Jun 29, 2009

Зам

Миний явсан ба явах зам ямар нэгэн замны үргэлжлэл байх нь тодорхой, өөрөөр хэлбэл би төрөхдөө л аливаа нэг замын үргэлжилэл дээр гишгээд л эхэлсэн гэсэн үг. Гэхдээ би явах замаа өөрийн гараар бүтээхийг хүснэ. Хэн нэгний алхаад өнгөрсөн дардан ч юмуу далий ч юмуу замаар бус бүхнийг хоёр гараараа бариад түүн дээгүүрээ бардам алхана. Миний зам дээр миний үр хүүхэд, намайг дагалдагчид маань алхах бөгөөд энгийн, ойлгомжтой тэрхүү замын үргэлжилэл болно.

Jun 28, 2009

Монголын түүхийн талаарх илүү үг

Уншсан ном маань цөөн, тэр тусмаа түүхийн талаар уншсан ном гэвэл гарын арван хуруунд ч багтаж мэднэ. Үүнээсээ ичдэг, гэхдээ уншсан номнууд маань дажгүй чанартайгаас нь таарж уншсан боловуу гэж найддаг. Түүж бус таарж л уншсан л даа. Дотоодын номнуудаа, мөн зарим гадаад эрдэмтийн Монголын түүхийн ном ч гэдэг юмуу. Гэхдээ өөрийн уншиж байсан явцаа хараад байхад тухайн хүний үзэл бодол руу далбийгаад явах бус, үйл явдалын тойм, түүхэн эргэлтүүд дээр анхаарлаа төлөвлөрүүлж байсан шиг санагддаг. Үүнийгээ ч зөв байжээ гэж дүгнэдэг. Хаа нэгтэй найз нөхөдтэйгээ түүх ярьж байхад маргаан гардаг, маргаан болмогц тэр номон дээр тэгж бичсэн байдаг, яагаад ч тэгж бодож болохгүй чиний бодол номтой зөрчилдөж байна гээд байдаг. Юу хэлэх гэсэн вэ хэмээвээс мэдээж болсон үйл явдалыг болоогүй гэж мэтгэхгүй нь мэдээж, (эргэлзээтэй байж болно л доо болсон болоогүй гээ л..) тэгэхээр үйл явдалд хийсэн дүгнэлт дээр саналын маргаан гараад ирдэг. Хаанаас нь хэн харж бичсэн гээд л..

Нэг хэсэг энэ олон тайлбар дүгнэлтүүдээ Монголчууд цэгцэлээсээ гэж боддог байлаа. Дархлаа байхгүй түүхтэй, гадны эрдэмтдээр судалгааны сууриа хийлгэцэн тэрэн дээрээ өөрсдөө түүхийн ордоноо босгосон санагддаг. Ингэж бодож яваад санамсаргүй нэгэн номтой учирсан юм. Ч.Чимэгбаатар гуайн "Охиндоо хүүрнэх Монголын түүхийн учир" хэмээх. Токио дахь "Монгол таун" нэртэй хоолны газар хэсэг найзуудтайгаа хоол идэн суугаад, олон жилийн өмнө яг л миний энэ явсан замаар ирээд сурдагаа сураад, эндээ гэр бүлтэйгээ амьдран ажилладаг ахтай таарсан юм. Мэдээж номын ах гээд хэлчихэд буруудахгүй хүн тул мэнд мэдэн, хэсэг ярилцан суухад "Чи өөрөөрөө бахархах ёстой, улсын зардалын техникийн коллежээр ирсэн олон залуучуудын нэг нь болж ирсэндээ. Бид жил жилээр ирсээр одоо томоохон нэгэн бүлэг болсон байна. Корпраци л гэсэн үг. Бидний дундаас их хурлын гишүүн гарлаа, чадварлаг инженерүүд гарлаа. Монгол орноо хөгжүүлэх, хөгжилийн түүчээ болох болноо." гэж хэлсэн юм. Тэгээд надад нэгэн ном өгье гээд жижиг авсаархан нэгэн ном өгөөд заавал уншаарай гэв. Би та эндээ дурсгал болгоод нэг үг бичээд өгчих гэхэд, би юугаа бичихэв харин энд зохиолч нь байгаа тэр хүнээр бичүүл гээд дагуулж очив. Ч.Чимэгбаатар гуай өөрийн гарын үсгээ, огноотой нь бичээд надад өгсөн билээ. Тухайн үед надад ямар хүн ямар номоо өгч байгааг үнэндээ юу ч мэдээгүй. Уншсан хойноо интернэтээс нэрээр нь хайхад, "Монголын хэл шинжлэлийн урдаа барьдаг эрдэмтдийн нэг, одоо Япон Улсад амьдарч буй доктор Ч.Чимэгбаатар, Токиогийн Монгол Академийн захирал, Монгол судлаач, доктор Ч. Чимэгбаатар." гэх мөрүүд гарч ирж билээ.

"Охиндоо хүүрнэх Монголын түүхийн учир" хэмээх номыг уншсанаар дотор яваад байсан асуултууд, илэрхийлж чадахгүй байсан бодлууд гараад ирэх шиг, номны мөрүүд дээр дуурайж байсан. Хүнтэй ярилцаад санал нэгдэх сайхан, ном уншаад зохиогчтой нь санал нэгтэй, үзэл бодолыг нь дэмжиж санаа авч цааш үргэлжлүүлэн эргэцүүлэх бүр сайхан.

Энэхүү бичлэгийг энэ номны санаагаар, өөрийн бодлоор бичлээ гээд хэлчихэд ер нь болох байхаа. Гэхдээ зохиогчийн хэлэх гэсэн санааг дутуу ойлгон, энэ оюуны бүтээлийг нь гутаачихвий гэж эмээж байх ч уншигчийн бодол, миний өөрийн үзэл энд шингэсэн байгааг ойлгон уншихыг хүсье.

Мэдлэг хэмээх зүйлийг хүн төрсөн цагаас эхэлж хураан авч, амьдралдаа хэрэглэн, өөрийн оюуны чадлаар баяжуулж цааш хөгжүүлэн явдаг. Энэ нь ч хүн хэмээх зүйлийн утга учирын нэгээхэн хэсэг болдог биз. Гэвч дээрх мөрөнд нэгэн зарчимын хувьд алдаа байгаа нь хүн төрснөөр мэдлэгийг өөрөө бий болгодог бус, эртнээс уламжлагдан ирсэн мэдлэгийн үргэлжлэл болон явдаг билээ. Өвөг дээдэсийн үлдээсэн оюуны болон материаллаг их өвийг өөртөө шингээж, амьдралдаа хэрэглэдэг. Гэвч энэхүү мэдлэгийг хүлээн авах нь төрөл нь өөр өөр, тухайн нийгэмдээ, аж төрөн буй газраасаа мэдлэгийн байгалийн зөн совингоороо хүлээн авдаг байхад мөн суралцах, унших сонсож олж авч ч байгаа. Үүний дунд нэгэн томоохон салбар нь түүхээс олж авах юм. Түүхийг уншиж судалж эргэцүүлж, амьдралын эрчээ болгон явах нь хүний амьдралын салшгүй хэсэг байх ёстой.
Өөрөөр хэлбэл хувь хүн өөрийн гэр бүлийн түүх, болсон явдал өвөг дээдэсийн тухай мэдээ, мэдлэгийг гэр бүлээсээ хүлээн авч, миний гэр бүл чинь ийм юм хийж бүтээж ингэж аж төрж байжээ. Би нас бие гүйцэхээрээ энэ сайхан гэр бүлийн нэр төрийг өндөрт өргөж улам мэдлэгийг дээшлүүлж явах ёстой бөгөөд үүнээс дор яавч байлгаж үл болно гэсэн ухамсарыг олж авдаг байх учиртай.
Харин хувь хүн үндэсний түүхээ үнэн мөнөөр нь мэдэхийн сацуу, түүхийн, оюун санааны дархлаг өөртөө бий болгож авах нь тухайн улсын иргэн болсны үүрэг байх ёстой. Иргэн бүр ийм байж чадваас үндэстний хувьд их эрч хүчээр улс орноо сайн сайхан авч явж хөгжүүлэх нь тодорхой бизээ.

