Dec 26, 2012

Ж.Болдбаатар: Чингис гэдэг нэрээр популизм битгий хийгээсэй

“Ярилцъя” булангийн маань хойморт энэ удаа нэрт эрдэмтэн, акаде­мич Ж.БОЛДБААТАР уригдаж, олон сонирхолтой сэдвээр байр сууриа илэрхийллээ. 

Б.Ганчимэг

ЦЭЦ БОЛ ЯАХ АРГАГҮЙ ШИГШЭЭ БАГ

-Таныг ярилцлагынхаа зочноор уръя гэж олон жил бодож яв­лаа. Уулзах цаг олгосонд баяр­лалаа. Асуух юм их байна. Цэцийн ажлаа­саа яагаад чөлөө­лөгдсөн бэ. Цэц­дээ байгаач гэдэг хүсэлт тавьсан гэсэн. Өөрөө татгалзсаар байгаад гарсан гэж дуулсан юм байна ?
-Үгүй ээ, яахав дээ. Би чинь Цэцэд 14 жил шахам ажиллалаа шүү дээ. Нас ч 65 хүрлээ. Цэцэд байх сай­хан л даа. Намчирхахгүй, асуудлыг хууль зүйн дагуу шийддэг. Тэнд ямар ч намын зүтгэлтэн байсан хүн орж  ирээд л шууд түдгэлздэг. Тэр мөчөө­сөө хойш хуульдаа л захирагддаг. Ямар нэгэн намын эрх ашгийн тухай ярьдаг хүн байдаггүй. Хуулийнхаа дагуу л бүх зүйлийг шийддэг. Цэцийн ги­шүүн хүний эрх нь асар хязгаар­лагд­мал шүү дээ. Яагаад гэвэл улс төрийн сэдэвтэй илүү дутуу зүйл яривал юманд орооцолдох гээд байдаг. Гэтэл судлаач эрдэмтэн хүн санал бодлоо чөлөөтэй илэрхийл­мээр байдаг. Нас ч бас харьцангуй өтлөх нас руугаа явж байна. Зарга шүүхээсээ илүүтэй үлдсэн амьдралд бурхан багш хэд хоногийн томилолт өгөх юм. Тэр томилолтын хугацаанд нь бас жаахан судалгааны ажил хийх, хэлэх ярих юмаа хэлж ярьж байх гэсэн бодлын үүднээс би шийдвэрээ гаргасан юм.  

-Цэцийг улс төрийн халаасанд байна гэх хардлага их байдаг. Таны гарал угшил бол МАН. Гэхдээ айхтар улстөржиж байс­ныг тань санахгүй байна. Одоогийн Ерөн­хий­лөгч бол Ардчилсан намын гишүүн хүн. Гэхдээ таныг Цэцдээ байгаач гэж онцгойлон хүссэн гэж сонссон юм. 
-Ерөнхийлөгч Цэцийн орлогч дарга Н.Жанцантай уулзаад “ Ж.Болдбаатар гуай яагаад болих гээд байгаа юм, уг нь Цэцдээ сууж байх хүн шүү дээ “ гэж хэлсэн байсан. Ерөнхийлөгч намайг улс төрийн ноён нуруутай, байж байхад болох хүн гэж үзэж байсан юм болов уу даа. Улс төрийн холбог­долтой зарга, маргаан, гомдол чинь явсаар над дээр их төлөв цохогддог юм шүү дээ. Жишээ нь, улс төрийн нам­тай холбоотой ч байдаг юм уу, тийм маргаанууд.  Энэ ч бас нэг талаа­саа аргагүй юм. Би гэдэг хүн олон жил улс төрийн тогоонд буцалж байс­ны хувьд намайг энэ асуудалд арай илүү бодитойгоор хандах болов уу гэж Цэ­цийн дарга надад дээр ийм өргөд­лүү­дийг цохдог байсан байх. Энэ нь нэг талаас МАН-ын Ж.Болдбаатар намын­хаа эрх ашгийн үүднээс л асуудлыг шийдчихээд байна даа гэх маягийн хардлага төрүүлдэг байсан байх. Хамгийн сүүлд Цэцээс гарахын өмнө би МАХН-тай холбоотой нэгэн өргөд­лийг шалгасан. Энэ асуудал дээр гэхэд жишээ нь,  МАХН гэдэг нэрийг уламжилж ямар нэгэн улс төрийн нам авах ёсгүй гэсэн шийдвэр гаргасан л даа. Үүнийг бас улстөржүүлж л хардаж байх шиг байсан. Өөр нэг их олон юман дээр ерөнхийд нь хий хоосон хардахаас биш нэг их айхтар шуугиан болгож, асуудлыг эргэж босгож тавьж байсан тохиолдол ховор. 

-“Цэцийн дээр хөх тэнгэр л бий” гэсэн нэг алдар­тай үг бий. Энэ үгийг хүмүүс их олон талтай авч үздэг. Жишээлбэл, би “Цэцийн дээр хөх тэнгэр биш, МАХН(хуучин) бай­на” гэж бичдэг л байсан. Улс төр үнэхээр орол­доод байдаг тал бий юу. “Цэцийн нэг багана шүү дээ би” гэсэн тэр үнэмш­лээсээ гулзай­хаас арга­гүй байдалд намынхаа шахалтаар орж байсан тохиолдол бий юу? 

-МАН-ын удирдлагаас Цэцтэй холбоотой маргааны асуудлаар нэг ч хүн надтай ярьж байгаагүй. Энэ 14 жилийн туршид шүү дээ. 2000 оны Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой маргааны үеэр за­рим нэг хүн Ерөнхийлөгч Н.Энх­баяр танд ийм үг хэ­лүүлж байна, дамжуулж байна энэ тэр гэж байсан юм бий. Гэхдээ намын удирдлагын хүмүүсээс биш, төрийн хү­рээнд ажиллаж байсан ганц нэг сайд, агентла­гын дарга нар тийм юм надад хэлж байсан. Намын удирдла­гын хүрээнээс бол тийм яриа над руу ирүүлж байгаагүй л дээ. Ерөөсөө Цэц улстөржөөд байдаг байгуул­лага биш л дээ. Гол нуруу нь хууль. Нөгөө талаар ирээдүйн үр дагаварыг зарим үед харахаас өөр аргагүй байдаг. Маш уршигтай үр дага­вар дагуулах юмыг бас тэр талаас нь нэг хүчин зүйл болгож бо­дохоос аргагүй. Тэр л үүд­нээс харна уу гэхээс ямар нэгэн улс төрийн намын эрх ашгийн үүднээс харж байсан удаа байхгүй. Цэцийн бага болон дунд суудлын хуралдаан дээр ямар нэгэн асуудлыг Цэцийн гишүүд өөрс­дөө улстөржүү­лээд, нэг талыг барьж зүтгэж байсан тохиолдол ерөөсөө гарч байгаагүй. Хуу­чин намын угшлаар бол Ард­чилсан намаас гаралтай хүмүүс байж л байсан. Тэд ч, бид ч тэгж зүтгэдэггүй байсан. Тэр нь л хамгийн онцлог тал нь юм даа.

-Цэцийн дарга байсан Ж.Бямбадорж гуайгаас асууж байсан юм. “Цэц үнэхээр бүх хуульчдын оройн дээд болсон шигш­мэл, үнэхээрийн супер хуульчдын баг мөн үү. Тэдэнтэй ажиллахад ямар вэ” гэж. “Энд сууж байгаа хуульчдад өрсөл­дөгч үнэхээр алга. Үнэхээр Монголын орой болсон хуульчид Цэцэд л байна” гэж тэр хүн ам бардам хэлж байсан. Бүр нэг мэргэжлийн бахар­хал дүүрэн үг байгаа биз. Үнэхээр Цэцэд жаахан дундаж төвшний хууль­чид ороод ирчих тийм нүх сүв байхгүй юу? 
-Арга байхгүй л шигшмэл баг. Би бол хуульч хүн биш. Монголын төр, хууль цаазын түүх судалдаг хүн. Нөгөө та­лаар УИХ-ын гишүүн байсан. Бас олон жил хуультай ноцолд­сон. Энэ үүднээс нь Н.Бага­банди Ерөнхийлөгч намайг санал болгож, Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр то­милуулсан байх. Энэ он жи­лд би Монголын хам­гийн шилдэг хуульчидтай хамтарч ажил­лалаа. Тэдний арга туршлагаас суралцлаа. Бага­гүй туршлага хуримтлуул­лаа. Энэ бүх суурь дэвсгэр дээ­рээ өөрийнхөө итгэл үнэмш­лээр л асуудлыг ший­дэж байсан. Харж байхад  Н.Жан­цан эд нар тодорхой асуу­дал дээр яг л хэд нүүгээд мад тавьдаг сайн шатарчин шиг л ажилладаг. Юмыг олон талаас нь боддог, хардаг. Хуульч биш гишүүд гэвэл тэр багт П.Очир­бат гуай бид хоёр л байсан. П.Очирбат гуай бол аргагүй асар их туршлагатай. Юмыг маш олон хүчин зүйлээс нь олж хардаг хүн дээ. 

НИЙ НУУГҮЙ ХЭЛЭХЭД УЛС ТӨР МИНИЙ ХУВИЙН 
ЗАН АРАНШИН, ХҮНИЙ МААНЬ ДОТООД ТӨЛӨВТЭЙ
ОГТ ТОХИРОХГҮЙ БАЙСАН ШҮҮ

-Та бас УИХ-ын гишүүн бай­сан. Харин улс тө­рийн халуун амьдралаас яа­гаад тэр эрт өөрийгөө татаж авсан юм бэ. Одоо ингээд харж байхад Д.Дэмбэрэл гуай нэгэн том багана л харагддаг. Нөгөө талаас бусад улс орны парламентад бүх талаар жигдэрсэн, нас ухаан тэгширсэн улс л сууж байдаг. Манай парламент боло­хоор нэг тийм бядгүй ха­рагддаг. Гэхдээ нэг тийм далд ойлголтын талаар ярьж байна гэдгийг маань та ойлгож байгаа байх. 

-Би 1996 онд хоёр дахь удаа­гаа дэвшээд Булган айм­гийн дөрөвдүгээр тойрогт унасан л даа. Тэгээд л ерөөсөө нэг жил хагасын дараа намайг Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн гишүүнээр томилчих­сон. Цэцийн гишүүн чинь улстөржиж болдоггүй. Хуулийн дагуу төвшин ажиллах ёстой. Ингээд л үндсэндээ улс төрөөс гарсан. Гэхдээ ний нуугүй хэ­лэхэд улс төр миний хувийн зан араншин, хүний маань дотоод төлөвтэй огт тохирохгүй байсан шүү. Улс төр чинь жудгаар их хэцүү эд шүү дээ. Совесть гэж ярьдаг. Миний совестьтой ерөөсөө тохирч өгөхгүй байсан. Улс төрд би уг нь 80-аад оны сүүлээс орсон л доо. Энэ хугацаанд намын Төв хорооны дэд дарга, нарийн бичгийн дарга ч байж үзлээ. Их хурлын намын бүлгийн ахлагч ч байж үзлээ. Тэгээд л явцын дунд улс төр миний ерөнхий ааш авирт тохирохгүй эд байна гэдэг бодол төрсөн л дөө. Гэхдээ 1996 онд намаас нэр дэвш гэхээр нь дэвшсэн. Тэгээд уна­сан. Тэгж унаад зарим хүн, тухайлбал, насаараа албан тушаал, карьер хөөсөн улс бол жаахан сэтгэл санаагаар унадаг л юм байна лээ. Надад бол ямар ч тийм ялагдсан гэсэн зовиуртай мэдрэмж төрөөгүй. Тэгээд л би эрдэм шинжилгээний болон багшлах ажилдаа шилжээд л явсан. Ялагдал бол  дараагийн ялалтад ирлэж өгдөг зүйл л дээ. Тэгээд л судалгааныхаа ажил дээр тууштай зүтгэхээр шийдсэн. Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, академич хэргэм 2003 онд хүртлээ. Энэ нь нөгөө ялагдал шинэ ялалтад ирлэж өгсний жишээ юм даа. Одоо улсууд төрийн бус элдэв академи гэдэг байгууллага байгуулаад тэр­ний гишүүн болчихоод өөрий­гөө академич гээд давхиж байгаа харагдах юм. Академич гэдэг бол уг нь өөр шалгуу­раар явж, Шинжлэх ухааны акаде­мийн их чуулганаар сонгогдоод, дараа нь Монгол Улсын Ерөн­хийлөгчид мэдүүлээд, Монгол Улсын ерөнхийлөгч зарлиг гар­гаж байж олгодог хэргэм шүү дээ. 

