Sep 24, 2013

Хувилай сэцэн


“Хувилай сэцэн” шүлгээ Бямбын Ринчен 1957 оны 1 сарын 27-нд бичиж “Бэр цэцэг” хэмээх түүвэртээ хэвлүүлжээ.

Сэргэлэнхэн зальтай байж Хувилай их хаан
Сэцэн гэж цол өгсөн нь учиртай л байж,
Урд дээр цагт бүх Хятадыг байлдан дагуулахад нь
Учиргүй, бичиг үсэгтэйгээрээ тэд нь бахданхан
Утга зохиолоороо урам зориг бадардаг байлаа.


Хувилай сэцэн хаан тэр байдалд арга сүвэгчилж,
Хуучин үсгий нь халаад төрийн дөрвөлжин,
Цоо шинэ үсэгтэй болгоод орхивол, яасан чиг,
Цог бадрангүй утга зохиолтой байснаа мартаад,


Ардын суутан билэгтний нь дэргэд сайдууд минь
Арай тарваган хүн шиг жижиглэгдэн гологдохгүй болох бий.
Дуутай суутай соёлоороо Хятад гайхуулахаа байх бий,
Дундад улсыг үсэгтэй болгосон гэж намайг магтах бий гэжээ.


Сэргэлэнхэн зальтай байж Хувилай их хаан
Сэцэн гэж цол өгсөн нь учиртай л байж ч гэлээ,
Булхайлан мэхэлж, Хятад түмнийг арайхан чадсангүй


Өнөөх шинэ үсэг гэдгий нь Хятад хэдийн мартчихаад
Өнөө хааны таалалд нийлүүлсэн үсэг зохиосон Пагва лам ч
Оргүй мартагдаад, хятад утга зохиол нь мандсаар
Одоо уламхан ч бадран мандаж байгаа учир гэвэл,


Хувь заяаныхаа эзэн болсон ард түмнийг ер
Хорвоод давах хаан гараагүй, гарах ч номгүй дээ!

Aug 1, 2013

Зургаан жил = Зургаан сар

Сайн байцгаан уу? Миний олон мянган уншигчидаа! :)

Би гэдэг хүн эх орондоо харьж ирээд хагас жил болох гэж байна. Харьж ирсэнээ ярихаас өмнө хаанаас юу хийж байгаад ирсэнээ эргэж харах нь бас сонин. 2007 оны 4 сарын 2 нд эх орноосоо гаржээ. Хээрийн галуу нисэн хүрэх эсэхийг бүү мэд газар луу эрдэм өвөртөлөхөөр явжээ. Чилийсэн зургаагын зургаан жил, эс бөгөөс нүд ирмэх мэт хурдтай зургаахан жил болоод ирж. Энэ зургаан жил, 25 жилийн амьдралд минь 24%-ийг эзэлж байх юм. Амар хялбар бус, гэхдээ дааж давшгүй хүнд бус 6 жил өнгөржээ. Хүний нутагт зургаан жил болохдоо хүний нутагт байгаа гэж нэг их бодогдохгүйгээр амьдраад ирсэн нь бас л гайхалтай. Хоёр сургууль төгсөөд хэлний бэлтгэлтэйгээ гурван диплом өвөртөлжээ. Нутгаас гарахдаа ганцаар яваад ирэхдээ гурвуулаа болсон байх юм. Хорвоо дээр байгаагүй тэр шинэ хүн нь миний үргэлжлэл болох хүн. :)

Олон олон сайн санаатай хүмүүсийн ач буянаар, дэмжлэгээр явж иржээ, явсаар байх бизээ. Эх орноо учиргүй санаж бэтгэрээд, ирэхгүй бол үхэх гээд байсангүй. Бас ирэхгүй байхуйц ямар нэгэн зүйл болсонгүй. Төлөвлөсөн суръя гэснээ сураад ирж. Гэхдээ тэгэх минь яав ингэх минь яав, тэгсэн нь болждээ ингэсэн нь ч болчжээ гэх бодлууд ч мөн байх. Нэг үгээр хэлбэл дурсамж дүүрэн 6 жил.

Монголд ирээд их юм үзэж харж тууллаа. Магадгүй зургаан жилд үзсэн харсанаас ч ихийг үзсэн байж мэднэ. Гэхдээ өнгөрсөн зургаан жил маань энэ зургаан сарыг давах ухаан хүч болж ирснийг ч ойлгов. Ажилд оров, ажил хийж ч үзэж байна. Аз жаргалтай байгаа юу гэвэл байгаа ч юм шиг. Аз жаргалгүй юу гэвэл үгүй ч юм шиг. Аз жаргал гэж юу юм бэ? Сүүлийн зургаан жил өөрөөсөө асуусан асуулт маань үргэлжилсээр л....

Амьдрал их баян, олон өнгөтэй, үнэн бодит мэт, худал хуурмаг ч бас байдаг шиг.. Гэхдээ л миний өмнө одоо бүхэл зүйл нээлттэй байна. Миний чадлаар л бүх л зүйл өөрчлөгдөж болох мэт.. Би хүчтэй, би ухаантай, би чадах мэт.. Ургаж гүйцсэн далавчаа хэд сайхан гөвөөд хөөрөн нисэх цаг болсон мэт...

Jan 11, 2013

Б.Наранхүү: Би “Голомт”-ын Баясгаланд паркийн газрыг хэзээ ч өгөхгүй

“Шонхор суваг” телевизэд Л.Мөнхбаясгалангийн хөтөлдөг “Цензургүй яриа” нэвтрүүлэгт уригдсан УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн яриаг хүргэж байна. 

Л.Мөнхбаясгалан 

-Таны тухай домог яриа маш их бий.  Энэ бүгдийн талаар ярилцахаар таныг урьсан. Нэвтрүүлэг шууд явагдаж байгаа.  Таныг  цензургүй ярина гэдэгт итгэж байна. 
-Тэгэлгүй яах вэ, би ч цензургүй ярилцахаар ирлээ (инээв). 

-Таныг УИХ-ын гишүүн Б.Наранхүү .... эсвэл “Мон Уран”-ы Б.Наранхүү гэсэн нь дээр үү?
-Зүгээр л Б.Наранхүү гэе...  

