Jan 17, 2011

Блог хөтөлцгөөе!

Юуны өмнө Монголд интернэт нэвтэрсний 15 жилийн ойн мэнд хүргэе!
Монгол хүн 20-оод жилийн тэртээ дэлхийн хаана ч хөл тавих эрхээ авсан бол 15 жилийн өмнө Виртуал ертөнцөд чөлөөтэй хөл тавих боломж нь нээгджээ. 20 жилийн өмнө хийж байсан арчилал маань залуу дөнгөж хөлд орж байна хэмээн өхөөрдүүлэх аястай хоцрогдон явдаг бол 15 жилийн тэртээ интернэт ертөнцөд хөл тавьсан Монголчууд дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж чадаж байна. Ардчилал, интернэт хоёр хэдийгээр үүсэн цаг хугацаа туулсан зам нь эрс ялгаатай ч хэн нэгний гар хөл оролцоод байхгүй жамаараа хөгжсөн зүйлс ямар үр дүнд хүрдэг. Өхөөрдөж бөөцийлэхгүй бол аюултай хэмээн хамгаалаад байхаар хаа орхигдож болдог вэ гэх жишээ энэ байж болох юм.

Өдрийн тэмдэглэлээ цаасан дэвтэр дээр хөтлөхөөс цахим ертөнцөд хөтлөж, санаа бодлоо захиа байдлаар сонинруу хүргэж хэвлэгдэх эсэхд найдах бус өөрөө чөлөөтэй бусдад түгээх боломжтой болсон нь интернэтийн бөгөөд блогын ач биз. Блог гэх зүйл үүсээд удаагүй байна. Харин блог хөтлөгчидийн тоо нь олон сая хүрээ биз. Та блог хөтөлдөг үү? Хөтөлдөггүй бол яагаад? Хөтөлдөг бол байнга уу? гэх асуултууд гаргаж тавьж болох юм.

Блог хөтлөх ер нь хэнд юунд хэрэгтэй юм бэ? Мэдээж хөтөлж буй өөрт чинь юуны өмнө хэрэгтэй. Энэ бол маш том санах ой! Мөн хязгааргүй их боломж! Бас санал бодлоо чөлөөтэй түгээж болох зөвхөн таны талбар!

3 сарын өмнө бичсэн зүйл эргээд харахад бас ч гэж сонирхолтой байдаг бол 3 жилийн өмнөх зүйл ямаршуу үнэ цэнэтэй байж болох вэ? Аа тэгвэл 30 жилийн өмнөх бол? Магадгүй 3 үеийн үр сад чинь уншвал?

Та бизнес хийх гэж байна уу? Та түнш, найз нөхөр, санал бодол нийлдэг виртуал анд хүсэж байна уу? Тэгвэл блог хөтөл!

Заавал гудамд гараад цаасан хайрцагны өөдөс дээр GOD BLESS YOU! гэж бичээд ямар нэг юмыг чангаар хашгиран үзэл бодлоо илэрхийлэх албагүй ээ. Жагсаал цуглаан хийхээсээ блог дээрээ үнэн бөгөөд хүнд хүрэх зүйл бичдэг бол бүр их хүнд ч хүргэж чадна. Дэмжигчидтэй, бүүр шүтэн бишрэгчидтэй, дээр нь зорилго нэгт нөхөдөө кибер ертөнцөөс олоод ажил хэрэг болговол нийгэмд илүү хэрэгтэй ч байж болох юм.

Ер нь тэгээд хүний оюун санаанд хязгаар үгүйтэй адил, блогд ч мөн адил биз.

Тийм болохоор БЛОГ ХӨТӨЛЦГӨӨЕ!


Хэрвээ миний блог жагсаалтад линкээ нэмүүлэе гэвэл линкээ үлдээгээрэй.

