Jan 17, 2011

Блог хөтөлцгөөе!

Юуны өмнө Монголд интернэт нэвтэрсний 15 жилийн ойн мэнд хүргэе!
Монгол хүн 20-оод жилийн тэртээ дэлхийн хаана ч хөл тавих эрхээ авсан бол 15 жилийн өмнө Виртуал ертөнцөд чөлөөтэй хөл тавих боломж нь нээгджээ. 20 жилийн өмнө хийж байсан арчилал маань залуу дөнгөж хөлд орж байна хэмээн өхөөрдүүлэх аястай хоцрогдон явдаг бол 15 жилийн тэртээ интернэт ертөнцөд хөл тавьсан Монголчууд дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж чадаж байна. Ардчилал, интернэт хоёр хэдийгээр үүсэн цаг хугацаа туулсан зам нь эрс ялгаатай ч хэн нэгний гар хөл оролцоод байхгүй жамаараа хөгжсөн зүйлс ямар үр дүнд хүрдэг. Өхөөрдөж бөөцийлэхгүй бол аюултай хэмээн хамгаалаад байхаар хаа орхигдож болдог вэ гэх жишээ энэ байж болох юм.

Өдрийн тэмдэглэлээ цаасан дэвтэр дээр хөтлөхөөс цахим ертөнцөд хөтлөж, санаа бодлоо захиа байдлаар сонинруу хүргэж хэвлэгдэх эсэхд найдах бус өөрөө чөлөөтэй бусдад түгээх боломжтой болсон нь интернэтийн бөгөөд блогын ач биз. Блог гэх зүйл үүсээд удаагүй байна. Харин блог хөтлөгчидийн тоо нь олон сая хүрээ биз. Та блог хөтөлдөг үү? Хөтөлдөггүй бол яагаад? Хөтөлдөг бол байнга уу? гэх асуултууд гаргаж тавьж болох юм.

Блог хөтлөх ер нь хэнд юунд хэрэгтэй юм бэ? Мэдээж хөтөлж буй өөрт чинь юуны өмнө хэрэгтэй. Энэ бол маш том санах ой! Мөн хязгааргүй их боломж! Бас санал бодлоо чөлөөтэй түгээж болох зөвхөн таны талбар!

3 сарын өмнө бичсэн зүйл эргээд харахад бас ч гэж сонирхолтой байдаг бол 3 жилийн өмнөх зүйл ямаршуу үнэ цэнэтэй байж болох вэ? Аа тэгвэл 30 жилийн өмнөх бол? Магадгүй 3 үеийн үр сад чинь уншвал?

Та бизнес хийх гэж байна уу? Та түнш, найз нөхөр, санал бодол нийлдэг виртуал анд хүсэж байна уу? Тэгвэл блог хөтөл!

Заавал гудамд гараад цаасан хайрцагны өөдөс дээр GOD BLESS YOU! гэж бичээд ямар нэг юмыг чангаар хашгиран үзэл бодлоо илэрхийлэх албагүй ээ. Жагсаал цуглаан хийхээсээ блог дээрээ үнэн бөгөөд хүнд хүрэх зүйл бичдэг бол бүр их хүнд ч хүргэж чадна. Дэмжигчидтэй, бүүр шүтэн бишрэгчидтэй, дээр нь зорилго нэгт нөхөдөө кибер ертөнцөөс олоод ажил хэрэг болговол нийгэмд илүү хэрэгтэй ч байж болох юм.

Ер нь тэгээд хүний оюун санаанд хязгаар үгүйтэй адил, блогд ч мөн адил биз.

Тийм болохоор БЛОГ ХӨТӨЛЦГӨӨЕ!


Хэрвээ миний блог жагсаалтад линкээ нэмүүлэе гэвэл линкээ үлдээгээрэй.