-“Анод” банкны шүүх хурал болох гэж байгаад хойшиллоо. Энэ хэрэгт таныг холбоотой гэж олон жил бичлээ. Энэ асуултыг танаас асуух бо­ломж гарч байсангүй. Та энэ хэрэгт холбоотой юу?
-Би “Анод”-оос зээл авсан, төлсөн. Тэгээд л дуусаа шүү дээ.   

-Хэдэн төгрөгийн зээл ав­сан юм? 

-Олон тэрбум байх аа. 

-25 тэрбум?

-15 тэрбум байх аа. Манайд чинь юмыг нэмээд, нугалаад л биччихдэг  шүү дээ. 

-Тоонууд 10 тэрбум байтугай хоорондоо зөрүүтэй байх юм... Чухам аль тоо нь зөв юм бэ? 

-Ер нь бол “Анод”-той 10 гаруй жил хамтарч ажилласан. Энэ хугацааг  зөвхөн хүүнд нь  12 тэрбум төгрөг төлсөн байдаг юм. Манайх зээл авч байсан нь үнэн. Зээлээ төлсөн нь үнэн. “Анод” банк дампуурсан. Гэтэл зарим хүнд намайг “Анод”-ын дампууралтай холбож бичих нь гоё санагдаад л байдаг юм шиг байна. Энэ болгонд би заавал хариулт өгөх шаардлагагүй гэж бодсоор өнөөдрийг хүрсэн. 

-Банкны найдваргүй зээлийн жагсаалтад таны авсан мөнгө ор­чихчсон байснаас л сенсаци эхэлсэн  биз гэж бодох юм? 
-Манайх  зээлсэн мөнгөө  2012 оны зургадугаар сард төлөх ёстой байсан. Гэтэл банк нь дампуурчихсан.  Гэнэт л “За банк байхгүй боллоо. Мөнгөө төл” гэсэн. Зээл авчихсан байгууллага чинь мөнгөө бэлнээр нь хадгалаад  “Анод” маргааш дуудах болов уу гээд бэлэн байж байхгүй шүү дээ. Нэгэнт л хүү төлж байгаагаас хойш авсан зээлээ эдийн засгийн эргэлтэд оруулна. Хугацаа ёсоор зээлээ төлж барагдуулсан. 

-Бүгдийг нь төлсөн үү?
-Бүгдийг нь төлсөн. Бусад компани хүүгээ бараг 70, 80 хувь хөнгөлүүлсэн шүү дээ. Дан ганц манай компани нэг төгрөг ч  төгрөгийн хөнгөлөлт эдлээгүй.  

-Тухайн үед “Анод” банкны байр­лаж байсан байрыг та барьцаанд тавьсан байсан гэдэг үнэн юм уу?
-Үнэн, үнэн. Тухайн үед тийм гэрээ хийсэн байсан.  

-“Анод” банкны ТУЗ-ийн дарга Н.Даваа гэдэг хүний хоёр жилийн өмнөх ярилцлагыг санаж байна. Ярилцлагадаа таныг “Анод” банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Энхтөртэй муудалцсаны улмаас энэ банкийг дампууруулах ажиллагааг эхлүүлсэн гэсэн байсан?
-Энэ олон жил хамтарч ажилласан банкаа дампууруулах сонирхол надад байхгүй. Мөн би ямар ид шидтэй хүн биш. “Дампуур”  гэхээр дампуурчихгүй. Энэ бол тухайн банкны л асуудал.

-Та бол улс төр, бизнесийн салбарт нөлөөтэй нэг үгээр хэлбэл олигархи. Тэгээд л дургүй хүргэсэн банкийг дампууруулчихсан юм биш үү? 

-Хэн  үүнийг  батлаад байгаа юм бэ (инээв).

-Анод банкны ТУЗ-ын дарга Даваа гэдэг хүн тэгж яриад байгаа юм? 
-Тэр хүний л бодол байхгүй юу. Тэр хүн тэгж яримаар санагдсан.  Тэгээд л ярьсан. Би амьдралдаа нэг зүйлийг эрхэм болгодог.  Хэрвээ би буруутай бол шударгаар хүлээнэ.   Хүн ер нь өөртөө бурууг өгсөн цагт  л хөгждөг.   Бурууг өөр хүнээс хайгаад байвал хөгжихгүй. Тиймээс надад хэн нэгнийг буруутгах шалтгаан байхгүй. Монголд хүн үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Н.Даваа гэдэг хүн ярьсан, чи уншсан, би сонссон ингээд л амьдрал цааш үргэлжилж байна.  

-Даваа үнэн ярьсан юм биш биз гэж хардах эрх бас бий...  
-УИХ нэр дэвшигчдийн  компани өртэй юу,  үгүй юу гэдгийг нарийн шалгадаг юм билээ. Хэрэв би Анод банкинд өртэй байгаад түүнийг дампууруулчихсан  бол УИХ-д намайг нэр дэвшүүлэхгүй л байсан шүү дээ. 

-Нэг хэсэг таныг Анод банкны хэрэгт холбогдуулан баривчлах гэтэл зугтчихсан, эрэн сурвалжилж байна гээд л шуугиад байсан.   Энэ бас худал уу?

-Сонин уншиж байсан чинь Монголын тусгайгийнхан намайг Канадын хил дээр харсан. Канадын хил дамнаж гүйгээд манайх алдсан гээд бичсэн байлаа.  Энэ бүх утгагүй худал зүйлд тайлбар хэлээд байвал яаж амьдрах юм бэ, тийм үү. Хамгийн утгагүй амьдрал биз дээ.  

-Таныг УИХ-ын гишүүн болоход нэлээд хэл ам дагасан.  Та чухам яагаад Ардчилсан намыг сонгосон юм бэ ?

-Анхнаасаа л Ардчилсан намыг олон жилийн өмнөөс дэмжиж ирсэн. Энэ намыг сонгохгүй бахй шалтгаан надад байхгүй.  Ардчилсан намын анхны хөгжим, гэрэлтүүлэг орж ирэхэд би гитарчин Өөжгийг явуулан авчруулж, шоу хийж байлаа. Тэгэхэд би хорин хэдтэй залуу байсан. Бид ардчиллын буянд сайхан амьдарч байгаа.  Тэгээд л сонголтоо хийсэн дээ. 

-Та энэ намд хэзээ элссэн юм бэ? 