-Таны амьдралын том даваа, том бахархал биз дээ?
-Элдэв цол зэрэг зүүж л явлаа. Хамгийн хүндтэй хэр­гэм бол академич. Жи­шээ нь, манай Булган аймгаас ака­демич болохоор улс байсан л даа. Манай их эрдэм­тэн Санжмятавын Гаадамба багшаас өгсүүлээд. Булган аймгаас академич огт төрөөгүй байж байгаад анхны академич нь би болсон юм. Түүнээс хойш ч гэсэн төрөөгүй л байна. Тэгэхээр энэ бол ямар нэгэн үнэлгээ байх л даа. 

-Та намынхаа гишүүнч­лэлийг сэргээсэн үү?
-Үгүй. Одоохондоо нам бус л байна. 

-МАН нэрээ сольж ни­лээн том давалгаа үүс­гээд, тэрнийхээ ард бас л том цохилт амсчихаад байж байх шиг байна. Тэдний хувьд түүхийн­хээ сонин үеийг туулж яваа болов уу. Энэ сонин үед олон төрлийн шил­жилт хөдөл­гөөн, улс­төрч­дийн зан суртахуу­ныг тойрсон  хачирхал­тай асуултын тэмдэгнүүд  гарч эхэллээ. Энэ нам дахиж сэргэхгүй байх гэж зарим нь ярих юм. Асар том уналт гэж хэсэг нь үзэх юм. Та МАН-ыг тойрсон сүүлийн үйл явдлуудын талаар дүг­нэлтээ хэлэхгүй юу? 
-МАН гэсэн хуучин нэрийг сэргээх нь зүй ёсны хэрэг байсан. Гэхдээ энд тактикийн алдаа гаргасан. Манай залуу удирдагчид арай хэтэрхий омголон хандсан. Түрүү­чийн 2008 оны сонгуулийн эхэн дээр сольсон бол болох бай­сан. Цагаа олоогүй. Гэтэл энэ чинь үнэндээ бол Хувьсгалт гэдэг бол комин­тернээс тулга­саар байгаад өг­сөн нэр шүү дээ. Тэгэ­хээр үүнийг сольчих­лоо гээд нэг их сүрхий хохирол учраад сүйд болоод байх юм байхгүй л дээ. Гэтэл энийг замаас нь улстө­рийн сул орон зайд гарчихсан том лиде­рүүд  ашигласан. Тухайлбал, ерөн­хийлөгч асан Н.Энхбаяр бол үүнийг гярхай ажиглаж байсан. Тэгээд л МАХН гэж нам байгуулаад л явчихсан. Юмны нарийн учрыг олдоггүй нэлээн жаахан ахмад үе байна. Зүгээр дагаж шуурсан залуу үе байна. Тэд дагаад шуурсан. Дээр нь тэр Н.Энхбаярыг барив­чил­сан бүтэлгүй техник­тэй болхи явдал энэ тэрээс болоод хэсэг бүлэг нөхөд тог­лоод гараад ир­лээ шүү дээ. Ийм үед хүмүү­сийн чанар танигддаг л даа. Ер нь улс тө­рийн том давалгаан дээр улс төрийн зүтгэлтэн хүний мөн ча­нар танигддаг. Зарим нь үүнийг маш гярхай ажиглаж, өөрийнхөө карьерт нэмэр болгодог. Жи­шээ нь, Черчиль ч гэсэн яг ийм агшныг нь олоод л нам солиод л дээшээ гарч бай­сан хүн шүү дээ. Тэрэн шиг ийм оролдло­гыг хийж байна. Гэхдээ бүтэлтэй юм уу, үгүй юм уу бүү мэд. Жишээ нь, Д.Арвин гишүүн Ардчилсан намд орж байна. 

-Жудаггүй л юм болчих­лоо гэх үнэлэмж давам­гайлж байх шиг?

-Монголчуудын төрийн зүтгэлтэн дээр авч үзэж бай­сан их том чанар байна шүү дээ. Төв эрхэмсэг шинж гэж. Тэр шинж гэдгийг зүгээр нэг гүндүү­гүй чимээгүй байгаад байх юм шиг тийм маягаар ойлгодог улстөрчид ч байна. Монгол­чуу­дын энэ эрхэмлэж ирсэн шинж чанар одоогийн ардчилалд нийцэхгүй мэт. Тэр чинь ерөө­сөө эрхтэй атлаа болгоомжтой, найртай атлаа хэрсүү байх чанар шүү дээ. Энэ чанарыг үл ойшоосноос болж өнөөдөр ерөөсөө л чанга хашгирсан, хэлэх хэлэх­гүй элдэв үг хэлж орилсон тийм хүмүүс л ард түмнийг хамгаа­лагч, мундаг юм шиг харагдаад байдаг. Ер нь өрнө зүгт анх энэ парле гэдэг чинь Францын ярих, их чалчих гэсэн үгнээс гаралтай эд шүү дээ. Өрнөдөд бол ярьж хаш­гирч, маргаж улс төрийг хий­дэг. Дорно дахинд, дорно дахины түшмэл ухаан гэдэг чинь маш их нягталж, боловс­руулж байж асуудлаа тавьдаг. Энэ хоёрын хооронд өнөөдөр их зөрчил үүсч байна. Өрнө­дөөр явах гэхээр бас их сонин, дорнынхныгоо хуучин хэвээр нь уламжлах гэхээр бас их эвгүй. Энэ дундаас нэг юм тогтох гээд л оролдоод байна л даа. Монголд олон намын систем тогтсон. Гэхдээ олон намын системийн хамгийн ашигтай хувилбар бол хоёр на­мын систем байдаг л даа. Яахав олон нам уралдаад тэргүүлэх хоёр нам гарч ирээд цаашаа явдаг ийм олон намын систе­мийн доторх хоёр намын сис­тем гэж байна. Улс төр судла­лын ойлголтоор. Тэгэ­хээр хоёр намын систем тогтох хандлага манайд хүчтэй болоод, ер нь тогтох янзтай болоод ирсэн. Гэтэл сүүлдээ энэ хоёр нам маань, хуучин МАХН буюу одоогийн  МАН, өнөөгийн Ард­чилсан нам хоёрын удирд­лага аль аль нь олон түмний дунд маш нэр хүндгүй болсон. Энэ юутай холбоотой вэ гэхээр санхүү­гийн олигархитай бүгд нэгдсэн. Санхүү, эдийн зас­гийн­хаа чиглэлээр ерөөсөө МАН, АН гэхгүй торлогдсон байгаа юм. Тийм учраас санхүү, эдийн засгийн асуудал дээр энэ хоёр нам нэгдчихдэг. Тэгээд наа­гуу­раа ард түмний төлөө явж байгаа мэт янз бүрийн дүр үзүүлдэг. Ийм л байдал бий болоод байсан л даа. Тэгээд яахав саяын сонгуулийн дүн харууллаа шүү дээ. Энэ хоёр намын аль алинд нь ард түмэн итгэл сайн өгсөнгүй. Хоёр том намын аль нэг нь давамгайлах боломж олгосонгүй л дээ.

-Өмнөх сонгуулиар МАН үнэмлэхүй ялсан. Тэгээд хамтарсан засаг байгуул­сан. Тэр процессыг та юу гэж хардаг вэ. Одоо харахад МАН элэг рүүгээ нэ­лээн сайн тийрүүлээд л явж байх шиг харагдах юм.

-Үнэндээ бол энэ цөөхөн, гурван сая хүрэхгүй ард түмэнд аль болохоор нэгдэх үйл ажиллагаа хэрэгтэй. 

Түрүүчийн хамтарсан засгийн үед шийдэхгүй байсан олон  асуудлыг хурдасгасан, гацаанаас гаргасан сайн тал бий л дээ. Тэр үед сэтгүүлчид та нар сөрөг хүчингүй болчихлоо гэж их шүүмжилж байсан. Бусад хүчин гаднаас шүүмжилж байсан. Ард түмэн шүүмжилж байсан. Би бол тодорхой тактикийн хувьд энэ хоёр нам нэгдэж ажилласан үйл явц буруугүй байсан гэж бодож байгаа. Гэхдээ сүүлдээ МАН нэрээ сольж, түүнийгээ дагасан тодорхой хүндрэл  амсаад ирэх үед нь нөгөө хүчин нь дахиад улс төр хийж эхэлсэн. Ардчилсан нам ханилж яваад нөгөө хүчнээ тодорхой бэрх­шээл амсаад эхлэнгүүт эндээс том ялалт байгуулна гэж тооцоод сон­гуульд итгэл дүүрэн орсон. Хаяж га­раад л, тийм үү. Гэтэл бас том ялалтаа ч байгуулж чадсангүй. Ардчилсан намын нэг жудаггүй нь энэ ялал­т дээр МАН-ыг улс төрийн тавцангаас ерөөсөө арччихъя гэсэн бодлого явуулаад байгаа нь. Энэ бол  яаж ч харсан жудаггүй хэрэг л дээ. МАН-аас салсан МАХН-тай эвсэл бай­гуулж ч байх шиг. Энэ чинь Мон­голын ард түмний эрх ашгийн үүднээс тооцох юм бол байх боломжгүй үйл явц шүү дээ. Тэгээд л Ерөнхий­лөгч асан Н.Энхбаярыг дагасан янз бүрийн яриаг цаагуур нь дэвэргээд л,  тэгсэн мөртлөө Н.Энхбаярыг ерөн­хийдөө яллах тал руугаа өөрсдөө шийд­вэр гаргаад л. Бас дахин цаа­гуураа МАХН гэсэн хэсэг хү­нийг улам дэвэргээд ингээд явж байна л даа. Нөгөө л миний хэлдэг улс төрийн жудаг, улс төрийн совесть гэдэг юм энд харагдаж байна. Ц.Дамдинсүрэн гуайгаас манай доктор С.Галсан багш “Совесть гэдэг үгийг яаж орчуулах юм бэ, Дамдин­сүрэн багш аа” гэж асуусан гэдэг. Тэг­сэн чинь цаадах нь жаахан харж байгаад монголчуудад совесть гэж байхгүй юм чинь тэрийг орчуулж яах юм” гэчихээд яваад өгсөн гэдэг. Үүнийг би яагаад татаж авчирч дурсч байна вэ гэхээр одоо энэ Д.Арвин гишүүний явдал, тэгээд л энэ Ардчил­сан намын хийж байгаа явдлууд  яг л энэ үгийг өөрийн эрхүй санаг­дуулаад байна л даа. Жудаг гэдэг ойл­голт бидэнд маш чухал байна. Намуудын төр барьж байгаа үйл явцыг харахаар хамгийн шүүмжлэх зүйл бол ерөөсөө төрийн бодлогын залгамж чанарыг үгүйсгэдэг нь байна. Энэ чинь явж явж үндэсний эрх ашгийг үгүйс­гэчихэж байгаа юм. Зөвхөн намынхаа эрх ашгийг тэргүүндээ тавиад бай­хаар үндэсний эрх ашигт хохирол уч­раад байгаа юм. 

