Oct 31, 2009

Амь

Энэ байгаль дэлхий гэж их сонин юм байх юм. Байгалийн хууль гэх илэрхийлэл байна. Байгалийн хуулийг зөрчих боломжгүй, бүх зүйл, үзэгдэл байгалийн хуулиар явагдана гэх мэт...

Энергийн нэг түвшинээс нөгөө түвшин рүү шилжиж шинэ амь бий болжээ. Өөртөө энерги шингээж энерги ялгаруулангаа өснө, хөгжинө томроно. Тэгээд эргээд уналт явагдана. Алдана, эцэст нь үхэх буюу амь үгүй болно. Гэвч энерги нэг түвшинээс нөгөөрүү л шилжсэн хэрэг. Энэ амь, амьдрал гэдэг зүйлс дотор гайхалтай зүйлсийн нэг нь яах аргагүй хүн. Бодож сэтгэнэ, баярлаж гунина, бодлогшироно, уйлна инээнэ. Гэхдээ амьтанд ч энэ зүйлс бий юу гэвэл бий. Гэвч хүн гэдгээс энэ зүйлээс ялгаатай. Хүн нь өөрөө их хөгжингүй дэвжингүй, амьтадтай харьцуулвал бараг төгс шахуу эд байх.

Хүний амьдрал өөрөө их сонирхолтой байна л даа. Хаана ч төрсөн яаж ч амьдарч байсан. Гаднаас нь харсан ч дотроос нь мэдрэх гэж оролдсон ч. Хүн яах гэж төрсөнөө үхэхээ мэдээд үхэлтэй нүүр тулахдаа ухаардаг байж болох юм. Урт удаан наслаад байгалийн хууль ёсоор амь үгүй болох тэр агшинд хүнд юу бодогддог бол. Эсвэл бие нь өдөр өдөрт доройтоод юу юугүй миний төгсгөл дөхөж дээ гэж мэдрэх тэр агшинуудад хүний дотор юу эргэлддэг бол?

Хоёр сарын өмнө уулзаж байсан хөгшин хэдийгээр тэргэнцэр дээр суусан ч хөгжүүн гэгч нь анх танилцаж байлаа. Ачаа өвөр дээрээ суулгаад тоглох тэр буурай надад ануухан байна даа гэж санагдаж байж билээ. Хоёр долоо хоногийн өмнө уулзахад хэвтэрт орцон, ярьж чадах ч босч чадахгүй болсон байлаа. Ухаан нь саруул хэвээр, оройдоо нэг стакан пиво уучих хэмжээтэй. Дуртай хоолоо идэж чадахгүй ч өөрөө хооллочиж дөнгөхөөр байв. Харин өнөөдөр уулзахад хурхираад хэвтэж байх. Эхэндээ би унтаж байна даа гэж бодож байлаа. Гэвч тийм биш байжээ ухаан нь саруул, харин ярьж чадахгүй нүдээ нээж чадахгүй, хөдлөх гэвэл гараа л бага зэрэг хөдөлгөнө. Ер гарсан тэр буурай ганцхан зүйлийг хэвтэнэ хүлээж байна уу даа гэлтэй. Үр хүүхэд нь таныг хүрээлэн буй энэ олон хүмүүсийг бодоод чадлаарай тэмцээрэй тэсээрэй гэх.

Хүн гэлтгүй энэ байгаль дэлхий дээр буй бүх зүйлс, амь юуны тулд оршин байдаг хэрэг вэ. Эцэст нь ингээл дуусах гэж тэр үү. Амьдралын энэ эгэл мэт атлаа асар гүн хэлхээ хэдийнээс эхлээд хэдий хүртэл үргэлжилэхыг таах аргагүй. Шинжлэх ухаан хөгжихийн хирээр байгалийн нууцыг тайлж бидний өмнө дэлгэсээр байна. Хүний тархи 150 жил амьд байх боломжтой ч, бие нь тиймгүй байдаг байна. Хүний идэж ууснаас уу, амьдралд тохиолдсон элдэв стресс, үйл явдлуудаас уу гэх мэт асуудал дэвшүүлээд түүндээ хариулж байна. Нэг нь явж байхад, нэг нь ирж байдаг. Нэг хөгшин үхлээ хүлээн орон дээр хэвтэж байхад, орныхон доор ой хүрээгүй гуч нь тоголж байх. Нэг талаараа үхэл гэж огт байхгүй эцэс төгсгөлгүй үргэлжилдэг мэт. Хамгийн хэцүү юм шиг нэг зүйл ярьж чадахгүй нүдээ нээж чадахгүй болсон хүний тархи эрүүл саруулаараа байхад юу бодон хэвтдэг болоо. Үхэлтэй хором бүр тэмцэн буй тэр амь эцсийн зорилго нь юу болоод тэгэн тэгэн тэр үхэл гээчтэй тэмцэн байна вэ.

Энэ хорвоо дээр зарим нэг нь амь амьдралын төлөө ийнхүү хичээн зүтгэнэ байхад, өөр нэг хэсэг нь яагаад юман чинээ бодохгүй амиа үгүй хийнэ вэ. Эс бөгөөс хэн нэгний төлөө амиа үл хайрлах, үгүй бол хэн нэгэн хаан, шашны тэргүүн, улс эх орны төлөө хэмээн амиа золино вэ. Үнэхээр энэ бүхэнд утга учир бий юу? Бий бол тэр нь юу гэж? Байхгүй бол энэ бүхэн юунд хэрэгтэй юм?

Oct 27, 2009

Электрон шуудан

Хүмүүс янз бүрийн электрон шуудан хэрэглэдэг байх. Миний хувьд хамгийн анх Hotmail ашиглаж байлаа. Хэрэглэх ч юу байхав нээгээ л тэгээд аяндаа хаагдсан байхдаа. Дараа нь бол Yahoo mail хэрэглэх болсон. Ой тогтоолт муутайгын улмаас олон ч хаяг сольж байсан. Харин одоо хэрэглэж байгаа хаяг маань 6 дахь жилээ үзэх гэж байна гэхээр ой тогтоолт сайжирсан гэхээсээ байнга ашиглах болсонтой холбоотой биз. Харин 2 жилийн өмнө Gmail -д бүртгүүлж байлаа. Гол зорилго нь Google Reader ашиглах байсан юм. Харин Gmail-г блогтойгоо холбож өгснөөр бага багаар танилцаж байсан. Ер нь бол Gmail-д давуу тал их байх шиг санагддаг. Ядаж л хийц нь энгийн тохиргоо сайтай.Attach хийхэд ч тэр хурдан бас хаана юу болоод байгаа нь ойлгомжтой байдаг. Би ер нь өөрөө аливаа юм энгийн байхад дуртай хүн шиг байгаа юм. Simple is best! гэдэгдээ. Энгийн бөгөөд ойлгомжтой. Хичээлийг ч тийм байлгах гэж оролддог. Yahoo mail сайжраад шинэ дүр төрхтэй байсан ч би гэдэг хүн классикын ашигласаар л байлаа. Ерөнхийдөө бол mail-ээ Gmail рүү нүүлгэе гэж бодогдоо л байгаа. Бага багаар шилжиж буй ч нэг удаа гүүгл ах алдаа зааж зогссоноос болоод бас жаахан айгаад байх болсон. Яг хэрэгцээтэй үед тэгээд гацчихвал хэцүү л байх. Гэхдээ та бүхэнд Gmail-ыг санал болгоё.