-Сонгуулийн өмнө. 

-Ер нь бараг бүх намууд  танд элсэх санал тавьж байсан гэдэг үнэн үү? 

-Өөрийгөө лаг юм шиг ингэж яриад байх нь хаашаа юм.

-Таныг мундаг болохоор намууд санал тавиад байгаа юм биш үү. Надад бол хэн ч санал тавьдаггүй ?

-Харин надад  тавьж болно шүү дээ. 

-Ингэж тойруулж байхаар шууд л асуучихъя. Та УИХ-д нэр дэвших эрхийг мөнгөөр худалдаж авсан уу. Авсан бол хэдээр худалдаж авсан бэ?

-Амьдралд мөнгөнөөс, эрх мэдлээс үнэтэй нэг зүйл байдаг. Тэр бол итгэл.  Бие биедээ итгэж амьдрах нь мөнгөнөөс, эрх мэдлээс чухал нандин зүйл. Чи надад, би чамд итгэх л амьдралын хамгийн гоё нь болохоос  өнөөдөр чи дарга, би дарга байх нь гоё зүйл биш шүү дээ.  Итгэл гэдэг бол цав цагаан цаас.  Цаасыг базаж базчихаад  яаж ч тэнийлгээд  анхных шигээ  цэвэрхэн толигор болохгүй. Итгэл гэдэг бол ийм л зүйл. Нэг сэвтвэл дахин хэзээ ч эдгэхгүй.   Ийм нандин, хэврэг зүйлийг  сайхан хэвээр нь хадгалж  чадах нь л хүний амьдралын утга учир. Жишээ нь хоёулаа өнөөдөр л танилцаж байна. Энэ итгэлээ цав цагаан цаас шиг байлгавал үхэн үхтлээ хоёр биедээ баярлана шүү дээ. Тиймээс дандаа эрх мэдэл, мөнгө ярих нь нийгмийг өөр тийш нь авч яваад байгаа юм шиг санагддаг. Амьдрал өөр олон гоё юм байна шүү дээ. 

-Хөрөнгөтэй, бизнес хийгээд амжилтад хүрсэн хүмүүсийг  хэл ам тойрохгүй дайрдаг. Учир нь бүгд  хөрөнгтэй, чадвартай биш шүү дээ. Харин нийгмийн энэ дайралтыг тэсч хүнээрээ үлдэж чадсан хүмүүс эцэст нь ялдаг юм болов уу? 
-Энэ бүгдийг тоохгүй шүү дээ. Хорвоогийн жам юм чинь. Нэг хэсэг муулж, нөгөө хэсэг нь магтаж л байг. Би Гүрээ ахын ярилцлагад орох үеэрээ “Муулж л байвал баярлана” гэсэн. Муулуулах гоё шүү дээ.    

-Та нэг ч хэвлэл мэдээллийн байгууллагатай хаалтын гэрээ хийж байгаагүй юу?

 -Нэг удаа ч хийж байгаагүй. Жишээ нь би   чамтай  ийм гэрээ хийж байсан уу.

-Үгүй.

-Тийм байхад би өөр хэнтэй хаалтын гэрээ хийх юм бэ.  Хүмүүс бичээд ашиг орлого авдаг бол бичиг л дээ. Харин чамайг  сонгож ярилцлага хийж байгаа маань учиртай. Чи бол тал засахгүй чөлөөтэй асуудаг.  Чөлөөтэй асууж байж л  үнэнийг хэлүүлж чадна. Тэгэхээр энэ ярилцлага халуун ба гашуун болж байх шиг байна.  

-Дүнжингарав” захын нээлт дээр 100 сэтгүүлч Хайнань явах эрх хожсон. Энэ ямар учиртай юм бэ?
-Олон жил ажиглаад байхад зах гадаа байсаар л байна. Чи “Нарантуул” захын гадна найман цаг зогсоод үзээрэй. Ямар хэцүү байх бол.   Дэлхий нийтээрээ өнөөдөр дулаан худалдааны төвд орж үйлчлүүлдэг болж. Энэ бүгдийг олон нийтэд ойлгуулах үүднээс 1000 сэтгүүлчийг урьсан. Бараг 800 орчим сэтгүүлч ирсэн байх. 

-Манайхаас нэг сэтгүүлч Хайнань явах эрх хожсон. Гэхдээ одоогоор хаалтын гэрээ ирээгүй байна. Гишүүн ээ, би хардаад байна.  Сэтгүүлчээ Хайнань явуулангуут араас нь “Мон-Уран”-ыг муулахгүй шүү гэсэн дагавар бичиг ирэх юм биш биз? 
-Манай улс төр, бизнесийнхний нэг том алдаа бий. Өөрсдөө сэтгүүлчдийг давраагаад байдаг. Хүн дутагдалтай байж болно. Хүний амьдрал юм чинь. Би хэзээ ч “намайг битгий муулаарай” гэж мөнгө өгч, хаалтын гэрээ байгуулахгүй. Муу бол тэрүүгээрээ л байя.

-Тэдгээр сэтгүүлчид хэзээ явах вэ?

-Тэр ажилд би оролцоогүй. Компанийн ажил учир.

-УИХ-ын гишүүн болоод компанийнхаа ажлаас татгалзсан байгаа юу? 

-Компаниас биш. Захирлынхаа албан тушаалаас татгалздаг. Хувь эзэмшигч гэдэг үүднээсээ яриад байгаа юм. Олон жил компанийн захирал хийчихсэн болохоор “манай компани” гэж яриад буруудсан шүү дээ. УИХ-ын гишүүнээ мартчихсан юм уу гээд. Би бол одоо компанийн хувь эзэмшигчийн үүднээс ярьж байгаа  шүү. Яагаад 100 сэтгүүлч Хайнань явж болохгүй гэж. Тийм биз дээ. Цаашлаад “Мон уран” компанийн хамт олон жил бүр 1000 сэтгүүлчийн баяр хийе гэж хэлсэн. “Дүнжингарав” хоёр хоолны заалтайгаас нэг нь 1200 хүнийг хүлээн авах хүчин чадалтай. Тэгээд тэндээ баяраа хийж болно.