Нэг нь үнэхээр сайн юм хийж байс­­наа тэгсхийгээд л хаячихаж байгаа шүү дээ. Зарим нь бол одоо  жинхэнэ хэрэгтэй юмыг сүйд болтлоо ярихгүй байна. Жишээ нь, Баабар бол Мянганы зам мянгуужин гээд л бичээд байсан. Гэтэл ямар том үр дүн гарав. Одоо тэр Мянганы зам энэ тэрийн тухай цааш нь үргэлжлүү­лэх нь үү, үгүй юу. Нэг их онц юм ам­наас нь гарахгүй л байгаад байна. Ц.Элбэгдорж Ерөнхий сайд байхдаа Ногоон хэрэм билүү хүрэм билүү тийм хөтөлбөр боловсруулаад түүгээрээ нэлээн шуугиулж эхэлсэн. Сайхан хөтөлбөр байсан. Гэтэл дараагийн МАН гараад тэрийг нэг их тоохгүй явчихаж байх жишээтэй. Монголын үндэсний эрх ашгийн төлөө хийж байгаа бие биенийхээ хамгийн сайхан ажлыг дараагийн эрх баригч хүчин аваад явдаггүй, булаад л хаячихдаг. Энэ бол аймшигтай хэрэг. Ер нь үндэс­ний эрх ашгийг намын эрх ашигтай хутгаад байх юм бол ерөөсөө явахгүй. Монгол чинь цөөхөн хүнтэй. Жишээ нь хүний нөөцийг ашиглах асуудал бол төрийн албанд хамгийн чухал. Тэгтэл бүгдийг нь түдгэлзүүлээд л, хуучин тэр намын зүгтэй хүн гэж хэлээд л албанаас нь халаад  өөр хүн тавиад байна. Бид харж байна л даа. Үнэхээр бас халууштай улс бий л дээ. МАН-ын хуучин олон жил архагшчихсан, юу ч хийдэггүй, дарх­лагдсан нөхдүүд бий. “Эрхэшсэн да­дал ухааныхаа зөвийг бид төрүүлдэг” гэж айхтар үг байна шүү дээ, мон­голчуудад. Тэрэн шиг маш муухай дадалтай. Мөнгө төгрөг хэрэгтэй, Оюутолгой, Таван толгойг ашиглах хэрэг­тэй. Гэхдээ ашиглаад хэрвээ мөнгө оллоо ч гэсэн хэд хэдэн муухай дутаг­дал байна. Муухай монгол хүний шинж гэж би тэрийг хэлнэ.  Нэгдүгээрт, ерөө­сөө цаг ашигладаггүй. Одоогийн за­луучууд шөнө хий дэмий тэнэж тэнэ­чихээд л маргааш нь ажилдаа оч­доггүй.  Хагас бүтэн сайн өдрөөр 11-12 цаг хүр­тэл унтаж байна шүү дээ. Ерөөсөө цаг ашигладаггүй. “Адуу мэт орой унтаж, шувуу мэт эрт жиргэж бай” гэдэг чинь айхтар үг шүү дээ. Хөдөлмөрийн баатар С.Очир гуай “Нойрыг унтаж бардаггүй сэрж бардаг юм гэж дандаа захидаг байсан. Биднийг дунд сургуульд байхад уулзалт хийгээд. Эцсийн эцэст залхууралд автаж байна. Залхуурлын шагнал бол ядуурал шүү дээ. Хоёрдугаарт, монгол хүн өөрөөсөө буруу хайдаггүй. Дан бус­дад буруугаа чихэж байдаг. Энэ шинж нь маш хэцүү. Зүгээр сонирхуу­лаад хэлэхэд төв талбай руу зам наашаа нэгдүгээр зам руу эргэдэг байхад миний сууж явсан нэг таксины жолооч хоёрдугаар замаар эргээд торгуулж байсан л даа. Дараа нь нэг залуугийн таксинд суугаад явж байсан. Нөгөө залуу хоёрдугаар замаар эргэх гээд “Хөөе, чи болохгүй торгуулдаг юм бай­на лээ” гэсэн. “Гайгүй байлгүй, танд ямар хамаа байна” гээд ганцхан эргэсэн. Тас буугаад торгуулсан. Буцаж ирэхдээ “Та муу ёрлоод торгуулчихлаа” гэсэн. Ингэж л монголчууд дан бусад руу буруугаа чихдэг. Гуравдугаарт, монгол хүн чинь өөрөө өөрийнхөө  дошин дээр тошийчихоод бусдын юмыг явуул­даггүй шүү дээ. Үүдний жижүүрийн дургүйг нь хүргэсэн бол  “Дорж байна уу гэхэд   байсан байгаагүй гээд явуулчих жишээний. Нэг түшмэл дээр орлоо. Ерөөсөө нэг жижиг цаас өгчих байтал өнөөдөр ажилтай, маргааш 2 цагаас гээд явуулдаг. Ингээд л бие биенээ уяад байдаг. Ялангуяа янз бү­рийн зөвшөөрөл өгдөг албан тушаалт­нууд дан хүний гар хараад сурчихсан. Ийм дадалтай улсыг үнэхээр халах хэрэгтэй. Харамсал­тай нь, тэрний оронд ирээд сууж байгаа нь нөгөөдөхөө улам чанга үргэлжлүүлдэг сэтгэлгээтэй байдаг зовлонтой чанарууд байна. Энэ муухай чана­руудыг даван туулж байж л  Монгол Улс хөгжинө. Дөрөв дэхь нэг юм гэвэл ахмад үеийн залгамж халааны асуудал. Нэг үе жараас дээш насны хүн бол хүн биш маягтай байсан. Да­раа нь тавиад насны, одоо бүр дөчөөд насанд нь л ажилд авахгүй хөгширсөн гээд хөөдөг болж. Ингээд байвал Мон­гол Улс яаж хөгжих вэ дээ. 

ӨӨРСДИЙНХӨӨ ТӨРСӨН ӨДРИЙГ Ч САЙН МЭДЭХГҮЙ БАЙЖ
ЕСӨН ЗУУНЫ ТЭРТЭЭХЬ ЧИНГИС ХААНЫ ТӨРСӨН ӨДРИЙГ ОН САРААР НЬ ТОГТООНО ГЭЖ ЮУ БАЙДАГ ЮМ

-Манайхан эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ой гээд нэлээд их юм боллоо. Төдий­лөн сүртэй ой тойнд үлдсэн юм бага байна. Гэхдээ сая Чингис хааны төрсөн өдөр гэж тэм­дэглэлээ. Энийг бүр сонирхож таниас асууж лавлая гэж бодож байлаа. Үнэхээр ингэж тодор­хой­лох бололцоотой юм уу. Саяны тэмдэглэчихсэн маань үнэхээр ямар өдөр юм бэ?
-За, энэ бол хэцүү асуудал. Бүр Чингис хааны төрсөн он дээр хүртэл эрдэмтэд маргадаг. 1155 он гэж нэг хэсэг эрдэмтэд ярьдаг, 1162 он гэж ярьдаг. 1162 оныг илүү бодитой гээд манай мэргэн сайд Г.Амар гуай бол энэ 1162 оныг тогтоосон. Олонхи нь тэ­рэн дээрээ тогтдог. Төрсөн өдрийг дундад зууны үеийн янз бүрийн эх сурвалжуудад янз бүрээр бичсэн. Нэг хэсэг нь өвлийн эхэн сард гэсэн. Нэг хэсэг нь хавар, зуны эхэн сард төрсөн гээд янз бүрээр бичсэн. Тэгээд 1962 онд МАХН-ын Төв хорооны улс төрийн товчоо Чингис хааны 800 жи­лийн ойг тэмдэглэх тогтоол гаргасан. Түүхийн хүрээлэнгийн оруулсан саналыг үндэслээд 1962 оны зургадугаар сарын 10-нд тэмдэглэсүгэй гээд тог­тоол гаргасан. Гэтэл хүмүүс янз бү­рийн хэл ам гаргасан. Энэ биш гээд. 

-Гэнэтхэн Чингис хаан гэж ярихгүй явж байгаад Төв хорооны тогтоол гараад баахан юм хийсэн юм байна лээ. Марк хэвлүүлээд л, хөшөө бариад л . Тэр яг юунаас үүдээд өрнөсөн ажил вэ. Урьд нь бол хүрч чадахгүй л яваад байсан биз  дээ? 
-Ерөөсөө л ард түмний сэтгэлд Чингис хаан хадаастай байсан шүү дээ. Намын төв хорооны үзэл суртлын хэлтсийн эрхлэгч Ж.Цэдэнжав гээд хүн байсан. Тэр хүн л анх академич Ш.Нацагдорж багштай уулзаж, танайх ер нь Төв хороонд Эзэн Чингис хааны ойг тэмдэглэх санал оруул гэ­сэн юм билээ. Тэр дагуу санал оруул­сан. Тэгээд тэрийг Д.Төмөр-Очир гуай анх маш хүчтэй дэмжсэн. Тэгээд  үүнийг Ю.Цэдэнбал гуай эд нар ч тухайн үедээ ерөнхийдөө зөвшөөрөөд тогтоол гаргачихсан.

-Та 90-ээд оны эхээр архивынх нэлээн ховор баримт руу орсон юм байна лээ. Би таны бичсэн нэг номыг уншсан юм. Ю.Цэ­дэнбал гуай бол тэр хүмүүсийг хориглоогүй, жаа­хан бол­гоомжтой л дэмжсэн юм билээ. Гэхдээ Д.Төмөр-Очир гуай шиг хүчтэй биш, зүгээр дэмжсэн маяг л үзүүлж байж гэж ойл­госон.
-Тийм. Ю.Цэдэнбал гуай ерөнхий­дөө зарчмыг нь зөвшөөрөөд л явсан. Урьд нь бол Ю.Цэдэнбал гуай Чингис хааны тухай маш хатуу үг хэлж байсан хүн шүү дээ. 

-Тэр чинь хэдэн онд билээ?
-1949 онд сургуулиудад түүх, утга зохиол зааж байх тухай Намын төв хорооны тогтоол гаргах энэ асуудлаар шалгалт хийхдээ Намын төв хороонд бичсэн захидалдаа “Чингис хаан бол одоогийн Гитлер шиг л хүн” гэж бичиж байсан. Тэрнээсээ болоод ерөнхийдөө тийм таатай биш байсан байх. Гэхдээ л эрх биш  монгол хүн юм байна Ю.Цэ­дэнбал гуай мэдээж Чингис хааныг юу юугүй  тэгж  үгүйсгэх билээ. Тэр үеийн үзэл суртал нь барина, бас залуу байсан болоод л тэгсэн байх. Нэг их хүчилсэн юмгүй мөртлөө сүүлд хориглоогүй л явчихсан байдаг. Тэгээд зургадугаар сарын 10-нд гээд л тогтоол гаргачихсан. Бүр төв хо­роо­ноос бүр тусдаа он, цагийг тогтоох тухай түүхчид, одон орончид, Гандантэг­чинлэн хийдийн хамба лам Гомбожав гуай эд нар тэр багт орсон. Тэр үед чинь Монголын их зурхайчдын шавхруу нь байсан шүү дээ. Тэд нар ороод монгол, хятад, төвд хэл дээр байгаа сурвалжуудыг ашиглаад дахин дахин зурж үзээд их хааны мэндэлсэн өдрийг тавдугаар сарын 31 гэж тогтоо­сон. Тэгээд тавдугаар сарын 31-нээр энэ ойг тэмдэглээд, эрдэм шинжил­гээний хурал хийгээд, тэрнээс хойш түүх, утга зохиолд тавдугаар  сарын 31-нд төрсөн гээд л яваад байсан. 

