Mar 23, 2009

Соёлжихуй (2)

Монгол хүнийг соёлгүй бүдүүлэг хэмээн хэлэх нь дэндүү доромжилсон хэрэг билээ. Бусадтай харьцуулахуй бид давгүй болоцсрол, соёлтой улс шүү дээ. Гэвч хэнтэй юугаар харьцуулж жишиж буйгаас ихээхэн зүйлс шалтгаална. Африкийн өлсгөлөнд буй улс оронтой харьцуулах аваас мэдээж Монгол хөгжил, соёлоороо өндөр ч Америк, Япон, Герман, Франц гээд явбал хэр болоо? Мэдээж гар утас, компютер, интернэт гэвэл бид хойно нь хоцорхооргүй ч нийгэмшил, хот нийслэлдээ амьдарч буй арга, байгалтайгаа харьцах харьцаагаараа хэдийнээ хойно хоцоржээ. Үүний дээр техник тэхнологи, инженэрийн чиглэлийн судалгааг бол харьцуулашгүй хойно билээ. Нийгмээрээ дэвшилд хүрэхийн тулд, бүгдийн тэгш эрх, хэн нэгэн нь хэн нэгэнд шууд садаа болохооргүй, эрхэнд нь халдашгүй байлгаж чадах хууль хэрэгтэй. Хэнд ч ойлгомжтой энэхүү зүйлийг бид өнөөг хүртэл хийж чадаагүй л байна. Баабар өөрийн бичсэн нийтлэлүүддээ энэ талаар хувийн дүгнэлтээ хийсэн байдаг нь Монгол орон 20 зуунаас үсрэнгүй хөгжиж байна. Бүгдийг тэгээс эхэлсэн учир ийм садаа бэрхшээлүүд тулгардагаараа тулгарна харин гарах гарц нь хийгээд л байна, алдаа л байна энэ бүгдийн үр дүнд зөв шийдэлийг олж харна гэх утгатай байдаг. Энэ нь яах аргагүй зөв ч миний хувьд арай өөр үзэл бодолтой. Бидний өмнө алхаад явж буй улс орнууд байхад бүгдийг өөрийн гараар хийж үзэж байж ухамсарлах нь арай мулгуу мэт. Дүү нь ахынхаа сүүлд төрсөнөөр зулай дээр нь гишгэж дээш мацдаг, өөрөөр хэлбэл ахынхаа цуглуулсан туршлага дээр үндэслэн илүү дээш гарах ёстой. Бид ч хөгжингүй эдгээр орнуудыг сайтар судалж богино дөт замаар хөгжилрүү хүрэх хэрэгтэй.

Гэвч хөгжил дэвшил гэгч маань юусан билээ? Хөгжингүй орнуудад алдаа эндэгдэл, засах залруулах зүйлс байсаар байна. Бид энэ бүхнийг засаж өөрсөддөө шингээж авахын сацуу, арав, хорин жилийн дараа Макдоналд идэж Кола уудаг, таргалалттайгаа тэмцсэн ард түмэн болох нь зөв үү. Япон, Солонгосоор жишиг хийвээс хүссэн хүсээгүй Хятадын соёлын нөлөө орж ирнэ, Күнзийн сургааль, хятад зан заншил нэвтрэх суурь тавигдах боломжбий болчих аюултай. Бид Монгол гэсэн дархлааг хэрхэн бий болгох вэ?

Юуны өмнө түүхээс суралцах зүйл их бий. Бага дунд сургуулийн сурагчидад үнэн бодит түүхийг, маш ойлгомжтой үлдэцтэйгээр сургамаар байна. Харин үүнийг заах боловсон хүчин нь Монголд хэр байгаа вэ? Шууд хэлчий цөөн хэдэн багш нарыг эс тооцуул дийлэнх нь элэг авмаар нөхөд байдаг. Хэзээ энэ багш гэдэг ажилаас болиод олон улсын байгууллагт цэвэрлэгч хийх вэ гэсэн бодол толгойд нь эргэлдэж байна. Монгол орон багш гэдэг мэргэжилийг ингэж үнэлж байгаа хэрэг. Багшийн цалин хүн амьдарч болох бололцоотой байсан бол багш болохын тулд өрсөлдөөн явагддаг байх биз. Харин тэр өрсөлдөөнөөс чадалтай багш нар Монголын ирээдүй болсон сурагч нарт чадалтай мэдлэг түгээх байсан бизээ.

Ерөнхийдөө Соёлжихуй гэсэн цуврал бичлэгүүдээрээ юу хэлэх гээд байгааг минь ойлгосон байх.
Үндсэн чиглэлүүд нь Шашин, Нийтийн соёл, Үнэт зүйл, Боловсрол хэмээн бичье гэж санаж байна. Эдгээр сэдэвүүд дотор заавал нэг санааг хамтад нь тунгааж явахыг хүсэх байна. Энэ нь Монгол соёл эдгээрийн алинд ч шингэсэн байх үзэл юм.

