May 28, 2009

Хазгай гишгэмгүй хатуу амьдрал

Амьдрал, за айхтар том үг хэрэглээд яахав. Аль болох цөөхөн хэлнээ. Энэ үг байнга хэлэгддэг, хэрэглээ нь дэндүү явцуу жижиг хүрээнд хэрэглэгдэх нь олон. Магтаалд ч тэр, хэрүүлд ч тэр. Амтай болгоноос гарах энэ үг дэндүү уудам юмдаа. Ажил амьдрал, ар гэрийн амьдрал, хувийн амьдрал, найз нөхдийн харилцаа, нийгмийн харилцаа ч тэр бүгд л амьдрал дотор багтчихна. За тэр харж байна уу. Аль болох цөөхөн хэрэглье гэсэн мөртөө хичнээн олон дахин давтаад хаячив. Үнэ цэнэ нь асар өндөр атлаа, үнэгүй мэт хүнд хэрэглэгдэнэ.

Амьдрал үнэ цэнэ шигээ өндөр, нарийн ухаантай юм шиг. Зарим нэгэнд нь амьдралын гэрэл гэгээд цацлаад байдаг ч азгүй нэгэнд нь арай л хатуу юм шиг. Гэвч хэн хэнийг энэ амьдралд аз жаргалтай байна, аа энэ хүн аз жаргалгүй хүн гэж ялгаж, зааглаж чадах билээ. Амьдралдаа сэтгэл хангалуун хэмээн ярьж байсан хүн нэг хормын дараа ч энэ үгээ хэлж чадхааргүй болж болно. Амьдрал хэтэрхий өргөн хүрээтэй баялаг юм. Хэн нэгэнд харамгүй, хэн нэгэнд нь харамч. Нөхцөлгүй харамч шүү.

Бас ухаалаг... Тиймээ би болж байна бүтэж байна, сайхан байна гээд л эхэлвэл бүгдийг оргүй буцаагаад авчихаж чадна. Муухай ч юм шиг, мэргэн ч юм шиг. Нэг нь биеэ тоохоор л хэр өндөрт байсан тэндээс чанх доош нь шууд савна. Хайрлахгүй шүү дээ. Энэ жишээ бүгдэд бий. Заавал нэг од, олны танил, тэргүүн баян байх албагүй. Архинд живсэн хичнээн хүн байгаа билээ. Алдартайгаас эхлээд, орцныхон нь ч мэдэхгүй нэгэн хүртэл алдах нь алдаад, живэх нь живсээр.. Амьдралын тоглоом юм бол уу?

Та ч гэсэн нэг зүйлийг жаахан чаддаг болоод ирэхээр таныг сорьдоггүй гэж үү. Надад ийм жишээ олон бий. Өнөөдөр ч бас сориулсаар л байна. Хэтэрхий бардах аминд халтай аж. Дэндүү тайвшрахаар хойно ирэх мөргөлдөөнд хөл алдмаар болох юм. Газраас 2 метр өндөрт нисэж явсан биетийг 20 санж хүртэл дарж чадах юм. 20 санж даа аятайхан байж чадахгүй бол газар нүүрээр нь хөсөр хаях аж. Тиймээ хүн ийм үед л ухаардаг байх, ийм үед зүрх нь үхдэг ч биз. Би ер нь дээшлэх хэрэг байна уу, би чадах юмуу. Эндээ л байж байвал яасан юм бэ гэж бодох. Мөрөөдлөөсөө шат буурвал яасан юм гэж санах.
Үгүй шүү! Тийм юм байхгүй. Амьдрал чамайг хэдий чанга хавсарч хаяна төдий чинээ би зорилгоо дээш нь өгсүүлж тавина.

Бурхан өөрөө амьдрал гэдэг нь юмуу. Мэдэхгүй юм. Бурханыг яллах хүчтэн алга. Хүчтэн гэдэг нь хүч гэсэн утгаар биш шүү. Бурханыг шүүх эрх мэдэлтэн байхгүй юм бол би бурханд шүүгдэхийг хүсэхгүй байна. Хязгааргүй эрх мэдлийг атгасан хэнбугай ч үнэн мөнөөр шүүж чадна гэж итгэхгүй байна. Бурхан байдаг эсэхийг би мэдэхгүй гэхдээ итгэдэг. Харин амьдрал гэж бол байдаг, үргэлж харагддаг. Биднийг басдаг, зоригжуулдаг бас нясладаг. Хурцалж байгаад дээш нь ч юмуу урагшаа ч юмуу ахиулна. Дараа нь нүд эрээлжилж, толгой эргээд бид сохроно, мохно. Тэр үед нөгөөх чинь унагаана эс бөгөөс ухраана.