-Марк гаргаад, хөшөө бариад.
-Тийм. Дэлүүн Болдогт хөшөө барьсан. 

-Тэр маркийг та зах зухыг нь үзэж байсан уу?

-Байсан л даа.

-Тэгсхийгээд дорхноо устсан юм биш үү?
-Их олон марк байсан шүү дээ. Цуврал. Хэдэн ширхэг хийлээ. Тэр­нээс ерөөсөө 25 мянга нь л борлогдсон байгаа юм. Хоёр сая 500 мянган ширхэг хийсэн санах юм. Тэгээд 25 мян­га борлогдоод л ерөөсөө хаа­чихсан шүү дээ. Тэр чинь дэлхийд үнэ­­хээр ховор марк гээд сүүлдээ маш их үнэд орсон. 

-Тэгж анх хөшөө барих, марк гаргахдаа зураг хөрөг шалга­руулсан юм билээ. Бидний цаг төр нээлттэй болсноос хойш Чингис хаан гэж хардаг болсон хөргийг хятад зураач зурсан гэх мэтээр янз бүрийн юм ярьдаг. Тэр битгий хэл манай Төрийн ордны урдах хөшөөний төр­хийг ч гэсэн зарим хүн таа­шаадаггүй. Тэгэхээр тэр үед эзэн хааны дүр төрхийг яаж гаргаж байсан юм бол?

-Тэр өөрийн чинь ярьж байгаа зураг л байсан. Одоо тэр Тайваньд эх нь хадгалагдаж байгаа зураг. Чингис хааныг тэнгэрт хальсанаас хойш хамгийн ойрхон хугацаанд зурсан зураг. Тэрнээс гадна манай зураачид ч бас зурсан.  

-Мэдээж манай зураачид тэр зурагнаас л санаа авна биз дээ?

-Тийм. Гэхдээ арай монголжуу төрхтэй зурсан байсан л даа. 2 сая 500 мянган марк хэвлэсэн. Дээр нь нэг дугтуй хэвлэсэн. Чингисийн зурагтай. Үндсэндээ тэр Тайваний музейд хадгалагдаж байгаа зургийг л үндэс болгосон юм. Бидийг тэр зургийг үзэх гэж ороход “Та нар Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбатын дараа эх зургийг нь үзсэн хоёр дахь хүмүүс болж байна” гэж Тайваний тал тайлбарлаж байсан. 

-Одоо ч гэсэн Тайваньдаа бай­гаа юу?
-Тийм. Тэндээ л байгаа.  

-Төд удалгүй нөгөө марк, хөшөө бүгдийг бужигнуулаад яв­чихсан?

-Тийм, тийм. 1966 онд, 1980 онд хоёр удаа хөшөөг буулгах үүргийг Ю.Цэдэнбал дарга өгч байсан. Гэвч монгол хүнд Эзэн Чингисийнхээ хөшөөг буулгая гэсэн сэтгэл ерөөсөө байхгүй. Янз бүрийн арга зохиосоор байгаад тэр хадны зургийн хөшөөг авч үлдсэн. Дэлүүн Болдог дээрх том хадны зураг. 

-Тэгээд сая тэмдэглэсэн төрсөн өдөр маань юу болж таарч байна вэ?
-Юмыг шинээр сэтгэнэ, түүхэн үнэнийг сэргээнэ гэхээр янз бүрийн хүмүүс, түүх мэдэх, мэдэхгүй долоон шидийн улсууд янз бүрийн санал гаргаж ирэх юм байна шүү дээ. Төрсөн өдөртэй холбоотой асуудлаар ярьсан нэг удаагийн хурал дээр би  “Та нар чинь   өөрсдийнхөө  төрсөн  өдрийг  сайн мэдэхгүй байж аль есөн зууны тэртээх Чингис хааны төрсөн өдрийг он, сараар нь тогтооно гэж юу байдаг юм бэ. Нэгэнт л хуучин эрдэмтэд эх сурвалжаар нь үндэслэж тогтсон. Тэрүүгээр нь явбал яасан юм бэ” гэж хэлсэн. Тэгээд хурал хуй нь  тарж байсан явдал бий. Тэгсэн янз бүрийн хүмүүс Ерөнхийлөгч рүү бичсээр байгаад л  арваннэгдүгээр сарын дундуур төрсөн болгоод, тэрийг нь Ерөнхийлөгч дэмжээд явчихсан. 

-Энэ шийдвэрийг гаргахад буурьтай түүхчид оролцсон юм уу. Голдуу бөө гэх мэт сайн дурынхан оролцсон гэх юм. 
-Оролцсон юм шиг байна лээ. Зарим нэг академич ч оролцсон бололтой байна лээ. Харин төрийн ордны үүдний хөшөөний баруун зүүн талд нь Хубилай хааныг байлгах уу гэж тэр Их Монгол Улс байгуулагдсаны 850 жилийн ойн комисс надаас асууж байсан. Хубилай хаан чинь Монголын нэрийг дэлхий дахинд хоёр дахь удаагаа мөнхөлсөн асар том хүн шүү дээ. Тийм учраас байлгах ёстой гэсэн. Тэгээд баруун гарт нь Өгөдэй, зүүн гарт нь Хубилай байдаг. Арван­нэгдүгээр сарын 14-нийг Үндэсний бахархлын өдөр гэж хэлэхээс яг Чингис хааны төрсөн өдөр гэж хэлэхэд хэцүү л болчихоод байгаа юм. Зарим нь хэсэг нь арванхоёрдугаар сарын 22-нд ч төрсөн гэж байх шиг элдэв юм яриад л байх юм. Яаж ч судлаад  яг тэрнийх зөв гэж тогтооход маш бэрх шүү дээ. Тийм учраас нэгэнт төр тогтоочих юм бол тэрийгээ бариад л цааш  явахаас өөр аргагүй. 

-Чингисийн нэрийг эргэж сэргээх, алдар сууг  эх оронд нь мөнхлөх давалгааг Д.Төмөр-Очир гуай оройлон зүтгэсэн. Тэр үеэр Д.Пүрэвдорж гуай Чингис шүлгээ бичсэн. Гэхдээ тэр шүлгийг чинь Ю.Цэдэнбал гуай гэхээсээ илүү Ширэндэв гуай жаахан таашаагаагүй юм биш үү?
-Яахав, Ширэндэв гуай бол зарим нэг юман дээр нь шүүмжилж байсан. Ч.Чимэд гуай ч шүүмжилж байсан. Гэхдээ тэд ярьж байгаад радиогоор нэвтрүүлье гэсэн л дээ. Тэгээд тэр удаа нэг нэвтрүүлсэн шиг байгаа юм шүү. Шүлэг нь ч анх Буриадын Байкал сэтгүүлд гарсан. 

-Д.Төмөр-Очир гуай энэ хэргээр илүү их хэлмэгдсэн биз дээ?
-Тийм. Энэ явдал том хүчин зүйл байсан. Ер нь юмыг жаахан хатуу ширүүн хэлчихдэг байсан нь хүмүүсийг өөрөөсөө холдуулах тийм байдалд хүргэсэн л дээ. 

-Та Өвөрмонголд байдаг Чингисийн онгон дээр очиж байсан уу?

-Би хоёр, гурван ч удаа очсон.

-Тэнд очиход ямар мэдрэмж төрж байх юм?

-Тэр хүмүүс онгоноо хамгаалж  бүр дээр үеэсээ явсан. Бас нэг сэтгэгдэл төрнө шүү. Сүүлийн үед улам их гоё болгож. Энэ маань яг жинхэнэ онгон нь биш шүү дээ. 

-Монгол туургатны ул мөр хаана л байна тэнд овоо бунхан босгоод байвал биднээс улам л алсарна биз дээ?
-Гэхдээ шарилыг нь авч явсан тэрэг тэнд нэг эвдэрч барьсан гэдэг. Тэрүүгээр нь л бэлгэдэж анх босгосон эд шүү дээ. 

-Манайд одоо Чингис хааны онгоныг хайх үйл ажиллагаа ил, далд явж  байдаг юм уу, бүр зогсчихсон байдаг юм уу?
-Зөндөө, гадна дотны янз бүрийн улс ийм юм ярьж байна шүү дээ. Тэгээд л энд байна, тэнд байна гээд л ерөөсөө Хятадад ч, Монголд ч цуураад. Янз бүрийн юм их ярьж байна. Бурхан Халдун ууланд байгааг хиймэл дагуулын зургаар харсан. Тэнд байна ч гэх шиг янз бүрийн юмыг хүмүүс гаргаж ирж  байна. Гэсэн ч яг тэнд байна гэдгийг тогтоож чадаагүй. Дэлхийн баян хүмүүсийн анхаарлыг татаж, мөнгө олж хайгуул хийх гэсэн эрдэмтэн, судлаачдын оролдлого нилээн байдаг  шиг байгаа юм. Тэдгээр оролдлого дотроос 90-ээд онд Японтой хийсэн экспедиз бол маш их ажилласан л даа. Гэхдээ тогтоож чадаагүй. Энэ ёстой нууцын нууц төрийн бодлого байсан юм шиг байгаа юм. Монголын хаадын оршуулгын асуудал. Монголын 37 хаан суусан гэж ярьдаг шүү дээ. Тэр 37 хааны нэг ч шарил онгоныг олоогүй шүү дээ. 

-Нэгийг нь ч олж чаддаггүй нь үнэхээр сонин юм шүү. 
-Тийм. Ерөөсөө олоогүй. Тэгэхээр энэ бол төрийн маш нарийн бодлого байсан шиг байгаа юм. Тийм учраас олдохгүй  байгаа юм. Чингис хааны 800 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал дээр Хөдөөгийн Пэрлэй багш хэлсэн байдаг юм л даа. Ерөөсөө ардын аман зохиолын мөрөөр мөшгиж тодорхойлохгүй бол ямар ч сурвалжид байхгүй байна гэж. Биднийг оюутан байхад Пэрлэй багш  Чингисийн онгоныг олох болов уу гэхээр хачин үг хэлдэг байсан. “Одоо болоогүй, одоо гаргах юм бол үзвэл үнс, харвал хальс болчихно” гэж. Дандаа тийм үг хэлдэг байсан. Тухайн үед нь бид  инээгээд л өнгөрч байсан. Сүүлд бодоход нэлээн шинжлэх ухаан, технологи хөгжсөн үед олох ёстой. Яагаад гэвэл олон жил дарагдсан юм чинь сайн бэхжүүлж барихгүй бол ёстой л үзвэл үнс, харвал хальс л болчих байх. Тэрийг бодож хэлж байсан үг юм билээ. Одоо эрэл, хайгуул бол явж л байна. Гэхдээ нэг их амжилт олохгүй байна. Хамгийн том язгууртны булш Сүхбаатар аймгийн Онгон сумаас олдсон. Тэгэхэд хатны алтан титэм, бөгж, алтадсан эмээл энэ тэр олдсон. МУИС-ын сан хөмрөгт одоо хадгалж байгаа. Тэгэхээр аажим аажмаар дөхөж байна л гэсэн үг.