Харин Монгол хүнд энэ чадвар, түүхийг үнэн мөнөөр нь хүлээн авах, оюун санааны дархлааг хэр бий болгож чадаж байгаа вэ? Монголчууд үр хүүхэд хойч үедээ энэ мэдлэгийн их ундарга, аугаа түүхийг хэр өвлүүлж чадаж байгаа вэ?
Бид түүхчидын тоогоор, сурах бичигээр, түүхийн тухай гарсан номоор, 1 түүхийн багшид оногдох сурагчидын тоогоор энэ үзүүлэлтийг яагаад ч харж болохгүй. Тоон утгаас илүү чанар хамгаас чухал. Түүхийн мэдлэг, түүх сонирхогчидийг чанараар нь авч үзвэл эмгэнэлтэй л үр дүн гарах боловуу. Тэр тусмаа дархлаа талаас нь аваад үзвэл эмгэнэл харагдана гэж хувьдаа үзэж байна. Түүх сонирхдог залуу үе гэвэл нууц товчоо зэрэг номыг а б гүй цээжилцэн аливаа түүхий насуудал ярихаараа нууц товчооноос өөр жишээ авдаг зүйлгүй. Аливаа зүйлийг номны мөрөөр сэтгэж ярилцдаг ийм л үе бий.
Шүүмжлэлтэй хандах зүйл бол залуу үерүүгээ дайрах бус тэднийг бэлтгэгч багш нар, заах мэдлэгийн эх сурвалжийг гаргаж өгөгч түүхийн эрдэмтэдрүү чиглэх ёстой. Бие даасан хэмээх эрдэмтэд нь Монголын түүхийг оролдож буй гадны улсуудын санаанд цохилт өгч, хамгаалж, Монголын залуу үедээ үнэн түүхийг түгээж, эх орноороо бахархах сэтгэл, оюуны дархлааг бий болгох ёстой бизээ. Мөн тулгамдаад байгаа маргаантай байгаа түүхэн асуудлуудыг яаралтай шийдэж нэгэн цогц түүхийн оюуны өргөөг босгох хэрэгтэй байна. Гадны эрдэмтдийн үзэл шингэсэн, өмнөх үейин түүхийн судлах арга барилаас яаралтай гарж, бие даасан Монгол үзэл баримталруу шилжих нь юу юунаас илүү тулгамдаад байгаа мэт.

Мөн хөгжилтэй орнуудын хөгжилийг гайхан биширч, өөрийн орны хоцрогдсон байдал үгээгүй ядууг шогшрон, гаднаас хөрөнгө мөнгө, амьдралын шинэ хэв маягыг цутгахын хамт гадны соёлыг өөрийн орондоо оруулахдаа сайтар бодох хэрэгтэй мэт. Баяр цэнгээн гадны соёлыг тэр чигт нь хуулж, эцэг өвгөдөөс уламжлагдан ирсэн агуа соёл үгүй болж байгаа. Үндэсний бүжиг, дууг мэргэжилийн хэдхэн хүн чаддаг, ард түмэн нь нийтээр барууны соёлоор хувцаслаж, тэдний иддэгийг идэж, дуулдагыг дуулж, бүждэгийг бүжсээр.. Үндэсний соёлоо олон нийтийн дунд гаргах аваас аягүй бол адлуулж шоолуулах хэмжээнд тулаад буй. (Та нэг баяр цэнгээнээр бүжигийн талбайд гараад ардын бүжиг хийгээд үз хэрхэн хүлээн авах бол.. Хүний толгойд бараг багтахгүй биз. Энэ зөв үү буруу юу?, Монгол дээлтэй гадуур явбал таныг хөдөөнийх л хэмээн ад үзэх болуу) Монгол соёлыг гадныхан хоцрогдсон гэж хэлэх нь зөв үү. Энэ их олон зуун жил хуралдсан дэлхийг гайхан бишрүүлж явсан соёл харин ч гайхагдан бусад нь хуулж байх ёстой атал бидний буруугаас, өөрсдийн минь арчаагүйгээс хоцрогдсон хэмээн адлуулж буй билээ.

"Цэрэг хүн буу бариад эх орноо хамгаалдаг бол, эрдэмтэн хүн ухаанаар эх орноо хамгаалдаг юм. " 45-т тал.

Алдаатай түүхийг түгээж, түүнийг нь урлагынхан санаа авч уран бүтээл хийж ард түмэнд тарааж байна. Гадны найруулагч түүхийг гуйвуулж кино хийхээр дотроо бид шүүмжлээд байдаг хэрнээ. Дотоодын эрдэмтэд нь утгагүй балай зүйл хийхээр анзаарахгүй өнгөрөөд байдаг нь сонирхолтой.
Монголын түүхэнд Чингис хаантай энэ зэрэгцэх хүнээр Жамухыг тодруулсаар удаж байгаа биз. Жамуха хэрвээ хаан байсан бол гэх санаа ч цухалзаад байдаг, "Их эрдэмтэн Ц.Дамдинсүрэн <Манай хатиган овгийн Жадраны Жамуха сэцэн бол их ухаантай хүн байсан. Танай түүхчидын хэлж байгаа бол Жамухын үнэн дүрд үл нийцнэ. Хэрэв тэрээр Монгол улсын хаан болсон бол их л ухаалаг удирдах байсан даа хэлсэн нь түүх ч эрдэмтэн Ч.Далайн номд бий.>" Хэрвээ тэгсэн бол ингэх байсан, тэр үед ингэчихсэн бол бид өдийд ийм байх байсан гэж ярих нь буруу хэмээн миний хувьд үздэг. Түүхээс суралцах нь мэдээж түүхийг судалж буйн гол утга нь мөн боловч. Алдаа оноог нь цэгнэж, алдааг давтахгүй, оноог мөрдөлгөө болгож явахаас, бид тэгэхэд тэгэх байсан юм хэмээн халаглан суух нь яав ч эрүүл бус билээ. Тэр тусмаа дээрх Ц.Дамдинсүрэн гуайн хэлсэн үг үнэхээр үнэн бол хариуцлагагүй үг шиг санагдах юм. Бид Чингис хаанаа өргөн, түүний хийснийг үнэлж үндэстний их эрчээ болгон цаашдын он жилүүддээ үнэт зүйлээ болгон явах ёстой атал харин ч доош нь дарж, хэн нэгэн өөр баатарыг эсрэгцүүлэн тавих нь хэнд ашигтай билээ. Үүний үргэлжлэл гэлтэй саяханы гарсан "Үхэж үл болно" хэмээх кино нь дээр Жамухын дүрийг ихэд тодруулан, Жамуха ухаалаг тулдаа хаан ширээнээс татгалзан амиа өргөж буй мэт харагдуулсан нь хачирхалтай. Мөн Чингис хааныг сул дорой мэт, дүү хасар нь ажлийн нь хийж өөрөө өвс ногоо түүсэн шигээ алхаж байгаа кадр гаргасанд ихэд эвгүй сэтгэгдэл төрсөнөө нуух юун.

Зарим нэг орноос зориуд гарган буй Монголыг үндэстнийх нь хувьд, түүхийг нь ч гутаах явуулга гарч ирэхэд дуугуй суусаар няцаалт хийдэггүй хачирхалтай үзэгдэл байдаг. Өөрсдийгөө өмөөрч буй санаа нь Монголын аугаа түүхийг дэлхий мэднэ, нэг жижиг явуулга дээр сөхөрдөг нь бид бус хэмээх хариулт байдаг. Гэвч түүх хэмээх зүйл нь их эмзэг агаад, үнэн мөнөөсөө гажих, хиртэж булингартах нь бишгүй байдаг. Өнөө цагт хэн мөнгөтэй хөрөнгөтэй нь мөнгө хаяж бусдын түүхийг гутааж шинээр бичих гэж оролддог болоод байна. Иймэрхүү болчимгүй зүйлсэд бид хариуг нь барьж залруулга хийлгэж авч байх нь чухал асуудал болуу.
Евроазийн үзэлтэй Орос эрдэмтэд хүч түрэн гарч ирсэн нь 20р зууны эх бөгөөд үүний ноён оргил нь Гумёлив билээ. Энэ хүний багш, шавь нарын цогц судалгаа хүчээ авч Монголын эрдэмтэд эдгээр судлагаа нь дээр хундаам хийн цааш нь үргэлжилүүлсэн болвуу гэж би хувьдаа ойлгодог. Г.Сүхбаатар зэрэг эрдэмтэдийн судалгаа ч тийм замналаар явсан шиг байдаг. Өнөө үед Орос орон ихээхэн хүчээ авч, эдийн засаг, зэр зэвсэг гэлтгүй соёл, шинжлэх ухаанд ч цар хүрээ нь дахин хүчтэй гарч ирж байна. Сергей Бодровын кино ч В.Путины авч хэрэгжүүлж буй үзэл баримтлалын нэгэн хэсэг шиг харагддаг. Хятад орон Монголын түүхээр оролдож эртнээс элдэвээр бохирдуулах гэж оролдож ирсэн, гэвч тэдний явуулгын цар нь бага, санаа нь богино байдаг. Харин Гумёливийн түүх дээр суурилсан Орос эрдэмтэдийн шинэ явуулга Монголчууд бидэнд хэрхэн тусах болоо. Нэгэн хундаам дээр суурилсан түүхийг Оросууд нэг тийш нь хэлбэлзүүлэхэд Монголчууд бид хэрвээ бэлтгэл муутай байх аваас хамгаалалтгүй нүцгэн ноёнтой сууж байгаагаас ялгаа юу байхав.

