Dec 3, 2012

Мэтгэлцээн

Саяхан Баярцогт, Ганбаатар нар Үндэсний тв-гээр мэтгэлцдэг юм байна. Мэтгэлцэх болсон шалтгаан нь Оюутолгойн гэрээ агаад, мэтгэлцээнд дуудсан олонд Фэнгшү хэмээн танигдсан УИХ гишүүн Ганбаатар ажээ. Мэтгэлцээн ямархуу байдалтай эхэлж, өрнөж, дууссаныг бүгдээрээ мэдэж байгаа. 

Энэ мэтгэлцээний талаар би хувьдаа ямар нэгэн зүйл блог дээрээ бичье гэсэн бодол бол байсангүй. Харин хүмүүсийн тэдний талаар бичсэн нийтлэл, бодрол, бас твиттер дээрх яриа, нийтлэлийн элдэв сэтгэгдэлүүдээс хараад өөрийн бодлоо хуваалцая гэж санав.

Мэтгэлцээн эхнээсээ шууд Баярцогтын түрэмгийллээр эхэлсэн билээ. Мэдээж стратеги гэдэг юмуу арга барил талаасаа зөв байж болох ч. Хэн асууж, хэн хариулж явах нь тун тодорхой иймэрхүү мэтгэлцээнд байраа буруу эзлээд, илүү харагдая, амын нь таглая гэж байгаа нь илт тул эхлэлээсээ зэвүүцэл төрөх аж. Баярцогтын 20000 хувьсагчтай тэрхүү тооцоог Ганбаатар мэдээгүйгээрээ буруутаж, харин мэддэг чаддагаараа Баярцогт дээрэлхэх аж. Тэгвэл нэг сонирхолтой асуулт байна. Оюутолгойд олборлолт хийж буй компани ч, тухайн үед гэрээ хийсэн Монголын ЗГ ч энэ талаар олон нийтэд ойлгомжтой мэдээлэлээр хангасан уу? Хэрвээ та Баярцогттой нүүр тулж уулзаад энэ талаар асуусан бол таныг юу гэж хэлэх бол? Үндэсний тв-ээр мэтгэлцээнд дуудахад хүн доромжилохоор бэлдээд, бэлтгэл сургуулилт мөн слайд бэлдээд очиж болдог. Харин иргэддээ хийсэн гэрээгээ тв-ээр 40минутны нэвтрүүлэг хийгээд цацчих ухаан гэх үү, сэтгэл тутсан ЗГ юмсанж.

Мэдээллээр хангаж өгөөгүй, ард түмний өмчийг эргэлтэд оруулж эх орны хөгжилд хувь нэмэр оруулахаар хөдөлсөн юм бол эздэд нь тайлагнах үүрэгтэй байх. Харин үүргийн ухамсарлуулж асуулга тавьсаныг нь тэнэг мангуугаар нь дуудах шахуу болж буй нь ариун явдал уу?
Асуулга тавьсан, мэтгэлцээн зохион байгуулж үнэн мэдээлэл иргэдэд хүргэх гэсэн хүн нь олон нийтээсээ бэлтгэлгүй боловсролгүйгээрээ дуудуулж байх юм. Хүнийг түрэмгийлж 2.7 сая хүнийг доромжилсон хүнийг, өөрсдөө доромжлуулчаад сайн бэлджээ гэж суух нь ухаалаг санагдахгүй байх юм.

Магнай, Батзандан, Баасан, Ганбаатар нар шоучин байж болноо. Тэд шоудсаныхаа төлөө одоо авахаа авсан байж ч болно. Харин ч хүн бүр өөрийн эрх ашигтай нийцүүлэнгээ нийтэд сайн үйл хийдэг. Нийтэд сайн сайхан зүйл хийж байнаа гээд орон гэрээ зараад асрамжийн газар хандивлаад өөрөө гудамжинд гарах нь сайхан сэтгэл үү??? Тэд Оюутолгой, Тавантолгой гэх зүйлсийг ард түмний ой ухаанд, үгсийн санд суулгаж өгсөн. Та хэзээнээс энэ үгүүдтэй, Монгол иймэрхүү их хэмжээний баялаг бий гэдгийг мэдсэн бэ? Алтан дээр суусан гуйлгачин гэж гадныхан биднийг хэлдэг гэнээ гэдгээс, Эрдэнэт биднийг тэжээдэг гэхээс өөрийг яг нарийндаа би мэддэг байлуу? Тэд зориг гаргаж, тэд шоудаж, тэд жагсаж, тэд бидэнд хэлэээгүй бол ТА МЭДЭХ байснуу? 

Хэн нь хэн бэ гэдгийг ялгаж сурах цаг ирсэн байхаа. Аливаа асуудалд ухаалаг, тулхтай байр сууринаас хандаж байцгаая!

Nov 22, 2012

2012 оны ажил

Энэ жил 2 эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавив.

7 сард: 2012年度 支部学術講演会  山口大学工学部
9 сард: 日本物理学会 2012年秋季大会 横浜国立大学

Мөн постер хадаж оролцох хурал дараагийн долоо хоногт болно.

11 сард: 2012年分子シミュレーション討論会 九州大学

Холбоотой линк: http://home.hiroshima-u.ac.jp/minerva2/presentation.html

Хийсэн ажлаа танилцуулах маягаар блог дээрээ Монгол хэл дээр тавих бодолтой байгаа. Гэхдээ мэргэжлийн хэллэгүүдээ Монгол хэл дээр мэдэхгүй гэх нэг асуудал бас байна. Хүнд ойлгуулж чадахаар хийж чадах эргэлзээтэй ч энэ ондоо багтаагаад тавинаа.

Nov 14, 2012

Монголд...

 Монгол хариад ирлээ. Эх орондоо хариад ирсэн хүн ямар байдаг билээ яг л тийм байна. Харьж ирэх болгондоо Монголоо шинээр хараад, Монголтойгоо танилцаад буцдаг. Сайхныг нь хараад, саарийн ч ажиглаад л ирдэг. Гэхдээ энэ удаагын харилтаараа нилээд хэдэн томоохон асуудлуудаа шийдэж ирлээ. Ямар ч байлаа ирэх хавар Монголдоо ажиллаж амьдрахаа шийдэж ирэв. Хүүгийнхээ даахийг үргээх гэдэг том тэмдэглэлт ажилд оролцлоо. Оролцлоо гэдэг учир нь зохион байгуулсан гэхээсээ эхнэр бид 2 ээж, аавуудаараа хийлгээд оролцсонтой агаар нэг. (Мэдээж эхнэр минь намайг бодвол илүү их оролцсон.) Бас Бээжин, Эрээнээр ороод ирсэн гэх мэт, сар гаруйн хугацаанд Монголчуудынхаа адилаар бужигнаж байгаад ирсэн нь өмнө нь амрах нэрээр налайж байгаад ирдэг байснаа бодвол бас ажил амжуулж иржээ гэж өөрийгөө дүгнээд байна даа.
 Монголдоо мэдээж сайнтай муутай дүгнэлтүүдээ хийсэн. Гэхдээ аль болох эх орноо муулахгүй төрсөн сэтгэгдэлээ бичнээ. Онгоцноос буугаад гэр рүүгээ явах зам бол сайхан байдаг даа. 9сарын сүүлээр очсон жаахан сэрүүссэн байсан ч АГААР сайхан даа. Улаанбаатар маань машин ихтэй, урдуур хойгуур дайрдаг хэвээрээ, явган зорчигчид нь гэрэл, шугам хардаггүй хэвээр. Хуртай сайхан зун байсан болоод тэр юмуу намаржаа их сайхан байсан. Харин өвөл эрт эхэлж байна нээх хүйтрэлгүй гайгүй байжаагаад хавар гарчаасай билээ гэж бодогдсон. Ноднин жилийг бодвол самар, жимс бага гарсан юм болуу даа. Лагераар сул газар байхгүй болоод удаж байгаатай хамт, ойруугаа орох ямар ч боломжгүй болсон байна лээ. Ойн хаяатай нь хамт зай завсаргүй газар хашсаар, Цаад ойгоо цугт нь өмчилж байгаа юмуу гэлтэй. Ойд зугаалаад цайлаад ирэх боломжгүй болсон нь харамсалтай. Мэдээж ой оръё гэвэл, цоорхой хашаа олоод ч болов орох л байх. Гэхдээ төмрөөр хашаалаад данагар цоожоор дангинатал цоожилсон байсан нь даан ч муухай санагдсан. 
 Мөн салхинд гарж хөдөө нэрээр ойрхон гараад ирсэн. Малчид маань ажилсаг, шуугиулсан хэвээр, дээр нь хятад техникээр өөрсдийгөө зэвсэглээд хөдөлмөрөө хөөрхөн хөнгөлж чадсан санагдсан. Нарны баттерэйгээр тогтой болж аваад, мотор асаавал зурагтаа үзчинэ. Малласан малын үр шимээрээ, амьдрал ахуй, үр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөөд товхийтэл амьдарж байна. Ногоо ч бас хажуугаар нь тариад, юм юмаа л амжуулчдаг бололтой. 
 Харин Улаанбаатар маань шинэ хотын даргатай болоод их ажил буцалж байна. Гайгүй зөв шийдвэр гаргаад, тэр нь үр дүнгээ өгчиж байна. Зарим нь хэр зөв юм болдоо гэмээр шийдвэр гараад үр дүн гарахыг нь харзнасан зүйл ч байна. Дугаараар нь хязгаарлаж машиныг хөдөлгөөнд оруулсан нь үр дүнгээ өгч байгаа ч хэр удаан энэ шийдвэрээр явах вэ гэдэг асуулт сонирхолтой санагдсан. УБ-ын машин өдөр өдрөөр өсөх нь тодорхой, мөн зам нэмж барих бололцоо дутмаг байхад ийм шийдвэр байдлаар хэр их удах вэ асуудал, асуулт үүсгээд л байна. 

Үргэлжлэл бий..

Aug 15, 2012

Шинжлэх ухааны ололт амжилт

Хүний түүх хэмээгч нь урагшалалт, ухралт байсаар ирсэн байх. Морь унаад нум агсаад явсан хүн хэмээгч нь онгоц хөлөглөөд гар утас барьдаг болжээ. Шинжлэх ухаан гэх зүйлийг системтэй хөгжүүлж, түүнээ уламжлан авч явсны үр дүн. Бидний амьдралд өнөөдөр шинжлэх ухаан ямархуу байр суурьтай хэрэглэгдэж байгаа талаар та эргэн тойрноо, амьдралын хэв маягаа хараад тунгаагаад үзээрэй. Шинжэлх ухааны хөгжил ямар чухал болох, түүнтэй мөн мөр зэрэгцэн, бүр хөгжүүлж урагшлуулж байх нь ямар чухал талаар хүн бүхэн л мэднэ. Үр хүүхэддээ ном сайн сур гэж захидаг нь гагц сайхан амьдрах гэдэгт тулгуурласан бус, ирээдүйг улам илүү болгох талаар эрмэлзэл явж байдаг. 

Шингэн дэлгэцтэй зурагт, гар утас, компютэр, таблет гээд хэрэглэж буй энэ зүйл шинжлэх ухааны ололт амжилтын ач тусаар бий болсон билээ. Харин энэ бүхний үйл ажиллагаа хэрхэн явагддаг, яагаад ажиллаад байдгыг мэдэх хэрэгцээ энгийн хүнд бий юу? Хүн бүр ашиглаж буй эд хэрэгслийн хаан хэрэглэгч байгаад, ажиллаж буй салбартаа түүчээ нь байхад хамгийн үр дүнтэй хэмээн нилээд хувь нь боддог байхаа. Микрософт хэмээн компани гарч ирснээр цахим ертөнцийг ихээхэн хялбар хүн бүрийн хэрэглээнд нэврүүлэх гол үүргийг гүйцэтгэсэн байх. Энгийн ямар ч хүн ашиглах бололцоотой болсон нь сайн талтай ч яг яагаад ажиллаад, байдаг бяцхан эвдрэл гэмтэл гарахад асуудал үүсдэг байна. Хэтэрхий энгийн хялбар болгосон нь эргээд муу  үр дүн ч дагуулсны жишээ байх. Тэгвэл энэ байдал өнөөдөр бүхий л салбарт, өргөн хүрээтэйгээр тархаад ЗОМБИ ХҮНийг бий болгоцон билээ. Та гар утас, радио, зурагт, интернэт, компютэргүйгээр өөрийгөө төсөөлөх гээд үз.. Багахан гэмтэл гарахад засаж чадах эсэхээ бодоод үзээрэй. Шинжлэх ухааны хурд хүн төрөлхтны хөгжлөөс ч даваад явцан, бид ард хоцроод хэдэн арван жилийн өмнө хийгдсэн судалгааны үр дүнг хэрэглэж амьдардагаа тэр бүр анзаардаггүй. 


Өөрөөр хэлбэл эрдэмтэд, инженэрүүд л тэр салбарт ажиллаад бусад нь хэрэглэгч, устгагч байдлаар явж байгаа. Энэ байдал цаашид ч улам үргэлжилэх болно. Харин шинжлэх ухааны салбар дээрх уралдаан, дайн бол улам хүчтэй, улам хурдтай, улам ширүүссээр байна. Гэрлийн хурдаас давсан хурд байж болох талаар, Хайзенбэргийн Тодорхойгүйн зарчимд ч өөрчлөлт орж мэдхээр болоод буй. Харин та Эйнштэйний Харьцангуйн онол, Хайзенбэргийн Тодорхойгүйн зарчим, Шроденгэрийн тэгшитгэл зэргийн талаар сонссоноос илүү юу мэдэх вэ? Энэ талаар мэдэхгүй ч бид цаашдаа амьдарж болоод л байх болно гэж бодож байж мэднэ. Энэ ч үнэн гэхдээ эцэст нь хэн хохирох вэ?


Хүн амаар цөөн, хоёр том гүрний дунд орших Монгол оронд цааш өөрсдийгөө авч явах боломж юу билээ? Эх орныхоо иргэдийн боловсролын талаар бид нухацтай эргэн харж, хоцорж байгаа салбаруудыг хэрхэн түрүүлүүлэх тийш хандуулах вэ, жигд хоцрон хаягдаж буй шинжлэх ухааны салбаруудаа ядаж мөр зэрэгцэх хэмжээнд хэрхэн хүргэх талаар бид бодох л ёстой. Төр засгаас асуудал шийдэхийг хүлээх аваас яг байгаа байр дээрээ холоо хоцрох болно. Дарга нар утаагүй газар амьдраад, утаагүй газар хүүхэд нь боловсрол эзэмшээд, баталгаатай хүнс хэрэглэж, гадаадад боловсрол эзэмшсээр буй. Тэд нүүгээд явчихад алдах зүйлгүй. Харин та л энд гэр бүлтэйгээ торойсоор үлдэнэ. 


Сайхан амьдрах ганц түлхүүр бол ШИНЖЛЭХ УХААНД СУРАЛЦАХ!!!

Сайхан амьдрах газар бол БИДНИЙ ЭХ ОРОН!!!
Сайн сайхан байя гэвэл МОНГОЛДОО ТЭРГҮҮЛЭХ САЛБАРУУДАД ТЭРГҮҮЛЭГЧЭЭР АЖИЛЛАХ!!!
Таны ирээдүй ТАНЫ Л ГАРТ БУЙ!!!

Ирээдүйн өмнө та л ухамсарлаж хариуцлага хүлээж УХААЛАГ БАЙ!

Jul 15, 2012

Тамын тогооноос Туршилтын хулгана тийш..