Jan 16, 2011

Охиндоо хүүрнэх Монголын түүхийн учир 1

2009-08-01

Энэхүү ном нь Түүх судлаач хэл шинжээч Ч.Чимэгбаатар гуайн бүтээл бөгөөд, ямар нэгэн шинжилгээ судалгааны бүтээл гэхээс илүү. Монгол хүн өөрийн эх орны түүхээ судлахын учир утга, давуу тал. Мөн түүхээ хэрхэн яаж харвал зохилтойг ойлгомжтой тайлбартай өгүүлсэн шиг санагддаг. Гаргаж тавьж буй санаанууд нь ч нэгийг бодохуйц бөгөөд, дэлхийн хаа нэгтээ хэн нэгэн Монголын түүхийг өөрөөр бичиж дураараа өөрчилөөд бусдад таниулж буйд Монгол хүн түүхээ хэрхэн дархлаажуулж авах вэ, Монголын түүхчид өөрсдөө яаралтай дорвитой судалгаа хийж шинэ эрин зууны их хурд, хөгжилд таарсан цогц судалгаа шаардлагатай байгааг илэрхийлжээ. Ер нь түүх гэдэг зүйл аль нэг номны хуудас нь дээр бус тухайн үндэстэн ард түмний толгойд хадгалагдаж сэтгэлд шингэсэн байх үед л түүх болох бизээ. За тэгээд шавилхан биетэй ч ихийг багтаасан энэ номны талаар илүү ихийг бичих хүсэл байвч танилцуулга гэхээсээ миний дүгнэлт болчих, мөн уншигч олонд сонирхолгүй болчих учир ингээд өндөрлөе. Уншиж хараахан амжаагүй бол уншаад үзээрэй.

Хойт насандаа учирна

2009-08-01

С.Эрдэнэ гуайн Хойт насандаа учирна хэмээх эмгэнэлт роман нь Их хэлмэгдүүлэлтийн он жилүүдийг өөрийн амьдрах хүнд хэцүү үед бичсэн билээ. Энэ хэлмэгдүүлэлтэд эцгээ алдсан С.Эрдэнэ чин зүрхний угаас, гашуун нулимс цөхрөлөөрөө сийлсэн үнэн түүх юм. Буриад зоны амьдрал, тэдний хувь заяан дахь түүхийн хүнд шалгуур энэ бүхний хэсэгхэнийг ч болов энэ романаас ойлгож мэдрэх нь тодорхой. Болоод өнгөрсөн булай явдалтай эвлэрэхээс аргагүйд хүрч үнэн хэзээд ялна гэсэн олон Монголчуудын хүсэл биелж Ардчилал эрх чөлөөний үнэ цэнийг ч ухаарах бололцоог энэ роман өгнө гэдэгт найдаж байна. Хэлмэгдүүлэлт гэдэг үг аливаа нэгэн буруу зүйлд хилсээр гүтгэгдэн буруудахыг хэлдэг биз. Гэвч тэр он жилүүдэд хөнөөгдсөн олон мянган хүмүүс ямар бурууд тохогдоо вэ? Буруу зүйл байсан гэж үү? Угсаа гарвалтайдаа юу? Эд хөрөнгөтэйдээ юу? Лам болсондоо тэр үү? Эс бөгөөс Монгол хүн болохоороо юу? Геноцидод өртөсөн Монгол түмэн алдсан гэр бүлээ хайртай ахан дүүстэйгээ Хойд насандаа л учрах бизээ.

Соёлын довтолгоо 1,2


2009-08-01

"Анхны хэт гүрнээс суулчин нүүдэлчин" Бямбажавын Цэнддоо гуайг Монголд мэдэхгүй хүн гэж бараг үгүй бизээ. Ганц урдаа барьдаг фелетонч, мөн өдрийн сонины эрхлэгч гэдгээр нь ч андахгүй биз. Ямарч нийтлэл, хөрөг өгүүлэл бичихдээ хошин өнгө аяс оруулж уншигчидынхаа сонирхлыг татаж чаддаг энэ хүн 2жил гаруйн өмнө (3?) Соёлын довтолгоо хэмээх ном гаргасан билээ. Зургаан жил бүтээсэн энэхүү ном нь зураг хөрөг, тайлбар, ишлэл гээд дориухан баримт сэлттэй сонирхол татахуйц ном болж чадсан нь илт. Үзээд туулаад өнгөрсөн хүмүүст гэхээсээ илүү үзэж харах боломж байгаагүй хойч үедээ зориулсан боловуу гэж унших явцдаа бодогдож байлаа. Зарим нэг санаа нь арай ч биш юмаа гэх хэсгүүд байсан ч ерөнхийдөө бол уншихад уйдаахгүй, мөн зугаацуулахаас гадна багагүй зүйлсийг мэдээд авчна даа. Мөн гагц өнгөрснийг бичээд орхих бус, авах сургамж, давтахгүй алдааг ч сануулаад өнгөрсөн байсан шүү. Уншаад л үз! Б.Цэнддоо гуайд реклам илүүц биз.