Jan 16, 2011

Охиндоо хүүрнэх Монголын түүхийн учир 1

2009-08-01

Энэхүү ном нь Түүх судлаач хэл шинжээч Ч.Чимэгбаатар гуайн бүтээл бөгөөд, ямар нэгэн шинжилгээ судалгааны бүтээл гэхээс илүү. Монгол хүн өөрийн эх орны түүхээ судлахын учир утга, давуу тал. Мөн түүхээ хэрхэн яаж харвал зохилтойг ойлгомжтой тайлбартай өгүүлсэн шиг санагддаг. Гаргаж тавьж буй санаанууд нь ч нэгийг бодохуйц бөгөөд, дэлхийн хаа нэгтээ хэн нэгэн Монголын түүхийг өөрөөр бичиж дураараа өөрчилөөд бусдад таниулж буйд Монгол хүн түүхээ хэрхэн дархлаажуулж авах вэ, Монголын түүхчид өөрсдөө яаралтай дорвитой судалгаа хийж шинэ эрин зууны их хурд, хөгжилд таарсан цогц судалгаа шаардлагатай байгааг илэрхийлжээ. Ер нь түүх гэдэг зүйл аль нэг номны хуудас нь дээр бус тухайн үндэстэн ард түмний толгойд хадгалагдаж сэтгэлд шингэсэн байх үед л түүх болох бизээ. За тэгээд шавилхан биетэй ч ихийг багтаасан энэ номны талаар илүү ихийг бичих хүсэл байвч танилцуулга гэхээсээ миний дүгнэлт болчих, мөн уншигч олонд сонирхолгүй болчих учир ингээд өндөрлөе. Уншиж хараахан амжаагүй бол уншаад үзээрэй.

Хойт насандаа учирна

2009-08-01

С.Эрдэнэ гуайн Хойт насандаа учирна хэмээх эмгэнэлт роман нь Их хэлмэгдүүлэлтийн он жилүүдийг өөрийн амьдрах хүнд хэцүү үед бичсэн билээ. Энэ хэлмэгдүүлэлтэд эцгээ алдсан С.Эрдэнэ чин зүрхний угаас, гашуун нулимс цөхрөлөөрөө сийлсэн үнэн түүх юм. Буриад зоны амьдрал, тэдний хувь заяан дахь түүхийн хүнд шалгуур энэ бүхний хэсэгхэнийг ч болов энэ романаас ойлгож мэдрэх нь тодорхой. Болоод өнгөрсөн булай явдалтай эвлэрэхээс аргагүйд хүрч үнэн хэзээд ялна гэсэн олон Монголчуудын хүсэл биелж Ардчилал эрх чөлөөний үнэ цэнийг ч ухаарах бололцоог энэ роман өгнө гэдэгт найдаж байна. Хэлмэгдүүлэлт гэдэг үг аливаа нэгэн буруу зүйлд хилсээр гүтгэгдэн буруудахыг хэлдэг биз. Гэвч тэр он жилүүдэд хөнөөгдсөн олон мянган хүмүүс ямар бурууд тохогдоо вэ? Буруу зүйл байсан гэж үү? Угсаа гарвалтайдаа юу? Эд хөрөнгөтэйдээ юу? Лам болсондоо тэр үү? Эс бөгөөс Монгол хүн болохоороо юу? Геноцидод өртөсөн Монгол түмэн алдсан гэр бүлээ хайртай ахан дүүстэйгээ Хойд насандаа л учрах бизээ.

Соёлын довтолгоо 1,2


2009-08-01

"Анхны хэт гүрнээс суулчин нүүдэлчин" Бямбажавын Цэнддоо гуайг Монголд мэдэхгүй хүн гэж бараг үгүй бизээ. Ганц урдаа барьдаг фелетонч, мөн өдрийн сонины эрхлэгч гэдгээр нь ч андахгүй биз. Ямарч нийтлэл, хөрөг өгүүлэл бичихдээ хошин өнгө аяс оруулж уншигчидынхаа сонирхлыг татаж чаддаг энэ хүн 2жил гаруйн өмнө (3?) Соёлын довтолгоо хэмээх ном гаргасан билээ. Зургаан жил бүтээсэн энэхүү ном нь зураг хөрөг, тайлбар, ишлэл гээд дориухан баримт сэлттэй сонирхол татахуйц ном болж чадсан нь илт. Үзээд туулаад өнгөрсөн хүмүүст гэхээсээ илүү үзэж харах боломж байгаагүй хойч үедээ зориулсан боловуу гэж унших явцдаа бодогдож байлаа. Зарим нэг санаа нь арай ч биш юмаа гэх хэсгүүд байсан ч ерөнхийдөө бол уншихад уйдаахгүй, мөн зугаацуулахаас гадна багагүй зүйлсийг мэдээд авчна даа. Мөн гагц өнгөрснийг бичээд орхих бус, авах сургамж, давтахгүй алдааг ч сануулаад өнгөрсөн байсан шүү. Уншаад л үз! Б.Цэнддоо гуайд реклам илүүц биз.