  Наадам сайхан боллоо. Хамгийн үзүүштэй, сонсууштай, сонирхууштай нь миний хувьд бөх байлаа. Аймгийн арслан шууд улсын арслан болдог наадам нэг насанд тийм ч олон тохиолдох зүйл биш болвуу. Залуу үе бөхийн ертөнцөд хүч түрэн орж ирж буй бололтой. Бололтой ч юу байхав одоо цолтой, цолгүйн ялгаа улам л багасаад мэргэжлийн түвшинрүү дөхөөд байх шиг..
  За наадам бол наадам, сайхан наадлаа дууслаа. Харин Увсын хөвгүүд төрүүлсэн биш энд тэндгүй янз бүрийн яриа гарах болов. Увсынхан омогшиж, зарим нэг нь нөгөөх л цус, ясаа ярилцав. Баруун зүүнээрээ хуваагдах, жалга довоороо үзэлцэх. Монгол хүмүүс цаанаасаа ингээд төрциймүү гэлтэй хуваагдах, арсалдах сонирхолтой ч юм шиг. Сонгууль болохоороо намаараа талцаад үзэлцэнэ. Насны эрэмбээрээ, сонирхолоороо, ажлаараа, албан тушаалаараа заавал хавиралдана.  Нэгнээ хүндлэх, дургүй бол харьцахгүй байна гэх мэт наад захын соёл огтоос үгүй. Гудамжинд явахад ч нэг л том цээжтэй, хээр ганцаар алхаж буй мэт..
  Зөвхөн хувь хүний эрх ашигаа л түрүүнд тавихаас нийтээр амьдрах, хамтран аливааг бүтээх талаар тун ч хойрго, үл хүснэ. Бид шинэ гар утас хэрэглээд, хуучин тэрэг унасаар 21-р зуунаа давна гэж бодож байгаа бол эндүүрэл. Хүнсний хэрэглээ, үйлдвэрлэл, бараа бүтээгдэхүүн бүгд импортоос. Хэдийгээр шинжлэх ухааны хөгжлийн хурд хурдацтай буй ч өсөж буй хүн амаа гүйцэхээ байсан нь нэгэнт илэрхий болсон. Бид энэ цаг үед бэлэн зүйлс, бараа бүтээгдэхүүн дунд умбана, шумбаж байхад хомсдол, үгүйрэл, хоосрол тун удахгүй хаалга тогших гэж байна.  Энэ бол айлган сүрдүүлэлт биш, бодит байдал. Энергийн нөөц багассаар буй. Нефтийг удахгүй түлшинд ашиглахаа эрс багасгаж, бодис материалын нөөцөнд нөөж эхэлнэ. Пластик, нийлмэл бодисууд нефтгүй бол гаргаж авах боломж бага байна. Төрөл бүрийн судалгаа явагдаж буй ч хямд байдлаараа нефтийг даваагүй л байна. Хөгжингүй орнууд түлш шатахууныг өөр эх үүсвэрээс хайхуйд хөрөнгө хаяад удаж байна. Тодорхой дэвшлүүд гарцууд харагдаж буй ч өнөөдөр дэлхийн хүмүүсийн энэ их цатгалан хэрэглээ асуудлыг хүндрүүлсээр эрдэмтдийг улам ихээр ажиллуулах шаардлагатай болж байна. Энд дэлхийн дулаарал, хүлэмжийн хийн асуудал тусдаа ба жижиг асуудалд орно.
 Хүнсний хэрэглээ, түүний нийлүүлэлт хамгийн аймаар, хамгийн том асуудал болж ирсээр. Яг л цастай ууланд алхаж байхад, уулны оройгоос цасан нуранги ирж буй мэт. Доошлох тусам улам томорж, аюул нь нэмэгдэнэ. Хүн амын өсөлт жолоогоо алдаад, түүнээ дагаад ой хөвчөө талж, хүнсэнд зориулах боллоо. Экологио бид өөрсдийн гараар устгаж урагшилж байлаа, гэвч гор нь гараад дийлдэхээ байлаа. Олон төрлийн амьтад устав, экологийн тэнцвэрт байдал алдагдлаа. Хэт том суурьшил нь хүнсний асуудлаас гадна шинэ өвчингүүд гарах боллоо. Ерөөсөө дэлхий ачаагаа даасан хэрэг. Үгүй болохгүйн тулд байгаль дэлхий арга хэмжээгээ хэдийнээ аваад эхэлсэн. Та ухамсарт хүн, та бүхнийг удирдаж чадна, асуудлаас гаргаж дийлнэ гэж бодож буй бол ТОМ ТЭНЭГТЭЖ байна л гэе.   Удахгүй томоохон дайн ч болж мэднэ. Дайн бүхний гол шалтгаан ХООЛ УНД л байдаг. Генетикийн өөрчлөлттэй хүнс бий болгож чадсан нь бага талбайд асар их хүнс гаргаж авах боломжийг бий болгосон. Саяхныг болтол хэний ч төсөөлж байгаагүй, хүнд жинтэй үхэр бий болж, сүүгээр нь асгаж тоголсон ч болох мэт. Махны хувьд Хятадууд хэрэглээ ихэссэнээс үнэ нь өсөж буй мэт яриа байдаг шалтгаан бол өөр газар байх шиг. Малын гол идэш болох эрдэнэ шиш тариалах газар бага байна. Өөрөөр хэлбэл хэрэглээ нь хэт томдоо. Тарьж буй эрдэнэ шиш нь ч идэж буй үхэр нь ч гений өөрчлөлттэй. Гар утас хор уршигтай эсэх нь ч тодорхойгүй хэрэглээнд орсонтой адилаар, гений өөрчлөлттэй бүтээгдэхүүнүүд ч хор уршигны талаар тоймтой судалгаа үгүй. ХОРТОЙ юу ХОРГҮЙ юу? Дэлхий үнэхээр дулаарж буй юу? Түүний шалтгаан хүлэмжийн хий гэж ҮНЭН үү? Хөгжилтэй зэрэгцээ асуултууд ч мөн ихэссээр.. Индүкцэн зуухаар хоол хийх нь хоолонд ямар нэгэн нөлөө үзүүлэхүү? Та хэрэглэдэг үү?   Үнэхээр энэ бидний амьдарж буй гаригийн өөрчлөлтийн хурд, хүн амжиж төлөвлөх боломжгүй асар хурдтай явагдаж байна. Нэг л мэдэхэд бид хүлэмжин орцон байгаагаа анзаарах вий.. Харин тэр үед Монголчууд бид, намаараа талцаад, жалгаараа жийлцээд байж байх зөвүү?Лабораторийн харх болох уу? Түүний туршигч нэгэн болохуу? Бидэнд боломж бий. /эсвэл хэдийнээ оройтсон./
Асуудал нь увсын бөхөд, МАНАНы засгийн газартаа бус танд байна. Яаж гарцаа олох нь бидний АСУУДАЛ.


Jul 3, 2012

Сэнгийн Эрдэнээс Намбарын Энхбаярт бичсэн захидал (1997 он)

www.news.mn
Насны даваа уруу ихэд уруудсан хойноо миний хүүхдээс ялгаагүй залуу хүнд ийм хатуу хайрган үгтэй захидал бичихэд хүрэх юм гэж санаагүй явжээ. Би баяр гомдлоо илэрхийлэх хэвлэлийн талбар гээч юмыг олон жилийн өмнө олж авсан учраас иймэрхүү эпистоляр жанрын юмаар маруухан хүний л нэг. Гэвч мэргэн дүүд энэ хэдэн үгийг бичихээс өөр аргагүйд хүрсэн шалтгааныг минь ойлгоно биз ээ. Би энэ Монгол газар далаад жил хүн болж, хүзүүн дээрээ толгой тээж явахдаа цөөн дайсантай, олон нөхөртэй явлаа.
Чи бид хоёрын хооронд энэ Монгол Улсын иргэн болохоос өөр ямар ч холбоо, ямар ч өр төлөөс, ямар ч нэхэл дагал байхгүй. Буриад эхийн хэвлийгээс төрсөн хүү гэж зүгээр нэг жалганы маягийн талтай нүдээр би чамайг харж явдаг байлаа. Би бол амьдралын урт зам туулж олон янзын хүнтэй уулзаж учирч, холдож ойртож явсан бас ч муугүй гярхай нүдтэй зохиолч, хүний сэтгэхүйн талын бага зэрэг мэдлэгтэй учраас зохиолчдын хороонд чамтай ганц хоёр жил ажиллахдаа жаахан зайнаас ажин харж, холын бодолтой нь, холын шуналдаа дийлэгдэж мэдэх хүн юм даа гэж боддог байсан юм. Хожим соёлын яамны сайд байхад чинь энэ бодол минь улам лавширсан. Одоо бол чамайг хутагтын дүр эсгэсэн их шуналтан байжээ гэж шулуухан хэлье. Чиний мэтийн ийм жигтэй шуналтангууд "өдрийн завсрын ноён" болох цаг төрийн байдал Монголд нүүрэлснээр чи маш богино хугацаанд "умопомарачительный карьер" хийж хувьсгалт намын толгойд гарсан. Хувьсгалт намын толгойд залуу шинэ хүчин гарч ирэх цаг болсон нь үнэн. Гэхдээ чамтай адил дүүрсэн карьерист биш ухаантай буурьтай багачуул гарсан бол сайн байсан юм.
Чи намаа, магадгүй улсаа аваад явчих ухаантай буурьтай хүнсэн бол хувьсгалт намаа аврах гээд булшилж яваа Роозонтон мэтийн "реваншистуудын дуу хоолой болох ёсгүй байсан. Гэтэл чи гэв гэнэт Монголын Зюганов болчихлоо. Зүй нь чизасаг төрийн эрх барьж буй үе тэнгийнхэнтэйгээ реваншистуудын гар хөл болж үзэлцэх биш ухаан мэдлэгээрээ, улс төрийн зүтгэлтний буурь сууриараа "үзэлцэх" ёстой байсан. Гэтэл Ерөнхийлөгчийн суудлыг одооноос зүүдлэн, гагцхүү мөнөөх холын шуналдаа автан уулгардаж, цаг төрийн харьцангуй тогтвортой байдлыг ягэнэхэн үед устгахыг санаархан давшилж эхэллээ. Чиний улс төрийн хараа харин энэхэн эгзэгтэй цагийг олоход л хүрэлцлээ. Далан хэдэн жил ардынхаа хүзүүн дээрмордож амьдрах чадваргүй болгосон хувьсгалт нам тэр л амьдрах чадваргүйн эрхээр тоталитар ёсыг эргэн санагалзаж эхэлсэн хөөрхий олныхоо сэтгэлээр тоглон чамайг гаргаж ирснээс биш чи намдаа ч улсдаа ч гавьяатайдаа гарч ирээгүй. Чиний үзэл бодлын талаар би мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй. Гэхдээ чи намын толгойд гарахдаа хар африкийн нэгэн үеийн дарангуйлагчид өмсч бас багагүй цус нөж болгосон "Ардчилсан социализм" гэдэг хуучин багийг өмсчхувьсгалт намын үеэ өнгөрөөгсөд болоод гэнэн багачуулыг илбэдээд гарч ирсэн...
Чи хэдэн жил Соёлын яамны сайд байхдаа сайдын дүр эсгэхээс цааш ер гараагүй. Цагтаа Эрдэнэзуугийн мөхлийн тухай дуулиантай шиг өгүүлэл бичсэн шинэхэн сэтгүүлч сайдын суудал эзлээд тэр Зуугаа өөд татах талаар юу ч хийгээгүй мэтийг чинь тоочоод яах вэ!
Хэрвээ чи үнэхээр шашин соёлоо хүндэтгэдэг хүнсэн бол (төвд хэл сураад бурхны шашны сургаалын гайхамшгийг мэдэж эхэллээ хэмээн ярьж байсныг чинь би мартаагүй) хувьсгалт намын кассанд хэдэн зоос оруулах л зорилгоор "бардак" болгосон Лениний музейн барилгыг дүрслэх урлагийнхаа музейд егчих эр зориг гаргах л байсан. Гэтэл чиний эр зориг огт өөр юманд буюу ширээ, өмч хоёрт л зориулагдах нь тов тодорхой. Сайд байхдаа чи Соёлын сангийн санаачилж хийсэн ажлыг өөртөө хаяглачихаас ичдэггүй байсан. Чи бас муухай хоёр нүүр гаргаж чадаж байна. Үнэхээр шинэ цагийн эринд намаа авч явах хүсэл зорилготойсон бол гуч дөчөөд оны аюулт яргалал харгислалын төлөө олон түмнээс уучлал гуйдаггүй юмаа гэхэд ядахдаа тухайн үеийн харгис бурангуйчуудыг буруушаан зэмлэх ухаан хүрэх л байсан. Гэтэл байчихаад бараг л өөрөө хэлмэгдэлд өртсөн гэх нь холгүй "тангарагийн гэрээ" байгуулна хэмээн цаанаа бол өнөөх л реваншист холын санаатай санал хэлээд сууж байна. Би чамд үүнийг л шулуухан хэлье гэсэн юм. Эрвээхэйн насгүйгээ би мэдэж байна. Гэвч "всем смертям назло" хэдэн жил явахдаа л явна. Чиний мэтийн хутагтын дүр эсгэсэн бэрднүүдтэй үзэлцэж яваад л дуусна.

Тэмцэл бүхэн ялалт авч ирэх албагүй


Эх сурвалж: "Өглөөний сонин"
Тархиндаа жаахан зай гаргачих л юм бол тэнэглэл орогночихно

  Яруу найрагчид гэж сэтгэл зүрхээ бүгдийн өмнө ном шиг дэлгээд тавьчихсан хэрнээ өөрийгөө бүхнээс нууцлаг, далд ертөнц хэмээн боддог хүмүүс байх. Тиймээс ч тэдэнтэй бусдын яриагүй сэдвээр ярина гэдэг хэцүү. Төрийн шагналт, Ардын уран зохиолч, СГЗ Б.Лхагвасүрэнтэй уулзахын өмнө түүний хөндөөгүй сэдвийн талаар удаан бодлоо. Эцэст нь түүнтэй “Амьдралтай хийсэн тэмцэл хийгээд эр хүний нулимс”-ны талаар ярилцъя гэвэл тэр уриалгахан зөвшөөрсөн юм.

-Тэмцлийн талаарх бодлоосоо манай уншигчид­тай хуваалцаач?

-Би тэмцэл гэдгийн цаад талд нь заавал шалтаг байх ёстой гэж ойлгодог. Өрсөлдөгч, зорилго, мөрөөдөл, үзэн ядалт, тэр байтугай цагаан атаархал хүртэл тэмцлийн шалтаг болдог. Бид юутай тэмцээд амьдраад байгаа юм бэ гэсэн чинь эцсийн дүнд амьд байх л гэж тэмцсэн байна.

“Сайн сайхны төлөө тэмцье” гэж хэлэх зохидоггүй юм. Яагаад ч юм, энэ өгүүлбэр их харь сонсогддог. Сайн сайханд хүрэх үйлдэл нь тэмцэл байж болдог ч тэмцэл гэдэг үгээр бүх зорилго нь илэрхийлэгдэх надад таатай санагддаггүй.

Тэмцэх гэдэг үгийг монголчууд хоёр айхтар утгаар хэрэглэдэг. Амьдрах, амьд байх, юм бүтээх, аливаа нэг үйлсийг бүтээхийн төлөө тэмцэх гэж хэрэглэхээс гадна амь тэмцэх гэдэг үгэн дээр ашигладаг. Амь тэмцэх гэдэг бол үхлийн шалтгаан.

  Бас зарим хэтэрхий шуналтай, улангассан хүнийг байж ядсан, амь нь тэмцсэн амьтан гэж ад үзэж ярьдаг л даа. Олон үйлдлийн утгыг илэрхийлдэг үг юм шиг санагддаг.


-Та амьдралынхаа тур­шид юуны төлөө тэмцсээр ирсэн байх юм?

-Уран бүтээлээ сайн хийхийн төлөө чармайсан. Энэ нь яваандаа сайн зүйл бүтээхийн төлөөх тэмцэл гэдэг тодорхойлолтод орохоор болчихож.

Миний хамгийн их тэмцсэн зүйл бол өвчин, хагацал хоёр. Үр хүүхдээ амар мэнд, ханиа эрүүл энх байлгаж, аав, ээжтэйгээ хамт удаан амьдрах юмсан гэж их тэмцсэн. Тэрнээс биш өөрөөсөө илүү хүн байхыг дургүйцэх юм уу, илүү амьдралтай хүнд атаархах, “Би тэрнээс илүү байна” гэсэн тэмцэл бүтээх бодгал сэтгэлийг ижий, аав минь надад өгөөгүй. Удам судрынхаа зарлигаар би илүү юмны төлөө атаархаж тэмцдэггүй. Тийм ч учраас би бусдын хэрэгт оролцох, аливаа нэгэн юманд хэл, хошуу дүрэх дургүй.

