Sep 24, 2013

Хувилай сэцэн


“Хувилай сэцэн” шүлгээ Бямбын Ринчен 1957 оны 1 сарын 27-нд бичиж “Бэр цэцэг” хэмээх түүвэртээ хэвлүүлжээ.

Сэргэлэнхэн зальтай байж Хувилай их хаан
Сэцэн гэж цол өгсөн нь учиртай л байж,
Урд дээр цагт бүх Хятадыг байлдан дагуулахад нь
Учиргүй, бичиг үсэгтэйгээрээ тэд нь бахданхан
Утга зохиолоороо урам зориг бадардаг байлаа.


Хувилай сэцэн хаан тэр байдалд арга сүвэгчилж,
Хуучин үсгий нь халаад төрийн дөрвөлжин,
Цоо шинэ үсэгтэй болгоод орхивол, яасан чиг,
Цог бадрангүй утга зохиолтой байснаа мартаад,


Ардын суутан билэгтний нь дэргэд сайдууд минь
Арай тарваган хүн шиг жижиглэгдэн гологдохгүй болох бий.
Дуутай суутай соёлоороо Хятад гайхуулахаа байх бий,
Дундад улсыг үсэгтэй болгосон гэж намайг магтах бий гэжээ.


Сэргэлэнхэн зальтай байж Хувилай их хаан
Сэцэн гэж цол өгсөн нь учиртай л байж ч гэлээ,
Булхайлан мэхэлж, Хятад түмнийг арайхан чадсангүй


Өнөөх шинэ үсэг гэдгий нь Хятад хэдийн мартчихаад
Өнөө хааны таалалд нийлүүлсэн үсэг зохиосон Пагва лам ч
Оргүй мартагдаад, хятад утга зохиол нь мандсаар
Одоо уламхан ч бадран мандаж байгаа учир гэвэл,


Хувь заяаныхаа эзэн болсон ард түмнийг ер
Хорвоод давах хаан гараагүй, гарах ч номгүй дээ!