Тэгэхээр дээгүүрээ ярилцаад энэ асуудал дуусчих эд биш тул бид сурах бичигүүдээ шинчилж, алдаа мадаггүй эргэлзээ үгүй чанартай түүхээр залуу хойч үеээ бэлдэх нь чухал билээ. Евроазийн үзэл нь Монгол орон 13р зуунд цойлон гарч ирж дэлхийд бодлог тодорхойлж байсан бус, харин ч тухайн үейин Евроазийн орнуудын хамтарсан их улс байсан гэж үздэг үзэл. Одоо энэ инээдтэй сонсогдож байгаа ч хэсэг хугацааны дараа бид энэ хэвээр байсаар байх аваас өөрсдөө ч энэ худал түүхд итгэж эхлэх болно.
Түүхэнд шинэ санаанууд мэр сэр гарсаар байдаг биз. Мэдээж түүхч хүнээс өөр хүн гаргаж болохгүй гэж байхгүй болохоор. Өөрийн уншигчтай, нэртэй хүмүүс ч барин тавин санаанууд гаргадаг. Үүний нэг илрэл нь сэтгүүлч Б.Цэнддоо гуайн "Соёлын довтолгоо" номонд буй Чингис хаан дэлхийг эзлэе гэсэн санаатайгаар бус бэлчээрээ томсгоё л гэж бодоод сэлмээ бариад морио унаад давхисан юм биш үү. Харин байлдаж явсаар далайд ч тулж, юм энгийн байдаг шүүдээ хэмээсэн байдаг. Энэ санаа нь ёгт агууламжтай хошин байдлаар хэлсэн боловч үнэн баримтаас жаахан гажуу мэт. Чингис хаан олон улсын эзэлж, түүнээ зөвхөн талаад өнгөрсөнгүй шинэ удирдлага гарган тавьж цоо шинэ улсуудыг бий болгож байсан. Мөн эх орондоо гадны олон эрдэмтэдийг цуглуулж, олон инженэрүүдийг авчиран гайхамшигийг бүтээх гэж оролдож байсан билээ. Олон олон баталгаа нотлгоо Чингис хаан гагцхүү байлдан дагуулагчаар үл зогсон аугаа удирдагч байсныг тодотгодог. Ийм хүнийг бэлчээрээ томсгох гэж явсан гүнгүүгүй сайхан малчин эр шиг санах нь наанадаж л шударга бус цаанадаж Монголын түүхэнд халгаата эд шиг.

Төгсгөлд хэлэх үг маань бид түүхийг уран зохиол шиг санах бус, цаашдын бидний хөгжилийн гол түлхүүр, үүнийгээ ашиглан байдаг л нэг хөгжсөн орон бус жинхэнэ соёл уламчлал, өнө эртний мэдлэгээ амьдралдаа хэрэглэдэг үндэстэн болох нь хамгаас чухал билээ.

Хөгжсөн орнууд Монголд атаархаж байна. Тэд бидний хоцрогдсонд атаархаж байна. Тэд хөгжсөн, хөгжилийн их хурдныхаа үед өөрсдийн үнэт зүйлсийн ихэнхээ үгүй хийсэн. Харин Монгол оронд хөгжих боломж байна. Бидэнд сургамж авах түүх, санаа авах жишээ байна. Бид алдаа бага гаргаж хүчирхэг үндэстэнтэй улс орон бүтээх ихээхэн боломж гэрэлт ирээдүй бий.

2009.06.28

Jun 25, 2009

Боловсролын талаар илүү үг

Монгол хүүхдэд арван жилд байхад нь ямар боловсрол эзэмшүүлбэл зохилтой юм болоо. Үзсэн хичээл нь миний хувьд тийм ч чанартай байж чаддаггүй санагддаг. Түүх, философ, нийгмийн тухай мэдлэг зэрэг нь ерөнхий боловсролын сургуульд байхад ял шиг санагддаг байсан. Түүх гэхээр нэг л их он цагын хэлхээ ойлгомжтой, зураг хөрөг с хем ч байхгүй. Учир утгагүй унш бич, цээж бичиг хийсээр л таардаг. Шалгалт нь ч юу ирдэг байсан юм байгаан. Тэдэн оны тэдэнд ямар гэрээ хийсэн бэ? Хэн хэн Орос руу тусламж гуйхаар явсан бэ? Баруунтануудыг нэрлэ! Зүүнтэнуудийг нэрлэ. Тэдэн оны гэрээ нь Монгол орны хувь заяанд хэрхэн нөлөөлсөн, хэн хэн явж юу хийж байгаад ирсэн, баруунтан зүүнтэн гээд хуваагдсаны учир, зүгээр л Оросууд сүүлд нь хуваагдсан маягаар түүхийг маань бичиж өгсөн юмуу гээд асуултуудыг хэзээ ч тавьж байгаагүй ер нь тэр асуултандаа зааж байсан багш нь хариулж чаддаг ч байсан юмуу.

Монгол хэлний хичээл бол оньсого байсан одоо үзсэн ч тэр хэвээрээ биз хэхэ. Өгүүлэгдэхүүн, өгүүлэхүүнтэйгээ, тодотгол тусагдахууныг нь ойлгосон ч яг тэрийг мэдсэнээр надад юун хэрэгтэй хаана нь ашиглаж болох талаар ойлголт үлдээгүй. Гар бөмбөг барьсан сармагчин маягын юмуудаа. Уул нь эх хэлээсээ гадна харь орны хэл үзэхэд нөгөөх эх орны хэлний дүрэм энэ тэрийгээ ашиглаад хялбаршуулан, харьцуулалттай үзэх боломж байгаад байх шиг, гэхдээ Монгол хэлний дүрэм талаасаа би өөрөө тааруухан хүн учир тэгээд ухантаад байсаар дуусах биз.

Математик, Хими, Физик дээр нээх юм яриад байхгүй, бид бусад орноос түрүүлээд цойлоод байдаггүй ч хоцроогүй л яваа санагддаг. Эдгээр хичээл бол багшаас гадна хувь хүүхдийн чармайлт ихээхэн шаардлагатай ч санагддаг. Яахав бусад хичээл нь мэдээж хичээл зүтгэл хэрэгтэй ч 10-н жилийн хүүхэд өөрөө сонирхоод түүхийн зузаан ном сөхөөд суухаас илүү чадалтай багш үлгэр шиг сайхан яриад өгөхөд өөрөө хөтлөгдөөд явчих шиг санагддаг. Нийгмийн ухааны хичээлүүд бол яах аргагүй багш чухал.