Манай уран бүтээлчид болон улстөрийн зүтгэлт­нүү­дийн амьдралд хаш­гичиж, ард түмний эмзэг­лэлээр тоглож, шударга хүн болох гэж, эх орон, тусгаар тогт­нол гэж хашгирч, яг нидэр дээрээ хамгаалж чадахгүй мөртлөө тэмцэж байсан хөөрхий нэг үзүүлэх тэмцэл олон бий. Би үзүүлэх юм уу, хүнд харуулах жүжгийн хэсэг шиг тэмцэлд дургүй.

Би юуны төлөө тэмцээд байсан юм бэ гэвэл олуулаа, бүтнээрээ байх юмсан гэж их тэмцсэн. Гэвч хорвоо бүтэн биш шүү дээ.

Үүнээс өөр тэмцлийн тулаанд дуудсан үйл явдал надтай таарсангүй.


-Өвчин зовлон, үхэл хагацлыг хүний хүчээр ялна гэж үгүй. Гэтэл та ялж болохгүй тэр зүйлтэй л тэмцээд байжээ?

-Тэр бол сэтгэлийн их том далд тэмцэл юм. Тэмцэл бүхэн минь жам гэдэг хатуу хуульд л тулж зогсдог байлаа. Тиймээс ч би дандаа ялагддаг байсан.

Тэмцэл бүхэн ялалт авч ирэх албагүй шүү дээ. Хүмүүс тэмцлийн үр дүн нь ялалт гэж боддог юм шиг байна лээ. Зарим тохиолдолд ялагдал ч байж болно. Ялагдлын үр дүн нь сургамж, гашуун үнэн. Ялалтууд нь цаашид хэрэгтэй, хэрэггүй зүйлийн төлөө тэмцэхийн удиртгал болдог. Би ийм тэмцэлд дургүй.


-Хорвоогийн жамд ялагдсан хамгийн том ялагдалтайгаа хэзээ нүүр тулсан бэ?

-Ижий, аав хоёроосоо хагацах л байлаа. Би өтөлтлөө тэдэнтэйгээ хамт байх юмсан гэж бодож, их тэмцсэн. Үйлдлээр тэмцээгүй ч гэсэн миний дотоод сэтгэл, боддог, санадаг бүхэн минь тэр л зүйлийн тухай тэмцэж байсан. Гэвч энэ маань “Тэртэй тэргүй хорвоо тийм юм чинь дээ” гэсэн үр дүнтэй л тэмцэл байлаа.

-Тэр ялагдлаас танд ямар нэгэн сургамж үлдэв үү?

-Ертөнцөд хамгийн сургамжгүй зүйл бол үхэл шүү дээ. Хүн төрөлхтөнг ялладаг хамгийн том цааз бол үхэл юм.

Амьдралд ёс бусын, давж болшгүй бэрхшээлүүд, туйлдал, ядуурал зэргээс гарах тэмцэл бол өөрөө ургаж ирдэг, тэмцэхийн шалтгийг ургуулж өгдөг. Зөв тэмцэхийн шалтаг гэж бас бий. Зовлон, бэрхшээл хоёрт ялагдаж байгаа бол тэр хамгийн өчүүхэн хүн гэж би боддог. Хүмүүс давж гарахын тэнхээ, эр зориг гээд л мундаг зүйлсийн тухай ярьдаг даа. Энэ бүхэн худлаа. Тэрнээс гаргадаг ганцхан зүйл бол ухаан юм.

Архинд орчихсон хүмүүсийн тухай бодоход ялих, ялихгүй шалтгийн өмнө бууж өгсөн байдаг.

Тэнэг хүн л архинд ордог юм биш шүү дээ. Зарим тохиолдолд хамгийн их ухаарсан хүмүүс архинд орчихдог. Ертөнцийн мөнх бусыг ойлгоод, түүндээ төгс төгөлдөр итгээд, түүний хооронд үүлэн чөлөөний нар шиг амьдрал дунд амьдрах ёстой гэдгээ “Ерөөсөө дэмий” гэдэг үгээр сольчихдог тохиолдол зөндөө бий. Үүнийг би үл тэмцсэн, өөрийгөө аливаа муу зуршил, элдэв зүйлээс аврахын тулд хийгээгүй тэмцэл, өөрөөсөө урвасан хэрэг гэж үздэг.

-Өөрийгөө өчүүхэн юм гэдгийг хэзээ хамгийн ихээр мэдэрч байв?

-Амьддаа нэг хэсэг болж салаад, дараа нь өсч өндий­чихөөд нэгнээ үхүүлж хагацах нь хамгийн том хагацал. Том юмнаас том юм сална гэдэг их том хагацал шүү.

Ижий, аавыгаа санах, тэднийгээ хайрлах, дурсах зэрэг их бодол, үхэн хатан санадгаа би ер гаталж чадахгүй. Гаталж чадах, бэрхшээлийг туулж, бодохгүй санахгүй явж чадах хүн биш. Үндсэндээ би үүний л өмнө бууж өгдөг. Дутуугийн бэрхшээлийг давах тийм эр зориг надад байхгүй.

-Гэхдээ ямар нэгэн тэмцлийн өмнө хэзээд эр зоригтой байж чадна биз дээ?

-Чаддаг юмаа хийх, мэддэг зүйлээ ярих тэмцлийн өмнө хэзээд эр зоригтой байж чадна. Тархиндаа жаахан зай гаргачих л юм бол тэнэглэл орогночихно шүү дээ. Тиймээс болж өгвөл уншиж гэгээрч, үзэж харж явах тэмцэл хийсээр ирсэн. Хүмүүс аар саархан юм л гэх байх. Энэ бол надад агуу том тэмцэл байлаа.

Биеэ баглаад юм удаан унших нь биеэ барих тэмцэл л гэж би боддог. Энэ тэмцэл монголчуудад минь битгий их дутаасай гэж хүсдэг. Зорьсон юмандаа хүрэхийн төлөөх тэмцэл нь аливаа алиг, шалигхан зүйлээс болоод замын голоосоо битгий буцаасай л гэж боддог юм.

Амьд байгаа минь л том ялалт

  -Хүмүүс муу зуршилд их амархан автдаг. Таны хувьд элдэв муу зуршлаас өөрийгөө хамгаалах тэмцлийг сайн хийжээ гэж бодогддог?

-Тэр бол тэмцэл байгаа­гүй. Хажуудаа байгаа хүн, эцэг, эх, ах, дүү, нутгийн буурлуудаасаа авсан жудаг л байсан.

Муу зуршил гэдэг угаасаа хүн рүү нүүж ирдэг эд. Нүү­гээд л нөмрөөд ороод ирдэг. Тэр бүхнээс зайлж бултана гэж үгүй. Нэг бодолтой, түүндээ үнэнч байсан хүн л манан дундаас гарч явна. Ерөөсөө монголчуудын жудаг л намайг авардаг юм.

-Өөрийгөө олж авахын төлөөх тэмцэл гэдгийг та хийрхэл гэж боддог уу, аль эсвэл?

-Хийрхэл. Өөрийгөө таньж үхсэн хүн нэг ч үгүй. Орчлонд хүний хамгийн таньдаггүй зүйл бол өөрөө юм. “Би хэн бэ” гэдгийг би өөрөө мэддэггүй юм.

Хүнд сайн, муу хэлэгдэж байгаа хэмжээгээр өөрийгөө үнэлнэ гэвэл түүн шиг худлаа зүйл үгүй.

Хүн өрөөлийг худлаа таниад л дуусдаг. Хүн бол ердөө танигддаггүй бодгал. Маш их гэрэл гэгээ, чанадын бодол санаатай, таагдашгүй оньсого.

-Яруу найрагчид өөрс­дийгөө хамгийн нууцлаг хүн, далд ертөнц гэж хэлэх дуртай. Гэвч тэдний уран бүтээлээр дамжуулан түүний талаарх бүхий л нууцыг мэдэж болдог?

-Тодорхой уншиж болох сэтгэл, эмзэг нимгэн арьстай, амархан хөөрч, амархан гомддог, хүн төрөлхтний уншиж болох хамгийн амархан үсэглэл бол яруу найрагч, зураач, уран бүтээлчид шүү дээ.

-Олны танил хүмүүсийн хувьд өөрийг нь чиглэн ирэх атаа хорсолтой тэмцэх тэмцэл гэж бас бий?

-Хүмүүсийн атаархаж байгаа нь надад мэдрэгдээгүй, эсвэл би мэдрээгүй байх. Өөрийгөө хүнээс илүү гэж бодсоныхоо дараа атаархлыг ярих ёстой. Би бусдаас илүү гэж бодож байсан өдөр нэг ч байхгүй. Тиймээс надад атаархал ирэх шаардлага байгаагүй. Би анхны шүлгээ хэвлүүлчихээд 20 жил номоо хэвлүүлж чадаагүй. Өөрийнхөө муугаас болж хэлмэгдэж, хавчигдаж л явлаа.

Тэр атаархал, хорлол гэдэг чинь надад мэдэгдэхээр ирдэггүй юм байна лээ. Уучихсан эм шиг үйлчилгээ нь мэдэгддэггүй. Би одоо хэнд гомдох билээ гэхээр өөртөө гомдохоос өөр юм олддоггүй юм.

-Та сүүлийн жилүүдэд ч бас шүлгийн ном хэв­лүүлсэнгүй?

-12 жил ном гаргасангүй. Дэвтэр бүрт л шүлэг байна. Би их гоё дэвтэр дээр, их гоё үзгээр бичих дуртай. Энэ бол миний ганц шунал. Дэвтэр бүхэнд шүлгийн ноорог бий. Ганц, хоёр мөр тавихгүй өдөр цөөхөн.

-Тэгээд?

-Насны бөгсөнд муу ном гаргамааргүй байна. Ядахдаа өөрийнхөө хэмжээнд “Энэ болж шүү” гэсэн хэдэн шүлгээрээ ном гаргамаар байна. Миний тэр шүлгүүдийг уншаад хүмүүс “Лхагвасүрэн сөнөжээ. Амьдаараа үхэж” гэж хэлнэ үү, яана вэ, надад хамаагүй. Миний бодож байгаагийн хэмжээнд таарсан, дүйсэн шүлгүүдтэй ном гаргах ёстой гэж их удаан нухлаа.

-Дотоод хүн тань “Ном гарга” гэдэг. Харин та “Чи болоогүй байна” гээд л сууна уу?

-Миний сэтгэлийн доторх сармагчин намайг яаж үймүүлдэг нь бид хоёрын дотоод хэрэг. Цээжин доторх сармагчин маань миний бодсоныг татгалзах, хүлээн зөвшөөрөх эсэх нь бидний л хэрэг. Цээжин доторх сармагчин маань гадаад Лхагвасүрэнгээсээ илүү ааштай учраас бид хоёр их зөрчилддөг. Бид хоёр таарамж муутай ч тэмцэлдэж байгаагүй.

-Амьдралын аливаа тэмцэлд ялагдсанаа гаднаа хэрхэн илэрхийлдэг вэ?

-Би олон ялагдлын тухай мэдэхгүй юм. Ялалт гэдгийн тухай ч ойлгодоггүй. Шагнал авсны хэмжээгээр би ялж байна гэж ойлговол биш л дээ. Шагнал гэдэг ялалтын бэлгэ тэмдэг биш. Дайнд орсны дараа баахан тэмдэг өгдөг. “Та ялалтад оролцлоо” гэснээс биш “Та бүхнийг яллаа” гэсэн шагнал биш шүү дээ.

Амьд байгаа минь л том ялалт. Би үүнээс илүү ялалтын тухай зүүдэлж ч байгаагүй.

-Амьдрал үхэл хагацлыг, харин хүмүүс аюултай үгэн сумуудыг илгээдэг шүү дээ. Энэ бүхэн таныг тойроогүй л байх?

-Зарим эрхтнээ хэрэглэж болохгүй цаг хүнд байдаг. Зарим үед хэлгүй, чихгүй, бодож чаддаггүй юм шиг явах нь хамгийн өлзийтэй. Энэ бол миний биений дархлаа байх. Зарим зүйлд хүчирхэг эрхтнүүдээ хэрэглэхгүй байж болно шүү дээ. Болдог юм.

-Тэдгээрийг мэдрэхгүй байгаа юм шиг л өнгөрөөдөг гэсэн үг үү?

-Мэдэрснээ дардаг. Өөрөөсөө гарч байгаа юмыг би өөрөө л хариуцна шүү дээ. Би биедээ бол хаан. Эрхтэн болгон маань түшмэл, өрлөгүүд. Надаас гарч байгаа бүхэн миний захиргаанд байх ёстой.


Би сул үлдсэн хань, дэмий тэнэсэн хүүхэд хоёрт дургүй

  -Эрчүүд, тэр дундаа монгол эрчүүд нулимс цөөтэй хүмүүс. Та ч бас ховорхон уйлдаг уу?

-Тийм ээ. Нулимс гэдэг бол сэтгэлийн зарлигаар гадагшаа асгарч байгаа тархины угаадас шүү дээ. Би үүнийгээ асгахгүй байдаг хүн биш л дээ. Гаргаж байх ёстой.

Нулимс ч бас хувийн өмч. Би ганцаараа уйлах дуртай. Миний нулимс хэн нэгний сэтгэлийг эвдэх, сэтгэлийн үерт автуулах, хэн нэгнийг уруу татах вий. Эсвэл баяр дээр унагасан нулимс минь хүн дэврээж, олон хүнийг дагуулах вий гэхээс эмээдэг.

Худлаа инээдэг хүмүүс л байдаг юм байх гэж бодсон чинь худлаа уйлдаг хүмүүс бас байдаг юм байна. Би худлаа нулимсыг үзэн яддаг.

Хүнд уйлах цаг байлгүй яах вэ. Ер нь эр хүн нулимс ховортой явах нь дээр. Миний муу аав нас барахаасаа хэдхэн хоногийн өмнө намайг дуудаад “Миний хүү, чи эр ганц хүн. Нулимс ховортой л яваарай” гэсэн шүү.

-Хэзээ хамгийн их уйлсан бэ?

-Нулимс бол хэмжээд байх зүйл биш. Асгарах цагаа болбол биеэ эгштэл асгарна. Асгарахгүйгээ хүрвэл биеэ дэвттэл тэвчинэ.

Би ижий, аав хоёрыгоо нас барахад хэсэг, хэсэг зогсоод л, их удаан, далд уйлсан даа. Яг л намрын бороо шиг. Гэхдээ миний төлөө унагасан тэр хоёрын баяр, гунигийн нулимсны хэмжээнд хүрээгүй л байлгүй.

-Амьдралынхаа туршид нулимсаа олон удаа дотогшоо залгив уу?

-Гадагшаа уйлснаасаа дотогшоо уйлсан нь олон шүү.

Би аавынхаа үгийг “Нулимсаа нууж яваарай” гэсэн үг болов уу гэж ойлгосон. Би аавынхаа үгэнд л орно. Орох ч ёстой. Үхтлээ л орно. Би сайд дарга нарын үгэнд орох дургүй шүү дээ. Аав, ээж, ханийнхаа л үгэнд ордог.

Удаан жил хамт амьдрахаар нэгэн биений төлөөлөл шиг ханиараа дамжуулж ертөнцийг ойлгох хэмжээнд тулдаг юм байна шүү дээ.

-Гуниг, зовлонгоо бусдаас нуудаг ч баярын нулимсаа өрөөлөөс нуудаггүй биз дээ?

-Барьж чадалгүй алдчихсан нулимс байлгүй яах вэ. Гэхдээ цөөхөн. 

Хүмүүс наадамд түрүү­лээд ирсэн морьдыг хараад уйлдаг. Би бол зурхайн дээрээс морьд эргэхээр тэсэлгүй уйлчихдаг юм. Миний аав морь эргэж байгааг харах дуртай. Аавтайгаа үзэж байсан болоод тэр үү, морьд эргэх л их гоё. Тэр үед л нулимсаа барьж чаддаггүй.

