Уншсан ном маань цөөн, тэр тусмаа түүхийн талаар уншсан ном гэвэл гарын арван хуруунд ч багтаж мэднэ. Үүнээсээ ичдэг, гэхдээ уншсан номнууд маань дажгүй чанартайгаас нь таарж уншсан боловуу гэж найддаг. Түүж бус таарж л уншсан л даа. Дотоодын номнуудаа, мөн зарим гадаад эрдэмтийн Монголын түүхийн ном ч гэдэг юмуу. Гэхдээ өөрийн уншиж байсан явцаа хараад байхад тухайн хүний үзэл бодол руу далбийгаад явах бус, үйл явдалын тойм, түүхэн эргэлтүүд дээр анхаарлаа төлөвлөрүүлж байсан шиг санагддаг. Үүнийгээ ч зөв байжээ гэж дүгнэдэг. Хаа нэгтэй найз нөхөдтэйгээ түүх ярьж байхад маргаан гардаг, маргаан болмогц тэр номон дээр тэгж бичсэн байдаг, яагаад ч тэгж бодож болохгүй чиний бодол номтой зөрчилдөж байна гээд байдаг. Юу хэлэх гэсэн вэ хэмээвээс мэдээж болсон үйл явдалыг болоогүй гэж мэтгэхгүй нь мэдээж, (эргэлзээтэй байж болно л доо болсон болоогүй гээ л..) тэгэхээр үйл явдалд хийсэн дүгнэлт дээр саналын маргаан гараад ирдэг. Хаанаас нь хэн харж бичсэн гээд л..
Нэг хэсэг энэ олон тайлбар дүгнэлтүүдээ Монголчууд цэгцэлээсээ гэж боддог байлаа. Дархлаа байхгүй түүхтэй, гадны эрдэмтдээр судалгааны сууриа хийлгэцэн тэрэн дээрээ өөрсдөө түүхийн ордоноо босгосон санагддаг. Ингэж бодож яваад санамсаргүй нэгэн номтой учирсан юм. Ч.Чимэгбаатар гуайн "Охиндоо хүүрнэх Монголын түүхийн учир" хэмээх. Токио дахь "Монгол таун" нэртэй хоолны газар хэсэг найзуудтайгаа хоол идэн суугаад, олон жилийн өмнө яг л миний энэ явсан замаар ирээд сурдагаа сураад, эндээ гэр бүлтэйгээ амьдран ажилладаг ахтай таарсан юм. Мэдээж номын ах гээд хэлчихэд буруудахгүй хүн тул мэнд мэдэн, хэсэг ярилцан суухад "Чи өөрөөрөө бахархах ёстой, улсын зардалын техникийн коллежээр ирсэн олон залуучуудын нэг нь болж ирсэндээ. Бид жил жилээр ирсээр одоо томоохон нэгэн бүлэг болсон байна. Корпраци л гэсэн үг. Бидний дундаас их хурлын гишүүн гарлаа, чадварлаг инженерүүд гарлаа. Монгол орноо хөгжүүлэх, хөгжилийн түүчээ болох болноо." гэж хэлсэн юм. Тэгээд надад нэгэн ном өгье гээд жижиг авсаархан нэгэн ном өгөөд заавал уншаарай гэв. Би та эндээ дурсгал болгоод нэг үг бичээд өгчих гэхэд, би юугаа бичихэв харин энд зохиолч нь байгаа тэр хүнээр бичүүл гээд дагуулж очив. Ч.Чимэгбаатар гуай өөрийн гарын үсгээ, огноотой нь бичээд надад өгсөн билээ. Тухайн үед надад ямар хүн ямар номоо өгч байгааг үнэндээ юу ч мэдээгүй. Уншсан хойноо интернэтээс нэрээр нь хайхад, "Монголын хэл шинжлэлийн урдаа барьдаг эрдэмтдийн нэг, одоо Япон Улсад амьдарч буй доктор Ч.Чимэгбаатар, Токиогийн Монгол Академийн захирал, Монгол судлаач, доктор Ч. Чимэгбаатар." гэх мөрүүд гарч ирж билээ.