Бодь мөрийн зэрэг


Энэхүү номыг Зонхов Лувсандагва (1357-1419) онд бичсэн бөгөөд. Бурхны шашинд эхлэн гэгээрэгсдэд зориулжээ. Олон хүмүүсийн хөлс хөдөлмөр шингэж Орчин цагын Монгол хэлнээ буусан энэхүү ном, өнөө цагт газар аваад байгаа чи шүтэж болно харин ойлгож болохгүй гэх сэтгэлгээг халахад зориулагдсан бүтээлүүдийн нэг нь бизээ. Энэ номыг уншсаны дараа та гэгээрээд гэрэл өөрөөс тань цацарч үүл хөлөглөнө нисэхгүй гэдгийг хэлэх нь илүүц бизээ. Харин бурхны шашныг судлахын давуу тал судлахгүй хоцорсоноор өнөө болоод ирэх амьдралдаа юу алдахыг тайлбарласан ном юм. Гэхдээ зөвхөн судал гээд тайлбарлаад зогссонгүй хэрхэн судалвал зохилтой, судлахдаа юуг анхаарч юуг тэвчих үү? Судлах явцад ямар саад бэрхшээл, ойлгоход бэрх асуудал тулгарах түүнийг хэрхэн даван туулах талаар ч өгүүлжээ. Энэхүү номыг уншсанаар танд магад цаашид ч гүнгийрүүлэн судлах сэдэл өгөх ч юу магад. Эс бөгөөс наанадаж хэн нэгэн ламд хэдэн цаас өгөөд ажлаа даатгачихдаг, сүсэг үгүй гандан ороод бурхантай ширээг түс түс хийтэл мөргөх нь ямарч утгагүй гэдгийг ойлуулна байхаа. Ум сайн амгалан болтугай!

Кармазовын хөвүүд

2009-08-09

Ф.Достоевскийг мэдэхгүй уран зохиол уншдаг хүн үгүй биз. Гэхдээ би саяхныг хүртэл Достоевский гэж сонсож байснаас уншиж явсангүй. Харин уншихдаа шууд гурван шилээврийн нэг нь болох Кармазовын хөвүүдийг уншлаа. Нэг эхэлсэн бол тоормоз үгүй болдог юм билээ. Нэг хэсэгтээ энэ номоор амьдарсан байх. Хэлсэн үг хийсэн үйлдэл болгоно энэ номоор явж, яагаад асуулттай жаал зууралдсан. Ц.Гомбосүрэн гуайн орчуулга аж. Эх хэл дээрээ энэнээс сайн орчуулга олдохгүй байхаа. Бурхан алдчихаж, алдаандаа өөрөө ороогдож байгаам бусуу? Алдаатай бүтээл туурвиж, туурвихдаа өөртэй адилханаар бүтээж харин бүтээл нь өөрийг нь алдсанд нь шийтгэж ташуурдаж, ташуур нь Иван өөрөө, Сермядков, Димитрий ч тэр.. Гол нь үүнийг бичсэн Достоевский биз. 19-р зууныы зохиолч 20-р зуунд хамгийн их нөлөө үзүүлсэн ажээ. Орос оронд айхтар хүлээн зөвшөөрөгдсөнгүй, харин европыг байлдан дагуулж. Ерөөсөө Достоевский орос орондоо тоогддоггүй мөртөө дэлхийд бишрэгдсэн хүн юмуу. Бүгд бурхныг шүтнэ, хэн ч түүнрүү хялааж зүрхлэхгүй харин Ф.Достоевский ташуур бариад бурхны улаан нүүрлуу нульж орхиж. Тэр хэдийнээ үгүй болж үнэн мөнийг олоо биз. Бид харин хэнд итгэх вэ? Бурхан байдаг уу? Тэр энэ их зовлон шаналал, шударга бус зүйлийг алдаад гаргаад ирсэн юм биш биз. Байдаггүй бол бид юу вэ? хэнд итгэж ирсэн юм бэ. Аугаа эрүүчинг уншаад үз. Бурхныг ирэхэд бид танихуу? Бурхны нэрийг баригсадаас ялгаж чадахуу. Ер нь хэнд итгээд байгаа юм бол.. (Жич: Энэ номыг уншихын тулд библи уншсан байх хэрэгтэй боловуу)