Бодь мөрийн зэрэг


Энэхүү номыг Зонхов Лувсандагва (1357-1419) онд бичсэн бөгөөд. Бурхны шашинд эхлэн гэгээрэгсдэд зориулжээ. Олон хүмүүсийн хөлс хөдөлмөр шингэж Орчин цагын Монгол хэлнээ буусан энэхүү ном, өнөө цагт газар аваад байгаа чи шүтэж болно харин ойлгож болохгүй гэх сэтгэлгээг халахад зориулагдсан бүтээлүүдийн нэг нь бизээ. Энэ номыг уншсаны дараа та гэгээрээд гэрэл өөрөөс тань цацарч үүл хөлөглөнө нисэхгүй гэдгийг хэлэх нь илүүц бизээ. Харин бурхны шашныг судлахын давуу тал судлахгүй хоцорсоноор өнөө болоод ирэх амьдралдаа юу алдахыг тайлбарласан ном юм. Гэхдээ зөвхөн судал гээд тайлбарлаад зогссонгүй хэрхэн судалвал зохилтой, судлахдаа юуг анхаарч юуг тэвчих үү? Судлах явцад ямар саад бэрхшээл, ойлгоход бэрх асуудал тулгарах түүнийг хэрхэн даван туулах талаар ч өгүүлжээ. Энэхүү номыг уншсанаар танд магад цаашид ч гүнгийрүүлэн судлах сэдэл өгөх ч юу магад. Эс бөгөөс наанадаж хэн нэгэн ламд хэдэн цаас өгөөд ажлаа даатгачихдаг, сүсэг үгүй гандан ороод бурхантай ширээг түс түс хийтэл мөргөх нь ямарч утгагүй гэдгийг ойлуулна байхаа. Ум сайн амгалан болтугай!

Кармазовын хөвүүд

2009-08-09

Ф.Достоевскийг мэдэхгүй уран зохиол уншдаг хүн үгүй биз. Гэхдээ би саяхныг хүртэл Достоевский гэж сонсож байснаас уншиж явсангүй. Харин уншихдаа шууд гурван шилээврийн нэг нь болох Кармазовын хөвүүдийг уншлаа. Нэг эхэлсэн бол тоормоз үгүй болдог юм билээ. Нэг хэсэгтээ энэ номоор амьдарсан байх. Хэлсэн үг хийсэн үйлдэл болгоно энэ номоор явж, яагаад асуулттай жаал зууралдсан. Ц.Гомбосүрэн гуайн орчуулга аж. Эх хэл дээрээ энэнээс сайн орчуулга олдохгүй байхаа. Бурхан алдчихаж, алдаандаа өөрөө ороогдож байгаам бусуу? Алдаатай бүтээл туурвиж, туурвихдаа өөртэй адилханаар бүтээж харин бүтээл нь өөрийг нь алдсанд нь шийтгэж ташуурдаж, ташуур нь Иван өөрөө, Сермядков, Димитрий ч тэр.. Гол нь үүнийг бичсэн Достоевский биз. 19-р зууныы зохиолч 20-р зуунд хамгийн их нөлөө үзүүлсэн ажээ. Орос оронд айхтар хүлээн зөвшөөрөгдсөнгүй, харин европыг байлдан дагуулж. Ерөөсөө Достоевский орос орондоо тоогддоггүй мөртөө дэлхийд бишрэгдсэн хүн юмуу. Бүгд бурхныг шүтнэ, хэн ч түүнрүү хялааж зүрхлэхгүй харин Ф.Достоевский ташуур бариад бурхны улаан нүүрлуу нульж орхиж. Тэр хэдийнээ үгүй болж үнэн мөнийг олоо биз. Бид харин хэнд итгэх вэ? Бурхан байдаг уу? Тэр энэ их зовлон шаналал, шударга бус зүйлийг алдаад гаргаад ирсэн юм биш биз. Байдаггүй бол бид юу вэ? хэнд итгэж ирсэн юм бэ. Аугаа эрүүчинг уншаад үз. Бурхныг ирэхэд бид танихуу? Бурхны нэрийг баригсадаас ялгаж чадахуу. Ер нь хэнд итгээд байгаа юм бол.. (Жич: Энэ номыг уншихын тулд библи уншсан байх хэрэгтэй боловуу)

"Бүү март, мартвал сөнөнө"


Баабар гуайн энэхүү ном гараад 20 гаруй жил болсон боловуу. Магадгүй надаас ч ах байж болох энэ номыг би саяхан бүрэнээр нь олж харлаа. Номыг эхлүүлээд нилээд хуудас эргэтэл, энэ хүн чинь 20 жилийн өмнө ч ингэж сэтгэдэг, мундаг бичдэг хүн байжээ гэж гайхав. 50-аад төрсөн энэ хүн 90 онд 40 нас хүрж явсны нь санаад АА ТИЙШД гэж бодсон ч. Хаагдмал нийгэмд хаанаасаа ингэж уншиж, бодож боловсруулаад ухуулаад бичээд ном гаргаж чадаж байваа? гэх сонирхолтой бөгөөд хүндлүүштэй асуулт урд минь гарч ирсэн юм. Орос орон бидний ах мөн үү? Орос, Хятад гэх мөнхийн байж болох хөршүүдтэй яаж харьцах вэ? Бид юуг тэдэнд алдаж юуг тэднээс авч байв. ЗХУ яагаад биднийг хоморголон устгаж байваа, коммунизм байгуулахад үнэхээр цагаан цаас хэрэгтэй байсануу эсвэл түүхийн нугачаанд тэд бидэнд юм санасан байсан уу? Уншиж байгаагүй бол уншаад үз. Мартасан дахин санагалзмаар бол уншаад үз.