"Охиндоо хүүрнэх Монголын түүхийн учир" хэмээх номыг уншсанаар дотор яваад байсан асуултууд, илэрхийлж чадахгүй байсан бодлууд гараад ирэх шиг, номны мөрүүд дээр дуурайж байсан. Хүнтэй ярилцаад санал нэгдэх сайхан, ном уншаад зохиогчтой нь санал нэгтэй, үзэл бодолыг нь дэмжиж санаа авч цааш үргэлжлүүлэн эргэцүүлэх бүр сайхан.
Энэхүү бичлэгийг энэ номны санаагаар, өөрийн бодлоор бичлээ гээд хэлчихэд ер нь болох байхаа. Гэхдээ зохиогчийн хэлэх гэсэн санааг дутуу ойлгон, энэ оюуны бүтээлийг нь гутаачихвий гэж эмээж байх ч уншигчийн бодол, миний өөрийн үзэл энд шингэсэн байгааг ойлгон уншихыг хүсье.
Мэдлэг хэмээх зүйлийг хүн төрсөн цагаас эхэлж хураан авч, амьдралдаа хэрэглэн, өөрийн оюуны чадлаар баяжуулж цааш хөгжүүлэн явдаг. Энэ нь ч хүн хэмээх зүйлийн утга учирын нэгээхэн хэсэг болдог биз. Гэвч дээрх мөрөнд нэгэн зарчимын хувьд алдаа байгаа нь хүн төрснөөр мэдлэгийг өөрөө бий болгодог бус, эртнээс уламжлагдан ирсэн мэдлэгийн үргэлжлэл болон явдаг билээ. Өвөг дээдэсийн үлдээсэн оюуны болон материаллаг их өвийг өөртөө шингээж, амьдралдаа хэрэглэдэг. Гэвч энэхүү мэдлэгийг хүлээн авах нь төрөл нь өөр өөр, тухайн нийгэмдээ, аж төрөн буй газраасаа мэдлэгийн байгалийн зөн совингоороо хүлээн авдаг байхад мөн суралцах, унших сонсож олж авч ч байгаа. Үүний дунд нэгэн томоохон салбар нь түүхээс олж авах юм. Түүхийг уншиж судалж эргэцүүлж, амьдралын эрчээ болгон явах нь хүний амьдралын салшгүй хэсэг байх ёстой.
Өөрөөр хэлбэл хувь хүн өөрийн гэр бүлийн түүх, болсон явдал өвөг дээдэсийн тухай мэдээ, мэдлэгийг гэр бүлээсээ хүлээн авч, миний гэр бүл чинь ийм юм хийж бүтээж ингэж аж төрж байжээ. Би нас бие гүйцэхээрээ энэ сайхан гэр бүлийн нэр төрийг өндөрт өргөж улам мэдлэгийг дээшлүүлж явах ёстой бөгөөд үүнээс дор яавч байлгаж үл болно гэсэн ухамсарыг олж авдаг байх учиртай.
Харин хувь хүн үндэсний түүхээ үнэн мөнөөр нь мэдэхийн сацуу, түүхийн, оюун санааны дархлаг өөртөө бий болгож авах нь тухайн улсын иргэн болсны үүрэг байх ёстой. Иргэн бүр ийм байж чадваас үндэстний хувьд их эрч хүчээр улс орноо сайн сайхан авч явж хөгжүүлэх нь тодорхой бизээ.
Харин Монгол хүнд энэ чадвар, түүхийг үнэн мөнөөр нь хүлээн авах, оюун санааны дархлааг хэр бий болгож чадаж байгаа вэ? Монголчууд үр хүүхэд хойч үедээ энэ мэдлэгийн их ундарга, аугаа түүхийг хэр өвлүүлж чадаж байгаа вэ?
