Aug 1, 2013

Зургаан жил = Зургаан сар

Сайн байцгаан уу? Миний олон мянган уншигчидаа! :)

Би гэдэг хүн эх орондоо харьж ирээд хагас жил болох гэж байна. Харьж ирсэнээ ярихаас өмнө хаанаас юу хийж байгаад ирсэнээ эргэж харах нь бас сонин. 2007 оны 4 сарын 2 нд эх орноосоо гаржээ. Хээрийн галуу нисэн хүрэх эсэхийг бүү мэд газар луу эрдэм өвөртөлөхөөр явжээ. Чилийсэн зургаагын зургаан жил, эс бөгөөс нүд ирмэх мэт хурдтай зургаахан жил болоод ирж. Энэ зургаан жил, 25 жилийн амьдралд минь 24%-ийг эзэлж байх юм. Амар хялбар бус, гэхдээ дааж давшгүй хүнд бус 6 жил өнгөржээ. Хүний нутагт зургаан жил болохдоо хүний нутагт байгаа гэж нэг их бодогдохгүйгээр амьдраад ирсэн нь бас л гайхалтай. Хоёр сургууль төгсөөд хэлний бэлтгэлтэйгээ гурван диплом өвөртөлжээ. Нутгаас гарахдаа ганцаар яваад ирэхдээ гурвуулаа болсон байх юм. Хорвоо дээр байгаагүй тэр шинэ хүн нь миний үргэлжлэл болох хүн. :)

Олон олон сайн санаатай хүмүүсийн ач буянаар, дэмжлэгээр явж иржээ, явсаар байх бизээ. Эх орноо учиргүй санаж бэтгэрээд, ирэхгүй бол үхэх гээд байсангүй. Бас ирэхгүй байхуйц ямар нэгэн зүйл болсонгүй. Төлөвлөсөн суръя гэснээ сураад ирж. Гэхдээ тэгэх минь яав ингэх минь яав, тэгсэн нь болждээ ингэсэн нь ч болчжээ гэх бодлууд ч мөн байх. Нэг үгээр хэлбэл дурсамж дүүрэн 6 жил.

Монголд ирээд их юм үзэж харж тууллаа. Магадгүй зургаан жилд үзсэн харсанаас ч ихийг үзсэн байж мэднэ. Гэхдээ өнгөрсөн зургаан жил маань энэ зургаан сарыг давах ухаан хүч болж ирснийг ч ойлгов. Ажилд оров, ажил хийж ч үзэж байна. Аз жаргалтай байгаа юу гэвэл байгаа ч юм шиг. Аз жаргалгүй юу гэвэл үгүй ч юм шиг. Аз жаргал гэж юу юм бэ? Сүүлийн зургаан жил өөрөөсөө асуусан асуулт маань үргэлжилсээр л....

Амьдрал их баян, олон өнгөтэй, үнэн бодит мэт, худал хуурмаг ч бас байдаг шиг.. Гэхдээ л миний өмнө одоо бүхэл зүйл нээлттэй байна. Миний чадлаар л бүх л зүйл өөрчлөгдөж болох мэт.. Би хүчтэй, би ухаантай, би чадах мэт.. Ургаж гүйцсэн далавчаа хэд сайхан гөвөөд хөөрөн нисэх цаг болсон мэт...