-Сэтгүүлчдийн баяр хийгээд, зуу зуугаар нь гадагшаа явуулаад байдаг юм байж. Гэтэл сэтгүүлчид муулж бичээд байвал яах вэ. Та ч яахав уурладаггүй юм байна. Танай маркетингийнхан чинь уурлана даа? 

-Манай компани надаар хүмүүжсэн учир энэ бүгдийг тоохгүй. Тэр хүмүүс тэгж бичмээр бол бичиг л дээ. Хамаагүй, чөлөөтэй. 

-”Дүнжингарав” зах зөвшөөрөлтэй юу, үгүй юу... Нээлтээ хийснийх нь маргааш л хотын дарга нураана гэсэн шүү дээ? 
-Саяных бол нээлт биш. Хэвлэлийнхэнд ийм юм хийх гэж байгаа шүү гэдгээ танилцуулсан юм. Гадна кабелийн холболтууд дутуу байгаа гэсэн. Бид өнөөдөр урагшаа явах ёстой. Наранхүү хийж байгаадаа биш юм. Тэнд олон залуус ажиллаж байна. Энэ худалдааны төв 10 мянган машины зогсоолтой, 15 мянган ажлын байрыг бий болгоно. Бохир агаар хэмждэг халаалтын системтэй, хамгийн орчин үеийн хөргөлтийн системтэй. 

-Гэтэл Улаанбаатар хотын цэвэр усны нөөцийн тархин дээр нь барьчихсан. Зөвшөөрөлгүй, одоо хураана гээд байгааг юу гэж ойлгох вэ? 
-Цэвэр усны хамрагдах талбай 100 мянган га газарт байрладаг. Ганц энэ биш шүү дээ. Хар усан тохой, Гачуурт гээд бүхэл бүтэн 100 мянган га газар гээд бод доо. Төмөр замын дагуу байгаа хэсэг газар бий. Захирамжийг хүчингүй болгохдоо том газрыг нэг хүнд өгсөн юм байна гэсэн болохоос биш, энэ хийсэн ажлыг хүчингүй болгохын тулд цэвэр усны зонд хамааруулаад байгаа юм. Цэвэр усны бүс хуучин Дуурийн театрын тэнд байсан гэж байгаа. Дуурийн театраас өмнөх бүх барилгыг нураана гэвэл Улаанбаатарын олон барилга үгүй болно биз дээ. Тиймээс ингэж туйлширч болохгүй.  

-Тэгэхээр цэвэр усны нөөцийн сан дээр байрлаагүй гэсэн үг үү. Зөвшөөрөл бий юү?
-Цэвэр усны санд огт хамааралгүй газар.  Тэгээд огт зөвшөөрөлгүй байж яасан гэж дураараа тийм том байгуулажмийг барих юм бэ. Нэг ТҮЦ барихад ч ямар хэцүү байдаг билээ дээ.

-Тэгээд яагаад Хотын захиргаанаас хураана гээд байгаа юм бэ?

-Мэдэхгүй. Харин хураана гээд л байгаа. Чи Хотын даргыг дагуулаад очоод үз л дээ.  Аливаа юмыг мянга сонсохоор нэг үз гэдэг биз дээ. Энэ үг чинь ортой шүү дээ. Хотын даргыг урьсан. Ирээгүй. Тэгсэн хэрнээ телевизээр инээмсэглэж байгаад  “Дүнжингарав захыг хаана”  гэж байсан. 

-Та хэнийг хотын дарга байхад уг газрын зөвшөөрлийг нь авсан юм бэ?
-Энэ их сонин. Зөвшөөрлийг 1999 онд авч байлаа. Тэгэхэд хотын захиргааныхан намайг хамгийн тэнэг залуугаар “шалгаруулж” байсан. “Очиж, очиж тэнд газар аваад, төлбөр төлж байдаг тэнэг юм даа” гэж ярьдаг байсан юм. Одоогоос 13 жилийн өмнө талийгаач Ш.Наранцацралт ах “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатыг дуудаж загнаад “энэ газрыг ав” гэхэд нөгөөх нь “үгүй ээ, чи надаас газрын төлбөр авах гэж байна” гээд уурлаж байсан гэж байгаа юм. Одоо “Жаргалан” хотхон барьсан газрыг “Буян”-гийн Жаргалсайханыг ав гэхэд “тэр хөдөөний газраар яадаг юм” гээд хаяад гарч байсан гэдэг. Тэгэхээр 13 жилийн өмнөх газрын асуудал өнөөдрийнхөөс өөр. Бид газарт зөв менежмент хийж, эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой байгаа юм. 

-Би тантай санал нэг байдаг. Газрыг хадгалах бус эргэлтэд зөв оруулах ёстой. Гэхдээ зөвшөөрөлгүй бол...хураах л хэрэгтэй.  Ингэхэд  1999 онд Хотын даргаар хэн байлаа?
-М.Энхболд байсан. Одоо Газрын албанд ажилладаг хууччуул ярина даа. Тухайн үед газрын төлбөр гэж зургаа, долоон тэрбум төгрөг төлсөн байгаа юм. Ойр орчмын дэд бүтцэд 10 гаруй тэрбум төгрөг зарсан. С.Батболд сайд нээлт хийгээд байсан гарам байна шүү дээ. Үүнийг миний хувь эзэмшдэг компани нэг тэрбум төгрөг гарган хувийн хөрөнгөөр хийсэн юм. Энэ тухай бид ярьдаггүй.     
      
-Та газраа Хотын дарга М.Энхболдоос авч байсан юм байна. М.Энхболд бол газрын наймаачин гэдгээрээ алдартай. Мөн Т.Бадамжунай байна. Таны хувьд М.Энхболд, Т.Бадамжунайгаас хотын аль аль газрыг авсан бэ?
-Дүнжингаравын тухайд зөвшөөрөлтэй байсныг нь Э.Бат-Үүл хүчингүй болгочихсон байхгүй юу. Түүнээс биш тэр том объектыг яаж зөвшөөрөлгүй барих билээ.   Өнөөдөр 70 мянган хүн гадаа зогсож ажиллаж байна. Ийм байж болохгүй шүү дээ. Манайхаас илүүтэйгээр  хамгийн аюултай нь хойд талын гэр хорооллууд юм. Гэр хорооллын 00 нь ил, бохир нь хөрс рүүгээ шингэдэг. Энэ асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Бид хөрс рүү нэг дусал ч бохир хийх боломжгүй. Үүнийг сайтар бодолцож барьсан. Хотын даргын хувьд бодит байдлыг газар дээр нь очиж үзээд шийдвэрээ танилцуулах ёстой шүү дээ.  Түүнээс биш нэг гоё инээмсэглэж байгаад л  нийгмийг нурааж болохгүй. Би өмнөөс нь ичсэн. Аливаа юмыг нураах хураах амархан. Харин бүтээх босгох хэцүү. 