-Бусдын хийж байгаа үйлдэл, хэлж байгаа үг таныг хэр эмзэглүүлдэг вэ?

-Яагаад ч юм, хүмүүс надаас эмээнгүй байдаг. Халдвартай амьтан шиг бэргээд байдаг юм. Хүндлээд ч байгаа юм уу. Тэгэхээр тэд намайг гомдоох үгийг миний нүүрэн дээр яаж хэлж чадах вэ.

Харин далд юу ярьдаг нь надад хамаагүй. Хүн өөрт нь хэлж чадаагүй үгээ л явсан хойно нь өөр хүнд хэлдэг шүү дээ. Тэр л ёсоороо болдог биз.

-Өрөөлийн хийсэн алдааг хараад, харамссандаа уйлж байв уу?

-Алдаа гэдэг уйлмаар зүйл биш. Харин ч уурламаар зүйл юм биш үү. Буруу зүйл хийсэн хүн буруугаа ойлгосон цагтаа өөрөө уйлах ёстой. Би өмнөөс нь уйлаад яах юм бэ.

Би бурууг нь хэлэх ч дургүй. Өөрөө буруугаа мэдрэх нь илүү болохоос, хүнээр хэлүүлж мэдэрнэ гэдэг хиймэл шүү дээ.

-Таныг зэмлэж зүрхэлдэг хүн байдаг болов уу?

-Намайг загнах эрх ханьд маань бий. Амьдралд ам мурийх, үзэл бодол зөрөх юм зөндөө бий. Хүний хань нөхрөө загналгүй яах вэ. Миний эцэг ижийг минь үглэж байхад дуугарч байгаагүй. “Хэ цэсс” гээд л суудаг байсан. Түүн дээр би аавыгаа сайн дуурайсан. Харин хүүхэд бол намайг загнах эрхгүй. Надаас үүссэн улс, үүсгэл рүүгээ нулимах эрхгүй.

-Эцэг, эхийнхээ ачийг хариулж чадахгүй хэрнээ тэднийгээ захирч, зандардаг хүүхдүүд бас их олширчээ?

-Үр хүүхдээсээ ач горьдож суудаг эцэг, эх бол хамгийн тэнэг эцэг, эх. Хүүхэд эцэг, эхийнхээ ачийг хариулдаггүй, хэзээ ч бардаггүй юм.

Хүүхдүүд маань өндөр их эрдэм сураад, бизнес хийж, ашиг олоод, намайг тэтгээсэй гэж би хүсдэг ч үгүй. Миний хүүхдүүд тэгэх ч үгүй. Би мөрөөрөө байхыг сургана уу гэхээс хүнээс илүү байхыг сургаж чаддаггүй эцэг.

-Анх үрийн зулай үнэрлээд, баярын нулимс унагаж байсан уу?

-Жигтэйхэн баярласан. Гэхдээ уйлаагүй. Ямар нэр өгье дээ гэж бодоод л зогсож байлаа.

Эмнэлгээс гарсны дараа нялх биетэй эмэгтэй хүний сүү, хүүхдийн үнэр гэр дүүрэн түгээд л. Гэр гоё үнэртэй болсон гэж жигтэйхэн. Өөрийн эрхгүй хөл алдаж эхэлсэн дээ. Хүүхдийн даавуу алга болчихно гээд гэртээ хатаадаг байлаа.

Би жаахан юман дээр эмзэглэдэг муухай авиртай хүн. Ширээн дээр тавьсан баллуур алга болчихвол хэдэн өдөр ч гасалж мэднэ. Тамхиар дутах бүр ч дургүй.

Бас өөрийн юмандаа их харам. Үр хүүхдээ их өмөөрнө. Ханьдаа ч харам. Энэ алдаагаа мэддэг юм. Би сул үлдсэн хань, дэмий тэнэсэн хүүхэд хоёрт дургүй.



Хүүхдүүдийн маань хэн нь ч миний дэргэд хундагатай архи барьж үзээгүй

-Амьдралын жамаас алд биеэ, өвчин эмгэгээс эрүүл мэндээ хэрхэн харамладаг вэ?

-Би хань, үр хүүхдийнхээ хажууд “Ёо ёо” гэхээс л айдаг. “Өвдлөө, зовлоо” гээд нүдийг нь том болгоод байх дургүй. Надад оногдсон зовлон бол миний л юм. Хэчнээн хайртай хань, үр хүүхэд байлаа гээд миний зовлонг хуваахгүй. Өвчин, зовлон хоёр бол нэгэн биеэр л эдэлдэг зүйл. Харин тэрнээс үүдэлтэй санах, өрөвдөх, хайрлахын зовлонг хажуудах улс нь амсдаг.

Зарим шөнө зүрх өвдөөд ярагладаг юм. Хань маань дорхноо сэрчихдэг. Олон сэрээхгүй юмсан гээд сүүлдээ ёолохоо хүртэл багасгах үе бий.

Бид хоёр залуудаа зэрэгцээд хэвтдэг байлаа. Одоо бол толгой нь нийлсэн хоёр орон дээр, амьсгаа дуулдах газар хэвтдэг юм.

Би эрүүл мэнддээ бага анхаардаг. Эцэг минь тийм хүн байсан юм. Би үхэх болов уу гэж огт боддоггүй. Бага өвдсөн хүний зан байх л даа.

-Намайг бурхан болохын цагт үр хүүхэд минь их шаналах байх даа гэж боддог л биз дээ?

-Би хувь хүнд гуниг зовлон яаж тусдагийг мэддэггүйгээс гадна түүнийг ямар хэмжээгээр хүлээж авахыг бас мэдэхгүй. Хүүхэд гэдэг надаас өөр гараг ертөнц.

“Би яах бол” гэж бодож байгаагүй юм байна. Ямар ч байсан миний үхэл тэдэнд том хагацал байна гэдгийг ойлгодог. Тэр үед тэдэнд харамлах нулимс, гуниг байхгүй байх аа гэж бардам боддог.

-Амьд явахын төлөөх тэмцлийг огт хийдэггүй гэж ойлгож болох уу?

-Би өдөрт гурван хайрцаг тамхи татаж байна. Энийг л амьд явах тэмцэл гэж хэлэхгүй бол өөрөөр тэмцсэн юм алга даа.

-Хөдөлж л байвал тэмцэж байна гэсэн үг гэлцдэг шүү дээ?

-Би хөдлөх дургүй. Намайг хөдөлгөөнгүй хөшиж үхэхийн шалтгийг хань маань хийсэн гэж боддог юм. Ханьдаа өгдөг ганц буруу. Цайнд ч хүргэдэггүй, аягалаад л өгчихнө. Шүдэнз байхгүй байсан ч дөхүүлээд л өгчихнө.

Лав л “Надаас өмнө үхээсэй” гэсэн бодлого биш байх. Аминдаа надад амарчилж, эрхлүүлсэн царай нь энэ. Үүний цаана хайр л байгаа юм.

Хөдөлгөөн хүнийг, тэр ч бүү хэл орчлонг авардаг. Үүнийг би айхтар ойлгодог мөртлөө чаддаггүй.

-Ахмадууд “Лхагвасүрэн ч хүүхдүүдээ хэтэрхий их эрхлүүлэх юм аа” гэж ярихыг цөөнгүй сонсож байлаа?

-Би хүүхдүүддээ дэндүү эрх чөлөө өгдөг. Хүүхдүүд миний дэргэд тамхи татаж, согтуу орж ирж болно. Гэхдээ эмээдэг. Хүүхдүүд гэдэг чинь арилгачихсан сонгино шиг өөгүй цэвэрхэн амьтад биш шүү дээ. Жаахан амсчихдаг хүүхэд бий.

Гэхдээ хүүхдүүдийн минь хэн нь ч миний дэргэд хундагатай архи барьж үзээгүй. Хүргэн маань хүртэл тэгж чаддаггүй юм. Яагаад гэвэл, би насаараа архи уугаагүй. Архи уудаггүй хүний дэргэд том загнах хэцүү шүү дээ.

-Таныг хүндэлсэндээ халдахаас ч эмээдэг хүн олон. Харин та хэн нэгнээс эмээдэг үү?

-Гайгүй хэдэн журмын нөхөд болон ханиасаа эмээдэг. Миний төлөө зарсан он цаг, зүтгэсэн, хуваагдсаныг нь бодохоор эмээхээс ч өөр аргагүй.

-Номоо удахгүй хэвлэлтэд өгөх гэж байгаа гэсэн. Тиймээс хоёулаа яриагаа таны хамгийн сүүлд бичсэн шүлгээр төгсгөх үү?

-Болно оо, болно.

“Мартахуй”

Хаана ч дураараа исгэрэх

Салхинд би атаархдаг

Салхи эцдэгийг мартаад...

Хаашаа ч хамаагүй урсдаг

Усанд би атаархдаг

Ус ширгэдгийг мартаад...

Холын холд дуурьсах

Цуурайнд би атаархдаг

Эргэж ирдэггүйг нь мартаад...

Хоёр үзүүр нь энүүхэнд

Солонгонд би атаархдаг

Хоосон гэдгийг нь мартаад...

Арван тавны саран мандахад

Тунгалагт нь би атаархдаг

Үүлэнд хиртдэгийг нь мартаад...

Jul 2, 2012

Ардчилсан намд баяр хүргэх үү?

Ардчилсан намд баяр хүргэх эсэхээ мэдэхгүй л сууж байна. Засаг байгуулах эрхээ авч чадсангүй, цаашдын үйл явц оньсого болоод үлдлээ. Мэдээж үйл явц өрнөөд шийдлээ олоод явах нь мэдээж.. Гэхдээ л дутуу дулимаг ялалтанд баярын сэтгэл төршгүй нь. Харин хувь гишүүдэд баяр хүргэх хэрэгтэй. Ялалт байгуулсан гишүүддээ, ялалт байгуулахад тусалж компанит ажилд нь оролцсонд нь, мөн дэмжигч сонгогчиддоо БАЯР ХҮРГЭЕ!

Сүхбаатар дүүргийн ялалт хамгийн чихэнд чимэгтэй, итгэл төгс нь байлаа. Хөвсгөл, Ховдын ялагдал уйтай, харуусалтай нь байв. Ингэхэд АН ялвуу, яав?
Энэ асуултанд хариулах нь эрт байна, бас хүнд асуулт билээ. Цаашдын үйл явц явагдахаас өмнө, өмнөх түүхээ жаал сөхөе.

2008 оны 7 сарын 1. АН ялсан гэвч луйвардуулсан өдөр байв. Монголын маань хамгийн харамсам өдрүүдийн нэг болж өнгөрсөн. Хүний амь хамгийн үнэтэй, хамгийн нандин зүйл ч бид алдаа хийсэн алдсан. АН ялсан ч ялагдсан. Тэдгээр залуусын амиар бид том сургамж аваад цааш явсан. Хамгийн том сургамж бол "Дахин хүний амь үрэгдэхгүй байх".
Шинэ дарга Алтанхуяг эвслийн засгийн газар байгуулсанаар үйл явц үргэлжлэв. Хамтарсан энэхүү засгийн газар хамгийн ихээр шүүмжлэгдэж байв. Бичиж буй миний бие ч хүчтэй эсэргүүцэж байлаа. Олонх шийднэ олонхоороо л явсан. Одоо зөв бурууг яриад яахав. Ололт амжилт, алдааг нь л тунгаах хэрэгтэй!!!

Том гэрээ хийсэн нь засгийн газрын том ажил байв. Муу гэрээ болов хэмээн ихээр шүүмжлэв. МУУ САЙНЫГ нэг тийш нь бид шийдэж чадаагүй л байна. Гэхдээ байгалийн баялгаа эдийн засгийн эргэлтэнд оруулсан нь зөв зүйл. Харин ихээхэн хэмжээний мөнгө зээлж аваад ёстой туйлж өгсөн. Монгол улсын иргэн бүр сарынхаа архины мөнгөө "Хөгжлийн дансаараа" авдаг болж ХӨЛЧҮҮ Монгол болж хувирсан нь үнэн. Муу сайн нь хамаагүй бүх оюутнууд сар бүрийн цалинтай болов. Алагчилалгүй ямар сайхан нийгэм бэ??? Яг бидний хүсэж байсан шиг.. Гэвч сүүдэр нь өгсөн сардаа л харагдаж эхлэв. Эрүүлжүүлэхийг нөгөө ОЮУНТАНууд маань дүүргэх болов. БРАВО!!! Монгол орон залуу үеэ бэлдэж байна.

АН-аас нэр дэвшсэн Элбэгдорж МУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөн ялалт байгуулав. ТОМ ЯЛАЛТ! Нам бүлэглэлийн задралд орсонгүй, нэгэн амьсгаагаар ажлаа хийж чадлаа. БАЯР ХҮРГЭЕ! АЛТАНХУЯГ, ЭРДЭНЭБАТ хоёртоо, мөн бусад гишүүддээ.

Засгийн газар ажилласаар, улсын их хурал маань байнгын үйл ажиллагаагаа явуулсаар. Гэвч гацаа гарав. УИХ -аар баталсан хууль, тогтоомжууд ЗГ-т таалагдаагүй бол хэрэгжихээ байв. Эрчим хүчний сайд Зоригт гэх залуу анхнаасаа л таагүй байдлаас олонд танигдаж, өрөвдөгдсөнөөр сайд бас гишүүн болсон эр, МУ-ын хуулийг нулимж хамгийн дээр сандаалан суух мэт болов. Хариуцлага тооцох боломж байхгүй. Яагаад гэвэл хамтарсан..

Байдаг л нэг өдөр, нар манддагаараа мандаж, амьдрал үргэлжилдэгээрээ үргэлжилдэх үед сонин содон явдал болсон нь АН дарга Алтанхуяг ЗГ-аас гарахаар шийдсэн байв. Ёстой л гэнэтийн зүйл байв. Дэмжих нь дэмжиж, бухимдах нь бухимдаж байв. Гэхдээ хамтарж орсон ч, гарна гэдэг нь даан ч анхаасаа ойлгомжтой байв. Ямар дараагийн сонгуулиар эвсэж дэвшилтэй биш.. Гэхдээ гэнэтийн энэ шийдвэр, яарсан хуумгай үйлдэл болсон нь мөн дороо л мэдэгдэв. ҮЗХ-ын хурлаар баяр ёслолын байдалтай итлгэлүүд хөвөрсөөр. Удаан үргэлжилсэнгүй хурал дээр бөмбөг тэвэрж орсон нь Баттулга гишүүн байлаа. Хатуу ч гэлээ үнэн үгийг хайр найргүй хэлэв. Монголчууд үүнийг л хүлээж байсан ба загатнасан газар маажив гэлтэй. Эрүүл мэндийн салбарын ололт амжилт ярьсан Ламбаа сайд илтгэлээ ОЛИМПИЙН АМЖИЛТ ярьж дууссан нь цаанаа л онцгүй. Даан ч дээ гэмээр нийслэлд бид амьдарж буй. Гадны оронд жижиг хотын эмнэлэгүүдэд байдаг багажууд нь Монголд гуравхан байдаг.. Эрүүл мэндийн салбарт ахилт байж болох ч алдаа, хийхгүй цаг алдсаар зүйлс үй олноороо буй. Сангийн сайд Баярцогтын цогтой илтгэл усан дээрх хөөс мэт хуурамч зүйл байлаа. Өнөөдрөөс харахад хувхай хоосорсон сангийн зоорийг хэнээс хариуцлага нэхэх вэ? Хагас жил гаруй толгойлсон Хаянхярваагаас уу? 3 жил илүү барьсан Баярцогтоос уу? Хувийн компанид үйлчилдэг сайд нартайгаа энэ өдөр олон МОНГОЛЧУУД маань ухаарсан байхаа.