Хэрэглэхэд тохиромжтой шүү.

Oct 25, 2009

Цөмийн эрчим хүч

1973 оны газрын тосны хямралын үед Япон орон анхны атомын цахилгаан станцны үйл ажиллагаагаа эхэлжээ. Өнөөдөр Япон орон нийтийн цахилгаан эрчим хүчнийхээ 35%-ийг атомын цахилгаан станцаас гарган авч байна. Засгийн газрын төлөвлөгөөгөөр 2009 онд 39%, 2014 онд 41%, 2050 онд 60% цахилгаан энергийг атомын цахилгаан станцаас гаргах зорилт тавиад буй. Тэдний тоног төхөөрөмж нь 50% хүртлээ гаргаж чадна гэж өнөөдрийн байдлаар тооцоолоод байгаа юм.

Мэдээж зөвхөн япон л цөмийн энергид найдаагүй ээ. Дэлхий дээр ойролцоогоор 400 гаруй АЦС буй. Түүний 50 нь Японых. Ерөнхийдөө дэлхийн нийт цахилгаан энерийн 16-17% нь АЦС-аас гаргаж буй гэж үздэг. Харин Франц өөрийн орны 75%-ийн цахилгаан энергийг АЦС-аас гарагн авч байна.

Цөмийн эрчим хүчний давуу тал нь цэвэрхэн, хямд, ашигтай, аюулгүй гэх дөрвөн үгээр тодорхойлж болох юм. Цэвэрхэн гэдгийг өнөөдөр хэнч үгүйсгэж чадахгүй, учир нь нүүрс хүчлийн хий ялгаруулахгүй, хүхрийн оксид ч мөн адил. Тиймээс нефт, нүүрс шиг дэлхийн дулааралд нөлөөлөхгүй, хүчлийн бороо оруулахгүй гэсэн үг. Мөн нүүрснээс, нефтээс олон дахин хямд юм. 1.6 сая тонн нүүрснээс үйлдвэрлэх эрчим хүчийг хагас кг уранаас гарган авна. Тийм ч учираас дэлхийн эрчим хүчний ирээдүй АЦС-д буй гэж дэлхий даяар үзэж буй.

Харин цөмийн энергийн сөрөг тал гэвэл цөмийн зэвсэг ба түүнийг хадгалах арга технологи юм. 1979 оны Three Mile Island, 1986 оны Chernobyl АЦС-ын осол. 2004 оны Mihama дахь 5 хүн үрэгдсэн аваар зэрэг нь энэ талаар санаа зовних асуудлын нэг хэсэг болоод байна. Мөн ашиглагдаад дууссан цацраг идэвхит савуудыг хэрхэх вэ гэдэг асуудал буй. Японд 2000 онд NUMO буюу Цөмийн бохирдолыг шийдвэрлэх холбоо байгуулагдсан. 2020 он гэхэд Япон орон 40 мянган ширхэг хэрэглэгдсэн цөмийн торхийг устгах шаардлагатай болно. Одоогийн байдлаар 300 жилийн хугацаанд газар булах гэсэн аргыг хэлэлцэж буй.

Мэдээж цөмийн эрчим хүчинд олон олон ашигтай тал буй ч сөрөг зүйлс байсаар байна. Гэвч дэлхийн дулаарал, бохирдол зэргийг шийдвэрлэх гарц, нөгөөтэйгөөр ойрийн хэдэн арван жилийн эрчим хүчээ хаанаас олох вэ хэмээх дэлхийн энергийн хямралыг давах арга цөмийн энергийг ашиглах л болж таарч байна. Тиймээс аюулгүй байдлыг анхаарч өөдрөг үзлээр цөмийн энергиэ хэрэглэцгээе.

Oct 22, 2009

ADHD

ADHD (Attention Deficit Hyperactivity Disorder) нь америкийн хүүхдүүдийн дунд ихээр оношлогдоод байна. Хүүхдүүдийн дунд 3-аас 8 % болж, насанд хүрэгчид 4-өөс 5 % болж өсөөд байна. Харин ADHD нь Шинэ Зиландад 6.7%, Германд 8.7%, Хятадад 8.9% тай байгаа бөгөөд, судалгаагаар японд 2.5% буюу 40 хүүхэдтэй ангид 1 хүүхэд гэсэн судалгаа гаржээ. Сэтгэц эмгэг судлалын статистик оношлогооны газрын үзэж байгаагаар ADHD нь хүүхдүүдийн дунд тэр тусмаа 6-7 настай эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдийн дунд их байгааг тогтоожээ. ADHD-ыг гурав ангилах ба "анхааралгүй, хайнга байх", "хэт их хөдөлгөөнтэй", энэ хоёрын хосолмол гэж ангилдаг байна. Анхааралгүй байх гэдэг нь хичээл дээр унтах, хэт мөрөөдөх зэрэг байхад хэт хөдөлгөөнтэй байх нь анги дотор тогтвортой суухгүй байнга гүйх, суух үедээ хөлөө ганхуулж, гарт барьсан зүйлсээ эргүүлэх, анхаарлаа нэг чигт төлөврүүлж чадахгүй байх зэрэг юм.

Өөрөөр хэлбэл ADHD нь сэтгэцийн өвчин эмгэг гэж үздэг ажээ. Хэдийгээр үүний шалтгааныг бүрэн олж тогтоогоогүй ч цөөн тооны онолууд гарч ирсээр байна. Хамгийн эхэнд ADHD нь удамшдаг гэх, үүний эсрэг хэзээ ч хэн нэгнээс удамших бололцоогүй ч үздэг. Мөн жирэмсэн байх үетэй хамаатай гэх нь ч бий. Жишээлбэл согтууруулах ундаа, тамхи ихээр хэрэглэдэг эхийн хүүхэд ADHD-тэй төрдөг, мөн эртэдсэн хүүхэд тийм байдаг гэх мэт... Мөн хүүхэд байхдаа тархины гэмтэл авхаас ч гэж үзэх тохиолдол байдаг, эс бөгөөс хортой бүтээгдэхүүн хүнсний будаг оруулагчаас гэх нь бий, мөн аллерги, сахар, бактер, тэжээлийн дутагдал ч гэдэг байна. Саяханаас америкт Ritalin хэмээх эм гарчээ. Энэхүү эм нь ADHD-г намжаах зориулалттай ба харин цувралаар ашиглахгүй байхыг зөвлөдөг.

Гэвч энэ бүхнийг үл харгалзан зарин хүмүүс энэ бүхэн зүгээр л зохиомол зүйл, эмч нар санаачлаад эмийн үйлдвэрууд гаргасан нэгэн бизнес гэж үзэх нь байдаг. Харин эмч нар үүнийг байдаг гэж нотолж үүнийгээ энэ эмийг хэрэглэх хүмүүсийн тоо өсөж байгааг хэлдэг.

Oct 21, 2009

Болгохуу, болихуу?