Үүнээс гадна одоо надад юу дутагдаад байнаа? Би арван жилийн хичээлээс юу байсан бол одоо бас илүү боломж өндөр байх байсан бэ?
Миний хувьд Монгол хүн гэдэг утгаараа Монголын соёл, ёс, зан заншил эдгээр зүйлс тэргүүн эгнээнд тавигдах асуудлууд гэж бодож байна. Намайг 2-р арван жилийн сургуульд сурж байхад 4-р ангидаа ч билүү сургуульдаа Монгол гэр маягаар тохижуулсан анги байдагыг мэдэж билээ. Тэр сургуульд би 5 жил сурахад тэр ангид нэг л удаа орж үзсэн. Сургуулийнхаа шатрын тэмцээнээр нэг ороод тоглоод гарсан, Монгол ханатай, жижиг ширээ сандалтай улаанаар будцан, шаландаа эсгий дэвсээд шагай зэрэг тоглоомтой сайхан анги байсан. Даанч тэр ангийг юун ашигладагыг чөтгөр, сургуулийн захиргаа хоёр л мэдэх байх. Намрын спартикадад зориулж шатрын тэмцээн явуулахаар бүтээгээгүй л байлгүй. Дуу хөгжимийн хичээл орж, үнэн худлаа нот заалгаж байсан ч уртын дуу, богино дуу, ардын дууны талаар сонсож дуулж байсан боловуу? Ардын дуу магадгүй боловч дэлхийд гайхагдсан уртын дууг би сургуульд байхадаа хичээл дээрээ сонсож байсан гэж бодохгүй байна. Яг үүнтэйгээ хамт Монгол бүжиг байна. Заалгах битгий хэл, юу илэрхийлэх гээд байгааг нь ч мэдэхгүй шахуу.

Учиргүй уртын дуу дуулаад, жалам хар бүжээд байдаггүй юмаа гэхэд үндэсний соёлоо мэдэх бололцоог яагаад олгоогүй юм болоо. Ер нь хичээлийн програмд нь оруулаад дуугийн заагаад, бүжиг ганц нэг хөдөлгөөн заасан ч болох юм шиг. Авъяастай нэг нь тэндээс нь гарна, ядаж оролдож үзэж байсан гэдэг чинь дараа нь харахад ойр, ойлгоход хялбар, үр хүүхэддээ үзүүлэх гээд тасалбар ч болсон дараа нь худалдаж авна шүү дээ. Миний үейинхэнээс Уртын дуу сонсоод ойлгодог нь хэд байдаг болоо. Би лав сонсоод ямар сайхан дуулдаг юм бэ гэхээсээ илүү уушигны багтаамж нь мундаг юмаа л гэж боддог. Вальс, танго хараад яасан сайхан бүжиглэдэг юм гэж бодох мөрөө, С.Сүхбаатар гуайн дэгэлсэн бүжгийг хараад бахдаад байх нь үгүй. Дуу бүжиг гээд хүнд ойр зүйлс нь ийм байхад, уран баримал, уран зураг ярих хэрэг байна уу үгүй юу?
Гэхдээ дүрслэх урлагын хичээл дээр Марзан Шаравын "Монголын нэг өдөр"-ийг харж байсан. Натюр яаж зурдагыг заалгаж байсан. Элдэв проекц зурчдаг байсан нь яах аргагүй тухайн багшийн хувь хүний онцлогын ачаар мэдэж байсан. Хэзээ хойно оюутан болчоод Дүрслэх урлагын музейг гадагш явахаасаа өмнө амжаад үзчихэе гээд үзэж явлаа. Занабазар гуайн уран хийцтэй бурхад, элдэв зотон даавуун урлал зэргийг хараад айхтар бишрээд байгаагүй ч хэн нэгэнд асуугдахад Монгод ийм юм байдаг гээд хэлчих, интернэтээс нэрээр нь хайгаад бусдад үзүүлчих мэдлэг байна. Гэхдээ зөвхөн мэдээд л болчихдог бус Монгол хүн Монгол соёлоо таньдаг тайлбарладаг, ойлгодог, бахаддаг, шүтдэг хайрладаг байх хэрэгтэй.

Монголын дүрслэх урлаг ярьсан бол салшгүй шашин орж ирэх нь зүй, мэдээж цамын бүжиг, шашны хөгжимийн зэмсэг гээд явж өгнө. Тэгэхээр Монгол хүнд зан заншилыг нь мэдүүлье гэвэл Ламын шашинг ойлгодог, мэддэг, төсөөлөлтэй байх хэрэгтэй. Нээх шашин рекламдаад байгаа юм биш ахуйн өөрөө хэдэн зуун жил холбогдож ирсэн энэ орны түүх, соёл бүх юманд нь нэвт шингэсэн энэ шашныг судлахгүй, тайлбарлахгүй бол ямар хүн болгож төлөвшүүлж байна гэж ичихгүй хэлэх билээ.

Хичээл дээр нь Буддын сургааль гээд шашны сургууль шиг хичээл үзээд байх нь хаашаа юм. Гэхдээ соёлтой, заншилтай холбогдсон хичээл бүрийг шашин талаас нь тайлбар заавал явах ёстой. Багш нарын мэдлэг ч үүнд хүрдэг байх хэрэгтэй. Хичээл дээр нь гайгүйхэн лам авчираад лекц тавиулсан ч болмоор иймэрхүү асуудлыг хэн нэгэн багш, хичээл эрхлэгч толгойгоороо хариуцах чадвар байхгүй учир яамнаас нь, их хурлаас нь хууль баталж өгөх хэрэгтэй гэж санадаг. Ний нуугүй хэлэхэд ахуй талаас нь амьдрал талаас нь Бурханы шашинд ойртуулж дэмжиж өгөх нь Монгол оронд өөрт нь хэрэгтэй билээ. Шашингүй үндэстэн гэж юу байхав. Айж эмээх сэтгэл байх ёстой, хувь хүний хэм хэмжээс, давж болдоггүй хил хязгаар, хуулиар гагцхүү хязгаарлагдах бус оюуны сэтгэхүйн хана заавал байх хэрэгтэй. Христийн шашинг Монгол орон одооноос эхэллээ гэхэд өөриймшүүлэх бололцоо байна уу? Исламын шашин тэгж чадах уу? Аль нь ч үгүй түүний тулд хэдэн зуун жил дээр нь өндөр дектактур шаардлагатай. Харин өсөхөөс сурсан үндэсний хэл гэлээ гэдэг шиг Бурхны шашинд бололцоо бий. Ухаалаг байж чадвал хоцрогдсон байгаа ч гэлээ энэхүү шашингаар дамжуулан Монгол орон их хөгжилрүү соёлтойгоо, зан заншилтайгаа алхан орох чадамж бий.

Дээр нэг Ламын шашин гээд доор нь Бурхны шашин гэж бичсэнийг анзаарсан боловуу. Яагаад Ламайзм гэж? Түвдөөс орж ирсэн Бурхны шашин бурхны гэхээсээ илүү Ламын шашин л байсан боловуу. Гэхдээ Монголд Ламайзм чиглэлээрээ байсаар байсан гэж би хувьдаа боддоггүй оюунлаг тэр олон хувилгаад хутагтууд Бурхны шашин руу их дөхүүлж судалж байсан болвуу гэж би хэтэрхий зориг гарган дүгнэдэг. Энэ талаар надаа уншсан судалсан юу ч үгүй ч. Монгол хүн Монголдоо амьдарч хүн болсон гэсэндээ өөрийн бодол ийм хувилбараар явдаг. Лам нар нь Бурхны шашинаар явдаг ч сүсэгтэн олон нь Ламайзмаар яваад байдаг. Ихэнх лам нар нь ч ийм байлгахыг хүсдэг биз. Орлогын эх үүсвэр болсон сүсэгтэнүүд нь заавал нэг ламын урд суугаад ном уншуулж мөнгө төлөх, аливаа зүйл болохоо байхаар гандан гүйж кассанд мөнгө тушаахаар ажил нь бүтдэг биш юм байна гээд мэдчихвэл ямархан байхсан билээ. Гэхдээ бүгд тийм биш, Түвдийн ренбүүчи нар Монголд их юм хийж өгч байна. Оюунлаг талруу нь хандуулах гэж хичээл зүтгэл гаргаж байна, өөрийн орны сүсэгтэн олондоо хийж чадахгүй ч Монголын ард түмэнд тус болсоор буй гэж боддог. Ажил үйлс нь ч тэгж харагддаг. Харин Монголчууд маань лекц тавих үеэр нь зүйрмэглэж байгаад улаан утас тараахаар дайрдаг, адис авах гэж дарж алахчаа юм болдог. Домгоор амьдардаг домогт Монголчууд яг байрандаа. Тэдэнд 21-р зуун байна уу 17 байна уу хамаа алга. Малладаг мал шигээ амьдарсаар.

