны үйл явдлын дараа С.Баяр сайдын нэр нөлөө нийгэмд нилээд унасан боловуу. Дараа нь олимпоос медал аваад байсан үед талбай дээр болсон үйл явдлаас бүүр доошоо явцан. Гэвч хүн сайтай муутай гэдэг хийсэн ажил нь өнөөдөр үнэлэгдэж байна. Зоригт намаасаа нэр дэвшүүлэх үйл явц нь өөрөө намын даргын нэр нөлөө нам дотор хэр байгааг харуулчлаа.

Энэ засгийн газар тогтвортой цаашид үйл ажилаа явуулсан нь дээр гэж миний хувьд харагдаж байна. Гэрээ байгуулахдаа өөр дээрээ гал аваад гараад ирж буй залуу сайд, ерөнхий сайд хоёрт алга ташмаар. Нийгэмд цацсан золбин гүтгэлэг бүгдийн санааг эргүүлж байхад тэд хариуцлагаа үүрнээ гэсээр даваад гараад ирлээ. Монгол африк болохуу араб болохуу одоо хорин жилдээ харагдана биз. Харин дараагийн сонгууль болтол энэ багийг ажилласаар байгаасай гэж би хувьдаа хүсэх байна.

Монгол орны хөгжил яруу сайхан ярьдаг амалдаг улстөрчидын буянаар бус тогтвортой төр, үндэсний үйлдвэрлэлээр л хөгжинө. Ганц газраа ухаад мөнгө олох бус, хийж бүтээж үйлдвэрлэж амьдрах цагыг бүтээцгээе.