-Манайхаас мундаг мундаг олдворууд илэрдэг. Гэвч түрүүчээсээ алдагдаад, хэрүүл заргатай л байх юм. Бүгдийг нь нэгтгэсэн, хамгаалж хадгалах төрийн бодлого гэж байдаг юм уу?
-Их олон жил ярьж байна. Том музей байгуулбал асар том музей байгуулна. Яагаад гэвэл Шинжлэх ухааны академийн археологийн хүрээлэнд баахан үнэтэй олдворыг өнөөдөр хийх газар байхгүй подвальд эсвэл контейнерт л байж байдаг.   Гэтэл тэрийг чинь бүгдийг нь цуг­луулаад нэг музей байгуулбал хичнээн сайхан. Энийг яриад л байдаг. Гэвч ямар ч Засгийн газар хэрэг­жүүлдэггүй. Олдворуудаараа дэлхийн түүхчдийн анхаарлыг татах маш ховор сайхан музей байгуулж болно шүү дээ.

ЧИНГИС НЭРТЭЙ БРЭНД АРХИА ХААХ НЬ БИДЭНД ЯМАР АШИГТАЙ ЮМ БОЛ

 -Чингис гэдэг нэрийг тойрсон бас нэг бөөн юм боллоо. Бүгдийг нь хурааж, төр өмчилнө гэнэ. Чингис гэдэг нэр, энэ алдар суу чинь Монгол орон­доо л баялаг болж байх ёстой биш юм уу. Чингис гэдэг нэртэй бүтээгдэхүүнийг бид үйлдвэр­лэх эрхгүй юм бол хэн эрхтэй байх вэ. Та юу гэж бодож байна?
-Монголчууд чинь туйлшрахаараа хэцүү улс шүү дээ. Ахиад л энэ удаа туйлширч байна. Маш өнгөцхөн харж байна. Жишээ нь, Чингис гэсэн нэртэй архины шил хогон дээр хэвтэж байна гэх маягаар ийм өнгөцхөн юм л хараад байгаа юм. Гэтэл энэ бол ганцхан архины шилний асуудал биш шүү дээ. Чингис хааны зураг, ном  сэтгүүл зөн­дөө л гарч байгаа шүү дээ. Мөн ялгаа­гүй л хогон дээр хэвтэж байгаа. Тэрийг хаах нэрийдлээр  Чингисийн зураг хөргийг ерөөсөө л хэвлэж болохгүй гэсэн туйлшрал явуулж байгаа хэрэг. Тэрнээс гадна Чингис нэртэй брэнд архийг бид дэлхийн зах зээлд гаргасан нь маш чухал амжилт шүү дээ.  

-Дэлхийд суут хүмүүсийн нэрээр нэрлэсэн архи зөндөө байдаг биз дээ?
-Зөндөө. Бүр брэнд болчихсон. Монголд  брэнд болж байгаа цөөхөн  бүтээгдэхүүн байна шүү дээ. Ноолууран эдлэл л байна. Өөр юм байхгүй л яваад байлаа. Явж явж  Чин­гис архи олон улсад брэнд бол­сон. Энийгээ эрээд ийм туйлширсан  давалгаанаар үгүй хийчих юм шиг юм яриад байна. Энэ одоо юу гэсэн үг вэ. Чингисийн нэрийг хамгаалж байгаа хэрэг юм уу. Чингисийн нэрийг ингэж хамгаалахгүй л дээ. Оюун санаандаа өөрчлөлт хийж л хамгаална.  Энэ талаар бол илүү өргөн юм ярьж болно. Чингис гэсэн нэртэй монгол брэндээ устгах бидэнд ямар ч ашиггүй. Хэнд ч хэрэггүй, тэр дундаа Монголд ашиггүй энэ мэт элдэв асуудлыг ямар зорил­гоор гаргаж тавиад байдгийг ойлгохгүй юм. Яг ингээд хөөрцөглөөд явбал олон улсын худалдааны янз бүрийн хууль тогтоомжийг ч  хөндөх асуудал гарч ирэх байх. 

-Дэлхийн зах зээл дээр бас нэг хошин явдлаараа яригдах нь л дээ.  
-Чингис гэсэн нэртэй юмаа Монголд үйлдвэрлэхгүй мөртлөө бүр гаднаас оруулж ирнэ ч гэх шиг. Ийм хачин юм байж болохгүй шүү дээ. 

-Чингис гэдэг нэрийн патент Тайвань хүн дээр байсан юм байна лээ. Та энэ тухай сонссон уу?

-Сонссон. 

-Миний авсан мэдээллээр тэрнийг манай монголчууд хөөцөлдөж байж их өндөр үнээр худалдаж авсан юм билээ. Тайвань хүний нэр дээр байсан бол манайх энд хичнээн дөвчигнөөд нэмэргүй болно биз дээ?
-Ер нь бол нэмэргүй л дээ. Монгол болъё л доо. Чингисийг үйлдвэрлэхээ болъё. Өмнөд хөрш гэж дэлхийг тэр чигээр нь бүтээгдэхүүнээрээ эзэлсэн улс байна шүү дээ. Тэд шүүрээд л авна биз.  

-Дотооддоо хориглочихвол дор нь гаднын юм болоод, гадны нэр нүүр болоод, гадны бизнес болоод л явчихна шүү дээ. 
-Тийм шүү дээ. Чингис нэрээ ашиглах юман дээрээ ашиглаж сурах хэрэгтэй шүү дээ. Хог дээр хэвтлээ л гээд байх юм. Хамгийн гол нь өөрийгөө Чингисийн үр сад гэдэгт хүндэтгэлтэй хандах тухай л бодлого хий л дээ. Монгол хүн өөрийнхөө үнэ цэнэд хүндэтгэлтэй ханддаг болоод эхлэхэд л энэ бүх юм алга болно шүү дээ. 

-Дотоодынхоо бизнесээр оролдох гэж яваад дэлхийн зах зээлд гарч байгаа ганц нэг брэндээ үгүй хийчихгүй байгаасай.
-Архийг бид муулж л байна. Бүр Кидан Монгол гаралтай хүмүүс толгойлж байсан Кидан улсад л архи, тамхины хууль гараад, архи нэрсэн хүнийг цаазалж байсан. Дэлхий дахинд зөндөө л тийм юм болсон шүү дээ. Гэхдээ архи  бол идээний дээж гэдэг ойлголтыг хүн төрөлхтөн устгаж чадсангүй өнөөг хүрлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч сүүтэй хундага өргөе л гэж байгаа. Би тэрийг буруу гэхгүй л дээ. Гэхдээ хүн төрөлхтөн тэр чигээрээ идээний дээж гээд аваад үлдчихсэн ийм соёлыг наанатай, цаанатай харах хэрэгтэй л дээ. Хүнээ л боловсруул. Тэр идээнээс болж бүх гай түйтгэр үүснэ гэж байхгүй шүү дээ. Тиймээс энэ асуудал дээр төрийн түшээд их ухаалаг хандаасай. Популизм битгий хийгээсэй. 

-Энэ төрлийн бизнесгүй хэсэг нь лобби хийгээд нэг хэсгийгээ шахаж байгаа юм шиг байна. Үргэлж л дотоодын дажин өрнөж байх юм даа. 

-Засгийн газар патентыг нь авлаа гэхэд маш ухаалаг хандахгүй бол болохгүй. 

-Бид хүүхдэдээ Чингис гэж нэр өгч болохгүй гэл үү?
-Хүний эрхийн асуудал шүү дээ. Олон муу үр дагавар гарна. Тийм учраас маш ухаалаг хандахгүй бол болохгүй. Хамгийн эхлээд гаднын зах зээл их ашиглана даа.

Dec 10, 2012

Гадаадад суралцах нь

Гадаадад суралцах залуусын тоо жилээс жилд өсөж байгаа. Энэ тоо мэдээж сүүлийн 20 жил буурсан үзүүлэлт байхгүй. Өөрөөр хэлбэл Монгол дахь их сургуулиудын чансаа гадаадын их сургуулиудын дундажтай дүйж очих болоогүй байна гэсэн үг. МУИС, ШУТИС, ХАИС зэрэг их сургуулиудыг дэлхийнд дундажд хүрсэн гэж хэлж болох ч, байгалийн ухааны тал дээр тун тааруу үнэлгээ авах байх. Цэвэр онолын ангиас бусад инженер, туршилт судалгаатай холбоотой салбаруудад тоног төхөөрөмж, бодис материал тун дутмаг. МУИС-ын МТС, МКС зэрэг сургуулиудыг эс тооцвол манай орны нэрийг гаргаж буй залуу эрдэмтэд бас л ховор байна. Эдгээр сургуулиуд нь Математикаар өөрөөр хэлбэл онолын судалгаагаар амжилт үзээлж буй. Эндээс гарах дүгнэлт бол тун ойлгомжтой. Монгол хүнд оюуны боломж буй ч материаллаг боломж хомс хэвээр байгааг илэрхийлнэ.

Иймээс гадаадад материаллаг хангамж сайн газар мэдлэг, боловсрол эзэмшихийг залуус хүсэх нь тодорхой. Тэгвэл нийгмийн ухааны салбар маань хаана явна вэ? Хуулийг бид дотооддоо нилээд өндөр хувьтай бэлдэж байгаа. МУИС-ын Хуул зүйн сургууль, хувийн нэр бүхий хэдэн дээд сургуулиуд бий. Гэхдээ ажлийн байр нь дээр маргаан байхгүй, захиралууд улсын сургуулийн оюутныг нь гэж хэлдэг. Үүнтэй хэн ч маргахгүй. Эдийн засгийн салбарын хувьд МУИС-ын Эдийн засгийн их сургууль, СЭЗДС хоёр бол тэргүүн байруудад орно. Бэлдсэн боловсон хүчнүүд нь, яам, банк, хувийн болон улсын компаниудад очдог. Харин гадаадын компаниудад шууд ажилд орох боломжгүй, өөрөөр хэлбэл хүлээн зөвшөөрдөггүй. 

Харин дотоодын их сургуулиа төгсөөд гадагш мастерд яваад төгсмөгцөө гадны нэр хүндтэй компаниудад ажилд орж чаддаг. Энэ нь Монголд өгч буй боловсрол тийм ч муу бишийг илтгэж байна. Мөн Монголын их сургуулиудын багш нар бүгд нэгэн дуугаар оюутнуудаа гадагш гарж, нэмж суралцахыг зөвлөдөг. Мэдээж гайгүй гэсэн оюутнуудаа улам мэдлэгтэй, чадалтай мэргэжилтэн болгохыг хүсэх нь тодорхой. Харин хэзээ гадагшаа суралцахаар явах нь зөв бэ? Эцэг эхчүүдийн хувьд энэ бол шийдэхэд бэрх асуудлуудын нэг. Мөн төлбөр, тэтгэлгэ, тухайн орны бараа бүтээгдэхүүний үнээс хамаараад мөнгө санхүүгийн асуудал босож ирнэ. Хэрхэн зөв шийдэх вэ?

Миний хувьд 6 жил гадны оронд суралцаж байгаа болхоор өөрийн туршлага дээрээ үндэслээд хэдэн санаа оноогоо бичлээ. Бичихдээ эцэг эхийн тал, мөн гадагшаа суралцахаар сонирхож буй тухайн хүний талаас гээд бичье гэж бодож байна. Харин дотор нь ялгаж бичих нь төвөгтэй тул нэг өгүүлбэрт аль болох багтаагаад явна.