Засаг нуран уналаа. Засгаа унагах нь тодорхой байсан ч унагаах энэ засгийг анхнаас байгуулах хэрэгтэй байсан эсэх хариуцлага ярих боломжийг олголгүй цааш хурдаа аван хөдөллөө. Шалтгаан нь сонгууль дөхсөнөөр тайлбарлагдана. Гэхдээ УИХ-ын гишүүн Амаржаргалын хэлсэн үгийг мартах учиргүй. ЗГ-аас гарах нь тодорхой ч бид хасах оноотойгоор бус, цаг үеэ зөв олж ард иргэдээсээ нэмэх оноотой гарах ёстой байсан. ҮНЭН. Ажил хийлгэдэггүй ЗГ-ын хэсэг гишүүд тэнд бий. Хуулиа хэрэгжүүлдэггүй Зоригт сайд, Хуулин дээрээ суусан Нямдорж сайд гээд хөвөрж өгнө. Хувийн компаний хөнжилд ЗГ-аа оруулсан хүмүүстэй тооцоо бодоод гарах боломж бидэнд байсан гэвч ЧАДААГҮЙ.

Сонгуулийн чимээнээр нэгэн командад орж, фракцийн тэнцвэртэй байдлыг хадгалсан АН-ын удирдлагад талархах хэрэгтэй. Мөн том ололт нь Энхболд гишүүн зэрэг шинэ сонгуулийн хуульд санаа тавьж өдий зэрэгт хүрэхэд нөлөө үзүүлсэн гишүүдэд ч баяр хүргэх ёстой.

Эцэст нь бид ЯЛАЛТ байгуулж ЧАДСАНГҮЙ. Хариуцлага удахгүй яригдах байх. Харин АН-ын эгэл гишүүд минь одооноос тунгаана бизээ.