Үүл бид хоёр

Хайр сэтгэл гэж үнэхээр байдаг юм боловуу? хэмээх асуултыг өсвөр насныхан, мөн томчуул маань ч бодож өөрөөсөө, өрөөлөөс ч асуудаг байж болох юм. Байдаг юмаа гэх ганц хариу сонсоод сэтгэл ханахгүй, мөн өөрөө арай учираагүй гэвч хариугын хайж буй нэгэн байвал "Үүл бид 2"-ыг уншаад үзээрэй. Анхны хайраа хэрхэн тордон өнөө хүртэл явж ирсэн. Амьдралын элдэв бэрхшээлийг хэрхэн хамтдаа даван туулж амжилтанд хүрсэн. Бат-Үүл, Дэлгэртуяа гэх хоёр хүний амьдрал, мөн ардчилалын үнэн түүхийг уншая, мэдэе гэвэл та энэ номыг унших хэрэгтэй.

Атмаан нэртэй ч цайлган нөхөрсөг, шударга зантай Бат-Үүл хэрхэн эхнэр болох охиноо өөртөө татсанаас авхуулаад, амьдралынх нь сонирхолтой үес, алдарт зохиолч С.Эрдэнэ гуайн ч тухай та энэ номноос багагүй мэдэх буй за. Ардчилал яг энэ байдлаараа л бидэнд ирсэн юмуу, арчилалын үед төрсөн, тэр үед ухаан орсон залуус, хүүхдүүд энэ номноос бид ямар үнэ цэнээр, ямар бэрхшээлийг даван туулж энэ замд орсон талаар багагүйг мэдэхийг хүсвэл уншаарай. Уран зохиолын хэллэг бараг байхгүй ч үнэнийг бодит хүнээс нь шууд сонсох, шууд унших сайхан шүү дээ.

Сталиний орчуулагчаар ажиллаж байсан он жилүүд

Орчуулагч Валентин Бережковын өөрийн амьдралын дурсамжаар бичсэн энэхүү номыг Д.Өлзийсайхан, Ч.Чулуунбаатар нар хийжээ. Уншихад хялбар, найруулга сайтай энэхүү ном сонирхолтой дахин унших номын жагсаалтад маань орсон ном. Барин тавин ихээхэн аажуу уужуу уншсан ч Сталин, Гитлер, Молотов, Рүзвелт гээд тухайн үеийнхээ эрх мэдэлтэй хүмүүсийн тухай баримттай өөрийн нүдээр харж, чихээр сонссоноо бичсэн учир тун ч амттай байсан. Дэлхийн 2-р дайны эхлэл, Гитлер хэрхэн Сталинг хүүхэд шиг хууран өөртөө ашигтай байдал бий болгож чадсан. Мөн Америкүүдын баримталж байсан бодлого. Зохиолч өөрийнх нь амь нас хэрхэн дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байсан талаар. Хөх, Улаан харандааны тухай гэх мэт та уншаад үзэхэд лав уйдахгүй ном болсон байна лээ.

Мао Зэ Дун

Улаан хавтастай Мао Зэ Дун хэмээх Гүн-Үйлсийн орчуулгаар нэгэн шинэ ном гаржээ. Баабар, Г.Аким, Ц.Гомбосүрэн нарын Танигдаагүй Маогын намтар хэмээх ном гарж буй гэж сонссоноо гэрийхэндээ хэлэхэд тэд маань шинэ жилээр надад нөгөөх номыг маань бэлэг болготол дээрх Гүн-Үйлсийн орчуулгаар ном байж таарав. Баабар тэргүүтний ном арай гараагүй байсан бололтой.
Номоо уншаад суутал үнэхээр таалагдсангүй. Ном нь муу байсан уу орчуулгандаа байв уу. Сайтар ойлгосонгүй, ойлгохын арга ч үгүй мэт санагдлаа. Ер нь уншаад нэг үзээрэй ч гэж хэлэхээргүй тийм ном байв.Орос зохиолчтой Хятадуудыг, Хятадын удирдагчидын жаал доош нь хийсэн л ном юмуу даа.

Надад бол огт таалагдаагүй. Уншаад хэрэггүи гэж зөвлөх байна.