Аяа амьдрал чи ямар сонирхолтой юм бэ? Амьдраад л баймаар шинэ зүйлс үзээд л баймаар. Тэгэхдээ бас айдастай үзэх хүрээнээс минь халиулж л битгий үзээрэй. Би өөрт ноогдсон зовлон хэмээх ачааг үүрэхэд бэлэн. Харин нормыг минь л битгий андуураад хэтрүүлж үзээрэй. Чамайг олон хүн хайрладаг, бас зарим нь үзэн яддаг. Тэгээд ч эндээс өөрсдөө явдаг биз. Гэхдээ олонх нь чамд дуртай, тиймдээ ч чи ийм бардам.

May 27, 2009

Өөрчлөлт

Блогтоо томоохон засвар хийж байна. Өмнөх бичлэгүүдээ бүгдийг нь далд хийчлээ. Арай шинэлэг өөр зүйлс бичиж байхыг бодноо. Миний блогыг уншдаг, шагайгаад гардаг, сэтгэгдэл үлдээдэг бүгдэд нь талархаж явдаг шүү!

May 24, 2009

Монгол Инженэр

Инженэр хүн гэж ямар хүнийг хэлдэг юм болоо. Японы Википедиа дээр Инженэр хүн гэдэг нь боловсролын суурийг эзэмшсэн, зохион бүтээх түүний үйл ажиллагааг шинээр зохион бүтээдэг хүнийг хэлнэ гэсэн утгатай тайлбарлажээ. Хүн бүрт инженэр гэсэн үгийг сонсоод ямар нэгэн төсөөлөл төсөөлөгддөг байх. Мэдээж бүгдийг нэгэн ижил зүйл төсөөлнө гэж үгүй. Ингэх нь ч учир дутагдалтай. Гэхдээ ерөнхий хүрээнд төсөөлөх учиртай нь зүй хэрэг байх.

Харин Монгол инженэр гэж ямар хүн байвал зохилтой юм болоо? Мэдээж дээр дурдагдсан тодорхойлолтыг хангадаг байх хэрэгтэй биз. Үүнээс гадна Монгол орныхоо мэдээллийг сайн мэддэг. Монголынхоо тухай мэдлэгтэй байх учиртай. Мэдлэг гэдэг үгийг утга гүн хүлээн авахыг хүсье. Наанадаж зохиосон зүйл чинь Монголын цаг агаарт тохирохгүй юмуу, Монгол хүнд нийцэхгүй байж болохгүй. Мэдээж дээд боловсрол эзэмшсэн байх хэрэгтэй байх. Өөрөө шинэ юм зохиогоод байдаг бусдад тайлбарлаж чадахгүй юмуу, өөр багаж төхөөрөмжтэй харьцах гэхэд суурь мэдлэг үгүй бол хаа хол яваа билээ. Гэхдээ миний бодлоор инженэр хүн хэзээ ч аливаа нэгэн зүйлд баригдах ёсгүй. Дүрэм журам хэт ярьдаг эс бөгөөс онолоор бөмбөгдүүлээд байж болохгүй гэж боддог. Нэг Монгол ах хэлж байсан юм. Ном унш, гэхдээ битгий цээжил чи сурах бичгийн үгээр сэтгэдэг болно шүү гэж. Харамсалтай нь Японд сурах бичиг цээжлүүлэх гээд байдаг талтай. За тэгээд инженэр хүний ёс суртахуун, гэх мэт олон зүйл дурдаж тэр талаар ярьж болох байх. Харин өнөөдөр надаа бодогдсон хамгийн чухал зүйл Монгол хүний дотор байх ёстой, Монгол инженэрийн сэтгэлд шингэсэн байх ёстой "Ажилсаг, хичээнгүй, чинтэй сэтгэл, оволзон шатаж байдаг бүтээлч сэтгэхүй" юм.