"Бүү март, мартвал сөнөнө"


Баабар гуайн энэхүү ном гараад 20 гаруй жил болсон боловуу. Магадгүй надаас ч ах байж болох энэ номыг би саяхан бүрэнээр нь олж харлаа. Номыг эхлүүлээд нилээд хуудас эргэтэл, энэ хүн чинь 20 жилийн өмнө ч ингэж сэтгэдэг, мундаг бичдэг хүн байжээ гэж гайхав. 50-аад төрсөн энэ хүн 90 онд 40 нас хүрж явсны нь санаад АА ТИЙШД гэж бодсон ч. Хаагдмал нийгэмд хаанаасаа ингэж уншиж, бодож боловсруулаад ухуулаад бичээд ном гаргаж чадаж байваа? гэх сонирхолтой бөгөөд хүндлүүштэй асуулт урд минь гарч ирсэн юм. Орос орон бидний ах мөн үү? Орос, Хятад гэх мөнхийн байж болох хөршүүдтэй яаж харьцах вэ? Бид юуг тэдэнд алдаж юуг тэднээс авч байв. ЗХУ яагаад биднийг хоморголон устгаж байваа, коммунизм байгуулахад үнэхээр цагаан цаас хэрэгтэй байсануу эсвэл түүхийн нугачаанд тэд бидэнд юм санасан байсан уу? Уншиж байгаагүй бол уншаад үз. Мартасан дахин санагалзмаар бол уншаад үз.

Үүл бид хоёр

Хайр сэтгэл гэж үнэхээр байдаг юм боловуу? хэмээх асуултыг өсвөр насныхан, мөн томчуул маань ч бодож өөрөөсөө, өрөөлөөс ч асуудаг байж болох юм. Байдаг юмаа гэх ганц хариу сонсоод сэтгэл ханахгүй, мөн өөрөө арай учираагүй гэвч хариугын хайж буй нэгэн байвал "Үүл бид 2"-ыг уншаад үзээрэй. Анхны хайраа хэрхэн тордон өнөө хүртэл явж ирсэн. Амьдралын элдэв бэрхшээлийг хэрхэн хамтдаа даван туулж амжилтанд хүрсэн. Бат-Үүл, Дэлгэртуяа гэх хоёр хүний амьдрал, мөн ардчилалын үнэн түүхийг уншая, мэдэе гэвэл та энэ номыг унших хэрэгтэй.

Атмаан нэртэй ч цайлган нөхөрсөг, шударга зантай Бат-Үүл хэрхэн эхнэр болох охиноо өөртөө татсанаас авхуулаад, амьдралынх нь сонирхолтой үес, алдарт зохиолч С.Эрдэнэ гуайн ч тухай та энэ номноос багагүй мэдэх буй за. Ардчилал яг энэ байдлаараа л бидэнд ирсэн юмуу, арчилалын үед төрсөн, тэр үед ухаан орсон залуус, хүүхдүүд энэ номноос бид ямар үнэ цэнээр, ямар бэрхшээлийг даван туулж энэ замд орсон талаар багагүйг мэдэхийг хүсвэл уншаарай. Уран зохиолын хэллэг бараг байхгүй ч үнэнийг бодит хүнээс нь шууд сонсох, шууд унших сайхан шүү дээ.