С.Баярын засгийн газар энэ намраар дуусаж байгаа гэнэ үү?
Үнэн худал нь мэдэгдэхгүй боршувуу нисээд олонхийг дасгаад дараа нь биеллээ олдог зүйл сүүлийн үед их болдог болжээ. Урьд нь ч байсан л байх. Саяхнаас С.Баяр сайдын биейин байдлаас болоод удахгүй ажлаа өгнө, засгийн газарт халаа сэлгээ орно гэх яриа, нийтлэл тарж байна. Гэхдээ саяхнаас гэж бас хэлэмгүй ерөнхийлөгчийн сонгуулийн дараагаас л даа. Захиалагч нь тэр ч гэх таамаг цугтаа явна. С.Эрдэнэ гуайг улсын их хуралд оруулж ирсэн, Зоригтийн эсрэг Бурмаа гуайг тавьсан гээд таамаглалууд явагдсаар ирлээ. Гүндалайгаар шантаажилсан санал улс төрийн шийдэл, засгийн газраа авч үлдэх арга зам гээд учир нь үл олдох мэт онц сонирхолтой жүжигүүд ар араасаа явсан намар байх шив. С.Баярын засгийн газрын төгсгөлийг харах сонирхолд хэнд байж болох вэ?
За даа хэнд гэдэг нь сонин биш биздээ. Харин засгийн газар тогтвортой үйл ажилаа явуулж байх нь хэнд ашигтай вэ гэдгийг бодвол хэрэгтэй боловуу. Саяхан хийгдсэн гэрээний бэх нь хатаагүй байна. Ажил нь ядаж гольдролдоо ороосой. Нэг үймээд эхлэвэл гэрээ цуцлана гээд гудамжинд жагсах хүмүүс багагүй бий байх шүү. Хийсэн ажил нь үр дүнгээ өгч эхлээд буй энэ засгийн газрыг заавал сольж холих гээд байдаг нь гайхалтай. Гайхалтай ч юу байхав дээ угаас албан тушаалын төлөө явдаг нь хүний араншин хойно, хөнөөгөөд ч болох авхийнсан гээд орондоо нойр нь хүрэхгүй хөрвөөдөг нь нэг бус биздээ. Анх хамтарсан засгийн газар байгуулах гэх үед би хувьдаа эсэргүүцэж байсан. Балиар юмнууд Алтангадасынхантай нийлээд баллаж өгөх нь дээ гээд. Би ч гэлтгүй олон хүмүүс хэлж байсан байх. Бат-Үүл, Элбэгдорж гуай, Баабар гээд л олон хүмүүс хэвлэлээр ч тэр санал бодлоо хэлж байсан. Гэхдээ тун удалгүй Монгол даяар энэ засгийн газрийг хүлээн зөвшөөрчлөө. 7 сарын 1 ны үйл явдлын дараа С.Баяр сайдын нэр нөлөө нийгэмд нилээд унасан боловуу. Дараа нь олимпоос медал аваад байсан үед талбай дээр болсон үйл явдлаас бүүр доошоо явцан. Гэвч хүн сайтай муутай гэдэг хийсэн ажил нь өнөөдөр үнэлэгдэж байна. Зоригт намаасаа нэр дэвшүүлэх үйл явц нь өөрөө намын даргын нэр нөлөө нам дотор хэр байгааг харуулчлаа.

Энэ засгийн газар тогтвортой цаашид үйл ажилаа явуулсан нь дээр гэж миний хувьд харагдаж байна. Гэрээ байгуулахдаа өөр дээрээ гал аваад гараад ирж буй залуу сайд, ерөнхий сайд хоёрт алга ташмаар. Нийгэмд цацсан золбин гүтгэлэг бүгдийн санааг эргүүлж байхад тэд хариуцлагаа үүрнээ гэсээр даваад гараад ирлээ. Монгол африк болохуу араб болохуу одоо хорин жилдээ харагдана биз. Харин дараагийн сонгууль болтол энэ багийг ажилласаар байгаасай гэж би хувьдаа хүсэх байна.

Монгол орны хөгжил яруу сайхан ярьдаг амалдаг улстөрчидын буянаар бус тогтвортой төр, үндэсний үйлдвэрлэлээр л хөгжинө. Ганц газраа ухаад мөнгө олох бус, хийж бүтээж үйлдвэрлэж амьдрах цагыг бүтээцгээе.

Jul 14, 2009

Энэ жилийн наадам

Наадам сайхан боллоо. Улсын ярианаас наадмын нээлт ч сайхан болж, бороо хур тэгш таатай наадсан бололтой. Миний хувьд интернэтээр зурагт хараад бөхөө үзээд сайхан байлаа. Тэгээд наадам хараа сууж байхад бодогдсон бодолуудаа бичье гэж санав.

Юуны өмнө манай төрийн удирдлагад буй хүмүүс ший жүжигийн сонин хувцас өмсөөгүй нь таалагдав. Нээлтээ түүхтэйгээ холбоод жүжигчилсэн маягтай хийсэн бололтой үзэж чадаагүй юм. Ер нь тэгээд аливаа зүйлийг хийхдээ нэг л маягаар бус янз бүрийн шийдлээр сэтгэж хийж байгаа нь талархууштай. За тэгээд иргэдийн амжиргаатай ч холбоотой биз айхтар хонь энэ тэр аваад халуун зун идээд байдаг нь багассан ч юм шиг байна. Тэрнээс бид чинь аливаа нэг баяр гэхээр хэрэгцээгүй баахан амь тасалдаг улс шүү дээ. Хуушуурны үнийг хэт өсгөхгүй гэх зэрэг бас иргэддээ хандсан үйлчилгээ гаргасан боломжийн зүйл сонсогдсон. Мэдээж жилийн жилд яригддаг бие засахын газрын асуудал дахиад л асуудал болох шиг боллоо. Хэзээ нэг энэ наад захын асуудлаас ангижрах юм болоо.