Бид түүхчидын тоогоор, сурах бичигээр, түүхийн тухай гарсан номоор, 1 түүхийн багшид оногдох сурагчидын тоогоор энэ үзүүлэлтийг яагаад ч харж болохгүй. Тоон утгаас илүү чанар хамгаас чухал. Түүхийн мэдлэг, түүх сонирхогчидийг чанараар нь авч үзвэл эмгэнэлтэй л үр дүн гарах боловуу. Тэр тусмаа дархлаа талаас нь аваад үзвэл эмгэнэл харагдана гэж хувьдаа үзэж байна. Түүх сонирхдог залуу үе гэвэл нууц товчоо зэрэг номыг а б гүй цээжилцэн аливаа түүхий насуудал ярихаараа нууц товчооноос өөр жишээ авдаг зүйлгүй. Аливаа зүйлийг номны мөрөөр сэтгэж ярилцдаг ийм л үе бий.
Шүүмжлэлтэй хандах зүйл бол залуу үерүүгээ дайрах бус тэднийг бэлтгэгч багш нар, заах мэдлэгийн эх сурвалжийг гаргаж өгөгч түүхийн эрдэмтэдрүү чиглэх ёстой. Бие даасан хэмээх эрдэмтэд нь Монголын түүхийг оролдож буй гадны улсуудын санаанд цохилт өгч, хамгаалж, Монголын залуу үедээ үнэн түүхийг түгээж, эх орноороо бахархах сэтгэл, оюуны дархлааг бий болгох ёстой бизээ. Мөн тулгамдаад байгаа маргаантай байгаа түүхэн асуудлуудыг яаралтай шийдэж нэгэн цогц түүхийн оюуны өргөөг босгох хэрэгтэй байна. Гадны эрдэмтдийн үзэл шингэсэн, өмнөх үейин түүхийн судлах арга барилаас яаралтай гарж, бие даасан Монгол үзэл баримталруу шилжих нь юу юунаас илүү тулгамдаад байгаа мэт.
Мөн хөгжилтэй орнуудын хөгжилийг гайхан биширч, өөрийн орны хоцрогдсон байдал үгээгүй ядууг шогшрон, гаднаас хөрөнгө мөнгө, амьдралын шинэ хэв маягыг цутгахын хамт гадны соёлыг өөрийн орондоо оруулахдаа сайтар бодох хэрэгтэй мэт. Баяр цэнгээн гадны соёлыг тэр чигт нь хуулж, эцэг өвгөдөөс уламжлагдан ирсэн агуа соёл үгүй болж байгаа. Үндэсний бүжиг, дууг мэргэжилийн хэдхэн хүн чаддаг, ард түмэн нь нийтээр барууны соёлоор хувцаслаж, тэдний иддэгийг идэж, дуулдагыг дуулж, бүждэгийг бүжсээр.. Үндэсний соёлоо олон нийтийн дунд гаргах аваас аягүй бол адлуулж шоолуулах хэмжээнд тулаад буй. (Та нэг баяр цэнгээнээр бүжигийн талбайд гараад ардын бүжиг хийгээд үз хэрхэн хүлээн авах бол.. Хүний толгойд бараг багтахгүй биз. Энэ зөв үү буруу юу?, Монгол дээлтэй гадуур явбал таныг хөдөөнийх л хэмээн ад үзэх болуу) Монгол соёлыг гадныхан хоцрогдсон гэж хэлэх нь зөв үү. Энэ их олон зуун жил хуралдсан дэлхийг гайхан бишрүүлж явсан соёл харин ч гайхагдан бусад нь хуулж байх ёстой атал бидний буруугаас, өөрсдийн минь арчаагүйгээс хоцрогдсон хэмээн адлуулж буй билээ.
"Цэрэг хүн буу бариад эх орноо хамгаалдаг бол, эрдэмтэн хүн ухаанаар эх орноо хамгаалдаг юм. " 45-т тал.
Алдаатай түүхийг түгээж, түүнийг нь урлагынхан санаа авч уран бүтээл хийж ард түмэнд тарааж байна. Гадны найруулагч түүхийг гуйвуулж кино хийхээр дотроо бид шүүмжлээд байдаг хэрнээ. Дотоодын эрдэмтэд нь утгагүй балай зүйл хийхээр анзаарахгүй өнгөрөөд байдаг нь сонирхолтой.