Харин ирж буй шинэ үе чинь өнөө маргаашгүй нас бие гүйцлээ энэ орныг чинь удирдах цаг ирнэ. Тэр цагт өвгөдөөс уламжилсан ёс заншил, соёл бүгдийг нулимаад Америкийг Солонгосыг шүтнэ тахина. Мэдэхгүй ойлгохгүй юмыг хэн байлгадаг байсан юм. Гэрт чинь хэнийхэн мэдэгдэхгүй өрөөсөн оймс байвал та авдартаа хийхүү гаргаж хаяхуу. Лав л өмсөхгүй байх. Авдарт хадгалсан ч цаг нь ирэхээр хаяна уу гэхээс хэрэглэхгүй. Тэр чинь нэг муу оймс ш дээ. Ядаж байхад өрөөсөн.

Иймийн учир үр хүүхдээ анхаарцгаая. Залгамжлуулах зүйлс байвал яарч амжуулцгаая. Яарвал даарна гэж үү. Ядаж хөлдөж үхэхээс дээр байхдаа.

2009.06.25

Jun 23, 2009

Бодол..

Бид бүгдээрээ дуртай зүйлээ хийхдээ сэтгэл гаргадаг даа. Тэгэхээр гөөмөн сайхан шүү тэ. Сэтгэлийн гүнээс нэг тийм аз жаргалтайгаар тэрхүү зүйлээ хийгээд л... За тэгээд үр дүн нь таатай гарчихвал хээ тэнгэрт ниснэ шүү дээ. Ай сайхаан... Хүн ийм мэдрэмж мэдрэж чаддагийнхаа хүчинд инээмсэглэл дүүрэн байдаг биз.
Саяхан нэгэн зүйл дээр сэтгэлээ зориулаад, байдаг бүх сайн сайхнаа шингээгээд нэгэн үйлийг хийсэн юм. Түүний үр дүн ч тун сайхан. Яг л дээр бичсэн сэтгэлийн баяр цэнгэлээ мэдрээд.. хм... :)

Гэхдээ би уйтгартай үедээ жаргалтай байх үеээ дурсахыг хүсдэг, жаргалтай үедээ гундуухан үеээ санахыг хичээдэг. Мэдээж уйтгарлахаараа өнгөрснөөрөө амьдрахыг хүсдэг гэсэн бус, жаргалтай үедээ муу муухайг зөгнөөд байдаг ч гэх утгатай бишээ. Зүгээр л хүн зовохоороо өөрийгөө тэр чигт нь дараад, бүүр зовоогоод сэтгэлээр унагаадаг байж болохгүй, мөн баяртай үедээ хэт өндөр аваад тасраад байж болохгүй л гэх гэсэн санаа. Хэний ч мэдэх зүйлийг нуршиж байгаагаа мэдээд л байна. Гэвч яахавдээ тэ хаяадаа бол сайхан ш д. Ер нь бол би сонирхолгүй нуршуу, аливаа зүйлийг ойлгомжтой байлгахыг хэт хичээдэг, хоцрогдсон маягын нөхөр байж мэднэ. Харин ийм байснаараа бусдыг гомдоох, буруу замруу хүн түлхдэггүй сайн талтай ч байж мэдэх.

Заза утгагүй яриаг зогсооё. Сэтгэгдэл тун өндөр байгаа болохоор элдэв зүйлрүү бас хамаагүй хальтраад яахав. Мөн хэт гэгэлзээд яахав. Маргааш англи хэл дээр шалгалт байгаа гэхдээ 2 долоо хоногт угаас 1 байдаг юмөө. Тэрийгээ жаал хараад унтаж амрая даа.

Эцэст нь хэрвээ та ямар нэгэн зүйл хийхийг эртнээс бодоод байгаа боловч эхлүүлж амжихгүй, нэг их төвдөхгүй байж мэдэх юм. Тийм бол шууд эхэл зоригтой бай. Дуртай л юм чинь та сэтгэлийн их таашаал авах л болно. Эхлэнэ гэдэг дуусахын хагас гэдэг шүү дээ. Ажил, хичээл, амьдрал гээд өөрийгөө завгүй гэх үзэлд бүү баригдаарай. Амьдралаа та өөрөө л сонирхолтой дурсамжтай байлгана. Танд амжилт хүсье!

Jun 21, 2009

Эрүүл мэндийн талаарх илүү үг

Ойрд нүдний хараа эрс муудаад байх шиг урьд нь шилээ зүүхгүй гадуур явж болдог, хэсэг хугтацаанд зүүхгүй бол гадаа орчинд нүд дасаад шилгүй явж болоод байдаг байсан. Ойр шилээ авахаар нүд дассан ч юм харахгүй, за тэгээд бүрэнхий үед бол шилээ аваад ч хэрэггүй боллоо. Энэ ч тэгээд гадуур нээх гардаггүй өрөө, сургуулийн анги гэсэн шулуун маршруттай ч холбоотой биз. Мөн үүн дээр нэмэгдэх нэг гол шалтгаан унтахын өмнө заавал орондоо ном уншдаг буруу зуршил биз. Компютерийн ард ч суудаг нөлөөлж л байгаа байх. Өөрийгөө тайвшруулж байгаа зүйл нь чи шилтэйгээ одоохондоо юм харсаар л байна шүү дээ гэх бодол хэхэ. Биен тамир дээр шилтэй гүйж харайна гэдэг бүтэхгүй тул шилээ тайлна. Тайлаад спорт хийхээр ойр хавийнхныгаа мөргөж алчихгаад хэцүү тал байх юм.

Ер нь тэгээд нүдний хараа гэлтгүй би эрүүл мэнддээ нээх санаа тавьдаггүйгээ өөрөө хүртэл тод томруунаар анзаараад байдаг. Энэ нь миний арчаагүй байдал мөн боловч Монгол хүмүүсийн дийлэнхэд байдаг сул тал боловуу гэж би хань татдаг юм. :)
Энэ ч ер нь үнэн байх эмнэлэгээр үйлчилүүлж буй үйлчилүүлэгчидийн ихэнх нь өвчнөө хүндрүүлсэн, ядаж л дунд шатанд нь хүргэж байгаад очдог. Монгол хүний хээгүй занаас гадна, урьдчилан сэргийлэх элдэв сургалт, эрүүл мэндийн байгууллагын хариуцлаггүй байдал ч нөлөө байдаг биз. Ер нь бол хэзээнээсээ эрүүл мэндийн байгууллага, эмнэлэг нь ард түмэндээ хал нь гаднаа хайр нь дотроо байсаар ирсэн хэхэ. Ёстой Монгол хүн тулдаа л өдий зэрэгтэй яваа биз дэлхийн аль нэг өндөр хөгжилтэй оронд яг одооны Монголын эрүүл мэнд талын үйлчилгээг тэдэнд үзүүлүүл тахалд дайрагдсан мэт талаас илүү нь нөгөө ертөнцрүү явчиж мэднэ. За энэ егөөдөх ч яахав, үр хөндөлт гэх зүйлийг төрийн бодлогын түвшинд дэмждэг орон манайх хятад хоёроос өөр орон байдаг ч юмуу үгүй ч юмуу бүү мэд. Хятад ч яахав шалтгаантайгаар тэгдэг. Монгол харин яагаад ингэж дэмждэг юм болдоо. Үр хөндөлт бол цай уухын дайны энгийн үйл боллоо. Үнэ мөнгө нь ч хямд байдаг бололтой ингэж ихээр хийлгээд байхыг бодоход. Уурхай энэ тэр гээд мөнгөн усны асуудал, хятадаас орж ирж буй хуурамч эм, үр хөндөлт гээд 20-30 жилийн дараа одооных шигээ юун хүсээгуй жирэмслэлт, хүссэн ч жирэмсэлдэггүй ард түмэнтэй болохвийдээ. Төр засгаас сая таван зуун мянган төгрөг нэхэх биш, үр хөндөлтийн хуулийг чангалах, иргэдийн эрүүл мэндийг боддог бодлого явуулахыг шаардмаар юм. Жирэмслэх эсэх нь хувь хүний эрх ч жирэмсэн болсон хойноо хүн алаад байх эрх баймааргүй юм. Гэдсэнд байгаа ураг хүн биш гээд л хөнөөчихдөг бололтой юм. Учиргүй Монгол улсын иргэн мөн гээд заагаад байх нь хаашаа ч ядаж л хэн дуртайн жирэмслээд хэзээ дуртайдаа амийг нь аваад байдагийг болиулмаар байх юм. Миний бодол л лав ийм байна. Бэлгийн хүчирхийлэлд өртөсөн, төрөлт нь эхийн амь насанд халтай зэрэг шалтгаан байвал яахав бусад үед бол зөвшөөрдөггүй л байсан нь дээр шиг. Хүүхэдтэй болмооргүй л байгаа бол өөрсдөө хариуцлагатай байгаад бэлгэвчээ хэрэглэ, эсвэл замбараагүй сексийн харилцаандаа хяналт тавих л хэрэгтэй. Үр хөндөлтийг завшөөрж буй нь янханчлал, садар самууныг дэлгэрүүлж байгаа хүчин зүйл мөн ч гээд хэлсэн ч буруудахгүй байх.