За тэгээд аж ахуйч ярианаас жаахан хазайж Наадам гэх утгаруугаа оръё.Хурдан морины уралдааныг би хувьдаа сайн мэддэггүй болохоор юу хэлэхэв. Ямарч байсан түрүү барианы хэдэн морио олны хөлөөс тусгаарлаж барьж чаддаг болсон бололтой. Тэрнээс манайхан чинь тоосонд нь даруулна. Хөлснөөс авна гээд алчихгээд байдаг улс шүү дээ. Сүүлдээ түрүүлсэн бөхрүүгээ ч хөлсийн авна гээд зүтгээд байдаг болж байсан. Бас л мухар сүсэг гэхүү сонин, яах аргагүй Монгол хүн хурдан морь, Монгол бөхөө хайрладагын илэрхийлэл бизээ.
Сур харваагаа жаахан хөгжүүлэхсэн. Уул нь эрийн гурван наадам гэдэг утгаараа нэгийг нь орхигдуулж яавч болохгүй. Сурв харваанд түрүүлсэн мэргэн харваачидаа шагнал гардуулах, ерөнхийлөгч морилж сум тавих гэсэн хоёр л арга хэмжээ байдаг шиг санадаг болсон. Худалч хүнд сурын талбайд харваачидаас өөр хүн байдаггүй шахуу. Хэдэн гадаадын жуулчид бас үздэг байхдаа. Уул нь сур харваа бөхөөсөө дутахгүй сонирхилтой, өрсөлдөөнтэй боловуу. Яахав сонирхдог нь цөөрөөд, бараг ойлгохгүй шахуу болоод байх шиг. Олимп зэрэг томоохон тэмцээнд зурагтаар үзүүлдэг шиг. Оноог нь гаргаад, харваж буй хүнийг нь ойроос харуулаад олон нийтэд зөв таниулбал бөх сонирхдог шиг сайхан тэмцээн болох байх. Энэ ч утгаараа хичээллэдэг хүүхэд залуус нь нэмэгдэнэ. Ер нь бол ерөнхий боловсролын сургуульд байхад нь хичээлийн програмд нь тусгаж өгвөл. Хямд төсөр материалаар хичээллэж болохуйц нум, сум хийгээд хичээл болгон оруулбал хүнд тэвчээр хатуужил, эрүүл мэндэд ньч хэрэгтэй. Мөн үндэсний соёл гэдэг утгаараа хойч үедээ уламжлагдах том бололцоо боловуу.
Бөх дээр бол ярих хэлэх, засах залруулахм шинэчлэх гээд олон зүйл байх шиг байна. Арга ч үгүй биз Монгол бөхөө сонирхдоггүй, дээдэлдэггүй Монгол хүн үгүй бизээ. Тиймдээ ч олны анхаарлын төвд байж, шүүмжлэлд ч их өртдөг биз. Энэ жил сайхан барилдах ёстой гэж бодсон бөхчүүд маань найраанд орчивуу яав. Начины даваан дээр яваад өгчих шиг. А.Сүхбат аваргын хэлээд байгаа нь уул нь зөв гэдгийг бүгд л мэдэж байгаа. Харин тэмцэж буй хэлбэр нь хэр зөв юм байгаан. Монгол бөхөд нутгархах, жалгархах сэтгэлгээ үгүй болно гэж байхгүй. Энэ нь байснаараа ч улам сонирхолтой олон түмнээ баясгадаг байх гээд хэлчүүл буруудахгүй биз. Хүн бүр өөрийн нутгын бөхийг дэмжиж цол нэмээсэй уран хурц барилдаасай гэж хүлээж суугаа. Харин тэр сэтгэлийг нь үл хүндэтгэн мөнгөөр ч юмуу худал барилдах нь тиймхэн юмдаа. Дэмжиж болно гэхдээ шударга өөрийн хүч чадлаараа гэх чин шударга сэтгэлгээтэй байвал сайхансан. За тэгээд үндэсний бөх жил өнгөрөх тусам илүү мэргэжилийн маягтай болж, уран хурц хөдөлгөөнтэй хийтэй барилдаанаас илүү жин нэмсэн, хийгүй төгс барилдаан руу явж байх шиг байна. Энэ нь буруу биш ч үзэж буй хүмүүстэй сонирхол багатай цаг их иддэг болж ирсэн. Тэрийг нь дүрэм баталж засах гэж оролдсон нь зарим талаараа зөв ч зарим нэг алдаатай зүйлүүд байсаар л.. Цаг хугацаагаар барьж өгснөөр бөхчүүдээ ч, үзэгч олноо ч ядраахгүй амар болсон ч, шодож барьц сонгуулдаг болсоноор нуухын авах гээд нүдийг нь сохлов гэгч л болсон бололтой. Ерөөсөө сонирхолтой барилдаан үгүй болоод цаг хүлээсэн шодчих гэсэн азанд найдсан талруугаа орцон ч юм шиг. Бэлтгэлээ тэрэнд тохируулж хийгээд ч байгаамуу. За тэгээд чацтай бяртайд нь илүү боломжтой болоод, мэхийн тал нь гээгдээд байгаа шиг. Зөв шийдэл олоход төвөгтэй байх, мэдээж үндэсний бөх маань жил ирэх тусам шинэчлэгдээд байгаа болохоор зөв тийшээ явах байх гэж найдаж байна.
Мөн мэдээж Монгол бөхчүүд маань олон түмнийхээ бөхөө хайрладаг сэтгэлийг нь хүндэтгэж ажил амьдрал дээрээ ч жудагтай, Монгол бөхийн нэр хүндийг өндөрт өргөж яваасай.

Хойтон жилийн наадамч хол байна даа хол байна.

Jul 11, 2009

Сайхан наадаарай!

Жилдээ ганц болдог улсын наадам. Морь, бөх, сур гээд сайхан шүү Монголын минь наадам. Дэлхий хаа ч байхгүй Монгол үндэстний сайхан баяр юмдаа. За тэгээд одоо ч Монголоороо нэг наадсан налайсан улс байгаа байхдаа. Наадмийн хуушуур, айраг, ундаа гээд л... Бүгдээрээ бөх ярьцгаагаа л морь мэддэг нь морио яриа л..
За тэгээд зуны сар зургаа бишдээ гэдэг шиг наадмаа хийчээд буцаад ажилдаа хурдан орцгооно биздээ. Нэг наадамлахаараа 9 сар хүртэл наадамладаг ард түмэн шүүдээ. хэхэ.

Миний хувьд хичээлдээ яваад л байж байна даа. Хятад хэл үзээд л үзэх тусам Монголчууд бид чинь хятадаар яриад байдаг юмуу Монголоор юмуу гэж гайхах юм. Яасан ч их хятад үг албан бусаар орж ирээд иргэд шиг нь суурьшсан байдаг юм. Худалч хүнд хятад хүн жаахан удаан ярихад бараг ойлгочих гээд байгаа юм бишүү. Хэл ярианаас гадна энэ бичиг үсэг байна, крилл үсэг Монгол хэлэнд хэр авцалддаг юм бэ гээд л маргаан олон жил боллоо. Монгол бичигрүүгээ оръё л гэнэ. Латин үсэг болгъё л гэнэ. Аль нэг рүү нь орохгүй юм бол ядаж криллээ янзлаасай. Хэрэгтэй хэрэггүй энэ сонин сонин үсгүүд, щ,ъ, ь, хагас и, ы гээд .. Дүрэм ч гэсэн их сонин болцон, ойлгомжгүй хэн нь одоо алдаатай, хэн нь алдаагүй бичиж буйг ялгахад ч төвөгтэй шинэ дүрмээр чинь ийм болсон шдээ хө л гэнэ.

