Монгол орон маань мал аж ахуйн буюу нүүдлийн ёс заншилтай орон. Үүнийгээ дагаад олон улсын стандарт болсон шинжлэх ухаанууд тэр утгаараа хөгжиж чадаагүй билээ. Социализм байгуулангаа ЗХУ бидэнд сургууль, эмнэлэгээс гадна шинжлэх ухааныг ч хөгжүүлж өгчээ. Сайшаалтайгаар барахгүй санаж баймаар энэ үйл явдалд сүүдэр дагуулсан зүйлс ч мэдээж байдаг. Эх хэлийг нь хэвээр үлдээсэн ч бичгийн крилл болгон өөрчилсөн. Гаднаас орж ирж буй нэршилүүд крилл үсгээ даган тэр чигээрээ бууж байсан нь. Орос хүн биш тул төсөөлөл гэдэг зүйлээс нь ангижруулж, учир зангилааг нь олох бас нэгэн зовлон, цаг хугацааны хийдэл үүсгэсэн хэрэг. Ардчилалтай золгож Оросоор дамжин соёл, шинжлэх ухаан технологи орж ирэх нь ганц зам биш болж янз бүрийн орноос орж ирэх боломжтой болжээ. Үүний гол жин дарж байгаа нь мэдээж англи хэл. Англи хэл нь орос хэлээ бодвол дэлхийд түгсэн стандарт болж чадсан хэл мөн боловч, нөгөөх л Монгол хүний сэтгэхүйд буух төсөөлөл нь учир дутагдалтай байсаар. Үүнийг хаанаа ч ойлгож байгаа хэдий ч англи хэл дээрх соёлын түрэмгийлэл газар авсаар, өнөө маргааш биш юмаа гэхэд хэсэг хугацааны дараа холилдсон үгийн соёл бий болж. Жинхэнэ утга нь бүдгэрсэн нэг л их харь үг орсон хэл болох аюул тулгараад байна.
Гэвч энд би харь хэл орж ирснээр бидний нийгэм, зан ёс суртахуун, амьдралд хэрхэн нөлөө үзүүлэхийг бус ганц шинжлэх ухааны салбарт үүсэж болох муу чанаруудыг л сануулахыг зорилоо. Монголдоо сурж байхад аливаа байгалийн ухааны ном уншихад маш их орос үг тэр чигээрээ орж ирсэн байдаг. Фаз гэдэг үгийн учрыг олох гэж тэр үедээ найзтайгаа эрэл хайгуул хийж багш дээр очин асууж байсан ч төсөөлж, утга санааг нь гаргаж чадаагүй. Гэх мэтээр харь үг Монгол хэлнээ хэр зохих юм болдоо гэж бодогддог байсан. МУИС-ын Химийн тэнхимийн багш С.Дондог гуай энэ тал дээр ихээхэн анхаарч үгийг Монголчлох, Монгол үгээр орлуулах зэрэг өөрийн сурах бичигтээ оруулсан байдаг. Гэвч иймэрхүү арга хэмжээг ганц нэгхэн хүний номонд дурдагдаад өнгөрөх биш нийтээрээ дагаж хэрэглэхгүй л бол бүүр харь үгнээсээ ойлгоход бэрх болох нь ч бий. Янз бүрийн байдал, шалтгаануудыг харж байхад Монгол оронд шинжлэх ухааны академи нь ч юмуу, Боловсролын яамнаас эрдэмтдийн зөвлөл нь энэ асуудлыг шийддэг, эрдэмтэд багш нарынхаа ном сурах бичигт гаргасан үгээр нь нэршил, хэллэгүүдийг оруулж байхаар зохицуулж өгвөл зөв мэт санагддаг.
Жишээлбэл би нэг номыг япон хэл дээр уншиж байна гэвэл мэдэхгүй нэршилийн ханз гарч ирлээ гэхэд, Япон-Монгол сайн толь байдаггүйн улмаас Япон-Англи гэж хардаг. Англи хэл дээр тайлбарыг унших, онолын мэдэгдэхүүнийг цахим хуудаснаас шалгах зэрэг арга хэрэглээд төсөөлж утгыг ойлгож чадаагүй тохиолдолд. Яах аргагүй Англи-Монгол толь сөхдөг. Гэвч Англи-Монгол толь дээр тайлбар нь шууд Англи-Орос маягаар ганц үгээр илэрхийлсэн нь их. Учир юу хэмээвээс угаас гаднаас орж ирсэн нэршилийг орос үг тэр чигээр нь хэрэглэдэгээс нэг цэгт очоод зогсчихдог талтай. Мөн япон, англи хэл дээр шинжлэх ухааны нэршилүүдийг мэддэг ч Монгол хэлээрх үг хэллэгээс хөндийрөх хандлага маш их гардаг. Энэ нь тухайн хүний арчаагүй байдлаас шалтгаалах зүйл байж мэдэх ч сайтар шинжлэх ухааны толь зэрэг нь дутмаг байдаг ч бас нэг тал нь болдог. Тэгэхээр өнөө үед эрдмийн их далайд суралцан буй, эрдэм шинжилгээний ажил хийж буй мэргид бүгд ямараа хэмжээгээр бодлоо нэгтгэн хөдөлмөрлөхгүй бол хойно ирэх цагт эх хэлээсээ ихээхэн холдсон байх болзошгүй болоод байна. Эх хэл нь Монгол хүнээс хэдий хэмжээтэй холдоно, төдий чинээ харилцан яриа, бичгийн соёл, шинжлэх ухаан, улс орны хөгжилд ч сөрөг үр нөлөө үзүүлэх нь гарцаагүй билээ.