1. Юуны өмнө эцэг эхчүүд маань хүү/охиноо хэр сайн хувь хүн талаас нь мэдэх вэ гэдэг чухал. Таны хүүхэд ахлах сургуулиа төгсмөгц гадаад оронд бие даана амьдарж чадахуу. Хоолоо өөрөө хийхээс гадна, хүмүүстээ өөрөө ганцаарчлан харьцаж, асуудал тулгархад бие даан зөв шийдвэр гаргах чадвар хэр вэ гэдэгт анхаарлаа төвлөрүүлэх чухал. 
Гадны оронд оюутан болохыг хүсэж буй хүний хувьд явахыг хүсэж буй орныхоо хэлийг хэр түвшинд эзэмшсэн гэдэг тун чухал. Тухайн орондоо очоод хэлний бэрхшээл байхгүй, өдөр тутмын амьдралд оролцож чадах, мөн сургуулийн амьдралд, хичээлийг тухайн орны хэл дээр ойлгох чадвар буюу мэргэжлийн гадаад хэлний түвшин чухал билээ.

2. Дотоодын их сургуульдаа амжилттай суралцаж чадахгүй байгаа, мөн ерөнхий боловсролын мэдлэг тань тийм өндөр биш байгаа бол гадны их сургуульд амжилттай суралцах, тэр дундаа тэтгэлэг авах боломж тун бага гэдгийг ойлгох хэрэгтэй. 

3. Мөнгө санхүүгийн асуудлаа яах вэ? Хэрвээ хувийн зардлаар суралцахаар шийдсэн, гэр бүлээс төлбөр, амьдрах зардлыг 100% гаргах бол асуудал байхгүй, зөвхөн суралцахдаа л анхаарахад хангаллтай биз. Мөн 100% тэтгэлэгт хөтөлбөрт хамаарагдсан (дотор нь сургалтын төлбөр + амьдрах зардал орсон толхиолдол.) бол санаа зовох зүйлгүй, бусад асуудлуудад анхаарлаа хандуулах. Харин хувийн зардлаар яваад өөрөө очоод ажиллангаа сурна гэсэн бодолтой байгаа бол тун сайтар судалж, тунгаах нь зөв. Энэ бол ихээхэн том риск өөр дээрээ авч байгаа хэрэг. Тэр тусмаа эмэгтэй хүүхдийн хувьд эцэг эх нь зөвшөөрөхгүй байж болох хүндэтгэх шалтгаан. Ямар ч оронд бүтэн цагаар ажиллаад, хажуугаар нь суралцахыг зөвшөөрөхгүй. Цагийн ажлаар төлбөрөө, дээр нь амьдрах зардал олно гэдэг нь бүтэх боломжгүй зүйл. Онц сураад тэтгэлэг аваад, цагын ажлаар амьдрах зардлааа олж болох ч, ажиллахын хажуугаар тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахуйц өндөр дүн авна гэдэг бэрх даваа гэдгийг ойлгох хэрэгтэй. Үүнд толгой сайн байх, авъяастай байх огт хамаагүй. Бодлогыг хэр хурдан боддог байхаас илүү нэг даалгаварт зарцуулах цаг ерөнхийдөө тогтмол байдаг. Ямар нэг эссе, репорт бичихэд уншиж судлах, мэдээллээ боловсруулах, үр дүн гаргах, бичих хэвлэх гэх мэт цаг ордгийг санах хэрэгтэй. Нэг даалгаварт хэр их цаг зарцуулна сайн дүн авах боломж тэр хирээр ихэсдэг. 

4. Тухайн орны соёл, зан заншил зэрэг нь суралцаж буй гадаад оюутанд нөлөө үзүүлнэ гэдгийг санах хэрэгтэй. Мэдээж үүнд хүйсний ялгаа ч гарж мэднэ. Хэдийгээр их сургуулийн багш ч эмэгтэй оюутнаа дорд үзэх, эс бөгөөс өөр нүдээр харах зэрэг сайтар судлаагүйгээс огт бодоогүй асуудалд орохоос болгоомжлох. Сурах гэж буй мэргэжлийн хүйсний харьцаа ч чухал. Механикаар сурахаар ирсэн охин ангидаа цор ганц эмэгтэй нь байх нь хүнээсээ шалтгаалах ч дийлэнх хувьд нь таатай байхгүй л боловуу. Мөн гадаадын оюутануудыг өөрийн орны соёл, зан заншилтай танилцуулахаар Home stay, Host family зэрэг арга хэмжээнүүд зохиогддог тул та хэрэгцээтэй мэдээллийг аль болох эх орондоо байхдаа мэдээд явсан нь дээр болвуу. 

5. Суралцах их сургуулиа зөв сонгох нь таны ирээдүйн 50%-аас илүү хувийг ч шийдэж мэднэ. Төлбөр чөлөөлтийн хувь, тэтгэлэг олдох боломжинд найдан сургууль сонгох нь тааруу их сургуульруу явах үүдийг нээдэг. Оюутан цөөтэй, гадны орны оюутнаар сургуулиа дүүргэж улсаас дэмжлэгийн санхүү авдаг их сургуулиуд бишгүй бий гэдгийг эцэг эх, хувь хүмүүс сайтар ойлгох хэрэгтэй. Эсвэл өөрийн байж болох чадамжаас хэт өндөр их сургуульд орж чирэгдэж үхэх аюул бас бий. Чадахгүй байна гээд боломжийн сургуульруу шилжихээс илүү, бүр сургуулиа хаях, улирах, бүр амиа хорлочих нөхдүүд бий тул сайтар анхаарах.

6. Соёлын шок буюу гэрээ санаж бэтгэрэх. Энэ бол гадаадад сурж буй бүх хүмүүст тохиолддог зүйл. Соёлын шок гэхээр өндөр хөгжилтэй оронд очоод, их хүн ам, өндөр хөгжлийн шоконд орох бус, ерөөсөө дасаагүй шинэ газар очсоноор тохиолддог зүйл гэдгийг санах хэрэгтэй. Гэрээ, ээж аав, аханд дүүсээ санах бол мэдээж байх зүйл бөгөөд хэрхэн энэ асуудлаа даван туулах, зөв зохицуулах нь хувь хүний хүмүүжил, биеэ даах чадамжаас болдог учир өөрөө өөртөө найдахаас өөр гарц үгүй байх. Тэгж байгаад болно, дасна биздээ гэх хайнга бодлоосоо хожим муу үр дагавраар дууссан тохиолдолууд байдаг тул САЙТАР АНХААРАХ. Сэтгэл мэдрэлд нь өөрчлөлт орсон, мөн өрөөндөө амиа хорлосон ч бий.

За ингэсгээд дуусгалааа. Бичээд байсан улам хар бараанруу яваад байх шинжтэй. Эцэст нь хэлэхэд сайтар судлах, гадагш сурахаар шийдсэн бол аль болох эрт байх тусмаа сайн бөгөөд, сэтгэл санаагаа бэлдэж, юу ч тохиолдсон даван туулна гэх зоригтой байвал амжилттай сурж, эх орныхоо хөгжилд баараггүй хувь нэмэр оруулах байх гэж би итгэдэг. Та ч тэгж боддог байх!    


Dec 6, 2012

Гэмт хэрэг бидний амьдралд

Монголд гэмт хэрэг ихсээд байх шиг... Гэмт хэргийн тухай мэдээ их цацагдаад байгаа болохоор тэр үү, мөн би өөрөө саяхнаас энэ бүхэнд урьд урьдаас илүү эмзэглэдэг болоод байгаа юмуу. Ямар ч л байлаа ГЭМТ ХЭРЭГ гэх зүйл үнэхээр бид бүгдээрээ анхаарал хандуулж, тууштай тэмцэхгүй бол гадагш гараад гэмт халдлагад өртөхөөс гадна гэртээ сууж байгаад халдлагад өртөж мэдэхээр болоод байх шиг.

1. Хүний наймаа
Энэ гэмт хэрэг бол байж болшгүй зүйлс. Хулгай, дээрэм бол дутагдаж гачигдахаас эхлээд, нийгмийн мораль, боловсрол, эдийн засгийн байдал, төвөлшил гэх мэт маш олон үүсвэрүүдээс улбаалдаг. Нэгийг нь хянаж, сайжрууллаа гэхэд өөр нэг хүчин зүйлс нөлөөлөөд гарах зэрэг. Харин хүний наймаа, хүн хулгайлах гэдэг гэмт хэрэг бидний дунд хэзээнээс орж ирвээ? 
Тэмүжиний сүйт бүсгүй Бөртэг хулгайлсан зэрэг түүхэн талаас яривал эртнээс байсан, байсаар ч байгаа мэт боловч бас тэр талруу хэт далийлгаж болохгүй байх. Хүний хүн болох гээд байгаа хайртай юмуу харж явсан бүсгүйгээ хулгайлах, эс бөгөөс оргуулж авах зэрэг нь байсан. Гэхдээ 21-р зуунд бидний дунд гараад буй энэ хүний наймаа бол үнэхээр харуусал төрөхөөр гэмт хэрэг болоод байна. Гэмгүй яваа эмэгтэй хүнийг хулгайлаад, цааш нь зарах, эс бөгөөс хүчээр биеийг нь үнэлүүлж мөнгө олох нэгэн арга болгоод байна. 

Гэрээсээ 3 сартай хүүхдийнхээ 20 мянган төгрөгөө авах гээд гарсан эх хүний наймаанд өртөх. Дэлгүүр гараад ирье хэмээсэн охин, гэрийн хувцастайгаа гэртээ ирсэнгүй. Хичээлээ тараад харьж явсан жаахан охин мөн л хар машинтай хүн аваад явсан сурагтай л гэрийнхэн нь үлдсэн байна. Мөн хүүхдээ тэврээд явж байсан эх, хүнд хууртагдаад дэлгүүрээс чихэр аваад ир хэмээн 5 цаас өгөөд хүүхдээ үлдээгээд яваад ирэхэд л хүүхдээ алдсан байх аж. Хүний хулгай, хүний наймаа Монголд хэдийнээ орж ирээд хаа сайгүй үрээ цацаад тороо татчихжээ.

2. Хэрцгий аллагууд
Аллага хаана ч гардаг гэмт хэрэг болвуу. Угаасаа хүн гэдэг энэ амьтний зүйл саяхнаас хүн хүнээ алах нь хориотой болж байгаа гэхэд хилсдэхгүй. Дайн болохоор нэгнээ алж болдог, энх цагт хуулиар хорьчихдог нь сонин. Аллага гэдэг үгийн цаана өшөө авалт хэмээх утга давхар явдаг. Өшөө авалтын шалтгаан харин том жижиг, зайлшгүй, албагүй гээд явж өгөх байх. Архи авч өгсөнгүй гээд хүн алах нэгэн байхад, гэр бүлээ хүйс тэмтрүүлсэн нэгэн өшөөгөө авдаг тохиолдол бид кинон дээрээс бишгүй харсан. Харин өнөөдөр бидний дунд нүйрлээд байгаа АЛЛАГА бол аймшигтай. Ямар ч шалтгаан хэрэггүй, бүүр шалтаг ч хэрэггүй. Зүгээр л алмаар санагдаад хүний амь хороодог болж. Дээрэм хийгээд гэрч үлдээхгүй хэмээн хорооно, хэрүүлээс болоод хороох, хүчирхийлээд хороох, маньяк учир хорооно. Энэ гэмт хэрэг эрүүл хүний ухаанд багтамгүй зүйлсээр дүүрэн болсон. Дэндүү хэрцгий аргаар хөнөөдөг, тэр бүр баригдахгүй. Яагад гэвэл учир шалтгаан байвал хөөж нэхэж барьж болдог бол маньякийн аллага ямар ч шалтгаан үгүй. Хэнийг ч сонгож болно, хэзээ ч үйлдэж мэднэ. 