Ер нь Монгол бичиг гэхээр Өвөр монголын бичиг ч юм шиг санагддаг болсон байна л даа. Эртнээс томоохон эрдэмтэд Монгол бичгээ хэрэглэе үндэсний соёл шүү дээ гэдэг байсан. Одоо хоцорчихоогүй бол Монгол бичигрүү гээ орчихвол яадаг юм бол. Гэхдээ эгшиг гийгүүлэгч эгшиг гэсэн эрэмбээрээ байх уу, өөрчилж болохуу ч гэдэг юмуу, мөн мину абу гээд бичээд миний аав гэж яриад байхуу гэх мэт асуудал. Мөн хэл шинжлэлдээ хамаардаг нарийн төвөгтэй асуудал байдаг л байх. Гэвч болохоор бол хэн нэгэн зоргитой хэл шинжлэлийн хүн хийгээсэй. Төрд санал тавиад батлуулчаасай.
Криллийг бол нээх үзэн ядсан ч юм байхгүй л дээ. Яахав болоод л байна. Гэхдээ Монгол орон чинь өөрийн гэсэн хэлтэй, бичиг соёлтой ард түмэнтэй шүү дээ. Олон мянга, олон зуун жилийн түүхтэй, соёлтой, заншилтай, энэ талаараа дэлхийд тэргүүлчиж болох учир энэ байдлаа дээш татаад өсөн нэмэгдэх замруу чиглээсэй гэж бодох юм. Ядаж л хэрэгтэй хэрэггүй аймаар дүрмүүд нь хэл сэглээд маш хатуу хэллэгтэй болсон шиг санагдах юм. Гадаад улсууд бидний яриаг сонсоод кахх кухх л гээд байх юм гэдэг.

Бидний ярьж байгааг сонсоод за одоо энэ хэд ч бие биенээ балбаад унанадаа гэж бодохоор пар пар инээлдээд эхэлдэг гэх. Хэхэ наргиантай юм ярьж байгаа нь ядаж л хэрэлдэж байгаа мэт сонсогддог байх нь байна шүүдээ. Тэгээд босоо бичигтэй, хүсэл эрмэлзэл нь дээшээ чиглэсэн сайхан ард түмэн, хүсэл нь биелдэг байгальдаа энэрэлтэй сайхан орон. Одоо цагт л өнгө мөнгөнд шунаад байгальтайгаа зүй бус харьцах, хүнийг хүн чанараар бус хэтэвчээр нь хэмжээд байх шиг. Гэхдээ сайн цаг ирнэ гэдэгт итгэдэг. Монголчууд биднээс сайн сайхныг хүссэн гэрэл гэгээ цацарж байдаг гэж би хувьдаа боддог юм. Хэзээд аливаа зүйлд сэтгэлээсээ ханддаг, тусархаг, өрөвч ийм л ард түмэн.

Сайн сайхан цаг ирж буй бизээ. Аливаа зүйлд чин сэтгэлээсээ хандаж эх орон, гэр бүлээ хайрлан, инээмсэглэл дүүрэн аж төрцгөөе.

Та бүхэн сайхан наадаарай!

Азийн цээжин дэхь Монгол гэдэг
Аугаа нэрийг сэлмээрээ сийлсэн
Тал шигээ сэтгэлтэй уул шиг хүмүүсийн
Тасархай нь гэдгээ мартаж болохгүй.

Jul 8, 2009

Монголын хийморь

Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол дээр цэргийн жагсаал хийгээд сайхан байнаа. Улс орны хийморь сүлд гээд хэлчихвэл нээх зөрөхгүй биз. Удахгүй болох наадмаар цэргийн парад төв талбай дээр жагсах сурагтай. Аа мөн сайхаан. Цэрэг жагсаад буу агсахад нь дуртай байгаа бус, харин эр цэргээрээ эх орон нь бахархаад энгийн иргэд нь түүнийгээ хараад улс орон маань хамгаалах цэрэгтэй, тэднүүс нь буугаа үүрээд эрч хүчтэй алхаж байхыг нь харахад мэдээж сэтгэл тэнүүн болох байх. Ер нь ч саяханаас манай орны батлан хамгаалах сайжраад байгаа мэт. Гадны орнуудруу энхийг сахиулахаар явуулж байна. Гадагшаа дотогшоо өөр орны цэргүүдтэй хамтарсан бэлтгэл хийгээд л болж байна шүү дээ. АНУ-н цэргүүдтэй хилийн ойролцоо бэлтгэл хийгээд Оросыг нь билүү Хятадын дургүйцлийг төрүүлээд авлуу яадаг юм.

Манай орон уул нь газар нутгаараа улс төрийн онцгой бүсэд байрладаг гээд байдаг байхаа. Евроазийг холбосон улс ч гэдгээрээ тэр, их гүрнүүдтэй хил залгаа утгаараа ч тэр гадаад харилцаа талаа маш зөв зохистой авч явж байх ёстой санагддаг. Хойд солонгосын асуудалд ч бид Хойд солонгосуудтай найз, Өмнөд солонгостой бараг ах дүү, за тэгээд Японуудтай дотно, Америктай бол мэдээж, Хятад Оростой сайн хөршийн харилцааттай гээд. Хойд солонгосын асуудалд дундыг баримтлан эвлэрэл энэ тэрд нь үүрэг рольд тоглоод явбал яадаг юм бол гэж бодогдох.

Мөн аялал жуулчлал хөгжүүлж түүнээсээ мөнгө олно гэж их ярьдаг байсан одоо ганц уурхайнаас өөр юм бодохоо байсан бололтой. Уул нь Их Монгол улс байгууллагдсаны 800 жил гээд баахан жуулчин авчирна гэж байсан чадаагүй тэгээд 7сарын 1 энэ тэр гээд өөрсдөө үргээчихдэг улс бололтой. Гэвч бидэнд их боломж бий Япон орны иргэдийн визанаас чөлөөлчүүл яадаг юм байгаан, олон аялал жуулчлалаар мөнгө олдог орон япон, америкийн иргэдээс виза нэхдэггүй байхаа. Тэд нэг оронд очоод харлаад юмуу, бизнес хийгээд суугаад байх нь бага шүү дээ. Ер нь мөнгөтэй нэг нь орж ирээд хууль ёсоор нь бизнес хийх нь юу нь буруу байхав. Бас онгоцны үнийг хямдруулж болдоггүй юм боловуу. Монголруу 2 талын билет авах мөнгөөр Хавайд 2 долоо хоног амрах зардал онгоцны билеттэйгээ бахдаад байдаг. Жаахан наануу цаануу бодож үнэ тарифаа тогтоомоор ч юм шиг. Яахав цөөхөн онгоцтой нислэгийн тоо бага байдаг л байх. Арай гэж амьтай голтой явдаг л байх. Тийм бол олигтойхон буудал бариад онгоцоо арвижуулаад, аялал жуулчлал талаа хөгжүүлбэл яасан юм бэ. Өвөл, зуны хуваарьтай зун нь морин, машин, завин, тэмээн аялал гээд, өвөл нь машин, нохойн чаргатай аялал энэ тэр гээд ч юмуу. Мэдээж үзүүлэх харуулах юм барих нь чухал. Гэхдээ жуулчид өндөр янзтай байшин, айхтар байгалийн тогтоцод дуртай ч тухайн орны иргэдийн аж амьдрал, аялал жуулчлалын бизнес талд нь их анхаарал тавьдаг мэт. Жуулчины томоохон баазууд тийм үзүүлбэр үзүүлчих ажилчидыг бэлдээд, морин дээрээс бай харваад, циркийн үзүүлбэр, бүүр болохгүй бол жуулчидыг оролцуусан адал явдалт кино шиг зүйл хийх боломжтой шүү дээ. Жуулчидыг гол дүрд нь тоглуулаад ой, хөдөө хээрээс Барон Унгерны алтыг хайлгадаг ч юмуу.