Jun 23, 2012

Их аварга Д.Дагвадорж: Миний цээжин дотор одоо ч гал асч байна

news.zindaa.mn

Сэтгүүлч Бадамдоржийн Ганчимэг
“Ярилцъя” булангийн маань энэ удаагийн зочин Их аварга Асашёорюү Д.Дагвадорж. Одоогоос гурван жилийн өмнө түүнтэй уулзаж халуун дулаан, илэн далангүй, чин сэтгэлийн яриа өрнүүлж байсныг манай уншигчид мартаагүй биз ээ. Энэ бол бидний ярилцлагын хоёрдугаар хэсэг. Ингээд уншигч таныг домогт аварга Дагвадоржийн халгисан цалгисан, омогшсон, лугшсан ертөнцөөр аялахыг урьж байна. 
-Их аварга тантай одоогоос гурван жилийн өмнө Монгол түмнээ огшоосон, омог төгөлдөр ярилцлагаар уулзаж байлаа. Ахин уулзаж, бүх хүмүүс улс төрөөр халуурсан энэ өдрүүдэд аваргатайгаа ярилцлагынхаа хоёр дахь хэсгээр уулзаж байгаадаа баяртай байна?
-Баярлалаа. Тантай уулзах сайхан байна. Яагаад ч юм танд өгсөн тэр ярилцлагаа хааяа би эргэж уншдаг. Ёкозуна Асашёорюү гэдэг хүнийг дотоод сэтгэлдээ юу тээж явдаг, зүрх сэтгэлийнхээ гүнд яг ямар хүн бэ гэдгийг үнэхээр гаргаж өгсөн ярилцлага. Ганчимэг эгчдээ баярлаж явдаг. Үнэхээр болсон болоогүй, хов жив болсон шар хэвлэлүүдийг би хүлээж авдаггүй, дургүй. Миний занг та ч мэдэж байгаа. Та санаж байна уу. Тэр ярилцлага хэвлэгдсэний маргааш орой нь над руу утасдаад уйлж байснаа. Би өнөөдөр нисч байна. Үнэхээр мэргэжлийн тасархай таашаал авлаа гэж хэлснээ. Би ч гэсэн тэр үгийг тань сонсоод омогшиж байсан. Одоо ч гэсэн тэр өдрүүд, тэр ярилцлага хийж байсан үе, таны хэлсэн тэр үг миний тархины бичлэгт хадгалаастай явдаг.
-Санаж байна. Циркэд байдаг ажлын өрөөндөө өнөөдрийнх шиг яг ийм цав цагаан цамцтай сууж байсныг тань. Бид тэгэхэд таван цаг ярьж байсан. Өнөөдөр ч гэсэн таныг тэр үеийнх шигээ хайлган цайлган, тэр өдрийнх шиг омогшил дүүрэн, яг тэрэн шигээ хаалга цонхоо дэлгээтэй байгаасай гэж хүсч байна ?
-Харин л дээ. Цаг хугацаа яг хуучны тэр өнгөөрөө, хуучны тэр хөг аялгуутайгаа эргэж ирдэг гэж үү. Ирдэг бол сайхан л байна.     
-Асуухыг үргэлж хүсч байсан битүү сэдвээс яриагаа эхэлмээр байна. Та энэ сэдвийг тайлж нэг ч удаа цээжний үгээ нээгээгүй. Таныг би тэнгэрт нисч явсан гэж боддог. Гэвч гэнэт зодог тайлж, газардсан. Үүний нарийн учрыг үнэхээр мэдмээр байдаг ?
-Та чинь яасан их тулгаж байнаа.
-Яг ийм явдал болсон юм аа... гэж өнөөдрийг хүртэл  та Япон, Монголын ямар ч сэтгүүлчдэд задалж яриагүй шүү дээ?
-Яахав ээ, би сайхан барилдаж байсан. Надад бол спортын том мөрөөдөл байсан. Үүнийг маань Монголын ард түмэн мэдэж байсан. Японы ард түмэн, намайг дэмждэг дэлхийн бусад фэнүүд маань бүгд тэр мөрөөдлийг минь биелээсэй гэж хүсч байсан. Тэд маань намайг Тайхо аваргын рекордыг эвдэнэ гэж хэлдэг байлаа. Би ямарваа нэг юманд ам гарах өөрөө дургүй л дээ. Тэгээд  яахав, сайхан барилдаж байсан. Бэртэл гэмтэл гээд спортын амьдралд өдий төдий юм тохиолддог. Тэгж байтал дороос идэр залуу сайхан аварга гарч ирсэн. Монголын бас нэг сайхан аавын хүү, та бүхний хүндэлж хайрладаг сайхан аварга гарч ирсэн. Мэдээж энэ бүхнийг хүлээж авахад надаас асар их сэтгэлийн тэвчээр шаардаж байсан л даа.
-Маш сайн ойлгож байна. Энэ бол мэдрэмжийн нарийн нандин долгилцол дээр тэмтрэгдэх ойлголт шүү дээ?
-Тийм ээ. За, сэтгэл зүйн хувьд тэрийгээ даван туулаад, нөгөө бөхтэйгөө барилдаж сураад цаашаа явсан. 25 дахь түрүүгээ авчихлаа, цаашаа ердөө долоон түрүү авахад би 32 дээр очно. Үнэндээ би энэ тухай тэгтэл их бодож яваагүй. Зөвхөн урдаа ирсэн даваануудыг л бодож, ялалтуудаа хийж барилддаг байсан. Өмнөх башё дээр нь би бас бэртэл гэмтэл авчихсан. Гэтэл яагаад ч юм тэр башё надад нэг тийм гал өгсөн юм.
-Гал?
-Гал. Яагаад ч юм сэтгэл зүрхнээс асаад, яагаад ч юм тэр жижиг сажиг бэртэл гэмтлийг давж гарах хүч оргилоод, яагаад ч юм өрсөлдөгч бөхтэйгөө барилдах арга барилаа олоод, яагаад ч юм сэтгэлийн тэнхээ тогтоод цээжинд нэг тийм гал асаад байсан. Өрсөлдөгч бөхтэйгөө барилдах арга техникээ олно гэдэг өөрөө асар том философи байдаг юм шүү дээ. Тийм биз дээ.
-Тэгэлгүй яахав. Түрүүн та хүлээж авах тухай аягүй гоё ойлголтыг хөндлөө шүү дээ?
-Нэгэнт өөр дээрээ тулаад ирсэн тэр зүйлийг хүлээж авахад бас тодорхой хэмжээний цаг хугацаа хэрэгтэй байдаг. Энгийн амьдралаас жишээ авъя л даа. Одоо энэ бидний өдөр тутмын хэрэглээний цахилгаан байна шүү дээ. Нэмэх хасах цэнэг шууд нийлэхээр юу болох вэ. Тэрэн шиг л зүйл шүү дээ.Тийм учраас би нөхцөл байдалтайгаа ойлголцохын тулд цаг зарцуулсан. Би үнэхээр тэр ойлголтод цаг хугацаа зориулсан. Тэр хүртлээ барилдаж байхдаа яг бас энергиэ гаргаж чадахгүй яваад байсан. Тэгээд л яагаад ч юм тэр башё дээр дахиад би хоёр жил барилдана аа гэсэн бодол цаанаасаа орж ирсэн. Яагаад ч юм миний дотоод энерги, дотоод мөн чанар, миний  бөхийн амьдралд нөлөөлөх  элдэв бусын эсрэг энергийг дарах юм орж ирсэн. За, би ямар ч байсан долоон башё түрүүлнээ. Дүүтэйгээ би барилдана. Жилд зургаан башё байгаа. Хоёр жилд 12 башё. Бүгдийг би дийлэхгүй ч бай талд нь очиход  их аварга Тайхогийн амжилтыг эвдэх юм байна. Ингэж чадах юм бол би цахиур хагалах юм байна даа гэж бодож байсан. Би үнэхээр сэтгэлээ нээж ярьж байгаа юм шүү. Манай хүмүүс яаж ойлгох юм бол доо.
-Ойлгоно шүү дээ?
-Тэр цахиурын чулууг би бэлдчихсэн байсан. Билүү нь надад өөрт байсан. Зөвхөн зурах нь л үлдсэн байсан даа. Ингэж хэлэхээр өөрийгөө хэтэрхий магтсан болох ч юм уу, бүү мэд.
-Танд тийм эрх нь байгаа?
-Хоёулаа ингээд л задгай ярьж эхэлдэг шүү. (инээв) Бид хоёрт одоо бол ямба хэрэггүй, ямар нэгэн халил хэрэггүй. Тийм үү.
-Тийм ээ, Тэр гал юу байв аа. Нэг мэдэхэд л гал залгичихсан байдаг. Цээжин дотор л асаад ирсэн?
-Үнэхээр тийм. Ямар ч байсан дээр байгаа тэр үүлний цаана юу байдгийг хармаар санагдаад л. Товчхондоо том мөрөөдлийн, том амжилтын гал ассан л даа. Тэгээд яагаад ч юм би тэр башё дээр түрүүлээд, яагаад ч юм нэг жижиг сажиг асуудал гарч ирээд. Яагаад ч юм тэр башё дээр зодог тайлах асуудал босч ирсэн.
-Тэр өглөө жирийн л нэг өглөө байсан уу. Яг тантай юу тохиолдсон юм бэ ?
-Энэ асуудал ерөөсөө л Монгол хүний омогшил шүү дээ. Гал халуун Монгол хүний омогшил. Монголын залуучуудыгаа тийм зүйл дээр, ийм л байгаасай гэж хүсдэг. Монгол гэдэг энэ зургаан үсэг сэтгэл зүрхэнд минь бараг миний зургаан мөч болсон. Би ийм болтлоо тэнд өрсөлдсөн юм шүү. Тархи оюун, бие цогцос, их түүх, өвөг дээдэс, үзэмж гоо, эх орноо хайрлах сэтгэл гэсэн энэ зургаан зүйл дээр тэр Монгол гэсэн зургаан үсэг явдаг юм болов уу гэж боддог. Би гал халуун Монгол, би эмоцитой Монгол, би давилуун Монгол, би аархуу Монгол, би ард түмэндээ хайртай Монгол хүн. Авааль гэргий, үр хүүхдэдээ хайртай Монгол эр хүн. Үнэхээр бид өнөөдөр сэтгэл зүрхээ нээсэн шиг нээе гэж байгаа бол би танд дотроо нээж, ёстой сэрхийтэл хэлж, сэвхийтэл ярьж уужирмаар санагдаад явчихлаа. Болох юм уу.
-Болно шүү дээ. Энд болохгүй гэсэн ямар ч тэмдэг байхгүй?
-За, тэгээд нөгөө Монгол чинь 25 түрүүлчихлээ. Намайг тэр үед ямар явсан гэж бодно. Гэвч дотор минь асч байсан тэр гал бөхсөн.
-Гэхдээ Монгол хүний, тэр тусмаа тань шиг хүний сэтгэлд ассан галыг сугалж авна гэж байхгүй шүү дээ?
-Миний тэр сэтгэлийн гал ил ассан юм болов уу даа л гэж бодох юм.
-Аварга та яасан битүү хариулж байх юм бэ. Хоёулаа нээлттэй л сайхан ярья л даа. Тэр өглөө үнэхээр жирийн л нэг өглөө юм уу, жирийн бус өглөө байсан юм уу?
-Жирийн л нэг, хүний нутгийн өглөө байсан. Гол онцлог нь сэтгэлийн гал ассан байсан. Эерэг гал байсан. Гадна талаас бол миний зүг рүү хурц гал ассан. Ийм нөхцөлд хүний бүх л араншин илэрнэ шүү дээ. Уучлаарай, тэр асуудлын тухай ярихаар сэтгэл жаахан хямраад явчихдаг юм аа.
-Танд тавьсан занга байсан юм уу?
-Та бүхэн мэдэж байгаа даа. Үүнийг яриад байж яах юм бэ дээ.
-Нэг ч яриагүй шүү дээ?
-Асуудлыг би гайгүй л гэж бодож байсан. Нөгөө л нэг бичигддэг, нөгөө л нэг Асашёорюү, нөгөө л нэг Монгол, нөгөө л нэг дийлээд байдаг баатарлаг Монгол. Нөгөө л ард түмэн нь уухайлаад байдаг Монгол байсан. Тэр нь л хэтэрхий бас айлын галыг ноцооход нь дэм болчихсон юм болов уу гэж боддог юм ш дээ. Одоо би сайхан эх орондоо ирчихээд сууж байна. Миний Монголд бас зөндөө л гал ассан байна шүү дээ. Ганчимэг эгч ээ, хоёулаа энэ сэдвийг орхиё тэгэх үү.
-Тэгье, өнөөдөр би таныг сурснаараа аварга аа л гэж дуудаж байна. Ингэхэд та яг одоо хэн бэ. Таныг хэн гэж дуудвал танд таатай байх бол?
-Би амьдралынхаа зургаар л явж байгаа хүн. Намайг  хэн гэж дуудахаа та үнэхээр мэдэхгүй байгаа юм уу. Тэгвэл би өөрийгөө нэг танилцуулчих уу. (Аваргын маань гэдэн жаахан хөдлөв бололтой) Би Долгорсүрэнгийн Дагвадорж. 1980 оны есдүгээр сарын 27-нд төрсөн. Бич жилтэй. Нийгмийн гарал ажилчин. Монгол улсын иргэн. Би улаан залаатай Монгол эр хүн. Би Монгол залуусаа үндэсний үзэлтэй байгаасай гэж хүсдэг. Тэр нь хий хоосон лоозон биш. Увайгүй хүмүүс  ард нь сууж байдаг хэлбэрээр биш. Жинхэнэ үнэн, жинхэнэ бадрангуй үзэл байгаасай гэж үнэхээр хүсдэг.
-Аварга аа?
-Яасан?
-Таныг зодог тайлж байхад өвөл байсан, тийм үү?
-Өвөл байсан.
-Гурван жилийн өмнө та надад “Би Монголынхоо өвлийн урдаас хага ташсан тэр нэг хүйтэн агаарыг ямар их санадаг гээч” гэж ярьж байсан.  Тэгээд таныг зодог тайлах үед “Асашёорюү эх оронд чинь таны дуртай агаар нь тачигнасан омголон өвөл болж байна. Хүрээд ир” гэж бичиж байсан. Яг тэр явдлын дараа буцаад ирэхэд яг тэр агаар угтсан уу?
-Миний сэтгэлд олон жил явсан тэр агаарыг, тэр мэдрэмжийг яаж ч “delete” хийгээд алга болгож чадахгүй шүү дээ. Тийм биз дээ. Бид нар гадаад дотоод явлаа, галуу шувууны мах идлээ энэ тэр гээд ля ля гэдэг. Тэр үнэндээ юу юм бэ. Тэр зүгээр л биед зүүсэн чимэг байхгүй юу. Зүгээр л хээнцэрлэл. Монгол агаарын дэргэд юу юм.
-Эх орондоо буугаад зогсч байхад санаа сэтгэл тавираад сайхан байсан биз дээ ?
-Сайхан шүү дээ. Тэгээд. Юутай зүйрлэх юм. 
-Яг суурин ингээд амьдарч аж төрөхөд Монгол хэр хөгжсөн байна. Олон жил та эх орныхоо сурталчилгаа байлаа. Одоо ч хэвээрээ ?
-Монгол минь сайхаан. Ийм сайхан эх орныг бидэнд үлдээсэн өвөг дээдэс, тэр агуу монголчуудаар би бахархдаг. Ёстой халуун амь, бүлээн цусаараа эх орноо хамгаалж явсан баатрууд шүү дээ. Сая би “Анхны долоо” гээд шинэ кино үзсэн. Яаж бахархахгүй байх юм бэ. Тэдэн шиг хөвгүүдээр.
-Би таны ярихыг хүсэхгүй байгаа сэдвийн асуултуудыг тавиад байгаагаа мэдэрч л байна. Нээрээ та киноны сурталчилгаагаар гарч байсан. Үзээд гарч ирэхэд тань сэтгүүлчид сэтгэгдийг тань асуусан юм уу. Албан ёсны сурталчилгаа юм уу?
-Ганчимэг эгч ээ, нэг юм тодруулж хэлмээр байна. Энэ ямар нэг намын сурталчилгаа биш шүү. Бид нар үүх түүхээ мэддэг баймаар байна. Бидний үеийн тэр залуусын хийсэн киног дараа дараагийн үеийн хүүхдүүд, бидний ирээдүй үзэх ёстой. Тэрийг л бодож хийж байгаа шүү дээ.
-Өөрийг тань би бол дотроо ойлгож байна. Гэхдээ та бол маш том сурталчилгаа шүү дээ. Та өөрөө маш том зах зээл. Тэгэхээр таны оролцож байгаа, таны урд нь зогсч байгаа бүх юм сурталчилгаа болж харагдах нь зүйн хэрэг. Тэр утгаар нь л би асуусан юм?
-Миний сурталчлах үүрэгтэй цорын ганц юм Монгол эх орон минь. Гэхдээ байна шүү, Монголын юм бүхэн үнэ цэнэтэй байх ёстой. Тэр дундаа хүн нь, газар шороо нь, баялаг нь, мал сүрэг нь, урлаг нь, спорт нь, кино нь. Киног сугалж ярья л даа. Киноны гүйцэтгэж ирсэн үүргийг хүн төрөлхтөн бүгдээрээ мэднэ. Эх орны дайны үеийн Оросын кинонуудыг бод доо. Тэр урлагаар дамжуулан ард түмнээ зоригжуулж, сэтгэлийнх нь дотор эх оронч үзлийн галыг асааж, дараагийн хойч үедээ эх орон нь хэчнээн их үнээр өвлөгдөж үлдсэнийг тархинд нь хэлж байдаг. Та бид хоёрын сэдэв жаахан зөрөөд байх шиг байна. Та болохоор нэг сурталчилгаа яриад байна. Одоо нөгөө талаас нь ярья. Монгол гэдэг чинь өөрөө бидний сурталчилгаа. Би зүгээр нэг муу цагаач байвал яах юм бэ. Тийм биз дээ. Миний энэ биеэр зөвхөн Монгол минь гүйж байгаа юм. Тийм болоод би хүчтэй, тийм болоод би ялж ирсэн. Би нэг л юман дээр омогшиж байгаа. Тэр нь Монгол. Одоохондоо омогшил минь шалдан байна. Ний нуугүй хэлэхэд би Монголд ирээд хөрсөн дээрээ буух гэж зөндөө шаналсан.
-Тэгээд бууж чадсан уу?
-Мэдээж эх хэлээрээ яриад ингээд сууж байхын жаргал, дээр цэлийж байгаа хөх тэнгэр, дэргэд сүндэрлэж байгаа уулс, мандаж байгаа нар нь хүртэл Монгол байхад яах юм бэ. Эх оронд маань сайнтай муутай амьдрал зөндөө л байна. Би бол үнэндээ дэндүү тасарчихсан байжээ. Би Монголоосоо дэндүү тасарсан байж. Тугаа бариад Монголоо гээд дэндүү явчихсан байна. Хөрсөн дээрээ буугаад үзлээ. Хоёулаа шударга л ярья л даа. Монголын амьдрал өнөөдөр хэцүү байна шүү дээ.
-Ирснээсээ хойш Монголоороо нэлээн явав уу?
-Явалгүй яахав дээ. Зөндөө  явлаа.
-Амьдрал тийм хэцүү байна уу?
-Монголын амьдрал хэцүү байна аа. Нөгөө цайлган сайхан сэтгэл нь дарагдчих гээд байна шүү дээ. Эрхбиш айлд яваад ороход, ээ аварга маань ороод ирж байхад гээд аягатай цайгаа барьдаг, эрхбиш таваг нь дундхан ч идээгээ  тавьдаг ёс нь арайхан хазайчихаагүй байна. Хоёр сая 700- хан мянган хүнтэй, ийм өргөн уудам нутаг дэвсгэртэй. Асар их баялагтай, сүрлэг  түүхтэй, ийм ард түмэн ингэж амьдарч болох юм уу.
-Таныг ирэнгүүтээ улс төрд хөл тавина гэж хүмүүс таамаглаж байсан?
-Үгүй ээ, би улс төрд орохгүй. Надад тийм хүсэл ч байхгүй.
-Намуудаас санал бол ирсэн биз дээ?
-Ирсэн л дээ. Гэхдээ би ийм санал хүлээж авахгүй ээ. Би их хуралд ороод дөрвөн жил тэнд юу хийх юм бэ. Би харин хөрсөн дээрээ буумаар байна. Энэ улс төрчид ард түмэн, ард түмэн гээд л тархийг нь угаагаад байх юм. Би ч гэсэн ард түмний нэг хэлтэрхий биз дээ. Би ингэж тархиа угаалгамааргүй байна. Энэ арай дэндэж байна. Эд нар улс төрийг арай зөв талаас нь хиймээр байна шүү дээ. Тэгээд л болсон болоогүй түмнээ хамж, хувааж  давхиад л. Би тэр элдэв худал хуурмаг юм бичээд байгаа нөхдүүд шиг жижиг гар биш шүү дээ. Би том Монгол. Агуу Монгол. Би харин хөрсөн дээрээ буумаар байна. Нээрээ Монголын хөрсөнд буух хэцүү байна шүү. Би нэг л юмыг ойлгохгүй юм. Манайхан яагаад ингээд стресстэй амьдраад байдаг юм бэ.