-Бизнес хийж үзээгүй хүн бизнесийн зовлонг мэдэхгүй байх тал бий. Магадгүй популист хандлага илэрдэг байх. 
-Манай хүчингүй болгосон захирамж дээр “ирээдүйд барилгажуулах газрыг нэг хүнд томоор нь өгсөн” гэсэн утгаар бичсэн байсан. Харин өөрөө нийгэмд  ярихдаа цэвэр усны нөөц гээд байгаа юм. Ирээдүйд ашиглах газрыг Б.Наранхүүд бүгдийг нь өгсөн байна гэдгээ хэлэх хэрэгтэй шүү дээ. Ер нь тэгээд энэ цаашид Монголд хэрэгтэй, хэрэггүй гэдгийг бодох цаг ирчихээд байна. Ерөнхийлөгч Оюутолгойн гэрээг хийх ёстой байсан, урагшлах хэрэгтэй гэж хэлж байхад баярласан. Ерөнхийлөгчийн сонгууль дөхсөн үед ард түмэнд таалагдахгүй байх вий гэдгээс айхгүй “энэ бол зөв” гээд хэлж чадаж байна гэдэг гайхалтай. Энэ бол яах аргагүй  хоёрдахь шинэчлэлт. Тэр хүн 1990 онд анхны шинэчлэлийг хийж чадсан. Өөрийгөө бодохгүй Монгол Улсаа бодож байна. Би баярлаж байгаа. Улс төрийн орчин өөр болчихсон шүү дээ. Нураана, сөнөөнө, энэ машиныг явуулахгүй гэдгийг тавдугаар ангийн хүүхэд ч чадна. 

-Хоёулаа Э.Бат-Үүлийг түр орхиод, М.Энхболд, Т.Бадамжунай хоёрын тухай ярья?
-Яагаад энэ хоёр хүний тухай ярих гээд байгааг чинь би сайн ойлгож байна.  Хэн ч байсан ийм нэр авна. Чи Хотын дарга байгаад хэчнээн шударга байсан ч “газрын наймаачин” нэр авах нь гарцаагүй.  Хардалт хүчээ аваад дэндүү айхтар болчихсон. Бид нэг нэгэндээ итгэхээ больсон байна. Сэтгэл зүрхийг нэлд нь хардалт хар хорон санаа утаж гүйцлээ. Одоо энэ нэвтрүүлгийн дараа  таныг надаас  мөнгө авчихсан гэж ярих байх даа.

-Нэвтрүүлгийн дараа биш бүр эхлэхээс нь өмнө наадах хардалт чинь яваад эхэлчихсэн. Гэхдээ би үзэгч , уншигчдаа юу хүлээж байгааг сайн мэднэ. Тэд таниас олон зүйлийг асугаасай гэж бодож байгаа. Тэр олон асуултуудын нэг бол гарцаагүй энэ. Та   М.Энхболд, Т.Бадамжунай нараас хотын хаана, хаана ямар газар авсан гэдгээ   хэлж болох уу?
-Дөрвөн газар авсан. Дүнжингарав байгаа газар бий. Гэхдээ олон газар авах боломж надад байсан. Газрын мөнгө төлнө гэдэг хэцүү. Тэр үед газар өнөөдрийнх шиг байгаагүй. Мөн “Бөмбөгөр”, “Анод” банк байсан газрыг авсан. 

-Эдгээр газраа худалдсан уу. Эсвэл таны эзэмшилд хэвээрээ бий юү?
-Урд байгаа нь миний эзэмшилд байна. Хамтарч хөрөнгө оруулсан тал бий. Дэд бүтцэд нь 10 тэрбум төгрөг өгчихөөд зүгээр байна гэж байхгүй. Мөнгө олно, өнөөдөр бүгдийг нь орон сууцанд оруулж, утаанаас салмаар байна.

-”Бөмбөгөр”-ийн газар хэний мэдэлд байгаа вэ?

-Алтжингийн нэр дээр байгаа байх. 

-”Бөмбөгөр” шатахад таны нэр их гарч, хэл аманд орсон. Г.Алтжинтай холбож бичиж байлаа?
-Нэг хүнтэй холбоо л биз. Надад нэг их сонин биш. Чамайг ч гэсэн хүнтэй холбодог биз дээ. 

-Газар нь Б.Наранхүүгийнх, “Бөмбөгөр” нь Г.Алтангийнх байгаад хамтарч хөрөнгө оруулалт хийсэн юм уу?
-Бизнес болохоор хамтарч хөрөнгө оруулаад, цаашаа явсан. 

-Тэгээд салсан уу. Одоо ч  хамтрагч хэвээр үү?  
-Одоо бол биш ээ. 

-Хуучин “Анод” банк байсан Сансарын тунелиэс Хөгжим бүжгийн коллеж руу уруудахад замын хойно байрлах  баганатай барилга байдаг   газар хэний мэдэлд байгаа вэ?
-Би тэрийг зараад өрөө төлчихсөн. 

-“Анод” банкинд уу?
-Үгүй ээ, өөр компани авсан. 

-“Мон-Уран” компани ямар чиглэлээр үйл ажил­лагаа эрхэлдэг юм бэ?