Сталиний орчуулагчаар ажиллаж байсан он жилүүд

Орчуулагч Валентин Бережковын өөрийн амьдралын дурсамжаар бичсэн энэхүү номыг Д.Өлзийсайхан, Ч.Чулуунбаатар нар хийжээ. Уншихад хялбар, найруулга сайтай энэхүү ном сонирхолтой дахин унших номын жагсаалтад маань орсон ном. Барин тавин ихээхэн аажуу уужуу уншсан ч Сталин, Гитлер, Молотов, Рүзвелт гээд тухайн үеийнхээ эрх мэдэлтэй хүмүүсийн тухай баримттай өөрийн нүдээр харж, чихээр сонссоноо бичсэн учир тун ч амттай байсан. Дэлхийн 2-р дайны эхлэл, Гитлер хэрхэн Сталинг хүүхэд шиг хууран өөртөө ашигтай байдал бий болгож чадсан. Мөн Америкүүдын баримталж байсан бодлого. Зохиолч өөрийнх нь амь нас хэрхэн дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байсан талаар. Хөх, Улаан харандааны тухай гэх мэт та уншаад үзэхэд лав уйдахгүй ном болсон байна лээ.

Мао Зэ Дун

Улаан хавтастай Мао Зэ Дун хэмээх Гүн-Үйлсийн орчуулгаар нэгэн шинэ ном гаржээ. Баабар, Г.Аким, Ц.Гомбосүрэн нарын Танигдаагүй Маогын намтар хэмээх ном гарж буй гэж сонссоноо гэрийхэндээ хэлэхэд тэд маань шинэ жилээр надад нөгөөх номыг маань бэлэг болготол дээрх Гүн-Үйлсийн орчуулгаар ном байж таарав. Баабар тэргүүтний ном арай гараагүй байсан бололтой.
Номоо уншаад суутал үнэхээр таалагдсангүй. Ном нь муу байсан уу орчуулгандаа байв уу. Сайтар ойлгосонгүй, ойлгохын арга ч үгүй мэт санагдлаа. Ер нь уншаад нэг үзээрэй ч гэж хэлэхээргүй тийм ном байв.Орос зохиолчтой Хятадуудыг, Хятадын удирдагчидын жаал доош нь хийсэн л ном юмуу даа.

Надад бол огт таалагдаагүй. Уншаад хэрэггүи гэж зөвлөх байна.

Jan 15, 2011

Дайснаа дараад далан жил найрлав

Монгол ардын үлгэрт дайснаа дараад далан жил найрлаж төгсдөг нь их бий. Ядаж л нэг малчин залуу гүнжтэй сууж аваад л найрлаад төгсдөг. Тэр найр нь найгүй үрэлгэн идэж уусан, эцэс төгсгөлгүй үргэлжиж мэтээр дуусдаг. Үнэндээ идэж уугаа л, жаргаа л байх сонирхолгүй хүн гэж хэн байх билээ. Бүгд л хүсдэг. Түүний адилаар Монголчууд маань үлгэр шигээ амьдрах гээд үлгэр болчих гээд байх нь хэцүү. Цагаан сар, Валентин, Март, Хүүхдийн баяр, Наадам, Шинэ жил гээд өргөн дэлгэр идэж уудаг баярууд үргэлжилнэ. Дээр нь хурим, төрсөн өдөр, төрөл бүрийн ойн баярууд, оны хүмүүс, баасан гариг гээд ууж идэх, хэдэн төгрөгөө сэгсрэх үйл явдал бишгүй бий.

Д.Нацагдоржийн "Цагаан сар ба хар нулимс", Ч.Лодойдамба гуайн 'Тунгалаг тамир" зэрэг олон зохиол дээр Монголчууд маань баярыг баян хүний бахархал ядуу хүний зовлон болж тэмдэглэж ирсэн бололтой. Мөнгөтэй баяр хийх бэлтэйчүүд нь олноо хөлдөө чирж унь хүртэл нь ул боов өрж, хундага тавих зайгүй тавагтай идээ тавьдаг. Нэрэлхүү, томхон шанагаар хутгахад шавхруу үлдэхгүй баярхуу нэг нь гэрээ тавиад найр хийгээд дуусдаг тавилантай байжээ. Өнөө ч бид энэ зүйлсээ нүдээр харсаар байна. Шинэ зуун, шинэ мянгантай золгож хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхан буй хөөрцөглөх бид баяр, тэмдэглэлт өдрүүдээ хэр зүй зохистой өнгөрүүлдэг билээ?