-Би таныг ч гэсэн стресстэй байна л гэж харж байна?
-Байлгүй яадаг юм бэ. Хаагуур нь би өнгөрөх юм. Төр Монгол хүнийхээ тархийг, зүрхийг, оюуны чадавхийг нь дэмжээд өгөөсэй.  Би сая Сонгинохайрхан дүүргээр явлаа. Ээ бурхан минь ээ. Ёстой нээрээ хэцүү гэж хэлэхэд багадам байна. Арай ч дээ. Ингэж амьдрах ёсгүй л ард түмэн ш дээ. Итгэлийг нь авч гарч ирчихээд зарим нэг нөхдүүд юу хийгээд, яагаад хуурч мэхлээд яваад өгч байгаа юм бэ. Ард түмний сүүн цагаан сэтгэл рүү ямар өнгийн будаг цацчихаад яваад өгч байгаа юм бэ. Ийм л байна шүү дээ, бодит амьдрал. Би нээрээ стресстэй байна. Энэ үнэн. Аль болох хүмүүстэй гар барьж, аваргаа гэсэн тэр сэтгэлийг нь хүндэтгэж хэн ч байсан тэмүүлээд ирэхэд нь халуун гараа атгалцаад, тэврэлдээд, амьдрал сайхан болноо, дандаа ийм явахгүй гэж хүч тэнхээ өгөөд явахыг ядахдаа бодож байна. Энэ ард түмэнд чинь сэтгэлийн дэм, урам, итгэл найдварын гал хэрэгтэй байна.
-Бүчээд, шаваад явуулдаггүй хэвээрээ л байна уу?
-Хэвээрээ. Би тэр олон хүн дотроос нэг сайхан эмээг харсан. Нэг сайхан ээж. Сонгинохайрханд явж байсан юм. Бараг 10 мянгаад хүн байсан байх. Тэр олон дундаас нүдэнд тусаад болдоггүй. Улаан хамбан дээлтэй. Энгэрээр нь дүүрэн одон. Хүмүүст даруулчих гээд хөөрхий сууж байсан.Энгэр дээрх одонгууд дотроос нь хоёрхон одон надад их тод харагдсан. Алдарт эхийн нэг, хоёрдугаар одон. Би өөрийн эрхгүй алхсан. Тэр олон хүн дундуур бүгдтэй нь гар барьж, зургаа авахуулж зүтгэсээр яваад эмээ дээр очсон.  Эмээ уйлсан. Тийм уяхан, зөөлхөн, сайхан сэтгэлтэй. Өөрийнх нь үр хүүхэд биш шүү дээ. Өө, манай Асашёорюү хүрээд ирэв үү. Миний хүүгээс ялгаа юу байхав. Эмээ нь чамайг барилдаж байхад захыг нь мушгидаг байсан шүү гээд л. Энэ надад маш том шагнал.
-Монголдоо байгаагийн хамгийн том мэдрэмж?
-Өө, тэгэлгүй яахав. Мөн ч сайхан ард түмэн. Мөн ч сайхан энэ ард түмэн мөн ч тааруу амьдарч байна. Энэ л бидний эмгэнэл.  
-Нээрээ таныг хамгийн сүүлд Н.Энхбаяр даргын гэрт очсон байхыг тань телевизээр харсан юм байна. Та яагаад тэнд яваад оччихсон бэ?
-Яагаад болдоггүй юм. Монголдоо, Монгол айлд орохдоо хүнээр заалгах ёстой юм уу. Нэгд, би нам бус хүн. Хоёрт, тэр хүнийг төрийн эрх барьж байхад түмэн олон бүгд л хүндэлж хайрлаж, хүрээлж  байсан биз дээ. Одоо яагаад буухаар нь өөр болох ёстой юм. Миний хүмүүжил юм л даа. Ер нь заавал энд хариулах ёстой юм уу. Монгол хүний сайхан сэтгэл байна ш дээ. Ядарч яваа нэгэндээ тусладаг. Нэг зүйр цэцэн үг байдаг даа. “Тэнхээтэй явахад нь тэмээгээр туслахаар тэвдэж явахад нь тэвнээр тусал” гэж. Үүнийг битгий сонгуультай хутгаарай. Бидний сэтгэлийн угт хүн чанар гэдэг юм байдаг биз дээ. Би эр хүний жудгаар л очсон.
-Таныг хараад баярласан байх?
-Мэдэхгүй л дээ. Баярласан л байх гэж бодож байна.
-Одоо ид улс төрийн сонгууль болж байна. Та бол сонгууль гэсэн сэдвээс нэлээн төвөгшөөж байх шиг байна. Гэхдээ л асуумаар байна. Н.Энхбаярын хамтран зүтгэгч Д.Тэрбишдагва МАХН-аас Сонгинохайрханд дэвшиж таны ах Д.Сумъяабазартай өрсөлдөж байгаа. Мэдээж та ахыгаа дэмжиж байгаа байх. Энэ хоёр хүний тухай  юу хэлэх тань сонин байна?
-Хариулахаас өөр аргагүй асуулт байна. Сайхан л монгол эрчүүд.
-Хоёулаа юу?
-Тийм. Би Д.Тэрбишдагва гуайг тэнд очоод сууж байхад нь бас баярлаж л байсан. Тэр хүн жудаг л гаргасан. Би тэгэж бодож байна.
-Н.Энхбаяр гуайнд уу?
-Тийм, яагаад болохгүй гэж. Би таниас энэ асуултыг асуучихъя.
-Би болохгүй гээгүй л дээ. МАХН-аас Д.Тэрбишдагва, МАН-аас Д.Сумъяабазар. Энд болж байгаа  улс төрийн өрсөлдөөнийг  яаж харж байна вэ л гэж асууж байгаа юм?
-Уул шугамандаа МАН, МАХН хоёрыг чинь нэг ээжийн хүүхдүүд л гэж боддог шүү дээ.
-Та бас хошин юм аа?
-Хошинсоод ч байх юу байхав.  Зүүнийг баримтлагч хоёр нам. Монголчууд бид эвтэй л байхсан даа. Ардчилсан нам дотор ч миний хүндэлдэг сайхан ах нар зөндөө бий. Ерөөсөө хагаралдахаас залхах хэрэгтэй. Яахаараа манай монголчууд юм л бол хагаралдаад, гахай нохойгоороо бие биенээ дуудах ёстой юм бэ. Бүгдээрээ л сайхан жудагтай байя л даа. Сонгуулийн маргааш нар гарахгүй юм уу, гарна шүү дээ. Амны билгээс, ашдын билэг гэж үг бий. Нар хэний ч аавын хүүг ялгахгүй. Нөгөө алтан наран биднийг  ав адилхан гийгүүлдэг гэж шүлгийн мөр байдаг биз дээ. Нар өглөө цагтаа мандаж, цагтаа жаргана. Мөнхөд ийм байх болно. Хүний амьдрал байдгаараа л байж байна. Харанхуй өдрөөс нартай өдөр нь мэдээж сайхан. Хэтэрхий халуун нар бас хэцүү. О.Дашбалбар гуайн сайхан шүлгүүдийг би Youtube дээр тавиад л сонсч байдаг юм.
Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ
Алив сайхнаа бусдаас битгий харамла
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул
Хэн нэгийгээ харанхуй нүх рүү битгий түлх гээд.
-Сайхан л монгол эрчүүд гэж та онцоллоо. Хэн нь ч ялсан хамаагүй юу?
-Мэдээж Д.Сумъяабазар ах бол миний зулайг дарж төрсөн ах минь. Монгол Улсын аварга, ард түмний хайртай хүү. Өнөөдөр өөрийнхөө сонголтыг хийгээд, улстөрийн сонгуулийн өрсөлдөөнд ороод явж байна. Дүүгийн хувд ахыгаа ялаасай гэж хүсэх нь ойлгомжтой шүү дээ.
-Хэвлэлүүд бөхчүүд парламентад орж ирэхэд жаахан таагүй хандлагаар бичдэг. Гэсэн ч монголчууд бид наадмаар бөхөө үзэж цэнгэдэг. Хамгийн том цэнгэл маань эрийн гурван наадам шүү дээ. Тэнд гол дүр нь бөхчүүд. Тийм атлаа үндсэн хуулийн дагуу эрхээ эдлээд нэр дэвшихээр нь гоочлоод унах юм. Та энэ хандлагыг юу гэж боддог вэ?
-Би тантай санал нэг байна. Бөх гэдэг чинь хүн биш юм уу. Үе үеийн  буурал түүхээ эргэж хар л даа. Энэ бөх гэдэг чинь бидний агуу том соёл.  Бидний өмч, бидний дээдэлж, бахархаж ирсэн шүтээн. Нүүдэлчин Монголын амьдралыг чимж, сэтгэлийн их баяр цэнгэл эдлүүлж ирсэн агуу соёл. “Бөхчүүд” гээд сонин ч гараад ирсэн байх шиг. Тусдаа хүмүүс юм уу. Өөрсдийнхөө өв соёлд ингэж хүндэтгэлгүй хандаж болохгүй ээ. Орос гэж том гүрэн байна. Энэ том гүрнийг авч явж байгаа Владимир Путин чинь бөх хүн. Жудоч  хүн шүү дээ. Одоо манайд  гэхэд Женко Х.Баттулга ах байна. Бөх хүн. Б.Бат-Эрдэнэ аваргыг хар. Бөх байсан энэ хүн улс төрд яаж биеэ авч явж байна. Ард түмэндээ яаж хүндлэгдэж байна. Хэрлэн голоо хэрчүүлэхгүй гэж тэмцсээр байгаад л аваад үлдчихсэн шүү дээ. Байгаль дэлхийгээ хайрлаж, нутаг усаа хамгаалж тэмцэж чадаж байна. Чадахгүй байгаа нөхдүүд харин олон байгаа шүү. Би өөрийн ариун цагаан хөдөлмөрөөр олсон жаахан юмаараа хөрөнгө оруулалт хийгээд Үндэсний хөрөнгө оруулалтын банкийг ахтайгаа хамтраад байгуулаад явж байгаа. Намайг олон жил тэнд барилдаж явахад энд бүх асуудлаа даагаад л явж байсан. Манай ах бол мэргэжлийн мундаг санхүүч хүн. “Монголбанк”-ны Д.Пүрэвдорж гуайтай тулахад бол ямар ч байсан зогсохгүй шүү. Монголын эдийн засгийн асуудлаар ярих юм бол ер нь гацахгүй аваад л гарна. Яагаад гэвэл мань хүн олон тоон дээр сууж байгаа хүн. Сумъяабазар ахаасаа би олон  гайхалтай чанар олж хардаг. Биеэ авч явдаг тэр соёл нь. Бөхийнхөө хувьд ч гайхалтай аварга гэж би хэлнэ.Одоо бол ширээний ард бичиг цаасны ажилтай л ноцолдож суудаг. Бөх гэдэг чинь, ер нь спорт гэдэг чинь омголон залуу насны ид хийморьтой, бадарч явах нэгхэн хэсэг хугацааны л ажил шүү дээ. Ер нь бөх гэдэг чинь спортын төрөл болохоос хүний төрөл биш юм байгаа биз дээ. Тийм биз дээ, та юу гэж бодож байна.
-Санал нэг байна?
-Би ахтайгаа хамт нэлээн явлаа. Хийсэн бүтээсэн ажлыг нь үзлээ, нүдээрээ харлаа. Хийсэн байна шүү. Ямар ч байсан Иргэдийн хуралд ажиллахдаа их зүйлийг хийж амжуулсан байна. Зам барилгаас авахуулаад их зүтгэсэн байна. Сумъяабазар ахад би нэг л юм хэлсэн. “Ах аа, дөрвөн жилийн дараа хоёулаа Сонгинохайрханд ажлаа шалгуулахаар болзлоо шүү. Тэртээ тэргүй таны дүү гэж намайг бас харж байгаа. Тийм учраас сайн ажиллана шүү. Юм хийж бүтээнэ шүү. Та төр түшилцэх,  төрийн түшээ хүн болно. Хариуцлага маш өндөр шүү. Ард түмний энэ их итгэл найдварыг хөсөрдүүлэхгүй шүү. Дүгнэж цэгнүүлэх үед чинь би бас ард түмний хэсэг болж дуугарна шүү. Би бол ард түмнийхээ нэг хэсэг шүү. Ард түмний талд зогсоод таны ажлыг би дүгнэнэ шүү гэж хэлсэн.
-Том “шахалт” байна шүү?
-Нэгэнт л ийм хэмжээний зорилт өөртөө тавиад Монголынхоо хөгжлийн төлөө, Монголынхоо нийгмийн сайн сайхны төлөө ажиллахаар зориг шулуудсан  учраас би шахахаас өөр яахав дээ. Би ард түмний нэг хэлтэрхий. Цаана чинь ард түмэн харж байгаа. Тийм  учраас дөрвөн жилийн дараа ажлаа дүгнэнэ шүү. Сонгинохайрхан дүүргийг хараад байхад ирж буучихаад л яваад өгдөг. Зүгээр л нэг бууриа үлдээчихээд яваад өгдөг. Хог новшоо тарааж хаячихаад яваад өгдөг юм байна, зарим нь.
-Сонгинохайрхан дүүрэгтэй та бүхний хувийн дурсамж бас холбоотой юу?
-Холбоотой байлгүй яахав. Манай аав чинь тээврийн яамны харъяа 25 дугаар баазад жолоочоор ажиллаж байсан хүн шүү дээ. Аавын идэр залуу насных нь амьдрал энд шингэсэн.  Одоо ч Монгол Улсынхаа бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулсан сайхан жолооч нар дүүрэн байна. Уулзаад аавтай чинь тээвэрт хамт явж байлаа гээд сайхан буурлууд ярьж байна.  Аавыг минь яриад л. Сайхан л байдаг. Ачааны хүндийг ард түмний хүүхдүүд л үүрч явсан ш дээ. Одоо манайхан худлаа хэлбэр их хөөдөг болжээ.  Сэхээтэн гарал, ажилчин гарал гэж юуг хэлээд байгаа юм. Надад их сонин санагдаад байгаа байхгүй юу. Нийгмийн гарал үүсэл сэхээтэн ч гэх шиг. 40 мянгатынхан ч гэх шиг. Элит ч гэх шиг. Хэн болоод хэндээ элит болох гээд байгаа юм бэ. Адилхан л нүүдэлчин монголчууд байж. Хотын соёл гээд л ярих юм. Ойлголтынхоо хувьд байх ёстой л зүйл. Гэхдээ яагаад тэр алслагдсан дүүрэгт аж төрдөг нэг хэсгээ элдвээр нь хэлж ялгаварлах ёстой гэж.
-Хөдөөнөөс орж ирэгсэд Сонгинохайрханд маш их бий. Одоо ч нүүж ирсээр л байгаа. Ерөөсөө хүний мөрөөдөл чинь төв рүүгээ чиглэдэг. Гэтэл манайхан  муусайн хөдөөнийхөн орж ирээд хотын гоо сайхныг эвдээд хаячихлаа гээд  муучлаад байдаг?
-Ямарваа нэгэн юм чинь соёлт нийгэм рүүгээ тэмүүлдэг юм. Хүн  битгий хэл адгуус мал хүртэл. Дээр үед ч гэсэн Хүрээ орно гээд мөлхөх шахуу зорьж ирдэг байсан биз дээ. Өнө мөнхийн хүсэл мөрөөдөл нь байсан. Тэрэн шиг л хүрээд ирсэн хүмүүсээ “Та нар наанаа захын хороололдоо л бай” гэж хаших гээд байгаа юм уу. Яагаад монголчууд бие биедээ ийм хайргүй болчихсон юм бэ.
-Долгорсүрэн заан бол манай алдартай  заануудын нэг. Хөвгүүддээ мэдээж нэг жинтэй л үг хэлдэг байх. Д.Сумъяабазар аваргад нэр дэвшихэд нь ээж, аав хоёр нь юу захисан бол?
-Түмний сайхан сэтгэлийг л дааж явах хэрэгтэй гэж аав маань дандаа бидэнд захидаг юм. Тэр үгээ хэлж байна лээ.
-Сонгинохайрхан дүүргээр та бас нэлээн явсан юм шиг байна. Хятадуудаар дүүрчихсэн байна л гэж сонсогдох юм. Та тийм байдал олж харав уу ?
-Ёстой энэ асуудал миний ганц эмзэглэж байгаа сэдэв. Нөгөө нэг Монгол Асашёорү чинь хаана байна. Би өөрийгөө хайгаад олсонгүй ээ. Албан ёсны тоогоор 3000 Хятад байна гэж байна. Энэ ариун явдал уу. Надад эрх мэдэл байдагсан бол хуу хөөгөөд гаргахсан. Манай Бал дарга хоёрч удаа сайхан цэвэрлэгээ хийсэн. 1961 онд нэг цэвэрлэгээ хийсэн. 1981 онд дахиад нэг цэвэрлэгээ хийж өгсөн гэдгийг бид мэднэ. Надад тийм эрх мэдэл байсан бол вагон вагоноор нь шүүрдээд  гаргахсан. Одоо л гаргаж хөөмөөр байна. Одоо больё л доо. Хацар гоо охидоо харамлаж байна, би. Хангай шиг сайхан эрчүүдээрээ шавар зууруулаад тэр дорсойсон шүдтэй хүмүүсийн дор ажиллуулмааргүй байна ш дээ.
-Зөвшөөрч байна. Гэхдээ та бид хоёрыг их л хоцрогдсон улсууд байна гэх байх даа. Дэлхий глобалчлагдсан ийм шинэ зуунд буруу үзэл тээж байна гэх биз?
-Битгий дэмийр, битгий солиор гэж хэлмээр байна. Глобалчлал гэж ер нь юу юм. Та нар эрлийз хурлийзуудаар энэ нутгийг дүүргэх гээд байгаа юм уу. Цусаа булингартуулах гээд байгаа юм уу. Бид нарт мэдээж сурах юм их байна. Бид нар гаднаас ажиллах хүч авах хэрэгтэй, үнэн. Үүнийг төрийн бодлогоор хатуу хууль хяналтан дор хийх ёстой. Тэд Монгол Улсын хуульд бөхөлзөж амьдрах ёстой.  Үгүй бол зайлцгаа, тонилцгоо. Хөөгөөд гаргах хэрэгтэй. Би монгол залуучуудыгаа их боддог. Эргээд  харахад их сонин тогтолцоо яваад байгаа юм. Идэр залуу хийж бүтээх насны залуусаа гадагшаа гаргаад байна. Гэхдээ өнөөдөр сонин, интернэтээс харж байхад бол бас  Солонгост ажиллах хүчин эрс буурсан байна. Энэ их сайн зүйл. Би монголчууддаа, залуучууддаа нэг л юм захимаар байдаг.Технологи хулгайлж ирээч. Гадны технологи. Одоо манай энэ циркийн гадна талбайг 1971 оноос хойш засаагүй байсан. Ойр орчмын өндөр настнууд, нялх нярай хүүхдүүд салхилах талбай хийж өгье гэж хоёр ахтайгаа ярилцсан юм. Хотын үзэмжийг  бас бодож байна. Улаанбаатар хотыг харах нүд нь болсон ийм газар шүү дээ. Энэ орчин чинь. Би хотын иргэн. Надад хотоо хайрлах хайр бий. Тэгээд энэ талбайг хийлээ. Аягүй гоё болсон байгаа биз дээ. Үүнийг зүгээр л нэг Монгол залуу хийсэн. Ийм хэмжээний ажил хийж үзсэн үү гэж би асууж байгаа юм. Үзээгүй ээ л гэж байна. Тэр Германд барилгын ажил хийж байгаад ирсэн залуу байсан. Мань эр хийсэн. Би өдөр болгон очиж шалгадаг байсан. Наадахаа  муруй хийчихсэн байна ш дээ. Чи юу хийгээд байгаа юм бэ л гэнэ.  “Аваргаа дуусаагүй байна, дуусахаар нь харуулна” гэдэг байсан. Хийлээ, гаргаад ирлээ. Хэчнээн сайхан талбай. Энэ залуучууд бол миний хэлээд байгаа тэр технологийн хулгайчид байхгүй юу. Хараар ажиллаж байсан, амьдралаа хүний газар бор зүрхээрээ бүтээж босгосон улсууд. Тэд эргэж Монголдоо ирж байна.  Эднийг төрийн бодлогоор дэмжих ёстой байхгүй юу. Би залуучууддаа хэлмээр байна. Гадаад улсад сууж байгаа элэг нэгт ахан дүүстээ хэлмээр байна. Ирэх үү, байх уу гэдэг нь тухайн хүний эрх л дээ. Гэхдээ Монголдоо заавал ирээрэй. Би агуу Нацагдоржийнхоо шүлгийг жаахан өөрчилчихөж болох уу. “Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас, хүний хүү технологи хулгайлж ирээрэй” гэж. Тэгээд эх орноо бүтээгээрэй, босгоорой гэж уриалмаар байна. 