За тэгээд эцэст нь эр цэргүүд жагсаад Монгол орны хийморь лундаа бадрах болтугай.

Jun 29, 2009

Зам

Миний явсан ба явах зам ямар нэгэн замны үргэлжлэл байх нь тодорхой, өөрөөр хэлбэл би төрөхдөө л аливаа нэг замын үргэлжилэл дээр гишгээд л эхэлсэн гэсэн үг. Гэхдээ би явах замаа өөрийн гараар бүтээхийг хүснэ. Хэн нэгний алхаад өнгөрсөн дардан ч юмуу далий ч юмуу замаар бус бүхнийг хоёр гараараа бариад түүн дээгүүрээ бардам алхана. Миний зам дээр миний үр хүүхэд, намайг дагалдагчид маань алхах бөгөөд энгийн, ойлгомжтой тэрхүү замын үргэлжилэл болно.

Jun 28, 2009

Монголын түүхийн талаарх илүү үг

Уншсан ном маань цөөн, тэр тусмаа түүхийн талаар уншсан ном гэвэл гарын арван хуруунд ч багтаж мэднэ. Үүнээсээ ичдэг, гэхдээ уншсан номнууд маань дажгүй чанартайгаас нь таарж уншсан боловуу гэж найддаг. Түүж бус таарж л уншсан л даа. Дотоодын номнуудаа, мөн зарим гадаад эрдэмтийн Монголын түүхийн ном ч гэдэг юмуу. Гэхдээ өөрийн уншиж байсан явцаа хараад байхад тухайн хүний үзэл бодол руу далбийгаад явах бус, үйл явдалын тойм, түүхэн эргэлтүүд дээр анхаарлаа төлөвлөрүүлж байсан шиг санагддаг. Үүнийгээ ч зөв байжээ гэж дүгнэдэг. Хаа нэгтэй найз нөхөдтэйгээ түүх ярьж байхад маргаан гардаг, маргаан болмогц тэр номон дээр тэгж бичсэн байдаг, яагаад ч тэгж бодож болохгүй чиний бодол номтой зөрчилдөж байна гээд байдаг. Юу хэлэх гэсэн вэ хэмээвээс мэдээж болсон үйл явдалыг болоогүй гэж мэтгэхгүй нь мэдээж, (эргэлзээтэй байж болно л доо болсон болоогүй гээ л..) тэгэхээр үйл явдалд хийсэн дүгнэлт дээр саналын маргаан гараад ирдэг. Хаанаас нь хэн харж бичсэн гээд л..

Нэг хэсэг энэ олон тайлбар дүгнэлтүүдээ Монголчууд цэгцэлээсээ гэж боддог байлаа. Дархлаа байхгүй түүхтэй, гадны эрдэмтдээр судалгааны сууриа хийлгэцэн тэрэн дээрээ өөрсдөө түүхийн ордоноо босгосон санагддаг. Ингэж бодож яваад санамсаргүй нэгэн номтой учирсан юм. Ч.Чимэгбаатар гуайн "Охиндоо хүүрнэх Монголын түүхийн учир" хэмээх. Токио дахь "Монгол таун" нэртэй хоолны газар хэсэг найзуудтайгаа хоол идэн суугаад, олон жилийн өмнө яг л миний энэ явсан замаар ирээд сурдагаа сураад, эндээ гэр бүлтэйгээ амьдран ажилладаг ахтай таарсан юм. Мэдээж номын ах гээд хэлчихэд буруудахгүй хүн тул мэнд мэдэн, хэсэг ярилцан суухад "Чи өөрөөрөө бахархах ёстой, улсын зардалын техникийн коллежээр ирсэн олон залуучуудын нэг нь болж ирсэндээ. Бид жил жилээр ирсээр одоо томоохон нэгэн бүлэг болсон байна. Корпраци л гэсэн үг. Бидний дундаас их хурлын гишүүн гарлаа, чадварлаг инженерүүд гарлаа. Монгол орноо хөгжүүлэх, хөгжилийн түүчээ болох болноо." гэж хэлсэн юм. Тэгээд надад нэгэн ном өгье гээд жижиг авсаархан нэгэн ном өгөөд заавал уншаарай гэв. Би та эндээ дурсгал болгоод нэг үг бичээд өгчих гэхэд, би юугаа бичихэв харин энд зохиолч нь байгаа тэр хүнээр бичүүл гээд дагуулж очив. Ч.Чимэгбаатар гуай өөрийн гарын үсгээ, огноотой нь бичээд надад өгсөн билээ. Тухайн үед надад ямар хүн ямар номоо өгч байгааг үнэндээ юу ч мэдээгүй. Уншсан хойноо интернэтээс нэрээр нь хайхад, "Монголын хэл шинжлэлийн урдаа барьдаг эрдэмтдийн нэг, одоо Япон Улсад амьдарч буй доктор Ч.Чимэгбаатар, Токиогийн Монгол Академийн захирал, Монгол судлаач, доктор Ч. Чимэгбаатар." гэх мөрүүд гарч ирж билээ.

"Охиндоо хүүрнэх Монголын түүхийн учир" хэмээх номыг уншсанаар дотор яваад байсан асуултууд, илэрхийлж чадахгүй байсан бодлууд гараад ирэх шиг, номны мөрүүд дээр дуурайж байсан. Хүнтэй ярилцаад санал нэгдэх сайхан, ном уншаад зохиогчтой нь санал нэгтэй, үзэл бодолыг нь дэмжиж санаа авч цааш үргэлжлүүлэн эргэцүүлэх бүр сайхан.

Энэхүү бичлэгийг энэ номны санаагаар, өөрийн бодлоор бичлээ гээд хэлчихэд ер нь болох байхаа. Гэхдээ зохиогчийн хэлэх гэсэн санааг дутуу ойлгон, энэ оюуны бүтээлийг нь гутаачихвий гэж эмээж байх ч уншигчийн бодол, миний өөрийн үзэл энд шингэсэн байгааг ойлгон уншихыг хүсье.