-Ерөнхийдөө үл хөдлөхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.  Энэ компаниа үүсгэн байгуулах гэж юм юм л хийсэн дээ.  Гахай үүрч, Орост юмаа дээрэмдүүлээд явж л байлаа. Хамгийн анх намайг дэмжсэн хүн бол “Датаком”-ын Энхбат ах юм. Намайг хорин хэдхэн настай байхад манай гэрийг хаана  байдгийг ч мэдэхгүй байж надад хагас сая доллар зээлдүүлсэн.  Автобусны ч мөнгөгүй “туулайчлаад” кондукторт загнуулж, айлын түрээсийн байранд хаалга тогшоод амьдарч л явлаа.   Ер нь бизнес бол амар биш. Бизнесийнхэн бүтэн нойртой хонодог гэдэгт  би эргэлздэг. Би ч бас шөнийн гурав, дөрөв  хүртэл маргааш хийх ажлаа бодож хонодог байлаа. Монгол Улсад хөгжих асар их боломж байна. Шинэ Зеландад манай гишүүд явж байгаад “танайх яаж ингэж гоё хөгжиж байна аа” гэж асуухад   нөгөөдүүл нь “Та нар яаж хөгжихгүй байж чадаж байна” гэж асуусан гэсэн. Бид үхэр тэргийн хөгжлөөр явж байгаа байхгүй юу. Нэг юм хийнэ нураана, хардана. Ямар гунигтай юм бэ. Зарим  нь улстөрч хүн худлаа ярьдаг байх хэрэгтэй гэдэг. Би бол хэзээ ч худлаа хэлж чадахгүй.  Чингис хааны есөн өрлөг жанжны нэг нь худлаа хэлсэн бол дэлхий дээр Чингис хаан гэж байхгүй л байх байсан.    

-Энэ бол гайхалтай түүх.  Чингис хаанаас ах дүү, хамаатан садан нь  урвасан атал  есөн өрлөгөөс нь нэг ч хүн  урваагүй дэлхий дээрх цорын ганц түүх юм билээ. Тийм бат бөх нөхөрлөлийг  насан туршдаа авч явна гэдэг гайхалтай хэрэг шүү.  Тэгэхээр тийм итгэлийг авч үлдэхийн тулд, хамгаалж явахын тулд  ер нь  яах ёстой вэ?
-Хамгийн гол нь худлаа хэлэхгүй байх. Тэгээд итгэх хэрэгтэй. Амьдралыг хамгийн муухай болгодог зүйл бол худлаа хэлэх шүү дээ. 

-Танд тийм  үнэнч нөхөд бий юү?
-Надад бий. Би хатуу зарчимтай. Хэвлэлээр янз бүрийн мэдээлэл гарахад найзууд маань миний өмнөөс хямардаг байсан. Тэгэхээр нь би “та нар надад итгэж байгаа юм чинь би өөр хэнд ойлгуулах шаардалгатай юм бэ” гэдэг юм.

 -Т.Бадамжунайгийн хүүхдийн хурим дээр та “Лексус-570” бэлгэнд өгсөн гэж үнэн үү ?
-Иймэрхүү мэдээлэл олон бичдэг шүү дээ. Бүгд   худлаа. 

-Уг нь би үнэн байгаасай гэж бодсон юм...
-Худлаа юмыг үнэн гэж хэлэлтэй нь биш дээ. “Нараа машинаа авъя” гэвэл яана. Сонин дээр ийм мэдээлэл бичсэн хүндээ гоё байдаг юм байгаа биз. Хурим дээр байсан хүмүүсээс нь асууж болно. Би очоогүй. 

-Гэр бүлийн бүх гишүүндээ “роллс ройс“ авч өгсөн гэнэ. Мөн л худал яриа юу ?
 -Унаж ч чадахгүй юм. Машин хараад “өө нээрээ” гэж боддог. Саарал өнгийн “Роллс ройс” бий. Би гурван хүүтэй. Эхнэртэйгээ 17 настайдаа сууж байлаа. Бидэнд асар их баялаг, ухаан байхад яагаад бүгдээрээ “Роллс роес” унаж болохгүй гэж. Монголчууд баян сайхан амьдрахын тулд хардахгүй болох, итгэдэг, дэмждэг байх хэрэгтэй. Амьдралд сайн муу юм олон тохиолдоно. 

-Таныг морины хорхойтой гэдгийг мэднэ. Нэг хээр   азаргыг 800 сая төгрөгөөр худалдаж авлаа гэдэг мэдээллийг уншаад үнэхээр гайхсан?

-Монгол адуу улам үнэтэй байгаасай гэж боддог. Монгол бүх юм үнэтэй байж дэлхий дээр дийлнэ. Дэлхийг эзэлж байсан монгол адуу хамгийн үнэтэй байх ёстой. 

-Өнөөдөр олон хүүхэд маш ядуу амьдарч байна. Монголд хүн болж төрснөөс “Мон уран”-ы Наранхүүд даага болж төрсөн нь хамаагүй дээр санагдаад  байгаа учир таны моринд өгсөн үнэлгээ таалагдахгүй байна?
-Нэг мориндоо байгаа юм биш. Сүхбаатар нутгийн адуу тэр чигээрээ үнэд орж байгаа юм. Сүхбаатарын 500 мянгын гүү сая төгрөг болоод, аймаг, суманд түрүүлсэн нь 30, 40 сая төгрөг болоход аймгийнхны  амьдрал сайжирч байгаа. Морины асуудал бол морины л асуудал. Үүнийг заавал хүүхэд, эхчүүдийн ядуу амьдарч байгаатай холбож тайлбарлаад байх юм бол бантан шиг юм болно шүү дээ.  

-Таныг тэр азаргаа “Ажнай” Д.Бат-Эрдэнэд бэлэглэсэн гэсэн үү? 
-Би тэр азаргаа хэнд ч бэлэглэхгүй. Хоёр сая адуугаар сольё гэсэн ч солихгүй. Англид нэг азарга 240 сая еврод хүрч байна. Тэгтэл бид хүчтэй хөгжлийг түрж хийх ёстой байна. Би үнэхээр тасархай баян байсан бол монгол адуугаа бүүр ч илүү тасархай үнээр авах юмсан гэж боддог. 

-Шарга азарга бий юү. Хөшөөг нь очиж үзсэн, урлагийн бүтээл   болсон байна билээ?

-Шарга азарга бий. Ломбарданд тавьсан гэсэн мэдээллийг шар сонин дээр бичсэн байсан. Шарга азаргын хөшөөг би хийхгүй юм бол хожим хэн нэг улстөрч бүтээх байсан биз. Хөшөөг нь монголчуудын хайрладаг шарга азаргатай тун адилхан бүтээсэн. Шүлгийг нь манай н.Ганхуяг барималч надад бэлэг барьж бичсэн юм. 