-Орой болгон телевизээр Монгол ийм муухай болчихсон,  Улаанбаатар ийм муухай. Өөрчилнө, хална л гэж ярьцгаах юм. Хэн нэг нь ирээд бузарлачихсан юм шиг санаа сэтгэлд бараан энерги цацалсан юмнууд л үргэлж явах юм. Та олон жил гадаадад амьдарсан хүн юу гэж боддог бол?  
-Яг тантай нэгэн адил. Аягүй дургүй хүрдэг. Амны билгээс, ашдын билэг гэж эртний сайхан үг байдаг. Манай Ама Бямбадоржийн аавдаа зориулж зохиосон шүлэг байдаг. “Үйлс бүтэх аяндаа сайхан” гэж.  Тэр уурлаад байна, бухимдаад байна энэ тэр гэсэн бараан юмаар тархи угаахаа больё л доо. Хүн инээдэг юм ш дээ. Хүн дурлана, хайрлана, инээнэ, уйлна. Хүн дандаа уурлаж явахгүй. Амараа, аятайхан реклам хий л дээ гэж хэлмээр байна. Монгол хүн хэзээ ч нарыг, хэзээ ч хөх тэнгэрээ, хэзээ ч газар шороогоо нулимдаггүй шүү. Үүнийг л хэлмээр байна.
-Зодог тайлснаасаа хойш Япон руу хэр олон явсан бэ?
-Их л явж байна.
-Тэнд таныг угтах хуучин агаар өөрчлөгдөж үү?
-Хорвоо дэлхий сайнтай, муутай олон юм тээж байдаг. Намайг дэмждэг түмэн олон байгаа. Би тэд нарт сэтгэлийнх нь галыг асааж өгсөн хүн ш дээ. Тэр утгаараа надад маш их хайртай байдаг. Намайг мартаагүйд нь би бас баярладаг.
-Юу гэж таныг мартах юм бэ. Ер нь бол таныг зодог тайлахад Японы ард түмэн биднээс дутуугүй харамслаа гэж харсан?
-Харамссан.
-Тантай тэр явдлын өглөө нэг хятадын эрлийз  хүн таарсан юм билээ. Та яагаад энэ тухай ярьчихаж болдоггүй юм бэ. Би бас сэтгүүлчийнхээ хувьд асуусан асуултынхаа хариултыг авмаар байна шүү дээ ?
-Надад урьд нь ийм асуулт хэн ч тавиагүй. Би үүнийг өөртөө дотроо нууцалъя гэж бодож байсан. Ард түмэн маань юу гэж хүлээж авах юм бол доо. Яахав дээ, би бас цээжээ дэлддэг Монгол шүү дээ. Тэрүүгээрээ адлагдаж, сайшаагдаж, магтагдаж, далдуур хэлэгдэж, ард түмнээ баярлуулахдаа баярлуулж, бахдуулахдаа бахдуулж явсан. Монгол хүн гэж ер нь юу юм. Та тэгвэл тэрийг надад хариулчих. Би тэгээд дараа нь хариулъя. Монгол бүсгүй гэж юу юм, Монгол цус гэж ер нь юу юм. Та миний асуултад хариулчих. Би тэгээд хариулъя.
-Их л хүчтэй хариулт нэхсэн асуулт байна?
-Та надаас асуусан. Надад нэг хариулчих.
-Аварга аа, энд би асуух ёстой? 
-Тэгвэл би хариулчихъя. Монгол гэдэг чинь та өөрөө юм. Өвөг дээдсийн минь таныг хүн болгосон тэр цус юм. Би болсон явдлыг ярья. Башё эхэлчихсэн байсан юм аа. Нөгөө л адлагддаг, нөгөө л папарацид ээрүүлсэн Монгол. Тийм л өдрүүдийн нэг. Хоолон дээр нэг нөхөр ирдэг юм. Би найзуудтайгаа, намайг дэмжигч фэнүүдтэйгээ сууж байсан. Тэр хүн бөөрөнд наалдаад л. Аварга аа, би таны фэн чинь шүү гээд л байсан. За за, гээд тоосон шинжгүй л байгаад байлаа.  Хоолноос гараад ганц хоёр пиво уудаг юм байгаа биз дээ. Би үнэнийг л ярья. Уудаггүй юм ууж байгаа биш. Тэгсэн нөгөө нөхөр тэгдэг юм даа. Нөгөө эрлийз, нөгөө  булингартсан цустай нөхөр чинь юу гэсэн гээч. “Эх газрын бодлого чамайг харж явж байгаа шүү” гэдэг байгаа. Юу гэсэн үг вэ тэр. Чамайг хянаж байгаа. Эх газрын бодлого дээр чи явж байгаа шүү. Явах ёстой шүү гэсэн их битүү сонин юм хэлсэн. Эх газар гэж юу юм, эх газар гэж юу юм бэ. Дундад эх газар гэж хэлсэн шүү, бүр. Юу гэсэн үг юм бэ. Тэр ерөөсөө л надад хэлье гэснээ л хэлсэн байх. Би тэрийг яаж ойлгож авсан. Монгол ухаанаараа л ойлгож авсан. Тэр Хятадын эрлийз хүн байсан. Хятадад сайн ч хүн бий, муу ч хүн бий. Заавал над дээр ирж миний бөөрөнд наалдаж, намайг анзаарч мөшгиж явж байгаад тэгж хэлэх  шаардлага юу байсан юм бэ. Тэгээд би яах юм. Хар аяндаа л энэ гар өөрөө л явчихсан. Зүгээр л мангасдчихсан. Би цохиогүй л дээ. Алгадаад л унагасан. Алгадах  ч юу байх вэ, мангасдаад унагасан. Болсон явдал ийм л юм байгаа юм. Монгол гэдэг хариултыг би тэрэнд өгсөн шиг өгсөн  шүү. Тэрнийхээ төлөө хариугаа хүртсэн. Тэрэндээ би гутраагүй. Харин  32 түрүүлэх тэр боломжоо алдсан даа. Монгол хүний гал омогшлыг яах аргагүй унтраах гэж оролдсон. Би галаа аваад буцаад л эх орондоо ирсэн. Миний цээжин дотор одоо ч гал асч байна. Та яагаад миний мөрөөдлийг асуухгүй байгаа юм бэ, Ганчимэг эгч ээ. Яагаад тэр жижигхэн Хятадын өтний талаар надаас асуугаад байгаа юм. Сонгинохайрхан дүүргээр явж байхад долоон мянган хятад байна. Замын хажуугаар хачин орсойсон шүдтэй юмнууд алхаад байна ш дээ. Дотроо юу гэж бодож байгаа бол. Муу үхэр монголчууд гэж харааж байгаа даа. Бүгдийг нь хөөж гаргах хэрэгтэй.
-Аваргаа, таны идеалийг Монголчууд яаж ашиглах вэ, та өөрийнхөө нэр төрийг юунд зориулмаар байна вэ ?
-Би Тусгаар тогтносон Монгол Улсын иргэн. Иргэний үүргээ би хангалттай биелүүлсэн гэж бодож байгаа. Өнөөдөр Төв Азид ч, Оросод ч, Европод ч гэсэн явж байхад намайг хараад хүмүүс бас сонин болдог юм ш дээ. Нөгөө л реклам энэ дээр жинхэнэ утгаараа гарч ирж байгаа байхгүй юу. Тэнд би Монголын сурталчилгаа. Би сая Болгарт очсон. Чөлөөт бөхийн холбооных нь 80 жилийн ой нь болоод. Ёо, би галтайгаа байна шүү, Асашёорюүгийн алдар суу байна лээ шүү. Өдөр тутмын арван таван сонин тэргүүн нүүртээ мэдээлсэн байсан. Энэ аварга манайд хүрээд ирлээ гээд.
-Домогт Асашёорү Болгарт хөл тавилаа гээд л үү?
-Европын аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээн ид болж байна. Би дуртай л даа. Монголдоо хүүхдүүдтэй хөл бөмбөг тоглож байгаад бас шийтгүүлж л явлаа. Энэ бол агуу спорт шүү дээ. Ямар би мөрийтэй тоглоом тоглосон юм уу.
-Тэр үед бас л бөөн шуугиан болсон шүү?
-Тэгсэн. 1994 оны Америкт болсон дэлхийн аваргаар шигшээ дөрөвт багтаж байсан. Сточков гэдэг мэргэн бууч. Би тэр хүний тоглолтыг хүүхэд байхдаа үздэг байсан. Тэр Болгарын шигшээд тоглож байсан юм аа гэж би сонин дээр ярьсан. Би Болгарт нэг л хоносон л доо. Тэгээд Япон руу явсан. Тэгсэн Сточков өөрөө спортын ордон дээр ирээд намайг хайж явсан байна лээ. Би Асашёорюүд  подволкоо өгөх гэсэн юм. Миний фэн гэж байна гээд хайгаад явж байсан гэнэ. Би тэрнийх нь төлөө ямар гоё баярласан гээч. Би тэрэнтэй уулзмаар байна гэж хэлсэн байна билээ. Тэр хүн хэр баргийн Монголын аавын хүүг эрж хайж явахгүй супер од байсан хүн байхгүй юу.
-Таныг зодог тайлсны дараа дэлхийн фэнүүдээс тань майл, захидал их ирсэн үү ?
-Байлгүй яахав. Бүхэл бүтэн кино хийчихсэн байна лээ. Youtube дээрээс үзээрэй. Сая Тайланд, Сингапурт очиход Сингапурын төрийг 44 жил барьсан тэдний үеэл болон тэдний үе залгамжлагчид намайг ямар сайхан хүлээж авч байна.
-Та Японы эзэн хааны гэр бүлтэй холбоотой байгаа юу?
-Эзэн хааны гэр бүлтэй хүн болгон холбоотой байж болдоггүй юм аа. Би эзэн хаанаас мөнгөн хундага авсан. Японы эзэн хаан, хунтайжаас Японы төрийн сүлдтэй мөнгөн хундага бэлгэнд авч байсан. Эртний Ромын шилэн аяга авч байсан. Монгол хүнд дээшээ харсан сав сайхан бэлэг байдаг шүү дээ.
-Аварга аа, та олон жил толгойдоо хэн дуртай хүнийг хүргээгүй явж ирсэн. Үсээ хаана, яаж засуулж байна?
-Манай энэ циркийн ойрхон байдаг Vidal гээд салон байдаг. Тэнд Шагай гээд залуу байдаг юм. Их сайн залуу байдаг. Тэр залуу миний үсийг засаад сая Санктпетербургт болсон нээлттэй тэмцээнд алтан медаль аваад ирсэн. Их бэлгэ дэмбэрэлтэй үйл явдал болсон байгаа биз.
-Тийм байна. Танай Циркийнхэн бас том шагнал авсан байв уу?
-Сая хүүхдийн баярын тоглолтыг та үзсэн үү. Ямар гоё болов. Монте Карлогоос манай тамирчид, манай хамт олон дээд шагналыг нь аваад л ирж байгаа юм. Францад болсон циркийн фестивалиас манайхан шагнал аваад л хүрээд ирж байна. Миний нэг том мөрөөдөл бол Монголд Олон улсын фестиваль хийх. Ерөнхийдөө бүрдэж байгаа. Монголдоо хийнэ. Гадаадад очиж биш, Монголдоо олон улсын тэмцээн зохион байгуулна. Гоё санаа байгаа биз.
-Ёстой гоё санаа байна?
-Бид нар бүх л бүтэн зургаан жил энэ байгууллагад өөрчлөлт шинэчлэлт хийлээ. Өнөөдөр та гараад хар л даа. Энэ талбайг  хар. Бид нар энд өндөр байшин барилга барих сонирхол байхгүй. Хуучин циркийн баруун талаар байшингууд бариад эхэлж байна. Би үүний эсрэг байгаа. Яагаад гээч, Монгол Улсын төв цэг. Энэ хавьд чинь настнууд амьдардаг юм, үр хүүхдүүд амьдардаг юм. Тоглох талбайгүй байна. Тэгээд бид тэдэнд зориулж энэ цэцэрлэгт хүрээлэнг байгуулж өгсөн. Улаанбаатар хотод ийм сайхан өргөн чөлөөтэй талбай байхгүй. Би алхаад явдаг юм. Настнууд гадаа сууж байхад нь за ямар байна гэж би асуудаг. Бүтээсэн байгаа биз дээ гэж. Тэд маань ам сайтай байдаг юм шүү.
-Та олон жил монголчуудаараа бахдуулж явсан хүн. Таныг  өөрийг тань огшоосон, бахдуулсан ямар үйл явдал болов. Монгол хүнийхээ амжилтаар бахархсан жишээ?
-Амартүвшин байна. Үнэхээр бэлгэшээж байгаа. Яг одоогоос дөрвөн жилийн өмнө Монгол Улсын хүү, Монгол Улсын иргэн, Монгол цустай Монгол хүн шувууны үүрэнд алтан медаль авчихаад зогсч байсан. Манай Н.Түвшинбаяр яаж баярлуулав аа. Аваргын амжилтаа хийсэн тэр тайзан дээр манай Амартүвшин гэдэг сайхан залуу дэлхийн дуурийн олимпын аваргын амжилтыг хийлээ ш дээ. Би Амартүвшинд баяр хүргэмээр байна. Сайхан л байна шүү дээ. Аав ээжээс заяасан энэ сайхан бие, энэ сайхан хоолой. Энэ ерөөсөө Монголын ард түмний бүтээл шүү дээ. Би Амартүвшиндээ баярлаж байгаа, үнэхээр их. Энэ жил олимпын жил. Их бэлгэшээж байна.
-Та хэр зөн билэгтэй вэ. Манайхан олимпоос ер нь яах бол?
-Медаль авна. Та миний мөрөөдлийг асуухгүй юм. Якозүна Асашёорюү бол  мөрөөдлөө таслуулсан эр хүн.
-Уучлаарай, яг асуух гэж байлаа?
-Миний мөрөөдөл юу гээч. Би танд ярьж байсан. Хүүхэд байхдаа би олимпын аварга болохыг мөрөөдөж байсан гэж. Би нэгэнт одоо барилдахгүй. Монголынхоо хайр хишгийг би олонтаа хүртсэн. Монгол омогшлыг  би мянга мянган залууст мэдрүүлсэн гэж бодож явдаг. Монголын ард түмний уухай түрсэн тэр сайхан цагаан энергиэр би тэтгэгдэж амьдарсан. Би ард түмнийхээ итгэл найдварыг алдаагүй гэж бодож байгаа. Зодог тайлж ирээд надад мөрөөдөл байхгүй болсон.
-Яагаад байхгүй гэж, танд бусад бүх төрлүүд нээлттэй байна шүү дээ?
-Тэрхэн хугацаанд би мөрөөдөлгүй болсон. Надад мөрөөдлийг минь эргүүлж өгсөн хүн нь Сумъяабазар ах маань юм даа.  Би Монголын чөлөөт бөхийн холбооны хүндэт ерөнхийлөгч. Ах маань урьж энэ албанд бид хоёр хамт зүтгэж байгаа. Сумъяа ах маань бас дэд ерөнхийлөгч шүү дээ. Одоо нэр хүнд, реклам зар сурталчилгаа гээд таны хэлээд байгаа тэр бүхнийг холбоондоо зориулж байгаа. Манай чөлөөт бөхийн холбооны ажил маш сайн байгаа. Батцэцэг маань дэлхийн аварга боллоо. Хүмүүс их сонин л юм асууж байна лээ. Гэхдээ зарим хүмүүс шүү. Дэлхийн аварга болж байгаа Монгол бүсгүйг би яагаад мөрөн дээрээ суулгаж болдоггүй юм бэ. Миний ээж л гэсэн үг шүү дээ. Би тэр бүсгүйгээр бахархсан. Энэ холбоонд ирээд миний ажлын анхны гараа алтаар эхэлсэнд би баярладаг. За дараа нь ноднингийн дэлхийн аварга Туркийн Стамбул хотод болсон. Манайхан багаараа хүрэл медаль авсан. Эмэгтэйчүүд шүү. Монгол Улс НҮБ-д элссэн 1961 онд манай холбоо байгуулагдаж байсан. Монголын ууган холбоодын нэг. Агуу түүхт чөлөөт бөхийн холбоо. Дэлхий дээр монголчуудыг хэн танигдуулсан юм бэ. Нөгөө л нэг муу хэлэгддэг бөхчүүд чинь биз дээ. Өнөөдөр Монголын нүүр царай хэн болж байна. Хэн өнөөдөр Монголыг сурталчлаад байна. Нөгөө л адлагдаад байгаа, нөгөө л тамирчид чинь шүү дээ.  Бөхчүүд дотор эрдэмтэй, ухаантай, профессорууд, докторууд олон байгаа шүү. Мэдээж увайгүй хүн байгаа, үүнийг үгүйсгэх аргагүй. Ард түмний сайхан хайрыг дааж явах хэрэгтэй. Би ч бас дотроо бодож байна. Өнөөдөр Х.Баттулга ахыг хар. Үйл лайгаа эдэлж байна шүү дээ. Жудо бөхийг дэлхийд гаргах гэж. Ямар их юм өөрөөсөө гаргаж байна. Чөлөөт бөхийн холбоо яг адилхан. Д.Сумъяабазар аварга Монголын чөлөөт бөхийн холбоог авч явж байна. Энэ холбооны бүх менежмент, санхүүжилтийнх нь 80 хувийг өөрөөсөө гаргаад л явж байна. Гал нь асч байсан холбоо бөхийчихсөн байхад эргээд галыг нь ноцоосон. Би ахаараа бахархаж байна. Уучлаарай.  Бүх л бүтэн найман олимпын эрх авахад хэвлэлийн бага хурал дээр хангалтгүй гэж загнаж байсан. Би бол дотроо болчихсон болов уу гэж бодож байсан. Миний бодол жаахан л байсан юм байна лээ. Эцсийн эцэст юуны төлөө бид хөрөнгө оруулаад зүтгээд байгаа юм бэ. Нөгөө л сайхан баяр цэнгэл, нөгөө л сайхан омогшил, нөгөө сайхан дэлхийд зарлагдах Монгол нэрийг чинь баталгаажуулахын төлөө яваад байна шүү дээ. Та маргахгүй байх. Бөхчүүд тэнэг хүмүүс биш ээ. Маш мэдрэмжтэй. 
 -Олимпын аварга төрүүлэх хамгийн том мөрөөдөл тань уу?
-Тийм ээ, энэ миний мөрөөдөл. Тэр жилийн долдугаар сарын 1-ний аймшгийг мартаагүй биз дээ. Галдаад л, шатаагаад л, яав аа. Хүмүүсийн сэтгэл ямар зовиуртай байлаа. Гэтэл сарын дараа ямар сайхан болсон. Ард түмний уур амьсгал баяр бахдалаар эргэсэн. Үүнийг нөгөө л бөхчүүд эргүүлсэн шүү дээ. Би Түвшинбаярыг ялахад уйлж байсан. Тэр сайхан малчин ардын хүү Монголын магнайг тэнийлгэсэн шүү дээ. Хэн хэн гараа бариад индэр зогсч байлаа. Жирийн малчны хүү, бөх хүн эвлэрлийг авчирсан шүү. Одоо би олимпын аварга төрүүлэхийн төлөө ажиллана. Ахтайгаа хамтраад бүхнээ энд зориулна. Үнэхээр гайхалтай мөрөөдөл биш гэж үү.
-Гайхалтай байлгүй яахав. Бас бахархалтай байна. Их аваргынхаа дотор дүрэлзэж байгаа галыг харлаа. Ард түмэн чинь бас харж байна. Мөрөөдөлдөө хүрч чадна аа манай аварга. Ард түмэндээ хандаж нэг сайхан үг хэлээч?
-Баярлалаа танд. Гурван жилийн дараа хэлэх гэсэн бүхнээ хэллээ, ярилаа.  Сэтгэл уужраад сайхан байна. Аварга нь мөрөөдөлдөө хүрнэ ээ. Миний Монголын ард түмэн намайг дандаа омогшуулж, та нарынхаа хайраар, та нарынхаа уухайгаар сумогийн дэвжээнд аварга нь ялж байсан. Ялалт бүхэн маань Монголынх байсан шүү.  Та нарыгаа баярлуулахын төлөө, монгол хүний омогшлыг бадраахын төлөө аварга нь барилдаж байсан. Би дахиад ярилцлага өгөхгүй ээ. Мөрөөдлөө биелүүлтлээ ярилцлага өгөхгүй. Миний Монголын ард түмний хийморь нь босоо, зовхи нь өөдөө байх болтугай. Бид дэлхийд хүчирхэг Монголын ард түмэн шүү.