Мэдлэг хэмээх зүйлийг хүн төрсөн цагаас эхэлж хураан авч, амьдралдаа хэрэглэн, өөрийн оюуны чадлаар баяжуулж цааш хөгжүүлэн явдаг. Энэ нь ч хүн хэмээх зүйлийн утга учирын нэгээхэн хэсэг болдог биз. Гэвч дээрх мөрөнд нэгэн зарчимын хувьд алдаа байгаа нь хүн төрснөөр мэдлэгийг өөрөө бий болгодог бус, эртнээс уламжлагдан ирсэн мэдлэгийн үргэлжлэл болон явдаг билээ. Өвөг дээдэсийн үлдээсэн оюуны болон материаллаг их өвийг өөртөө шингээж, амьдралдаа хэрэглэдэг. Гэвч энэхүү мэдлэгийг хүлээн авах нь төрөл нь өөр өөр, тухайн нийгэмдээ, аж төрөн буй газраасаа мэдлэгийн байгалийн зөн совингоороо хүлээн авдаг байхад мөн суралцах, унших сонсож олж авч ч байгаа. Үүний дунд нэгэн томоохон салбар нь түүхээс олж авах юм. Түүхийг уншиж судалж эргэцүүлж, амьдралын эрчээ болгон явах нь хүний амьдралын салшгүй хэсэг байх ёстой.
Өөрөөр хэлбэл хувь хүн өөрийн гэр бүлийн түүх, болсон явдал өвөг дээдэсийн тухай мэдээ, мэдлэгийг гэр бүлээсээ хүлээн авч, миний гэр бүл чинь ийм юм хийж бүтээж ингэж аж төрж байжээ. Би нас бие гүйцэхээрээ энэ сайхан гэр бүлийн нэр төрийг өндөрт өргөж улам мэдлэгийг дээшлүүлж явах ёстой бөгөөд үүнээс дор яавч байлгаж үл болно гэсэн ухамсарыг олж авдаг байх учиртай.
Харин хувь хүн үндэсний түүхээ үнэн мөнөөр нь мэдэхийн сацуу, түүхийн, оюун санааны дархлаг өөртөө бий болгож авах нь тухайн улсын иргэн болсны үүрэг байх ёстой. Иргэн бүр ийм байж чадваас үндэстний хувьд их эрч хүчээр улс орноо сайн сайхан авч явж хөгжүүлэх нь тодорхой бизээ.

Харин Монгол хүнд энэ чадвар, түүхийг үнэн мөнөөр нь хүлээн авах, оюун санааны дархлааг хэр бий болгож чадаж байгаа вэ? Монголчууд үр хүүхэд хойч үедээ энэ мэдлэгийн их ундарга, аугаа түүхийг хэр өвлүүлж чадаж байгаа вэ?
Бид түүхчидын тоогоор, сурах бичигээр, түүхийн тухай гарсан номоор, 1 түүхийн багшид оногдох сурагчидын тоогоор энэ үзүүлэлтийг яагаад ч харж болохгүй. Тоон утгаас илүү чанар хамгаас чухал. Түүхийн мэдлэг, түүх сонирхогчидийг чанараар нь авч үзвэл эмгэнэлтэй л үр дүн гарах боловуу. Тэр тусмаа дархлаа талаас нь аваад үзвэл эмгэнэл харагдана гэж хувьдаа үзэж байна. Түүх сонирхдог залуу үе гэвэл нууц товчоо зэрэг номыг а б гүй цээжилцэн аливаа түүхий насуудал ярихаараа нууц товчооноос өөр жишээ авдаг зүйлгүй. Аливаа зүйлийг номны мөрөөр сэтгэж ярилцдаг ийм л үе бий.
Шүүмжлэлтэй хандах зүйл бол залуу үерүүгээ дайрах бус тэднийг бэлтгэгч багш нар, заах мэдлэгийн эх сурвалжийг гаргаж өгөгч түүхийн эрдэмтэдрүү чиглэх ёстой. Бие даасан хэмээх эрдэмтэд нь Монголын түүхийг оролдож буй гадны улсуудын санаанд цохилт өгч, хамгаалж, Монголын залуу үедээ үнэн түүхийг түгээж, эх орноороо бахархах сэтгэл, оюуны дархлааг бий болгох ёстой бизээ. Мөн тулгамдаад байгаа маргаантай байгаа түүхэн асуудлуудыг яаралтай шийдэж нэгэн цогц түүхийн оюуны өргөөг босгох хэрэгтэй байна. Гадны эрдэмтдийн үзэл шингэсэн, өмнөх үейин түүхийн судлах арга барилаас яаралтай гарж, бие даасан Монгол үзэл баримталруу шилжих нь юу юунаас илүү тулгамдаад байгаа мэт.

Мөн хөгжилтэй орнуудын хөгжилийг гайхан биширч, өөрийн орны хоцрогдсон байдал үгээгүй ядууг шогшрон, гаднаас хөрөнгө мөнгө, амьдралын шинэ хэв маягыг цутгахын хамт гадны соёлыг өөрийн орондоо оруулахдаа сайтар бодох хэрэгтэй мэт. Баяр цэнгээн гадны соёлыг тэр чигт нь хуулж, эцэг өвгөдөөс уламжлагдан ирсэн агуа соёл үгүй болж байгаа. Үндэсний бүжиг, дууг мэргэжилийн хэдхэн хүн чаддаг, ард түмэн нь нийтээр барууны соёлоор хувцаслаж, тэдний иддэгийг идэж, дуулдагыг дуулж, бүждэгийг бүжсээр.. Үндэсний соёлоо олон нийтийн дунд гаргах аваас аягүй бол адлуулж шоолуулах хэмжээнд тулаад буй. (Та нэг баяр цэнгээнээр бүжигийн талбайд гараад ардын бүжиг хийгээд үз хэрхэн хүлээн авах бол.. Хүний толгойд бараг багтахгүй биз. Энэ зөв үү буруу юу?, Монгол дээлтэй гадуур явбал таныг хөдөөнийх л хэмээн ад үзэх болуу) Монгол соёлыг гадныхан хоцрогдсон гэж хэлэх нь зөв үү. Энэ их олон зуун жил хуралдсан дэлхийг гайхан бишрүүлж явсан соёл харин ч гайхагдан бусад нь хуулж байх ёстой атал бидний буруугаас, өөрсдийн минь арчаагүйгээс хоцрогдсон хэмээн адлуулж буй билээ.

"Цэрэг хүн буу бариад эх орноо хамгаалдаг бол, эрдэмтэн хүн ухаанаар эх орноо хамгаалдаг юм. " 45-т тал.

Алдаатай түүхийг түгээж, түүнийг нь урлагынхан санаа авч уран бүтээл хийж ард түмэнд тарааж байна. Гадны найруулагч түүхийг гуйвуулж кино хийхээр дотроо бид шүүмжлээд байдаг хэрнээ. Дотоодын эрдэмтэд нь утгагүй балай зүйл хийхээр анзаарахгүй өнгөрөөд байдаг нь сонирхолтой.
Монголын түүхэнд Чингис хаантай энэ зэрэгцэх хүнээр Жамухыг тодруулсаар удаж байгаа биз. Жамуха хэрвээ хаан байсан бол гэх санаа ч цухалзаад байдаг, "Их эрдэмтэн Ц.Дамдинсүрэн <Манай хатиган овгийн Жадраны Жамуха сэцэн бол их ухаантай хүн байсан. Танай түүхчидын хэлж байгаа бол Жамухын үнэн дүрд үл нийцнэ. Хэрэв тэрээр Монгол улсын хаан болсон бол их л ухаалаг удирдах байсан даа хэлсэн нь түүх ч эрдэмтэн Ч.Далайн номд бий.>" Хэрвээ тэгсэн бол ингэх байсан, тэр үед ингэчихсэн бол бид өдийд ийм байх байсан гэж ярих нь буруу хэмээн миний хувьд үздэг. Түүхээс суралцах нь мэдээж түүхийг судалж буйн гол утга нь мөн боловч. Алдаа оноог нь цэгнэж, алдааг давтахгүй, оноог мөрдөлгөө болгож явахаас, бид тэгэхэд тэгэх байсан юм хэмээн халаглан суух нь яав ч эрүүл бус билээ. Тэр тусмаа дээрх Ц.Дамдинсүрэн гуайн хэлсэн үг үнэхээр үнэн бол хариуцлагагүй үг шиг санагдах юм. Бид Чингис хаанаа өргөн, түүний хийснийг үнэлж үндэстний их эрчээ болгон цаашдын он жилүүддээ үнэт зүйлээ болгон явах ёстой атал харин ч доош нь дарж, хэн нэгэн өөр баатарыг эсрэгцүүлэн тавих нь хэнд ашигтай билээ. Үүний үргэлжлэл гэлтэй саяханы гарсан "Үхэж үл болно" хэмээх кино нь дээр Жамухын дүрийг ихэд тодруулан, Жамуха ухаалаг тулдаа хаан ширээнээс татгалзан амиа өргөж буй мэт харагдуулсан нь хачирхалтай. Мөн Чингис хааныг сул дорой мэт, дүү хасар нь ажлийн нь хийж өөрөө өвс ногоо түүсэн шигээ алхаж байгаа кадр гаргасанд ихэд эвгүй сэтгэгдэл төрсөнөө нуух юун.