3. Бага насны хүүхдийг садар самуунд уруу татах
Ноцтой гэмт хэргүүдийн нэг нь яах аргагүй мөн. Бэлгийн харьцаанд ордог нас улам залуужсаар, энэ нь тэдний авч буй мэдээ, мэдээлэлтэй шууд холбоотой. Хайр сэтгэл, дурлал, дотно харьцаа гэх мэт заавал тохиолдох ёстой түүнд нас тэдээс дээш байх гэсэн хил хязгаар үгүй мэт ойлгогдох болж. Үзэж буй кино, уншиж буй ном, интернэт, клип, тэр бүү хэл реклам гээд бүхий л зүйлс жаахан хүүхдүүдийг том хүний ертөнцрүү оруулахаар яаравчлуулж байна. Тэд өнөөдөр мэдээллийг хаанаас авч болохуйц эринд амьдарж буй. Томчуудад зориулсан сэдэвтэй кино, мэдээллүүд +16 гэсэн ангилал байх авч олон нийтийн тв сувгаар чөлөөтэй гарна. 
Үүний дээр тэдэнд тв чаат, интернэт чаат, мэссэнжэр, фэйсбүүк зэрэг нийгмийн сүлжээгээр буруу замруу оруулах зүйлс бишгүй бий. Түүндээр нэмээд ээж аавийн хариуцлаггүй байдал улам тэлсээр. Гэр-Сургууль-Гэр гэсэн маршрутыг хяналтандаа байлгаж чадсанаар аюул ослоос сэргийлж чадна хэмээн бодох авч, гар утас, интернэт, тв зэргээс ирэх аюулыг ухамсарладаггүй. Тв чаатаар 12 настай охид сайн дураараа хижээл насны эрд биеэ үнэлсэн хэрэг саяхан л гарж байсан. Энэ бол нийтэд ил болсон гэмт хэрэг. Харин ил болоогүй, өөрөө ч гэмт хэргийн золиос болсноо мэдээгүй, мэдсэн ч ичсэн айсандаа хэлж чадахгүй байгаа хичнээн хүүхдүүд байгаа бол. Өсвөр насны хүүхдүүд ЧААТ-ыг маш ихээр хэрэглэж байна. Харин чаатыг хянаж байгаа нь нэгээхэн ч үгүй. Үүнээс сэргийлэхийг сануулсан кино, танин мэдэхүйн нэвтрүүлэг гадаадын орнуудад гарж буй ч харин Монголд маань тийм үйл хөдлөлийн эхлэл ч алга. Ядаж орчуулаад цацая гэх сэтгэл ч үгүй. Гэмт хэргийн золиос болсон хойно нь, амьдралын эдгэрэх аргагүй шарх авсан хойно анзаарж халаглахвий дээ. 

Гэх мэтээр гэмт хэргийн төрөл зүйлээр ялгаад бичээд байвал, мөн судалгаа хийгээд цааш явбал урт жагсаалт гарах байх. Өөрийн хэр хэмжээндээ авсан мэдээллээрээ чадан ядан энэ хүргээд жагсаалтаа зогсооё.

Бид энэ бүхэнтэй яаж тэмцэх ёстой вэ? Гэмт хэргийг таслан зогсоох нь мэдээж гарц. Харин үүнийг яаж хийх ёстой вэ? Ямар арга барилаар хаанаас нь эхлэх нь зүйтэй вэ гэх мэт асуултууд урган гарна. Хууль зүйн сайд Тэмүүжин гэмт хэрэгтэй тэмцэх тал дээр анхаарж ажиллаж буй бололтой. Юуны түрүүнд гэмт хэргүүдээр нь ялгаж тасаг байгуулах тухай дуулсан юм байна. Өөрөөр хэлбэл, хүний наймаа, бага насны хүүхдийг садар самуунд уруу татах гэх мэт ангилаад тусгай хэлтэсүүд гаргана гэсэн үг. Мэдээж үр дүнгээ өгөх нь гарцаагүй. Гэхдээ ганц Тэмүүжин сайд, түүний хамт олон, ЦЕГ, Улсын мөрдөн байцаах газарт даатгаад орхих нь гэмт хэргийг таслан зогсоох арга болж чадахгүй. Иргэн бүр энэ асуудалд санаа тавьж ядаж гэр бүлээ энэ гэмт хэргүүдээс хэрхэн хамгаалж, сэргийлж чадах тал дээр санаа тавьж, арга хэмжээ авах хэрэгтэй.
Хүний наймаа, хэрцгий аллага зэрэгт төрийн хяналтыг чангатгахыг, мөн шударга авилгалгүй орчин үүсгэхэд бид ТӨРӨӨС шаардах хэрэгтэй. Харин үр хүүхдээ садар самуунаас хол байлгах нь эх эцэг таны үүрэг билээ. Юуны өмнө та хүүхэдтэйгээ хэр дотно вэ? гэсэн асуулт өөрөөсөө асуу! Таны хүүхэд өөрт тохиолдсон зовлон бэрхшээл, асуудалаа танд хандаж ярихуйц танд итгэж, зөвөлгөө хүсэхээр дотно уу. Та өдөрт хэр хугацааг үр хүүхэддээ зориулдаг вэ. Хамт суугаад тв үзэхийг энд хамруулахгүй гэдгээ эрх биш ойлгож байгаа байх. Өдөр тутмын байдлыг нь та хэр мэдэх вэ. Найз нөхөд нь ямар хүүхдүүд байдаг, интернэтэд хэдэн цагийг зарцуулдаг ба тэр цаг хугацаандаа юу хийдэг гэх мэт.. Мөн гадаа явж байхад танихгүй хүн яриа өдөхөд ямар байдлаар харьцах тухай ТА л зөвлөхгүй бол ХҮҮХЭД хэзээ ч мэдэхгүй гэдгийг өөрийгөө оронд нь тавиад сайтар бодоорой. 

Японд гэмт хэрэгтэй тэмцэх, иргэдээ түүнээс сэргийлэх зэрэгт нилээд ач холбогдол өгч тэмцдэг ба наанадаж твиттэр, фэйсбүүк, лайн гэх мэт нийгмийн сүлжээ програмуудыг хэрхэн зөв зохистой ашиглах, өөрийгөө хэрхэн хамгаалах, хувийн нууцаа алдахгүй байх гэх мэт зөвлөгөөг олон нийтийн тв-ээр сонирхолтой нэвтрүүлэг болгон цацдаг. Эрэн сурвалжлагдаж буй гэмт хэрэгтнүүдийн талаар мэдээлэл, зураг, 3D хөдөлгөөнт дүрсэн мэдээллээр ч хангадаг. Мөн нэвтрүүлгүүдээ шууд цацаж, иргэдээс ирэх мэдээллийг тэр дор нь утасаар авдагаараа давуу талтай.

Мөн бид гэмт хэрэг үйлдэж мэдэх, тийм замруу орж болохуйц хүмүүст тв, сонин, интернэт мэдээллийн сайтаар маш их санаа өгч байдгаа анзаарах хэрэгтэй. Тэр тусмаа сэтгүүлч нарын хариуцлаггүй байдал энд ихээр ажиглагддаг. Гэмт хэргийн тухай нарийн мэдээллийг олон нийтэд цацдаг байдал, тэр тусмаа аллагыг хийсэн процэссийг ч хамтад нь дэлгэдэг нь байж боломгүй алдаа юм. Энэ тал дээр сэтгүүлч нар маань анзаарах хэрэгтэй.

Мөн иргэд бид өөрсдөө санаачлагтай байж, гэмт хэргийг мөрдөж илрүүлэх, түүний гаргахгүй байх нь цагдаагийн л асуудал мэт ойлголтоосоо салж өөрсдөө энэ асуудалд оролцож, ГЭМТ ХЭРЭГ ГАРАХАД БЭРХШЭЭЛТЭЙ хот, дүүрэг, хороог бий болгох хэрэгтэй!

Dec 3, 2012

Мэтгэлцээн

Саяхан Баярцогт, Ганбаатар нар Үндэсний тв-гээр мэтгэлцдэг юм байна. Мэтгэлцэх болсон шалтгаан нь Оюутолгойн гэрээ агаад, мэтгэлцээнд дуудсан олонд Фэнгшү хэмээн танигдсан УИХ гишүүн Ганбаатар ажээ. Мэтгэлцээн ямархуу байдалтай эхэлж, өрнөж, дууссаныг бүгдээрээ мэдэж байгаа. 

Энэ мэтгэлцээний талаар би хувьдаа ямар нэгэн зүйл блог дээрээ бичье гэсэн бодол бол байсангүй. Харин хүмүүсийн тэдний талаар бичсэн нийтлэл, бодрол, бас твиттер дээрх яриа, нийтлэлийн элдэв сэтгэгдэлүүдээс хараад өөрийн бодлоо хуваалцая гэж санав.

Мэтгэлцээн эхнээсээ шууд Баярцогтын түрэмгийллээр эхэлсэн билээ. Мэдээж стратеги гэдэг юмуу арга барил талаасаа зөв байж болох ч. Хэн асууж, хэн хариулж явах нь тун тодорхой иймэрхүү мэтгэлцээнд байраа буруу эзлээд, илүү харагдая, амын нь таглая гэж байгаа нь илт тул эхлэлээсээ зэвүүцэл төрөх аж. Баярцогтын 20000 хувьсагчтай тэрхүү тооцоог Ганбаатар мэдээгүйгээрээ буруутаж, харин мэддэг чаддагаараа Баярцогт дээрэлхэх аж. Тэгвэл нэг сонирхолтой асуулт байна. Оюутолгойд олборлолт хийж буй компани ч, тухайн үед гэрээ хийсэн Монголын ЗГ ч энэ талаар олон нийтэд ойлгомжтой мэдээлэлээр хангасан уу? Хэрвээ та Баярцогттой нүүр тулж уулзаад энэ талаар асуусан бол таныг юу гэж хэлэх бол? Үндэсний тв-ээр мэтгэлцээнд дуудахад хүн доромжилохоор бэлдээд, бэлтгэл сургуулилт мөн слайд бэлдээд очиж болдог. Харин иргэддээ хийсэн гэрээгээ тв-ээр 40минутны нэвтрүүлэг хийгээд цацчих ухаан гэх үү, сэтгэл тутсан ЗГ юмсанж.

Мэдээллээр хангаж өгөөгүй, ард түмний өмчийг эргэлтэд оруулж эх орны хөгжилд хувь нэмэр оруулахаар хөдөлсөн юм бол эздэд нь тайлагнах үүрэгтэй байх. Харин үүргийн ухамсарлуулж асуулга тавьсаныг нь тэнэг мангуугаар нь дуудах шахуу болж буй нь ариун явдал уу?
Асуулга тавьсан, мэтгэлцээн зохион байгуулж үнэн мэдээлэл иргэдэд хүргэх гэсэн хүн нь олон нийтээсээ бэлтгэлгүй боловсролгүйгээрээ дуудуулж байх юм. Хүнийг түрэмгийлж 2.7 сая хүнийг доромжилсон хүнийг, өөрсдөө доромжлуулчаад сайн бэлджээ гэж суух нь ухаалаг санагдахгүй байх юм.