Нийтийн соёл

Б.Цэнддоо гуайн "Соёлын довтолгоо" хэмээх номонд Нийтийн соёл хэмээх агуулга маань үндсэндээ гарсан байсан. Энэхүү номыг заавал уншихыг санал болгох байна. Энэхүү номны хоёр дахь ном Соёлын довтолгоо 2-т (53-р тал) Лувсанвандангийн гоо зүй хэмээх хэсэг буй. Үүнд нийгэмшихээс өмнө "Дамчайравжаагийн цагаан толгой", харин нийгэмшиж буй суурин Монголчуудад Лувсанвандангийн гоо зүй хэмээх ном гарч байжээ. Магадгүй өнөөгийн Монголчуудад ийм хэлбэрийн ном хэрэгтэй ч байж мэдэх. Гудамжин шүлсээ хаяж, шээж, суусан автобусныхаа сандалд бохио наасаар буй Улаанбаатарын иргэдэд хотын соёлыг хэрхэн түгээх нь одоо тулгамдаад байгаа асуудал яах аргагүй мөн билээ. Өөрсдийн биеэ өмөөрдөг нэг шалтгаан бол саяхан бид мал маллаад явж байсан учир, малын бэлчээр дээрээс хариад бие засах нь утгагүй. Хэрэглэж байсан зүйлс нь бүгд натурал тул, ялгарч буй хог нь ч натурал байсан гэдэг. Гэвч бид суурьшаад 90 жил, Ардчилсан нийгэмруу шилжээд 20 жил болох гэж байна. Бид гаднаас хээнцэр чамин хэрэглээний бараа, үнэтэй бараа оруулж ирсэн ч зөв зүйтэй хэрэглэх соёлыг өөрсөддөө өөриймшүүлж чадсангүй. Өөрөөр хэлбэл i-pod барьж бенз унасан, виски уудаг малчин түмэн мэт. Хөдөөнөөс орж Улаанбаатарт ирсэн хүн хотын соёлоос эмээж, тэр соёлыг хүндэтгэн дагах ёстой байтал, урсан орж ирж буй шинээр суурьшигчид маань шинэ "Соёл" буй болгон амьдарч байна. Социализмын үед төлөвшсөн жинхэнэ "Хотын иргэд" одоо хэдийнээ нас нь 50 гараад, хотын утаанаас дайжин лагерлуу шилжжээ. Өнөөдөр Монгол улсын иргэд Монгол орны эзэн нь байж чадахаа байж. Улаанбаатар хотын иргэд нь хотын иргэн шиг байж чадахгүй байгаа нь гашуун үнэн.

Нийтийн дунд биеэ авч явах, гудамжинд санамсаргүй мөргөлдчөөд уучлал эрэн өнгөрөх бус, хар яр хийн заамдалцан нэгийгээ үзэж, эрээнээс авчирсан хувцасаа уралцах нь энүүхэнд. Үйлчилгээний соёлын талаар ярихад ч хүнд. Нийгэмд биеэ авч явах нь ядаж л хувцасаа цэвэр авч явах, идэж уугаас эхтэй билээ. Цагаан хувцас өмсөөд гарахын аргагүй, хотын шороо, бусдын хиртэй хувцасанд арчигдсаар орой гэртээ харихад даанч урамтайсан. Элдэв амт шимттэй хоол идчээд амны үнэрээ арилгалгүй бусадтай хэрэлдэн шүлсээ үсчүүлэх нь төвөгтэй. Хувцаслалт, нүүрээ будах бүхий л соёлыг зөв утгаар нь оруулж ирэхсэн. Нэг хэсэг хүүхдүүд үсээ будах шинэ соёл орж ирсэн ч бүгд нэг л өнгөөр будан, золбин шар нохдоосоо ялгагдахгүй болсон билээ. Харин явж явж гудамжны хүүхдүүдэд хүрээд энэ соёл зогсжээ. Буянгын Жаргалсайхан гуай сонгуульд нэр дэвшчээд сонгогч нартаа үсээ шампунаар угаагаад дараа нь ангижруулагчаар зайлах хэрэгтэй хэмээн илтгэл тавьсан нь хэтэрхий инээдмийн хэрэг ч зөвтгөх зүйлс ч бас бий. Наанадаж охид бүсгүйчүүд маань нүүрэн дээрээ энгэсэг түрхэж байна хэмээн гипсдсэн мэт болгодог нь бас л ярилцах л асуудал. Хэдийгээр нүүр будахын үнэн мөн чанарыг мэдэхгүй ч гол нь будаагүй мэт будах нь хамгийн төгс гэдгийг нэг муу юм ухаараад байгаа. Нийтийн соёл хэмээх нь нийтийн дунд биеэ авч явах соёлоос гадна, мөн чанар нь өөрийгөө хүндэтгэх соёл билээ.