-Танд олон сайхан ажнай байдаг учраас   таны ажил хийморьтой бүтдэг үү?
-Хийморьтой шүү... хийморьтой... (инээв)

-Та 2008 онд олимпийн аваргуудад, алтан медальтнуудад сая доллар, мөнгөн медальтнуудад 500 мянган доллар өгнө гэж амласан. Амласнаа өгсөн үү?
-Би бараг ганцаараа амласнаа өгсөн. Би хэлсэн бол үнэн байна. Амласан бол биелүүлнэ. Тухайн үед намайг гутаасан  зүйл олон бичиж байлаа. Бага зэргийн дутуу бий. Гэхдээ тохирсон асуудал бас байгаа.  . Хүмүүс өгөөгүй гэж ярьдаг л юм. Бүрэн өгч дуусахаар нь тэр хэд “өглөө” гэж хэлэх байлгүй дээ. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар ч олимпын аваргууд маань надад их тусласан шүү дээ. Хэрэв тэднийг хуурсан бол туслахгүй л байсан шүү дээ. 

-Та яагаад УИХ-ын гишүүн болов. Зүгээр бизнесээ хийгээд явж болохгүй байсан юм уу?
-Би зүгээр л бизнесээ хийгээд явж байсан юм. Аймгийн 70 жил болоход хүмүүс “2012 онд асуудалгүй шүү дээ” гэхэд нь гайхаж байв. Тэгтэл нутагтаа ажил хийхээр л сонгуульд нэр дэвших юм байна гээд ойлгочихож. Улс төрийн орчин нь ийм байдлыг бий болгосон юм болов уу гэж боддог. Нутгийн олныхоо итгэлийг даагаад олон ажил хийх болно. 

-Адуунд ч тэр, бусдад тусалж байгааг тань хараад ч тэр та мөнгийг үрж чаддаг хүн юм. Мөн үрэхийн хэрээр олж чаддаг байх. Ер нь энэ хоёрын баланс тэнцдэг үү?

-Би мөнгийг үрж байна гэж боддоггүй. Харин хэрэглэж байна гэж ойлгодог. Би мөнгийг хураая гэж бодоод байдаггүй. Мөнгийг хэрэглэхгүй юм бол юунд нь олдог юм бэ, тийм үү... Харин эхнэр маань намайг “хэдэн хүүхэддээ юм үлдээгээрэй” л гэдэг юм ...(инээв). 

-Та хүмүүнлэгийн салбарт хэр их хөрөнгө оруулдаг вэ?
-Их хөрөнгө оруулдаг даа. Компанийн захирал байхдаа олон хүмүүнлэгийн ажил хийсэн. Үүнийгээ сурталчлаад байдаггүй. Хэрэв надад хүн тусалсан бол хүний тусыг мартдаггүй юм. Хүн баярлуулах маш гоё. Хүмүүс ч над дээр хандив гуйж олон ирдэг. “Тэр гэдэг хүн байна. Миний дансны дугаар тэд. Над руу 350 мянган төгрөг шилжүүлчихээрэй” гэсэн мессеж ирдэг юм. Тэгээд хэсэг байж байгаад “Та ойрд мөнгөгүй байгаа юмаа даа. Болохгүй бол 50 мянгыг шилжүүлчих” гэдэг. .. (инээв) Тусламж гуйж байгаа хүнд үгүй гэх хэцүү шүү дээ. 

-Та өөрөө ядуу зүдүү амьдрал туулаагүй биз дээ?

-Ядуу амьдрал туулаагүй. Би гурван охинтой айлын ганц хүү нь. Намайг маш их эрхлүүлдэг байлаа. Гэхдээ ээж минь намайг хэзээ ч зүгээр суулгадаггүй байв.  Миний  аав сайхан хүн байсан. Би их сургуульд физикийн ангид сурч байлаа. Ангийнхан бол бүгд доктор, профессорууд байдаг юм. Би ганцаараа бизнесийн салбарт орсон. Хувь заяа байсан биз дээ. Ер нь их сургуульд дөрвөн жил сурч, хугацаа алдаагүйгээ зөв гэж боддог шүү дээ.

-Тэгэхээр та анкет дээрээ дээд боловсролгүй гэж бичдэг үү?
-Үнэнээ л бичсэн. 

 -Таныг  “Буянгийн Жагаа” гэдэг компани байгуулж байсан гэж сонссон? 

-Арван долооохон настай байлаа шүү дээ би.  Тэр үед  “Буян”-гийн Жагаа ч үлгэр домог шиг хүн байлаа.   Яаж тэр хүн шиг болдог юм билээ гэж бодоод л. Хөдөөний хүүхэд болохоор олон ч хүн танихгүй. Тэгээд бодсны эцэст “Буянгийн Жагаа” гэдэг нэртэй компани байгуулсан. Тэгсэн Жагаа ах  надад хөх ноолуур бэлэглээд гарын үсгээ зурж өгч байв. Одоо Жагаа ах надад их сайн. 

-Тэр компани юу эрхэлдэг байсан юм бэ?

-Юу ч эрхлэхгүй. Би Жагаатай танилцах гэж тэгж байхгүй юу.   Маш том капитал шүү дээ. Хар машинд нь суухдаа онгоцонд суусан юм шиг санагдаад л.... Өнөөх үлгэр домог болсон ахтайгаа хамт яваад л.... гоё байсан шүү... (инээв) 

-Та өөрийнхөө хийсэн бүтээсэнд аз жаргалтай байж чаддаг уу?

-Хийсэн бүхэндээ аз жаргалтай байдаг. Зөндөө л хэцүү юм тохиолддог. Тэр бүгдийг л давж гарсан. 

-Та өртэй юу?

-Өргүй.... 

-Яагаад...? 

-Яагаад би өртэй байх ёстой гэж? 

-Бүгд л өртэй байдаг ш дээ. Энэ бол бизнесийн зарчим биш үү? 

- Ер нь өртэй байх нь дээр юм билээ. Өртэй байхаараа ихийг хийж бүтээдэг. Өрөө дарахын тулд. Харин өргүй байхаар амгалан, тайван, унтаа хэлбэр рүү орчихдог. 