Аливаа зүйлд зүй тогтол гэгч нь байдаг аж. Зүй тогтол, тогтсон заншил зэрэг нь улс орондоо, иргэддээ хэр тааламжтай байгаа эсэхээр аж амьдралын хэмжиж болох мэт. Баяраа даруу бөгөөд чин сэтгэлээсээ, дараа багатай цэнгэж чадах аваас зөв биз. Харин баянаа гайхуулсан, түүнээс нь дутахгүй гэх ядмаг ойлголтоор барьцах аваас баяр бус, баярлах ч биш хойчийг гайг дуудаж байгаатай агаар нэг билээ. Зүй тогтол нь хэр зөв тийшээ чиглэсэн бэ? Тогтоосон заншил маань хэр өнөөгийн амьдралд тохиромжтой вэ гэдгийг ч сайтар тунгаах ёстой. Зан заншил, соёлыг түмэн олон өөрсдөө бий болгодог болохоор соёлынхоо язгуур шинжээ эвдээгүй тохиолдолд зарим зүйлсээ өөрчлөн өнөө цагийн аяст тохируулах нь чухал билээ. Буруу зүй тогтолоор удаан явбал, цаг хугацааны туршид алдсан зүйл нь их болж тэр нь даамжирсаар засахад нэн бэрх төвөгтэй үзэн ядахуйц хэт нүсэр гол шинж чанараа алдсан амьгүй бөгөөд үгүй болдоггүй муу зуршил болон үлдчихвий.

Залуучууд нь өөрчлөлтийг авчирч өөрсдөө мөрдөж нийгэмдээ хэвшүүлэх хэрэгтэй. Нүсэр яршиг төвөгтэй зүйлсээ зоригтой халж, хөнгөн хялбар авсаархан цаг, мөнгөө хэмнэх бололцоог бид өөрсөддөө бий болгох нь чухал. Цагаан сарын ууц тавих, адар шүргэтэл гурилан цамхаг барихаа больж, эрүүл мэндэд тустай хоолоор цэсээ сольж ч болох мэт. Бэлэг сэлтний асуудлыг ч чанаргүй хямд бараа шахах, эсвэл хэт өндөр үнэтэй бэлэг бэлдэж өөрсдийгөө чирэх бус, тохиромжтой хэрэгцээтэй боломжийн үнэтэй бэлэг бэлдэх нь ч чухал билээ (сонирхолтой ном сэтгүүл, дурсгалын зүйлс гэх мэт..). Бид өөрчлөлтөө өөрсдөө хэн нэгний хэл амнаас санаа зоволгүй зоригтой хийхгүй бол хойшид ч бид өөрсдөө л энэ ачаагаа үүрсээр байх болно.

Гавьтай хийж бүтээгээгүй, гавъяа байгуулж бидний дайсан болох ядуурал, утаа, соёлгүй, хүнийрхүү байдлаа хаяагүй, хөгжил дэвшилийг үйлдвэржилт боловсролоор хэмждэг болоогүй байтлаа дайснаа дараад далан жил найрлах мэт байхаа больцгооё!

Jan 12, 2011

Хуучин он ба Шинэ он

Өнгөрсөн он миний, таны амьдралд хэр жил байв?

2010 он миний хувьд их сонирхолтой, улирал улирлаар л хувьсан өөрчлөгдөж шинэ салхи, шинэ асуудал, шинэ учиралуудтай нүүр тулсан жил байлаа. 2010 оны хавар хайртай бүсгүйтэйгээ уулзах гэж Монголд буугаад буцахдаа гэргийгээ болгоод ирж билээ. Зун нь гэхэд нэгэн том сорил болсон конкурс шалгалтаа өгөн үймж байх дундаа гэргийгээ эндээ авчраад гэрээ бариад өрх тусгаар нэгэн айл боллоо. Бие давхар хайрттайгаа зун, намрыг нүд ирмэх зуур өнгөрөөхөд хэдийнээ конкурсаа шийдцэн, нэг алхамаа хийцэн төрөх бэлтгэлдээ ороод Монголруу үдэж байлаа. Тун саяхан оны сүүл сард Монголдоо буугаад маргааш нь эхнэр маань няраалж би гэдэг хүн ААВ болж, хань минь ЭЭЖ боллоо. Шинэ хүнээ тосон аваад хязгааргүй их баяр хөөрт умбаж, эцэг болсоных хүүдээ нэр өглөө.

