Монгол ардын үлгэрт дайснаа дараад далан жил найрлаж төгсдөг нь их бий. Ядаж л нэг малчин залуу гүнжтэй сууж аваад л найрлаад төгсдөг. Тэр найр нь найгүй үрэлгэн идэж уусан, эцэс төгсгөлгүй үргэлжиж мэтээр дуусдаг. Үнэндээ идэж уугаа л, жаргаа л байх сонирхолгүй хүн гэж хэн байх билээ. Бүгд л хүсдэг. Түүний адилаар Монголчууд маань үлгэр шигээ амьдрах гээд үлгэр болчих гээд байх нь хэцүү. Цагаан сар, Валентин, Март, Хүүхдийн баяр, Наадам, Шинэ жил гээд өргөн дэлгэр идэж уудаг баярууд үргэлжилнэ. Дээр нь хурим, төрсөн өдөр, төрөл бүрийн ойн баярууд, оны хүмүүс, баасан гариг гээд ууж идэх, хэдэн төгрөгөө сэгсрэх үйл явдал бишгүй бий.
Д.Нацагдоржийн "Цагаан сар ба хар нулимс", Ч.Лодойдамба гуайн 'Тунгалаг тамир" зэрэг олон зохиол дээр Монголчууд маань баярыг баян хүний бахархал ядуу хүний зовлон болж тэмдэглэж ирсэн бололтой. Мөнгөтэй баяр хийх бэлтэйчүүд нь олноо хөлдөө чирж унь хүртэл нь ул боов өрж, хундага тавих зайгүй тавагтай идээ тавьдаг. Нэрэлхүү, томхон шанагаар хутгахад шавхруу үлдэхгүй баярхуу нэг нь гэрээ тавиад найр хийгээд дуусдаг тавилантай байжээ. Өнөө ч бид энэ зүйлсээ нүдээр харсаар байна. Шинэ зуун, шинэ мянгантай золгож хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхан буй хөөрцөглөх бид баяр, тэмдэглэлт өдрүүдээ хэр зүй зохистой өнгөрүүлдэг билээ?
Аливаа зүйлд зүй тогтол гэгч нь байдаг аж. Зүй тогтол, тогтсон заншил зэрэг нь улс орондоо, иргэддээ хэр тааламжтай байгаа эсэхээр аж амьдралын хэмжиж болох мэт. Баяраа даруу бөгөөд чин сэтгэлээсээ, дараа багатай цэнгэж чадах аваас зөв биз. Харин баянаа гайхуулсан, түүнээс нь дутахгүй гэх ядмаг ойлголтоор барьцах аваас баяр бус, баярлах ч биш хойчийг гайг дуудаж байгаатай агаар нэг билээ. Зүй тогтол нь хэр зөв тийшээ чиглэсэн бэ? Тогтоосон заншил маань хэр өнөөгийн амьдралд тохиромжтой вэ гэдгийг ч сайтар тунгаах ёстой. Зан заншил, соёлыг түмэн олон өөрсдөө бий болгодог болохоор соёлынхоо язгуур шинжээ эвдээгүй тохиолдолд зарим зүйлсээ өөрчлөн өнөө цагийн аяст тохируулах нь чухал билээ. Буруу зүй тогтолоор удаан явбал, цаг хугацааны туршид алдсан зүйл нь их болж тэр нь даамжирсаар засахад нэн бэрх төвөгтэй үзэн ядахуйц хэт нүсэр гол шинж чанараа алдсан амьгүй бөгөөд үгүй болдоггүй муу зуршил болон үлдчихвий.
Залуучууд нь өөрчлөлтийг авчирч өөрсдөө мөрдөж нийгэмдээ хэвшүүлэх хэрэгтэй. Нүсэр яршиг төвөгтэй зүйлсээ зоригтой халж, хөнгөн хялбар авсаархан цаг, мөнгөө хэмнэх бололцоог бид өөрсөддөө бий болгох нь чухал. Цагаан сарын ууц тавих, адар шүргэтэл гурилан цамхаг барихаа больж, эрүүл мэндэд тустай хоолоор цэсээ сольж ч болох мэт. Бэлэг сэлтний асуудлыг ч чанаргүй хямд бараа шахах, эсвэл хэт өндөр үнэтэй бэлэг бэлдэж өөрсдийгөө чирэх бус, тохиромжтой хэрэгцээтэй боломжийн үнэтэй бэлэг бэлдэх нь ч чухал билээ (сонирхолтой ном сэтгүүл, дурсгалын зүйлс гэх мэт..). Бид өөрчлөлтөө өөрсдөө хэн нэгний хэл амнаас санаа зоволгүй зоригтой хийхгүй бол хойшид ч бид өөрсдөө л энэ ачаагаа үүрсээр байх болно.
Гавьтай хийж бүтээгээгүй, гавъяа байгуулж бидний дайсан болох ядуурал, утаа, соёлгүй, хүнийрхүү байдлаа хаяагүй, хөгжил дэвшилийг үйлдвэржилт боловсролоор хэмждэг болоогүй байтлаа дайснаа дараад далан жил найрлах мэт байхаа больцгооё!