За үр хөндөлтийн тухай асуудлаа орхиод эрүүл мэнд, элдэв өвчинөөс урьдчилан сэргийлэхрүүгээ эргэн ороход яавал Монгол хүн биедээ анхаарал тавьж, өөрийгөө гэр бүлийнхнийхээ эрүүл мэндэд бодит анхаарал тавьдаг болох тухай бодох цаг хэдийнээ болоод бараг өнгөрлөө гэж хэлмээр байна. Өмнөх нийгмийн үед эрүүл мэндийг төр даадаг байснаас ийм болсон гэдэгтэй би хувьдаа санал нийлдэггүй, угаасаа нүүдэлчин ахуйтай нь ч холбоотой боловуу. Өндөр хөгжилтэй орны хүмүүс хөгжил шигээ өндөр наслаад байдаг харин Монгол хүний дундаж наслалт яагаад бага байнаа? Мэдээж өндөр хөгжил, техник технологи, эдийн засгийн чадавх, иргэдийн эрүүл мэнддээ бодит анхаарал тавих чадалтай зэрэг байдаг байх. Монгол хүн бол хонь мал шигээ байгалийн жамаар амьдардаг гэвэл үнэн биз. Урт наслалтанд нөлөөлөх эрүүл мэндийн урьдчилан сэргийлэлт хомс, шинжилгээ энэ тэрийг бие нь өвдсөн үед л өгдөг. Ханиад , томуу зэргийг бол бараг өвчин хэмээн тооцдоггүй, дур мэдэн аймшигтай эмчилгээ өөртөө хийдэг. эмийн сангаас хүссэн тунгаараа дуртай эмээ авдаг гээд асуудал бол зөндөө байна. Би хүртэл өгзөг, булчинд тариа тарьчдаг байна гэдэг чинь аймаар байгаам шүү яваандаа судас тариа хийж сурна ч гэж боддог гэхээр яаяа яриад юу гэхүү хэхэ.

Асуудлыг шийдэх нэгэн гарц бол эмнэлэг, эрүүл мэндийн яам танд хайргүйгээс л хойш, өөртөө гэр бүлдээ анхаарал тавиад эрүүл мэндийн мэдлэгээ бие даан хөгжүүлцгээе.

Жич: Залуустаа гэж хэлэхэд 25 насандаа ямар жинтэй байна түүнээс хойш энэ жингээ хадгалах нь зөв гэдэг юм билээ шүү. Гэхдээ мэдээж та 170 см өндөртэй, 150 кг жинтэй 25 настай бол энэ чигээр нь хадгалах бус яаралтай тур гэж зөвлий дөө.

Jun 19, 2009

Харьд сурахад

Энд сурж байхад нэг ажиглагддаг юм юу гэвэл, багш нар ч тэр, оюутанууд ч, хүрээлэн буй хүмүүс ч гадаад сурж байгаа оюутан эх орондоо байхадаа энд сурах юмаа үзчээд ирдэг гэж ойлголт байдаг бололтой. Багш нар ер нь тэгж их асуудаг чи энийг Монголдоо үзэж байсан биздээ гэж. Адилхан л эндэхийн хүүхдүүдтэй адил зүйл сурж байгаад ирсэн гэж боддоггүй тусгай бэлтгэгдсэн ардын чөлөөлөх армийн цэрэг гэж санадаг бололтой хэхэ. Насаар ах байгаагийн шалтгаан бол их сургууль хагас жил хариу хүлээж, эндээ ирээд хэлний бэлтгэл гэсээр нас нь талийж өгдөг. Гэхдээ мэдээж хэлний бэлтгэлд нэг жил чихний бөглөөгөө гаргаж, зан заншил, хүн хоорондын харилцааг нь ойлгохгүй шууд сургууль руу нь орвол сэтгэлийн тэнхээ дутуу нэг нь обжурны төмрөөс боож үхэх биз. Анх нутгаас гарахдаа төсөөлж байсан төсөөлөл, энд ирэх цагт нурж унах уу, харин ч улам дээрдэхүү гэдгээс ч ихээхэн сэтгэл санааны байдал хамаардаг биз. Өндөр хөгжилтэй оронд очиж сурах гэж байгаа гэсэн сэтгэлийн хөөрлөөр ирмэгц жоомтой дотуур байр, нийтийн халуун ус, нүүр гараа угаахдаа ч нийт, 00 хүртэл нийт байх тэр үед гэрийн булбарай эрх бацаанд ямар цохилт болох билээ хэхэ. Нэг жилийн хэлний бэлтгэлээ дуусаад ижилдэн дассан нөхдөөсөө холдож өөр өөрдсийн сургууль дээр очиход ч сюрприз дуусаагүй байдаг гэдгийг санах хэрэгтэй. Дотуур байр нь шорон шиг болох, сургуулийн дотоод дүрэм чангарах, хэлний бэлтгэлийн эелдэг зантай багш нараар тухайн орны хүмүүсийг төсөөлж байснаа чиний юу чаддаг хийдэг чинь надаа падгүй гэсэн егзөр багш нарын дунд ормогцоо дахин ганцаардана. Хэлний бэршээл ч бүрэн арилаагүй шалгалтан дээрээ тааруу дүн авцан байхад хэн ч хүүе хаая гэхгүй сэтгэлийн дэм үгүй бол бас хэд хоногтоо гэрээ санан, ганихраа л явчна. Гэвч цаг хугацаа гэдэг ид шидтэй хүн гэдэг тэвчээртэй тул бүгдийг ардаа даван туулаад л гараад ирнэ. Япон зүйр үгэнд "Гурван хором, гурван мөч, гурван хоног, гурван долоо хоног, гурван жил" гэх агуулгатай үг байдаг. Юмний эхний хэсэг хүнд байдаг даван туулчихаар дасаад ирдэг, гэвч дараагийн шатан дээр шинээр асуудал гарч ирдэг, энэ нь хэзээ ч зогсохгүй ээ гэж. Тэр бол мэдээж байх.

За тэгээд гадаадад суралцах хүсэлтэй нэгэн танд гэж зөвлөхөд таны гадаад сурах шалтгаан чинь юу вэ? Суралцаснаар танд үнэхээр хэрэг болж чадахуу.
Очсон хойноо зорилгоо умартахгүй байх дархлаа бий юу? Юу сурах гэж байгаам сурсан хойноо юу хийх юм? Шинэ газар очоод янз бүрийн асуудлыг даваад гарах бэлтгэл бий юу гээд л бодох тунгаах асуудал их шүү гэж сануулмаар байна. Мэдээж би явнаа гэж шийдсэн бол өөртөө итгэлтэй байгаараа ЗААВАЛ ТА ЧАДНА!

Jun 18, 2009

Илжиг үү? Зургаа юу?

Б.Ренчин гуайн тухай яриа бараг Монголын уран зохиолын домог гэх хэсэгт өөрийн байр сууриа эзэлдэг гээд хэлчихвэл нээх зөрөхгүй болов уу! Хурц мэргэн үгтэй, тухайн үейин төр засаг, түүхээ эх хэлээ үл тоомсорлогчидыг хөнгөхөн үгээр хүнд цохилтонд оруулдаг байсан гээд бахархам ярианууд байдаг.