-Та паркийн газрыг өгөхөөр болсон уу? 
-Би бүгд өгвөл өгнө гэж хэлсэн. “Голомт”-ын Баясгаланд бол би өгөхгүй гэдгээ хэлсэн. “Голомт”-ын Баясгалан паркийн газрыг зүгээр авчихсан. Хүмүүс л мэддэггүй болохоос биш. Наранхүү гэдэг хүнээс болоод байгаа юм шигээр бичүүлдэг юм. Баясгалан  бас тэр газраасаа  “MCS”-д өгчихсөн шүү дээ. Тэгсэн хэрнээ өөрөө болохоор энхийн цагаан тагтаа. Юманд жаахан үнэн бодитой хандах хэрэгтэй л дээ. Хаалтын гэрээтэй хүн тэр байх. 

-Та эхлээд паркийн газрыг өгөөд дараа нь Баясгаланг шахаж газрыг нь өгүүлье. Араас нь  “MCS”-ийг ч татъя. Тэгж болохгүй юу? 
-Тэд өгөхгүй ээ. Би парк дээр гоё санал гаргасан. Юу гэвэл “Голомт”-ын болзолтойгоор надад паркийг өгчих. Тэгвэл маш гоё парк бариад хүүхдүүдийг 10 жил үнэгүй тоглуулъя гэж. Надаас жилд 500 сая төгрөг гарна биз. Ингэж хийж чадна. Хүүхдүүдийг 10 жил үнэгүй тоглуулъя гэж байхад хотын дарга яагаад зөвшөөрөхгүй байгаа юм бэ. Яагаад дэмжихгүй байгаа юм бэ. Тэгэхээр цаана нь нэг юм байна гэсэн үг биз дээ. Паркийн 35 га газрын нэг га газрыг нь аваад би 10 орчим жил болж байна. Би “Голомт”-ын Баясгаланд үнэхээр өгч чадахгүй. 

-Би үүнд болгоомжтой хандаж байгаа. Яагаад гээч. “Паркаа аваръя хөдөлгөөний залуусыг харахдаа ард нь “Бодь”, “Мон уран” байх вий гэж хардаж байна. Гэхдээ одоо хардах хэрэггүй санагдаж байна.  Харин  Та “Бодь”, “MCS”-тэй барьцаад байгаа юм уу?
-Эхлээд нэгийнхийг нь онцолж хүчингүй болгоод, дараа нь бусдыг нь гээд байгааг ойлгохгүй байна. Улаанбаатар хотод 10 мянган га газар олголт хийгдсэн байдаг юм билээ. Үүнийг нэгбүрчлэн шалгачихаад бүгдийг нь хэлбэл өөр хэрэг. Ганц “Дүнжингарав” гэж хэлэхээр болохгүй байсан юм шиг байгаа юм. Нийт 40 гаруй газар бий гэдэг юм. Гэхдээ тэр газруудыг нь хараарай жижигхэн газрууд байгаа. 

-Та Хотын даргад паркийн газраа өгье. Мөн “Бодь”, “MCS” өг гэж уриалж чадах уу?
-Би үүнийг хэлчихсэн шүү дээ. Бүтэхгүй зүйл үгүй. 

-“Голомт”-ынхонтой найз биш үү?

-Хэзээ ч найз байгаагүй. 

-Та паркын газрыг өгөх талаар “Бодь”-ынхонтой уулзаж ярилцаж байсан уу? 

-.... би биш харин чи ярих юм биш үү... . 

-“Ажнай” Д.Бат-Эрдэнэтэй, “Цагаан шонхор”-ын Энхтайван, М.Энхболд, Т.Бадам­жунайтай найзууд уу?
-“Ажнай” Д.Бат-Эрдэнэтэй найзууд, “Цагаан шонхор”-ын Энхтайвантай ах дүү, М.Энхболдтой нэг үе. Харин Жунай ахтай нэг их ойр байгаагүй юм байна. 

-Г.Алтан, “Жаст”-ынхантай?

-Г.Алтантай бол бизнесийн түншүүд. “Жаст”-ынхныг танина. 

-“Эх орон” телевизийн хэдэн хувийг та эзэмшдэг вэ?

-Би 34 хувийг. Бусад хоёр нь 33 хувийг эзэмшдэг. 

-Бусад хувь эзэмшигч нь “Ажнай” Д.Бат-Эрдэнэ, “Цагаан шонхор”-ын Энхтайван хоёр уу?
-Тийм. Өөрсдийн нэр байдаг эсэхийг мэдэхгүй юм. Би амьдралдаа “Эх орон” телевизээр орж үзээгүй шүү дээ. 

-Таныг миссүүдтэй бас  их холбох юмаа... ?

-(инээв) .... Миний эхнэр маш гайхалтай эмэгтэй. Зүрх нь цоорхой атлаа  надад  гурван хүү гаргаж өгсөн ийм л эмэгтэй. Тэр эмэгтэйг хайрлахгүй байж чадахгүй шүү дээ. Би түүндээ хайртай. Гэр бүлдээ хайртай. Гэр бүлийн харилцааг эрхэмлэдэг... Хариулт хангалттай юу....

-Хангалттай...   Та  УИХ-ын гишүүнийхээ хувьд ямар ажил хийхээр төлөвлөөд байгаа вэ? 
-Дундговьд үлэг гүрвэлийн маш том парк барих ажилд үлдсэн амьдралаа, бүх хүч хөдөлмөрөө зориулъя гэж бодож байна. Аялал жуулчлалын бүс нутаг болгоё. Таван сая сувинер хийгээд жилдээ нэг сая хүн ирнэ биз. Ц.Оюунгэрэл сайдтай ярьсан. Дундговьд тэр паркийг байгуулж, нисэх онгоцны буудалтай, зочид буудалтай гээд дээд зэргийн бүтээн байгуулалтыг босгоно. Үүн дээр ажлын хэсэг гараад ажиллаж байна. Яамнаас, миний хувь эзэмшдэг компаниас хэдэн хүмүүс орж ажиллаж байгаа. Эхний санхүүжилт нь хувь эзэмшдэг компаниас маань гарах юм. Би монголчуудыг илүү гэдэгт итгэдэг.

-Таны ажилд амжилт хүсье. Дараагийн удаа ярилцахдаа энэ бүх домог болсон хов жив биш жинхэнэ бүтээн байгуулалт, хөгжлийн тухай ярилцлах болно... 

-Баярлалаа... таны ажилд ч амжилт хүсье.