Зарим нэг орноос зориуд гарган буй Монголыг үндэстнийх нь хувьд, түүхийг нь ч гутаах явуулга гарч ирэхэд дуугуй суусаар няцаалт хийдэггүй хачирхалтай үзэгдэл байдаг. Өөрсдийгөө өмөөрч буй санаа нь Монголын аугаа түүхийг дэлхий мэднэ, нэг жижиг явуулга дээр сөхөрдөг нь бид бус хэмээх хариулт байдаг. Гэвч түүх хэмээх зүйл нь их эмзэг агаад, үнэн мөнөөсөө гажих, хиртэж булингартах нь бишгүй байдаг. Өнөө цагт хэн мөнгөтэй хөрөнгөтэй нь мөнгө хаяж бусдын түүхийг гутааж шинээр бичих гэж оролддог болоод байна. Иймэрхүү болчимгүй зүйлсэд бид хариуг нь барьж залруулга хийлгэж авч байх нь чухал асуудал болуу.
Евроазийн үзэлтэй Орос эрдэмтэд хүч түрэн гарч ирсэн нь 20р зууны эх бөгөөд үүний ноён оргил нь Гумёлив билээ. Энэ хүний багш, шавь нарын цогц судалгаа хүчээ авч Монголын эрдэмтэд эдгээр судлагаа нь дээр хундаам хийн цааш нь үргэлжилүүлсэн болвуу гэж би хувьдаа ойлгодог. Г.Сүхбаатар зэрэг эрдэмтэдийн судалгаа ч тийм замналаар явсан шиг байдаг. Өнөө үед Орос орон ихээхэн хүчээ авч, эдийн засаг, зэр зэвсэг гэлтгүй соёл, шинжлэх ухаанд ч цар хүрээ нь дахин хүчтэй гарч ирж байна. Сергей Бодровын кино ч В.Путины авч хэрэгжүүлж буй үзэл баримтлалын нэгэн хэсэг шиг харагддаг. Хятад орон Монголын түүхээр оролдож эртнээс элдэвээр бохирдуулах гэж оролдож ирсэн, гэвч тэдний явуулгын цар нь бага, санаа нь богино байдаг. Харин Гумёливийн түүх дээр суурилсан Орос эрдэмтэдийн шинэ явуулга Монголчууд бидэнд хэрхэн тусах болоо. Нэгэн хундаам дээр суурилсан түүхийг Оросууд нэг тийш нь хэлбэлзүүлэхэд Монголчууд бид хэрвээ бэлтгэл муутай байх аваас хамгаалалтгүй нүцгэн ноёнтой сууж байгаагаас ялгаа юу байхав.

Тэгэхээр дээгүүрээ ярилцаад энэ асуудал дуусчих эд биш тул бид сурах бичигүүдээ шинчилж, алдаа мадаггүй эргэлзээ үгүй чанартай түүхээр залуу хойч үеээ бэлдэх нь чухал билээ. Евроазийн үзэл нь Монгол орон 13р зуунд цойлон гарч ирж дэлхийд бодлог тодорхойлж байсан бус, харин ч тухайн үейин Евроазийн орнуудын хамтарсан их улс байсан гэж үздэг үзэл. Одоо энэ инээдтэй сонсогдож байгаа ч хэсэг хугацааны дараа бид энэ хэвээр байсаар байх аваас өөрсдөө ч энэ худал түүхд итгэж эхлэх болно.
Түүхэнд шинэ санаанууд мэр сэр гарсаар байдаг биз. Мэдээж түүхч хүнээс өөр хүн гаргаж болохгүй гэж байхгүй болохоор. Өөрийн уншигчтай, нэртэй хүмүүс ч барин тавин санаанууд гаргадаг. Үүний нэг илрэл нь сэтгүүлч Б.Цэнддоо гуайн "Соёлын довтолгоо" номонд буй Чингис хаан дэлхийг эзлэе гэсэн санаатайгаар бус бэлчээрээ томсгоё л гэж бодоод сэлмээ бариад морио унаад давхисан юм биш үү. Харин байлдаж явсаар далайд ч тулж, юм энгийн байдаг шүүдээ хэмээсэн байдаг. Энэ санаа нь ёгт агууламжтай хошин байдлаар хэлсэн боловч үнэн баримтаас жаахан гажуу мэт. Чингис хаан олон улсын эзэлж, түүнээ зөвхөн талаад өнгөрсөнгүй шинэ удирдлага гарган тавьж цоо шинэ улсуудыг бий болгож байсан. Мөн эх орондоо гадны олон эрдэмтэдийг цуглуулж, олон инженэрүүдийг авчиран гайхамшигийг бүтээх гэж оролдож байсан билээ. Олон олон баталгаа нотлгоо Чингис хаан гагцхүү байлдан дагуулагчаар үл зогсон аугаа удирдагч байсныг тодотгодог. Ийм хүнийг бэлчээрээ томсгох гэж явсан гүнгүүгүй сайхан малчин эр шиг санах нь наанадаж л шударга бус цаанадаж Монголын түүхэнд халгаата эд шиг.

Төгсгөлд хэлэх үг маань бид түүхийг уран зохиол шиг санах бус, цаашдын бидний хөгжилийн гол түлхүүр, үүнийгээ ашиглан байдаг л нэг хөгжсөн орон бус жинхэнэ соёл уламчлал, өнө эртний мэдлэгээ амьдралдаа хэрэглэдэг үндэстэн болох нь хамгаас чухал билээ.

Хөгжсөн орнууд Монголд атаархаж байна. Тэд бидний хоцрогдсонд атаархаж байна. Тэд хөгжсөн, хөгжилийн их хурдныхаа үед өөрсдийн үнэт зүйлсийн ихэнхээ үгүй хийсэн. Харин Монгол оронд хөгжих боломж байна. Бидэнд сургамж авах түүх, санаа авах жишээ байна. Бид алдаа бага гаргаж хүчирхэг үндэстэнтэй улс орон бүтээх ихээхэн боломж гэрэлт ирээдүй бий.

2009.06.28