Энэ олон яриа нь дундаас миний нэг сонсож байсан нь Ренчин гуай хятад худалдагчаас бараа хоёрыг авъя гэхэд хятад данжаад эрхий чигчийгээ гозойлгон хоёруу хэмээн лавлахад Ренчин гуай долоовор дунд хуруугаа гарган тиймээ хоёр гэсэн гэдэг. Утга санааны тайлбар нь данжаад муу үхэр Монгол гэхэд, Ренчин гуай чи өөрөө илжиг хужаа гэж хариу барьсан юм гэнэлээ гэдэг.
Өнөөдөр хятад хэлний ном харжээ суухад хүмүүс нэг гараараа 5 хүртэл тоолж чаддаг бол Хятадад өрөөсөн гараараа 10 хүртэл тоолох арга байдаг аж. Өөр оронд ч байдаг байж болох юм. 1-5 хүртэл бол хуруугаа тоо бүрт нь гаргаад харин 6 дээр эрхий чигчийгээ гозойлгох, 7 дунд долоовор эрхий хуруугаараа дээш нь заах маягаар, 8 долоовор эрхий хуруугаараа буу маягтай заах, 9 долоовор эрхий хуруугаараа О маягын үсэг болгох, 10 гараа атгадаг аж.
Үүнээс бодоод байхад Ренчин, данжаад хоёрын дунд нууц дохиогоор бие биенээ доромжилсон бус, их эрдэмтэн маань олон хэл мэддэг судлаач хүнийхээ хувьд худалдагчтай ярилцсан ч юм билүү гэж бодлоо. Данжаад 6-г авхуу? Ренчин гуай үгүй дээ 2ийг ч юмуу хэхэ. Харин ажигласан нэгэн сэргэлэн нөхөр жаахан давслаад ийм яриа үүссэн ч юм билүү.
За сонирхолтой байсан байхаа.

Хятад хэл сурж байгаа нэртэй миний бие үгүй яахав шинэ юм дуулж байна гэсэндээ өөр юмаа. Сониролтой юм. Эртээд багш дуртай жимсний нэрээ бодоод "Би тэр жимсэн дуртай" гээд хэл гэлээ. Би ч шийгуа-д дуртай юмсан. Хятадаар мэдэхгүй юмдаа гээд өөр жишээ хэлэв. Харин багш шинэ үг заах явцдаа шийгуа-г заасан нь шийгуа тэр чигтээ байсан нь хөгжилтэй байваа. Монгол нэр "Тарвас", хятадаас орж ирсэн нь Шийгуа. Бид хэл яриандаа гадны үг хамаагүй хэрэглэдэг тэрүүгээрээ хээнцэрлэх гэж үздгийн хор л гэж ойлгоод байгаа. Шийгуа хаанаас орж ирсэн бэ гэвэл шууд л хятад гэж хэлэх ч арай өөрөөр асуудал гарч ирэхэд тулгамдаад аль нь Монгол аль гадны үгээ ч ялгахаа байх нь хэхэ. Ер нь тэгээд дахиад 20 жил өнгөрхөд шийгуа чигээр нь хэрэглээд байвал Тарвас гэдэг үг мэддэг Монгол хүн ховордох байхдаа. Ганц тарвасаар зогсохгүй олон үг. Шинэ үг нэмээд сайхан баяжуулаад байж чаддаггүй юм бол ядаж байгаа хэдэн үгээ хэрэглэж Монгол хэлээ хайрлахсан.

Jun 14, 2009

Бие хамгаалах урлаг

Ойрд ёстой блоггүй юм шиг явлаа даа. Уул нь сайхан сайхан юм орчуулж оруулая гэж санаж явсан юм. Амжсангүй гэж худлаа яриад ч яахав залхуу дийлсээр өнөөг хүрчлээ. Уул нь хар тамхины тухай химийн урвал талаас нь биед үйлчлэх нөлөө талаас нь нэг бичлэг тавья гэж санаж байсан дашин шог боловоо гэж. За энэ удаа Жюжюцү буюу Японы бие хамгаалах урлагын талаар өөрийн бодлоо бичье гэж саналаа элдэв он сар түүх, үүсэл гарлыг сонирхсон нэг нь өөрсдөө хайгаад олоод уншчих бүрэн боломж бий тул элдэвээр нуршаар яахав.

Бие хамгаалах урлаг гээд орчуулах нь зөв бурууг сайн мэдэхгүй л байна. Холивудын од Стивэн Сигал ахын хичээлээд хүн зодоод ясыг нь хайр найргүй хугалдагаар биедний танил болсон Айкидоо байна. Ер нь бол би хувьдаа Айкидо, Жюжюцү хоёр бол адилхан л бие хамгаалах урлаг гэж ойлгодог. Мөн бие биенээсээ хэрэгтэй зүйлсээ нөхөн авдаг бие хамгаалах урлаг гэж үздэг. Бие хамгаалах техник биш, арга ажиллагаа биш, зодоон бус "урлаг" гэдэг утгаар нь ойлговол тун зохилтой мэт. Өмнөх үейин их мастерууд хойч үедээ хэрхэн энэ урлагыг өвлүүлж, шавь нар нь хэрхэн өргөжүүлж ирсэн бэ гэвэл багшаас шавьд, амнаас чихэнд гэж явсан нь мэдээж ч гол хүчин зүйл нь бичгийн соёл гэлтэй. Бие хамгаалах техник хөдөлгөөнөө хүртэл өвөрмөц аргаар ханз үсэг ашиглан үлдээжээ. Анхан шатны мэдлэгтэй бичих үсэг тайагдсан хүн бол түүнийг нь уншаад туршаад үзээд байхад овоо хэдэн арга сураад авахаар. Мэдээж Японы Бүши-н үе буюу самурайн цаг үед ч хүчтэй үр нөлөө байсан боловуу. Бие хамгаалах урлаг нь махан биерээ буюу зэвсэг үгүй хамгаалах, зэвсэгтэй хамгаалах гээд хоёр салдаг гээд хэлчвэл буруутахгүй бизээ. Зэвсэг нь тэгээд саваа мод, сэлэм, урт хутга (чинжаал), богино хутга, за тэгээд шиддэг од тэргүүтэн, мэдээж гар тааралдсан юу ч байж болно. Гарт тааралдсан юу ч байж болно гэдэг нь Буш руу шидсэн гутал ч ороод явчихна. Учир юу хэмээвэл саваа модоор, сэлмээр хичээллээ гэж бодоход америк кинон дээр гардаг шиг бааранд биллиардны цохиураар, хаа нэгтээ хогын шүүрээр ч өөрийгөө хамгаалчиж дөнгөнө. Өөрөөр хэлбэл хүний анхаарал хэрхэн сарниулах, мөн бага хүчээр цохилоо гэхэд ихээхэн хохирл учируулж болох эмзэг газаруудыг мэддэг байлаа гэхэд Буш руу шидсэн (Элбэгээ ерөнхийлөгч рүү ч шидсэн гутал байж болно) гуталаар ч биеэ хамгаалж болноо гэж хэлэх гээд байгаа хэрэг.