Ёстой ойрд үзээгүй зурагтаа өнөөдөр ч үзэх шиг боллоо. Амралтын өдөр болохоор их сонирхолтой нэвтрүүлгүүд ч их гардаг. Нэгэн нэвтрүүлэгт хэдэн Япон өвөө нар Өвөр Монголд очиж элсэн цөлд мод тарьж байнаа. Гайтай "Монголын шороо"-ноос салах гээд өөрсдийн биеэр ирж тэмцэж буй нь тэр л дээ. Монголын урд хэсэг Өвөр Монголын хойд хэсгээс салхинд туугдан далайг гатлаж Солонгос, Японыг хамарчдаг тоосонцор байдагдаа. Харин нэвтрүүлгээс сонирхол дэндүү татасан зүйл бол тарьсан модыг нь харсан явдал байлаа. 1999 онд тарихын өмнө хэмээн юу ч үгүй элс байх. 2007 онд тариад ийм болжээ гээд харуулсан нь бяцхан ой бүтээчихжээ. Тэд энэ жил ч мөн тарьсаар. Мэдээж тарихын тэд тарьж арчилахын нутгийн иргэд арчилж таараа. Гэхдээ тэд усалгааг нь хүртэл шийдээд өгчихөжээ. Салхин сэнсээр эрчим хүч гаргаад тэр эрчим хүчээ элсэн цөл дэхь гүний худгын насостой холбочихож. Энгийн сэнснээс 3дахин бага салхиар хөдлөдөг байхаар зохиочиж. Хийвэл хийсэн шиг хийдэг улс юмаа. Хүний нутагт хийж байнаа гээд оромдож болох л байсан байх. Тэд харин тэгдэггүй ажээ. Энэ талаар бол олон жишээ ярьж болно. Хүний гараар ийм зүйл бүтээж болдог юм байжээ гэх зөндөө л зүйлсүүдийг харж байсан. Дэлхийд инженэрээрээ алдартай Германд очиж үзүүл олон сонин зүйлсийг харж мэдэрч болох байх даа. Тэгэхээр Монгол инженэрүүд маань иймэрхүү чанарыг өөртөө шингээсэн байхад олон зүйлийг хийж чадах бизээ.

Инженэрийн хэт цохивоос хөгжилийн гал бадармой!

May 10, 2009

Бусдын үг бидэнд хамаагүй

<Никитон Батчулуун>


Эргэн тойронд шивнэх хов живээр
Чи бидэн хоёрыг салгах гээд чадаагүй
Хэнч биднийг ийм удаан эвтэй
Жаргалтай хосууд гэж үнэндээ бодоогүй

Бүх хугацаанд сэтгэл нэг ч унтраагүй
Бусдад итгэж урваагүй
Шивнэж хэлсэн болгонд чи шантраагүй
Чиний тухай муу ярианд би итгээгүй

Хайрын сайхан амьдрал өөр үгээр үгүй болоогүйд
Чамдаа би баярлана
Бусдын тансаг ганган хэрэглээнд
Чи минь шунаагүйд хайртаараа бахархана

Амьдралын үнэ цэнэ өөр зүйлд байх ёстойг би
Чамаасаа үргэлж ойлгоно
Алдаж онох хорвоог хамтдаа цуг
Хайрын галыг асаахаар бидэн учиржээ

Хэнд ч хэрэггүй үл ойлголцол
Биднийг тойроогүй гэхдээ бид ялсан
Хэнийг ч ялгадаггүй гай зовлон
Холуур яваагүй бүхнийг бид давсан

Худал хуурмагт итгэх үнэнийг би
Ганцхан чамаасаа нуухгүй ээ
Үзэсгэлэн гооныхон хайр сэтгэл (?)
Надад олдсон хамгийн нандин эрдэнэ минь

Миний хайр, Миний амьдрал

Аз жаргал чамайг авчирсан
Энэ бүхнийг би юугаар ч солихгүй.

May 3, 2009

Аз жаргалын загасчин

Уургаа холоо шидээд аз жаргалыг хүлээнэ
Уртын бодолд дарагдан, элдвийг мөрөөсөн сууна

Жаргал дэгээнд орохыг сэтгэл догдлон хүлээж
Жаргах нарыг хараад гундуухан гэртээ харина

Өдөр бүр ирж жаргалыг загасчилна
Өрөөл бусад ч энд жаргалыг хараачлана

Хоосон буцах бүртээ маргаашд найдан гэлдэрч
Хор шар нь буцлаж өглөө эртлэн ирнэ

Аз жаргалыг загасчилж болдоггүй гэнэ лээ
Амар хялбарын далайд аз жаргал амьдардаггүй юм гэнэ лээ

Өглөө эртлэн босоод үр бүтээлтэй амьдарвал
Үдэш болоход, жаргал дэргэд байсныг мэдрэнэ.

2009-5-2