Монголын түүхэнд Чингис хаантай энэ зэрэгцэх хүнээр Жамухыг тодруулсаар удаж байгаа биз. Жамуха хэрвээ хаан байсан бол гэх санаа ч цухалзаад байдаг, "Их эрдэмтэн Ц.Дамдинсүрэн <Манай хатиган овгийн Жадраны Жамуха сэцэн бол их ухаантай хүн байсан. Танай түүхчидын хэлж байгаа бол Жамухын үнэн дүрд үл нийцнэ. Хэрэв тэрээр Монгол улсын хаан болсон бол их л ухаалаг удирдах байсан даа хэлсэн нь түүх ч эрдэмтэн Ч.Далайн номд бий.>" Хэрвээ тэгсэн бол ингэх байсан, тэр үед ингэчихсэн бол бид өдийд ийм байх байсан гэж ярих нь буруу хэмээн миний хувьд үздэг. Түүхээс суралцах нь мэдээж түүхийг судалж буйн гол утга нь мөн боловч. Алдаа оноог нь цэгнэж, алдааг давтахгүй, оноог мөрдөлгөө болгож явахаас, бид тэгэхэд тэгэх байсан юм хэмээн халаглан суух нь яав ч эрүүл бус билээ. Тэр тусмаа дээрх Ц.Дамдинсүрэн гуайн хэлсэн үг үнэхээр үнэн бол хариуцлагагүй үг шиг санагдах юм. Бид Чингис хаанаа өргөн, түүний хийснийг үнэлж үндэстний их эрчээ болгон цаашдын он жилүүддээ үнэт зүйлээ болгон явах ёстой атал харин ч доош нь дарж, хэн нэгэн өөр баатарыг эсрэгцүүлэн тавих нь хэнд ашигтай билээ. Үүний үргэлжлэл гэлтэй саяханы гарсан "Үхэж үл болно" хэмээх кино нь дээр Жамухын дүрийг ихэд тодруулан, Жамуха ухаалаг тулдаа хаан ширээнээс татгалзан амиа өргөж буй мэт харагдуулсан нь хачирхалтай. Мөн Чингис хааныг сул дорой мэт, дүү хасар нь ажлийн нь хийж өөрөө өвс ногоо түүсэн шигээ алхаж байгаа кадр гаргасанд ихэд эвгүй сэтгэгдэл төрсөнөө нуух юун.
Зарим нэг орноос зориуд гарган буй Монголыг үндэстнийх нь хувьд, түүхийг нь ч гутаах явуулга гарч ирэхэд дуугуй суусаар няцаалт хийдэггүй хачирхалтай үзэгдэл байдаг. Өөрсдийгөө өмөөрч буй санаа нь Монголын аугаа түүхийг дэлхий мэднэ, нэг жижиг явуулга дээр сөхөрдөг нь бид бус хэмээх хариулт байдаг. Гэвч түүх хэмээх зүйл нь их эмзэг агаад, үнэн мөнөөсөө гажих, хиртэж булингартах нь бишгүй байдаг. Өнөө цагт хэн мөнгөтэй хөрөнгөтэй нь мөнгө хаяж бусдын түүхийг гутааж шинээр бичих гэж оролддог болоод байна. Иймэрхүү болчимгүй зүйлсэд бид хариуг нь барьж залруулга хийлгэж авч байх нь чухал асуудал болуу.
Евроазийн үзэлтэй Орос эрдэмтэд хүч түрэн гарч ирсэн нь 20р зууны эх бөгөөд үүний ноён оргил нь Гумёлив билээ. Энэ хүний багш, шавь нарын цогц судалгаа хүчээ авч Монголын эрдэмтэд эдгээр судлагаа нь дээр хундаам хийн цааш нь үргэлжилүүлсэн болвуу гэж би хувьдаа ойлгодог. Г.Сүхбаатар зэрэг эрдэмтэдийн судалгаа ч тийм замналаар явсан шиг байдаг. Өнөө үед Орос орон ихээхэн хүчээ авч, эдийн засаг, зэр зэвсэг гэлтгүй соёл, шинжлэх ухаанд ч цар хүрээ нь дахин хүчтэй гарч ирж байна. Сергей Бодровын кино ч В.Путины авч хэрэгжүүлж буй үзэл баримтлалын нэгэн хэсэг шиг харагддаг. Хятад орон Монголын түүхээр оролдож эртнээс элдэвээр бохирдуулах гэж оролдож ирсэн, гэвч тэдний явуулгын цар нь бага, санаа нь богино байдаг. Харин Гумёливийн түүх дээр суурилсан Орос эрдэмтэдийн шинэ явуулга Монголчууд бидэнд хэрхэн тусах болоо. Нэгэн хундаам дээр суурилсан түүхийг Оросууд нэг тийш нь хэлбэлзүүлэхэд Монголчууд бид хэрвээ бэлтгэл муутай байх аваас хамгаалалтгүй нүцгэн ноёнтой сууж байгаагаас ялгаа юу байхав.