Магнай, Батзандан, Баасан, Ганбаатар нар шоучин байж болноо. Тэд шоудсаныхаа төлөө одоо авахаа авсан байж ч болно. Харин ч хүн бүр өөрийн эрх ашигтай нийцүүлэнгээ нийтэд сайн үйл хийдэг. Нийтэд сайн сайхан зүйл хийж байнаа гээд орон гэрээ зараад асрамжийн газар хандивлаад өөрөө гудамжинд гарах нь сайхан сэтгэл үү??? Тэд Оюутолгой, Тавантолгой гэх зүйлсийг ард түмний ой ухаанд, үгсийн санд суулгаж өгсөн. Та хэзээнээс энэ үгүүдтэй, Монгол иймэрхүү их хэмжээний баялаг бий гэдгийг мэдсэн бэ? Алтан дээр суусан гуйлгачин гэж гадныхан биднийг хэлдэг гэнээ гэдгээс, Эрдэнэт биднийг тэжээдэг гэхээс өөрийг яг нарийндаа би мэддэг байлуу? Тэд зориг гаргаж, тэд шоудаж, тэд жагсаж, тэд бидэнд хэлэээгүй бол ТА МЭДЭХ байснуу? 

Хэн нь хэн бэ гэдгийг ялгаж сурах цаг ирсэн байхаа. Аливаа асуудалд ухаалаг, тулхтай байр сууринаас хандаж байцгаая!

Nov 22, 2012

2012 оны ажил

Энэ жил 2 эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавив.

7 сард: 2012年度 支部学術講演会  山口大学工学部
9 сард: 日本物理学会 2012年秋季大会 横浜国立大学

Мөн постер хадаж оролцох хурал дараагийн долоо хоногт болно.

11 сард: 2012年分子シミュレーション討論会 九州大学

Холбоотой линк: http://home.hiroshima-u.ac.jp/minerva2/presentation.html

Хийсэн ажлаа танилцуулах маягаар блог дээрээ Монгол хэл дээр тавих бодолтой байгаа. Гэхдээ мэргэжлийн хэллэгүүдээ Монгол хэл дээр мэдэхгүй гэх нэг асуудал бас байна. Хүнд ойлгуулж чадахаар хийж чадах эргэлзээтэй ч энэ ондоо багтаагаад тавинаа.

Nov 14, 2012

Монголд...

 Монгол хариад ирлээ. Эх орондоо хариад ирсэн хүн ямар байдаг билээ яг л тийм байна. Харьж ирэх болгондоо Монголоо шинээр хараад, Монголтойгоо танилцаад буцдаг. Сайхныг нь хараад, саарийн ч ажиглаад л ирдэг. Гэхдээ энэ удаагын харилтаараа нилээд хэдэн томоохон асуудлуудаа шийдэж ирлээ. Ямар ч байлаа ирэх хавар Монголдоо ажиллаж амьдрахаа шийдэж ирэв. Хүүгийнхээ даахийг үргээх гэдэг том тэмдэглэлт ажилд оролцлоо. Оролцлоо гэдэг учир нь зохион байгуулсан гэхээсээ эхнэр бид 2 ээж, аавуудаараа хийлгээд оролцсонтой агаар нэг. (Мэдээж эхнэр минь намайг бодвол илүү их оролцсон.) Бас Бээжин, Эрээнээр ороод ирсэн гэх мэт, сар гаруйн хугацаанд Монголчуудынхаа адилаар бужигнаж байгаад ирсэн нь өмнө нь амрах нэрээр налайж байгаад ирдэг байснаа бодвол бас ажил амжуулж иржээ гэж өөрийгөө дүгнээд байна даа.
 Монголдоо мэдээж сайнтай муутай дүгнэлтүүдээ хийсэн. Гэхдээ аль болох эх орноо муулахгүй төрсөн сэтгэгдэлээ бичнээ. Онгоцноос буугаад гэр рүүгээ явах зам бол сайхан байдаг даа. 9сарын сүүлээр очсон жаахан сэрүүссэн байсан ч АГААР сайхан даа. Улаанбаатар маань машин ихтэй, урдуур хойгуур дайрдаг хэвээрээ, явган зорчигчид нь гэрэл, шугам хардаггүй хэвээр. Хуртай сайхан зун байсан болоод тэр юмуу намаржаа их сайхан байсан. Харин өвөл эрт эхэлж байна нээх хүйтрэлгүй гайгүй байжаагаад хавар гарчаасай билээ гэж бодогдсон. Ноднин жилийг бодвол самар, жимс бага гарсан юм болуу даа. Лагераар сул газар байхгүй болоод удаж байгаатай хамт, ойруугаа орох ямар ч боломжгүй болсон байна лээ. Ойн хаяатай нь хамт зай завсаргүй газар хашсаар, Цаад ойгоо цугт нь өмчилж байгаа юмуу гэлтэй. Ойд зугаалаад цайлаад ирэх боломжгүй болсон нь харамсалтай. Мэдээж ой оръё гэвэл, цоорхой хашаа олоод ч болов орох л байх. Гэхдээ төмрөөр хашаалаад данагар цоожоор дангинатал цоожилсон байсан нь даан ч муухай санагдсан. 
 Мөн салхинд гарж хөдөө нэрээр ойрхон гараад ирсэн. Малчид маань ажилсаг, шуугиулсан хэвээр, дээр нь хятад техникээр өөрсдийгөө зэвсэглээд хөдөлмөрөө хөөрхөн хөнгөлж чадсан санагдсан. Нарны баттерэйгээр тогтой болж аваад, мотор асаавал зурагтаа үзчинэ. Малласан малын үр шимээрээ, амьдрал ахуй, үр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөөд товхийтэл амьдарж байна. Ногоо ч бас хажуугаар нь тариад, юм юмаа л амжуулчдаг бололтой. 
 Харин Улаанбаатар маань шинэ хотын даргатай болоод их ажил буцалж байна. Гайгүй зөв шийдвэр гаргаад, тэр нь үр дүнгээ өгчиж байна. Зарим нь хэр зөв юм болдоо гэмээр шийдвэр гараад үр дүн гарахыг нь харзнасан зүйл ч байна. Дугаараар нь хязгаарлаж машиныг хөдөлгөөнд оруулсан нь үр дүнгээ өгч байгаа ч хэр удаан энэ шийдвэрээр явах вэ гэдэг асуулт сонирхолтой санагдсан. УБ-ын машин өдөр өдрөөр өсөх нь тодорхой, мөн зам нэмж барих бололцоо дутмаг байхад ийм шийдвэр байдлаар хэр их удах вэ асуудал, асуулт үүсгээд л байна. 

Үргэлжлэл бий..

Aug 15, 2012

Шинжлэх ухааны ололт амжилт

Хүний түүх хэмээгч нь урагшалалт, ухралт байсаар ирсэн байх. Морь унаад нум агсаад явсан хүн хэмээгч нь онгоц хөлөглөөд гар утас барьдаг болжээ. Шинжлэх ухаан гэх зүйлийг системтэй хөгжүүлж, түүнээ уламжлан авч явсны үр дүн. Бидний амьдралд өнөөдөр шинжлэх ухаан ямархуу байр суурьтай хэрэглэгдэж байгаа талаар та эргэн тойрноо, амьдралын хэв маягаа хараад тунгаагаад үзээрэй. Шинжэлх ухааны хөгжил ямар чухал болох, түүнтэй мөн мөр зэрэгцэн, бүр хөгжүүлж урагшлуулж байх нь ямар чухал талаар хүн бүхэн л мэднэ. Үр хүүхэддээ ном сайн сур гэж захидаг нь гагц сайхан амьдрах гэдэгт тулгуурласан бус, ирээдүйг улам илүү болгох талаар эрмэлзэл явж байдаг. 

Шингэн дэлгэцтэй зурагт, гар утас, компютэр, таблет гээд хэрэглэж буй энэ зүйл шинжлэх ухааны ололт амжилтын ач тусаар бий болсон билээ. Харин энэ бүхний үйл ажиллагаа хэрхэн явагддаг, яагаад ажиллаад байдгыг мэдэх хэрэгцээ энгийн хүнд бий юу? Хүн бүр ашиглаж буй эд хэрэгслийн хаан хэрэглэгч байгаад, ажиллаж буй салбартаа түүчээ нь байхад хамгийн үр дүнтэй хэмээн нилээд хувь нь боддог байхаа. Микрософт хэмээн компани гарч ирснээр цахим ертөнцийг ихээхэн хялбар хүн бүрийн хэрэглээнд нэврүүлэх гол үүргийг гүйцэтгэсэн байх. Энгийн ямар ч хүн ашиглах бололцоотой болсон нь сайн талтай ч яг яагаад ажиллаад, байдаг бяцхан эвдрэл гэмтэл гарахад асуудал үүсдэг байна. Хэтэрхий энгийн хялбар болгосон нь эргээд муу  үр дүн ч дагуулсны жишээ байх. Тэгвэл энэ байдал өнөөдөр бүхий л салбарт, өргөн хүрээтэйгээр тархаад ЗОМБИ ХҮНийг бий болгоцон билээ. Та гар утас, радио, зурагт, интернэт, компютэргүйгээр өөрийгөө төсөөлөх гээд үз.. Багахан гэмтэл гарахад засаж чадах эсэхээ бодоод үзээрэй. Шинжлэх ухааны хурд хүн төрөлхтны хөгжлөөс ч даваад явцан, бид ард хоцроод хэдэн арван жилийн өмнө хийгдсэн судалгааны үр дүнг хэрэглэж амьдардагаа тэр бүр анзаардаггүй. 


Өөрөөр хэлбэл эрдэмтэд, инженэрүүд л тэр салбарт ажиллаад бусад нь хэрэглэгч, устгагч байдлаар явж байгаа. Энэ байдал цаашид ч улам үргэлжилэх болно. Харин шинжлэх ухааны салбар дээрх уралдаан, дайн бол улам хүчтэй, улам хурдтай, улам ширүүссээр байна. Гэрлийн хурдаас давсан хурд байж болох талаар, Хайзенбэргийн Тодорхойгүйн зарчимд ч өөрчлөлт орж мэдхээр болоод буй. Харин та Эйнштэйний Харьцангуйн онол, Хайзенбэргийн Тодорхойгүйн зарчим, Шроденгэрийн тэгшитгэл зэргийн талаар сонссоноос илүү юу мэдэх вэ? Энэ талаар мэдэхгүй ч бид цаашдаа амьдарж болоод л байх болно гэж бодож байж мэднэ. Энэ ч үнэн гэхдээ эцэст нь хэн хохирох вэ?


Хүн амаар цөөн, хоёр том гүрний дунд орших Монгол оронд цааш өөрсдийгөө авч явах боломж юу билээ? Эх орныхоо иргэдийн боловсролын талаар бид нухацтай эргэн харж, хоцорж байгаа салбаруудыг хэрхэн түрүүлүүлэх тийш хандуулах вэ, жигд хоцрон хаягдаж буй шинжлэх ухааны салбаруудаа ядаж мөр зэрэгцэх хэмжээнд хэрхэн хүргэх талаар бид бодох л ёстой. Төр засгаас асуудал шийдэхийг хүлээх аваас яг байгаа байр дээрээ холоо хоцрох болно. Дарга нар утаагүй газар амьдраад, утаагүй газар хүүхэд нь боловсрол эзэмшээд, баталгаатай хүнс хэрэглэж, гадаадад боловсрол эзэмшсээр буй. Тэд нүүгээд явчихад алдах зүйлгүй. Харин та л энд гэр бүлтэйгээ торойсоор үлдэнэ. 


Сайхан амьдрах ганц түлхүүр бол ШИНЖЛЭХ УХААНД СУРАЛЦАХ!!!

Сайхан амьдрах газар бол БИДНИЙ ЭХ ОРОН!!!
Сайн сайхан байя гэвэл МОНГОЛДОО ТЭРГҮҮЛЭХ САЛБАРУУДАД ТЭРГҮҮЛЭГЧЭЭР АЖИЛЛАХ!!!
Таны ирээдүй ТАНЫ Л ГАРТ БУЙ!!!

Ирээдүйн өмнө та л ухамсарлаж хариуцлага хүлээж УХААЛАГ БАЙ!