Мөн сонирхуулахад Японд бие хамгаалах урлагаар хичээллэх хүмүүсийн тоо эрс цөөрч байгаа бөгөөд харин европ, америк зэрэг оронд дэлгэрээд байгаа бололтой. Японы залуучууд үндэсний уламжлал болсон спорт урлагаар хичээллэхээс илүү бейсбол, хөлбөмбөг зэрэгрүү хошуурч байгаа гэнэ. Мөн хуучны юм гэдэг мартагдаад ирэхийн сацуу, мэддэг хичээллэдэг хүмүүс нь ч цөөрөөд ирнэ. Гэвч л үндэсний өв гэдэг агуу зүйл болохоор мэдээж үгүй болохгүй цөөрөхийн хирээр үнэд ордог аж. Хичээллэх сонирхолтой хүмүүст багшлах багш нар нь их үнэ хэлэх, элдэв техник аргийг цөөн тоогоор хувилж өндөр үнээр зарах зэрэг бизнес хийгчид ч мөн их байдаг аж. Дээхэн үед бол бага дунд сургуульд ч зарим нэг арга заадаг байсан гэж хүнээс дуулж байсан.
Өмнө нь дурдсан Стивэн Сигал ах кинон дээрээ хүнийг ихэд харгисаар гар хөлийг нь хугалж, эрэмдэглэж байхыг харсан нь лавтай. Миний хувьд түүнийг нь хараад Айкидо хэмээх урлагыг Сигал өх гөөмөн гутааж байна даа. Бие хамгаалах урлаг гэдэг хүн эрэмдэглэхийг хэлмээргүй юм гэж боддог байсан. Харин саяханаас бие хамгаалах урлаг нь ирж буй довтолгоог зогсоохоос гадна, мөн дахин довтлохооргүй болгох нь нэг арга мөнөөсөө мөн юм байна гэж бодох болсон. Тэгэхээр гар хугалах, эрүүг нь заах бол энүүхэнд бөгөөд амийг нь үлдээж байвал их хувь юмдаа. Бие хамгаалах урлагаас гадна, Зодооны урлагаар хичээллэдэг хүмүүс багагүй байдаг. Ер нь тэгээд иймэрхүү зүйлийг бага зэрэг сонирхоод ирэхээр хамгийн түрүүнд төрөх бодол бол гудамжинд танихгүй хүнтэй ам зөрөх дэмий хэрэг юм байнадаа гэж бодогдох аж. Наанадаж л уучлалт эрээд бүрэн бүтэн салаад явчих боломж байсаар байхад муухай харан таахалзаж байгаад ясаа хугалуулах шаардлага юу байх билээ. Одоо дэлхийд алдартай спорт болоод байгаа К-1 үзэж байсан л боловуу. Тэр өшиглөлт, жинтэй цохилт, өчилт зэргийг хараад өнгөрөх тэр цохилтын багахынг амсаж үзсэний дараа, газар шидүүлээд бага өчүүлсэний дараа тэр спортоор хичээллэж буй улсуудын хөлс хөдөлмөр, нулимс аманд амтагдах шиг л болохыг хэлээд юу гэхэв. Хэхэ. Миний хувьд 2 жилд нэг удаа хөлбөмбөг үздэг бөгөөд Европын аврага, Дэлхийн аврага шалгаруулах 2 тэмцээнийг л үздэг тухайн үедээ гоол хийж чадаагүй тамирчнийг харан айхтар бухимддаг байснаа өөрөө хөл бөмбөг гээчийг талбай дээр нь тоголж үзээд бахардангаа алдах тэр мөчид ихээхэн ойлгосон юм. Түүнээс ч хойш талбай дээр гүйж буй хамгаалагчийн үүрэгтэй тамирчныг ч хараад хүндлэх болсондоо.

За ер нь жолоогоо татахгүй бол аймаар халтирж байна. Энэ эрчээрээ эдийн засгийн хямрал, улс төр ярьж тун мэдэх билээ.

Эцэст нь Монголд зодооноо байя гэхэд бие хамгаалах урлаг байсан юм боловуу? "Тунгалаг тамир" дээр гардаг Түгжилийн сугаруу ташуураар ёвордогыг эс тооцвоос нээх дуулж байсан гүй. Дээхнэ үед нэг банди зодоон гэж сонсож байсан юм байна.

Заза тэгээд хүн ер нь хөдөлж хөлсөө гаргаж байх нь чухал ямар ч спорт яадаг юм эрүүл чийрэг бие хамгаас чухал шүүдээ.

Спoртooр хичээллэцгээе!

Jun 4, 2009

Бурхад буюу багш нар

Багш, багш хүн агуу юмдаа. Багш байхгүй бол хүн төрөлхтөн үгүй. Нэг самбарын өмнө шохой барьсанаар та бүү төсөөлөөрэй. Архи уугаад тасраад унасан хүн ч таны багш шүү. Өөрт чинь архины хор нөлөөг биетээр үзүүлж байна шүү дээ. За тэгээд ганц нэг жинтэй үгээр амьдралын замыг нь засаад өгдөг багш ч байх. Сайн сайхан багшаас муу муухайг үзүүлж ойлгуулдаг муу нэртэй багш нар ч байна. Амьдрал өөрөө багш, байгаль дэлхий ч мөн багш. Гоожуураас дусах усны дусал хүртэл бидэнд багшилж л байдаг. Юуг яаж харснаас шалтгаалж байгаа л хэрэг юм боловуу.

Би олон сайхан сургуулийн багш нартай учирч байлаа. Багагүй зүйлсийг тэднээсээ сурч авсан гэж боддог. Гэхдээ багш нарын муугаас бус миний арчаагүйгээс сурах хэмжээндээ тултал сурч чадаагүй байх. Гэвч би харамсдаггүй би тэгэхэд илүү сурах минь яалаадаа гэж боддоггүй. Өнгөрсөн цаг хугацаандаа би сэтгэл хангалуун байхыг хичээдэг, тухайн үедээ хиймэргүй л бол хийдэггүй "Нөхөр минь чи дараа нь түй чорт гэж бодохгүй шүү. Харамсахгүй шүү. Харамсахгүй бол наадхаа хая гарч алх!" гэж өөртөө хэлдэг. Тэрэндээ ч би дараа нь илүү ихийг сурдаг байж магад. Хүн шинийг сурах гэхээр өмнөх сурсан юм нь садаа болдог гэдэг шүү дээ. Мэдээж өмнө сурсан дээрээ суурилж сурч байгаа нь хэнд ч ойлгомжтой. Гэвч өмнө сурсан буруу дадал, буруу биш ч гэсэн дадал зуршил шинийг сурахад тээг болдог. Үүнтэй хүн бүр санал нэгдэх байхаа. Монголд байхад бодисын массыг ойролцоогоор аваад л тооцоо хийгээд явдаг байсан харин энд зууны нарийвчлалаар явдаг. Сурсан зүйлийг сураар боож болдоггүй гэлтэй урьдыхаараа л явчна. Шалгалтын дараа хасах оноонууд дуурайж л байна. Харамсах хэцүү уурлах хэцүү. Үнэндээ бол гол аргачлал, бодолт хийх зөв замаа мэдэж байвал тэр хэдэн таслал тоонд ач холбогдол өгөөд баймааргүй. Харин чи хэрэгтэй зүйл бүтээх инженэр хүн юм бол бүтээсэн зүйл чинь бусдад хэрэгтэйгээс гадна ямар ч алдаа мадаг байж болохгүй яг л хэнд ч хэрэггүй мэт таслалаас хойших тоонууд шиг. Би одоо л үүнийг хэвшүүлэхгүй бол хийсэн юм болгонд маань жижиг алдаа дагалдсаар л байх болно. Шалгалтын материал дээрх улаан балаар таталсан хасах оноо бүр миний багш.

Би мундаг хүн биш. Мундаг байгаад бусдаар биширсэн нүдээр харуулаад байхыг ч хүсдэггүй. Харин миний багш нар бүгдээрээ тун сайн хүмүүс байсан. Бурханы ач байхдаа. Заяа түшсэн хэрэг биз. Би ээждээ, бурханд, багш нартаа сүслэдэг. Дунд сургуульд 7,8-р ангид хаашаа ч эргэж мэдэх хачин үсчээ нөхөр байсан юм боловуу хэхэ. Физик, Математик, Түүх, Газарзүй, Хими бүгдээр нь явах нь уу гэлтэй хэхэ. Арай л Монгол хэлэнд дуртай гэдэггүй байсан байх. (Би Монгол хэлний хичээлийг дорд үзсэн хэрэг биш шүү, тэр тодотгол, тусагдахуун, өгүүлэгдэхүүн, өгүүлэхүүн, угсарсан, зэрэгцсэн нийлмэл өгүүлбэрүүдэд дэндүү дургүй байлаа.) Тэр үед Гэрэлцогт гээд их сургуулиа дөнгөж төгссөн залуухан багшаар Хими заалгаж байлаа. Тэр багшийг дагасаар энэ замруу орсон. Заалгасан хугацаа нь богино ч өнөөг хүртэл амьдралын замыг заасан байж. Цаашдаа ч энэ л замаараа явах биз. Гэр бүл хамгийн нандин хувь хүнд ихээр нөлөөлдөг ч багш хүнээс шалтгаалаад тэр хүний ирээдүй тодордог. Эсвэл балардаг.

Багш нартаа мөргөмү.