Тэгэхээр дээгүүрээ ярилцаад энэ асуудал дуусчих эд биш тул бид сурах бичигүүдээ шинчилж, алдаа мадаггүй эргэлзээ үгүй чанартай түүхээр залуу хойч үеээ бэлдэх нь чухал билээ. Евроазийн үзэл нь Монгол орон 13р зуунд цойлон гарч ирж дэлхийд бодлог тодорхойлж байсан бус, харин ч тухайн үейин Евроазийн орнуудын хамтарсан их улс байсан гэж үздэг үзэл. Одоо энэ инээдтэй сонсогдож байгаа ч хэсэг хугацааны дараа бид энэ хэвээр байсаар байх аваас өөрсдөө ч энэ худал түүхд итгэж эхлэх болно.
Түүхэнд шинэ санаанууд мэр сэр гарсаар байдаг биз. Мэдээж түүхч хүнээс өөр хүн гаргаж болохгүй гэж байхгүй болохоор. Өөрийн уншигчтай, нэртэй хүмүүс ч барин тавин санаанууд гаргадаг. Үүний нэг илрэл нь сэтгүүлч Б.Цэнддоо гуайн "Соёлын довтолгоо" номонд буй Чингис хаан дэлхийг эзлэе гэсэн санаатайгаар бус бэлчээрээ томсгоё л гэж бодоод сэлмээ бариад морио унаад давхисан юм биш үү. Харин байлдаж явсаар далайд ч тулж, юм энгийн байдаг шүүдээ хэмээсэн байдаг. Энэ санаа нь ёгт агууламжтай хошин байдлаар хэлсэн боловч үнэн баримтаас жаахан гажуу мэт. Чингис хаан олон улсын эзэлж, түүнээ зөвхөн талаад өнгөрсөнгүй шинэ удирдлага гарган тавьж цоо шинэ улсуудыг бий болгож байсан. Мөн эх орондоо гадны олон эрдэмтэдийг цуглуулж, олон инженэрүүдийг авчиран гайхамшигийг бүтээх гэж оролдож байсан билээ. Олон олон баталгаа нотлгоо Чингис хаан гагцхүү байлдан дагуулагчаар үл зогсон аугаа удирдагч байсныг тодотгодог. Ийм хүнийг бэлчээрээ томсгох гэж явсан гүнгүүгүй сайхан малчин эр шиг санах нь наанадаж л шударга бус цаанадаж Монголын түүхэнд халгаата эд шиг.
Төгсгөлд хэлэх үг маань бид түүхийг уран зохиол шиг санах бус, цаашдын бидний хөгжилийн гол түлхүүр, үүнийгээ ашиглан байдаг л нэг хөгжсөн орон бус жинхэнэ соёл уламчлал, өнө эртний мэдлэгээ амьдралдаа хэрэглэдэг үндэстэн болох нь хамгаас чухал билээ.
Хөгжсөн орнууд Монголд атаархаж байна. Тэд бидний хоцрогдсонд атаархаж байна. Тэд хөгжсөн, хөгжилийн их хурдныхаа үед өөрсдийн үнэт зүйлсийн ихэнхээ үгүй хийсэн. Харин Монгол оронд хөгжих боломж байна. Бидэнд сургамж авах түүх, санаа авах жишээ байна. Бид алдаа бага гаргаж хүчирхэг үндэстэнтэй улс орон бүтээх ихээхэн боломж гэрэлт ирээдүй бий.
2009.06.28