АМАРТҮВШИН!!!

Амар амгалан, түвшин сайхан байхын ерөөл өргөж төрдөө хэрэгтэй, түмэндээ хүндтэй хүн болоорой! Ингээд их амьдралын эхний алхамаа хийж эхлэн буй эхнэр бид хоёр үүрэг хүлээлээ. Түвшинтөгсийн Амартүвшин, хүү минь чамайг аав ээж хоёр нь сайн хүн болгохын төлөө хичээнээ.

2010 он надаа юуг өгөв, юуг ойлгуулав, би юу онож, юу алдав?
Гэр бүл, үр хүүхэд өгжээ. Хүний амьдралд гурван том зүйл тохиолддог гэдэг. Төрөх, Гэрлэх, Үхэх. Би талаас илүүг нь хийж. Одоо нэг нь үлдэж. Тэр хүртэл тэмцэл, ялалт, ялагдал хүлээн буй. Хэзээ ч хүн бүр мөсөн ялагдана гэж үгүй аж. Үхэх ч ялагдал биш шүү дээ. Ялаад дуусна ч гэж үгүй. Ялагдалын гашуунаар хатуужиж, сурж, хаширч, Ялалтанд хүрнэ. Алдаагаа давтахгүй байх, алдсанаасаа суралцаж алдаж болохуйц зүйлийг тунгаан эргэцүүлж тойрч гарах. Зовлон Жаргал хэмээгч нь ерөөсөө энэ юм биш үү? Би 2010 оныг туулаад 2011 оны босгон дээр ингэж бодож байна.

Тулгарсан асуудалд чинь гарц байгаа бол чамд уурлах хэрэг байна уу? Тулгарсан асуудалд чинь гарц үгүй бол мөн л уурлах хэрэг байна уу? Уур биеийг зовооно, уул морийг зовооно!

Багш минь надаа түрүү жил хэлж билээ. Хүний хайр гэдэг аугаа зүйл байдаг юм. Чамд тулгарж буй зовлон бэрхшээлийг давж чадах сэтгэлийн тэнхээ дутах үе гарч ирдэг юм. Түүнийг даван туулах эрч хүч ухааныг чиний ойр дотны хайртай хүмүүс чинь өгдөг юм шүү гэж. Энэ үгийг би сонсоод тархинд минь хадгалагдсан ч сэтгэлд маань очоогүй байсан юм билээ. Харин 2010 онд миний сэтгэлд шингэж түүнийг ойлгохоос гадна сайтар мэдэрсэн юм. За яршиг би болийдоо, би гэдэг хүн миний бодож байсан биш юм байнаа, би буцая гэж бодсон юм. Би, би-гээ үгүйсгээд эргээд давхих гэж байсан юм. Тэр үед л миний хамгийн ойр дотно хайртай хүмүүс минь нэг дор гарч ирээд бүгд надаа нэг л үгийг хэлсэн. Чи яг одоо л эндүүрж байна эргэж болохгүй урагшаагаа яв гэж. Яагаад бүгд хэлэлцсэн мэт зэрэг гарч ирсэн юм мэдэхгүй. Гэхдээ бүгд нэг л үгийг надад хэлцгээсэн, чи хэвээрээ л байна!

Би эдгээрийг 2010 онд ойлгосон. Мартахгүй байх, мартагдахгүй ч биз.
Алдсан алдаа минь энэ жил тунгаад ялгараад нүдний минь өмнө ил гарч ирсэндээ. Ахин алдахгүй байхын төлөө! Алдаанаасаа суралцаж бүр ч хол дүүлэхийн төлөө, улам ч тод гялалзахын төлөө!

Чамд баярлалаа ХУУЧИН ОН минь!
Сайн байн уу ШИНЭ ОН минь